СЭТГЭЛ СУДЛААЧ ТУЯАГИЙН ХОНГОРЗУЛ

Уншигчиддаа шинэ долоо хоногийн мэндийг хүргэе. Энэ удаагийн дугаарт маань Сэтгэл Зүй Хүний Хөгжлийн Шинэ Эхлэл төвийн тэргүүн, клиник сэтгэл засалч, сэтгэл судлаач Туяагийн Хонгорзул уригдан оролцлоо.

Боловсрол

  • 2001-2006 онд Монгол Улсын Боловсролын Их Сургууль- Нийгмийн ажилтан
  • 2003-2004 онд Герман Улс Ройтлинген хотын Фолкс Хох Шүле сургууль – Герман хэлний орчуулагч
  • 2012-2014 онд Сингапурын Библийн Коллежийн дэргэдэх Сэтгэл Судлалын Сургууль- Сэтгэл Зүйн зөвлөгөө-Магистр
  • 2017 оноос Филиппин Улсын Азийн Теологийн Ахисан Түвшиний Сургуулийн дэргэдэх Сэтгэл Судлалын Сургууль- Клиник Сэтгэл Засал- Докторант

Мэргэжил дээшлүүлсэн байдал

  • 2014 онд Америкийн Нэгдсэн Улс, Миссури Мужийн Брансон хотод Порнографи ба Бэлгийн Донтолт сэдвээр мэргэжил дээшлүүлсэн
  • 2014 онд Сингапур Улсад TJTA- Тестийг ашиглах албан ёсны эрхийг авсан
  • 2014 онд Хятад улсын Мэргэжилтнүүдэд сэтгэл зүйн удирдлагаар хангах (Supervisor) сургалтыг онлайнаар дүүргэсэн
  • 2015 онд Малайз Улсын Куала Лампур хотод “Үр Нөлөөтэй хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх нь” хөтөлбөрийн албан ёсны сургагч багшаар бэлтгэгдсэн.

Ажлын туршлага

  • 2008-2011 онд Итгэлийн Үйлс ТББ-д Англи хэлний орчуулагч
  • 2012-2014 онд Сингапурын Сенг Канк Дунд Сургуульд (Seng Kang Secondary School), Сэтгэл Зүйч
  • 2014 онд Сэтгэл Зүй Хүний Хөгжлийн Шинэ Эхлэл Төв НҮТББ үүсгэн байгуулагч, тэргүүн
  • 2014-2016 онд Америк Дунд Сургууль (American School of Ulaanbaatar), Сургалтын мэргэжилтэн (Learning Support Specialist)
  • 2015 оноос Focus on the Family Mongolia Гэр Бүл Анхаарлын Төвд ОУБ-ын Монгол дахь салбарын Тэргүүн Клиник Сэтгэл Засалч

6

ТАНЫ МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ?

Одоогоор би сэтгэл заслаар мэргэшиж байгаа. Энэ салбарын маань давуу тал гэвэл нүдэнд харагдахгүй боловч хүн өөрийнхөө дотоод мэдрэмж, бодол, зан үйлийг танин мэдэх боломжийг олгосноор эдгэрэл ба хөгжил явагддаг. Бидний зорилго бол хүнд ямар сэтгэл зүйн өвдөлт байна гэдгийг олохдоо биш харин тухайн сэтгэл зүйн өвдөлттэй хүнийг нь ойлгож таньж мэдэх явдал юм. Тухайн хүнийг таньж мэдэх үед сэтгэлийн өвдөлт юу вэ? гэдгийг үйлчлүүлэгч өөрөө хэлж өгдөг.

ТАНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Манай төв энэ онд олон улсад хэрэгждэг “аюулгүй сонголт” (No Apologies) буюу өсвөр насныхан, залуучуудад зориулсан зан чанарт суурилсан бэлгийн цогц боловсрол олгох хөтөлбөрийг 1000 хүүхдэд заах зорилт тавин ажиллаж байна. Түүнчлэн ээлжит сэтгэл зүйчдийг мэргэшүүлэх сургалт семинарыг 9-р сард хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

ТАНЫ ЯГ ОДОО ТӨВЛӨРӨН ХИЙЖ БАЙГАА СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ

Одоогийн байдлаар докторынхаа хичээлийн судалгаан дээр ажиллаж байна. Ялангуяа Психодинамик арга барилаар сэтгэл засал хийх талаарх ном зохиол судалж байгаа.

ТА ӨДӨРТ ХЭДЭН ЦАГ АЖИЛЛАДАГ ВЭ?

Өдөрт ойролцоогоор 7 цаг ажилладаг. Шаардлага гарсан үед ажлын цаг хамаарахгүй ажиллах үе олон бий.

АЖИЛДАА ХАМГИЙН ИДЭВХИТЭЙ ХАНДДАГ ЦАГ

Үдээс өмнө идэвхитэй ханддаг.

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭ ХЭРХЭН ӨНГӨРӨӨДӨГ ВЭ?

Өөрийнхөө дуртай зүйлийг хийх, жишээ нь сэлэх, гэр бүлтэйгээ хамт цагийг өнгөрүүлэх, өөрийгөө болон гэрийнхнийхээ дуртай сайхан хоол болон нарийн боов хийж өнгөрөөдөг.

ЦАГАА ХЭРХЭН ЗӨВ ЗАРЦУУЛАХ ТАЛААР

Аливаа зүйлийг цаг тухайд нь хийхийг чухалчилан аль болох эртнээс хийж эхэлдэг. Хамгийн нэн тэргүүний хийгдэх хэрэгтэй ажлаар нь ажлаа эрэмбэлж хийдэг.

СЭТГЭЛ СУДЛААЧДЫН АМЬДРАЛДАА ХАНДАХ ХАНДЛАГА

Сэтгэл зүйн зөвлөгөө засал хийхээс өмнө сэтгэл зүйч эхлээд өөрөө сэтгэл зүйн асуудлаа шийдвэрлэх шаардлага тавигддаг. Өөрийнхөө сэтгэл зүйн асуудлыг шийдээгүйгээс болоод үйлчлүүлэгчид туслах гэхээс илүүтэй өөртөө туслах шаардлага тулгардаг. Сэтгэл зүйн талаар судлах тусам өөртөө амьдралдаа аль болох хэрэгжүүлэхийг хичээдэг ч хүн л учир алдаж алдаанаасаа суралцсаар л байдаг.

ИРЭЭДҮЙД ТАНЫ АЖИЛ АМЬДРАЛД ГАРАХ ӨӨРЧЛӨЛТИЙГ НЭРЛЭВЭЛ

Суралцаж байгаа салбараа илүү хөгжүүлэх болон сурсан зүйлсээ бусдад зааж сургах тал дээр өөрчлөлтүүд илүү гаргана.

БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ

Хэлсэндээ хүрдэг байх, аливаад тууштай байх зарчмыг баримталдаг.

ӨӨРТӨӨ АМЬДРАЛДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙХАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛ

Хүн өөрийгөө хайрлагдсан гэдгийг мэдрэх үед хамгийн их сэтгэл хангалуун байдаг болов уу. Энэхүү хайрыг хүн хамгийн түрүүнд эцэг эхээсээ мэдэрдэг. Бусдын хайрыг мэдрэх үед хүн өөрийгөө хайрлаж үнэлж цэгнэдэг. Хүний үнэ цэнэ гэр бүлийн харилцаанд үүсч бий болдог болохоос өнгө мөнгө, үзэмж, мэдлэг боловсрол болон нэр хүндээс болдоггүй. Тиймээс өрөөл бусдыг хайрлах болон өөрийгөө хайрлах үед сэтгэл хангалуун байдаг гэж боддог.

ТАНЫ ХУВЬД АМЬДРАЛДАА АВДАГ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ

Амьд явах учир утга юу вэ? гэдгийг бодохоор гэр бүл ойр дотны хүмүүс болон эргэн тойрны хүмүүсийг хайрлаж хүндлэх болон хайрлуулж хүндлүүлж байгаагаа мэдрэх юм болов уу.

ХИЙЖ ҮЗЭХИЙГ ХҮСДЭГ ЗҮЙЛ

Ер нь бол аялах дуртай. Аливаа улс соёлын хүмүүс болон ахуй амьдралаас нь суралцах дуртай.

ТАНЫ ХАМГИЙН САЙН ЧАДДАГ ЗҮЙЛ

Нарийн боов хийх, мэргэжилдээ дуртай учир мэргэжлийнхээ ажлыг сайн хийх гэж хичээдэг.

БУСДАД БАЙНГА ХЭЛДЭГ ҮГ

Амжилт олох гэж бүү яар. Боломжууд тэртээ тэргүй зөндөө гарч ирнэ. Боломж ирэх үед та бэлэн байх хэрэгтэй. Хүн зорьсон зорилгодоо, амжилтанд амар хялбар замаар хүрдэггүй, түүний цаана маш их хичээл зүтгэл, бүтэлгүйтэл гарч байдаг. Замын дунд бууж өгөх юмуу буцмаар санагдсан үедээ байнга би яагаад үүнийг анх эхлүүлсэн бэ? гэдгийг санаарай. Өөрийгөө бусдаас дээр гэж битгий бодож бай харин үргэлж би бусдаас юу сурч болох вэ? гэсэн сэтгэлээр хандаж харилцаж байгаарай.

ОДОО УНШИЖ БАЙГАА НОМ

Докторынхоо хичээлтэй холбоотой олон ном уншиж байна.

ХҮМҮҮСИЙН ЭЕРЭГ СӨРӨГ ХАНДЛАГЫН ТУХАЙД

Энэ бол тухайн хүний темперамент болон гол суурь нь өссөн орчинтой холбоотой. Тухайн хүн гэр бүлийн орчинд аливаа хямрал стресстэй нүүр тулах үед хэрхэн хариу үйлдэхэд сурсан гэдэгтэй холбоотой.

СЭТГЭЛ СУДЛААЧ ХҮН НИЙГЭМД ЯМАР БАЙР СУУРЬТАЙ БАЙНА ВЭ?

Сэтгэл судлалын салбар нийгэмд маш чухал байр суурь эзэлдэг шинжлэх ухаан. Хүний оршин тогтнох эрүүл байхад сэтгэцийн эрүүл байдал үүнээс урьдчилан сэргийлэх тал дээр “төрийн” зүгээс маш их анхаарч нэгдсэн бодлого санхүүг төсөвлөдөг байх хэрэгтэй байдаг. Одоогийн байдлаар Сэтгэл судлалын мэргэжлээр их дээд сургуульд мэргэжилтнүүдийг бэлтгэж, төрийн болоод төрийн бус байгууллагууд манай улсад энэ салбарыг хөгжүүлэх гээд зүтгэж яваа. Сэтгэл судлал хэрэглээ тал дээр илүү хөгжих хэрэгцээ шаардлагатай байгаа. Нийгэмд энэ мэргэжлийн хэрэгцээ шаардлага нэмэгдэж байгаа ч төрөөс нэгдсэн бодлого санхүүгийн дэмжлэг дутмаг, мэргэшсэн боловсон хүчин, ажлын байр тийм ч хангалттай биш байгаа.

УЛСЫН ИРЭЭДҮЙ ТАНЫ НҮДЭЭР

Манай улсад маш их нөөц боломж байгаа гэж боддог. Хямралыг бид хөгжих ба урамшлах боломж гэж харвал бид хямраагүй харин өсч хөгжих боломжууд нээгдэж байгаа гэж үздэг. Сайхан ирээдүй нийгмийг бүтээхэд хувь хүн бүрийн оролцоо чухал болов уу.

Ярилцсанд баярлалаа танд сайн сайхныг хүсье.

Ярилцсан сэтгүүлч: С.СОЛОНГО