“СЭТГЭЛ СУДЛААЧТАЙ ЯРИЛЦЬЯ” – СЭТГЭЛ СУДЛАЛЫН БАГШ Б.ЭНХБАЯР

Энэ удаагийн маань дугаарт Отгонтэнгэр их сургуулийн сэтгэл судлалын багш Батсайханы Энхбаяр уригдан оролцож байна.

2007-2011 онд Монгол улсын багшийн их сургуулийг сэтгэл зүйч мэргэжлээр төгссөн.

2014 онд магистр хамгаалсан. Одоо үргэлжлүүлэн докторантад сурч байгаа.

ТАНЫ МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ?

Энэ мэргэжилдээ сонирхолтой, энэ мэргэжлээрээ цаашдаа тууштай явна гэж боддог. Монголын нийгэмд, энэ нөхцөл байдалд илүү их түгээж, олон нийтэд таниулж, энэ салбараа хэрэглээ байлгах талаас нь хичээж ажилладаг хүний нэг гэдгээр тайлбарлахад ямар нэг ашиг орлого олох талаас биш, амбицийн төлөөх биш нийгэмд илүү сайн сайхныг хүсдэг, хувь хүнд, гэр бүлд, байгууллагад хэрэгтэй мэргэжил учраас энэ мэргэжлээрээ бахархдаг. Энэ нь мэргэжлийн маань давуу тал гэж боддог.

3

ТАНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Миний цаашид төлөвлөж байгаа ажил бол энэ салбараасаа хазайхгүй, өөр салбарлуу орохгүй. Цаашдаа доктор болно, докторантурт суралцаж  байгаа. Докторын зэрэг хамгаалахад хоёр жилийн хугацаа дутуу байгаа. Яг энэ хэрэглээний салбар луу асар их туршлага хуримтлуулах шаардлага үүсч байна. Өнөөдөр нийгэмд олон залуучууд туршлагагүй мөртлөө зөвлөгөө өгөх гэх мэт асуудал гарахаар түүнд итгэх нийгмийн идэвх үнэмшил буураад байгаа. Түүнээс л их айдастай байдаг. Итгэл алдарч нэг л унах юм бол буцааж босгоход хэцүү. Тэгэхээр залуучууд өөрсдийгөө сайн бэлдэх ёстой. Мөн адилаар би өөрийгөө сайн бэлдэх ёстой гэж боддог. Энэ сэтгэл судлаач мэргэжлийг нийгэмд үйл ажиллагаагаа явуулахад удирддаг, төв байгууллага нь их сул, энэ байгууллага их чанга байх ёстой. Ийм байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх тал дээр анхаарч тэднийг шахах нь зүйтэй. Сэтгэл зүйчдийн нийгэмлэг ч гэдэг юмуу төвтэй холбож өгөх гол байгууллагууд дан ганц сэтгэл судлал гэж явахад бас хүчгүй. Эдгээр байгууллагуудыг нэгтгэсэн нэг том байгууллагуудын үйл ажиллагааг нь шахаж  өгөх, дуу хоолойгоо өргөх чиглэл рүү их сонирхолтой байгаа.

ТАНЫ ХАМГИЙН САЙН ХИЙЖ ЧАДДАГ ЗҮЙЛ?

Хийж чаддаг зүйл олон бий. Хоол сайн хийж чадна. Хичээлийг бол хангалттай заадаг гэж бодож байгаа, хамгийн сайн нь биш ч өөртөө бол хамгийн сайн нь гэж үздэг. Илтгэх урлагийн тал дээр сайн чадна гэж боддог.

ТАНЫ ЯГ ОДОО ТӨВЛӨРӨН ХИЙЖ БАЙГАА СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ?

Яг одоо EQ гээд сэдвээр докторын зэрэг хамгаалахаар судалгааны ажил хийж байна. Тийм сайн мэдэхгүй ч хүмүүс сонссон байдаг.” Эмоушионал коэффицент” хүний сэтгэлийн хөдөлгөөний оюун ухаан. Өнөөдөр бид  IQ гэдэг их чухал юм байна гээд бодчихсон. Хүүхдүүдийн IQ илүү сайн байвал илүү сайн амьдарна гэж боддог. Дунд сургуулийн багш нар ч гэсэн тэр чиглэлрүү хүүхдийг сургах гэж хичээдэг. Хичээлдээ л сайн байвал амьдрал сайхан болно гэдэгт итгүүлчихсэн сул тал байгаад байдаг. EQ гэдэг бол тухайн хүн өөрөө өөрийгөө, сэтгэл зүйн онцлогоо илүү сайн мэддэг. Өөрийгөө хянан зохицуулж бусадтай зөв харилцаж чаддаг гээд асар олон амжилтанд хүрэх гол гол асуудлууд бол EQ-ийн хүрээнд байдаг учраас EQ гэдэг асуудал маань сонирхол татаж байгаа. Тийм учраас энэ сэдэв дээр анхаарлаа хандуулж ажиллаж байгаа ч гүн гүнзгий судалж амжихгүй л байна. Одоо л эхэлж байна даа.

ТА ӨДӨРТ ХЭДЭН ЦАГ АЖИЛЛАДАГ ВЭ?

Өглөө 08-18 цагийн хооронд ажилладаг.

АЖИЛДАА ХАМГИЙН ИДЭВХИТЭЙ ХАНДДАГ ЦАГ?

Үдээс өмнө маш идэвхтэй ханддаг.

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭ ХЭРХЭН ӨНГӨРӨӨДӨГ ВЭ?

Амралтын өдрүүдийнхээ нэг өдрийг заавал гэр бүлийнхэнтэйгээ хамт өнгөрөөхийг хүсдэг. Дараагийн долоо хоног бие биенээсээ хол байхад харилцах нь багасахад илүү сайхан нөхцөлийг бүрдүүлэх боломж нь болж, хамтдаа кино үзэх ч юмуу хамтдаа аз жаргалтай өнгөрүүлснээр дараагийн долоо хоногийг тэжээдэг гэж ойлгодог учраас заавал нэг бүтэн өдрийг гэр бүлтэйгээ өнгөрүүлэхийг л боддог. Нөгөө өдөр нь өөрийгөө хөгжүүлэхэд цаг гаргадаг.

ЦАГАА ХЭРХЭН ЗӨВ ЗАРЦУУЛАХ ТАЛААР?

Би өөрийгөө цаг зөв зарцуулах тал дээр тийм сайн гэж бодохгүй байна. Өглөө ажлаа төлөвлөөд л яг төлөвлөснөөрөө ажил явдаггүй үеүд олон бий. Гэнэт өөр ажил гарч ирэх, бүтэн ажлын цагийн хагас нь сул өнгөрөх тохиолдлууд ч их байдаг. Ажлын зохион байгуулалт тааруу байж мэднэ. Гэхдээ өнөөдөр хамгийн чухал ажил, хамгийн яаралтай ажил юу вэ? гэдгээ л эхлээд бодно. Париеттогийн дүрэм шиг л явдаг гэсэн үг л дээ. Хамгийн чухал, хамгийн яаралтай, чухал биш дараа нь чухал, хамгийн чухал, яаралтай биш, яаралтай ч биш чухал ч биш ажлыг хойшлуулдаг ийм зарчмаар ажиллахыг хичээдэг.

СЭТГЭЛ СУДЛААЧДЫН АМЬДРАЛДАА ХАНДАХ ХАНДЛАГА?

Хүмүүс ихэвчлэн сэтгэл судлаачдыг бодохдоо амьдралдаа, хүмүүстэй харьцахдаа, гэр бүлдээ аз жаргалтай байдаг гэж авч үздэг. Гэтэл сэтгэл зүйчдийн зүгээс тавьж байгаа “ийм байх, тийм байх” гэдэг ер нь бол тунхаг. Хүн төрөлхтөний, хүн гэдэг амьтан бол адгууслаг шинж чанартай, төрөлхийн зөн тавилан болох оюун ухааныхаа бололцоогоор энэрэнгүй байх ёстой юм байна, бусдыг хайрлах ёстой юм байна, хүлээцтэй тэвчээртэй харилцааны соёлтой байх ёстой юм байна гээд хамгийн гоё сайхан зүйлүүдийг гаргаж ирээд тунхаг болгосон зүйл шүү дээ.

Үүний төлөө байхыг хүмүүс шаарддаг. Хүн өөрөө амьтан учраас зарим талаараа зөрчдөг балансыг тэнцвэржүүлж авч явах гэж тунхагийн шинж чанартай гарч ирсэн зүйлүүдээ сэтгэл судлаач ч гэсэн амьдралдаа илүү их аз жаргалтай байхын тулд яах ёстой вэ? гэдэг гаргалгаа арга зам, шийдэл байж болох хувилбаруудыг санал болгодог түүнийгээ хэн нэгний амьдралд туршиж үзэхийг санал болгодог, өөртөө бас туршиж үздэг. Сэтгэл зүйч гэдэг чинь мэргэжил болохоос биш сэтгэл зүйч гэдэг хүн байхгүй. Хүн гэдэг байгалийнхаа жамаар л явдаг. Аль болох зөв байж болох өөрийгөө ч бас бусдыг ч шахна. Заримдаа бас бухимддаг, хэн нэгэнтэй гэр бүлийнхэнтэйгээ эсвэл найз нөхөдтэйгөө ч юмуу сэтгэл зүйч байж ийм байх гэдэг шаардлага тавих, сэтгэл зүйч учраас бусдаас өөр байх ёстой гэсэн хандлагаар бодоод байдаг. Энэ асуудал дээр нервтдэг тал байдаг. Өөрийгөө бол уурлах үедээ уурлаж байх ёстой гэж боддог, мэдрэмжээ гадагшлуулж  байх ёстой. Баясмаар үедээ баясах, өөрт мэдрэгдэж байгаа бүхнээ гадагшлуулж байж тэнцвэртэй байна, юм бүхэн дээр тэвчих ч юмуу сэтгэл зүйч учраас “ийм байх ёстой” гэж хараад байвал тийм тохиромжтой хувилбар биш байх л гэж харж байна.

ИРЭЭДҮЙД ТАНЫ АЖИЛ АМЬДРАЛД ГАРАХ ТАВАН ӨӨРЧЛӨЛТИЙГ НЭРЛЭВЭЛ?

1-рт Ам бүлээ нэмнэ.

2-рт Докторын зэрэг хамгаалсан байна.

3-рт Мэргэжил дээрээ өснө өнөөдрийн нийгэмд эзлэх байр суурь хоёр дахин илүү томорсон байна гэдэгт итгэлтэй байна.

4-рт Энгийн жишээгээр хэлэхэд өнөөдөр миний FB-н пропайлын зураг 100 лаяктай байлаа гэхэд таван жилийн дараа 5000 лаяктай ч гэдэг юмуу нөлөөлөл ихэснэ гэсэн санаа.

5-рт Уншсан номын тоо ихэссэн байна байх даа.

5

СЭТГЭЛ СУДЛААЧИЙН ҮҮДНЭЭС БУСДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Бүх хүмүүст хамааралтай нэг зөвлөгөө хэлье. Бидний амьдралд сэтгэл зүйчид хандах ямар нэгэн зөрчлүүдтэй, өөрөө дотроо зөрчилддөг, хамт амьдарч харилцаж байгаа хүнээсээ болж зөрчилд ордог. Ийм байдлаасаа сэтгэл тавгүйрхэж, шийдвэр гаргаж чадахаа больдог. Аливаа зүйлийг зөв тусгаж авч чадахаа больдог гэсэн үг тийм учраас та аль болох орчныхоо юмс үзэгдэл хүмүүсийг зөв тусгаж авч чадвал эргээд тэдэнд үзүүлэх хариу үйлдэл оновчтой байгаад түүний хажуугаар тэр хүний үйлдэл ч бас оновчтой байгаад та хоёр илүү сайн ойлголцож чадна гэдэг зарчим байгаа. Харилцаанд зөрчил гэх зүйл заавал байдаг. Та үүнийг хүлээн зөвшөөр. Харилцаа байгаа тохиолдолд зөрчил байдаг гэдэг зүйл шууд хууль байдгийг ойлго гэсэн үг.

Харилцааны ямар нэгэн зөрчил үүсэхээр байж боломгүй зүйл үүссэн юм шиг түүнээс ээ гарах хариу үйлдэл нь сөрөг байгаад байдаг. Тэгэхээр харилцаанд үүсч байгаа зөрчил байдаг л зүйл юм байна гэдгийг хүлээж авах хэрэгтэй өнөөдөр хамгийн сайн харилцааны ур чадвартай хүн гэж хэнийг хэлэх вэ? гэхээр огт харилцааны зөрчил үүсгэдэггүй, байнгын аз жаргалтай, инээд хөөрөөр дүүрсэн гэр бүл, албан байгууллага,найз нөхөд гэж хэлэхээсээ илүүтэйгээр тэр гэр бүл, хамт олон, найз нөхөд дотор үүсч байгаа зөрчлийг хамгийн сайн шийдвэрлэж чаддаг хүнийг харилцааны ур чадвар сайтай хүн гэж ойлгоод зөрчлүүдийг зөв шийдвэрлэх тал дээр л анхаараарай гэсэн үг.

Хоёр залуу гудамжинд явж байгаад мөрлөлцөхөд мөрлөлцсөн нь тэр хоёрын зодолдсоны шалтгаан биш байдаг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Мөрлөлцлөө гэхэд нэг нь уучлалт гуйхын оронд урдахаа харж яваач гэж ширүүн үг хэлснээс болж нөгөө хүн нь бас ширүүн үг хэлдэг, нэг нь хуц гэхэд нөгөө нь солиор гэдэг. Солиор гэж хэлсэн шалтгаан бол хуц гэж хэлсэн учраас тэгээд цохиод авна. Цохиж авсан шалтгаан бол солиор гэж хэлсэн учраас нөгөө хүн нь зөрүүлээд цохино. Яагаад гэхээр цохисон учраас. Анх мөрлөлцөөд түүнээс хойш харилцааны зөрчлийг шийдвэрлэж болох олон хувилбарууд байдаг. Харилцаан дээр зөрчил үүсээд түүний үр дагаврууд нь эцсийн үр дүнд хүргэдэг гэдгийг л сайн бодох ёстой гэж хэлмээр байна.

ТАНЫ БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ?

Хүнд муу зүйл хийхийг огт хүсдэггүй. Хичнээн миний дургүйг хүргэсэн хүн байлаа ч хэзээ ч би муу зүйл хийхийг хүсдэггүй нь миний зарчим. Ямагт сайн сайхны төлөө, гэгээлэг зүйлийн төлөө явах ёстой. Хүн үргэлж хөгжиж байх ёстой гэсэн гурван зүрчмыг баримталдаг.

АМЬДРАЛДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙХАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛ

Сонголт. Бид амьдралын бүх зүйл дээр сонголт хийж амьдарч байна. Маслоугийн хүмүүнлэгийн онолоор” хүн сонголтынхоо үр дүнг л хүртэж амьдардаг тийм учраас бүх зүйл чамаас л шалтгаална” гэдэг зарчим, бид нар өнөөдөр ямар ажил хийж байна бидний сонголт байсан энэ бол хувь тавилан биш, ямар мэргэжил эзэмшсэн энэ бас л сонголт, ээж аав бол сонголт биш бусад нь бүгдээрээ сонголт байдаг. Хань ижлээ зөв сонгох энэ насан туршийнхаа амьдралын гуравны хоёрыг хамт өнгөрүүлэх хүнээ сонгоно гэсэн үг. Амьдралынхаа гуравны хоёрт юу хийж амьдрах вэ?гэдгээ сонгож байна. Бүхий л зүйл сонголт, дэлгүүрт ороод талх авахад аль талхыг худалдаж авах вэ? гэдэг нь таны сонголт, хортой юу? хоргүй юу? хугацаа нь дууссан уу? үгүй юу? бидний сонголт хийх ур чадвар маш сайн байх ёстой. Сонголт бол амьдралдаа сэтгэл хангалуун байхад асар их нөлөөтэй зүйл. Ээж аавдаа сэтгэл хангалуун байх, сэтгэл хангалуун бус байх гэсэн ойлголт огт байж болохгүй ямар ч тохиолдолд сэтгэл хангалуун байх ёстой.

Сонголтондоо сэтгэл хангалуун бай. Хэдий сэтгэл хангалуун байсан ч амьдрал үргэлжлэх хугацаанд сэтгэл ханамж нь буурдаг тохиолдол байдаг ч гэсэн тухайн сонголтоо хүндэтгээд үнэнч бай гэсэн санаа. Тууштай үнэнч байж чадвал шантрах үедээ үргэлжлүүлээд хийх үедээ хожим нь түүндээ сэтгэл ханамжтай байна гэдэгт өөрийгөө итгүүлэх ёстой. Үнэнч байна гэдэг бол бас нэг сэтгэл ханамж замын дундаас буцахад л сэтгэл ханамжгүй болоод бйана гэсэн үг. Сонголтондоо л үнэнч байх хэрэгтэй.

ТАНЫ ХУВЬД АМЬДРАЛДАА АВДАГ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ?

Хэн нэгэнд хайрлагдах мэдрэмж, хэн нэгэн надад санаа тавих заавал ээж,  эхнэр, үр хүүхэд биш хэн ч байж болно. Чи ядарч байна уу гээд хэн нэгэн асуух энэ бол амьдралын их гоё мэдрэмжүүдийн нэг. Өөрийнхөө хүссэндээ хүрэх мэдрэмж хамгийн сайхан. Ямар нэгэн зүйлд ялагдаж яваад ялах мэдрэмж. Анхнаасаа тэргүүлж ялж явсан бол тийм сайхан мэдрэмж биш байж болно. Ялагдаж яваад ялна гэдэг бол их сайхан мэдрэмж .

ХИЙЖ ҮЗЭХИЙГ ХҮСДЭГ ЗҮЙЛ?

Хэрвээ би ямар нэг зүйлийг хийж үзэхийг хүсдэг байсан бол түүнийхээ төлөө л явах байсан.

БУСДАД БАЙНГА ХЭЛДЭГ ҮГ?

Баярлалаа гэдэг үгийг л байнга хэлдэг байх.

ОДОО УНШИЖ БАЙГАА НОМ?

EQ гээд орос номыг хүнтэй хамтарч орчуулга хийж байгаа. Мөн психология гээд Монсудараас орчуулсан сэтгэл судлалын номыг өөр номуудтай харьцуулан харж байна. Галандив багшийн “Хүн байхын ухаан” гээд номыг бас уншиж байна.

ХҮМҮҮСИЙН ЭЕРЭГ СӨРӨГ ХАНДЛАГЫН ТУХАЙД?

Өөрт нь тааламжтай байвал эерэг хандлагатай. Өөрт нь тааламжгүй, хүмүүст сайхан байвал тийм ч сайхан мэдрэмж төрдөггүй. Хэн нэгний өмнөөс чин сэтгэлээсээ баярлана гэдэг зүйл байхгүй байгаад байна уу даа гэж хардаг. Өөрийнх нь ажил амьдралд сайн сайхан зүйл болж байвал эерэг хандлагатай. Таагүй зүйл тохиолдож байвал сөрөг мэдрэмжтэй л гэсэн үг. Нийтлэг утгаараа бол хэнд ч бай ямар нэгэн сөрөг мэдрэмж үүсэх нөхцөл бол бусдад ч бай өөрт нь ч бай онцгүй, таалагдахгүй асуудал үүсэхийг л хэлээд байгаа юм. Хэнд ч бай өрсөлдөгчид ч юмуу таагүй үйл явдал тохиолдвол хүнд бас таагүй мэдрэмж төрдөг байх гэж боддог. Энэ мэдрэмжүүдээс л эерэг сөрөг хандлагууд үүснэ.

СЭТГЭЛ СУДЛААЧ ХҮН НИЙГЭМД ЯМАР БАЙР СУУРЬТАЙ БАЙНА ВЭ?

Анх намайг оюутан болж энэ мэргэжлийг сонгоход олон хүн миний ирээдүйг бүрхэг болчихлоо гэж бодож байсан. Хүмүүс бараг мэддэггүй. Мэргэжилтэй сэхээтэн хүн ч бас тэгэж л харж байсан. Өнөөдөр энгийн хар бор ажил хийж яваа залуу “үнэхээр хэрэгтэй мэргэжил ш дээ” гэж хэлэхэд их баярладаг. 10-д жилийн доторх ялгаа бол ингэж л гарсан байна. Нийгэмд эзлэх байр суурийн тухайд барууны орнууд ч юмуу өөр улсуудтай харьцуулахад мундаг биш ч гэсэн нэр хүнд нь сайжирч харьцангуй өсч хөгжиж байгаа гэж боддог. Дахиад 10 жилийн дараа бол бүр сайн болсон байна. Энэ бол таван жилийн дотор хөгжиж байгаа барилгын, уул уурхайн салбар шиг хөгжих бололцоогүй салбар л даа. Хүмүүсийн хандлага, нийгэм салшгүй холбоотойгоор хөгжиж шинэчлэгдэх учраас богино хугацаанд өөрчлөгдөх боломж бага. Харин ч хангалттай хөгжиж байгаа гэж боддог. Гол нь сэтгэл зүйч нар, бэлтгэгдэж байгаа хүмүүс маань өнөөдөр бакалавр төгсчихөөд сэтгэл зүйч болчихлоо гэж хэзээ ч андуурч болохгүй л гэж бодоод байгаа. Өөрийгөө л илүү сайн хөгжүүлэх шаардлагатай. Сэтгэл зүйч гэж нэрлэж болохгүй гэсэн үг. Үргэлж хөгжиж байх ёстой.

УЛСЫН ИРЭЭДҮЙ ТАНЫ НҮДЭЭР

Жилийн өмнө бол өөрчлөгдөх байх гэж бодож байсан ч нөхцөл байдал цаашаа таван жил үргэлжлэх байдалтай байна. Ирээдүй гээд харах юм бол эх орноо сайхан болгох хүсэл эрмэлзэлтэй залуучууд асар их байгаа. Монголын нийгэмд бол ямар ч тохиолдолд эх орончид байсаар ирсэн. Эх орончид цаг үе мөчлөг бүр дээр аварч, хөгжүүлж ирсэн гэдэгт итгэдэг. Би ч бас тэдний нэг байхыг хүсдэг. Улс орноо хөгжүүлэх нэгэн салбарт нь л ажиллаж байна. Монгол улсын маань ирээдүй хамгийн гэгээлэг байна байх. Хоёр удаа дэлхийд томоохон байр суурь эзэлж байсан улс гуравдахь удаагаа эзлэх цаг хугацаа ойрхон байгаа гэж боддог.

Ярилцсанд баярлалаа. Таны ирээдүйн бүх зүйлд маш их амжилтыг хүсье.

Ярилцсан сэтгүүлч: С.СОЛОНГО
Гэрэл зургийг:  Г.УЛСБОЛД