СЭТГЭЛ СУДЛААЧ ЛХАМЫН ТӨРБУРАМ

Шинэ долоо хоногийн дугаарт маань Монголын Сэтгэл Судлалын Хөгжлийн Төвийн сэтгэл зүйч Лхамын Төрбурам уригдан оролцож байна.

Боловсрол

  • 2009-2013 онд МУИС-сэтгэл судлаач, бакалавр
  • 2015-2016 онд МУБИС, сэтгэл судлаач-магистр
  • 2016 оноос МУИС-сэтгэл судлалын докторант

Ажлын туршлага

  • 2013 оноос Монголын Сэтгэл Судлалын Хөгжлийн Төвд сэтгэл зүйч
  • 2014-2015 Энх-Орчлон Дээд сургууль, сэтгэл судлалын багш

ТАНЫ МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ?

Мэргэжил маань хайшаа ч хувирч чаддаг онцлогтой. Эмнэлгийн салбарт ч, хуулийн салбарт ч байдаг цаашлаад сансарын сэтгэл судлалын салбарт ч бий. Энэ л онцлог нь юм болов уу.

ТАНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Төлөвлөсөн зүйл их бий. Мэргэжлээ дээшлүүлж суралцахаас  эхлээд, ирээдүйд энэ мэргэжлийг Монголд хөгжүүлэх тал дээр ямар хувь нэмэр оруулж болох вэ? гэдгээс эхлээд олон ажлууд төлөвлөж байна.

ТАНЫ ЯГ ОДОО ТӨВЛӨРӨН ХИЙЖ БАЙГАА СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ

“Соёл хоорондын сэтгэл судлал” гээд докторын сэдэв дээрээ төвлөрч ажиллаж байна. Монгол хүний сэтгэл зүйн онцлог нь юу вэ? бусад улс үндэстнүүдээс юугаараа ялгаатай, давуу тал, гэх мэтчилэн онцлогын тал дээр судалгаа хийж байгаа.

ТА ӨДӨРТ ХЭДЭН ЦАГ АЖИЛЛАДАГ ВЭ?

Янз бүр, 24 цаг ажиллах үе ч байдаг.

АЖИЛДАА ХАМГИЙН ИДЭВХИТЭЙ ХАНДДАГ ЦАГ

Ихэнхдээ 21 цагаас хойш идэвхитэй болчихдог. Заримдаа өглөө, янз бүр л байдаг даа.

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭ ХЭРХЭН ӨНГӨРӨӨДӨГ ВЭ?

Аль болох гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөхийг хичээдэг.

ЦАГАА ХЭРХЭН ЗӨВ ЗАРЦУУЛАХ ТАЛААР

Хүн бүрийн онцлог өөр, янз бүрээр л зарцуулдаг байх. Миний бодлоор сайн төлөвлөж, төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Түүнийхээ дагуу нарийн ажиллана гэдэг их чадвар шаардана.

СЭТГЭЛ СУДЛААЧДЫН АМЬДРАЛДАА ХАНДАХ ХАНДЛАГА

Бусадтай л адил хүн болохоор алдана, ононо. Хүмүүс сэтгэл судлаачдын амьдралыг шулуун шугамаар явдаг гэж ойлгодог ч, адилхан л амьдарч байна.

ИРЭЭДҮЙД ТАНЫ АЖИЛ АМЬДРАЛД ГАРАХ ТАВАН ӨӨРЧЛӨЛТИЙГ НЭРЛЭВЭЛ

Төлөвлөгөөний дагуу ажлууд маань бүтээд ирэхээр сайхан өөрчлөлтүүд гарч эхэлнэ байх. Сайн сайхан зүйлийг л бодож байна.

СЭТГЭЛ СУДЛААЧИЙН ҮҮДНЭЭС БУСДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Зөвлөгөө гэвэл их л зүйл байна байх. Монголчуудаа харж байхад, хамгийн том дутагдаж байгаа нэг зүйл бол: хамтдаа зохицож амьдрах. Миний хийж байгаа үйлдэл бусдад яаж нөлөөлөх вэ? буцаад надад яаж нөлөөлөх вэ? гэдгийг сайн бодож үзэх хэрэгтэй. Жишээ нь: Гарцаараа зам гарахгүй байна гэдэг бол нийгэмд дасан зохицож чадахгүй байгаагийн нэг хэлбэр. Бусдад ч, өөрт ч гай болоод байна. Хамгийн эхэнд тэр талыг л харах ёстой юм болов уу гэж боддог.

БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ

Нэг хийсэн зүйлээ тууштай хийх, зорилгодоо үнэнч байх. Манай мэргэжлийнхэнд энэ тал дээр асуудал их байгаа. Мэргэжлээрээ сурчихдаг, төгсчихдөг, чадахгүй юм байна гээд гараад явчихдаг. Цаг хугацаагаа алдаад өнгөрдөг. Нэг зүйлдээ тууштай байвал илүү амжилтанд хүрнэ гэж боддог.

ӨӨРТӨӨ АМЬДРАЛДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙХАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛ

Дээрх асуулттай л холбоно. Нэг зүйлдээ тууштай байж л аз жаргалыг мэдэрнэ. Нэгээс нөгөөрүү хөрвөөд байх юм бол аз жаргал амархан ирэхгүй. Аз жаргал гэдэг чинь хөдөлмөрлөж байж олж авдаг зүйл.

ТАНЫ ХУВЬД АМЬДРАЛДАА АВДАГ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ

Миний бодлоор хийж бүтээж байгаа бүхэн амжилттай болоход хамгийн сайхан мэдрэмжийг авдаг. Сонирхол хобби ч багтана, тэд үгүй бол бид амьдралын сайн сайхныг мэдрэхгүй. “Би сэтгэл судлаач хүн” гээд хайрцганд орчихоод байх юм бол амьдрал гэдэг зүйлийг өөр талаас нь харахгүй болж магадгүй. Тийм болохоор олон төрлийн сонирхолтой байх юм бол илүү сайхан байх юм болов уу гэж боддог.

ХИЙЖ ҮЗЭХИЙГ ХҮСДЭГ ЗҮЙЛ

Аялах, ажлынхаа амжилтыг харах, ирээдүйд амжилт гаргах гээд олон зүйл байна.

ТАНЫ ХАМГИЙН САЙН ЧАДДАГ ЗҮЙЛ

Мэргэжилдээ сайн гэж боддог. Сонирхож байгаа зүйл их бий, тэднийг мэргэжлийн түвшинд хийж чадахгүй болов уу. Хүмүүст янз бүрийн л хийж чаддаг зүйл байгаа байх. Мэргэжлийнхээ үүднээс яривал бүгдийг нь чадахгүй, өөрийнхөө чаддагаа сайн хийж байгаа гэж боддог. Миний мэдэхгүй зүйл мэргэжилд маань их байгаа.

БУСДАД БАЙНГА ХЭЛДЭГ ҮГ

Зорилгынхоо төлөө тэмцээрэй, тууштай байгаарай гэж хэлмээр санагддаг. Өөрөө чадна гэж итгэсэн л бол түүнийхээ төлөө л яваарай.

ОДОО УНШИЖ БАЙГАА НОМ

Мэргэжлийн ном л их харж байна. Уран зохиолын номыг бид эхнээс нь дуустал нэг ч үг үсэг үлдээлгүй уншдаг. Шинжлэх ухааны судалгаа шинжилгээний ном уншина гэдэг бол арай өөр, тэр номон дотроос өөртөө хэрэгтэй, чухал гэсэн сэдвүүдийг л уншихаас биш эхнээс нь дуустал нэг номыг уншина гэдэг бол өрөөсгөл юм. Мэргэжлийн хувьд олон төрлийн ном л харах хэрэгтэй болно.

ХҮМҮҮСИЙН ЭЕРЭГ СӨРӨГ ХАНДЛАГЫН ТУХАЙД

Маш олон зүйл нөлөөлж байгаа, зарим хүмүүсийг харахад нийгмийн эсрэг байгаа хүмүүс шиг харагдаад байдаг. Бусдыг боддоггүй, амиа хичээсэн хүмүүсийг ямар учраас гэдгийг сайн судлах хэрэгтэй байгаа. Миний бодлоор хот хөдөөгийн ялгаа гарчихсан. Хөдөөгийн амьдрал, хотод ирээд зохицохдоо өөр болчихдог. Түүнээс  үүдэлтэйгээр зарим хүмүүсийн сөрөг хандлагууд их болоод байх шиг.

Тухайлбал: хөдөө амьдрахад эерэг юм шиг санагдаж байсан ч хотод ирэхээрээ өөр болоод байдаг. Гудамжинд шүлсээ хаяхгүй байхаас эхэлнэ, хөдөө бол энэ нь асуудал биш боловч хотод ирэхэд сөрөг зан болчихдог гэх мэтчилэн соёлын ялгаа Монголд их үүсээд байна. Хотжилтын соёл гэдэг гадныхны олон зуун жил үүсгэснийг бид нэвтрүүлээд  авч ашиглах гээд байдаг. Нөгөө талдаа нүүдэлчдийн соёл гээд тусдаа байгаа. Түүнээс үүссэн зөрчил нөлөөлж байж магад. Мөн боловсролын систем, хүүхдээ хүмүүжүүлж байгаа арга барил нэг талаараа алдагдсан юм байна. 10 жилийн сургуульд хүн хотод, хөдөө яаж амьдрах, өөрийгөө бусдын дунд яаж авч явах вэ? гэдэг зүйлийг заахаасаа илүү мэдлэг олгох гээд байдаг. Энэ байдал нь нөлөөлөөд  хэрхэн амьдрахаа мэдэхгүй хүмүүс олширч, өөрийгөө авч явж чадахгүй сөрөг байдлууд их гарч ирж байж магадгүй гэж хардаг.

СЭТГЭЛ СУДЛААЧ ХҮН НИЙГЭМД ЯМАР БАЙР СУУРЬТАЙ БАЙНА ВЭ?

Монголчууд маань сэтгэл судлаач гэдэг хүнийг яг хэн бэ? гэдгийг бүрэн гүйцэт таньж мэдээгүй байна. Энэ хүний ажил, үүрэг, гүйцэтгэл нь хаана очиж тодорхойлогдох нь мэдэгдэхгүй байгаа. Энэ хүн хэзээ надад хэрэгтэй вэ? гэдэг нь мэдэгдэхгүй талууд их ажиглагддаг. Би хэзээ сэтгэл судлаач гэдэг хүнд хандах ёстой юм бэ? сэтгэл зүйч гэдэг хүнээс ямар үед очиж зөвлөгөө авах ёстой юм бэ? гэдгээ сайн ойлгохгүй байх шиг. “Чи сэтгэл судлаач юм чинь” гээд л бүх амьдралаа, тохиолдсон хэцүү зүйлээ л энэ хүнд ярих юм байна гэж ойлгодог, гэтэл энэ нь зөвхөн нэг хэсэг нь. Сэтгэл судлаач гэдэг хүн ганцхан зөвлөгөө өгнө гэдгээс илүүтэй олон хүрээнд ажиллаж, үр ашиг нь тодорхойлогдох боломжтой. Энэ бүгдийг нь сайн таньж ойлгоогүй болохоор сэтгэл судлаач гэдэг хүний үнэ цэнэ Монголд төдийлөн мэдэгдэхгүй байна гэж хардаг. Хүмүүс хэзээ яах ёстойгоо ойлгоод, байгууллагтаа байгаа сэтгэл судлаачид хэзээ хандах ёстой, би түүнээс юу хүсэх ёстой юм, юуг хүсэхгүй байх ёстой юм. Байгууллагын сэтгэл судлаачид амьдралаа яриад байх юмуу? байгууллагын талаарх асуудлаа ярих юмуу гэдэг нь тодорхойгүй байгаад байна. Ойлгомжгүй байгаа болохоор сэтгэл судлаач гэдэг хүний байр суурь төдийлөн сайн гарч ирэхгүй байна гэж боддог.

УЛСЫН ИРЭЭДҮЙ ТАНЫ НҮДЭЭР

Хүн бүр дор бүрнээ л хичээх хэрэгтэй,нэг улс ,нэг гэр бүл болоод явж байгаа болохоор бие биенээсээ илүү гарах, ашиглах зэрэг хандлагаар хандаад байх нь ирээдүйн хөгжилд саад болоод байна. Ганцхан миний эрх ашиг биш бусдын эрх ашиг гэдэг дээр л төвлөрөх юм бол илүү сайхан болох болов уу гэж боддог.

Ярилцсанд баярлалаа танд сайн сайхныг хүсье.

Ярилцсан сэтгүүлч: С.СОЛОНГО