СЭТГЭЛ СУДЛААЧ ЦЭРЭНДАМБЫН ДЭЛГЭРМЭНД

“Сэтгэл судлаачтай ярилцъя” булангийн маань энэ удаагийн дугаарт Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн судалгааны албаны дарга, ЭнПиСи энд Мандал хүний нөөцийн зөвлөх компанийн бүтээгдэхүүн хөгжлийн албаны дарга, сэтгэл судлаач Цэрэндамбын Дэлгэрмэнд уригдан оролцлоо.

  • 2008-2012 онд Миннесотагийн Их Сургууль /Гэр бүл нийгэм судлал, сэтгэл судлал/

Ажлын туршлага

  • 2012 оноос Сэтгэл Судлалын Үндэсний Төв, Судалгааны албаны дарга,
  • 2013 оноос ЭнПиСи энд Мандал хүний нөөцийн зөвлөх компани, Бүтээгдэхүүн хөгжлийн албаны дарга,
  • 2013 оноос Монгол HD Телевиз /Өнөө Өглөө хөтөлбөрийн сэтгэл судлаач/

ТАНЫ МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ?

Маш олон мэргэжлүүд хүний өмнөөс амьдралыг нь шийдэх шийдвэрийг гаргадаг. Жишээлбэл: Эмч мэргэжилтэй хүн хүний амийг аврахын тулд, хуульч цагдаа нар хүний хийсэн үйлдлийн гэм буруутайг тогтоох зэргээр шийдвэр гаргах эрхтэй байдаг. Сэтгэл судлаачдад хүний амьдралын өмнөөс шийдвэр гаргах эрх байдаггүй. Цаашид юуг хийх, ямар амьдрал бүтээхээ тухайн хүн зөвхөн өөрийн хариуцлагаар шийддэг. Харин зөвлөгөөний хугацаанд бидэнд асуулт асуух бүрэн эрх байдаг. Асууж буй асуултаар тухайн хүнийг чиглүүлдэг учраас ямар асуулт асуух вэ? гэдгийг сэтгэл судлаачид шийддэг. Үүгээрээ бидний мэргэжил онцлог байх гэж боддог.

2

ТАНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Монгол улсад 840,000 орчим гэр бүл бий гэсэн тоо байдаг. Миний үлдсэн амьдралын төлөвлөгөө бол гэр бүлүүдэд хүрч ажиллах, гэр бүлүүд асуудлаа шийдвэрлэхэд нь туслах юм. Одоо хийж буй судалгааны болон зөвлөгөөний ажлын үр дүн нь гэр бүлүүдэд хэрэгтэй загваруудыг бий болгоход чиглэж байгаа гэж боддог.

ТАНЫ ЯГ ОДОО ТӨВЛӨРӨН ХИЙЖ БАЙГАА СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ

ЭнПиСи энд Мандал компанийн урт хугацааны судалгааны ажил явагдаж байгаа. Байгууллагын ажилтнуудын бүтээмжинд сэтгэл зүйн хувьд ямар хүчин зүйлс нөлөөлж байна, бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд үйлдлийн ямар өөрчлөлтүүдийг хийх боломжтой байдгийг судалж байгаа. Хийж буй ажилдаа хэрхэн сэтгэл ханамжтай ажиллахын хажуугаар, урт хугацаанд үлдэж хоцрох бүтээн байгуулалтыг хэрхэн хийж болох вэ? гэдэг бидний үйл ажиллагааны үндсэн зорилго байдаг. Энэ судалгааг манай баг гуравдах жилдээ хийж байна. Үр дүнд нь байгууллагын соёл, ажилтны талаар томоохон дүгнэлтүүдийг гаргах зорилготой.

ТА ӨДӨРТ ХЭДЭН ЦАГ АЖИЛЛАДАГ ВЭ?

Өдөрт 8 цаг ажиллах стандартынхаа дагуу ажиллаж байгаа гэхдээ бусад цагтаа ч гэсэн байнга л суралцаж байдаг. Хүний үйлдэл ба бодолтой ажиллаж байдаг учраас уншсан, ажигласан болгоныхоо холбоо харилцааг анзаарч байхыг хичээдэг.

АЖИЛДАА ХАМГИЙН ИДЭВХИТЭЙ ХАНДДАГ ЦАГ

Ажил эхлэх ба дуусахад тухайн өдрийн турш хийх хэрэгтэй зүйлсдээ дүгнэлт хийдэг. Хамгийн идэвхтэй байдаг цаг гэвэл ярьж байгаа үедээ хийх гэж байгаа ажлаа илүү сайн ойлгодог болохоор их идэвхтэй болдог. Энэ нь өдрийн аль ч үед байдаг.

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭ ХЭРХЭН ӨНГӨРӨӨДӨГ ВЭ?

Амралтын өдрүүдээ эрч хүчээ сэргээх зорилгоор л өнгөрүүлдэг. Хоббиндоо зориулж байна, гэр бүл найз нөхөддөө цаг гаргана. Ямар нэгэн асуудлыг өөр өнцгөөс нь харж болох нэвтрүүлгүүдийг үздэг.

ЦАГАА ХЭРХЭН ЗӨВ ЗАРЦУУЛАХ ТАЛААР

Өөрийгөө их тааруу гэж боддог. Өчигдөр үзсэн зүйлээсээ хуваалцахад Чарли Роусийн /Charlie Rose/ нэвтрүүлгээр Билл Гейтс,/Bill Gates/ Ворен Баффет/Warren Buffett/ хоёроос яг энэ асуултыг асуусан. Билл Гейтс Ворен Баффетийг шоолж, энэ хүний цаг нь бүгд төлөвлөгөөтэй байдаг ямар ч илүү цаг байдаггүй, бүх цаг нь төлөвлөгөөтэй гэж хэлмэгц Ворен халааснаасаа жижигхэн дэвтэр гаргаж ирээд үзүүлсэн. Бараг бүтэн жилийн турш хийх ажлаа цаг цагаар нь төлөвлөсөн байгаа нь надад сайхан санагдсан. Ерөнхийдөө өмнө нь ч гэсэн бүх цагаа дэвтэр дээрээ төлөвлөдөг байж байгаад сүүлдээ гүүгл/google/ календарт оруулаад бүгдийг нь түүндээ найдчихсан байсан нь миний буруу байсан юм шиг санагдсан. Нэгэнт л дэлхийн хамгийн баян хүн хүртэл тэр жижигхэн дэвтэртэйгээ ноцолдож байхад  дахиад дэвтэрнээсээ л эхлэе гэж бодож байлаа.

СЭТГЭЛ СУДЛААЧДЫН АМЬДРАЛДАА ХАНДАХ ХАНДЛАГА

Сэтгэл судлаачдын хамгийн гоё хариулт байдаг юм. “Юунаас гэдгээс шалтгаална” гэдэгчилэн хэний амьдрал гэдгээсээ шалгаалах байх. Сэтгэл судлаачийн амьдрал гээд нэгтгэхээс илүүтэй тухайн хүн өөрөө ямар хүн болох, амьдралын зорилго, амьдралдаа хандаж байгаа хандлага зэргээс шалтгаалах байх. Олон төрлийн хүмүүс энэ нийгэмд амьдарч байгаа. Би тэдгээр төрлүүдийн нэгэнд нь харьяалагдана гэж бодвол өөдрөг байдлаар амьдралд ханддаг хэсэгт орох байх. Бүх зүйл болно л гэж боддог. Тодорхой зорилготойгоор энэ мэргэжлийг сонгосон,түүнийхээ төлөө ажиллаж байна. Ямар нэгэн ажлын төгсгөлийг харж байгаа үед тухайн ажлыг хийж эхлүүлдэг. Болно гээд сэтгэлд багтсан бүх зүйлийг л сайн хийж дуусгахыг хичээдэг. Санаснаар болохгүй байх зүйлс гарч ирдэг ч гэсэн энэ хорвоод ямар нэгэн байдлаар хэрэгтэй хүн гэдэг үндсэн итгэл байдаг нь надад тусалдаг юм шиг санагддаг.

ИРЭЭДҮЙД ТАНЫ АЖИЛ АМЬДРАЛД ГАРАХ ТАВАН ӨӨРЧЛӨЛТИЙГ НЭРЛЭВЭЛ

Амьдралд юу тохиолдох болох вэ? гэдгийг бусад хүмүүсийн амьдралыг харахад мэдэгддэг. 70 настай хүний амьдралд юу тохиолдож болох, 50 настай эсвэл 30 настай хүнд юу тохиолдож болохыг ээж аав, эмээ өвөөгийнхөө амьдралаас гадарлаж болно. Амьдралд гарах өөрчлөлтийг гэхээсээ илүү, амьдралд өөртөө бий болгож болох боломжуудыг л би одоо мэдэх боломжтой байх. Өөрт минь бий болсон боломжуудын хэдийг нь ашиглаж чадаж байна гэдэг надад сонирхолтой болохоос ирээдүйд гарах өөрчлөлтүүдийг сайн хэлж мэдэхгүй байна. Хэрвээ би амьдралдаа хийж бүтээнэ гээд төлөвлөсөн зүйлээ хийж байгаа бол тэр өөрчлөлт гэхээсээ илүүтэй байсан боломжоо алдаж явуулалгүй, хэргийг нь гаргасан байна гэсэн үг байх. Өөрчлөлт гэдэг бол бусдаас боломж олгогдоод миний амьдралд огт боломжгүй байсан зүйл бий болохыг хэлэх байх.

Өнгөрсөн хугацаанд миний амьдралд тийм өөрчлөлтүүдийг хийж байсан хүмүүс олон бий, бага ангийн багшаас эхлээд өөртөө ч байгаагүй итгэлийг надад өгч миний амьдралыг “өөрчилсөн” хүмүүс их олон байдаг. Харин ирээдүйд хэн миний амьдралд ямар өөрчлөлтийг боломжийг өгөх вэ? гэдэг сонирхолтой юм, олон сайхан хүмүүс байна гэдэгт итгэлтэй байна.

4

СЭТГЭЛ СУДЛААЧИЙН ҮҮДНЭЭС БУСДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Ямар нэгэн ажил хөдөлмөр эрхлэхдээ насан туршдаа энэ салбарт ажиллаад юуг хийж бүтээе гэж бодож байгаагаа сайн санах хэрэгтэй юм шиг санагддаг. Өнөөдөр болж буй үйл явдал, сэтгэлийн таагүй байдал, бүтэлгүйтэл зэрэг яагаад үүссэн гэдгээс илүүтэй хийж буй ажил хөдөлмөрөөрөө юуг хийж, юуг бүтэн болгох гэж зорьж анхнаасаа эхэлсэн бэ? гэдгийг боддог байх нь чухал байх. Мөн тухайн зорилгынхоо хаана нь хүрсэн байгаагаа шалгаж байх хэрэгтэй. Нэг мэдэхэд бидэнд олгогдсон цаг хугацаа дуусахад харамсах мэдрэмжгүй амьдарч, хөдөлмөрлөх чухал байх.

ТАНЫ БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ

Хүнд хэрэгтэй хүн байхыг л багаасаа бодож, хүсдэг байсан. Хамгийн хэцүү зүйл бол тэр бодол маань ганхах. Гэхдээ ганхуулахгүй байх олон баталгаатай тулгуурууд байдагт баяртай байдаг.  Байгаа газраа хэрэгтэй хүн байх юмсан, буруу зүйл хийхгүй байх юмсан, хүнд хэрэгтэй зүйлсийг л хийж бүтээх юмсан гэж боддог нь миний зарчим байх.

АМЬДРАЛДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙХАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛ

Надад шүтдэг тодорхой шашин шүтлэг байхгүй ч гэсэн өвөг дээдэстээ итгэдэг. Хойд нас байдаг гэдэгт итгэдэг. Өөртөө итгэлтэй байж, ганцаардахгүй байдаг шалтгаан нь гэж боддог. Би бага байхаасаа манай гэр бүлийнхээ хувьд хамгийн чухал хүний хойд дүр нь гэдэгт итгэсэн болохоор, тэр бодлоосоо салья гэж хүсдэггүй. Хувь хүний хувьд энэ бодол нь энэ хорвоод хэрэгтэй хүн гэдэг зарчимтай нийлдэг болохоор аль болох зөв зүйлийг хийж, түүндээ сэтгэл ханамжтай байхыг хүсдэг.

ТАНЫ ХУВЬД АМЬДРАЛДАА АВДАГ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ

Сэтгэл ханамжтай байх хэрэгтэй гэж санах болгондоо таатай мэдрэмж авдаг.

ХИЙЖ ҮЗЭХИЙГ ХҮСДЭГ ЗҮЙЛ

Хамгийн хайртай хүмүүстэйгээ сайхан дурсамжуудыг үлдээх. Дурсамжаа хамтдаа ярих хүмүүстэйгээ байх нь дурсамжийн гол зорилго байх.

ТАНЫ ХАМГИЙН САЙН ЧАДДАГ ЗҮЙЛ

Шинэ санаа гаргах, ямар нэгэн зүйлийг үргэлж баяжуулж, сайжруулж байх хэрэгтэй гэж боддог.

БУСДАД БАЙНГА ХЭЛДЭГ ҮГ

Байнга хэлдэг үгнээс илүү байнга хэлэхийг хүсдэг зүйл гэвэл: “Монгол хүн өөрөө өөрийнхөө ур чадварыг дэлхийн жишигт үнэлэх хэрэгтэй. Цалингаараа өөрийгөө үнэлж болохгүй.”

ОДОО УНШИЖ БАЙГАА НОМ

“Монголын их хатдын нууц товчоо” ном.

ХҮМҮҮСИЙН ЭЕРЭГ СӨРӨГ ХАНДЛАГЫН ТУХАЙД

Энэ нь биеэ барих, хянахтай холбоотой байх. Бусдад сайхан харагдах, бусдад хүндэтгэлтэй хандахыг өөрийн хэвшил болгон биеэ авч явдаг хүмүүс эерэг хандлагатай харагддаг. Харин өөрийн биеийг хянах хяналтаа алдаад эхлэхээр бусдад сөрөг байдлаар харагддаг. Хамгийн гол нь хэзээ хяналттай байж, хэзээ алдаж байна гэдэг хувь хүний бодолтой шууд холбоотой байж болох юм. Магадгүй минийх гэж боддог учраас гэр бүлийнхэн дотроо сөрөг хандлагаа хяналтгүйгээр гаргачих гээд байдаг, бусдынх гэж боддог учраас гудамжинд хог тарихгүй явдаг гэдэг ч юм уу. Минийх, бусдын гэдэг орон зайн хил хязгаар хаагуур байгаагаар өөрийн биеийг хаана хянах, хаана хянахгүй “дураар” нь байлгах вэ? гэдэг нь тодорхойлогдох байх.

СЭТГЭЛ СУДЛААЧ ХҮН НИЙГЭМД ЯМАР БАЙР СУУРЬТАЙ БАЙНА ВЭ?

Одоо бол их өндөр. Сэтгэл судлаач гэж танилцуулахад өөрийнх нь өвдөж байсан эрхтэний эмчтэй уулзаж байгаа мэт хүлээж авах нь их болсон. Надад тусална гэдэг итгэлээр ханддаг. Үүнийг дагаад их хариуцлага мэдрэгддэг. Хамгийн гол нь энэ их хариуцлагыг сэтгэл судлалын чиглэлээр зөвлөгөө өгч, судалгаа хийж байгаа хүмүүс өдөр тутамдаа хэр их мэдэрч ажилладаг бол гэдэг хамгийн чухал. Бурхангүй газрын бумба шиг ажиллаж болохгүй гэж би ойлгодог.

Тухайн салбарын хүмүүс ажлаа сайн хийж байвал тэр салбар том байх албагүй гэж боддог. Хуулийн салбарынхан хуулийг маш цэгцтэй гаргаад, хүн бүрт мөрдөх үүргийг нь хариуцлагатайгаар олгочихвол хуульч, өмгөөлөгч, шүүгдийн тоо олон байх шаардлагагүй. Яг үүнтэй адил сэтгэл судлаач нар сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, сэргийлэх талаас нь түлхүү ажиллавал манай улсад олон сэтгэл судлаачид хэрэгтэй гэж боддоггүй. Чанартай сайн сэтгэл судлаачид сургуулиуд, эмнэлэгүүд, цагдаагийн, төрийн үйлчилгээний байгууллагуудад ажиллахад ганцаарчилсан сэтгэл судлаачдын төвүүд олон байж европын орнуудыг даган дуурайх шаардлага байхгүй гэж санагддаг. Шинжлэх ухаан хүчтэй байх хэрэгтэй. Мэргэжилдээ хамгийн сайн, энэ салбарт насан туршдаа ажиллана гэсэн бодолтой, дэлхийн хэмжээнд өрсөлдөж чадна гэсэн итгэлтэй хүмүүсийг л сэтгэл судлалын чиглэлээр ажиллаасай гэж хүсдэг.

УЛСЫН ИРЭЭДҮЙ ТАНЫ НҮДЭЭР

Миний нүдээр бол гэрэлтэй л байна. Гэрэлтэй байлгахын тулд л энэ салбарыг сонгосон. Бага насанд ч гэр бүлийн асуудлууд ангийн хүүхдийн гэрт, гудамж талбайд гээд бишгүй ажиглагддаг байсан учраас энэ асуудлыг багасгахад хувь нэмрээ оруулах юмсан гэж мэргэжлээ сонгосон. Хэрвээ ирээдүйд гэрэл гэгээ бага байвал өнөөдрийн ажиллаж хөдөлмөрлөж байгаа бид бүхэн, бидний үеийнхэн ажлаа сайн хийгээгүй байна гэдэг том дүн тавигдана.

Ярилцсанд баярлалаа. Таны ирээдүйн бүх зүйлд маш их амжилтыг хүсье.

Ярилцсан сэтгүүлч: С.СОЛОНГО

Бусадтай хуваалцах
  • 21
  •  
  •  
  •  
  •  
  •