СЭТГЭЛ СУДЛААЧ ОТАНЫ СЕРИКБОЛ

Энэ удаагийн дугаарт маань шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын сэтгэл зүйч, сэтгэл судлаач Отаны Серикбол уригдан оролцлоо.

Боловсрол

  • 2008 онд Монгол Улсын Их Сургууль-Сэтгэл судлаач

Ажлын туршлага

  • 2008-2010 онд “Монгол Өрх” сэтгэл зүйн хүрээлэнд сэтгэл зүйч
  • 2010 оноос одоог хүртэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад сэтгэл зүйч

ТАНЫ МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ?

Уг мэргэжлийн талаар иргэдийн дунд зөв ойлголт байгаа эсэхээс үл хамааран мэдээлэл их бий. Харин миний ажиллаж буй салбар, мэргэшлийн талаар өгүүлэх нь сонин байж магадгүй. Би 2010 оноос эхлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад сэтгэл зүйчээр ажиллаж байна. Олон улсад уг салбар шинжлэх ухааныг пенитенциар буюу хорих үйл ажиллагааны сэтгэл судлал гэж нэрлэдэг. Бидний дунд хэвийн аж төрж байсан хүмүүс өөрийн болгоомжгүй эсвэл санаатай үйлдэл, эс үйлдэхүйгээсээ болж гэмт хэрэгт холбогдож, ял эдэлж байгаа хүмүүс амьдрал нь оронгоор өөрчлөгдсөнөөр сэтгэл зүйн хувьд маш их хямардаг. Хүн гэмт хэрэгт сэжиглэгдэж, сэжигтэн, яллагдагчаар татагдаж, цагдан хорих байранд хорих, мөн шүүхээс хорих ял оноож, хорих анги руу аваачих, олон жилийн хорих ял эдлэх, ялыг эдэлж дуусаад суллагдах, эргээд нийгэмд бусадтай хөл нийлүүлэн амьдрах хүртэл бүх үйл явц сэтгэл зүйн хувьд маш удаан явагддаг /санагддаг/ ба тэр чинээгээр дарамт бий болгож, амиа хорлох бодол тээхэд хүртэл хүргэдэг. Эндээс үзэхэд тухайн хүн гэмт хэрэгт холбогдох болсон шалтгааныг тодорхойлох, цагдан хоригдох, хорих ял эдлэх, энгийн амьдралд эргэн орох зэрэг өөрчлөлтөнд дасан зохицоход дэмжлэг үзүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх сэтгэл зүйн бэлтгэл буюу нөхөн сэргээх зэрэгт чиглэсэн сэтгэл зүйн оношлогоо, зөвлөгөө, сургалт, засал, нөлөөллийн ажил нь хорих үйл ажиллагааны сэтгэл судлалын онцлог болдог.

ТАНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Одоо Хууль сахиулахын их сургуульд суралцаж байгаа. Эндээс их зүйл сурч, мэдэх ойрын төлөвлөгөө байна даа.

ТАНЫ ЯГ ОДОО ТӨВЛӨРӨН ХИЙЖ БАЙГАА СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ

Гэмт хэрэг үйлдэж, хорих ял эдэлж байгаа хүний сэтгэл зүйн байдал

ТА ӨДӨРТ ХЭДЭН ЦАГ АЖИЛЛАДАГ ВЭ?

8-с илүү цаг ажиллахгүй байхыг хичээдэг.

АЖИЛДАА ХАМГИЙН ИДЭВХИТЭЙ ХАНДДАГ ЦАГ

Их үдээс өмнө.

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭ ХЭРХЭН ӨНГӨРӨӨДӨГ ВЭ?

Хайрт хань, охин хоёртойгоо гэр цэвэрлэх, хоол хийх, тоглох, дуу дуулж, бүжиглэх, аав, ээжтэйгээ утсаар ярих зэргээр гэр бүлдээ зарцуулахыг эрмэлздэг.

ЦАГАА ХЭРХЭН ЗӨВ ЗАРЦУУЛАХ ТАЛААР

Цаг зөв зарцуулах асуудал нь амьдралын хэмнэл, сэтгэл санаанд нөлөөлж байдаг болохоор нухацтай хандах хэрэгтэй болов уу. “Энэ үйл явдлын дараа, маргааш, 5 жилийн дараа, 50 жилийн дараа, насны эцэст би өөрийн хийсэн үйлдэлдээ сэтгэл хангалуун байж чадах уу?” гэсэн нэг л асуулт байхад цагаа зөв зарцуулах зорилго бий болно.

Хүн төрөлхтөнд цаг хугацааны талаар ойлголт бий болсон нь хүн хэмээх зүйлийн хөгжлийн дээд түвшинг харуулдаг ба түүнийг дагаад үр дагавар бий болдог. Цаг хугацаа бол ямар нэгэн үйл явдал, объектоос хамааралтай зүйл биш, ямар нэгэн зүйлийн урсгал ч биш, харин бид үйл явдлыг харьцуулахад ашиглаж байгаа, дэс дараалалд оруулж байгаа оюун ухаан, сэтгэхүйн ухагдахуун учраас түүнийг сэтгэл санааны дарамт болгож хүлээн авч, хямрахаас бид өөрсдийгөө сэргийлж чаддаг байх ёстой. Энэ нь секунд, минут, цаг гэх мэт бага хэмжигдэхүүнээс гадна өнгөрсөн, одоо, ирээдүй хэмээх нүсэр хэмжигдэхүүнтэй хамааралтай ойлголт юм.

Зүгээр, бид цаг хугацааг хэрхэн өнгөрүүлж байна, өдөр тутам юу хийж байгаа тухайд хүмүүс өөрт юу хэрэгтэй, өнөөдөр юу бүтээх талаар өөрийн гэсэн байр суурьтай болсон байна. Тиймдээ ч бүтээлч зүйл их хийж байна. Мэдээж дэмий зүйлд цаг үрж, урсгал дунд байгаа хүмүүс ч байгаа. Хэрэв хүнд “би яг юу хийх ёстой вэ, би юуны төлөө амьдарч байна, хүмүүс яагаад өдөр бүр идэвхтэй амьдрах гэж хичээж байна” гэдэг бодол цухасхийж л байгаа бол тэр хүн цаг хугацааны үнэ цэнийг, амьдралын утга учрыг ойлгох өөрийн болон бусдын өчүүхэн дэмжлэгтэй хийж чадах чадавхтай байна гэсэн үг.

СЭТГЭЛ СУДЛААЧДЫН АМЬДРАЛДАА ХАНДАХ ХАНДЛАГА

Энэ мэргэжлийг эзэмшсэндээ их баяртай байдаг. Шалтгаан нь амьдралд болж буй аливаа үзэгдэл, зүйл, өөрчлөлтийг байгаагаар нь хүлээн авч, бусадтай зөв зохицож, өөрийн мөн чанараа таних чадвар олж авсан явдал юм.

ИРЭЭДҮЙД ТАНЫ АЖИЛ АМЬДРАЛД ГАРАХ ТАВАН ӨӨРЧЛӨЛТИЙГ НЭРЛЭВЭЛ

Эрх зүйн цэгцтэй мэдлэгтэй болж, гэмт явдлын сэтгэл зүйн шалтгаантай холбоотой судалгаа хийж, судалгаанд үндэслэн эрдэм шинжилгээний ажил бичиж, үр дүнг нь эрдэмтэн, судлаачдаар хэлэлцүүлж, ажлынхаа үр шимийг үзсэн байх.

СЭТГЭЛ СУДЛААЧИЙН ҮҮДНЭЭС БУСДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Сурч, мэдэхийг эрхэмлэ. “Мөнгөгүй юм чинь яаж сурах вэ?” гэж өөрийгөө бүү зовоо. Сургуулийн багш богино хугацаанд онол, практикийг хослуулан хөгжихөд тань тусалж, суралцах, мэдлэг олж авах арга, зүг чигийг зааж өгдөг. Үүнээс гадна бид өөрсдөө бие дааж уншиж, биеэрээ туулж, эргэцүүлэх байдлаар суралцах боломж хангалттай бий. Мэдлэг, чадвар нь илүүдэж, ачаа, дараа болсон хүнийг би мэдэхгүй. Харин ч бидний сайн сайхан амьдрах гол хүчин зүйл болно.

БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ

Гайхаж болно, гайхахдаа “байж боломгүй юм” гэдэг бодолгүй байх хэрэгтэй.

ТАНЫ ХУВЬД АМЬДРАЛДАА АВДАГ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ

Хамгийн сайхан нь уу? Эмээгийндээ очиж, шинэхэн бүрсэн тараг уух.

ХИЙЖ ҮЗЭХИЙГ ХҮСДЭГ ЗҮЙЛ

Кинонд дүр бүтээх.

ТАНЫ ХАМГИЙН САЙН ЧАДДАГ ЗҮЙЛ

Сонсох.

БУСДАД БАЙНГА ХЭЛДЭГ ҮГ

Өөртэйгээ ярилцах цаг гарга. Үүнийг ганцаардал гэж эндүүрэн бүү нүүр буруул.

ОДОО УНШИЖ БАЙГАА НОМ

Ойрд гэмт явдал судлалтай холбоотой эрх зүйн ном түлхүү уншиж байна. Мөн хайрлах урлаг, эхнэрээ хайрлах нь зэрэг номыг давтан уншиж байна. Давтан гэдгийн учир нь хүний оршихуйд томоохон байр суурь эзэлж, мөн чанарыг бүтээж, “Хүмүүн” болж буй болох, хүмүүн хэвээрээ үлдэхэд, бие хүн төлөвших түмэн хүчин зүйлд нөлөөлж буй “хайр”-ыг танихад нэг удаа унших, нэг л удаа эргэцүүлэх, судлах хангалтгүй санагдсан хэрэг л дээ.

1 (5)

СЭТГЭЛ СУДЛААЧ ХҮН НИЙГЭМД ЯМАР БАЙР СУУРЬТАЙ БАЙНА ВЭ?

Эрэлт их болсон. Үйлчлүүлэгчид маань сэтгэл зүйн үйлчилгээг тодорхой хэмжээнд ойлгож эхэлж байгаа. Ингэх явцад хэдий дутагдалтай зүйл ажиглагддаг ч үүнийг хөгжлийн чухал үе шат гэж ойлгох нь зүйтэй. Бэлтгэгдэж буй мэргэжилтнүүд ч гэсэн чанаржиж байгаа гэж боддог. Хүн болгон сэтгэл судлал, сэтгэл зүйч, зөвлөгөө авах гэдэг үг хэрэглэж байна. Ихэнх төсвийн болон хувийн байгууллага сэтгэл зүйчийн орон тоо бий болгож, зарим нь бий болгохыг хичээдэг. Энэ их хүлээлтийг хөсөрдүүлж л болохгүй. Мэргэжлийн удирдлагаар хангах, эрхийг хамгаалах толгой байгууллагын оролцоо үүнд их чухал байна.

УЛСЫН ИРЭЭДҮЙ ТАНЫ НҮДЭЭР

Бид ухаантай ард түмэн. Аливаа бэрхшээлийн өөрийн гэсэн шалтгаан, тайлагдах учиг гэж байдаг. Миний харж байгаагаар уламжлал, шинэчлэлийн зааг дээр бид алхаж байна. Улс шиг улс болохын тулд улс төрчийг улс төрд, сэтгүүлчийг сэтгүүл зүйд, сэтгэл зүйчийг сэтгэл зүйн асуудалд, дуучныг дуучнаар нь хүлээн зөвшөөрч, мэргэших боломжийг нь олгож, тэр салбарын асуудлыг тэр хүмүүсээс л зөвлөгөө авч, шийдвэр гаргаж, ажил зохиож байвал ирээдүй гэгээлэг харагдаж байна. Нийгэм бол зохион байгуулалттай систем байх ёстой. Систем бол хязгаарлалт биш, бүдүүлгээр бол замбараатай эрх чөлөө юм.

Ярилцсанд баярлалаа танд сайн сайхныг хүсье.

Ярилцсан сэтгүүлч: С.СОЛОНГО

Бусадтай хуваалцах
  • 337
  •  
  •  
  •  
  •  
  •