СЭТГЭЛ СУДЛААЧ Ц.ЦЭЦЭНБИЛЭГ

Энэ долоо хоногийн дугаарт маань Шинжлэх Ухааны Академийн Философийн хүрээлэнгийн Социологи, нийгмийн сэтгэл зүйн салбарын эрхлэгч, сэтгэл судлаач Ц.Цэцэнбилэг уригдан оролцож байна.

Боловсрол

  • 1982-1987 онд ОХУ-ын Дон дахь Ростов хотын Их Сургуулийн Философийн факультет-Сэтгэл зүйч, Магистр
  • 1993-1998 онд ОХУ-ын ШУА-ийн Социологийн хүрээлэнгийн аспирантурт суралцаж “ Монголын залуучуудын уламжлалт ба орчин үеийн үнэлэмжүүд” сэдвээр докторын зэрэг хамгаалсан.

Ажлын туршлага

  • 1987 оноос одоог хүртэл Монгол Улсын ШУА-ийн Философийн хүрээлэнгийн ЭША, ЭНБД, Социологи нийгмийн сэтгэл зүйн салбарын эрхлэгчээр ажиллаж байна.
  • 2000 оноос Улаанбаатар Их Сургууль-Гэрээт багш
  • 2007-2011 онд НҮБХХ-ийн Хүний эрхийг баталгаажуулах, Ардчилсан засаглалыг хөгжүүлэх Мянганы хөгжлийн ес дэхь зорилгыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төсөл-Менежер
  • 2011 оноос Нийгмийн ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн
  • 2014 оноос Социологи, улс төр судлал, нийгмийн ажлаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.

2

ТАНЫ МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ?

Сэтгэл зүйч гэхээр хүмүүс чи ямар мундаг, гоё мэргэжилтэй юм бэ? гэж хүмүүс байнга хэлдэг. Хүмүүс сэтгэл зүйч гэхээрээ л хүнийг хараад шууд сэтгэл санааг нь мэдэж далдыг хардаг Ванга шиг л бодоод байдаг. Гэхдээ тийм биш, ямар зөн билигч биш. Бид шинжлэх ухааныг баримталсан шинжлэх ухаанч хүмүүс. Судалгаа шинжилгээн дээрээ суурилж л юу болж байна, болохгүй байна гэдгийг эхлээд оношлоод дараа нь сэтгэл заслыг засах арга ухааныг бодно. Давуу тал нь бол хүний сайн сайхны төлөө ажилладаг, хүнийг яаж сайн сайхан болгох вэ? гэдэгт анхаарч, оношилж арга замыг нь зааж өгдгөөрөө давуу талтай юм болов уу гэж бодож байна. Сул тал их байнаа. Бүх мэргэжилд адилхан мэргэжлийн ёс зүй, мэргэжлийн хариуцлага гэж байдагтай адил сэтгэл зүйчийн хувьд тэр нь арай их байдаг. Үгээр хүнийг анагааж ч болно, сүйрүүлж ч болно гэдэг нь яг манай мэргэжилтэй холботой. Зөв үед нь дэмжлэг үзүүлэх үгийг хэлэх юм бол тэр хүн нисээд л дүүлээд л явчихна. Гутарсан байгаа буруу үед нь хэлчих юм бол тэр хүн сэтгэл санааны гутралд орохыг үгүйсгэхгүй, хариуцлагатай байх шаардлагатай.

ТАНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

1998 онд эрдмийн зэргээ горилж байсан Монголчуудын үнэлэмжийн судалгаанааг хийснээс хойш 20-иод жил ч болчихлоо. Түүнээс хойш үнэлэмжийн өөрчлөлтүүд хэр зэрэг гарч байсан бэ? гэдгийг л ойрын нэг хоёр жилдээ хийх юмсан гэж бодож байна.

ЯГ ОДОО ТӨВЛӨРӨН ХИЙЖ БАЙГАА СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ

Шинжлэх Ухааны Академийн философийн хүрээлэнгийн социологи, нийгэм сэтгэл зүйн салбар дээр түрүү жил хэрэгжээд дууссан “Хөдөөгийн амьдралын хэв маягийн өөрчлөлт” гэсэн суурь судалгааны сэдэв дээрээ хамтын бүтээлээ боловсруулаад редакцыг нь хийж байгаа. Одоо хэвлэлтэнд өгөхөд бэлэн болчихсон. Хөдөөгийнхний амьдралын үнэт зүйлийн үнэлэмжийг л судалж байна.

ТА ӨДӨРТ ХЭДЭН ЦАГ АЖИЛЛАДАГ ВЭ?

Толгой байнга ажиллаж байгааг тооцвол маш олон цаг ажиллаж байна. Ажил дээрээ байх хугацаа ч их, заримдаа 12 цаг ч суудаг.

АЖИЛДАА ХАМГИЙН ИДЭВХИТЭЙ ХАНДДАГ ЦАГ

Өөрийн онцлог бол шар шувуу. Үдээс хойш идэвхи сэргээд эхэлдэг дээ.

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭ ХЭРХЭН ӨНГӨРӨӨДӨГ ВЭ?

Гэрийнхээ ажлыг хийнэ, салхинд гарахыг хичээнэ.

ЦАГИЙГ ХЭРХЭН ЗӨВ ЗАРЦУУЛАХ ТАЛААР

Ажлаа цагт нь хийх ёстой. Хойш нь тавиад л байвал улам л хэцүү болно.

СЭТГЭЛ СУДЛААЧДЫН АМЬДРАЛДАА ХАНДАХ ХАНДЛАГА

Амьдралдаа хандахгүй, амьдарна. Шинжлэх ухаанд нэг ийм хэллэг байдаг юм. Анхан шатны ажиглалт, хоёр дахь шатны ажиглалт, гуравдах байр суурь нь үнэлэлт. Сэтгэл судлаач гэдэг  мэргэжилтэй хүмүүс шүү дээ бид. Эмч хүн өвдөхгүй байна гэж ойлгож болохгүйтэй адил багшийн хүүхэд хамгийн хүмүүжил, мэдлэг сайтай байна гэж байхгүйтэй адил.

ИРЭЭДҮЙД ТАНЫ АЖИЛ АМЬДРАЛД ГАРАХ ӨӨРЧЛӨЛТИЙГ НЭРЛЭВЭЛ

Өөрчлөлт гарна гэдэг нь сайн ч байна, муу ч байна. Огт өөрчлөлтгүй бол үйтгартай ш дээ, бүх юм нэг хэвийн. Яг тийм өөрчлөлт гарна гэсэн төлөвлөгөө бодол одоохондоо байхгүй байна.

СЭТГЭЛ СУДЛААЧИЙН ҮҮДНЭЭС БУСДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Өөртөө итгэлтэй нөөц бололцоогоо сайн ашиглаж бай. Надад юу байгаа вэ? гэдгээ эхлээд бодоод, би түүгээрээ юу хийж чадах вэ? гэж сэтгээд, өөртөө итгэлтэй үргэлжлүүлэн амьдрах ёстой. Нөөц бололцоогоо дайчлахгүйгээр шууд нэмэгдүүлнэ гэж байхгүй. Гаднаас хэн ч юу ч зүгээр өгөхгүй, бүх амжилт бол хөдөлмөр шүү.

БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ

Тайван, тэвчээртэй, хүлээцтэй байхыг хичээдэг.

ӨӨРТӨӨ АМЬДРАЛДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙХАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛ

Аливаа юмыг чадлаараа л хий. Чадлаараа хийчихсэн гэж бодож байвал боллоо. Өдөр бүрийн нарыг сайхнаар гэрэлтэхийг харж бүх зүйл болж байна гээд л баярлаад л эерэг байх нь л сайхан.

ХИЙЖ ҮЗЭХИЙГ ХҮСДЭГ ЗҮЙЛ

Хийж үзэхийг хүсдэг зүйлсээ дор бүр нь хийгээд л явж байгаа. Парашюттай нислэг сонин байх гэж боддог. /инээв/

ТАНЫ ХАМГИЙН САЙН ЧАДДАГ ЗҮЙЛ

Хүнийг сайн загнаж чаддаг. /инээв/

ОДОО УНШИЖ БАЙГАА НОМ

Олон ном байна, яг одоогийн байдлаар Г. Цэрэнхандын “Монгол ахуй, угсаа соёлын судалгаа” гээд ном уншиж байна.

ХҮМҮҮСИЙН ЭЕРЭГ БА СӨРӨГ ХАНДЛАГЫН ТУХАЙД

Хүмүүсийн өөрсдийнх нь л харах өнцөг ш дээ. Сөрөг тал нь өөлж өөнтөглөх, эерэг тал нь дутууг нөхөж харах л юм даа. Нэг төсөөллөөр бүгдийг хүлээж авах “гештальт” гэсэн ойлголт байдаг юм. Хүнд ямар гештальт төлөвшсөн гэдэг нь л чухал. Нөгөө л нэг тал устай аяганы хүртэхүй, төсөөлөл л дөө. Буруу, зөв гэж шүүх боломжгүй. Тэр бол хүний өөрийнх нь л ертөнцийг үзэх үзэл. Шинжлэх ухаан бол үнэлгээнээс татгалздаг. Яагаад ийм болов? Цаашид яах вэ? л гэж харна гэхээс энэ муу, тэр сайн, энэ буруу, тэр зөв гэж хэлж болохгүй. Нэг үгний цаана маш их хариуцлага байдаг. Аливаа зүйлийг үйлдэл дээр нь хэлнэ үү гэхээс биш ерөнхийд нь ойлгож хэлж болохгүй.

СЭТГЭЛ СУДЛААЧ ХҮН НИЙГЭМД ЯМАР БАЙР СУУРЬТАЙ БАЙНА ВЭ?

Эрэлт хэрэгцээ байж л байр суурь бий болно. Эрэлт хэрэгцээг бий болгохын тулд зах зээлийг бий болгох хэрэгтэй. Хэлэхэд хэцүү,  одоохондоо хангалтгүй, миний хувьд чамлалттай л санагддаг.

УЛСЫН ИРЭЭДҮЙ ТАНЫ НҮДЭЭР

Болохгүй гэж харвал болохгүй. Болно гэж бодоод юу болж бас болохгүй байгааг бодитоор нь үнэлгээ өгөөд болохгүй байгаа зүйлээ залруулж сайн сайхан зүйл дээрээ түшиглээд явбал ирээдүй сайхан байна. Ирээдүйг бид өөрсдөө л бүтээнэ шүү дээ.

Ярилцсанд баярлалаа танд сайн сайхныг хүсье.

Ярилцсан сэтгүүлч: С.СОЛОНГО

Бусадтай хуваалцах
  • 162
  •  
  •  
  •  
  •  
  •