СЭТГЭЛ СУДЛААЧ БАЛЧИНДОРЖИЙН ТУЯА

Шинэ долоо хоногийн дугаарт маань Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Боловсрол Судлалын Сургуулийн Сэтгэл Судлал, Арга Зүйн тэнхимийн эрхлэгч профессор Балчиндоржийн Туяа уригдан оролцлоо.

Боловсрол

1975-1976 онд Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улс- Хэлний бэлтгэл

1977-1982 онд Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын Дрезден хотын Их Сургууль-Сэтгэл Судлалын ангийг дүүргэсэн.

Ажлын туршлага

1983-1986 онд Хөдөө Аж Ахуйн Их Сургууль-Түүхийн кабинетийн эрхлэгч

1986-2001 онд Сургуулийн Өмнөх Боловсролын Сургууль-Багш, Тэнхимийн эрхлэгч

2001 оноос Монгол Улсын Боловсролын Их Сургууль- Боловсрол Сэтгэл Судлалын тэнхимийн сэтгэл судлалын тэнхимд багш, тэнхмийн эрхлэгчээр ажиллаж байна.

2006 онд “Тестийг зохицуулан хэрэглэх туршилт судалгаа” (Оюун ухааныг оношлох Р.Амтхауэрын сорилын жишээн дээр) сэдвээр сэтгэл судлалын ухааны философийн докторын зэрэг (Ph.D.) хамгаалсан.

ТАНЫ МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ?

Бидний эзэмшсэн мэргэжил бусад хүмүүсийг илүү сайн ойлгох, мэдрэх, байгаагаар нь хүлээж авах, шаардлагатай үед нь хүмүүст сэтгэлийн дэм өгөх боломжийг олгож байдгаараа давуу талтай.

ТАНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Манай сургуульд хэрэгжиж байгаа багш бэлтгэх тогтолцооны шинэчлэлийн хүрээнд бид багшийн ангид зориулсан “Боловсролын сэтгэл судлал”, “Хүний хөгжлийн сэтгэл судлал” багц хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлж байгаа. Энэ хоёр хөтөлбөрийг олон улсын магадлан итгэмжлэлд оруулахаар бэлдэж байна. Үүний зэрэгцээ манай тэнхимийн хамт олон сэтгэл судлалын бакалавр, магистр, докторын сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, хичээлийн стандарт, багц хөтөлбөр, мэргэжлийн сурах бичгүүд, үнэлгээний сан боловсруулах чиглэлээр ажиллаж байна.

ТАНЫ ЯГ ОДОО ТӨВЛӨРӨН ХИЙЖ БАЙГАА СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ

ШУТС-ийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Багш мэргэжилтний хандлагыг үнэлэх үнэлгээний үндэслэл боловсруулах” төслийн багт ажиллаж байна.

ТА ӨДӨРТ ХЭДЭН ЦАГ АЖИЛЛАДАГ ВЭ?

Ажлын ачааллаас хамаараад янз бүр. Зарим үед амралтын өдрүүдээр ч ажиллах шаардлага гардаг.

2

АЖИЛДАА ХАМГИЙН ИДЭВХИТЭЙ ХАНДДАГ ЦАГ

Өглөөний цаг хамгийн үр бүтээлтэй байдаг. Мөн оройн хоолоо хийчихээд, гэр орныхоо ажлаа цэгцэлсний дараа 1-2 цагийг бас үр бүтээлтэй өнгөрөөдөг.

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭ ХЭРХЭН ӨНГӨРӨӨДӨГ ВЭ?

Хүүхдүүдтэйгээ сайхан хоол хийж иднэ, ажлын шинэ долоо хоногоо үр бүтээлтэй өнгөрөөхийн тулд гэр орныхоо ажлыг цэгцлэхийг хичээнэ, агаарт гарна.

ЦАГАА ХЭРХЭН ЗӨВ ЗАРЦУУЛАХ ТАЛААР

Хүн бүрт идэвхитэй ажилладаг цаг гэж байдаг. Тэр цагаа л үнэхээр үр бүтээлтэй ашиглах нь чухал гэж боддог.

СЭТГЭЛ СУДЛААЧДЫН АМЬДРАЛДАА ХАНДАХ ХАНДЛАГА

Хүний амьдралд жаргал зовлон, гэрэл сүүдэр ээлжилж байдаг.  Жаргалдаа ташуурахгүй байх, асуудал бэрхшээлээ даван гарах сэтгэлийн тэнхээтэй байх чухал гэж боддог.

ИРЭЭДҮЙД ТАНЫ АЖИЛ АМЬДРАЛД ГАРАХ ӨӨРЧЛӨЛТИЙГ НЭРЛЭВЭЛ

Амьдралд гарах өөрчлөлт гэхээсээ илүү хийх, цэгцлэх хувийн болон хувьсгалын ажлууд бий.

СЭТГЭЛ СУДЛААЧИЙН ҮҮДНЭЭС БУСДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Эзэн хичээвэл заяа хичээнэ. Хүн өөрийнхөө хувь заяаг өөрөө бүтээх нөөц боломж хүн бүрт бий.

БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ

Гэр орны ажил ч бай, эрхэлсэн ажил хөдөлмөр ч бай аль ч ажлыг, сайхан муухай гэлгүй, хөлс мөнгөтэй, үнэ хөлсгүй гэлгүй хариуцлагатай, сэтгэлээсээ хийж гүйцэтгэх, шударга байх зарчмыг баримталдаг.

ӨӨРТӨӨ АМЬДРАЛДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙХАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛ

Амьдралыг минь чиглүүлдэг аав ээжийн алтан сургааль, үр хүүхэд, дотны хүмүүс, сонирхолтой ажил  хөдөлмөр, хамт олон  минь юм даа.

ТАНЫ ХУВЬД АМЬДРАЛДАА АВДАГ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ

Бусдад тус дэм болж чадаж байвал сэтгэл өег байдаг.

3

ХИЙЖ ҮЗЭХИЙГ ХҮСДЭГ ЗҮЙЛ

Хийж үзэхийг хүсдэг зүйл гэхээсээ илүү үр дүнг нь хүсэн хүлээж буй нэг ажил бий. Манай тэнхим туршилтын сэтгэл судлалын лаборатори байгуулах төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Төслийн үр дүнг ихэд хүсэн хүлээж  байгаа.

ТАНЫ ХАМГИЙН САЙН ЧАДДАГ ЗҮЙЛ

Плов гэдэг хоол сайн хийж чаддаг. Оюутан байхдаа узбек оюутнаар плов хийхийг заалгаж байлаа.

БУСДАД БАЙНГА ХЭЛДЭГ ҮГ

“Эзэн хичээвэл заяа хичээнэ”, “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ”. Өөрөө ч энэ зарчмыг баримтлахыг хичээдэг. Хүүдээ, дүү нартаа ч байнга захидаг.

ОДОО УНШИЖ БАЙГАА НОМ

Уран зохиолын ном унших дуртай. Шинээр гарсан ном гэхээс илүү уншиж байсан номнуудаа дахин унших дуртай. Манай гэрийн номын санд хуудаснууд нь элэгдчихсэн 4-5 ном байдаг юм. “Сэтгэлийн хөдөлгөөн, сэдэлжилт, өөрийн удирдлага зохицуулалттай суралцахуй” номыг МОНСУДАР ХХК-ийн захиалгаар герман хэлнээс Монгол хэл рүү хөрвүүлэнгээ уншсан. Багш нарт хэрэгтэй чухал ном.

ХҮМҮҮСИЙН ЭЕРЭГ СӨРӨГ ХАНДЛАГЫН ТУХАЙД

Хүмүүсийн хандлага янз бүр л байдаг. Тухайн хүний боловсрол, гэр бүлийн хүмүүжил гээд олон хүчин зүйлээс хамааралтай. Эрхэлсэн ажилдаа хариуцлагатай сэтгэлээсээ ханддаг, ажлаа хийсэн шиг хийдэг, бусад хүмүүстэй эрүүл зөв харилцаатай хүмүүсийг би их хүндэлдэг.

СЭТГЭЛ СУДЛААЧ ХҮН НИЙГЭМД ЯМАР БАЙР СУУРЬТАЙ БАЙНА ВЭ?

Сэтгэл судлаачдын нийгэмд эзлэх байр суурь улам өсөн нэмэгдэж байна. Тэгсэн ч энэхүү байр суурийг улам бэхжүүлж, бататгахын тулд хийх зүйл их байна. Юуны өмнө Монголын сэтгэл судлаачид хүчээ нэгтгэж, хамтарч ажилламаар санагддаг. Наад зах нь манай сэтгэл судлаачдын бүтээлүүдийг уншиж байхад сэтгэл судлалын нэр томъёог янз бүрээр хэрэглэх юм. Хүн бүр өөр өөрөөр. Энэ асуудлыг манай сэтгэл судлаачид нэг бус удаа хөндөж ярьж байсан хэдий ч өнөөг хүртэл асуудал шийдэгдээгүй, байдал хэвээрээ байх жишээтэй. Хамтарч суурь сурах бичиг боловсруулах, хамтарсан суурь судалгаа хийх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй. Дов довондоо л ажиллаад байх шиг санагддаг.

УЛСЫН ИРЭЭДҮЙ ТАНЫ НҮДЭЭР

Уудам дэлгэр газар нутагтай, байгалийн асар их баялагтай, 3 сая гаруйхан хүн амтай Монгол орны маань ард олон аз жаргалтай, сайхан амьдрах бүрэн боломжтой. Харамсалтай нь өнөөдөр нийгмийн цөөнгүй эмзэг асуудал оршиж байна. Төр засаг хүндээ чиглэсэн бодлого хэрэгжүүлж, хүн бүр өөрийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, ажиллаж, амьдарваас улс орон маань цэцэглэн хөгжих нь дамжиггүй.

Ярилцсанд баярлалаа танд сайн сайхныг хүсье.

Ярилцсан сэтгүүлч: С.СОЛОНГО