СЭТГЭЛ СУДЛААЧ, ХОШУУЧ САЙНБОЛДЫН УУГАНБАЯР

Энэ долоо хоногийн дугаарт маань Зэвсэгт Хүчний Жанжин Штабын Иргэн-Цэргийн харилцааны хэлтсийн Тасгийн дарга, ахлах мэргэжилтэн, сэтгэл судлаач, хошууч Сайнболдын Ууганбаяр уригдан оролцлоо.

Боловсрол

  • 1998-2002 онд Энх-Орчлон дээд сургууль-Нийгэм Удирдлагын сэтгэл зүйч
  • 2002-2003 онд Батлан Хамгаалахын Их Сургууль-Ерөнхий цэргийн командын офицер
  • 2014-2017 онд ОХУ-ын Батлан хамгаалахын яамны Цэргийн их сургууль-Цэргийн Ёс суртахуун, Сэтгэл зүйн хангалтын зохион байгуулалт мэргэжлээр суралцаж, магистр хамгаалсан.

Ажлын туршлага

  • 2003-2006 онд Зэвсэгт хүчний 326-р анги-Соёл хүмүүжлийн зааварлагч, Соёл хүмүүжлийн албаны дарга
  • 2005 -2006 онд Ирак Улсад энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж, цэргийн албан хаагчдын сэтгэл зүйн асуудлыг хариуцан ажиллаж байсан.
  • 2006-2014 онд Зэвсэгт хүчний Жанжин штаб-Цэргийн сэтгэл зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн
  • 2017 онд Зэвсэгт Хүчний Жанжин Штаб-Иргэн, цэргийн харилцааны хэлтсийн тасгийн дарга, Олон нийттэй харилцах ахлах мэргэжилтэн

4

ТАНЫ МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ?

Бидний мэргэжил асар өргөн цар хүрээтэй. Учир нь өнөөдрийн нийгмийн амьдрал, шинжлэх ухаан, техник технологийн үсрэнгүй хөгжлийн гол цөм, хөдөлгөгч хүч, түлхүүр нь хүн юм. Тэгвэл бид тэр түлхүүрийн шинж чанар, хувьсал, өөрчлөлтийг судалж, танин мэдэж байдаг мэргэжлийн хүмүүс. Өөрөөр хэлбэл бидний амьдарч буй нийгэм, нийгмийн амьдрал тэр чигээрээ хүмүүс хоорондын харилцаан дээр өрнөдөг. Ямар ч орчин үеийн өндөр, дэвшилтэт технологи байлаа гээд түүний хөдөлгөгч нь хүн. Хүний боломж, чадавхи шавхагдашгүй бөгөөд хязгааргүй тул тэр утгаараа үгээр илэрхийлэх аргагүй их онцлогтой, давуу талтай мэргэжил гэж би боддог.

ТАНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Сургууль төгсөж ирээд удаагүй байна. Шинжлэх ухаан, эрдэм мэдлэгийн их өлгий нутагт мэргэжил дээшлүүлсэндээ маш их баяртай байгаа. Мэдээж үзсэн харсан, сонссон дуулсан юм их бий. Тэр бүхнээ аль болох эх орондоо бүтээж бий болгож, дэлгэрүүлэхийг зорьж байна. Аливаа ажлыг хийх гэж байгаа гэж зарлаж ярих дургүй. Харин хийсэн бүтээснийг минь хожим хүмүүс ярилцахыг сонсох сайхан байдаг.

ТАНЫ ЯГ ОДОО ТӨВЛӨРӨН ХИЙЖ БАЙГАА СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ

Би цэргийн сэтгэл зүйн чиглэлээр ажиллаж байсан. Яг энэ чиглэлээрээ ОХУ-д магистр хамгаалсан. ОХУ-д цэргийн сэтгэл зүйн асуудлыг маш өндөр түвшинд авч үздэг. Үүнээс улбаалаад дэлхийн бусад орнууд ОХУ-ны жишгээр цэргийн сэтгэл зүйн асуудлыг өндөр түвшинд өргөн хүрээнд авч үзэх болсон. Миний хувьд магистрын ажил хамгаалсан маань том даваа байсан. Судалгааны ажлаа үргэлжлүүлэх, Монгол Улсынхаа Зэвсэгт хүчний онцлогт тохируулан дэлгэрүүлэн, хөгжүүлэх зорилтууд бий.

ТА ӨДӨРТ ХЭДЭН ЦАГ АЖИЛЛАДАГ ВЭ?

Олон цагаар ажилладаг даа. Сэтгэл зүйч гэдэг мэргэжил маань манай улсад харьцангуй залуу шинжлэх ухаан, залуу салбар. Өнөөдөр манай нийгэм энэ мэргэжлийг ойлгож, хүлээж авах хандлагатай болсон байна. Энэ нь бидний хувьд чамлахааргүй амжилт юм. Хандлагыг өөрчлөхийн тулд сэтгэл зүйч гэдэг мэргэжлийг эзэмшсэн хүн бүр өөр өөрийнхөө хүрээнд тасралтгүй, тууштай, зорилготойгоор чамгүй олон жил ажилласны үр дүнд ийм хэмжээнд хүрсэн гэж ойлгож байна. Би ч гэсэн өөрийнхөө хүрээнд хувь нэмрээ оруулсан гэж боддог. Сэтгэл зүйн талаархи ойлголт огт төлөвшөөгүй байх үед өөрийгөө, мэргэжлээ хүмүүст, хамт олондоо ойлгуулж, мэдрүүлэхийн тулд бусдаас илүү ажиллаж хөдөлмөрлөх шаардлага гардаг.

АЖИЛДАА ХАМГИЙН ИДЭВХИТЭЙ ХАНДДАГ ЦАГ

Бүх цагт идэвхитэй ажиллахыг эрхэмлэдэг. Гэхдээ мэдээж өглөө эрч хүч илүү байдаг. Өглөө ажилдаа ирээд хамгийн түрүүнд өнөөдрийнхөө ажлын жагсаалтыг хараад цаг хугацааны дараалал, ажлын агуулга, ач холбогдлоор нь дарааллуулаад захаас нь аваад хийдэг.

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭ ХЭРХЭН ӨНГӨРӨӨДӨГ ВЭ?

Хүүхдүүдээ бага байхад өөрийнхөө дуртай зүйлийг хийгээд өнгөрөөдөг байсан. Одоо хүүхдүүд томроод ирэхээр гэр бүлдээ цаг зарцуулсангүй гэсэн шүүмжлэлд өртөх болсон. Тиймээс “хүүхдүүдээ хүүхэд насанд нь хүүхэд шиг байлгаж, хайр халамжаар дутаахгүй юмсан” гэх эцэг хүний үүрэг хариуцлагыг сүүлийн үед ойлгох болсон. Тэд маань үргэлж надад эерэг энерги, эрч хүч өгч, юуны төлөө ажиллаж амьдарч байгаа зорилгыг минь тодруулж сануулж өгдөг.

ЦАГАА ХЭРХЭН ЗӨВ ЗАРЦУУЛАХ ТАЛААР

Зарим тал дээр нь өөртөө шүүмжлэлтэй хандах тохиолдол гардаг. Цаг хугацааг ямар нэгэн зүйлд зориулаад ажиллахад зөв зүйлд цагаа зарцуулж уу? үгүй юу? гэдгийг цаг хугацаа өөрөө харуулаад өгдөг юм байна. Миний хувьд би цаг хугацааг зөв зүйлд зарцуулж, үр бүтээлтэй өнгөрүүлжээ гэж дүгнэж байна.

СЭТГЭЛ СУДЛААЧДЫН АМЬДРАЛДАА ХАНДАХ ХАНДЛАГА

Анх хүнтэй танилцаад ажил мэргэжлээ хэлэхэд хүмүүс “би ер нь ямар хүн байна, одоо яах гэж байна” гээд шууд сорьж байгаа ч юм шиг асуулт асуух тохиолдол олон. Тэр үед би ингэж хариулдаг байсан. “Би сэтгэл зүйч биш хуульч байлаа гэж бодъё, та бид 2 ярилцаж суугаад өдрийн хоол идэхдээ таны алхам тутамд хуулийн тайлбар хийгээд, цайны цагаа хэтрүүлбэл та хөдөлмөрийн тухай хуулийн тэдийн тэдийг зөрчлөө, захиргааны хариуцлагын дагуу тийм шийтгэлтэй” гээд яриад байвал танд ямар байх вэ? гэж хэлэхээр хүмүүс ойлгодог. Миний мэргэжил л сэтгэл зүйч, ажлынхаа байран дээр ажлынхаа талбарт мэргэжлийнхээ чиг хандлагаар хүмүүстэйгээ харилцана. Бусад үед би хүн учраас өөрийнхөөрөө эцэг эхээс заяасан унаган зан чанараараа байдаг даа.

ИРЭЭДҮЙД ТАНЫ АЖИЛ АМЬДРАЛД ГАРАХ ӨӨРЧЛӨЛТИЙГ НЭРЛЭВЭЛ

Хүн үргэлж урагшаа тэмүүлж, харж, ажиллаж, амьдрахыг хичээн зүтгэдэг. Миний хувьд өнгөрсөн хугацаанд “би хэн бэ?” гэдгээ л маш сайн таньж, ойлгож авсан. Энэ бол миний бусдаас ялгарах маш том давуу тал гэж би хардаг. Яагаад гэвэл хэмжээ хязгааргүй орон зайг амьдрал гэж төсөөлвөл би энэ орон зайн аль хэсэгт оршиж байна вэ? гэдгээ олсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл надад зорилгодоо хүрэхэд “юу байна”, “юу байхгүй байна”, ямар сул болон давуу тал байна гэдгээ мэдэж авна гэсэн үг. Амьдрал хөгжил, хөдөлгөөн дунд оршиж байдаг учраас мэдээж байгаа цэгээсээ хаа нэгтээ явах хэрэгтэй болно. Өөрийгөө олчихсон байхад хаашаа явах, түүндээ яаж хүрэх гээд их олон зүйл тодорхой болно. Надад юу байдаг, надаас юу гарах боломжтой, тэр бүгдийг уялдуулж зохицуулаад хийж бүтээх боломжтой бүхэнд өөрийгөө сориод зүтгэнэ гэсэн бодолтой явдаг.

СЭТГЭЛ СУДЛААЧИЙН ҮҮДНЭЭС БУСДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Бусдаас биш өөрөөсөө хамааралтай амьдарч, амьдралдаа сэтгэл хангалуун явах нь миний хувьд чухал санагддаг. Боломж бүрдэхийг хүлээх биш, боломжийг бүрдүүлэхийн төлөө л яваасай гэж хэлэх байна. Хүн бүхэн аливааг эерэгээр өөрчлөх, өөрчлөгдөхийг хүсч хүлээдэг. Цаг хугацааны эрхээр тэр өөрчлөлт аяндаа ирнэ. Харин тэр үед тэрхүү хүлээсэн сайн сайхантай хөл нийлж, хоцрохгүй алхахын тулд бага гэлтгүй өөрчлөлтийг өөрөөсөө  хийж хэвших, түүнийгээ дадал, хэвшил болгохын төлөө л хичээгээрэй гэж зөвлөе! Би хэн бэ? гэдгээ үргэлж санаж, юу надад эрч хүч өгдөг, юу намайг тайвшруулж тайтгаруулдаг, зорилгод маань ойртуулдаг юм бэ? юу надад саад болдог вэ? гэдэг зүйлийг л өөртөө мэдээд авчихвал хүн өөрийгөө ухамсартайгаар удирдаад явах боломжтой төдийгүй сэтгэл зүйн тэсвэр, хатуужилтай, дархлаа сайтай болох юм даа.

БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ

Би шударга зан чанарыг эрхэмлэдэг, өөрөө ч шударга байхыг эрмэлздэг болохоор хүмүүсээс энэ чанарыг хүлээдэг. Шударга бус зүйлд үнэн голоосоо дургүй.

ӨӨРТӨӨ АМЬДРАЛДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙХАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛ

Монголчууд “Ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй” гэдэг шүү дээ. Орчин үеийн ойлголтоор бол чи ганцаараа “супер” байгаад ч тусгүй, бүгдээрээ сайн байх нь илүү их амжилтын түлхүүр гэж ойлгож болох байх. Өөртөө амьдралдаа сэтгэл хангалуун байхад нөлөөлөх хүчин зүйл нь минийхээр хүн өөрийгөө юугаар хүрээлүүлсэн бэ? гэдгээс шалтгаалах байх. Сайхан гэр бүл, хамт олон, найз нөхөд, сайн сайхан, гэрэл гэгээтэй бүхнээр өөрийгөө хүрээлүүлж чадвал амьдралдаа сэтгэл хангалуун байх үндэс нь тэр байх. Тэр сайхан бүхний дунд харин өөрөө муу нь байхгүйн төлөө л хичээж зүтгэх ёстой.

ТАНЫ ХУВЬД АМЬДРАЛДАА АВДАГ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ

Удаан хугацаанд хөдөлмөрлөж, хүлээж зорьсон ажлынхаа ард гарах, түүнээсээ  эрч хүч, урам зориг авах л их сайхан мэдрэмж юм даа.

ХИЙЖ ҮЗЭХИЙГ ХҮСДЭГ ЗҮЙЛ

Би харьцангуй олон төрлийн ажил хийж  үзсэн гэж боддог. Сониуч зантай маань холбоотой байж магадгүй. Манай улс том газар нутагтай, харьцангуй цөөн хүн амтай.  Зэвсэгт хүчин маань энэ газар нутгийнхаа бүрэн бүтэн, халдашгүй дархан байдлыг гадны зэвсэгт түрэмгийллээс хамгаалах үндсэн чиг үүрэгтэй. 1990-д оноос хойш энэ чиг үүргийг манай Зэвсэгт хүчин бие даан дангаараа гүйцэтгэх үүрэг хүлээж, цэргийн шинэчлэлийн бодлогоо тодорхойлж, цомхон чадварлаг, мэргэжлийн чиг хандлагатай Зэвсэгт хүчнийг төлөвшүүлэхийн төлөө эрчимтэй ажиллаж байна. Цомхон, чадварлаг, мэргэжлийн чиг хандлагатай байна гэдэг нь олон талтай, өргөн хүрээтэй ойлголт бөгөөд тайлбарлавал багагүй цаг үрнэ байх. Энгийнээр ойлговол офицер нэг бүр дор хаяж хоёроос гурван хүний албан тушаал дээр хөрвөн ажиллах чадвартай байна гэж ойлгож болно. Тиймээс чамлахааргүй ажлыг хийж, зах зухыг нь гадарлахтай болсон болохоор яг хийж үзэхийг хүссэн ажил хараахан байхгүй байна. Шинэхэн албан тушаалд томилогдсон болохоор  надад хүлээлгэсэн итгэлийг, үүрэг хариуцлагыг дааж ажиллахыг хичээх болно.

ТАНЫ ХАМГИЙН САЙН ЧАДДАГ ЗҮЙЛ

Өөрийн үнэлэмж байдаг шүү дээ, хэний ч өмнө би энэ тал дээрээ илүү гэсэн зүйл надад бий. Гэхдээ түүнийгээ зарлан тунхаглаж явах дургүй.

БУСДАД БАЙНГА ХЭЛДЭГ ҮГ

Олон л үг хэлдэг дээ. Мэргэжил маань хүнд зөвлөдөг, хүмүүсийг амьдралдаа хөлөө олоод зөв явахад нь тусалдаг учраас өдөр тутамдаа л хүмүүст зөвлөгөө, сургамж хэлдэг. Би айлын том, хүүхэд байхаасаа дүү нартаа аав ээжийгээ эзгүй үед нь орлодог байсан. “Санаа зөв бол заяа зөв” гэж их хэлдэг. Зөв бодолтой, зөв дотортой, сэтгэлтэй байхад зөв бүхэн хүрээлж, тусгал бүхэн нь зөв байна гэдэгт итгэдэг.

ОДОО УНШИЖ БАЙГАА НОМ

Магистрынхаа ажлыг хамгаалахын тулд номтой их нөхөрлөсөн. Тиймээс унших ажлыг түр завсарласан байгаа. Номны талаар хүмүүс янз бүрээр дүгнэж хэлсэн байдаг. Миний хувьд ном бол цаг хугацааг гэтэлгэгч, учир нь зохиогчийн олон жилийн ажиглалт, судалгаа, хүч хөдөлмөр шингэсэн байдаг болохоор тэр. Магадгүй нэг насныхаа амьдралыг зориулж байж бий болгосон мэдлэгийг номоор нь дамжуулаад богино хугацаанд танин мэдэх боломжийг бидэнд олгодог. Номгүйгээр хэдэн арван жил биеэрээ туулж байж ойлгох мэдлэгийг бид шууд уншаад л мэдээд авчихдаг болохоор тэр талаас нь ойлгодог.

ХҮМҮҮСИЙН ЭЕРЭГ СӨРӨГ ХАНДЛАГЫН ТУХАЙД

Би өөрийгөө их эерэг хүн гэж боддог. Хамгийн түрүүнд ямар ч асуудлын эерэг талыг нь олж харахыг хичээдэг. Сөрөг хандлага бол хэнд ч, хэзээ ч, ямар ч сайн зүйл өгөхгүй. Бэрхшээл болгоны цаана дандаа том боломж байдаг. Бэрхшээлүүд тэр хүмүүст үргэлж шинэ боломжийг нээхэд хүргэдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Ингэж харж чадвал магадгүй таны амьдрал хэзээ ч төсөөлж байгаагүйгээр чинь  эерэгээр өөрчлөгдөх боломжтой.

СЭТГЭЛ СУДЛААЧ ХҮН НИЙГЭМД ЯМАР БАЙР СУУРЬТАЙ БАЙНА ВЭ?

Монголынхоо нийгэмтэй сайн танилцаж амжаагүй байна. Мэдээллийн эрин зуунд гурван жил битгий хэл гурав хоногийн өмнөх зүйл хуучирч хоцрогдох нь энүүхэнд учраас одоо ийм, тийм гэж дүгнэхэд өрөөсгөл юм.

УЛСЫН ИРЭЭДҮЙ ТАНЫ НҮДЭЭР

Мэдээж улсынхаа ирээдүйг сайн сайхнаар төсөөлж байна. Сайн сайхнаар төсөөлөхөд хүргэх бодитой үр дүн ч маш их харагдаж байна. Хүн өөртөө байгаа зүйлээ байна гэж бодохгүй, үнэ цэнийг нь тухайн цаг үедээ ойлгохгүй байх хандлагатай байдаг. Үгүй болж, өнгөрсөн хойно нь үнэ цэнийг нь мэдэрч, өнгөрсөн цаг дээр эргэн дурсацгаадаг. Өөрт байгаа зүйлийнхээ үнэ цэнийг нь мэдэрч, түүнээсээ эрч хүч авч, байгаагаар нь хүлээн авч, хайрлаж сурах хэрэгтэй. Илүү сайн сайхан болгохын төлөө хүн бүр сэтгэлээсээ хичээгээд явбал Монгол Улс маань ойрын ирээдүйд улам гэрэл гэгээтэй, өнгөтэй өөдтэй болно гэдэгт итгэлтэй байна. Бэлэнчлэх сэтгэлгээнээсээ салж, хэнтэй ч хуваалцахгүй өөрийнхөө хувь заяаг өөрийнхөө гараар бүтээхийн төлөө иргэн бүр дор бүрнээ чадах зүйлээ, чадлынхаа хэрээр, сэтгэлээсээ чанартай хийдэг байхад л улсын сайхан хөгжил тэртээ хол биш дэргэд байсныг нь ойлгох болно.

Баярлалаа! Сэтгэлийн дуудлагаараа эвлэлдэн бүрэлдэж, зөвхөн байгууллагынхаа хүрээнд бус үндэсний хэмжээнд Монгол хүний хөгжлийн төлөө далайцтай ажиллаж, хийж бүтээж яваа Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн хамт олонд улам их амжилтыг хүсье!

Ярилцсанд баярлалаа танд сайн сайхныг хүсье.

Ярилцсан сэтгүүлч: С.СОЛОНГО