СЭТГЭЛ СУДЛААЧ ПҮРЭВИЙН МЯГМАРЖАРГАЛ

Шинэ долоо хоногийн дугаарт маань Кобегийн Их Сургууль, Соёл хоорондын сэтгэл судлалын лабораторийн судлаач оюутан, сэтгэл судлаач Пүрэвийн Мягмаржаргал онлайн ярилцлагаараа оролцож байна.

Боловсрол

2003-2010 Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль Англи хэлний багш, Бакалавр зэрэг

2006-2009 BNEU, Банглорын Их Сургууль-Сэтгэл судлаач, Бакалавр зэрэг

2016- оноос Япон Улс-Кобегийн Их Сургууль, Соёл хоорондын сэтгэл судлалын лаборатори, судлаач оюутан

Ажлын туршлага

2009- 2016 Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн сэтгэл судлалын багш

Сэтгэл судлал, хэл шинжлэлийн туршилтын лабораторын хамтран үүсгэн байгуулагч, зохицуулагч

ТАНЫ МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ?

Зөвхөн сэтгэл судлаач байхын хувь хүнд үүсэх давуу талыг нэрлэвэл олон талын мэдлэгтэй болно, бусдын зан үйл мэдрэмжийг ойлгох зорилготой ажилладаг учир тэр бүр бусдын хийсэн зүйлд цочирдохгүй болно. Өөрийн сэтгэцийн ертөнцийг судлаж буйн учир бидний ажил маш төвөгтэй бөгөөд сонирхолтой, гадаад хэлний мэдлэг, боловсролын зэрэг, судалгааны ажлын туршлага сайтай бол яг л IT инженер шиг, хүсвэл дэлхийн хаана ч ажиллаж болно гээд өөрийн мэргэжлээ магтвал их олон сайхан давуу тал бий. Мэдээж бусдад, нийгэмд маш олон талын эерэг нөлөөтэй ажлыг хийдэг гэдгийг хүмүүс надаар хэлүүлэхгүй мэддэг болж байгаа гэж найдаж байна.

ТАНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Хамгийн ойрын төлөвлөгөө бол японд сурч байгаа учир хэлний чадвараа сайжруулах мөн хурдан судалгаагаа хийж датагаа цуглуулах байна.

ТАНЫ ЯГ ОДОО ТӨВЛӨРӨН ХИЙЖ БАЙГАА СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ

Миний сүүлийн үеийн судалгаа, соёл хоорондын танин мэдэхүйн ялгааг судлахад чиглэж байна. Монгол хүн ам, соёл хоорондын сэтгэл судлалын хүрээнд бараг судлагдаагүй байдаг юм байна. Одоогоор судалгаагаа төлөвлөх, судалгааны материалуудтай танилцах шатанд ажиллаж байгаа.

ТА ӨДӨРТ ХЭДЭН ЦАГ АЖИЛЛАДАГ ВЭ?

Тухайн өдрийн ачаалал, өөрийн эрч хүч, сонирхлоос хамааран 6-14 цаг ажилладаг.

АЖИЛДАА ХАМГИЙН ИДЭВХИТЭЙ ХАНДДАГ ЦАГ

Хамгийн их төвлөрч үр бүтээлтэй ажилладаг цаг маань өглөөний 9-11 цаг болоод оройн 16-19 цаг.

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭ ХЭРХЭН ӨНГӨРӨӨДӨГ ВЭ?

Амралтын өдрүүдээ аль болох гэр бүлтэйгээ өнгөрөөдөг. Сүүлийн үед дурсамж, туршлага болох зүйлсийг гэр бүлийнхээ хамт хийхийг хичээж байна. Ажил амьдралдаа тэнцвэртэй хандах нь чухал гэдгийг онолын хувьд мэддэг байсан боловч тэр бүр хэрэгжүүлж үр шимийг нь хүртдэггүй байж. Одоо их сайн ойлгож хэрэгжүүлэх гэж оролдож байна. Сэтгэл зүйн хувьд эрүүл, хүчтэй байхад чухал хувь нэмэртэй гэдгийг уншигчидтайгаа хуваалцах нь зүйтэй байх.

ЦАГАА ХЭРХЭН ЗӨВ ЗАРЦУУЛАХ ТАЛААР

Цагийг зөв зарцуулах талаар ярих хамгийн сүүлийн хүн би байх. Би цагаа зөв зарцуулах тал дээр өөртөө шүүмжлэлтэй хандаж байгаа. Миний хувьд ажигласан нэг зүйл бол тодорхой эрч хүчтэй ажилладаг цагтаа аль болох богино хугацаанд үр бүтээлтэй ажиллаад үлдсэн хугацааг хувь хүний хөгжил, гэр бүл, найз нөхөддөө тэнцвэртэй зориулах нь ажлын бүтээмж өндөр, сэтгэл хангалуун байхад тустай байдаг юм байна. Миний мэдэх хамгийн үр бүтээлтэй ажилладаг хүмүүс өөрийгөө урамшуулж, баярлуулж чаддаг хүмүүс.

СЭТГЭЛ СУДЛААЧДЫН АМЬДРАЛДАА ХАНДАХ ХАНДЛАГА

Сэтгэл судлаачид бусадтай л адилхан хүмүүс болохоор амьдралдаа янз бүрээр ханддаг болов уу. Гэхдээ нэг нийтлэг чанар нь өөрийгөө болон бусдыг мөн эргэн тойрны юмс үзэгдлийг хэрхэн яагаад гэдэг талаас нь хардаг учир амьдралыг илүү ойлгож, гүн гүнзгий ханддаг байж болох юм.

ИРЭЭДҮЙД ТАНЫ АЖИЛ АМЬДРАЛД ГАРАХ ТАВАН ӨӨРЧЛӨЛТИЙГ НЭРЛЭВЭЛ

Ирээдүйд миний амьдалд яг ийм өөрчлөлт гарна гэж тодорхой хэлэхэд хэцүү юм. Гэхдээ ирээдүй өнөөдрийн миний хийж буй алхмуудаас шалтгаалах учир сайхан эерэг өөрчлөлтүүд хийхийн тулд өдөр бүр өчигдрийн алдаанаасаа суралцаж илүү сайн алхамууд хийхийг хичээж байна

СЭТГЭЛ СУДЛААЧИЙН ҮҮДНЭЭС БУСДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Би сэтгэл судлаачийн хувьд практик дээр ажиллахаас илүү судалгаа хийдэг учир их өргөн хүрээний гар доорх зөвлөгөө өгч мэдэхгүй юм. Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн сэтгэл судлаачид маань илүү зөвлөх байх.

БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ

Өөрөө өөртөө үнэнч байх

ТАНЫ ХУВЬД АМЬДРАЛДАА АВДАГ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ

Сэтгэцийн ертөнц ямар баялаг, хязгааргүй гэдгийг мэдрэх үе, бусдын амьдралд тустай зүйл хийж чадсан үе их сайхан. Намайг их сайхан хүмүүс хүрээлж байдаг би их азтай хүн. Энэ их аз завшаанаа санах бүр өөрийн эрхгүй аз жаргалтай болдог. Заримдаа би гэж хүн яахаараа ийм их азтай байдаг билээ гэж гайхан бодох үе байдаг шүү. Миний оюутнууд хүртэл их онцгой сайхан бие хүмүүс байдаг.

ХИЙЖ ҮЗЭХИЙГ ХҮСДЭГ ЗҮЙЛ

Дэлхийг тойрон аялаж олон соёлтой танилцах.

ТАНЫ ХАМГИЙН САЙН ЧАДДАГ ЗҮЙЛ

Аливаа шинэ санааг хөгжүүлэх.

БУСДАД БАЙНГА ХЭЛДЭГ ҮГ

It depends/ Харьцангуй л дээ.

ОДОО УНШИЖ БАЙГАА НОМ

Susan Fiske, Shelley E. Taylor нарын Social Cognition (Нийгмийн танин мэдэхүй)

ХҮМҮҮСИЙН ЭЕРЭГ СӨРӨГ ХАНДЛАГЫН ТУХАЙД

Хүн бүр хүссэн хүсээгүй ямар нэг зүйлийн талаар ямар нэгэн хандлагыг заавал тээнэ. Эерэг, сөрөг хандлагын алийг тээх нь тухайн хувь хүний л асуудал. Тэр хүний туршлага, амьдралаар бусад амьдраагүй болохоор заавал эерэг хандлагатай бай гэж тулгаж болохгүй болов уу. Гэхдээ эерэг хандлагатай байх нь амьдралыг илүү хялбар, аз жаргалтай болгоно гэдгийг л мартахгүй байх хэрэгтэй. Мэдээж буруу, муу зүйлд сөрөг хандлагатай байх нь буруу зүйлийг хөхүүлэн дэмжих, буруу зүйлд автахаас сэргийлнэ.

СЭТГЭЛ СУДЛААЧ ХҮН НИЙГЭМД ЯМАР БАЙР СУУРЬТАЙ БАЙНА ВЭ?

Сэтгэл судлаачид Монголын нийгэмд танигдаж эхлэх төдий л байр суурьтай байгаа. Ихэнх хүмүүс сэтгэл судлаачид юу хийдэг, тэднээс ямар тусламж үйлчилгээ авч болох вэ? гэдгийг сайн мэддэггүй. Сэтгэл судлаачид үндсэндээ хоёр чиглэлээр ажилладаг. Нэг хэсэг нь судалгаа хийдэг, нөгөө хэсэг нь сэтгэл судлалын мэдлэгийг хэрэглээнд нэвтрүүлдэг, практик дээр ажилладаг. Зарим сэтгэл судлаачид аль алинийг нь хослуулж хийх тохиолдол бий. Сэтгэл зүйн зөвлөгөө бол зөвхөн тухайн сэтгэл зүйчийн хувийн амьдралын туршлага дээр суурилсан бус судалгаа, туршилт, олон хүний туршлага буюу шинжлэх ухааны мэдлэг дээр тулгуурласан байдаг.

Мөн сэтгэл зүйн зөвлөгөө ганц удаагийн уулзалтаар хүний асуудлыг шийдэхгүй, урт хугацааны үйл явц шаарддаг. Яагаад гэвэл сэтгэл зүйч таны өмнөөс шийдвэр гаргахгүй. Харин таныг илүү үр дүнтэй шийдвэр гаргах сэтгэл зүйн бэлэн байдлыг тантай хамтарч бий болгох, таныг асуудлын мөн чанарыг өөрөө олж харахад туслах ажлыг хийдэг. Үүгээрээ бусад тусламж үзүүлэх үйлчилгээ, хүмүүсээс ялгаатай. Үүнийг мэдэхгүй олон хүн үйлчилгээний дундаас хаядаг. Мөн хүмүүсийг үр дүнтэй сэтгэл зүйн үйлчилгээг авахад улсаас анхаарч, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал гэдэг утгаар нь эрүүл мэндийн даатгалын системд хамруулж сэтгэл зүйн үйлчилгээний төлбөрөөс хөнгөлдөг болвол олон хүн сэтгэл зүйн үйлчилгээ тууштай авахад тус болно гэдэгт итгэлтэй байна.

УЛСЫН ИРЭЭДҮЙ ТАНЫ НҮДЭЭР

Хэн ч өөрийн улсын ирээдүйг бараанаар төсөөлөхийг хүсэхгүй. Улсын ирээдүй хүн бүхний сэтгэл, хандлага, үйлдлээс эхэлнэ. Ингэж бодохоор одоогийн байдлаар гэрэлтэй ирээдүй харна гэхэд тийм ч амаргүй байна. Гэхдээ хүн бүрт сайн байх эсвэл муу байх чадвар, сонголт байгаа гэдэгт итгэдэг. Бидэнд боломж байна. Тэгэхээр өдөр тутмын үг, үйлдэл, сонголтоо зөв хийцгээе.

Ярилцсанд баярлалаа танд сайн сайхныг хүсье.

Ярилцсан сэтгүүлч: С.СОЛОНГО

Бусадтай хуваалцах
  • 233
  •  
  •  
  •  
  •  
  •