СЭТГЭЛ СУДЛААЧ ГАНТӨМӨРИЙН ТҮВШИНЖАРГАЛ

Энэ удаагийн дугаарт маань Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвийн сургалт мэдээлэл, арга зүй хөтөлбөрийн зохицуулагч, сэтгэл судлаач Гантөмөрийн Түвшинжаргал уригдан оролцлоо.

Боловсрол

  • 2001-2005 онд Монгол Улсын Их Сургууль- Сэтгэл судлал
  • 2016 он Монгол Улсын Их Сургууль- Магистрантур

Ажлын туршлага

  • 2006-2009 онд Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвийн Хүүхдийн хамгаалах байр-Сэтгэл судлаач
  • 2010 оноос Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв-Сургалт мэдээлэл арга зүй хөтөлбөрийн зохицуулагчаар ажиллаж байна.

ТАНЫ МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ?

Манай байгууллага Монгол Улсад гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалах шууд үйлчилгээ, тэр дундаа клиник сэтгэл зүйн үйлчилгээг үзүүлж эхэлсэн анхны төрийн бус байгууллага. Манай сэтгэл зүйн үйлчилгээ нь нийгмийн ажлын болон эрх зүй, аюулгүй байдлыг хамгаалан байрлуулах зэрэг бусад үйлчилгээтэйгээ уялдсан,цогц үйлчилгээ үзүүлдгээрээ бусад сэтгэл зүйн төвүүдийн үйлчилгээнээс ялгаатай. Хамгийн гол нь хүний эрхэд суурилсан, фенимист чиг хандлагатай байдгаараа давуу талтай.

ТАНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Цаашид эмэгтэйчүүдийн, ялангуяа гэр бүлийн хүчирхийллийн болон бэлгийн хүчирхийллийг даван туулагч эмэгтэйчүүдийг амьдралдаа өөрөө өөрийнхөө эзэн болоход нь дэмжлэг үзүүлэх, тэр эмэгтэйчүүдийн хувийн болон хамтын манлайллыг хөгжүүлэх хөтөлбөрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлыг төлөвлөж байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирогч,даван туулагчид нийгмээс тусгаарлагдсан, өөрийн үнэлэмж буурсан, шийдвэр гаргах эрх мэдлээ алдсан буюу хүчирхийлэл үйлдэгчийн эрхшээлд орсон байдаг. Бид даван туулагчдад зориулсан манлайллын хөтөлбөрийг хэрэгжүүлж эмэгтэйчүүдийг аюулгүй бусдын эрхшээлд бус өөрийнхөө эрх, эрх чөлөөгөөр амьдрахад дэмжлэг болохоор зорьж байна.

ТАНЫ ЯГ ОДОО ТӨВЛӨРӨН ХИЙЖ БАЙГАА СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль шинэчлэн батлагдаж энэ оны 02 сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуульд сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээ нь үйлчилгээний нэг төрөл болж орсон байгаа. Тиймээс нийгмийн ажилтан, сэтгэл судлаачдыг хүний эрхэд суурилсан, жендерийн мэдрэмжтэй, ёс зүйтэй, мэргэжлийн үйлчилгээг хохирогч, даван туулагчдад үзүүлэхэд мэдээлэл, арга зүйгээр хангах сургалтын хөтөлбөр, модул боловсруулахад төвлөрөн ажиллаж байна.

ТА ӨДӨРТ ХЭДЭН ЦАГ АЖИЛЛАДАГ ВЭ?

Өдөрт найман цаг ажилладаг.

АЖИЛДАА ХАМГИЙН ИДЭВХИТЭЙ ХАНДДАГ ЦАГ

Өдөр тутамдаа үйлчлүүлэгчтэй ажилладаг болохоор өглөө 09-18 цаг хүртэл идэвхитэй байдаг.

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭ ХЭРХЭН ӨНГӨРӨӨДӨГ ВЭ?

Манай байгууллага нь гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөж, биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэндээрээ хохирсон, хууль шүүхийн байгууллагаар эрхээ хамгаалах шаардлагатай зэрэг олон хэцүү асуудалтай тулгарсан үйлчлүүлэгчидтэй ажилладаг хямралын үеийн үйлчилгээ үзүүлдэг учраас амралтын өдрүүдээр өөрийгөө амраах, гэр бүлдээ цаг зарцуулах тал дээр илүү их цаг өнгөрөөдөг.

ЦАГАА ХЭРХЭН ЗӨВ ЗАРЦУУЛАХ ТАЛААР

Хувь хүн, ажлын байрны онцлогоос шалтгаалаад өөр байх болов уу. Би яг ямар хүн бэ? миний эрч хүчтэй, бүтээлч байх цаг хэзээ байдаг юм бэ? гэдгээ мэдэх, судлах хэрэгтэй. Мөн миний ажлын онцлог ямар байх вэ? түүндээ тохируулаад ажлын цагийн менежментээ хийвэл илүү үр дүнтэй болох болов уу? гэж бодож байна.

СЭТГЭЛ СУДЛААЧДЫН АМЬДРАЛДАА ХАНДАХ ХАНДЛАГА

Мэдээж хүн л юм чинь сайн, муу бүх л зүйл тохиолдоно. Сэтгэл зүйчид нь бусад мэргэжлийн хүмүүсийг бодвол хувийн амьдралдаа хандах хандлага нь асуудлыг олон талаас нь дүгнэх, тухайн цаг хугацаанд нь шийдвэрлэх сэтгэлийн тэнхээтэй, эрсдэлийг тооцож үзэх тооцоотой байх гэж бодож байна. Хамтарч ажилладаг сэтгэл зүйчдээ ажиглаж байхад ч анзаарагддаг.

ИРЭЭДҮЙД ТАНЫ АЖИЛ АМЬДРАЛД ГАРАХ ӨӨРЧЛӨЛТИЙГ НЭРЛЭВЭЛ

Үйлчлүүлэгтэй тулж ажиллаад 10-д жил болсон байна. Тиймээс үйлчилгээний практик туршлага дээрээ үндэслэн судалгаа шинжилгээний түвшинд ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Монголд энэ шинжлэх ухааныг хөгжүүлэхийн тулд зөвхөн эндээ ажиллах биш олон улсын туршлагаас судлах, суралцаж ирээд Монголдоо нэвтрүүлэх, хөгжүүлэх зорилготой байна.

СЭТГЭЛ СУДЛААЧИЙН ҮҮДНЭЭС БУСДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Зарим хүмүүс ямар нэгэн асуудалтай тулгараад түүнийгээ бодитоор олж харж, шийдэл гарцыг олохын тулд мэргэжлийн хүнтэй зөвлөлдөх гэхээсээ илүү хий хоосон мухар сүсгэнд автах, хэн нэгний хэлсэн ам дамжсан зөвлөгөө, зөвлөмжийг хэрэгжүүлэх гэж цаг их алдаж асуудлаа улам хүндрүүлдэг тал байдаг. Сэтгэл зүйн болон биеийн эрүүл мэнд, амьдралд гарч байгаа хүнд хэцүү асуудлыг шийдвэрлэхийн тулд мэргэжлийн хүнд нь л хандаасай, асуудлыг бодитойгоор олж харах, дүгнэх, өөртөө болон амьдралдаа хэрэгтэй зөв шийдвэр гаргахад нь туслах мэргэжлийн хүнд хандаасай гэж зөвлөмөөр байна.

БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ

Ямар нэгэн асуудалд уян хатан хандах, асуудалд тохирсон шийдвэрийг гаргахдаа багаараа зөвлөлдөх, ёс зүйтэй, үнэнч байх гэсэн зарчмыг баримталдаг.

ӨӨРТӨӨ АМЬДРАЛДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙХАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛ

Яг одоо сайхан зүйл байвал өнгөрсөнд үлдсэн хэцүү зүйлийг мартаад тэр сайн сайхныг мэдрэхийг хичээдэг. Харин хүнд хэцүү зүйл тохиолдоход өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн цаг хугацааг гурвууланг нь авч үздэг. Өнгөрсөнд сайхан зүйл байсан эсвэл ирээдүйд сайн сайхан зүйл учирч болно гэсэн хүсэл мөрөөдлөөр амьдралдаа эерэгээр ханддаг байхад сэтгэл хангалуун байх боломжтой. Сэтгэл хангалуун байхад нөлөөлөх зүйлсийг зөвхөн материаллаг, гадаад орчноос олж авах бус сэтгэлийн амар амгалан, дотоод эрч хүч, өөрт байгаа сайн сайхан зүйлсээс бас олж авдаг.

ТАНЫ ХУВЬД АМЬДРАЛДАА АВДАГ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ

Ээж болсноосоо хойш хүүхдийнхээ инээд хөөр, баяр баясал, аз жаргалтай байгааг харж хамгийн сайхан мэдрэмжийг авдаг болсон. Мөн байгалийн сайханд аялаж зугаалах, найз нөхөдтэйгээ ярилцах, сайхан ном унших, кино үзэх, амттай хоол идэх гээд сайхан мэдрэмж авах маш олон зүйлс байна.

ХИЙЖ ҮЗЭХИЙГ ХҮСДЭГ ЗҮЙЛ

Мэргэжлийнхээ хувьд алдартай сэтгэл зүйчийн ганцаарчилсан зөвлөгөөнд нь орж хөндлөнгөөс ажиглаж үзэх юмсан гэж боддог. Хувь хүнийхээ зүгээс экстрем зүйлүүд ялангуяа өндрөөс чөлөөт уналт хийх, шүхрээр буух зэргийг хийж үзэхийг хүсдэг.

ТАНЫ ХАМГИЙН САЙН ЧАДДАГ ЗҮЙЛ

Ээж, том хүний байр суурь биш яг найз нь юм шиг, ижил насны хүүхэд шиг хүүхдүүдтэй тоглож, ярилцаж, ойлголцож чаддаг.

БУСДАД БАЙНГА ХЭЛДЭГ ҮГ

Таны амьдрал таных л учраас та өөрөө шийдвэр гаргах эрхтэй. Яагаад гэвэл сайн зүйл хийсэн ч, муу зүйл хийсэн ч эргээд хариуцлагыг нь та өөрөө л хүлээх учраас яг өөртөө  тохирсон хамгийн сайн гэсэн шийдвэрээ гаргаарай  гэж хэлдэг.

ОДОО УНШИЖ БАЙГАА НОМ

Сэтгэл зүйн хохирлыг үнэлэх тооцохтой холбоотойгоор л судалгаа шинжилгээний ажлуудыг уншиж байна. Англи, Австралийн туршлагууд бас Монголд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдын  сэтгэл зүйн хохирлыг үнэлэхтэй холбоотой судалгаа хийж байсан юм билээ. Тэр номуудыг уншиж байна.

ХҮМҮҮСИЙН ЭЕРЭГ СӨРӨГ ХАНДЛАГЫН ТУХАЙД

Сэтгэл зүйн боловсролтой холбоотой. Манайд сэтгэл судлалын шинжлэх ухаан хөгжиж эхэлж байна. Зарим хүмүүс яг ямар хандлагатай, тэр нь ажил, амьдралд нь хэрхэн нөлөөлж  байгааг ч мэдэхгүй байдаг. Хэтэрхий их сөрөг хандлагатай, үүнийгээ засч залруулах, өөрчлөх, ёстой гэдгээ ойлгохгүй хүмүүс олон бий. Бүх хүмүүст мэдээж хүрч чадахгүй ч гэсэн ойр дотно байгаа эсвэл үйлчлүүлж байгаа хүмүүстээ аливаа зүйлийг эерэг, сөрөг гээд аль нэг нь давамгайлах биш аль алийг нь олж харахыг зөвлөдөг. Бүх зүйлийг хэтэрхий их сөргөөр хараад байвал мэдээж амьдрал тэр чигээрээ утгагүй, бэрх санагдаж, гутралд орно. Эерэг зүйлийг нь илүү их харвал амьдралаас сайн сайхныг мэдэрнэ. Хэтэрхий их эерэг байвал ямар нэгэн эрсдэлийг тооцож чадахгүй, эрсдэлд өртөж болзошгүй.

СЭТГЭЛ СУДЛААЧ ХҮН НИЙГЭМД ЯМАР БАЙР СУУРЬТАЙ БАЙНА ВЭ?

Сэтгэл судлаачдыг салбар салбартаа илүү мэргэшиж ажиллаасай гэж хүсдэг. Одоогоор хууль эрх зүйн тогтолцоо нь ч гэсэн хэцүү байна. Ажлын байр ховор байгаа учраас сэтгэл судлаачдын хувьд хөгжье илүү олон салбарт хүрч ажиллая гэсэн ч дэмжлэг дутуу байна. Илүү нэгдмэл, нэг дээвэртэй байх хэрэгтэй. Холбоо байгаа ч сайн ажиллаж чадахгүй байгаа. Хөрөнгө санхүүтэй ч гэсэн холбоотой л байх. Нэгдэж ажиллах, улсын зүгээс бодлогоор, мөнгө санхүүжилтээр ч гэсэн дэмжих хэрэгтэй гэж хардаг.

УЛСЫН ИРЭЭДҮЙ ТАНЫ НҮДЭЭР

Сайн сайхан болно гэж итгэдэг. Одоохондоо эдийн засаг, нийгмийн хувьд хэцүү байгаа. Нийгмийг түгшээсэн олон асуудлууд, хүнд хэргүүд гарч байгаа ч улсын ирээдүй сайн сайхан болно гэж боддог. Ялангуяа хүүхэд залуучуудад чиглэсэн нийгмийн сайн сайхан ажлууд түлхүү хийгдэнэ гэж найдаж байна.

Ярилцсанд баярлалаа танд сайн сайхныг хүсье.

Ярилцсан сэтгүүлч: С.СОЛОНГО