СЭТГЭЛ СУДЛААЧ ГОНЧИГДОРЖИЙН ТӨРХИШИГ

Энэ удаагийн дугаарт маань Шинжлэх Ухааны Академи, Философийн хүрээлэнгийн судлаач, сэтгэл судлаач Гончигдоржийн Төрхишиг уригдан оролцлоо.

Боловсрол

  • 2010-2014 онд АНУ /Lehigh university/Лехай их сургууль
  • 2015-2016 онд МУИС Улс төр судлалын магистр

Ажлын туршлага

  • 2014 онд Сэтгэл Судлалын Үндэсний Төвд туслах сэтгэл судлаач
  • 2015 оноос Шинжлэх Ухааны Академи, философийн хүрээлэнгийн судлаач

ТАНЫ МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ?

Би социологи, нийгмийн сэтгэл зүйч мэргэжилтэй. Одоо шинжлэх ухааны академи, философийн хүрээлэнд нийгэм социологи, нийгмийн сэтгэл зүйн салбарт судлаач хийдэг. Онцлог: нийгмийн сэтгэл зүй нь социологоосоо болоод сэтгэл зүйгээсээ аль алинаас нь ялгаатай. Социологийг бодвол илүү жижиг нийгмийн бүлгийг, хүмүүс хоорондын харилцаа, бүлэг хүмүүсийн сэтгэл зүйг судалдаг. Сэтгэл зүй маань илүү хувь хүн, бие хүний сэтгэл зүйг судалдаг, энэ байдлаараа ялгаатай. Одоогийн байдлаар Монголд нийгмийн сэтгэл зүй судалгаа маягаар явж байгаа ч туршилт дээр түшиглэсэн салбар. Илүү судалгаа, байгууллагын сэтгэл зүй дээр түлхүү орж ирж байгаа.

ТАНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Манайх төрийн үйлчилгээний байгууллага. 3-4 жилийн зайтай суурь судалгаанууд хийдэг. Өнгөрсөн хэдэн жил хөдөөгийн амьдралын хэв маяг, сэтгэл зүйн онцлогын талаар судалгаа хийсэн. Энэ жилээс дундаж давхаргын талаар хийх суурь судалгаа эхлэх гээд явж байна. Нийгмийн сэтгэл судлаач гэдэг үүднээс салбартаа илүү мэргэших, суралцах төлөвлөгөөтэй байна.

ТАНЫ ЯГ ОДОО ТӨВЛӨРӨН ХИЙЖ БАЙГАА СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ

Их сургуульдаа улс төр судлалын чиглэлээр магистр хамгаалсан. Үүнтэй холбоотойгоор “Залуучуудын улс төрийн идэвхи оролцоо, сэдэл” гэсэн сэдэвтэй судалгаа хийх, өмнө нь хийгдэж байсан гадаад дотоодын хийсэн судалгаа материалтай танилцаад судалгаа боловсруулсан байгаа, хараахан авч эхлээгүй байна. Гол зорилго нь улс төрд идэвхитэй байгаа залуучууд сэтгэл зүйн, сэдлийнхээ талаасаа яагаад идэвхитэй, яагаад оролцоо ихтэй байдаг вэ? гэдгийг судлах, улмаар цаашаа нийгэмд илүү оролцоотой болгохын тулд ямар арга хэмжээ авбал зохистой юм бэ? гэдгийг судална.

ТА ӨДӨРТ ХЭДЭН ЦАГ АЖИЛЛАДАГ ВЭ?

8 цаг ажиллана, оройн цагаар 2 цаг нэмж суудаг.

АЖИЛДАА ХАМГИЙН ИДЭВХИТЭЙ ХАНДДАГ ЦАГ

Өглөө ажилдаа илүү идэвхитэй ханддаг.

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭ ХЭРХЭН ӨНГӨРӨӨДӨГ ВЭ?

Амралтын өдрийг гэр бүлтэйгээ, хүүхдүүдтэйгээ салхинд гарч өнгөрөөдөг.

ЦАГАА ХЭРХЭН ЗӨВ ЗАРЦУУЛАХ ТАЛААР

Би, цагийн менежмент талдаа сайн хүн биш. Миний бодож явдаг, сайжруулах ёстой дутагдалтай тал гэж боддог. Сэтгэл зүйч хүний байдлаас харвал хүн бүр ялгаатай. Хүн болгоны ажлаа илүү хийх, илүү бүтээмжтэй байх нь хувь хүний онцлогоос шалтгаалаад өөр байдаг. Миний хувьд нарийн төлөвлөгөө гаргаад бүх зүйлээ цохоод байдаггүй, зайлшгүй шаардлагатай зүйлээ л төлөвлөдөг. Тухайн нөхцөл байдалд тааруулаад явдаг даа.

СЭТГЭЛ СУДЛААЧДЫН АМЬДРАЛДАА ХАНДАХ ХАНДЛАГА

Эхнэр маань хүртэл хааяа тоглож хэлдэг: Сэтгэл зүйч болохоор юм бүхнийг ойлгож хүлээж аваад байх юм гээд. Бусдыг илүү сайн ойлгохын тулд нөхцөл байдал, сэтгэл зүйн онцлог зэрэг олон талаас нь харах хандлага сэтгэл зүйч хүний хувьд чухал чанар. Амьдралдаа ч ийм хандлагатай байдаг болов уу, заримдаа ч хэтрүүлчих гээд байдаг тал бий.

ИРЭЭДҮЙД ТАНЫ АЖИЛ АМЬДРАЛД ГАРАХ ТАВАН ӨӨРЧЛӨЛТИЙГ НЭРЛЭВЭЛ

Ажлынхаа хувьд сэтгэл судлал дотроо сонирхсон салбарууд байгаа. Илүү их судалъя энэ чиглэлээр ажиллая гэсэн салбарууд байгаа. Одоохондоо  тэр талаар нарийн судалгаа хийгээгүй, сурч мэдээд байгаа зүйл байхгүй. Ном унших, тэр талаарх зүйлүүдийг интернэтээр хувийн судалгаа маягийн юм хийгээд явж байгаа магадгүй салбар дотроо илүү нарийсаж мэргэших байх.

СЭТГЭЛ СУДЛААЧИЙН ҮҮДНЭЭС БУСДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Сүүлийн үед “emotional intelligence-сэтгэл хөдлөлийн оюун ухаан” гэж их ярьдаг болсон. Ялангуяа байгууллагууд, бизнесийн орчинд чухал ач холбогдолтой ойлголт болж байгаа. миний бодлоор бусдын оронд өөрийгөө тавих чадавх /эмпати/ нийгэм, хүмүүст их хэрэгтэй зүйл шиг санагддаг. Одоогийн нийгэмд маань бухимдал дагуулсан олон асуудлууд байдаг үүний ард олон хүчин зүйл шалтгаанууд бий.  Гэхдээ бусдыг ойлгох чадвар, бусдын оронд өөрийгөө тавьж чадах чадвартай байх юм бол хувь хүний зүгээс сөргөлдөөн уур бухамдал багасч, эерэг нийгэм бий болох чухал нөлөөтэй болов уу гэж бодож байна.

БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ

Миний хийж байгаа бүх зүйл бусдад үр өгөөжтэй, бусдад хэрэгтэй зүйл байхыг илүүд үздэг. Ямарваа нэг ажил хийхэд надад ирэх ашгаас илүүтэй бусдад хэр үр нөлөөтэй зүйл вэ? гэдгийг илүү боддог.

ӨӨРТӨӨ АМЬДРАЛДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙХАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛ

Сэтгэл хангалуун байхад нөлөөлөх олон хүчин зүйл бий, бидний хувьд байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх нь чухал. Хүний амьдралын хамгийн чухал зүйл гэр бүл, хүний хоорондын харилцаа  байдаг. Тэр нь хүний сэтгэл хангалуун байдалд чухал нөлөө үзүүлдэг. Гэр бүл, найз нөхөд, хамт олон байгаа бүхэндээ сэтгэл хангалуун бай. Байгаа бүхнээ өөртөө сануулж хамгийн чухал зүйл энэ шүү гэдгийг өөртөө хэлж байвал сэтгэл хангалуун байдаг юм болов уу.

ТАНЫ ХУВЬД АМЬДРАЛДАА АВДАГ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ

Гэр бүл, үр хүүхэдтэйгээ цагийг өнгөрөөгөөд хүүхдүүд маань өсч, хүн болж байгаа үйл явцыг харах л хамгийн сайхан байна.

ХИЙЖ ҮЗЭХИЙГ ХҮСДЭГ ЗҮЙЛ

Монголд олон улсын стандартаар, нийгмийн сэтгэл зүйн туршилтууд хийж үзэх. Өөрөө туршилтаа боловсруулаад онолынх нь үүднээс өөрөө гардаж хийгээд үр дүнгээ гаргаад барьж үзэхийг хүсдэг. Мөн ном орчуулах цаашлаад бичиж үзэхийг хүсдэг.

ТАНЫ ХАМГИЙН САЙН ЧАДДАГ ЗҮЙЛ

Мэргэжлийн онцлогын хувьд хүнд зөвлөхдөө сайн гэж өөрийгөө дүгнэдэг. Судлаач хүний хувьд  анализ хийх тал дээрээ сайн гэж боддог. Тийм ч болохоор үүн дээрээ түшиглээд зөвлөмж сайн хэлдэг байх.

БУСДАД БАЙНГА ХЭЛДЭГ ҮГ

Бусдад байнга хэлдэг гэхээсээ илүү байнга хэлэхийг хүсдэг үг: “Аливаа зүйлийг хийхдээ өөрийн зүгээс чадах бүхнээ хий тэгээд гарсан үр дүнд нь сэтгэл хангалуун байгаарай. Заавал бусадтай харьцуулах гээд байх хэрэггүй.”

ОДОО УНШИЖ БАЙГАА НОМ

Malcolm Gladwell-Tipping point гээд ном уншиж байна. Хэвлэгдээд 10-аад жил болж байгаа энэ номыг урд нь уншдаг байж дээ гэж бодсон. Энэ номын зохиогч нь сэтгүүлч мэргэжилтэй хүн, нийгмийн сэтгэл зүйч хүний нүдээр харж их сонирхолтойгоор бичиж олон жишээ оруулсан байсан.  Уран зохиолын ном унших дуртай. Сүүлийн үед мэргэжлийн ном их уншиж байна.

ХҮМҮҮСИЙН ЭЕРЭГ СӨРӨГ ХАНДЛАГЫН ТУХАЙД

Бие хүний сэтгэл зүйн онцлог гэж бий. Илүү эерэг хандлагатай хүмүүс гэж байна. Сэтгэл зүйн төрөлхийн онцлог дээр нэмэгдээд тухайн хүний өссөн орчин, гэр бүл, сургууль гээд орчны нөлөө хүний төлөвшил, зан үйл, сэтгэл зүйн онцлогыг бий болгодог. Тухайн хүний хэн болоход, ямар хүн болоход үргэлж нөлөөлж байдаг. Одоо хүмүүсийг харахад сөрөг хандлага нь их болсон гэж хэлж чадахгүй нь. Нэг эерэг хандлагатай хүн байхад нэг сөрөг хандлагатай хүн байдаг. Аль алиныг нь хослуулдаг хүн ч байгаа. Яг одоогийн нийгэмд олон асуудал байгаа учраас гаднаас ирж байгаа нөхцөл байдал нөлөөлж, сөрөг байгаа нь хүмүүс илүү сөрөг хандлагатай болж байгаа мэт харагдаж байж магад. Цахим сүлжээгээр явж байгаа зүйлүүдэд их шүүмжлэлтэй ханддагаас эхэлнэ. Залуучууд магадгүй боловсролын систем, чанараасаа болоод аливаа зүйлийг ухаж бодохоо больсон байх. Нэг зүйл хараад л туйлширдаг юм шиг харагддаг. Сөрөг мэдээллийг хараад сөрөг хандлага л үүснэ, илүү их ухаж ойлгоод ямархуу нөхцөл байдал юунаас болоод, яагаад үүсэв гэж бодох юм бол эерэг хандлага гарч ирнэ. Хүн буруу үйлдэл хийгээд яагаад буруу үйлдэл хийснээ тайлбарлахдаа тухайн үеийнхээ нөхцөл байдал буюу гадаад хүчин зүйлийг илүү тодотгодог хэрнээ өөр хүн яг адилхан буруу зүйл хийхийг хараад шууд л шүүмжилж, угаасаа муу хүн эсвэл тэнэг хүн байна гэж дүгнэдэг. Тэр хүмүүст ямар гадны нөхцөл байдал нөлөөлж байгаа гэдгийг харах юм бол шүүмжлэхээсээ илүү ойлгодог болно байх.

СЭТГЭЛ СУДЛААЧ ХҮН НИЙГЭМД ЯМАР БАЙР СУУРЬТАЙ БАЙНА ВЭ?

Манай улсын хувьд сэтгэл судлалын салбар эрчимтэй хөгжиж байгаа харьцангуй залуу салбар гэж боддог. Залуу гэдэг нь илүү нийтийг хамарсан хүрээнд үйл ажиллагаа явуулаад удаагүй байгаа гэсэн үүднээс хэлж байгаа юм.  Сүүлийн хэдэн жил сэтгэл судлалын төвүүд, байгууллагууд маш олноороо гарч ирж байна. Сэтгэл судлаач нар цахим ертөнцөөр их яригдаж байна. Хувь хүнд зөвлөгөө өгөх тал дээр хэрэглэгчид буюу Монгол хүмүүс ач холбогдлыг бүрэн дүүрэн ойлгож мэдээгүй гэж үздэг. Гэр бүлийн асуудал гарахад сэтгэл зүйчид очно гэдгээс зайлсхийдэг. Энэ тал дээр өөрчлөлт хийхэд Сэтгэл Судлалын Үндэсний Төв нэн тэргүүнд явж байгаа байгууллага гэж би хувьдаа боддог. Хүн, нийгэм байгаа цагт сэтгэл зүй байсаар л байна. Нийгэм илүү хөгжихийн хэрээр хүний сэтгэл зүйн асуудлууд их гарч ирдэг. Түүнийгээ дагаад илүү хөгжинө байх.

УЛСЫН ИРЭЭДҮЙ ТАНЫ НҮДЭЭР

Их шүүмжилдэг л дээ, тэр шүүмж илүү сайн сайхны төлөө яваасай гэснийх байх. Улсынхаа ирээдүйг их гэгээлгээр харж байгаа. Хүмүүс их хөгжиж байна, боловсролын систем хангалттай биш ч гэсэн ахицтай явж байна. Дэлхийн хэмжээний сургуулиудад  залуус олноороо суралцаж, үлгэр дууриал авах залуус олон болж байна. Түүнийхээ хэрээр хувь хүний, нийгмийн хөгжил их сайхан болох болов уу гэж харж байна.

Ярилцсанд баярлалаа танд сайн сайхныг хүсье.

Ярилцсан сэтгүүлч: С.СОЛОНГО