СЭТГЭЛ СУДЛААЧ ЧӨӨПӨЛИЙН САНЖМЯТАВ

Шинэ долоо хоногийн дугаарт маань Удирдлагын Академийн сэтгэл судлал, судалгааны аргазүйн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор, сэтгэл судлаач Чөөпөлийн Санжмятав уригдан оролцлоо.

Боловсрол

  • 1979-1982 онд МАА-ийн 065-р ангид цэргийн албан хаагч
  • 1982-1983 онд Ховд аймаг Улсын Багшийн Их Сургууль-Түүх газар зүйн анги
  • 1983-1988 онд Зөвлөлт Холбоот Улсын Ростовын Их Сургууль-Сэтгэл зүйч, сэтгэл судлалын багш
  • 1990-1992 онд ОХУ Ростовын Их Сургууль-Сэтгэл судлалын ухааны магистр
  • 1993-1997 онд Боловсролын хүрээлэн, УБИС-ийн докторантур, Сэтгэл судлалын ухааны доктор
  • 2003-2008 АНУ-д Нийгмийн сэтгэл зүйн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн

Ажлын туршлага

  • 1983-2000 онд Ховд дахь Улсын Багшийн Их Сургуулийн Сурган, сэтгэл судлалын тэнхим-Багш, ахлах багш, дэд профессор, тэнхимийн эрхлэгч
  • 2000-2003 онд Улаанбаатар хот Боловсролын Дээд Сургууль-Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал
  • 2008 оноос Удирдлагын Академийн Сэтгэл судлалын тэнхим-Дэд профессор, профессор, тэнхимийн эрхлэгч

ТАНЫ МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ?

Сэтгэл судлалын мэргэжил гэдэг бол хүнийг шинжин таних онцлогтой мэргэжил. Ялангуяа ХХI зуунд сэтгэл судлалын шинжлэх ухаан давамгайлах шинж чанартай болж ирж байгаа. Энэ нь бидний мэргэжлийн онцлог, эрэлт хэрэгцээг тодорхой харуулж байна гэж үзэж болно.

ТАНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Бид их, дээд сургууль, хүрээлэн тодорхой салбарын хүрээнд ажиллаж байгаа учраас тэр салбарынхаа онцлогтой холбоотойгоор ажлын төлөвлөгөө гаргадаг. Тухайлбал Багшийн Их Сургуульд багшлах чиглэлээр судалгаа шинжилгээний ажлын төлөвлөгөө гаргаж байсан бол Монгол Улсын Их Сургуульд суурь судалгааны чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийгдэх жишээтэй. Төрийн удирдлагын чиглэлээр ажиллаж байгаа учраас удирдлагын сэтгэл зүй, харилцааны сэтгэл зүй, насан хүрэгчдийн сэтгэцийн оношилгооны чиглэлээр судалгааны ажлаа төлөвлөөд ажиллаж байна даа.

ТА ӨДӨРТ ХЭДЭН ЦАГ АЖИЛЛАДАГ ВЭ?

Ерөнхийдөө нийт ачаалалтай нь найман цаг. Их, дээд сургуулийн багш нар, эрдэм шинжилгээний ажилтнууд бусад цагаараа тодорхой хугацаанд судалгаа шинжилгээний ажил хийдэг. Найман цаг дээр тодорхой цаг нэмэгдэнэ гэсэн үг л дээ.

АЖИЛДАА ХАМГИЙН ИДЭВХИТЭЙ ХАНДДАГ ЦАГ

Өглөө эрт ажлын ачаалал их байдаг. Өдөр 14-17 цагийн хооронд эрчимтэй байх нь ажиглагддаг.

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭ ХЭРХЭН ӨНГӨРӨӨДӨГ ВЭ?

Амралтын өдрүүдээр байгаль дэлхийтэй танилцах цэвэр агаарт байхыг чухалчилдаг. Энэ бол бүх хүний эрүүл мэндтэй холбоотой асуудал. Өөрийнхөө судалгааны чиглэлийн ном бүтээл дээр ажиллах суух, анализ хийх жишгээр явагддаг даа.

СЭТГЭЛ СУДЛААЧДЫН АМЬДРАЛДАА ХАНДАХ ХАНДЛАГА

Сэтгэл зүйчдийн амьдралд, нийгэмд хандах хандлага нь их өөдрөг байдаг л даа. Яагаад гэвэл сэтгэл судлалын шнжлэх ухаан нь нийгмийг хүмүүнлэг болгох суурь үндсийг бүрдүүлж өгдөг. Сэтгэл судлалын шинжлэх ухаан хэдий чинээ өндөр хөгжинө төдий чинээ нийгэм хүмүүнлэг шинж чанарыг агуулж байдаг учиртай.

ИРЭЭДҮЙД ТАНЫ АЖИЛ АМЬДРАЛД ГАРАХ ӨӨРЧЛӨЛТИЙГ НЭРЛЭВЭЛ

Бидний зорилго тодорхой, өөрөөр хэлвэл сэтгэл судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх, хувь нэмэр оруулах, залуу сэтгэл зүйчдийг бэлтгэх, эрдэмтдийг бэлтгэх, мэргэжлийн чиглэлээр олон улсын байгууллагатай холбогдох, хамтарч ажиллах гэх мэт маш олон асуудал тулгамдаж байна. Энэ хүрээнд л бидний  ирээдүйн асуудал чиглэгдэж байгаа, энэ чиглэлээрээ ч ажиллаж байна. Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг гээд олон улсын сэтгэл зүйчдийн холбоонд нэгдсэн байгууллага тогтмол хэвлэл гаргаж байна. Эрдэмтэн судлаачид санал бодлоо солилцож хурал зөвлөгөөн хийж товхимол гаргах гэх мэтээр нийгэмд тодорхой хэлбэрээр үйлчилж байна. Цаашид энэ нь улам салбарлан гүнзгийрнэ гэж бодож байна.

СЭТГЭЛ СУДЛААЧИЙН ҮҮДНЭЭС БУСДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Хамгийн гол нь нийгэмд маш их бухамдал стресс үүсч байна. Сэтгэл зүйчийн зүгээс хандаж хэлэхэд нийгмийн стресс бухимдлыг бууруулахад хувь хүний өөрийнх нь боловсрол, сэтгэл зүйн ерөнхий боловсрол их чухал байдаг. Өөрөөр хэлвэл хүн өөрийгөө удирдан жолоодох арга ухаанд суралцах ёстой. Түүнд нь сэтгэл зүйчид дэмжлэг үзүүлэх үүрэгтэй юм л даа. Зөвлөгөө, тусламж нийгэмд ихээр гарч ирвэл нийгмийн бухимдал багасах боломж байна гэж үзэж байна. Судлаачдын янз бүрийн таамаг, санаа бодол, үзэл, судалгааны үр дүн, мэдээлэл байдаг л даа. Юу хэлж байна гэхээр нийгэмд явж байгаа бухимдал стрессийн бодит байдлын түвшинг л хэлж байна тэгэхээр бидний зорилго бодит байдлыг хэлэх биш үүн дээрээ тулгуурлаад тодорхой чиглэлүүдээр дэмжих, туслах ёстой гэж үзэж байна. Багш нарт, улс төрчдөд, хүүхдэд, эцэг эхчүүдэд гэх мэтчилэн дотор нь салбар салбарын хүрээнд л үйлчилгээ үзүүлж туслах хэрэгтэй байна.

БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ

  1. Хүмүүнлэг энэрэнгүй байх ёстой.
  2. Аливаа зүйлд шинжлэх ухааны үндэслэлтэй хандаж байх ёстой гэсэн зарчмыг л баримталдаг даа.

ӨӨРТӨӨ АМЬДРАЛДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙХАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛ

  1. Эрүүл мэнд
  2. Мэргэжилдээ сэтгэл хангалуун байх явдал
  3. Гэр бүлийн харилцаа энэ тэргүнд байх ёстой.

Амьдралдаа сэтгэл хангалуун байна гэдэг нь дээр дурьдсан зүйлстэй салшгүй холбоотой гэж үздэг.

ТАНЫ ХУВЬД АМЬДРАЛДАА АВДАГ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ

Хүний сайхан сэтгэл, Монголчууд их сайхан цагаан сэтгэлтэй. Тэр сэтгэл л хамгийн их том мэдрэмж өгч байна.

ХИЙЖ ҮЗЭХИЙГ ХҮСДЭГ ЗҮЙЛ

Шинжлэх ухааны чиглэлээр тодорхой туршилтын лабораторийг бий болгоод томоохон туршилтуудыг тавьж Монгол хүний сэтгэл зүйн өвөрмөц онцлогыг илрүүлж гаргаад түүнд чиглэсэн зөвлөмж, туслах ажлыг л зохион байгуулах юмсан гэж боддог.

ТАНЫ ХАМГИЙН САЙН ЧАДДАГ ЗҮЙЛ

Шинжлэх ухааны туршилт, тодорхой арга зүйг гаргаж ирэх, өөрийнхөө чиглэлийн бүх бүтээлүүдэд эрдэм судлалын анализ хийх, бусдад сэтгэл судлалын шинжлэх ухаанаар зөвлөн туслахыг л сайн хийж чадна гэж бодож байна.

БУСДАД БАЙНГА ХЭЛДЭГ ҮГ

Сэтгэл амар бол бие амар.

ОДОО УНШИЖ БАЙГАА НОМ

Дэн Ариэлийн “Бодлогогүй сонголтын сэтгэхүйн нууц” гэдэг ном уншиж байна.  Энэ ном саяхан орчуулагдаж гарсан сонирхолтой бэст селлер болсон ном. Ялангуяа сэтгэл судлалыг судалж байгаа хүн уншихад боломжтой маш их сэтгэхүйн шийдэл гаргах хэрэгтэй бүтээл гэж бодон уншаад явж байна. Бид шийдвэр гаргахдаа заавал бодож, төлөвлөж, нягталж шийдвэр гаргана гэж үзээд байдаг нь рационал юм байна. Үүний эсрэг маш хурдан хугацаанд оч харвасан мэт байдлаар шийдвэр гаргах асуудал гардаг. Амьдралд тэрний учир шалтгааныг л жишээгээр бичсэн бүтээл байгаа юм. Залуучууд, сэтгэл зүйчид уншвал их чухал гэж бодогдож байна. Үүнийг америкийн эрдэмтний бичсэнээр бидний шийдвэрт нөлөөлөх далд хүч гэж тодорхойлсон байгаа юм. Зигмунд Фрейдийн онол үзэлтэй нэг талаараа нийцэж байгаа бүтээл байна.

ХҮМҮҮСИЙН ЭЕРЭГ СӨРӨГ ХАНДЛАГЫН ТУХАЙД

Хүний мэдлэг дээр суурьлаад итгэл үнэмшил бий болдог, итгэл үнэмшлээс хандлага гарч ирдэг. Нийгэмд хүмүүсийн дотор эерэг сөрөг хандлага байх нь зайлшгүй зүйл. Тэр нь хүмүүсийн өөрсдийнх нь мэдлэг, итгэл үнэмшилтэй л холбоотой учраас би үүнд эргэлздэггүй. Нийгэмд эерэг сөрөг хандлага байх нь зүй ёсны л асуудал.

СЭТГЭЛ СУДЛААЧ ХҮН НИЙГЭМД ЯМАР БАЙР СУУРЬТАЙ БАЙНА ВЭ?

Дэлхийн хэмжээний түвшинд авч үзвэл маш том байр суурийг эзэлж байгаа. Монгол орны хүрээнд авч үзэх юм бол манай сэтгэл зүйчид 90-д оноос хойш том байр суурийг эзэлж байна. Монголын нийгэмд эрэлт хэрэгцээ маш их байна. Одоохондоо тодорхой хэмжээгээр хариулт өгөх хэмжээнд хүрч ирэх анхдагч нөхцөл бүрдчихээд байгаа учраас Монголын сэтгэл зүйчдийн байр суурь тодорхой гарч ирж байна. 90-д оноос хойш Монголчууд өөрсдөө мэргэжлийн сэтгэл зүйчийг илтгэсэн энэ нь юуг хэлж байна вэ? гэхээр нийгэмд сэтгэл зүйч бий болох тогтолцоо орших нөхцөл нь бүрдэж гэж үзэж байна. Хорин хэдэн жил болоход Монгол Улсын Их Сургууль, хувийн их дээд сургуулиуд, хүрээлэнгүүд, Боловсролын Их Сургууль болон бусад сургуулиуд сэтгэл зүйчдийг маш үе шаттай бэлтгэж байна. Магистр докторын түвшний сургалтууд бас тодорхой түвшинд орсон нь шаталсан тогтолцоог илэрхийлж байгаа. Саяхан боловсрол судлал, сэтгэл судлалын докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийг салгалаа. Салгаад сэтгэл судлалаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөл гэдгийг яам хүлээн зөвшөөрч байгаа нь сэтгэл судлалын шинжлэх ухаан бие даасан тогтвортой тогтолцоо болжээ гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Энэ утгаараа бидний эрдэмтэн бэлтгэх тогтолцоо маань бүрдэж эхэлж, тодорхой шатанд гарчээ гэж хэлэх үндэстэй юм.

УЛСЫН ИРЭЭДҮЙ ТАНЫ НҮДЭЭР

Монгол улсын ирээдүй маш тодорхой харагдаж байна. Боловсролын хөгжилтэй л холбоотой. Боловсрол хэдий чинээ өндөр хөгжинө төдий чинээ тухайн улсын ирээдүй харагдаж байдаг. Боловсрол манайд маш сайн тогтолцооруу явж байна гэж үзэж байна. Маш олон ургалч үзлийг уралдуулсан түүн дотроос сонголт хийх боломж нь залуучуудад бүрдчихсэн. Гадны оронд ч сурч болох боломж нь бүрдсэн учраас нийгмийн тогтолцоо, боловсролыг авч явах шатруугаа орчихжээ гэж үзэж байгаа. Дутагдалтай зүйлүүд оршин байхыг үгүйсгэхгүй түүнийгээ бид боловсролын тогтолцоонд гарч ирж байгаа шинэ санаагаараа нөхөөд, хөгжүүлээд явах боломжтой учраас Монголын боловсрол, Монголын нийгмийн ирээдүй өөдрөг харагдаж байна гэж үзэх үндэс болж байна.

Ярилцсанд баярлалаа танд сайн сайхныг хүсье.

Ярилцсан сэтгүүлч: С.СОЛОНГО