СЭТГЭЛ СУДЛААЧ БАТТУЛГЫН ДОРЖ

Шинэ долоо хоногийн дугаарт маань Ховд Их Сургуулийн Боловсрол судлал, арга зүйн тэнхимийн эрхлэгч, сэтгэл судлаач Баттулгын Дорж уригдан оролцлоо.

Боловсрол

  • 2002-2006 онд Монгол Улсын Их Сургууль-Сэтгэл судлаач, сэтгэл судлалын багш,
  • 2007-2008 онд Ховд Их сургуульд Боловсрол судлалын ухааны магистр,
  • 2012 онд Бүгд Найрамдах Солонгос Улс-Ханян Их сургуульд мэргэжил дээшлүүлсэн.
  • 2014 оноос Монгол Улсын Багшийн Их Сургууль-Боловсрол судлалын докторантурт суралцаж байна.

Ажлын туршлага

  • 2006 оноос Ховд Их сургуулийн Сурган Хүмүүжүүлэх Ухаан Сэтгэл Судлалын тэнхимд багш
  • 2011 оноос Ховд Их сургуулийн Сурган Хүмүүжүүлэх Ухаан Сэтгэл Судлалын тэнхимийн эрхлэгч
  • 2016 оноос Ховд Их сургуулийн Сурган Хүмүүжүүлэх Ухаан Сэтгэл Судлалын тэнхимд ахлах багш
  • 2016 оноос Ховд Их сургуулийн боловсрол судлал, арга зүйн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна.

ТАНЫ МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ?

Мэргэжлийн маань онцлог давуу тал нь нийгмийн хөгжлийн гол хөдөлгөгч хүч болсон хүнтэй ажиллаж, тэдэнд зөвлөж, урам зориг өгч, хөгжүүлж байдагт оршдог. Сэтгэл судлаач мэргэжил маань хүүхэд, залуус, хөгшчүүд, эрэгтэй, эмэгтэй болон нийгмийн бүхий л анги, давхарга, ажил мэргэжлийн хүмүүст тусалж байдаг. Сэтгэл судлаач мэргэжлээс гадна сэтгэл зүйн мэдлэг нь өөрийн ажил, амьдралаа зохицуулах, амжилт гаргах, стресс бухимдлаа зохицуулахад хүн бүрт, өдөр бүр хэрэглэгддэг мэдлэг юм. Түүнээс гадна сэтгэл судлал нь удирдахуйн ухаан, нийгэм, хүмүүнлэг, олон нийттэй ажиллах мэргэжлүүд, бизнесийн ухаан, багш, боловсрол судлал зэрэг олон мэргэжлийн үндэс суурь болдог.

ТАНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Би сургуулиа төгсөөд 10 гаруй жил боловсролын салбарт багшлах ажил хийж байна. Миний ажиллаж байгаа Ховд Их Сургууль маань 1979 онд байгуулагдсан 40-өөд жилийн түүхтэй хөдөөгийн ууган их сургууль юм. Манай сургуулийн төгсөгчид баруун бүс нутагт төдийгүй, Монгол орон даяар боловсролын шилдэгүүд болон ажиллаж байна. Энэ цаг үеийн боловсролын тэр дундаа ерөнхий боловсролын салбарт манай сургуулийн төгсөгчид манлайлан ажиллаж байна. Ойрын ажлын төлөвлөгөөний хувьд сэтгэл судлалын судалгааны арга зүйн чиглэлээр гарын авлага гаргах, докторын зэргээ хамгаалах зэрэг ажлууд байна. Хэтийн төлөвлөгөөний хувьд 2016-2017 оны хичээлийн жилээс сургуульд маань боловсрол судлалын докторын анги нээгдсэн. Бүс нутгийн боловсрол судлал, хүн ардын сэтгэл зүйн онцлогыг судлах ажлууд байна.

ТАНЫ ЯГ ОДОО ТӨВЛӨРӨН ХИЙЖ БАЙГАА СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ

Боловсролын сэтгэл судлалын чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлууд хийдэг. Залуусын мэргэжил сонголт, хүмүүжил, төлөвшил, олон нийтийн санаа бодол, багш мэргэжлийн  сэтгэл зүйн чиглэлээр судалгааны ажил хийж байна.

ТА ӨДӨРТ ХЭДЭН ЦАГ АЖИЛЛАДАГ ВЭ?

Голдуу ажлын 8 цагаар ажилладаг. Ажлын нөхцөл байдлаас хамаараад зарим үед 10-12 цаг ажилладаг.

АЖИЛДАА ХАМГИЙН ИДЭВХИТЭЙ ХАНДДАГ ЦАГ

09:00-15:00 цагийн хооронд идэвхтэй байдаг.

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭ ХЭРХЭН ӨНГӨРӨӨДӨГ ВЭ?

Гэр бүлээрээ байхыг хүсдэг. Би их гэр амьтай хүн. Зарим үед хөдөө мал дээр байгаа аав дээрээ очдог. Яруу найрагч О. Дашбалбар гуайн,

“…Өргөн хорвоод зуун жил амьдрахгүй ч хогшил хураагчаас

    Өвлийн шөнө моддыг өрөвддөг аавыгаа илүү ойлгоно чи

    Харь холын шуугиант хот, неоны гэрэл, машины чимээнээс

    Харгуй зам, булаг шанд, хоттой хонио илүү ойлгоно чи” гэсэн агуу мөртүүд сайхан амралт, ажлын эрч хүч  өгдөг.

ЦАГАА ХЭРХЭН ЗӨВ ЗАРЦУУЛАХ ТАЛААР

Оюутан залуустаа аливаа хийж байгаа ажлуудаа эрэмбэлж, ангилж сурахыг зөвлөдөг. Чухал уу, чухал биш үү, яаралтай юу яаралтай бус уу. Өөрөө заавал энэ ажлыг хийх хэрэгтэй юу, үгүй юу гэдгээ өөрөөсөө асууж байх хэрэгтэй.

СЭТГЭЛ СУДЛААЧДЫН АМЬДРАЛДАА ХАНДАХ ХАНДЛАГА

Нэг ч гэсэн хүнд өөртөө итгэх итгэл, хүсэл тэмүүлэл, амьдрах урам зориг, эрч хүч, баяр баясгалан өгөх явдал гэж боддог.

ИРЭЭДҮЙД ТАНЫ АЖИЛ АМЬДРАЛД ГАРАХ ӨӨРЧЛӨЛТИЙГ НЭРЛЭВЭЛ

Мэдээж бүл нэмэх байх,  бодож төлөвлөж байгаа ажлууд байгаа.

СЭТГЭЛ СУДЛААЧИЙН ҮҮДНЭЭС БУСДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Салхинд туугдах навч адил ийш тийш хийсэхийн оронд та өөрөө салхи байж, амьдралыг навч адил хүссэн зүг рүүгээ хийсгэ гэж зөвлөе.

БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ

Хүн бүрийн үзэл бодол, итгэл үнэмшлийг хүндэтгэж харилцахыг хичээдэг. Бусадтай санаа бодол нийлэхгүй байсан ч тэр хүнийг ойлгохыг хичээдэг.

ӨӨРТӨӨ АМЬДРАЛДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙХАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛ

Тулж түшдэг сайхан хань ижил, гэр бүл минь, аав, ээж, ах, эгч, дүү, хамаатан садан минь, бусдад буян түгээдэг сайхан ажил минь, гар нийлдэг гайхамшигтай ажлын хамт олон минь, санаа бодол нийлдэг найз нөхдүүд минь амьдралдаа сэтгэл хангалуун байхад нөлөөлдөг.

ТАНЫ ХУВЬД АМЬДРАЛДАА АВДАГ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ

Гэр бүлээрээ хөдөө, байгалийн сайханд амрах нь сайхан мэдрэмж төрүүлдэг.

ХИЙЖ ҮЗЭХИЙГ ХҮСДЭГ ЗҮЙЛ

Монгол хүүхэд, залуусыг иж бүрэн судалж, оношилдог дэлхийн жишиг, стандартад нийцсэн төв байгуулах юмсан гэж боддог.

ТАНЫ ХАМГИЙН САЙН ЧАДДАГ ЗҮЙЛ

Аливаа зүйлийг бусдад тайлбарлан ойлгуулах юм болов уу.

БУСДАД БАЙНГА ХЭЛДЭГ ҮГ

Эзэн хичээвэл, заяа хичээнэ.

5

ОДОО УНШИЖ БАЙГАА НОМ

Америкийн Энхтайваны корпусын ажилтан эхнэртэй минь хамт хоёр жил ажиллаад буцсан сайн дурын ажилтны бэлэглэсэн “Life skills and leadership” номыг болон дээд боловсролын шинэчлэлийн төслөөс гаргасан CDIO сургалтын багцуудыг одоо уншиж байна.

ХҮМҮҮСИЙН ЭЕРЭГ СӨРӨГ ХАНДЛАГЫН ТУХАЙД

Янз бүрийн хандлагатай хүмүүс байдаг. Амьдралыг гэрэл гэгээтэй талаас нь харж баярлаж, аз жаргалтай амьдардаг олон хүмүүс байхад юм бүхний сөрөг талыг харж байдаг хүмүүс ч байдаг. Тэр хүний харах өнцөг л тэр юм даа.

Энд нэг зүйлийг хэлэхэд хувь хүн, хамт олон, үндэстэн, ард түмнээрээ эерэг хандлагатай байвал улс орны маань хөгжилд ч урагштай байх болов уу гэж боддог. 2012 оны зун БНСУ-д хагас жилийн хугацаатай мэргэжил дээшлүүлсэн. Лондонгийн зуны олимп болж байсан цаг таарсан. Сөүлийн бүхий л телевизүүдээр Солонгос тамирчид хэрхэн амжилт гаргаж байгаа тухай мэдээ л тасралтгүй гарч байлаа, Ялагдаж байгаа тухай бараг гарахгүй шүү дээ. Тэгээд ч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нь голдуу солонгос хүн хаана, хэрхэн амжилт гаргаж байгаа тухай мэдээлэл л голдуу гардаг юм билээ. Манай улсын сэтгүүлчид, олон нийтийн хэвлэл мэдээллийнхэн энэ тал дээр анхаарах ёстой.

СЭТГЭЛ СУДЛААЧ ХҮН НИЙГЭМД ЯМАР БАЙР СУУРЬТАЙ БАЙНА ВЭ?

Нийгмийн хөгжлөө дагаад хүмүүс ч сэтгэл судлалын шинжлэх ухааны ач холбогдлыг ойлгож, дэмжиж байна. Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн хамт олноос эхлээд олон байгууллага, хувь хүмүүс сэтгэл судлалын мэргэжлийн үйлчилгээг нийгэмд үзүүлж байгаад талархаж явдаг. Сайны хажуугаар саар гэгчээр зөвхөн мөнгөний хойноос чиглэсэн, хүмүүсийн толгойг эргүүлсэн, мэргэжлийн бус олон үйл ажиллагаа бас явагдаж байна. Үүнийг цэгцлэх шаардлагатай. Гол нь сэтгэл судлаачид хүмүүсийг өөрийн амьдрал, аз жаргал нь өөрөөс нь хамаарахыг ойлгуулж, өөрт тохиолдож байгаа саад бэрхшээлээ өөрөө зөв тодорхойлж, алдаа оноогоо үнэн зөвөөр дэнсэлж, стресс бухимдлаа зөв зохицуулж, амжилт, бүтээлээр дүүрэн аз жаргалтай амьдрахад нь туслах хэрэгтэй.

УЛСЫН ИРЭЭДҮЙ ТАНЫ НҮДЭЭР

Хийморь сүлд нь өөдөө босоо заяат Монгол түмний буян заяа өөдрөг байна гэдэгт итгэлтэй байна. Улс үндэстнээрээ гаргаж байгаа алдаагаа засаж, ололтоо бататгаад явах хэрэгтэй. Өөртөө итгэлтэй, өөдрөг хүсэл тэмүүлэлтэй, түүх соёл, улс үндсээрээ бахархдаг, хариуцлагатай, ажилсаг, соёлтой, тэсвэр тэвчээртэй хойч үе, залуус сайхан Монгол орны ирээдүйг гэрэлтүүлнэ. Ийм иргэдийг бэлдэхэд сэтгэл судлаачдын үүрэг маш их байна. Үүнийг Монголын сэтгэл судлаачид хийж чадна гэдэгт итгэлтэй байна. Энэ дашрамд мэргэжил нэгт нийт Монголын сэтгэл судлаачиддаа тэр дундаа хөлийг минь дөрөөнд, гарыг минь ганзаганд хүргэж энэ сайхан мэргэжлийг эзэмшүүлсэн  Монгол Улсын Их Сургуулийн боловсрол, сэтгэл судлалын нийт эрдэмтэн багш нартаа баярлаж талархсанаа илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

Ярилцсанд баярлалаа танд сайн сайхныг хүсье.

Ярилцсан сэтгүүлч: С.СОЛОНГО