СЭТГЭЛ СУДЛААЧ БАДРАХЫН АЛТАНЦЭЦЭГ

Энэ удаагийн дугаарт маань Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн зөвлөгөөний албаны дарга, сэтгэл судлаач Бадрахын Алтанцэцэг уригдан оролцлоо.

Боловсрол

  • 2010-2014 онд Монгол Улсын Их Сургууль-сэтгэл судлаач
  • 2014-2016 онд Тайваны Дон Хуа их сургууль-сэтгэл судлаач-магистр

Ажлын туршлага

  • 2017 оноос Сэтгэл Судлалын Үндэсний Төв-Зөвлөгөөний албаны дарга

6

ТАНЫ МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ?

Мэргэжлийнхээ онцлогтой өдөр бүр танилцсаар л байна. Би мэргэжлээ илүү хүмүүнлэг ажил талаас нь харах дуртай. Үнэхээр бусдын төлөө зовнидог, бусдын асуудлыг тэвчээртэй сонсож, боловсруулж чаддаг хүн л практик дээр энэ мэргэжлээр тууштай ажиллаж чадна гэж боддог.

ТАНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Сэтгэл судлаачийн ажлаа үргэлжлүүлэхээс гадна нийгмийн эрүүл мэндийн салбарлуу хандахыг хүсч байна. Энэ чиглэлээр зэрэг хамгаалахаар төлөвлөж байгаа.

ТАНЫ ЯГ ОДОО ТӨВЛӨРӨН ХИЙЖ БАЙГАА СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ

Одоогоор өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудал дээр илүү төвлөрөн ажиллаж байна. Нэгэнт асуудал байна гэдгийг бүгд мэдэж байгаа учраас хэрхэн яаж шийдвэрлэж болох вэ? гэдэгт илүү анхаарлаа хандуулж байгаа. Насанд хүрэгчдийн толгойны өвчин болоод байгаа өсвөр насныхны интернет хэрэглээний асуудлыг эргээд тэдэнд туслах давуу тал болгож ашиглаж болно гэж манай багийнхан үзээд шинэ төсөл эхлүүлээд ажиллаж байна.

ТА ӨДӨРТ ХЭДЭН ЦАГ АЖИЛЛАДАГ ВЭ?

8 цаг ажилладаг. Ажлын цагаар ажиллаад бусад цагийг өөртөө, гэр бүлдээ зарцуулахыг хичээдэг. Ажлаас гадна хийж үзэх, сонирхох, турших зүйл их байна.

АЖИЛДАА ХАМГИЙН ИДЭВХИТЭЙ ХАНДДАГ ЦАГ

Ер нь их ачаалалтай, их стрессдсэн үед илүү идэвхтэй, бүтээмжтэй болчихдог юм шиг санагддаг. Миний нэг онцлог нь энэ ажлыг ийм хугацаанд дуусгах ёстой гэж төлөвлөсөн бол яаж ч байсан дуусгадаг, тэгж байж санаа амардаг. Тийм болохоор завгүй, ачаалал ихтэй байх тусам сайхан санагддаг.

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭ ХЭРХЭН ӨНГӨРӨӨДӨГ ВЭ?

Янз бүр. Заримдаа төсөл дээрээ суух хэрэгтэй үе байна, юу ч хиймээргүй зүгээр зурагт үзээд хэвтмээр үе байна, заримдаа гадуур зугаалмаар санагдана гээд л.

ЦАГАА ХЭРХЭН ЗӨВ ЗАРЦУУЛАХ ТАЛААР

Үр бүтээлтэй ажиллахын тулд олон цагаар нэг зүйлээ хийн удаан суух шаардлагагүй гэдгийг оюутан байхдаа их сайн ойлгосон болохоор календарт төлөвлөгөөгөө оруулахдаа байж болох хамгийн бага цагт амжиж хийхээр тавьдаг. Тэр хэрээрээ ч хурдан хийдэг юм шиг санагддаг.

7

СЭТГЭЛ СУДЛААЧДЫН АМЬДРАЛДАА ХАНДАХ ХАНДЛАГА

Илүү эмх цэгцтэй, ажигч гярхай, бас бусдаас илүү амьдралын туршлагатай байж магадгүй. Үйлчлүүлэгч бүрийн асуудлыг сонсоход ямар нас хүйсийн хүмүүст ихэвчлэн ямар асуудлууд тохиолдоод байна, энэ нь юунаас үүдээд байна, яаж хариу үзүүлбэл ямар үр дүн гарч байна гээд өргөн мэдээлэлтэй болдог.

ИРЭЭДҮЙД ТАНЫ АЖИЛ АМЬДРАЛД ГАРАХ ӨӨРЧЛӨЛТИЙГ НЭРЛЭВЭЛ

Мэргэжил карьерын хувьд өөрөө төлөвлөгөөтэй түүнийхээ дагуу ажиллаж чадвал аяндаа өөрчлөлтүүд гарах байх. Харин хэзээ нэгэн цагт ээж болно. Тэр л амьдралын хамгийн том өөрчлөлт болох байхдаа.

БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ

Хүнд төвөг удахгүй байх, бас боломжтой зүйлээрээ бусдад тусалж байх нь миний зарчим юм болов уу гэж одоо бодогдож байна.

ӨӨРТӨӨ АМЬДРАЛДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙХАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛ

Бүх зүйл төлөвлөгөөний дагуу явж байхад хамгийн сайхан байдаг. Гэнэтийн зүйлс тийм ч таатай санагддаггүй. Карьер, гэр бүл, санхүү гээд л бүгдийг нь төлөвлөдөг.

ТАНЫ ХУВЬД АМЬДРАЛДАА АВДАГ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ

Сүүлийн үед дүү нарынхаа хүмүүжил, хөгжилд илүү цаг зарцуулах хэрэгтэй юм байна гэж бодох болсон. Ажил дээр хүүхэд, өсвөр насныхантай их ажиллаж байгаа болоод ч тэр үү тэдэнд хангалттай анхаарал тавих хичнээн чухал болохыг ойлгосон. Дүү нартаа цаг гаргаад, хамт тоглоод, хоол хийж өгөөд, инээж байгааг нь харах хамгийн сайхан байдаг. Тэдний аливааг үзэх үзэл, бодож байгаа хэлбэр нь хүртэл их сонирхолтой. Энэ далимд хэлэхэд Монголчуудын хүүхэд хүмүүжүүлдэг, хүүхэдтэй харилцдаг уламжлалт байдал надад огт таалагддаггүй. Хүүхдийг яг л өөрийнхөө өмч эсвэл албат шиг харилцдаг юм шиг санагддаг. Илүү бие хүн талаас нь харж, хүндэтгэлтэй харицаж байх хэрэгтэй.

ХИЙЖ ҮЗЭХИЙГ ХҮСДЭГ ЗҮЙЛ

Ганцаараа аялаж үзмээр байна.

5

ТАНЫ ХАМГИЙН САЙН ЧАДДАГ ЗҮЙЛ

Хурдан хугацаанд аливаа ажлыг хийж амжууоах юм болов уу.

БУСДАД БАЙНГА ХЭЛДЭГ ҮГ

Чи бусад хүний юу хийх, юу бодохыг хянаж чадахгүй, харин өөрийнхөө үйлдэл бодлыг л хянаж чадна гэж ялангуяа өсвөр насныханд их хэлдэг. Хэрвээ тэд үүнийг ойлгочихвол өөрсдийг нь зовоогоод байгаа элдэв бодлоос салж чадах юм шиг санагддаг.

ОДОО УНШИЖ БАЙГАА НОМ

Мэргэжилтэйгээ холбоотой номнууд унших дуртай. Хамгийн сүүлд Quiet: The Power of Introverts in a World That Can’t Stop Talking буюу экстравертуудын ертөнцөд интровертүүд хэрхэн хэлмэгдэж байгаа талаарх ном уншсан. Энэ номын зохиогч Сусан номоо бичихийн тулд маш өргөн хэмжээний судалгаа хийж хүүхэд яагаад чимээгүй, дотогшоогоо хүн болж төлөвшдөг талаар бүх талаас нь бичсэн байсан. Энэ нь эцсийн дүндээ дээд мэдрэлийн үйл ажиллагаатай холбоотой удамшлын хүчин зүйлийн нөлөөнөөс их шалтгаалдаг учраас чимээгүй хүүхдийг олны өмнө ярихыг шаардах нь бараг нэг төрлийн хүчирхийлэл юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн.

ХҮМҮҮСИЙН ЭЕРЭГ СӨРӨГ ХАНДЛАГЫН ТУХАЙД

Өмнөх туршлагатай нь холбоотой байх. Тухайн зүйлтэй холбоотой сөрөг туршлага ихтэй байвал сөрөг хандлагатай л байна. Өөрөөр хэлбэл сөрөг мэдрэмжтэй байна гэсэн үг.

СЭТГЭЛ СУДЛААЧ ХҮН НИЙГЭМД ЯМАР БАЙР СУУРЬТАЙ БАЙНА ВЭ?

Юун түрүүнд сэтгэл судлаачийн үгийг хүмүүс их сонсож хүлээж авах хандлагатай байдаг. Тиймээс нэг талаасаа нийгэмд өөрсдийн хүргэхийг хүссэн мессежээ хүргэх, нөлөөллийн ажил хийхэд илүү дөхөм байдаг ч нөгөө талаасаа хариуцлага нэмэгддэг.

УЛСЫН ИРЭЭДҮЙ ТАНЫ НҮДЭЭР

Сайн сайхан байна гэдэгт, залуучууд илүү хүмүүнлэг, энэрэнгүй үзэлтэй болж байгаад итгэдэг. Хойч үе нь өмнөх үеэсээ илүү ухаантай чадвартай байдаг нь хууль шүү дээ.

8

Ярилцсанд баярлалаа танд сайн сайхныг хүсье.

Ярилцсан сэтгүүлч: С.СОЛОНГО