НОХОЙН СЭТГЭЛ СУДЛААЧ ДАМДИНСҮРЭНГИЙН ЭНХТҮВШИН

Шинэ долоо хоногийн дугаарт маань “Нохой сургалтын төв”-ийн нохой командлагч,  нохойн сэтгэл судлаач Дамдинсүрэнгийн Энхтүвшин уригдан оролцлоо.

Боловсрол

  • 2004-2008 онд Польш Улсын Канел сургалтын газар – Нохой командлал
  • 2009-2013 онд Польш Улсын Канел – Нохойны сэтгэл судлал

Ажлын туршлага

  • 2013-2016 онд Польш Улсын Нохой сургалтын төв- Нохой командлагч
  • 2016 оноос Монгол Улсын Нохой сургалтын төв- Нохой командлагч, нохойны сэтгэл судлаач

4

ТАНЫ МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ?

Европт их дэлгэрсэн мэргэжил. Монголдоо би цор ганц нохойн сэтгэл судлаач. Нохой гэдэг нь бидэнтэй ярьж чадахгүй ч хүний ертөнцтэй илүү ойр байдаг анхны гаршуулсан амьтдын нэг. Тэд биеийн хэлэмжээр, үйл хөдлөлөөр өөрийгөө илэрхийлдэг. Тэр нь их сонирхолтой санагддаг. Би спортын хүн, спортын лигт яваад 15 жил болчихоод ирсэн. Тэнд байхдаа сонирхлоороо нохой сургалтын газар сууж байгаад нэг нохой сургах гээд авсан. Нохойд их сонирхолтой, нэгийг авна, сургана гэсэн бодолтой л байсан. Нохой маань юу ч сурдаггүй, шантраад явж байхад надтай зөрсөн нэг өвгөн “нохой чинь хэтэрхий их стресстэй байна, стрессийг нь арилга” гэж хэлэхээр нь нохой стрессдэнэ гэж юу байдаг юм бэ? юугаа яриад байгаа юм бэ? гэж бодож байсан. Тэгээд л нохойн стресс гэж юу юм бол гээд өөрөө стресстээд эхэлсэн, тэр өвгөн нохойн сэтгэл судлаач байсан, уулзсан. Цаашаа би дөрвөн жил нохой командлагч, сургагчаар төгсөөд дахиад дөрвөн жил нохойн сэтгэл зүйчээр сурч төгссөн. Хүний биш амьтны сэтгэл зүйг судалдгаараа онцлог давуу талтай.

ТАНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Монголын нохойн ертөнц маш өрөвдмөөр, аргагүй дээ засгийн газар, улс төр, ард түмэн нь хэцүү байна. Баян ядуу гэсэн хоёрхон туйлтай болчихсон. Өнөөдөр Монголын нохойн ертөнцийг бодоод, нохойг өрөвдөж, хайрлаж байгаа хүн хэр их байгаа билээ, хэдхэн хувь л байгаа. Бага хувьтай хүмүүс сонирхож, маш бага хувьтай хүмүүс хайрладаг. Сэтгэлээ зориулдаг хэсэг хүн байхад сэтгэлээ өгсөн хэсэгхэн хүмүүс байна. Монголын нохойн ертөнц дэлхийн нохойн ертөнцөөс 50-70 жилээр хоцорч яваа. Миний ойлголтоор тэр түвшинд жаахан дөхүүлэх юмсан,нохойн лабораторитой болох юмсан Монгол шинэ нохойн үүлдэр бий болгох юмсан гэсэн бодолтой байдаг. Хүний төлөвлөгөөт аргаар гаргаж авсан нохой гэж Монголд байхгүй, гадаадад маш олон бий. Ойрын төлөвлөгөөнд “ манай нохойг авраач” гээд хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа. Айлд очоод нохойг нь сургаад газар дээр нь асуудлуудыг нь илрүүлээд зөвлөгөө өгөх ажлыг бичээд, судлаад, ярилцаад явж байна.

ӨДӨРТ ХЭДЭН ЦАГ АЖИЛЛАДАГ ВЭ?

Өглөө 08-22 цаг хүртэл ажилладаг. Нохойнуудаа цэвэрлэх, хооллох, салхилуулах, сэтгэл зүйн талаас нь ажиллах нохой байвал түүн дээр нь ажиллахаас эхлээд ажил ихтэй байдаг.

АЖИЛДАА ХАМГИЙН ИДЭВХИТЭЙ ХАНДДАГ ЦАГ

Байнгын идэвхитэй, дуртай ажлаа хийгээд мөнгө олж байна гэдэг хамгийн сайхан мэдрэмж. Ажлынхаа өрөөнд ороод л тэр чигээрээ нерв, кайф, сэтгэл хөөрөл, уналт бүх зүйлийг нэгэн зэрэг цаг тутамд аваад миний ажил дуусдаг, эргээд харахад их үр дүнтэй байдаг. Зарим нэг нохойноос болоод сэтгэл зүйн талаас нь ойлгохгүй асуудал тулгарахад сэтгэлээр унах үе гарна. Хэрвээ би европт байсан бол миний авсан туршлага маш бага, ихэнх нь ноход нь нийгэмшсэн байгаа. Тэдэнтэй сэтгэл зүйн хувьд харьцаж байгаа хүмүүс харьцангуй бага. Би өдөрт 10-20 хямралтай стресстэй нийгэмшээгүй нохойтой харьцдаг. Өдөр  ирэх тусам илүү туршлага хуримтлуулж нээлт хийж байна. Зарим хүмүүс намайг, миний хийж байгаа ажлыг ойлгодоггүй, хүн л ганцаараа хайрлаж, дурлаж, уйлж, өрөвдөж, өвдөж, зовж шаналдаг гэж ойлгодог, тийм биш. Сэтгэл зүрхтэй хүний мэдэрдэг бүхнийг нохой мэдэрдэг гэдгийг би тодорхой баримттай мэднэ. Борис гээд ротвиллер маань хоёр хоног анхаарал сулрахад л нүднээс нь нулимс бөмбөрөөд ихэр татаад уйлдаг. Надад гомдоод зугтдаг, хоолыг нь өгөөд,эрхлүүлээд гадуур салхилуулаад жаахан анхаарал тавихад л үснийх нь өнгө, нүднийх нь харц гээд бүх зүйл нь сайхан болоод л хэвэндээ ордог. Бусадтай нь адил харьцаад байхад л өөртөө илүү анхаарал тавиулах гээд стрессдээд уйлаад гомдоод байдаг. Итгэхгүй хүмүүст баримтжуулаад бичлэг хийгээд үзүүлсэн ч болно. Хэрвээ тэр анхнаасаа хүний анхааралд байдаггүй байсан бол нулимстайгаа хутгалдахгүй л байсан байх, маш өрөвдмөөр. Энэ дэлхийд хүнээс өөр ямар ч амьтан байхгүй бол хүн 2017 он хүртэл амьдрах байсан уу? үгүй юу? хүний хөгжил өнөөдрийг хүртэл байх уу? үгүй юу? бас эргэлзээтэй. Хүн л сүйтгэгч, дэлхийг бид л сүйтгэдэг, амьтан нэгийгээ л барьж иддэг. Хүн амьтнаас оюунлаг гэдэг ганц зүйлээрээ л ялгардаг.

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭ ХЭРХЭН ӨНГӨРӨӨДӨГ ВЭ?

Амралтын өдөр байхгүй ш дээ. Миний баримталдаг зарчим байдаг. Би огт архи пиво хэрэглэдэггүй, гашуун тараг ч ууж чаддаггүй, манайхан бүгд тийм. Аав ээж маань бурхан болсон, тэднийгээ маш их санадаг. Алтан бурхан шүтээд сайхан амьдарна гэж, модонд хатгуулсан хүнийг шүтээд сайхан болно гэж, хүний онгод шүтээн дээр нь мөргөөд, очиж уулзаад сайн хүн болно гэж юу байхав дээ. Бидэнтэй хамгийн ойр байгаа бурхан бол ээж аав. Тэднийгээ сэтгэл зүрхэндээ тээгээд үг үйлдлийг нь, хэлсэн захиасыг нь биелүүлж явах нь хамгийн том ач тус юм болов уу гэж би боддог. Миний ээж их хэлдэг байсан. Унтаж идэх уруудахын шинж шүү гэж, тэр үед энэ үгэнд их дургүй байсан. Хүүхэд байхад их унтдаг ч байж. Одоо би маш бага цаг унтаад маш ихийг хийхийг хүсдэг. Дээрээс миний ээж зөв амьдарч явааг минь хараад бахархаасай гэж боддог. Ээж минь намайг үргэлж харж байна гэж бодож итгэж, зөв амьдрахыг хичээж, өдөр бүр түүнээсээ урам авч амьдардаг.

ЦАГАА ХЭРХЭН ЗӨВ ЗАРЦУУЛАХ ТАЛААР

Надад бялдууч зан байхгүй учраас би хүнд саймшраад, дайлаад, ажил ярьж цаг алдаж сууж байгаагүй. Аав ээжтэйгээ цагийг хамт өнгөрөөгөөрэй, ирсэн дуудлага бүрийг нь алдалгүй авч байгаарай. Хань ижил, үр хүүхэддээ цагаа их зарцуулах хэрэгтэй. Өнөөдрийнхөө нийгэмд маш өндөр хариуцлагатай ухамсартай байгаарай. Өглөө бүр шинэ гэдгийг санаарай, Тангад улс мөхөөгүй байна гэдэг шиг өглөө бүр өөрийн зорилгодоо тэмүүлээрэй. Бага унтаж ихийг хийж бүтээгээрэй. Хэдий би тархины хавдартай ч, хоёр удаа хагалгаанд орсон ч, их унтах хэрэгтэй ч хүмүүсээс бага унтдаг. Энэ бие угаасаа л түрээсийн бие, чиний, миний бие ч гэсэн энэ удам угсаа ээж ааваасаа түрээслэн авч, сүнслэг биеийг л эзэлж, эзэн мэт явж байгаа боловч түрээсийн бие. Биеэ битгий хордуул, гамгүй ашиглах хэрэггүй буцааж эзэнд нь тушааж өгөхдөө бүрэн бүтнээр нь өгчихөөсэй гэж боддог. Нэгнийхээ үгийг зөв зүйтэй ойлгож, эерэгээр хүлээн авч байгаасай, хэлэх гэж байгаа хатуу үгээ өөртөө хэлж үзээсэй гэж хүсдэг. Цагаа буруу зүйлд зориуллаа гээд эргээд бодоход зурвас төдий үлдэж чадахгүй мөчүүдийн төлөө залуу нас хүсэл мөрөөдөл зорилгоо битгий унтраагаарай залуусаа. Цэвэр цус гэж байхгүй байж болно, цэвэр үзэл гэж байх хэрэгтэй. Монголоо гэсэн үзэлтэй байх хэрэгтэй. 200 гаран жил Манжийн дарлалд байсан юм чинь цэвэр цус ховор.

СЭТГЭЛ СУДЛААЧДЫН АМЬДРАЛДАА ХАНДАХ ХАНДЛАГА

Би хүнийг тодорхойлж чадахгүй, нохойны сэтгэл судлаач учраас. Миний харж байгаагаар сэтгэл судлаач нар мэргэжилдээ бүр орчихсон, их зөөлөн, бусдаас онцгой хүмүүс гэж боддог.Сэтгэл судлаач, өмгөөлөгч хоёр л хүнийг удаан сонсож чаддаг байх. Сэтгэл судлаач нар бол агуу хүмүүс. Гэр бүлийн байдал бат бөх байх магадлал өндөр байх, анхаарал болгоомж ихтэй, гэвч тэр нь тэднийг өөрөөрөө байж чадахгүй болтол нь хайрцганд оруулдаг мэт санагддаг.

ИРЭЭДҮЙД ТАНЫ АЖИЛ АМЬДРАЛД ГАРАХ ӨӨРЧЛӨЛТИЙГ НЭРЛЭВЭЛ

Өөрчлөлт гараасай гэж хий зүйл бодохоосоо илүү зорилгодоо хүрэхийг хичээдэг. Би байрны түрээс 4.5 саяыг төлдөг, тэр мөнгөө олж чаддаггүй алдагдалтай ажилладаг. Өөртөө илүү хоол хийгээд идэж чаддаггүй, хувцас аваад өмсөх ч боломж алга. Энэ нь юу гэсэн үг вэ? гэвэл миний бодлоор ирээдүйд Монголын бүх нохой, эзэд, сонирхогчид, тэжээгчид бүгд миний үгээр байгаасай, надаар дамжаасай гэж хүсдэг. Нэг нохой тэжээж сургах, 10 нохой тэжээж сургах хоёр шал өөр. Биеийн хэлэмжийг нь тайлж, уншиж чадахгүй байж хэдхэн жил нохой тэжээчихээд бүгдийг мэддэг юм шиг аашилж, чи хэн юм? гэж харьцдаг хүмүүс их. Би ашгийг нохойн эмнэлэг, хоол, амралтын газар гээд арай өөр зүйлээс олно, зураг нь гарчихсан явж байна. Энэ нохойг авч болох уу? үгүй юу? гэдгийг л надаас асуудаг байгаасай. Тэр хүнээс тийм нохой авбал яах бол гэдгийг асуудаг байгаасай,тэр нохойны 30 гөлөг эрсдэлд ороод гудамжинд амьдарсан ч хамаагүй дараагийн олон нохдын маш олон эздэд дэвшилт гаргахын тулд 30 нохой золиослох бол энүүхэнд. Тэрийг ав, тэндээс хэрэгтэй хэрэггүй гэдгийг зөв зүйлийг л хэлж зааж өгмөөр байна. Байх ёстой газраа хийх ёстой зүйлээ л хийх хэрэгтэй.

БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ

Цагийн юмыг цагт нь хийж хэлсэндээ хүрч, бага идэж бага унтах. Цадатлаа идэж чаддаггүй, их идчихвэл өглөө эрт босч чадахгүйгээс эхлээд л их стрестдэг, их унтсандаа бас бухимдана. Цадталаа идчихвэл өөртөө уур хүрнэ, дахиж хэзээ ч хоол идмээргүй санагддаг.

ТАНЫ ХУВЬД АМЬДРАЛДАА АВДАГ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ

Хүүхдээсээ л хамгийн сайхан мэдрэмжийг авдаг. Мөн ажлынхаа үр дүнг харах, тэнэг нохой орж ирээд жентлемен болоод гарахыг харах их сайхан. Эргээд эзэн нь баярлалаа гэж хэлэхгүй явах л сонин санагддаг. Эзэнтэй нь ярьснаас нохойтой нь ярьсан нь дээр байдаг тал бий. Нохой сурчихаад үр дүнгээ надад үзүүлж гайхуулдаг. Хоёр хоногийн дараа уулзахад л намайг харж баярлаад хэлээгүй байхад сурсан бүхнээ үзүүлдэг. Эзэнтэй сургалт гэж ордог, би эзэнд нь заагаад эзэн нь нохойдоо заадаг. Энэ бол олон улсын стандарт. Сэтгэл зүйн гэмтэлтэй болон бие бялдрыг нь хөгжүүлэх шаардлагатай нохойг байршуулж авдаг.

ХИЙЖ ҮЗЭХИЙГ ХҮСДЭГ ЗҮЙЛ

24 цаг л нохой болж үзэх юмсан гэж боддог. Нохой хуцахгүйгээр хоорондоо яриад байдаг. Үнэр үү? мэдрэмж үү? юу гаргадаг нь сонирхолтой, хуцахгүйгээр яриад байдаг. Хоёр өөр өрөөнд унтаж байгаа нохдын нэг нь сэрэхэд, нөгөө нь дагаж сэрээд гүйж ирээд нэгнийхээ нурууг маажаад өгчихдөг. Миний мэдэхгүй асар их зүйл байгаа. Ядаж өөрийнхөө сүнсийг нохойд хийж үзэх юмсан гэж хүсдэг. Юу бодож, юу ярьж, юу хүсдэг, нохойны нүдээр харахад юу хэцүү байдаг, юу харагддаг юм байна тэр бүгдийг би нэг хоног л харахыг хүсдэг.

ТАНЫ ХАМГИЙН САЙН ЧАДДАГ ЗҮЙЛ

Хоол хийх дуртай, миний хийсэн хоол надад хүрэхгүй байсан ч бусдад таалагдвал цадсан юм шиг санагддаг.

БУСДАД БАЙНГА ХЭЛДЭГ ҮГ

Залууст эр хүн шиг байгаарай л гэж их хэлдэг. Эмэгтэй хүнд бид юу хэлэх эрхтэй юм бэ? Би өнөөдөр хүүхэд төрүүлж чадахгүй, гүзээгээ яаж авч явахаа мэдэхгүй байхад эмэгтэй хүн ес 10 сар хүүхдээ тээж төрүүлчихээд гэдсээ алга болгочихдог. Бүхэл бүтэн хүн төрүүлчихээд өсгөж хүмүүжүүлдэг, эмэгтэй хүнд эр хүн үг хэлэх эрх байхгүй гэж боддог. Авах гээхийн ухаанаар дэнсэлж бодохдоо тааруу байж мэднэ, сүү шигээ цагаан сэтгэлтэй гэнэн хүмүүс шүү дээ. Гэнэн зангаасаа болж хохирох нь их байдаг байх. Эмэгтэй хүн бүрийг ээж шигээ хүндэлж чадвал эр хүн их хол явна даа.

ОДОО УНШИЖ БАЙГАА НОМ

Одоо “Нохойн психологи” гээд Германы ном уншиж байгаа.

3

СЭТГЭЛ СУДЛААЧ ХҮН НИЙГЭМД ЯМАР БАЙР СУУРЬТАЙ БАЙНА ВЭ?

Телевизээр гарснаас хойш өөрийн группээрээ болон нохойн сургалт нээснээс хойш амжилттай байгаа байхаа, хүмүүс их мэддэг болсон. Нохойдоо их тусламж авдаг болсон. Би өдрийн 30-40 хүнтэй чатладаг, 70-80 дуудлага ирдэг. Маш их ачаалалтай байдаг болсон. Чат нь илүү дөхүү утасны цаанаас хэн юу ч ярих гээд байгаа нь мэдэгдэхгүй асуудалтай, одоохондоо Монголд ганцаараа л байна.

УЛСЫН ИРЭЭДҮЙ ТАНЫ НҮДЭЭР

Миний харж байгаагаар бүрхэг л байна даа. Бид цэвэр цус яриад ч хэрэггүй болсон. Цус нь ойрхон уу? хол уу? гэдэг л байна. Хамгийн гол нь бид бүгд Монгол гэдэг үндсээ л авч үлдэх ёстой. Улс төрчиддөө цензур тавих хэрэгтэй. Үзэл бодлоо худалддаг хүмүүс олширсон байна. Сайхан болоосой л гэж бодож байна.

Ярилцсанд баярлалаа танд сайн сайхныг хүсье.

Ярилцсан сэтгүүлч: С.СОЛОНГО