СЭТГЭЛ СУДЛААЧ БАНЗРАГЧИЙН ЗОЛЗАЯА

Шинэ долоо хоногийн дугаарт маань Монгол Улсын Их Сургуулийн  Боловсрол Сэтгэл Судлалын Тэнхимийн багш, Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн захирал, сэтгэл судлаач Банзрагчийн  Золзаяа уригдан оролцлоо.

Боловсрол

  • 2000-2004 онд Монгол Улсын Их Сургууль, Нийгмийн ухааны факультет, Боловсрол сэтгэл судлалын тэнхим-Сэтгэл судлаач, Багш
  • 2004-2006 онд Монгол Улсын Их Сургууль, Нийгмийн ухааны факультет, Боловсрол сэтгэл судлалын тэнхим-Сэтгэл судлаач-Магистр

Ажлын туршлага

  • 2004-2006 “Оюун санаа шинэ эрин” сэтгэл зүйн төв-Сэтгэл судлаач
  • 2006 оноос одоог хүртэл МУИС-ийн ШУС–ийн Боловсрол сэтгэл судлалын тэнхим-Сэтгэл судлалын багш
  • 2006-2010 “Сэтгэлийн толь” сэтгэл зүйн төв-Сэтгэл судлаач,
  • 2010-2011 “Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-Сэтгэл судлаач,
  • 2013 оноос “Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн”-г үүсгэн байгуулж захирлаар ажиллаж байна.

4

ТАНЫ МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ?

Сэтгэл судлаач мэргэжлийн онцлог давуу талыг олон өнцгөөс тайлбарлах боломжтой. 2000 онд сэтгэл судлалын мэргэжил эзэмшихээр суралцаж байхдаа сэтгэл судлалын мэргэжлийн давуу тал гэж ярихаас илүүтэйгээр ямар мэргэжил байдаг гэдгийг ч хүмүүс мэддэггүй байлаа. Би л гэхэд өөрөө ч мэдэлгүй, судлалгүй энэ мэргэжлээ сонгож байсан. Мэргэжлийнхээ давуу тал онцлогийг ярихад миний хувьд 10 гаран жилийн богинохон ч болов түүх санаанд орж байна. Бидний мэргэжил хамгийн сайхан гэж ярьдаг байсан үе байгаа. Гэхдээ одоо тэгж ярихаас айдаг болсон. Мэргэжил бүрт өөр өөрийн гэсэн олон онцлог бий. Бидний хувьд энэ мэргэжлийн хамгийн чухал онцлог давуу тал: Хүний зүрх сэтгэлтэй ажилладаг болохоор сэтгэл судлаачаас өөрөөс нь, дотоод зүрх сэтгэлээс гарах ажил гэж би боддог. Сэтгэл судлаач хүн хэдий өндөр ур чадвартай байлаа ч энэ мэргэжил өөрөө хүнээс маш их хүч, тэвчээр, сэтгэл шаарддаг. Энэ сэтгэл зүрх шаардсан ажлаа хамгийн өндөр ёс зүйтэй хийнэ гэдэг бидний онцлог юм. Мөн онол практикийн мэдлэг хэрэгтэйг хэлэх нь зөв байх. Түүнчлэн амьдралд тохиох асуудал бүртэй нүүр тулдаг нь бас манай мэргэжлийн онцлог болдог. Олон талын нийгмийн асуудалд бид санаа тавих ёстой.  Тийм ч үүрэгтэй хүмүүс. Энэ ч бас бидний мэргэжлийн онцлогт багтана. Яриад байвал сэтгэл судлаачид чинь ямар олон талын мэдлэгтэй юм бэ? гэж бодогдуулах юм шиг хэрнээ нарийн судлаад үзвэл хүүхэд, байгууллага, спорт, сургууль, эмнэлэг, инженерийн гэх мэт мэргэжлийн бүхий л салбар бүр нь тусгай мэдлэг шаарддаг. Ер нь бусдын төсөөлдөг шиг тийм ч амар биш гэдгийг л хэлэх гээд байгаа юм. Тиймээс бид байнга өөрсдийгөө хөгжүүлж байх шаардлагатай болдог. Ийм л хүнд хэцүү атлаа сайхан мэргэжил. Нэмж хэлэхэд сэтгэл судлаач хүн хүнийг өвдсөн хойно нь биш өвдөхөөс нь урьтаж зөвлөдөг, чиглүүлдэг, боловсрол олгодог байх нь чухал гэж сүүлийн үед бодогдож байгаа. Сэтгэл санааг нь гутрахаас өмнө арга хэмжээ авах ёстой гэсэн санаа юм. Энэ нь бусад салбартай ижил төстэй ч үүгээрээ бид өнөөдөр ялгарах хэрэгтэй. Энэ ажил нийгэмд хэрэгтэй байна, нийгмийн чиг хандлага ч бас ийшээ харж байгаа байхаа.

ТАНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Ирэх онд манай байгууллага албан ёсны нээлтийн үйл ажиллагаагаа олон нийтэд таниулах төлөвлөгөөтэй байгаа. Энэ оны 11 сараас дараа оны есөн сар хүртэл хийх ажлын төлөвлөгөөн дээрээ төвлөрөн ажиллаж байна. Бас нэг төлөвлөгөөт чухал ажил нь ирэх оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга хүртэл хоёр жудочинтой ажиллахаар албан ёсны гэрээ байгуулсан. Мөн Женко клубын өсвөр, залуучуудын эмэгтэй шигшээ багтай ажиллах гэрээ ч дахин сунгагдсан байгаа. Спортын сэтгэл судлалтай холбоотойгоор хийгдэж буй докторын судалгааны ажил маань 60 хувьтай явж байгаа. Ирэх он гэхэд эмэгтэй тамирчдын бие хүний хэв шинжийг, спортод үзүүлсэн амжилттай нь харьцуулсан судалгаагаа бичиж дуусгана гэсэн бодолтой байна. Ажил мэргэжлийн хувьд, сүүлийн жилд манай байгууллага хүний нөөцөө чадавхижуулах тал дээр маш их анхаарч, энэ онд манай байгууллага үндсэн сэтгэл судлаачдынхаа тоог нэмсэн болохоор хэрхэн үр дүнтэй нэгдэж нэгдмэл баг болж ажиллах вэ? хэрхэн хамтрах вэ? гэдэг тал дээр төлөвлөгөөгөө сайжруулах шаардлагатай байна. Мөн 2018 оны нэг сард гадны мэргэжлийн багш нараас туршлага судлах зорилгоор Монголдоо богино хугацааны сургуулийн сэтгэл зүйн үйл ажиллагаатай холбоотой сургалт хийнэ. Эдгээр ажлуудаас хамгийн чухал буюу урт хугацаанд багаар хамтарч хийх ажил бол таван жилийн хугацаанд, хүрээлэнгээс явуулсан оношилгооны үр дүн буюу дата мэдээллийг нэгтгэн судалгааны ажил төлөвлөгдсөн. Их сургуульдаа багшлахын зэрэгцээ хүрээлэнгийнхээ үйл ажиллагааг хариуцдаг болохоор олон зүйл л санаанд орж ирж байна.

ЯГ ОДОО ТӨВЛӨРӨН ХИЙЖ БАЙГАА СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ

Докторын судалгааны ажил болон Ерөнхий Боловсролын Сургуулийн сурагчид дээр явуулсан “Амжилтанд хөтлөх амьдралын сонголт” хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн 2000-аад хүүхдийн судалгааны ажлын боловсруулалт хийгдэж байна. Манай хүрээлэн салбар бүрээр судалгааны ажлууд дээрээ төвлөрч ажилладаг гэдгээрээ давуу талтай.

ТА ӨДӨРТ ХЭДЭН ЦАГ АЖИЛЛАДАГ ВЭ?

Өдөрт 8-10 цаг ажилладаг. Өглөө гараад орой 19 цагтай уралдаад гэртээ орно. Энэ цагийн давтамж өдөр бүр л үргэлжилж байна даа. Заримдаа эртхэн харих хүсэлтэй, гэр рүүгээ их яардаг. Хүрээлэнгийнхээ ажлыг өргөжүүлэн хөгжүүлэх үүднээс байгууллагынхаа дотоод сургалтыг ихэнхдээ өглөө явуулдаг, долоо хоногт 16-20 цагийг оюутнууддаа хичээл зааж өнгөрөөж байгаа болохоор ажлууд маань их байдаг. Эхэндээ би ажлаа нэг их төлөвлөөд байдаггүй байлаа, одоо төлөвлөхгүй л бол болохгүй болсон. Ажлын цагаа төлөвлөх нь ажлын бүтээмжид маш чухал болохыг сүүлийн үед илүү их мэдэрч байна.

АЖИЛДАА ХАМГИЙН ИДЭВХИТЭЙ ХАНДДАГ ЦАГ

Өглөө ажилдаа хамгийн идэвхитэй ханддаг. Бусад ч цагт ч ижил ажлын ачаалал ихтэй байдаг. Өглөөний цагийг маш үр дүнтэй ашиглахыг хичээж бүтээлч байдаг, сүүлийн үед их эртэч болоод байгаа.

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭ ХЭРХЭН ӨНГӨРӨӨДӨГ ВЭ?

Амралтын өдрийг гэр бүлтэйгээ өнгөрүүлэхийг л боддог. Агаарт гарч алхах дуртай. Би багаасаа спортоор хичээллэсэн, спортод дуртай хүүхэд байсан. Хүүхдүүдтэйгээ цагийг үр дүнтэй өнгөрүүлэхийг л их хичээдэг. Мэдээж ээж, эхнэр хүний хийх их ажлыг амжуулна. Мөн спортын сэтгэл зүйн салбарт зөвлөгөө өгдөг болохоор салбарын онцлогоос хамаараад тэмцээн уралдаан үзэх, тамирчидтайгаа уулзаж зөвлөгөө өгөх ажлууд амралтын өдрүүдэд их байдаг. Энэ бүхнийг зохицуулах гэж хичээж л явна даа.

ЦАГИЙГ ХЭРХЭН ЗӨВ ЗАРЦУУЛАХ ТАЛААР

Олон ажил хийдэг болохоор цагтай их л уралдаж байна. Бид цаг төлөвлөлтийн талаар сүүлийн жилүүдэд нийгмийн маркетингаар дамжуулан түүний ач холбогдлыг судалж байна. Маш сайн төлөвлөсөн ажил сайн үр дүнтэй байдгийг ч бид олон амжилттай яваа хүмүүсээс харж байна. Цагийг зөв төлөвлөх тал дээр бид алсын зорилгоо гурав, тав, арван жилээр харж түүндээ хүрэх ойрын зорилго, өнөөдрийн зорилгоо төлөвлөх нь их чухал гэж боддог. Хүн өдөр бүр төлөвлөгөө боловсруулж түүнийгээ дадал зуршил болгох хэрэгтэй. Төлөвлөгөө боловсруулахгүй байх нь ялагдлыг төлөвлөхтэй адил гэж уншиж байсан юм байна. Цаг төлөвлөлт биднийг мөрөөдөлд маань хөтөлнө гэж боддог.

СЭТГЭЛ СУДЛААЧДЫН АМЬДРАЛДАА ХАНДАХ ХАНДЛАГА

Сэтгэл судлаач хүн амьдралдаа сэтгэл судлаач хүн шиг л хандах байх. Зарим хүнд энэ их сонин байдаг гэж сая сонслоо. Мэргэжлийн онцлог их бага нөлөөлөх байх, тийм ч ихээр нөлөөлнө гэж бодохгүй байна. Бид бүгдээрээ хүн гэдэг талаасаа ялгаагүй ч амьдралыг бусдаас арай өөрөөр харах байх. Тухайлбал ямар нэгэн асуудлаас гарах арга замаа мэддэг, түүнээс хэрхэн сэргийлэх вэ? гэдэг дээр ялгаатай ханддаг юм болов уу. Асуудалтай тулгарч, асуудлаа туулах тал дээр адилхан байж мэднэ. Илүү туршлагатай сэтгэл судлаач хүн сонсогч болсон байдаг. Гэхдээ сайн найздаа хэзээ ч сэтгэл судлаач байх боломжгүй тул ажил амьдралын зарчмаа маш сайн ялгаж салгах нь чухал. Бидний мэргэжлийн хандлага, оюун ухаанаараа шийдэх үү? сэтгэл хөдлөлөөр хандах уу? гэдгээ мэддэгт ч орших байх.

ИРЭЭДҮЙД ТАНЫ АЖИЛ АМЬДРАЛД ГАРАХ ӨӨРЧЛӨЛТИЙГ НЭРЛЭВЭЛ

Ирээдүйд миний амьдралд гарах өөрчлөлт гэвэл том хүү маань их сургуулийн оюутан болно. Яг одоо ирээдүйд гарах өөрчлөлтүүдээс энэ их чухал санагдаж байна. Би төсөөлөх дуртай. Хүүхдүүдээ ирээдүйд хэрхэн амьдрах бол гэж төсөөлдөг. Хүү маань элсэлтийн шалгалтандаа бэлдэж байгаа. Манай байгууллага ажиллах талбар хүрээгээ илүү өргөн болгосон. Тухайлбал хүүхдэд боловсрол олгох тал дээр сэтгэл судлаачдын үүргийг илүү тодорхой болгоход бид, энэ жил түлхүү ажиллаж байгаа. Энэ тал дээр томоохон судалгааны ажлын үр дүн гарна. Энэ нь манай хүрээлэнгийн дөрвөн жилийн хугацаанд хийгдсэн чухал ажил юм. Бидний судалгааны ажлын гол зорилго нь сэтгэл судлаачид болон сургуулийн багш, боловсролын ажил эрхэлж буй хүмүүсийн практик үйл ажиллагааг илүү үр дүнтэй, системтэй, ул суурьтай болгоход чиглэгдэж байна. Энэ нь сэтгэл судлаачдыг нийгэмд зөвхөн хүнтэй харьцдаг гэдэг талаас биш, түүнчлэн шинжлэх ухааны судалгаа шинжилгээ хийж ажилладаг гэдэг ойлголтыг өгөх байх. Түүнчлэн миний хувьд энэ ажил нь бидний мэргэжлийн нийгэмд хүргэх үнэ цэнийг нэмэгдүүлнэ гэж хардаг. Энэ нь миний ажилд гарах дараа дараагийн өөрчлөлттэй холбоотой гэж бодож байна.

СЭТГЭЛ СУДЛААЧИЙН ҮҮДНЭЭС БУСДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Сэтгэл судлаач хүн асуудал тулгарсан хойно нь биш асуудал тулгарахаас нь өмнө сэргийлдэг байх нь хамгийн чухал. Тиймээс хүмүүс амьдралын цар хүрээгээ тэлж, өөрийн амьдралыг олон талаас харах боломжийг бий болгох хэрэгтэй. Хүн өөрийгөө өөрчилж болдог болохоос бусдыг өөрчлөх боломжгүй. Өөрийгөө үнэлэх, өөрийн үнэ цэнийг мэдэх, өөрийгөө хүндлэх нь маш чухал. Бусдын амьдралаар, бусдын харцаар амьдрах нь аз жаргалгүй амьдралын нэг жишээ. Бидэнд аз жаргалтай амьдрал дунд аливаа зүйлсийг бодитоор үнэлж чадах чадвар нуугдаж байдаг. Түүнийгээ олж харах хэрэгтэй, өөрийн зорилго мөрөөдөлдөө хэзээ, хаана, яаж, хэрхэн хүрчихсэн байх вэ? гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Эцэг эх байх ухамсар манай нийгэмд хамгийн их хэрэгтэй байна. Өөрийн үзэл бодол, хувийн үзэл бодолтой байх нь бидний гэр бүлээсээ авч байгаа хамгийн том төлөвшил юм.

БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ

Миний амьдралын зарчим их товчхон. Тууштай байж чадсан хүн бүр амжилтанд хүрдэг гэж боддог. Аливаа зүйлд шударга, чин сэтгэлээсээ хандаж, хэлсэн ярьсандаа хүрдэг байх нь чухал. Сүүлийн үед хөдөлмөрч хүн амьдралаас хүссэн зүйлээ авч чадаж байна гэсэн бодол их төрж байгаа. Цаашид тууштай, хөдөлмөрч хүн ихийг бүтээнэ гэсэн зарчмыг ажилдаа мөрдлөг болгодог. Нэмж хэлэхэд гэр бүлдээ цаг гаргаж чаддаг, гэр бүлээ хайрладаг, гэр бүлийн үнэ цэнэтэй бүхнээ дээдэлдэг байх нь хүн бүрийн амьдралын чухал зарчим байгаасай гэж хүсч байна.

ӨӨРТӨӨ АМЬДРАЛДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙХАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛ

Өөртөө, амьдралдаа сэтгэл хангалуун байхад хамгийн чухал зүйл гэр бүлийн харилцаа, гэр бүлийн үнэ цэнэ, гэр бүлийн доторх халуун дулаан уур амьсгал гэж санагддаг. Энэ бүгдээс бидний үр хүүхдийн нийгмийн харилцаа бий болдог болохоор хамгийн чухал гэж хэлмээр байна.

Өөртөө итгэлтэй, өөрийгөө олсон, өөрийгөө нээсэн хүн амьдралдаа хамгийн ихээр сэтгэл хангалуун байна гэж боддог. Өөртөө итгэлтэй байх хүчин зүйл гэр бүлээс, нийгмээс, таниас хамааралтай. Энэ гурваас мөн өөрөөс хамаарах зүйлээс, сэтгэл хангалуун байх хүчин зүйлээ хүн олох хэрэгтэй. Яаж гэж олон хүн асуудаг хүн бүрт хайрлах, хайрлуулах, хүндэтгүүлэх, өөрийн давуу талаа мэдэрч өөртөө итгэлтэй байх хүсэл байдаг. Энэ зүйлийг өгч чадах хэн нэгнийг, ажил мэргэжлийг, найз нөхдийг зөв сонгох хэрэгтэй. Сэтгэл хангалуун амьдралд сонголт их чухал нөлөөтэй болж байна.

ТАНЫ ХУВЬД АМЬДРАЛДАА АВДАГ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ

Ээж хүний хувьд их ажлын дараа гэр рүүгээ яарч, гэртээ ороод хүүхдүүдээ тэврээд үнсэх энэ мэдрэмж хамгийн сайхан. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг яахын аргагүй мөн. Би хааяахан ээжийндээ очно, ээждээ үнсүүлэх мэдрэмж ч бас хамгийн сайхан. Сэтгэл судлаач хүний хувьд энэ олон ажлыг амжуулж хамт олон удирдана гэдэг амаргүй ажил санагддаг. Баг хамт олноороо ямар нэг ажлын ард гараад ажлаа дүгнээд ярилцаж суух ч бас сайхан байдаг. Спортын сэтгэл судлаач хүний хувьд уулзаж, ярилцаж, зөвлөсөн тамирчид маань жижиг том гэлтгүй амжилт үзүүлэхэд хичнээн баяртай байдаг гээч, энэ чинь тамирчин хүний хувьд хамгийн сайхан мэдрэмж. Заримдаа оюутнууд маань багшдаа баярлалаа гэж хэлдэг энэ үг багш хүний хувьд хамгийн том талархал байдаг. Зөвлөгөө авсан үйлчлүүлэгчид маань амьдралд өөрийгөө олж асуудлаа зөв шийдэж, өөртөө итгэлтэй болсныг харах мэргэжлийн хувьд хамгийн сайхан мэдрэмж. Ингээд ярьсан чинь би амьдралаас энгийн бөгөөд үнэхээр олон сайхан мэдрэмж авдаг юм байна.

ХИЙЖ ҮЗЭХИЙГ ХҮСДЭГ ЗҮЙЛ

Хийж үзэхийг хүсдэг зүйл олон байгаа. Жишээ нь маш олон ажилтантай компани юм уу үйлдвэрт хэнд ч мэдэгдэхгүй зүгээр тогтсон цагт ажлаа хийгээд ажлын цаг дуусахаар явдаг ажил хэрэгч эмэгтэйн дүрд орохыг хүсч байна. Энэ бодол миний хувийн сэтгэл зүйн онцлогтой холбоотой байж болох юм. Хэн ч намайг анзаарахгүй зүгээр л хийх ёстойгоо хийгээд ажлаасаа гараад явахыг мөрөөдөж байна. Би багадаа төрөл бүрийн эрсдэлтэй олон зүйлийг хийдэг хүүхэд байсан, багаасаа хийж үзмээр гэсэн ихэнх зүйлээ хийчихсэн ч юм шиг санагдаж байна.

ТАНЫ ХАМГИЙН САЙН ЧАДДАГ ЗҮЙЛ

Би хүнийг ойлгож чаддаг, хэнийг ч ялгаварлахгүй харилцаж чадна. Хүн бүрийн давуу талыг олж харж чадна, бусдад зөвлөж, тусалж чадна энэ бүхэн миний мэргэжлийн онцлог бас туршлага.

БУСДАД БАЙНГА ХЭЛДЭГ ҮГ

Тууштай бай, аливаад чин сэтгэлээсээ хандаж бай, өөрийгөө олж хар, өөрийгөө нээ, илэрхийл, ном уншиж судал, амьдрал дээр түүнийгээ хэрэгжүүлэх бүх боломжийг эрж хай гэх мэт олон зүйлийг шавь нартаа, хамт олондоо хэлдэг. Сүүлийн үед байнга бодогдож байгаа зүйл бол чамд мөрөөдөл байгаа л бол урагшаа алх, өдөр бүр холын зорилгоо санаж бай, түүнийхээ төлөө өдөр бүр хөдөлмөрлөх хэрэгтэй. Амьдралын зөв дадал хэвшил нь чиний амьдралдаа олж авсан үнэт зүйл гэж хүүхдүүддээ зөвлөдөг.

ОДОО УНШИЖ БАЙГАА НОМ

Мэргэжлийн сурах бичиг, номнуудаа л байнга уншдаг. Нэгэн зэрэг олон ном уншдаг. Роман тууж уншихаас мэргэжлийн ном унших нь өөр болохоор нэг дор барьж аваад төвлөрөөд уншиж дуусгана гэсэн ойлголт байхгүй. Ялангуяа оюутнууддаа хэрэгтэй мэдээллийг олон талын эх сурвалжаас түүж уншдаг. Яг одоо надад Фредрих Харены “Сэтгэх урлаг”гэсэн номыг санал болгосон болохоор уншъя гэж бодож байна.

ХҮМҮҮСИЙН ЭЕРЭГ БА СӨРӨГ ХАНДЛАГЫН ТУХАЙД

Хандлага бол хүний дотоод ертөнц, үзэл бодол, зарчим гэсэн олон зүйлтэй холбоотой. Хүн мэдэхийн хэрээр асуудлыг олон талаар харж, ойлгохын хэрээр хандлага өөрчлөгдөж байдаг. Эерэг, сөрөг хандлагын аль аль нь хүнд, нийгэмд, бүлэгт, байгууллагад байх хэрэгтэй. Сөрөг хандлага асуудлыг л олж харах боломжийг олгодог бол эерэг хандлага нь түүнийг хэрхэн шийдвэрлэх вэ? гэсэн гарцыг хардаг. Тиймээс хандлагыг эерэг, сөрөг гэж харахаас илүүтэй хувь хүний харж буй өнцөг нь хэр рациональ, бодит вэ? эсвэл хэр абсурд буюу хийсвэр вэ? гэдгийг харах нь илүү чухал юм шиг. Бидний тархин дахь бодлын 20 хувь нь эерэг болоход, ерөнхийдөө юмсыг эерэгээр харах хандлагатай. Хүн өөрийнхөө талаар 5-6 эерэг, сайн талыг бодоход өөртөө итгэх итгэл нэмэгддэг. Ер нь хүүхдүүд бага байхаасаа л энэ зөв үү, буруу юу, сайн, эсвэл муу юу гэх мэт зүйлсийн талаар бодож өөрийн үнэлэмжийн тогтолцоог бүрдүүлж байдаг. Хандлага бол хүний сэдэлжил, бүхэл цогц үнэлэмжийн тогтолцоотой холбоотой сэтгэл хөдлөлийн нэгэн илрэл гэж хэлж болох юм.

СЭТГЭЛ СУДЛААЧ ХҮН НИЙГЭМД ЯМАР БАЙР СУУРЬТАЙ БАЙНА ВЭ?

Нийгэмд бидний байр суурь илүү тодорхой болоход цаг хугацаа хэрэгтэй. Бидний мэргэжлийн нийгмийн байр суурь их дээгүүрт орохгүй, хүмүүст хэрэгтэй талаас харвал хамгийн өндөр байх мэргэжил. 2015–2016 онд Австралийн сэтгэл судлаач AVID олон улсын байгууллагын шугамаар манай хүрээлэнд нэг жил ажиллахдаа Монголын сэтгэл судлаачдын үйл ажиллагаанд GAP анализ хийж дүгнэлт гаргаж байсан. Тэр дүгнэлтээс бидэнд ямар зүйл хамгийн ихээр шаардлагатай байсан бэ? гэвэл бид нэгдмэл байж, хамтран ажиллах нөхцөл хамгийн чухал үзүүлэлтэнд орсон байсан. Өндөр хөгжилтэй улс орнуудтай харьцуулахад манайд мэргэжлийн дээд байгууллага болох холбоо нийгэмлэгийн үйл ажиллагаа дутмаг, холбооны үйл ажиллагаатай холбоотой хийх ажлууд маш их байсныг дурьдсан байсан. Бид дор бүрнээ хичээж энэ салбартаа мэргэжлийн ёс зүй болон мэргэжлийн үйл ажиллагааг явуулахаар хичээж байгаа ч яг үнэндээ сэтгэл судлаач хүний өөрийнх нь эрх зөрчигдөж байгааг хэлмээр байна. Энэ нь бидний нийгэмд ямар байр суурьтай байгааг харуулж байгаа байх. Мэргэжлийн дээд байгууллага маань бидний үйл ажиллагаанаас ихээхэн хамааралтай байгаа, эсрэгээрээ бидний үйл ажиллагаа мэргэжлийн дээд байгууллагын үйл ажиллагаанаас хамаарч байгаа. Төрөөс бодит дэмжлэг туслалцаа хэрэгтэй, боловсон хүчин бэлтгэгдэх тал дээр практик ажил үгүйлэгдэж байна. Мэргэжлийн байгууллага хэд байгаа билээ хэд нь мэргэжлийн ажлаа хийж байгаа вэ? гэдэгт санаа зовж байгаа.

УЛСЫН ИРЭЭДҮЙ ТАНЫ НҮДЭЭР

Нийгэм хүмүүнлэгийн салбарын хөгжил дэвшил, нийгмийн хөгжилд нөлөөлөх боломжтой нь илүү ихээр мэдрэгдсээр байгаа нийгэмд бид амьдарч байна. Материаллаг зүйлээс илүү оюун санааны амьдрал бидний амьдралыг илүү аз жаргалтай болгоно. Хүн хүн рүүгээ харсан, чиглэсэн бие биенийгээ ойлгосон, дэмжсэн аливаад бүтээлчээр хандсан нийгэм биднийг хүлээж байгаа гэдэгт би итгэдэг. Бидний үүрэг оролцоо нийгмийн амьдралд хамгийн их нөлөөтэй болохыг цаг хугацаа харуулсаар байна. Би эх оронч үзэлтэй биеэ даасан, хөдөлмөрч, бүтээлч залуусыг маш их дэмждэг. Манай улсын ирээдүй Монгол хүний үнэ цэнэ, онцлог давуу талыг хөгжүүлсэн, гаргасан бүтээлч хөгжингүй нийгэм байх болно.

Иймээс манай улсын ирээдүй биднийг илүү ойлгож дэмжсэн эргээд бид нийгэмдээ тодорхой байр суурь эзэлсэн, үйл ажиллагаа цар хүрээгээ тэлсэн, үйлчилгээгээ хүргэсэн байх ирээдүй бидний өмнө байгаа учраас бид илүү их хичээх чармайх хэрэгтэй байна.

Ярилцсанд баярлалаа танд сайн сайхныг хүсье.

Ярилцсан сэтгүүлч: С.СОЛОНГО

Бусадтай хуваалцах
  • 614
  •  
  •  
  •  
  •  
  •