СЭТГЭЛ СУДЛААЧ ТӨГСБААТАРЫН УЯНГА

Энэ удаагийн дугаарт маань British school of Ulaanbaatar сэтгэл судлаач Төгсбаатарын Уянга уригдан оролцлоо.

Боловсрол

  • 2010-2014 онд Туркийн Истанбулийн их сургууль-Сэтгэл судлаач
  • 2014-2015 онд Голланд Маастригп-Сэтгэл судлаач магистр

Ажлын туршлага

  • 2015-2016 онд Сэтгэл Судлалын Үндэсний Төв- Туслах сэтгэл судлаач
  • 2016-2017 онд Германы Максфланк их сургуульд-Зочин судлаач
  • 2017 оноос British school of Ulaanbaatar сургуулийн сэтгэл судлаачаар ажиллаж байна.

1908273_10202919835911059_859352503_n

ТАНЫ МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ?

Миний ажлын давуу тал нь аливаа асуудлын гол үндсийг нь сайн харах гэж боддог. Ихэнхдээ хүмүүс асуудлыг өнгөц дүгнэдэг бол сэтгэл судлаач болсноор асуудлын гол нь хаана байгааг олж илрүүлэхдээ сайн болдог. Жишээ нь: согтууруулах ундаанд хамааралтай болсон хүнийг сэтгэл судлаач зүгээр “уухаа боль тэгвэл, асуудал арилна” гэж хэлэхгүй. Хэрэв гаднаас ямар нэг байдлаар хүчээр болиулвал өөр нэг донтолтын хэлбэрээр дахин гарч ирнэ. Согтууруулах ундаа хэт хэрэглэх бол асуудалтай тэмцэх саармаг буюу идэвхгүй хэлбэр. Өөрийн сөрөг сэтгэл хөдлөл болон бодлоос зугтах нэг механизм гэж ойлгож болно. Тэгэхээр энэ хүнийг зовоож байгаа бодол мэдрэмж нь хаанаас үүсч байгааг илрүүлж, асуудалтай зөв тэмцэх, бодол болон мэдрэмжээ эерэгээр удирдах аргыг зааж өгснөөр энэ хүний асуудал шийдэгдэнэ. Сэтгэл судлаачид асуудал яг хаанаас үүссэнийг тодруулагчид бас шийдэл олгогчид юм.

ТАНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Би сэтгэл гутрал дээр мэргэшиж магистраа хамгаалсан. Түүгээрээ улам мэргэших, сэтгэл гутралаар дагнасан эмчилгээг хийдэг болох тал дээр цаашид ажиллахаар төлөвлөж байна.

ТАНЫ ЯГ ОДОО ТӨВЛӨРӨН ХИЙЖ БАЙГАА СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ

Миний өнгөрсөн судалгааны ажил ихэнхдээ сэтгэл гутрал, сэтгэл хөдлөлийн тархи болон гормонтой ямар холбоотой тал дээр төвлөрсөн. Харин би одоогоор судалгаанаас илүү сэтгэл гутралыг эмчлэх текникүүдийг эзэмшиж илүү сэтгэл зүйч болох тал дээр ажиллаж байгаа. Сэтгэл гутралыг эмчлэх бодол, зан үйлийн эмчилгээ, бясалгалын болон бие дээр төвлөрсөн эмчилгээ гэх мэт эмчилгээнүүд судалгаанаас үзэхэд маш үр дүнтэй нь тогтоогдсон. Эдгээр эмчилгээг яаж хийх талаар илүү судалж байна.

ТА ӨДӨРТ ХЭДЭН ЦАГ АЖИЛЛАДАГ ВЭ?

Өглөө 09-16 цагийн хооронд ажилладаг.

АЖИЛДАА ХАМГИЙН ИДЭВХИТЭЙ ХАНДДАГ ЦАГ

Зарим хүмүүс  орой их идэвхтэй, зарим нь өглөө их идэвхтэй байдаг шүү дээ. Би өглөөний хүн, өглөө 09-12 цагийн хооронд ажилдаа идэвхитэй ханддаг. 15 цагаас хойш ерөнхийдөө анхаарал буурдаг.

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭ ХЭРХЭН ӨНГӨРӨӨДӨГ ВЭ?

Амралтын өдрүүдээ ихэнхдээ зураг зурч, найзууд, гэр бүлтэйгээ уулзаж, байгальд цагийг өнгөрөөхийг хичээдэг. Гэр бүлтэй болж амжаагүй болохоор өөртөө их цаг гаргадаг. Шинжлэх ухааны талаар мэдээ мэдээлэл их авч уншиж, сурах тал дээр анхаардаг.

ЦАГАА ХЭРХЭН ЗӨВ ЗАРЦУУЛАХ ТАЛААР

Хүний хувийн өөрийгөө удирдах чадвар гэж ойлгодог. Өөртөө чухал зүйлийг өмнөө тавиад өдөрт цагт нь хийж чадах чадвар, ихэнх хүмүүс тийм байдаггүй. Өөрийгөө удирдаж чадах юм бол түүнийг зөв зарчим болгож болно.

СЭТГЭЛ СУДЛААЧДЫН АМЬДРАЛДАА ХАНДАХ ХАНДЛАГА

Сэтгэл судлал маш хэцүү мэргэжил. Хүн гэдгийг их шинжлэх ухааны байдлаар харах юм бол “энийг ингэчихвэл тэгээд л болчихно” гэсэн дүрэм байдаггүй, маш олон, янз янзын хүчин зүйл хүнд нөлөөлдөг. Нийгэм, орчин, биологийн гээд олон зүйлс нөлөөлж байдаг учраас ганцхан зүйлийг нь “засаж, янзлаад” бүгд зүгээр болно гэсэн үг биш. Бид ч бас хувийн амьдрал дээрээ болохгүй байгаа зүйлээ болгосон ч бусад хүчин зүйлүүд нөлөөлөх учраас шууд дардан байна гэж байхгүй. Мэргэжлийнхээ ачаар хаана нь асуудал байна, хаанаас нь шийдэх вэ? гэдгийг олохыг хичээж, олж сайжруулаад явдаг. Жишээ нь: Би сэтгэл судлалаар сурахаас өмнө таагүй мэдрэмжтэй өглөөг эхэлсэн үедээ тэр өдөртөө л өөрийн мэдэлгүй муухай аашлаад өнгөрдөг байсан бол одод өмнөх өдөр нь идсэн хоол, нойр, хийсэн зүйлс, тохиолдсон явдлууд, бодсон бодлуудаа тооцоолж юунаас болсныг нь тодорхойл, өөрчлөхийг хичээдэг болсон.

ИРЭЭДҮЙД ТАНЫ АЖИЛ АМЬДРАЛД ГАРАХ ӨӨРЧЛӨЛТИЙГ НЭРЛЭВЭЛ

Мэргэжлийн хувьд Монголд сэтгэл судлалыг илүү ихээр түгээхийг зорьж байна. Ялангуяа сэтгэл зүйн өвчин, сэтгэл гутрал, стресс, шизофрин янз бүрийн сэтгэл зүйн өвчнийг хүмүүс яг биеийн өвчин шиг хардаг болоосой гэж хүсдэг. Сэтгэл зүйн өвчин яг л бусад өвчин шиг биед тэр дундаа тархинд бодисын өөрчлөлтөөр илэрдэг. Гэвч бид сэтгэл зүйн асуудлуудыг өвчин гэж бодолгүй хувь хүний зан чанар гэж үзэх нь элбэг. Энэ нийгмийн үзэл нь хувь хүнийг асуудлаа тодорхойлж, бусдаас болон сэтгэл судлаачаас туслалцаа авахад сөргөөр нөлөөлнө. Тиймээс миний ирээдүйн зорилго бол эдгээр “стигма”г байхгүй болгох, тэгээд хүмүүст тохирсон эмчилгээг авахад нь туслах юм.

СЭТГЭЛ СУДЛААЧИЙН ҮҮДНЭЭС БУСДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Хүмүүс асуудлын шалтгааныг ихэнхдээ гаднаас хайдаг. Сэтгэл судлалын бодол зан үйлийн теором дээр тулгуурлавал хүн ихэвчлэн доторх бодлоосоо хайх ёстой. Бодлоо хэр зөв бэ? үнэн бэ? буруу вэ? үр дүнгээс шалтгаалаад бидний сэтгэл хөдлөл зан үйл илэрдэг. Сэтгэл доторхоо эмчилж чадах юм бол таны зан үйл, амьдралын хэв маяг ч бас өөрчлөгдөнө гэсэн үг. Энэ нь тэр чигээрээ эерэг бодлоор толгойгоо дүүргэ гэсэн үг биш юм. Хэт эерэгээр харах нь ирээдүйд болох ямар нэг зүйлийг буруу тооцоолоход, эрсдлийг үл хайхрах гэх мэт сөрөг үр дагавартай. Сэтгэл зүйн хувьд эрүүл сэтгэнэ гэдэг нь эерэг эсвэл сөрөг зарчмыг барих биш аль болох бодит үнэн рационал бодлын зуршлыг бий болгох гэсэн үг. Амьдрал тэр чигээрээ бидний хүссэнээр дардан байхгүй нь ойлгомжтой. Тиймээс ч бид үүнд тохируулан өөрсдийн бодлоо бас өөрчилж чаддаг байх хэрэгтэй юм. Ихэнхдээ бид өөрсдөөсөө болон амьдралаас хэт өндөр шаардлага тавьснаас болж л зовдог.

БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ

Дотроо ч гаднаа ч адилхан байх зарчмыг баримталдаг.

ӨӨРТӨӨ АМЬДРАЛДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙХАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛ

Харилцаа бол хамгийн чухал, тэр дотроо дотно харилцаа хамгийн чухал. Миний хувьд ч биш энэ нь судалгаан дээр батлагдсан зүйл. Харвардийн 76 жил хийсэн судалгаанаас үзвэл хүний аз жаргалд, эрүүл мэндэд нөлөөлдөг хамгийн чухал зүйл бол харилцаа. Эрүүл харилцаатай байх юм бол урт насална, эрүүл байна, илүү аз жаргалтай амьдарна. Гэр бүл, хосын харилцаа нь чухал үүрэг гүйцэтгэнэ. Би ч бас үүнтэй санал нийлдэг.

ТАНЫ ХУВЬД АМЬДРАЛДАА АВДАГ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ

Ямар ч бодолгүй мөчүүд. Хааяа нэг ямар ч бодолгүй, анхаарал бүр 100 хувь одоо цагт төвлөрсөн мөчүүд л хамгийн сайхан, тайван мэдрэмжийг өгдөг. Би гадуур ганцаараа алхахдаа, зураг зурахдаа эсвэл бясалгал хийхдээ энэ мэдрэмжийг ихэвчлэн авдаг.

ХИЙЖ ҮЗЭХИЙГ ХҮСДЭГ ЗҮЙЛ

Хамгийн ойр хийхийг хүсч байгаа зүйл бол Азийн орнуудаар аялаж дуусгахыг хүсч байгаа. Европоор аялсан болохоор Азийн орнууд сүүлийн үед их сонирхол татаж байгаа, соёл, байгаль, бас хүмүүсийн сэтгэл зүйгээрээ ч гэсэн.

ТАНЫ ХАМГИЙН САЙН ЧАДДАГ ЗҮЙЛ

Юмыг эргэцүүлэн бодох зөв бурууг нь олох гэж их үздэг. Ямар нэгэн мэдээлэл ирлээ гэхэд тэр чигээр нь зөв гээд хүлээж авдаггүй. Ихэвчлэн үндэслэл нь хаана байна, амьдрал дээр батлагдсан эсэх гээд тулгуурлаж мэдэж авахыг хичээдэг. Сайн болохыг ч хичээдэг, сайн болж байгаа гэж найдаж байгаа.

БУСДАД БАЙНГА ХЭЛДЭГ ҮГ

Бусдад ихэвчлэн “Болно ш дээ. Чи чадна.” гэж хэлэхийг зорьдог. Хүмүүсийн хийхийг зорьдог, хүсдэг зүйлст нь урам өгөхийг хичээж байгаа.

ОДОО УНШИЖ БАЙГАА НОМ

Одоогоор би “Амьдралаа загварлах нь” гэдэг мэргэжил сонголтын талаар ном уншиж байгаа. Судалгаанаас үзэхэд хүмүүсийн 80 хувь нь дуртай мэргэжлээ мэддэггүй, мэдсэн ч дараа нь буруу байсныг ойлгодог юм байна. Энэхүү ном нь хүн бүр заавал багаасаа тогтсон мэргэжлээ сонгох албагүй бөгөөд аль болох олон зүйлийг туршиж, янз бүрийн газар дадлага хийж, судалж үзсэний эцэст л өөрийн дуртай мэргэжлийг бий болгодог талаар бичсэн юм.

ХҮМҮҮСИЙН ЭЕРЭГ СӨРӨГ ХАНДЛАГЫН ТУХАЙД

Эерэг сөрөг хандлага бол бүр багаас одоог хүртэлх бидэнд тохиолдсон зүйлээс ихэнхдээ болдог. Ихэвчлэн багийн гэр бүлийн харилцаа, өөрт нь сөрөг зүйл тохиолдсон бол, аав ээж нь сөргөөр хүмүүжүүлсэн бол энэ хүн өөрөө аливаа зүйлийг тархиндаа сөргөөр харах схем үүсгэчихдэг. Схем гэдэг бол амьдралыг хараг өнцөг юм. Хүн өөртөө болж байгаа зүйлийг сөргөөр  тайлбарлана гэдэг маань сөрөг схем ажиллагаанд орсон гэсэн үг. Ерөнхийдөө бол сөргөөр эерэгээр харж байгаа хандлагатай хүмүүст маань орчин маш их нөлөөлсөн байгаа. Хамгийн их нөлөө үзүүлсэн зүйл нь гэр бүлийн байдал байдаг. Мэдээж сөрөг хандлагатай хүн ямар ч шийдэлгүй гэсэн үг биш юм. Хүнд өөрийн бий болгосон схемээ өөрчлөх, шинэ бодлуудыг үүсгэх чадвар байгаа.

18985233_1548047138569836_1662698480_n

СЭТГЭЛ СУДЛААЧ ХҮН НИЙГЭМД ЯМАР БАЙР СУУРЬТАЙ БАЙНА ВЭ?

Сэтгэл судлаачдыг энэ нийгэмд нэг их ойшоохгүй байгаа юм шиг санагддаг. Яагаад гэвэл сэтгэл судлал Монголд саяхан л орж ирсэн. Сэтгэл судлалыг нийгэмд хэрэгтэй мэргэжил гэж хүлээж аваад чухал хэрэгтэй байгаа салбар болох сургууль дээр оруулахаас эхлээд бодит ажлууд хийгдэхгүй байна. Ялангуяа сургуулийн сэтгэл судлал дээр манай Монголд сэтгэл судлаач маш их хэрэгтэй гэж үзэж байна. Багш нар шиг хүүхдүүдийн хөгжлийг нь хараад дутагдалтай, зан үйлийн асуудалтай хүүхдүүдээ анхаарч залруулаад явахгүй бол хүүхэд багаасаа засч чадахгүй зүйлсээ зуршил болгоод явдаг. Бид бүх хүүхдийн аав ээжид хүрч ажиллаж чадахгүй учраас сэтгэл судлаачийг оруулаад хүүхдийн хөгжилд нь ямар нэгэн эерэг зүйл хийгээсэй гэж хүсч байна.

УЛСЫН ИРЭЭДҮЙ ТАНЫ НҮДЭЭР

Би улс төр тийм ч их сонирхдоггүй, тиймээс ч Монгол улсын ерөнхий байдлын талаар санал алга. Хувь хүний үүднээс харвал Монгол хүний ирээдүй надад бол маш эерэг харагдаж байгаа. Бид глобалчдлагдсан нийгэмд одоо амьдарч байна. Интернэт бүх зүйлийн гарцийг нээж өгсөн гэж бодож байна. Монголд ямар ч айлд төрсөн бай интернэт л байвал тэр хүүхэд гадаад хэлийг үнэгүй сурах, дэлхийн тэргүүний их сургуулиудын курсуудыг гэрээсээ авах, мэргэжлийн чадваруудыг бий болгох тэгээд амьдрал дээр хэрэгжүүлэх боломж байна. Хүн өөрөө л  хүсвэл бас хичээж чадвал одоо бол амьдарч буй газрын эдийн засгийн байдал эсвэл тогтсон үзэл бодолд уягддаг цаг өнгөрсөн юм шиг санагдана.

Ярилцсанд баярлалаа танд сайн сайхныг хүсье.

Ярилцсан сэтгүүлч: С.СОЛОНГО