ХҮҮХДИЙН ӨӨРТЭЙГӨӨ ЯРИХ ЯРИА БА КОГНИТИВ ЧАДВАРЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА (5-7 НАСНЫХНЫ ЖИШЭЭН ДЭЭР)

А. Тайванжаргал, МУИС, БССТ, 4-р дамжааны оюутан

Хураангуй

Хүүхэд болон насанд хүрэгчдийн яриа нь илэрхийлэл өгүүлэмжээрээ өөрийн яриа ба нийгмийн яриа гэж ангилагддаг. Нийгмийн яриа нь ярилцаж буй хүн рүүгээ хандсан эсвэл төлөөний нэр үг ашиглан хамааруулж ярьсан яриаг хэлдэг бөгөөд биечлэн уулзаж нүүр нүүрээ харан мэтгэлцэх, харилцан ярилцах гэх мэт хэлбэрийг хэлдэг. Өөрийн яриа болон өөрийгөө чиглүүлэх яриа нь хүүхэд өдөр тутмын идэвхитэй үйл ажиллагаанд оролцохдоо өөрөө өөртэйгөө ярихдаа хэрэглэдэг яриа юм. Энэхүү яриаг ажиглалт хийн судлан авч үзэх нь хүүхдийн хэл ярианы хөгжил, когнитив чадварт үзүүлэх нөлөө зэргийг судлах боломжийг бүрдүүлж байгаа юм.

Үндэслэл 

Хүний хөгжил бол аливаа улс орны хөгжлийг илэрхийлэх, хамгийн чухал үзүүлэлт юм. Иймдээ ч  улс орны 20-30 жилийн дараах хөгжлийг тодорхойлогч бяцхан иргэдийн маань төлөвшил, хүмүүжил, боловсрол бидний ирээдүйн баялаг байх болно. Хүний амьдралын эхний жилүүд буюу хүүхэд нас их хурдан өнгөрдөг боловч энэ богино хугацаанд хүний сэтгэцэд асар их дэвшилттэй өөрчлөлт явагддаг. Өөрөөр хэлбэл хүүхэд хамгийн болхи амьд амьтнаас ухамсарт бие хүн болж, байгаль, нийгэм ба өөрийн сэтгэцийн хөгжлийн зүй тогтлыг ойлгож, хүрээлэн буй бодит байдлыг идэвхитэй өөрчлөн шинэчлэгч хүч болон төлөвшдөг.  Хүний насны үечлэл бүр нь сэтгэцийн хөгжлийн үе шат, тодорхой онцлогоор тайлбарлагдах ба нэг наснаас нөгөө насанд шилжихэд өмнө нь байгаагүй шинэ шинэ чадварууд бүрэлдэн тогтож хүний хөгжлийн явц хувьсан өөрчлөгдөж байдаг. Мөн өдөр ирэх бүр нийгэм, орчин хөгжин өөрчлөгдөж байгаа нь хүүхдийн сэтгэцийн хөгжилд нөлөөлөгч чухал хүчин зүйл болдог гэсэн үзэл баримтлал хүүхдийн сэтгэл судлалд чухлаар яригддаг. Үүнтэй холбоотойгоор хүүхдийн бага насны үед оюун ухаан, танин мэдэхүйг оношлон үнэлж түүнд нөлөөлөгч хүчин зүйлийг судлах хэрэгцээ шаардлага урган гарч ирж байна.

Танин мэдэхүйн чадвар нь хүүхэд мэдээллийг хүртэн хүлээн авах онцлог, хэлбэрээс гадна тухайн хүүхдийн цаашдын хөгжил, төлөвшил, харилцаа, зан үйл, бие хүний онцлог зэрэгтэй салшгүй холбогдох чухал үзүүлэлт юм. Тиймээс хүүхдийн танин мэдэхүйн чадварын түвшин, түүнд нөлөөлөх биологийн болон нийгмийн хүчин зүйлийг судлан үзэх хэрэгцээ шаардлага урган гарч ирж байна. Цаашилбал хүүхдийн өөрөө өөртэйгөө ярих яриа нь когнитив хөгжилд хэрхэн нөлөөлдөг болон хэл ярианы хөгжил, нийгмийн хөгжил, харилцаанд ямар хувь нэмэр оруулдаг талаар судлан авч үзэх нь манай улсын сэтгэл судлалын шинжлэх ухааны салбарт практик хэрэглээнд нэвтрэх боломжтой судалгаа болох боломжтой. Ийнхүү хүүхдийн өөрөө өөртэйгөө ярих яриа нь хүүхдийг дадал  хэвшил эзэмшүүлж, дадал болон сэтгэхүйн чадварыг нь удирддаг гэсэн үзэл баримтлалд тулгуурлан судалгааны ажлаа хийсэн болно.

Судалгааны ажлын зорилго   

            Хүүхдийн өөртэйгөө ярих яриа ба когнитив чадварыг харьцуулан судлах зорилготой.

Судалгааны ажлын зорилт 

  • Хүүхдийн когнитив чадварын талаарх онол, үзэл баримтлал, урьд өмнөх судалгааны ажлуудтай танилцан анализ хийж, дүгнэлт гаргах;
  • Хүүхдийн өөртэйгөө ярих ярианы талаарх онол, үзэл баримтлал, урьд өмнөх судалгааны ажлуудтай танилцан анализ хийж, дүгнэлт гаргах;
  • Судалгааны арга зүйгээ боловсруулах;
  • Судалгаа авч тоон боловсруулалт хийх;
  • Дүгнэлт гаргах.

Судалгааны обьект 

Хүүхдийн өөртэйгөө ярих яриа, когнитив чадварын харьцуулалт

Судлах зүйл 

            5-7 настай хүүхдийн когнитив чадварт үзүүлж буй нөлөө

Таамаглал  

Хүүхдийн өөртэйгөө ярих яриа нь когнитив чадварт нөлөөлөх магадлалтай.

Судалгааны ажлын шинэлэг тал  

Тус судалгааны ажилд хүүхдийн оюун ухаан, танин мэдэхүйн чадварыг үнэлэх Векслерийн тестийг ашиглаж байгаа ба хүүхдийн өөртэйгөө ярих яриаг когнитив чадвартай холбон судалж, түүнд нөлөөлөгч хүчин зүйлсийг судалж байгаа нь судалгааны ажлын шинэлэг тал юм.

Судалгааны ажлын ач холбогдол   

Бага насны хүүхдийн танин мэдэхүй, сэтгэцийн хөгжил нь цаашдын амьдрал, хөгжлийн процесст чухал нөлөөтэй байдаг ба зан үйл, суралцах хэв маяг, мэдээлэл боловсруулах чадвар гэх мэт зүйлсэд нөлөөтэй байдаг. Хүүхдийн танин мэдэхүйн хөгжилд хэл ярианы хөгжил чухал суурь нь байдаг гэж үздэг ч өөртэйгөө ярих яриа нь танин мэдэхүйн ямар чадварт нөлөөлж байдаг нь манай орны судлаачдын хувьд эргэлзээтэй юм. Энэхүү судалгааг хийснээр бага насны хүүхдийн оюун ухаан, танин мэдэхүйн хөгжилд нөлөөлөх нэг хүчин зүйлийг тодорхойлж болохоос гадна холбогдох зөвлөмж, зааварчилгааг гаргах боломжтой юм.

Судлагдсан байдлын тойм   

Туяа, Б,  Мягмар,О нар Д.Векслерийн сорилын өөрийн орны нөхцөлд тохируулан адаптаци хийсэн байдаг.

Батдэлгэр, Ж, Дашхүү, Д, Мягмар, О, Цэндсүрэн, Т нар “Хүүхдийн сэтгэцийн хөгжлийн зарим асуудал” (1996) 5-13 насны хүүхдүүдийн хүрээнд хийсэн байдаг. Энэ нь манай орны хувьд хүүхдийн сэтгэцийн хөгжлийг судалсан анхны оролдлого байсан. Тэдний судалгааны гол үндэслэл нь:

  1. Оюун ухаан бол сэтгэхүйн “цэвэр” чанарууд, амьдралаас тасархай зүйл биш. Энэ нь хүний идэвхитэй үйл ажиллагаа, амьдрах арга ухаантай холбоотой ерөнхий чадвар юм. Иймээс оюун ухааны хөгжлийн түвшинг оюуны үйлийн агуулга, арга барил, эцсийн үр дүн талаас нь судлах боломжтой.
  2. Хүүхдийг амьдрал, үйл ажиллагаанд нь бэлтгэн төлөвшүүлэх зорилт бүхий өнөөгийн сургалтын агуулга нь хүүхдийн оюун ухааны хөгжлийн гол гол бүрэлдэхүүн хэсгийн (ерөнхий мэдлэг, чадвар, хэл яриа, сэтгэхүй, ой тогтоолт, анхаарал, орон зайн төсөөлөл г.м) хөгжилд шийдвэрлэх нөлөө үзүүлж чадаж байвал сая хүүхдийг хөгжүүлэх үүргээ гүйцэтгэж байна гэдгээ хэлэх үндэстэй.
  3. Оюун ухааны хөгжлийн түвшинг иж бүрэн тодорхойлохын тулд оюуны гол гол үйлүүдийн (эргэцүүлэн тунгаан бодох, сэтгэмж, сэтгэхүйн хурд, хугацаа, ухагдахуун төлөвших, шууд мэдрэн таних үйлийн онцлог, анхаарал, орон зайн баримжаалал г.м) хөгжлийн түвшинг тус тусад нь болон ерөнхийд нь иж бүрэн байдлаар дүгнэж болохуйц агуулгын хувьд өргөн хүрээтэй сорил боловсруулах нь зүйтэй гэж үзжээ. (Батдэлгэр Ж. М., 1996)

Тус судалгааны үр дүнд хот суурийн газрын хүүхдийн оюун ухааны хөгжлийг үзүүлэлт аймгийн төв ба сумын хүүхдийнхээс өндөр байсан байна. Харин 11 насанд тестийн үгэн, үгэн бус, ерөнхий дундаж  гэсэн 3 ангилалд ижил төстэй, 12 насанд аймгийн төв, сум, хотын алинд ч өссөн үзүүлэлт гарсан байна. Энэ нь хот суурин газрын соёл, иргэншил, мэдээллийн хэрэгслийг хөгжилт зэрэгтэй холбоотой боловч багш, сурган хүмүүжүүлэгчдийн арга барилтай ч холбоотой байж болох юм гэсэн дүгнэлтэнд хүрчээ.

Берк, Лаура нарын судалсан “Бага сургуулийн насны хүүхдүүдийн өөртэйгөө ярих яриа нь зан үйл, анхаарал, үүрэг даалгавар биелүүлэлт зэрэгт хамааралтай болох нь” судалгааны ажлын үр дүнд хүүхдэд өгсөн үүрэг даалгавар болон орчны чимээнээс хамаарч хүүхдийн өөртэйгөө ярих яриа өөр өөр байсан бөгөөд Выготскийн онолын адил өөртэйгөө ярих яриа нь хүүхдийн оюун ухааны чадварын түвшинтэй хамааралтай байсан байна.  

Туйжа Аро, Анна Майжа Пойккус, Маржа Лена Лаксо нарын “Хүүхдийн өөртэйгөө ярих яриа, зан үйлээ удирдах чадвар болон танин мэдэхүйн чадварын холбоо хамаарал” судалгааны ажлын үр дүнд зан үйлээ удирдах чадвар хүүхдийн өөртэйгөө ярих ярианы үзүүлэлт хоорондын холбоо хамаарал бага байсан ч танин мэдэхүйн чадвар, өөртэйгөө ярих яриа хоорондын хамаарал өндөр гарсан байна. Судалгааны үр дүнгээр хүүхдийн өөртэйгээ ярих яриаг хөгжүүлснээр танин мэдэхүйн чадварууд хөгжих бөгөөд үүнд гэр бүл, багш нарын үүрэг оролцоо чухал гэсэн байна.

Онолын үзэл баримтлал   

Оюун ухааны талаарх хоёр үзэл санаа удаан хугацааны туршид ноёрхсоор ирсэн байдаг. Эхний чиглэл нь оюун ухаан бол цэвэр төрөлхийн онцлог бөгөөд хүн ухаантай эсвэл тэнэг төрнө гэж үзсэн. Харин хоёрдугаар чиглэл нь оюун ухаан нь хүний хүртэх чадварын хурд буюу гадны өдөөгчид үзүүлэх хариу үйлдлийн хурдтай холбоотой гэсэн байдаг. 1885 онд Дж.Кеттелл оюун ухааны тестийг боловсруулан хариу үйлдлийн хурд, тодорхой цочроогчийн үйлдлийг хүртэн мэдрэх хугацаа, арьсыг дарахад үүсэх сэрлийн зааг, сонсоныхоо дараа тогтоосон үсгийн тоо зэргийг тодорхойлжээ. Тэрээр өөрийн судалгааны үр дүнд төрөл бүрийн нөхцөл дэх хариу үйлдлийн үзүүлэлтийг тодорхойлсон. Тухайлбал, авиаг хүртэх дундаж хугацаа ойролцоогоор 0.1 сек, хариу үйлдлийн хурд 0.2 сек байна. Энэхүү үзүүлэлтүүдийг хүмүүсийн хувьд дундаж түвшинд, дунджаас хазайсан байдал зэргийг харгалзан графикаар илэрхийлж тархалтын муруйтай адил муруйг гарган авсан байдаг.

1885 оноос хойших хожуу үеийн оюун ухааны тестүүд даалгаврыг гүйцэтгэхэд зарцуулсан хугацааг гол үзүүлэлт болгон авсан байдаг. Гэсэн хэдий ч оюун ухааныг олон төрлөөр судалж, харин тархалтын тухай асуудлыг авч үзэхдээ Дж.Кеттеллийн гаргасан муруйг ашиглах болжээ. Оюун ухааныг судлах ажлын явцад “оюун ухаан удамшлаас шалгаална” гэсэн хандлага гарч ирж байсан ба үүнийг оюун ухааны анхны тестийг зохиосон эрдэмтэн Бинет, Симон нар өргөн хүрээтэйгээр судалсан байдаг. Тэд “Ухаантай хүн гэж юмыг зөв шүүж, ойлгож ухаарч, эрүүл ухаан, идэвхи санаачлагынхаа ачаар амьдралын нөхцөл байдалд дасан зохицож чадаж буй хүнийг хэлнэ” гэсэн байдаг. Энэхүү “Хувь хүний орчиндоо дасан зохицох чадварыг оюун ухаан гэнэ” гэсэн тодорхойлолтыг олон эрдэмтэд хүлээн зөвшөөрсөний нэг нь 1939 онд насанд хүрэгчдийн оюун ухааны анхны тестийг зохион бүтээсэн Векслер юм. Тэрээр “Оюун ухаан гэдэг нь ухаалгаар ажиллаж, оновчтой сэтгэн, амьдралын нөхцөл байдлын учир зүйг сайтар олон ерөнхий чадвар, орчинтойгоо харьцахдаа хүчээ зөв зохицуулах чадвар” гэж тодорхойлсон байдаг.

Сүүлийн үед сэтгэд судлаачид хүний хөгжлийг 3 хүрээнд судлан авч үзэх болсон. Үүнд; бие махбод, танин мэдэхүй, сэтгэц-нийгэмшихүйн хөгжил юм. Танин мэдэхүйн хөгжил гэдэг нь хүүхэд хүрээлэн буй орчныг мэдэрч хүртэхээс эхлээд юмсыг төсөөлөх, ургуулан бодох, тогтоох, сэтгэх болон тэдний хэл ярианы хөгжилд гарах өөрчлөлтүүдийг хэлдэг (Батдэлгэр Ж. Э., 2016). Хүүхдийн танин мэдэхүйн процесс зориудын бус шинж давамгайлдаг. Балчир нас ялангуяа 2-2.6 насанд хэл ярианы үсрэнгүй хөгжил явагддаг бол сургуулийн өмнөх насанд ойлгох, асуух, хариулах, утгын болон тайлбарлан ярих чадвар улам сайжирч асуултыг яагаад?, ямар учраас?, хаана байдаг юм? гэх мэтээр юмсын учрыг олох, танин мэдэх хэрэгцээгээ хангахтай холбоотой асуултыг ихээр асуудаг. (Батдэлгэр Ж. Э., 2016) Ингэснээр хүүхдийн хэл яриа, танин мэдэхүй, сэтгэцийн хөгжилд ахиц дэвшил гарч байдаг.

Танин мэдэхүйн онол нь оюун ухаан/intelligence/, оюуны үйл/mental behaviour/, мэдлэг/knowledge/, сэтгэхүйд/thinking/ гол анхаарлаа хандуулан суралцах үйлийг судалсан байх бөгөөд гол төлөөлөгчид нь Пиаже/Piaget/, Блум/Bloom/,  Гагне/Gagne/  нар юм. Танин мэдэхүй гэдэг нь оюун ухааны үйл ажиллагаа буюу хүрээлэн буй орчноо таньж мэдэх, харилцах үйлчлэх, эргэн тойронд буй юмс үзэгдлийг хувиргаж өөрчлөх, орчин тойрондоо дасан зохицох чадварыг хэлнэ. Үүнд анхаарал, ой тогтоолт, сэрэл, хүртэхүй, сэтгэхүй, эргэцүүлэх, асуудлыг шийдвэрлэх зэрэг үйл ажиллагаанууд багтана (Төрбурам, 2016).

Швейцарын сэтгэлзүйч Жан Пиаже /Jean Piaget 1896- 1980/ хүний танин мэдэхүйн үйлийн үндсийг судалсан тул өөрийн онолыг Genetic Epistemology гэж нэрлэсэн байна. Тэрээр 60 гаруй жилийн хөдөлмөрөө хүүхдийн танин мэдэхүйн хөгжил ба суралцах үйлийн  суурь судалгаанд зориулсан бөгөөд өөрийн ажлаар хүүхдийн танин мэдэхүйн хөгжлийн 4 үе шатыг тодорхойлжээ.

  1. Мэдэрхүй-хөдөлгөөний үе шат /Sensori–motor stage/ 0-2 нас:  Энэ үе шатанд хүүхэд үйл хөдөлгөөнөөрөө, булчин шөрмөснийхөө тусламжтайгаар хүрээлэн буй орчинтой харьцаж, бодит ертөнцийн талаарх ерөнхий төсөөлөл, ойлголттой болдог.  Гэхдээ өөрийн харааны орон зайд өртөгдсөн, үзэж мэдэрсэн зүйлсээрээ л тэдгээрийг төсөөлнө.
  2. Хийсвэрлэхийн өмнөх үе шат /Preoperational stage/ 2-7 нас: Энэ үе шатанд хүүхэд хийсвэр ухагдахууныг ойлгоход хараахан бэлэн биш байх бөгөөд бодит, тодорхой зүйлийн хэмжээгээр тухайн зүйлийг үнэлж дүгнэж, танин мэдэж байдаг.
  3.  Тодорхой үйлдлийн үе шат  /Concrete operations/ 7-12 нас:  Энэ үе шатанд хүүхдийн бодит туршлага хуримтлагдан баяжсаар бодит байдлыг хийсвэр загвараар төсөөлөн ойлгох түвшинд хүрнэ. Энэ цаг үеэс хийсвэр загвар, дүрс тэмдэглэгээ зэргийг сургалтанд ашиглаж болох  боловч хийсвэр утга санаа нь бодит зүйлтэй холбоо, уялдаатай байх учиртай. Хүүхэд юмсын гаднах хэлбэрээс илүү агуулгад анхаарлаа хандуулж, зарим хийсвэр утга санааг ойлгох чадвартай болдог.
  4. Нэгдмэл үйлдлийн үе шат /Formal operations/ 12-наснаас дээш:  Энэ үе шатанд хүүхэд насанд хүрэгчдийн адил логик уялдаа холбоотой, бүрэн хийсвэрлэн сэтгэх чадвартай болно. Шинжлэх ухааны ойлголтуудыг тайлж, ойлгох чадвартай болно.

Жан Пиажегийн судалгаа нь хүүхдийн танин мэдэхүйн хөгжил яаж явагддаг тодорхойлж,  хүүхэд юу үзэж, харсан, мэдэж ойлгосноосоо хамааран хэн болох нь тодорхойлогддог гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл эцэг эхчүүд хүүхдийн танин мэдэхүйн чадвар, нийгэмд дасан зохицох чадвар өндөртэй, сэтгэл зүйн хувьд эрүүл хүүхдийг төлөвшүүлэхэд чухал үүрэгтэй.

Хүүхдийн танин мэдэхүйн хөгжил нь цаашдын зан үйл, хандлага, харилцаа, бие хүний шинж төрх зэрэгтэй нь шууд утгаараа холбогдож байдаг. Үүнийг Оросын эрдэмтэн В.С.Мухина, А.В.Запорожец, Д.Б.Эльконин нар судалсан байдаг бөгөөд хүүхдийн бие хүний шинж төрх болон сэтгэл зүйн онцлог чанаруудыг төлөвшүүлэх, сэтгэцийг хөгжүүлэх голлох үйл ажиллагаа нь бага балчир насны хүүхдэд сэтгэл хөдөлгөсөн харилцаа, хүүхдийн эд юмстай гараар үйлдэл хийх, үйл ажиллагаа байдаг. Энэ нь танин мэдэх эхний шатны хөгжилд үндэслэн явагдаж, түүнээс шууд хамаардаг гэж тодорхойлсон. Хүний харааны хүртэхүй нь мэдрэхүйн эрхтэний хөгжилд голлох байрыг эзэлж, өнгө юмсын хэлбэр, хэмжээ багтаамж зүг чиг үүрэг, бодит шинжийг бүхэл бүтнээр нь хүлээн авах онцлогтой юм (Батдэлгэр Ж. Э., 2016).

Нэрт сэтгэл зүйч А.В.Запорожецын бүтээлүүдэд хүүхдийн танин мэдэхүйн хөгжлийн тухай авч үзэхдээ “Хүүхэд хамгийн хялбар багаж хэрэгсэл, гэр ахуйн хэрэгслийг хэрэглэх явцдаа бодит үйл ажиллагааны нийтлэг арга барилуудыг эзэмшдэг” гэсэн байдаг. Энэ нь хүүхдийн танин мэдэхүй, сэтгэцэд чухал өөрчлөлт оруулах ач холбогдолтой буюу эд юмстай бодит харилцаанд орсноор үйл ажиллагааны нийтлэг арга барилаас гадна эдгээр багаж зэвсэг үйлчилж буй биет юмсыг илүү таньж мэддэг байна.

Харин А.Н.Люблинскаягийн судалгаанд “Сургуулийн өмнөх насны хүүхдийн логи бодит үйлдлийн сэтгэхүй нь тэдний логик сэтгэхүйн хөгжлийн өмнөх шат болж өгдөг” гэсэн байдаг. Хүүхдийн хөгжлийн явцаас хамааран бодит үйл ажиллагаа нь байнга чанарын өөрчлөлтөд орж байдаг бөгөөд хүүхэд бодит юмс зүйлийг илүү гүнзгий таньж, мэдэх зорилгоор эдгээр юмсыг хувиргаж, өөрчлөх өвөрмөц үйл хийдэг үүний гадаад байдал нь бодит хэлбэрээр илэрч буй жинхэнэ сэтгэхүй мөн гэж ОХУ-ын нэрт сэтгэл зүйч, эрдэмтэн А.Н.Леонтьев томьёолсон байдаг (Батдэлгэр Ж. Э., 2016).

Хүүхдийн өөрөө өөртэйгөө ярих ярианы талаарх онолын үзэл баримтлал

Хүүхдийн өөрөө өөртэйгөө ярих яриаг /би төвт яриа self-directed speech, private speech/ анхлан сэтгэл судлалын салбарын гол хоёр төлөөлөгч, хүн төрөлхтний соёл био нийгмийн хөгжлийн онолыг үндэслэгч Оросын сэтгэл судлаач Лев Выготский болон Швейцарийн сэтгэл судлаач Жан Пиаже нар хүний танин мэдэхүйн хөгжлийн онол дээр үндэслэн танилцуулжээ. Жан Пиаже өөрөө өөртэйгөө ярих яриаг “Эгоцентризм үзлийг нотлох нотолгоо, бусдын байр сууринаас бодох чадвар нь төлөвшөөгүй үе” гэж тодорхойлсон байдаг бол Выготский соёлын сэтгэл зүй талаас нь судалсан байдаг. Эгоцентризм гэдэг нь ямар нэг үйл хийхдээ зөвхөн өөрийн үзэл бодлын үүднээс хандсан би төвт сэтгэлгээ юм. Хүүхэд аливаа зүйлийг зөвхөн өөрийн байр сууринаас харах ба бага насны хүүхэд бусдын байр сууринаас сэтгэн бодож сураагүй байдаг.

Өөрөө өөртэйгөө ярих яриа эсвэл өөртэйгөө чанга ярих нь хүүхдийн өсөлт хөгжлийн явцад илэрдэг үзэгдэл бөгөөд үүнийг Выготский тайлбарлахдаа “Сэтгэхүйн дотоод үйлдэл бөгөөд бусадтай харилцах харилцаа хооронд явагдах шилжилтийн процесс” гэж тайлбарладаг бол Пиаже “Когнитив чадвар нь бүрэн төлөвшөөгүйн шинж тэмдэг бөгөөд харилцааны чадвар эзэмшин, когнитив чадвараа сайжруулах тусам бүрэн төлөвшсөн үр нөлөөтэй яриа болтлоо хөгжин өөрчлөгдөх боломжтой” гэж үзсэн байна.  Дээрх хоёр судлаачид тус онолыг тайлбарласнаас хойш сүүлийн гучин жилийн турш эрдэмтэн судлаачдын анхаарлыг татсаар байгаа бөгөөд хүүхдийн өөртэйгөө ярих яриа, даалгаврын гүйцэтгэлээс гарах ололт амжилтын хооронд эерэг харилцан хамаарал байгааг онцлон тэмдэглэсэн байдаг.

Хүүхдэд когнитив хөгжил хэрхэн явагддаг талаар тайлбарласан хэд хэдэн онол байдаг бөгөөд тэдгээр онолууд хүүхдийн когнитив хөгжил хэрхэн явагдаж, хүүхэд бодож сэтгэх үед ямар үйл явц явагддаг болон хүүхдийн когнитив хөгжилд ямар хүчин зүйлс нөлөөлдөг талаар тайлбарласан байдаг. Когнитив хөгжил явагдах үед хүүхдэд өөрөө өөртэйгөө ярих яриа маш чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг сүүлийн арван жилийн туршид эрдэмтэн судлаачид нотолсоор иржээ. Өөрөө өөртэйгөө ярих яриа нь нөгөө хүндээ илэрхий хандаагүй, хүмүүс хоорондын харилцааны үйл явцад ойлгомжгүй байдлаар илэрдэг яриа гэж тодорхойлогддог байна (Flavell JH, 1966). Өөрөөр хэлбэл хүүхдийн өөртөө хандан (бусдад биш) дадал эзэмших зорилгоор (харилцахаас илүүтэйгээр) хэрэглэдэг яриа юм. Харин судлаач Отагийн тодорхойлсоноор өөрөө өөртэйгөө ярих яриа нь “Хэн нэгэнд хандаагүй ч бусдад сонсогдох яриа” гэж үзсэн (AS, 2001). Харин энэхүү өөртэйгөө ярих үзэгдэл Пиаже болон Выготский нарын аль алиных нь судалгаанд онолын хувьд хүүхдийн хөгжилд ач холбогдолтой гэж тодорхойлогдсон байдаг (J., 1959). Өөрөөр хэлбэл хүүхэд дадал хэвшил эзэмшиж, харилцааны хувьд өөрийгөө чиглүүлэн удирдах төрлийн яриа болдог гэж тодорхойлогддог. Өөрөө өөртэйгөө ярих буюу хүүхэд ганцаараа өөртэйгөө ярих нь хүүхдийн хөгжлийн нэг үзэгдэл бөгөөд Выготскийн тайлбарласнаар “Хүүхэд бусадтай харилцан ярилцах болон сэтгэхүй хоёрын хооронд явагддаг шилжилтийн чухал үйл явц” ажээ. Энэ нь ихэвчлэн ойролцоогоор 2 настай хүүхэд анхлан ярьж эхлэх үед нь илэрдэг бөгөөд 7 нас хүртэл нь үргэлжилдэг байна (LS, 1986). Өөрөөр хэлбэл нь өөрөө өөртэйгөө ярих нь хамгийн анх ямар нэг үйлдэл хийсний дараа эхэлдэг /өөрийн үйлдэлдээ хариу үйлдэл үзүүлэх үйл явц/, дараа нь үйл хөдлөлийнхөө дундуур /хүүхэд өөрийнхөө дадал хэвшилийг тодорхойлох үед/, төгсгөлд нь хүүхдийн дадал хэвшил эхлэхээс өмнө /өөрийгөө чиглүүлэх яриа/ илэрдэг.

Хүүхэд аливаа үгний утгыг ойлгон зөв ярьж сурах тусмаа төсөөлөх, сэтгэн бодох гэх мэт сэтгэхүйн үйлдэл оролцсон харилцан яриа, үйлдэлд илүү идэвхитэй бие даан оролцох чадвартай болдог байна. Иймэрхүү төрлийн яриаг энгийн яриа гэж үздэг бөгөөд гадаад яриа гэж тодорхойлогддог.  1932 онд Пиаже “Хүүхдийн хэл яриа ба сэтгэхүй” номоо хэвлүүлсэн. Тэрхүү номонд өөрийн яриагаар өөртэйгөө ярьж байгаа хүүхдүүдийг ажиглан тэмдэглэл хөтөлж өөрийн ярианы үндсэн гол хэсгийг “эгоцентрик буюу би төвт яриа” гэсэн нэр томъёогоор тодорхойлсон байна. Тэрээр үүнийгээ когнитив чадвар төлөвшиж буйн шинж тэмдэг гэж үзэж байгаагаа тэмдэглээд энэ нь хүүхэд харилцааны ур чадвар болон когнитив чадвараа нэмэгдүүлэх тусам хүүхдийг улам бүр бие даан үр дүнтэй ярилцах чадварт сургадаг гэж үзжээ. Хамрах хүрээгээр нь нөгөө талаас нь авч үзвэл Выготскийгийн үзэл баримтлалыг харж болно. Тус сэтгэхүй ба хэл яриа номонд Выготский өөртэйгөө ярих ярианы талаар бичихдээ: “Хүүхдийн харилцаа, хүүхэд өөрийгөө чиглүүлэх, дадал эзэмших түүнийгээ хэвшүүлэх, сэтгэхүй ба ур чадвараа хянах гэх мэт ур чадвар хөгжүүлэх хэсэг” гэж тодорхойлсон байна.

Пиаже, Выготский нарын аль аль нь хүүхдийн когнитив хөгжил болон өөрийн ярианы хэрэглээг гочлон судалдаг гол төлөөлөл болсон судлаачид байсан. Хэдий тийм боловч тэд хүүхдийн өөрийн яриа, түүний когнитив хөгжилд эзлэх байр суурийг бие биенээсээ тэс ондоо хандлагаар тайлбарладаг байжээ. Энэхүү үзэгдлийг тайлбарлаж буй тэдний хандлага нь хүний когнитив хөгжил хэрхэн явагддаг талаарх үндсэн суурь ойлголтуудаараа эрс тэс ялгардаг байна.

Пиажегийн онолоор когнитив хөгжил нь үндэн гурван зарчмаар нэрлэгддэг байна. Үүнд:  Харьцуулалт, Зохицуулалт болон Тэнцвэржүүлэлт.

Харьцуулалтын зарчим нь шинээр олж хуримтлуулсан мэдлэг туршлага, мэдээллүүдээ өмнө олж авсан мэдлэг, оюун бодол дээрээ шинээр нэмж байдаг үйл явц юм. Хүүхэд өсөж томрохын хирээр, когнитив чадвар нь хөгжин шинээр туршлага хуримтлуулах үед нь хүрээлэн буй орчин, дэлхий ертөнцийг танин мэдэж авахад тусалдаг бөгөөд өмнө боловсруулсан ойлголт дээрээ нэмж байдаг.

Зохицуулалтын зарчим нь аль хэдийн хуримтлуулсан туршлага, мэдлэгээ шинээр олж авсан мэдлэг мэдээллээрээ шинэчлэн боловсруулж байдаг. Жишээлбэл, хүүхэд бүхий л нисдэг зүйлсийг шувуу гэж ойлгодог бөгөөд фрисби тоглоом агаарт эргэлдэж байгааг хараад өмнө олж авсан ойлголттой нь тохирохгүй байгааг мэдэж авдаг. Тэр тоглоом нь амьсгалдаггүй бас амьд биш байна гэж мэдээд шинээр ойлголт толгойдоо боловсруулж эхэлдэг байна.

Тэнцвэржүүлэлт нь когнитив тэнцвэртэй байдлыг бий болгохоор харьцуулалт, зохицуулалтын зарчимуудаа ашиглан эрэл хайгуул хийгдэж байгаа үйл явц юм. Хүүхэд үргэлж аливаа олж мэдсэн шинэ мэдлэг, мэдээллээ ойлгон тайлбарлуулах боломжийг эрэлхийлж байдаг. Хүүхэд хорвоо ертөнцийг төсөөлдөг өөрийн ойлголтоороо аливаа зүйлийг дүгнэн шинжиж, хэрхэн өрнөж байгааг хардаг өөрийн гэсэн зураглалтай байдаг, гэхдээ өөрийнх нь мэдэж авсан ойлголтоос гадуур өөр шинэ зүйл гарч ирэхэд тэдэнд шинээр сорилт тулгардаг байна.

Харин Выготскийгийн онолоор бол хүүхдийн өөрийн яриаг мэргэжлийн талаас нь харвал хүүхэд алгуурхнаар бусдын тусламжтайгаар өөрийн хэм хэмжээг бий болгож байгааг харуулжээ. Тэрхүү “Бусдын ” гэсэн тодотголд эцэг эх, багш эсвэл туршлагатай хүн ордог ба тэдний тусламжтайгаар хүүхэд өөрийн хуримтлуулсан туршлага, мэдлэгээ урагш ахиулдаг. Түүнийг дэмжлэгийн бүс (ДБ) гэж нэрлэдэг. Выготскийгийн онолд соёл урлаг, хэл болон дэмжлэгийн бүс гэсэн гурван үндсэн хэсэг байдаг байна.

Соёл. Выготскийгийн онолоор мэдлэг нь соёл, нийгмийн орчинд суурилан бүрэлддэг байна. Өөрөөр хэлбэл, тухайн хүүхдийн харъяалагдаж байгаа нийгэм нь хүүхдийн олж авах хүрээлэн буй орчин, амьдралын талаарх мэдлэг болон түүнийг олж авах арга замыг тодорхойлдог. Ийм учраас, хүүхэд өөрийн өв соёлын үндсэн хэсэг болох дуу, аман зохиол, хэл, урлагийн бүтээлүүдээр дамжуулан харилцаа үүсгэж, бие биендээ нөлөөлөх байдлаар суралцдаг байна. Жишээлбэл: ижил хүйстэнтэйгээ гэрлэх гэрлэлтийг хориглодог нийгэмд амьдардаг хүүхэд ижил хүйстэний эсрэг хүчтэй үзэл бодолтой болж төлөвшдөг. Энэ үзэл бодол нь тухайн асуудлын хүрээнд мэдлэг, ойлголт болон хандлага зэрэгт нь нөлөө үзүүлэх нь тодорхой байдаг.

Хэл. Выготский хэл яриа нь суралцах үйл явцын гол үндэс суурь гэж үзжээ. Тэрээр хэлний хөгжил когнитив хөгжлийн хооронд холбоо хамаарал байдаг гэж үздэг бөгөөд хэл яриа бидний амьдралыг кодлон, өөрийн хэв маягтай болгодог гэж тайлбарласан байна. Хэл бол бидний гадаад харилцааны хэрэгсэл буюу сэтгэхүйн үйлийн тусламжтай дотоод яриагаа сонсох хүүхдийн үйл юм. Түүний үзэж буйгаар хэлний хөгжлийн 3 түвшин байдаг байна. Нэрлэвэл, нийгмийн харилцааны яриа (гадаад яриа) 3 хүртэлх насанд тохиолддог бөгөөд бусдын үйлдлийг хянах, энгийн бодсон зүйлсээ илэрхийлэх болон сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд ашигладаг. Харин 3-7 насанд эгоцентризм буюу зөвхөн өөрийн үзэл бодлын үүднээс хандах, өөр дээрээ төвлөрсөн сэтгэлгээтэй болж зөвхөн өөрийн байр сууринаас ханддаг учир ойролцоо байгаа бие хүмүүс өөрийг нь сонсож байгааг үл анзааран өөрийн яриагаа хийж эхэлдэг. Энэ үедээ хүүхэд өөрийн үйлдэл, дадал хэвшлээ удирдахын тулд хийж байгаа үйлдлээ гадаад яриа болгон ганцаараа ярьж байдаг.

Выготский хүүхдийн хэл ярианы хөгжил эрт явагдах нь үнэндээ нийгмээс хамаардаг асуудал гэж дүгнэдэг байжээ. Тодорхой насан дээр хүүхдийн гадаад яриа нь эгоцентрик болон харилцааны гэсэн 2 төрөлд хуваагддаг. Эгоцентрик яриа нь сэтгэхүйн үйлийн тусламжтайгаар хүүхэд дотоод яриагаа сонсож эхлэн гадагш чиглэлтэй байсан яриа нь дотогш чиглэлтэй оюун сэтгэхүйн үүрэг гүйцэтгэж эхэлдэг (Vygotsky, 1986).  Өөрийгөө чиглүүлэх яриаг когнитив чадвар төлөвшиж амжаагүйгийн шинж биш харин хөгжлийн нэг төрөл гэж Выготский үздэг байжээ. Энэ нь хүүхэд харилцан яриа ба өөрийгөө чиглүүлэх яриа 2-ыг ялгаж салгаж ойлгодог үе юм. Хүүхэд өсөж томрохын хирээр өөрийгөө чиглүүлэх яриа нь дотоод яриа болон өөрчлөгддөг байна.

Судалгааны арга

Танин мэдэхүйн чадварын Векслерийн тест

Тус судалгаан оюун ухаан, танин мэдэхүйн чадварыг тодорхойлох Векслерийн тестийг ашигласан бөгөөд дараах 10 үзүүлэлтийг судалгааны судлах зүйл болгон ашигласан.

  1. Суурь мэдлэгийн сорил нь хүрээлэн буй орчин, эд юмс үзэгдлийн талаарх хүүхдийн энгийн мэдлэг төсөөллийг судалдаг.
  2. Сэтгэмжийн түвшингийн сорил нь өгөгдсөн нөхцөлд хүүхэд хэрхэн зөв сэтгэж, түүнийгээ илэрхийлэх чадварыг судлана.
  3. Тоон эргэцүүлэлийн сорил нь тоон ухагдахууныг ухааран ойлгох, арифметик үйлдэл хийх чадвар дадлыг судлана. 5 наснаас эхлэн хүүхэд зураг дүрс, хэвлэмэл үгс, тоо зэргийг сонирхож эхэлнэ. 6 наснаас эхлэн 100 хүртэл хийсвэр тоолж чаддаг болсон байна. Мэдээллийг мэдлэг болгож, оюун ухаандаа хадгалж, тогтоохдоо ойн сэтгэхүйн үйлдлүүдийг илүү оновчтой сонгож хэрэглэх чадвар төлөвшинө.
  4. Ерөнхий шинжийг олох сорил нь хүүхэд энгийн ухагдахуун сэтгэхүйн харьцуулан жиших, ангилах, бүлэглэх, хийсвэрлэх үйлдэл төлөвшиж байгаа байдлыг судлана. Бага насны хүүхдийн сэтгэхүйн хөгжил нь боди үйлдлийн сэтгэхүй илүү хөгжиж, даган дуурайх чадвар нь давамгай, бусдад өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ их гарч ирдэг боловч түүнийгээ бүрэн илэрхийлж чаддаггүй. Учир нь өөрт тохиолдсон, бусдад илэрхийлэхийг хүссэн зүйлээ гаргахад сэтгэхүйн эргэцүүлэл хийх нарийн процесс явагдаж байдаг учраас хэл яриагаар ярихад бага зэрэг бэрхшээлтэй тал үүсч болох юм. 6-7 насны хүүхдүүдийн сэтгэхүйд тодорхой дүрслэлт сэтгэхүй давамгайлж байдаг тул үгийн нөөц, үгсийн шилжүүлсэн утгыг ойлгохгүй байх талтай. Сэтгэхүйн дүрслэлт хэлбэр илүү хөгжсөн байдгаас хүүхэд хийсвэр байдлаар өгөгдсөн зүйлийг сэтгэн бодох чадвар сул байна. Бодит сэтгэхүй хөгжсөн ба юмсын харьцаа холбоо зүй тогтлыг ойлгож, ухаарахыг эрмэлздэг байна.
  5. Хэл ярианы чадварын сорил нь хүүхдийн үгийн баялаг, ярианы чадвар (үгийн утга агуулгыг ойлгох чадвар) хэл сэтгэхүйн холбоог судлана. Хүүхдийн хэл ярианы хөгжил нь 5 наснаас эхлэн хүүхэд үг яриаг чөлөөтэй эзэмшиж, өөртөө хандаж байгаа хүний үгийн утга санааг сайн ойлгож, үгийг зөв дуудаж чаддаг болсон байна. Хүүхдийн өсөлт хөгжилтийн хэрээр үг яриа, сонсголын мэдрэх чадвар дээшилж, насанд хүрсэн хүнийхтэй ойртож ирнэ. Ялангуяа 6 насны үед хүүхдийн авиа ялгах, сонсголыг идэвхитэй хөгжүүлэх үйл ажиллагаа чухал байна. Энэ үеэс эхлэн өөрийн амьдрал үйл ажиллагааны бүх хэлбэр, тоглох, амрах, хичээллэх зэрэг зүйлийг цаг хугацааны тодорхой нэгжид зохицуулж чадна. Хэл яриа хурц тод, үгийн идэвхитэй нөөцийн тоо нэмэгдссэн байдаг. Хийсвэр утгатай үгийг ойлгоход бэрхшээлтэй тал гарч болно. (Батдэлгэр Ж. Э., 2016) Харин 7 наснаас эхлэн хэл яриа цэгцэрч, санаа бодлоо ойлгомжтой илэрхийлэх чадвартай болдог. Баруун, зүүн тархины хөгжил эрчимтэй хөгжин зүүн тархины хөгжил нь илүү учир шалтгааныг тунгаах, эргэцүүлэх, оюун дүгнэлт хийх, шинжлэн судлах сэтгэлгээ, хэл ярианы чадвар сайн хөгжих нөхцөлийг бүрдүүлдэг.
  6. Богино хугацааны ой тогтоолтын сорил нь хүүхдийн хөдөлгөөний ой, анхаарлыг судлана. Дээрх насны хүүхдүүдийн ой тогтоолт нь санамсаргүй, өнгөц шинжтэй, юмыг байгаа чигээр нь тогтоож сэргээн санана. Харааны ой нь нилээд хөгжиж, утгын ой сул байдаг. Өөрөөр хэлбэл харсан зүйлээ удаан, сонссон зүйлээ хурдан мартах талтай. Хараа, сонсголын ой түлхүү хөгждөг төдийгүй хүсэж байгаа зүйл хийх ёстой зүйлс хоорондын ялгааг мэдэрнэ.
  7. Харааны хүртэхүйн сорил нь хүүхдийн ажигч гярхай чанар, харааны хүртэхүйн хөгжлийг судлана. 6-7 настай хүүхдийн хүртэхүйн хөгжил сургуулийн өмнөх насны хүүхдийн хүртэхүйгээс өргөн хүрээтэй болж аль тохиолдсон, нүдэнд тусгагдсан зүйл рүү зорилго чиглэлгүй тэмүүлэхээ больж, өөрийн хэрэгцээ сонирхолыг татаж буй зүйлд хандах чиглэлтэй болдог. Сургуулийн бага насанд хүүхдийн анхаарал зориудын чиглэлээр, анхаарлын шинжүүд идэвхитэй байдлаар төлөвшиж байдаг. Анхаарлын багтаамж 3-4 зүйлд, харин хугацаа нь 7-10 минут байна. Анхаарлын шилжилт маг амархан явагддаг ч нас ахих тусамм анхаарлын тогтворжилт сайжирдаг. Анхаарлын тогтворжилт нь 3 насны үеэс эрс өсөн 5-6 насны үед харьцангуй өндөр түвшинд хүрсэн байдаг (W.Santrock, 2006).
  8. Зургийг дарааллаар нь байрлуулах сорил нь хүүхдийн үйл явдлыг угтуулж харах, учир зүйн эрэмбэд нэгтгэх, нөхцөл байдлыг ойлгох зэрэг чадварыг судлана.
  9. Орон зайг баримжаалах, зохион бүтээх сэтгэхүйн сорил нь хүүхдийн орон зайн дүрслэл, зохион бүтээх сэтгэлгээ, хэсгүүдийг нэгтгэх чадвар зэргийг судлана. Орон зайн хүртэхүй хөгжихийн хэрээр янз бүрийн хэлбэр дүрстэй зүйлийг зөв ялгаж, тэдгээрийн орших байр, хол ойрын зайг зөв тодорхойлох, туршлагатай болсон байна. 6 настай хүүхдүүдийн хувьд юмсыг алдаатай байдлаар тусгах явдал нийтлэг байдаг. Тэдний нийтлэг алдаа нь юмсын дүрс, хэлбэр, үсэг, цифрийг хэтрүүлэн үнэлэх явдал юм. Өөрөөр хэлбэл үсэг, тоо бичихдээ түүний босоо налууд бага анхаарал хандуулдаг байна. (Батдэлгэр Ж. Э., 2016) Мөн энэ насны хүүхдүүд нь цаг хугацаа, орон зайн анхны мэдэгдэхүүнтэй болсон байдаг. Харин хүүхдийн зохион бодох сэтгэхүйн үйл ажиллагаа нв 5-6 насанд тэдний үг яриагаар хөгжил нь хурц тод илэрнэ. Хүүхдийн төсөөлөл нь тэдний зурсан зураг, тоглоом, наамал, баримлын шавраар барьж хийсэн бүтээл, юмсын хэлбэр дүрсийг даган дуурайж хийлгэх зүйл зэргээр илэрч болно. Хүүхэд юмсын шинж чанараас гол биш зүйлийг олж ялгаж чаддаггүй мөртлөө өөрийнхөө зурсан зурагт зарим нэг жижиг зүйлийг онцгойлох тохиолдол их байдаг (W.Santrock, 2006).
  10. Хэсгүүдийг нэгтгэх чадварын сорил нь өгөгдсөн хэсгүүдийг бүтэн дүрс болгох, нэгтгэн эргэцүүлэл хийх чадварыг судлана.

Хүүхдийн өөрөө өөртэйгөө ярих яриаг үнэлэх ажиглалтын хуудас:

Хүүхдийн өөрөө өөртэйгөө ярих яриаг үнэлэх тодорхой тест, оношилгооны арга байдаггүй бөгөөд энэ үзүүлэлтийг судлахдаа хүүхдийг тоглох, ямар нэгэн тодорхой зорилго бүхий нөхцөлд хийж буй үйл ажиллагааны явцад нь ажиглалт хийх замаар судлах боломжтой байдаг.  Америкын судлаач Дэвид Фарров хүүхдийн өөрөө өөртэйгөө ярих яриаг ангилж үзсэн ангиллын дагуу ажиглалтын хуудсаа бэлдсэн болно.. Үүнд:

  •  Туслах: Өөрийн хүслээ илэрхийлэх, эсвэл гоншигонох, гонгинох хэлбэрээр хэлэх; (“Би авна”. “Би авмаар байна”.,)
  •  Удирдах: Ирээдүйд бий болж болзошгүй үйл явдлаас хамааран хэлэх. Хэн нэгэн хүний үйл хөдлөлийг чиглүүлэх; (“Тийшээ яваарай.”).
  • Өөрийгөө чиглүүлэн удирдах: Ирээдүйд бий болж болзошгүй үйл явдалтай хамааруулан хэлэх. Хүүхэд өөрийнхөө үйл хөдлөийг чиглүүлэх; (“Би энийгээ тэнд тавилаа.”).
  • Илэрхийлэх: Дотоод сэтгэлээ илэрхийлэх, саналаа хэлэх, эсвэл мэдрэмжээ илэрхийлэх хуваалцах; (“Би чамд/танд хайртай.”).
  • Ишлэх, Хамаатуулах: Байгаа газрынхаа эргэн тойронд байгаа биет юмсын тухай ярих эсвэл одоо өрнөж байгаа үйл явдалд хамааруулан хэлэх; (“Тэр”).
  • Өөрийнхөө хийж буй үйл хөдлөлөө дүрслэх: Үг хэлж байх үед нь өрнөж байгаа үйл явдал эсвэл дөнгөж хийгээд дууссан үйл хөдлөлийнхөө талаар ярих. Хүүхэд зөвхөн өөрийн оролцож байгаа үйл явдалаас л дүрслэн ярина; (“Би доош нь тавилаа. Би дотогш нь ингээд хийлээ”).
  • Асуулт асуух: Хүүхдийн яриа өгүүлбэр зүйн хувьд асуух хэлбэрээр хэлэгдэнэ эсвэл хүүхдийн дууны өнгө хувиргалт асуух өнгө аястай байна; (“Юу? Тэр үү?”).
  • Бодит бус, төсөөлөх: Хүүхэд дуулж ярина, үгийн наадам буюу үгийн тоглоом ашиглан эсвэл дүр үзүүлэх яриа ашиглан биет юмсыг биеэр дүрслэн үзүүлнэ; (“Тэр малгай”-  хүүхэд өөрийн толгой дээрээ гараараа малгай дүрслэн үзүүлнэ).
  • Мэдээлэл өгөх: Ойрхон хажууд нь байхгүй байгаа биет юмс, үйл явдлын тухай дүрслэн хэлнэ; (“Аав ажилдаа явсан”).
  • Ойлгошгүй, мэдэхэд бэрхтэй ярих:   Хүүхэд хүмүүст сонсогдохооргүй, чимээ гаргалгүй, ойлгомжгүй ярина (D, 1984).

Судалгааны түүвэр   

Судалгаанд нийт 5-7 насны 79 хүүхдийг санамсаргүй түүврийн аргаар хамруулсан.

Судалгааны тоон боловсруулалт, үр дүн  

Түүврийн төлөөлөх чадварыг сайжруулахын тулд 2.5 стандарт хазайлтаас гадна оршиж байгаа тоонуудыг хассан болно. Судалгаанд нийт 5-7 насны  87 хүүхдийг хамруулсан ч хүчингүй кейсийн тоо 8 байсан тул 79 судалгааны түүвэртэйгээр судалгааны үр дүнг боловсруулсан болно.

График 1. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн нас

1

График 2. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн хүйс

2

Судалгаанд оролцогчдын 36% нь 5 настай, 34% нь 6 настай, 30% нь 7 настай хүүхдүүд байна. Нийт оролцогчдын 49% нь эмэгтэй, 51% нь эрэгтэй хүүхдүүд.

График 3. Өөрөө өөртэйгөө ярих ярианы харьцуулалт          

3

Тус судалгааны гол хувьсагч болох хүүхдийн өөрөө өөртэйгөө ярих яриаг /child private speech/ 11 үзүүлэлтээр үнэлсэн бөгөөд нийт оролцогчдын 73% нь өөрөө өөртэйгөө ярьдаг, 27% нь өөрөө өөртэйгөө ярьдаггүй хүүхдүүд багтаж байна.

Хүснэгт 1.  Когнитив чадварын ялгаа

4

Судалгаанд оюун ухаан, танин мэдэхүйн чадварыг үнэлэх Векслерийн тестийн 10 хэсгийг ашигласан ба хүснэгт 1-д хүүхдийн өөрөө өөртэйгөө ярих яриа, когнитив чадварын харьцуулалтыг харуулсан. K Independent Samples-аар хүүхдийн өөрөө өөртэйгөө ярьдаг, өөрөө өөртэйгөө ярьдаггүй зэргээс танин мэдэхүйн чадварын үзүүлэлтүүд хамааран ялгаатай байгаа эсэхийг шинжилж үзэхэд суурь мэдлэг, сэтгэмжийн түвшин, богино хугацааны ой тогтоолт, харааны хүртэхүй, зургийг дарааллаар нь байрлуулах, орон зайг баримжаалах зохион бүтээх сэтгэхүй, хэсгүүдийг нэгтгэх чадвар зэрэг үзүүлэлтүүдийн хувьд ялгаатай үр дүнгүүд гарсан байгаа нь p тоогоор харагдаж байна.

Хүснэгт 2. Когнитив чадварын үзүүлэлтүүдийн дундаж утга

5

            Танин мэдэхүйн чадварын ялгаатай гарсан үзүүлэлтүүдийн дундаж утгыг харьцуулан хүснэгт 2-т оруулав. Жишээлбэл; Суурь мэдлэгийн хувьд өөрөө өөртэйгөө ярьдаг хүүхдийн дундаж оноо нь 17.276, харин өөрөө өөртэйгөө ярьдаггүй хүүхдүүдийн дундаж оноо нь 14.786 байгаагаас харвал хүүхэд өөрөө өөртэйгөө ярьдаг байх тусам танин мэдэхүйн чадварын үзүүлэлт өндөр гарах боломжтой юм.

Хүснэгт 3. Хүүхдийн өөрөө өөртэйгөө ярих ярианд нөлөөлөх хүчин зүйлс

6

Хүүхдийн өөрөө өөртэйгөө ярих ярианд хүүхдийн нас, хүйс, хэддэх хүүхэд, цэцэрлэгт явж байсан эсэх, эцэг эхээсээ тусдаа амьдарч байсан эсэх, эцэг эхийн хүүхэддээ цаг зарцуулдаг байдал, цахим хэрэглээ, хэлд орсон нас зэрэг үзүүлэлтийг авч үзэхэд цэцэрлэгт явж байсан эсэх, хүүхэддээ цаг зарцуулдаг байдал, цахим хэрэглээ, хэлд орсон нас зэрэг үзүүлэлтийн хувьд ялгаа гарсан байна. Хүснэгт 4. Хүүхдийн өөрөө өөртэйгөө ярих ярианд нөлөөлөх хүчин зүйлийн дундаж утга

            Хүснэгт 4-т дээрх ялгаатай гарсан үзүүлэлтүүдийг тодорхой болгох үүднээс дундаж утгуудыг авч үзэхэд жишээлбэл; цэцэрлэгт явж байсан хүүхдүүдийн дундаж утга 46.69, цэцэрлэгт  явж байгаагүй хүүхдүүдийн дундаж утга 19.62 байгаа нь ялгааг илэрхийлж байна.

7

            Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн өөрөө өөртэйгөө ярих ярианд нөлөөлөх хүчин зүйлийг судлан үзвэл өөртэйгөө ярьдаг хүүхдүүдийн 87.9%, өөртэйгөө ярьдаггүй хүүхдүүдийн 12.1% нь цэцэрлэгт хамрагдаж байсан байна. Харин эцэг эхээсээ тусдаа амьдарч байсан эсэхийг судлан үзэхэд өөртэйгөө ярьдаг хүүхдүүдийн 6.9% нь ээжээсээ тусдаа амьдарч байсан, 29.3% нь ааваасаа тусдаа амьдарч байсан, харин өөртэйгөө ярьдаггүй хүүхдүүдийн 14.3% нь ээжээсээ тусдаа амьдарч байсан, 52.4% нь ааваасаа тусдаа амьдарч байсан байна.

Эцэг эхийн хүүхэддээ цаг зарцуулдаг байдлыг авч үзэхэд өөртэйгөө ярьдаг хүүхдүүдийн эцэг эхийн 10.3% нь 3-4 цагийг, өөртэйгөө ярьдаггүй хүүхдүүдийн эцэг эхийн 4.8% нь 3-4 цагийг хүүхэддээ зарцуулдаг байна. Үүнээс үзвэл хүүхдийн өөрөө өөртэйгөө ярих ярианд гэр бүлийн хүүхэддээ зарцуулдаг цаг хамааралтай нь харагдаж байна. Хүүхдийн хэлд орсон насыг харьцуулан үзвэл өөрөө өөртэйгөө ярьдаг хүүхдүүдийн 55.9% нь 1 насандаа, 32.8% нь 2 насандаа, 10.3% нь 3 насандаа хэлд орж байсан бол, өөртэйгөө ярьдаггүй хүүхдүүдийн 23.8% нь 1 насандаа, 38.1% нь 2 насандаа, 28.6% нь 3 насандаа хэлд орж байсан байна.

Дүгнэлт

Тус судалгаагаар 5-7 насны хүүхэд өөрөө өөртэйгөө ярьдаг байх нь когнитив чадварт нөлөөлөх эсэхийг судлан үзсэн Пиаже, Выготский нарын онолын судалгааны үндзэслэл болгон авч үзсэн болно. Когнитив чадварыг Векслерийн тестээр судлан үзэхэд суурь мэдлэг, сэтгэмжийн түвшин, богино хугацааны ой тогтоолт, харааны хүртэхүй, зургийг дарааллаар нь байрлуулах, орон зайг баримжаалах зохион бүтээх сэтгэхүй, хэсгүүдийг нэгтгэх чадвар зэрэг үзүүлэлтүүдийн хувьд ялгаатай үр дүнгүүд гарсан байгаа нь p тоогоор харагдаж байна. Хүүхдийн өөрөө өөртэйгөө ярих ярианд хүүхдийн нас, хүйс, хэддэх хүүхэд, цэцэрлэгт явж байсан эсэх, эцэг эхээсээ тусдаа амьдарч байсан эсэх, эцэг эхийн хүүхэддээ цаг зарцуулдаг байдал, цахим хэрэглээ, хэлд орсон нас зэрэг үзүүлэлтийг авч үзэхэд цэцэрлэгт явж байсан эсэх, хүүхэддээ цаг зарцуулдаг байдал, цахим хэрэглээ, хэлд орсон нас зэрэг үзүүлэлтийн хувьд ялгаа гарсан.

Эдгээрийг дүгнэн үзвэл хүүхдийн хэл ярианы хөгжил гэр бүл, орчны нөлөө чухал хувь нэмэртэй байдгаас гадна, хүүхэд эцэг эхийн харилцаа эерэг байх нь өөрөө өөртэйгөө ярих яриа, чадварт нь нөлөөтэй байж болох юм.

Эх сурвалж

Монгол хэл дээрх эх сурвалжууд

  • Батдэлгэр, Ж. (2011) Бага насны хүүхдийн сэтгэл судлал
  • Батдэлгэр, Ж, Мягмар, О, Цэндсүрэн, Т, Дашхүү,Д . (1996) Хүүхдийн оюун ухааны хөгжлийг судлах сорил

Гадаад хэл дээрх эх сурвалжууд

  • Wendy L Dunn-Grace J.Craig. Understanding Human Development
  • Flavell JH, Beach DR, Chinsky JM (1966) Spontaneous verbal rehearsal in a memory task as a function of age. Child development. 283-299.
  • Ohta AS (2001) Second language acquisition processes in the classroom: Learning Japanese: Routledge.
  • Vygotsky LS (1986) Thought and language (A. Kozulin, trans.). Cambridge, Ma: MIT Press.
  • Piaget J. (1959) The language and thought of the child: Psychology Press; Vygotski LS (1987) The Collected Works of LS Vygotsky.
  • Berk LE (1999) Children’s private speech: An overview of theory and the status of research. Lev vygotsky: Critical assessments: Thought and language. 2: 33-70; Berk LE, Winsler A (1995) Scaffolding Children’s Learning: Vygotsky and Early Childhood Education. NAEYC Research into Practice Series.7.
  • Berk LE, Spuhl ST (1995) Maternal interaction, private speech, and task performance in preschool children. Early Childhood Research Quarterly. 10(2):145-169
  • Pellegrini A (1981) The development of preschoolers’ private speech. Journal of Pragmatics. 5(5):445-58;
  • Azmitia M (1992) Expertise, private speech, and the development of self-regulation. Private speech: From social interaction to self-regulation. 101-22.
  • Rubin (1979) The impact of the natural setting on private speech. The development of self-regulation through private speech. 265-94; Rubin KH, Dyck L (1980) Preschoolers’ private speech in a play setting.  Merrill-Palmer Quarterly of Behavior and Development. 219-29.
  • Diaz RM (1992) Methodological concerns in the study of private speech. Private speech: From social interaction to selfregulation.55-81
  • Hummel JE, Holyoak KJ (1997) Distributed representations of structure: a theory of analogical access and mapping. Psychological Review. 104(3):427.
Бусадтай хуваалцах
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •