СЭТГЭЛ СУДЛААЧ ЭНХБАТЫН ДЭЖИД

Энэ удаагийн дугаарт маань Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв-ийн сэтгэл судлаач Энхбатын Дэжид уригдан оролцлоо.

2006-2010 онд МУИС-ийн СССХУ-ны тэнхимийн сэтгэл судлаач, сэтгэл судлалын багш мэргэжлээр      бакалавр

2010-2012 онд МУИС-ийн СССХУ-ны тэнхимийн сэтгэл судлалын ухааны магистр

Ажлын туршлага

2008-2009 онд “Сэтгэлийн толь” сэтгэл зүйн төвд туслах ажилтан

2010-2011 онд “Хүчирхийллийн эсрэг  үндэсний төв”-ийн сэтгэл зүйч

2011 оноос ЭХЭМҮТ-ийн сэтгэл зүйч

ТАНЫ МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ?

Маш сайхан мэргэжил. Хэдийгээр хүнд тулгамдаж байгаа хэцүү, бэрхшээлтэй асуудлуудыг сонсдог ч гэсэн тэр хүмүүст туслаж байна гэдгээрээ маш сайхан мэргэжил. Хүмүүст туслаад, ямар нэгэн эерэг үр дүн гарч байгаагаас нь илүү их эрч хүч авч мэргэжлээрээ бахархах, цаашид ажиллах урам зоригийг авдаг.

2

ТАНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Төлөвлөж байгаа ажил маш их байгаа. Хүүхдийн сэтгэл судлалын чиглэлээр мэргэшин суралцах төлөвлөгөөтэй байна.

ТАНЫ ЯГ ОДОО ТӨВЛӨРӨН ХИЙЖ БАЙГАА СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ

Манай байгууллага 1100 гаруй ажилчидтай. Үйлчлүүлэгчдээ зөвлөгөө өгөхөөс гадна ажилчиддаа сургалт, судалгааны ажил явуулдаг. Яг одоо нийт ажилчиддаа “ажлын байрны стресс, ажлаас хальширах байдал” гэсэн цуврал сургалт зохион байгуулаад түүнийгээ үнэлэх зорилгоор судалгаа хийж байгаа. Тэр маань тодорхой үр дүнгээ өгнө гэж найдаж байна.

ТА ӨДӨРТ ХЭДЭН ЦАГ АЖИЛЛАДАГ ВЭ?

Өглөө 08.30-17.30-н хооронд ажилладаг.

АЖИЛДАА ХАМГИЙН ИДЭВХИТЭЙ ХАНДДАГ ЦАГ

Яг хэлэхэд хэцүү. Өглөө аль болох төлөвлөх, бичиж боловсруулах ажлаа хийхийг хичээдэг. Бусад цагт нь зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах гэх мэт ажлуудаа амжуулдаг.

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭ ХЭРХЭН ӨНГӨРӨӨДӨГ ВЭ?

Аль болох гэр бүлтэйгээ амарч өнгөрөөхийг хичээдэг.

ЦАГАА ХЭРХЭН ЗӨВ ЗАРЦУУЛАХ ТАЛААР

Энэ бол хамгийн чухал асуудал. Ямарваа нэгэн юмны баланс нь алдагдаад ирэхээрээ хүн сэтгэл зүйн ямар нэгэн асуудалтай тулгарах нь түгээмэл байдаг. Үүнтэй адил стрессээс ангид байж, урьдчилан сэргийлэхийн тулд цагаа зөв зохицуулах хэрэгтэй.

СЭТГЭЛ СУДЛААЧДЫН АМЬДРАЛДАА ХАНДАХ ХАНДЛАГА

Амьдралдаа хандах хандлага маань аль болох эерэг сайн талыг нь олж харахыг л хичээдэг. Мэдээж амьдралд надаас хамаарахгүй зүйлс олон байгаа бас хүн болгон л алдаа гаргадаг шүү дээ. Тиймээс энэ бүхний эцэст туршлага сууж, зөв дүгнэлттэйгээр цааш явах нь чухал юм шиг санагддаг.

ИРЭЭДҮЙД ТАНЫ АЖИЛ АМЬДРАЛД ГАРАХ ТАВАН ӨӨРЧЛӨЛТИЙГ НЭРЛЭВЭЛ

Их таатай сайхан өөрчлөлтүүд гарна гэдэгт итгэлтэй байгаа. Мэдээж хувийн амьдралд маш олон өөрчлөлт гарна, ажил мэргэжлийн хувьд ч гэсэн төлөвлөсөн олон зүйл байгаа болохоор эерэг өөрчлөлтүүд ар араасаа гарсаар л байх болов уу даа.

5

СЭТГЭЛ СУДЛААЧИЙН ҮҮДНЭЭС БУСДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Хүүхдүүдтэй түлхүү ажилладаг болоод ч тэр үү аль болох багаас нь хүүхдүүдээ анхаарч байгаасай гэж хүсмээр байна. Тэгж байж хожим гарах сөрөг үр дагаврыг бууруулж, асуудлыг эерэгээр даван туулах чадвартай иргэн төлөвшинө.  Гэр бүлүүд, гэр бүл болохоор төлөвлөж байгаа залуучуудад энэ талаар зөвлөгөө мэдээлэл өгөх мэргэжилтнүүд олон болоосой, түүнийг нь төр засаг дэмжиж, ойлгож ажиллах нь чухал. Эмнэлэг, хуулийн байгууллага гэх мэт үйлчилгээний байгууллагуудад хүүхэд, залуучуудад тулгамдсан сэтгэл зүйн асуудал хүндэрсэн хойноо л ирдэг. Гол нь урьдчилан сэргийлэх тал дээр хүүхдүүдэд болон гэр бүлд хүрч ажиллах хамгийн хүртээмжтэй газар бол сургууль юм шиг санагддаг. Тиймээс сургууль бүрт багш нар, эцэг эх болон хүүхдүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллах боловсролын болон хөгжлийн сэтгэл зүйгээр мэргэшсэн мэргэжлийн хүмүүс зайлшгүй хэрэгтэй.

ТАНЫ БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ

Бидний мэргэжил бол байнга хөгжиж байхыг шаарддаг мэргэжил учраас аль болох өөрийгөө хайрцаг саванд хийгээд түгжихгүй, хөгжиж байхыг хичээдэг. Мөн цагаа зөв зохицуулах гэсэн зарчим баримталдаг.

АМЬДРАЛДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙХАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛ

Харах өнцгөөсөө л шалтгаална. Сэтгэл хангалуун байх суурь нөхцөлөө хүн өөрөө яаж харж байна? Түүнээс л шалтгаална байх. Бүх юм нь болохгүй байна гээд харвал мэдээж сэтгэл ханамж бага байж таарна.

ТАНЫ ХУВЬД АМЬДРАЛДАА АВДАГ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ

Эрүүл байгаа нь хамгийн сайхан мэдрэмж, мөн гэр бүл, найз нөхөд, хамт олон байна. Ямар ч хүнд амжилтаа мэдрэх нь сайхан байдаг байхаа. Амжилт бол зөвхөн тушаал дэвших, алдартай байх, сая саяар нь цалин авахын нэр биш, хувь хүнийхээ хувьд хийж байгаа зүйлээ сайн хийж, амжилт гаргаад  түүнээсээ сэтгэл ханамж авч байна гэдэг чухал юм болов уу.

ХИЙЖ ҮЗЭХИЙГ ХҮСДЭГ ЗҮЙЛ

Далайд халим харах. Үзэхийг хүссэн зүйлс маш их байгаа. Жагсаалт байгаа эхнээс нь хийж үзнэ дээ.

ТАНЫ ХАМГИЙН САЙН ЧАДДАГ ЗҮЙЛ

Солгой гараараа бөмбөг сайн шидэж чадна.

БУСДАД БАЙНГА ХЭЛДЭГ ҮГ

Ажил дээрээ бол “Сайн байна, хичээгээрээ ”  гэх мэт, гэр бүлийхэндээ болон найзууддаа бол арай нялуун үгнүүд хэлдэг байх.

ОДОО УНШИЖ БАЙГАА НОМ

Англи хэлээ сайжруулах зорилгоор Secret, Notebook гээд 2 ном уншиж байна.

ХҮМҮҮСИЙН ЭЕРЭГ СӨРӨГ ХАНДЛАГЫН ТУХАЙД

Хандлага их олон зүйлийг тодорхойлно. Хүн амьдралдаа ямар сэтгэл ханамжтай явах юм бэ? гэдгийн суурь нь хүний хандлага байх. Тухайлбал, эерэг байна уу? сөрөг байна уу? гэдгээсээ шалтгаалаад тэр хүн стресст хэр өртөмтгий байх вэ? гэдэг хүртэл шалтгаална. Мэдээж бүхнийг сөргөөр хардаг хандлагатай хүн бол ойлгомжтой байнгын стресстэй, орчин тойрныхоо хүмүүстэй харилцааны асуудалтай. Эерэг хандлагатай хүн бол өөрийнхөө хийж байгаа зүйлд сэтгэл ханамжтай байна. Түүнийгээ дагаад стресст бага өртөнө, харилцаа сайтай,харилцааны асуудал бага гарна шүү дээ. Хандлагыг  сэтгэл зүйн дархлаатай зүйрлэж болох юм.

СЭТГЭЛ СУДЛААЧ ХҮН НИЙГЭМД ЯМАР БАЙР СУУРЬТАЙ БАЙНА ВЭ?

Нийгэм сүүлийн жилүүдэд харьцангуй эрэлт хэрэгцээг нь илүү мэдэрдэг болж байна. Байгууллагууд энэ төрлийн үйлчилгээ авахыг хүсдэг болсон байна. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүний хувьд ихэнхи дүүргийн эмнэлэгүүд сэтгэл зүйчтэй болчихлоо. Дүүрэг бүрт “гэр бүл хүүхэд хөгжлийн төв” байгуулагдаад сэтгэл зүйчид ажиллаж байна. Гэхдээ заримдаа надад бид харьяалах газар байхгүй юм шиг мэдрэмж төрөх үе байдаг. Энэ асуудал дээр яах вэ? гээд хандъя гэхэд хандах албан ёсны газар байхгүй. Хэцүү бэрхшээлтэй асуудал тулгарахад хэдэн багш нар, мэргэжил нэгтнүүдээ л барааддаг. Ийм л маягаар ажил явж байна. Нөгөө талаараа шалтаг хайхаасаа илүү биднээс өөрсдөөс маань хүчин чармайлт хэрэгтэй, яаж байр сууриа тогтоох, ажил мэргэжлээ, үйлчилгээний онцлогоо байгууллагадаа хэрхэн ойлгуулах, бусад мэргэжлийн хүмүүстэй хэрхэн хамтарч уусч ажиллах вэ? гэдэг бол маш чухал.

УЛСЫН ИРЭЭДҮЙ ТАНЫ НҮДЭЭР

Хийж буй ажилдаа эзэн болоод хүн бүр хичээх юм бол миний хувьд эх орон маань хөгжинө гэдэгт итгэлтэй байдаг.

Ярилцсанд баярлалаа. Таны ирээдүйн бүх зүйлд маш их амжилтыг хүсье.

Ярилцсан сэтгүүлч: С.СОЛОНГО