СЭТГЭЛ СУДЛААЧ БЭЭЖИНХҮҮГИЙН ҮҮРЦАЙХ

Шинэ долоо хоногийн дугаарт маань “Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн Үүсгэн байгуулагчдын нэг, Ерөнхий зохицуулагч, Ионсэй Их Сургуулийн докторант, сэтгэл судлаач Бээжинхүүгийн Үүрцайх уригдан оролцлоо.                                               

Боловсрол

2000-2004 онд МУИС-НШУС-СССХУТ-сэтгэл судлаач, сэтгэл судлалын багш,

2004-2006 онд МУИС-НШУС-СССХУТ-сэтгэл судлаач, магистр

2006-2008 онд Турк Улс-Анкарагийн Их Сургууль-Турк хэлний бэлтгэл, докторант.

2008-2010 онд АНУ-Техас муж Эл Пасо коллеж- Англи хэлний бэлтгэл.

2016 оноос Солонгос Улс-Ионсэй Их Сургууль-Байгууллагын сэтгэл судлалын лабораторийн докторант.

Ажлын туршлага

2004-2006 онд Бэрцэцэг ТББ-ын сэтгэл судлаач

2010 оноос Сэтгэл Судлалын Үндэсний Төв Үүсгэн байгуулагчдын нэг, Ерөнхий зохицуулагч

5

ТАНЫ МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ?

Бидний мэргэжлийн онцлогын хувьд өөрийгөө таньж, бүтээгээд зогсохгүй бусад хүмүүсийн амьдралд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах замаар бие хүнд, бүлэгт, нийгэмдээ эерэг өөрчлөлт авчирахад хувь нэмрээ оруулдагт оршино. Маш өргөн хэрэглээтэй салбар учир хүн, амьтан, сүүлийн үед хиймэл оюун ухааны салбарт хүчтэй судалгаа шинжилгээний ажлууд хийгдэж байгаа бөгөөд сонирхоод судалвал маш нарийн, сонирхолтой бас хэцүү, хаашаа ч хөрвөж орж болох давуу тал ихтэй салбар.

ТАНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Яг өнөөдрийн байдлаар илүү сургалтын төлөвлөгөөтэй уялдуулан бусад төлөвлөгөөнүүдээ хийж байна. Манай сэтгэл судлалын бакалавр, магистрын оюутнууд гадаадад мэргэжил дээшлүүлж докторын зэрэг хамгаалахад нь мэдээлэл болж магадгүй гэсний үүднээс заримыг нь дэлгэрэнгүй ярья. Солонгосын их дээд сургуулиудын хувьд Америкийн сургалтын системтэй ижил төстэй ба докторын зэрэг хамгаалахын тулд зарим үе шатыг дамждаг.

  • Докторын зэргээ хамгаалах эрх авах, хамгаалах. Үүний тулд,
    • Нарийн мэргэжилтэй холбогдолтой хичээлүүдийг сонсож, кредитээ цуглуулах,
    • Эрдэм шинжилгээний бүтээл хоёр ба түүнээс дээш тоотойгоор хэвлүүлэх. Энэ нь бас тодорхой шалгуур, заалттай. “Олон улсын нэр хүндтэй сэтгүүл болон Азийн бүсийн холбогдох сэтгүүлүүдэд хэвлүүлэх. Суралцаж буй сургууль, тэнхим болон профессорын шаардлага, судалгааны лабораторын дүрмээс хамаараад сургалтын төлөвлөгөөнүүд ялгаатай.”
    • Эрдэм шинжилгээний бүтээлээ хоёр ба түүнээс дээш хуралд танилцуулна.
    • Нэгдсэн шалгалтанд (comprehensive examination) тэнцсэний дараагаар диплом бичих эрхээ авна.
    • Үндсэн судалгаа хийгдэж, докторын зэрэг хамгаалах
  • ЭШБ, судалгааны ажлын дагуу ном, бүтээл хэвлүүлэх.
  • Мэдлэгээ мэргэжил нэгтнүүдтэйгээ хуваалцах, туршлага солилцох хамтын бүтээл туурвих, гадаадын судлаачидтай тасралтгүй хамтран ажиллах.
  • Монголдоо Сэтгэл Судлалтай холбоотой Олон улсын нэр хүндтэй судлаачдыг урьж, хурлуудыг төвийн хамт олон, мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтран зохион байгуулах. Монголынхоо сэтгэл судлалын шинжлэх ухааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулах ажлуудыг хийх зэрэг ажлуудыг ирэх 5 жилдээ төлөвлөн харж байна. Уншигчдын нүдээр дан судалгаа эсвэл онолын шинжтэй харагдаж магадгүй гэхдээ хөгжилтэй орнуудын хувьд бүхий л үйл ажиллагаа, хөтөлбөрүүдээ судалгаанд суурилж хийдэг учир бага өртөгтэй, өндөр ашигтай, төлөвлөсөн хугацаанд амжилтанд хүрч чадаж байгаа нь бүгд судалгааны үр дүн юм.

Бяцхан зөвлөгөө эсвэл туршлагаасаа хуваалцаж хэлэхэд төлөвлөгөө, зорилгоо бичихдээ амьдралын төлөвлөгөө, ажлын төлөвлөгөө, хувь хүний хөгжлийн төлөвлөгөө гэж олон янзаар төрөлжүүлж болох ч аль болох хооронд нь уялдуулж бие биенээсээ шууд хамааралтай байхаар хийж өгвөл хүн өөрийгөө дотоодоосоо сэдэлжүүлж ажиллаж, амьдрах боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл өөрийн нөөцийг сайн гаргаж, зохицуулж сурахад туслах юм. Бидэнд байдаг нэг хуурамч, сул тал бол “төгсөөд цаг гарахаар нь, хэл сурахаараа, хүүхдээ төрүүлээд гэртээ суухаараа, хүүхдээ томрохоор ажилдаа орохоороо гэж өөрийгөө хуурмагаар сэдэлжүүлэх нь жинхэнэ дотоод сурах, хөгжих, бүтээх сэдлийг бууруулахад нөлөөлдөг. Энэ удаагийн докторын зэрэг горилох сургалт маань миний хувьд маш том сорилтуудтай уулзуулж байгаа нь, өөрийн нөөцийг таних, хүлээн зөвшөөрөх, ахиулах, бүгдийг сайн тооцож бүх зүйлд өөртөө, ар гэр, сургалт, орчин тойрондоо цаг гаргаж сурахад, ялангуяа гэр бүлийнхээ хүнтэй нэг зорилгын төлөө жинхэнэ багаар маш сайн ажиллаж сурч байна.

Хийх ажлын хувьд Монголдоо хэрэгжүүлэх юмсан гэсэн олон сайхан санаа, хийх их хүсэл, тэмүүлэл, бусад мэргэжил нэгтнүүддээ сонсгох, хуваалцах, хөгжүүлэх юмсан гэсэн олон чухал мэдээлэл, технологиуд байдаг ба энэ бүгдийг өөрийн боломжийг дайчлан, баг хамт олныхоо тусламжтай бага багаар, тасралтгүй хийнэ дээ.

ЯГ ОДОО ТӨВЛӨРӨН ХИЙЖ БАЙГАА СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ

Яг 3 үндсэн судалгааны хүрээнд илүү төвлөрч ажиллаж байна.

1. Calling буюу сэтгэлийн дуудлагатай холбоотой судалгаа. Тус судалгаа нь Монголчуудын ажлаа хэрхэн ойлгож хүлээж авдаг, үнэлдэг, энэ нь эргээд ажил амьдралын сэтгэл ханамж, хувь хүн, байгууллагын бүтээмжид үзүүлж буй нөлөөлөл зэргийг товчхондоо илрүүлнэ.Сүүлийн үед байгууллагын болон эерэг сэтгэл судлал, мэргэжил сонголт, ажил албаны хөгжүүлэлт зэрэг салбаруудад хүчтэй яригдаж байгаа сэдэв. Монголд анх удаа бас хийгдэж байгаагаараа онцлогтой ба сонирхолтой, практик ач холбогдолтой судалгаа болно байх, дараа жил хэвлэгдэж гарах болно.

2. Манлайллын хэлбэр нь ажилтайгаа илүү уялдаа холбоотой ажиллахад эерэг нөлөө үзүүлдэг ба үүнд хувь хүн болон ажлын нөөц нь ямар нөлөө үзүүлдэгийг сонирхон судалж байна. Өмнөх судалгааны ажил буюу сэтгэлийн дуудлага судалгааны ажлын урьдчилсан дүнгээс үзэхэд Монгол ажилтаны ажлыг хамгийн утга учиртай болгодог бүтээмжинд хамгийн өндөр нөлөөтэй хүчин зүйлс нь ажлын нөөцийг (удирдлага, хамт олны дэмжлэг, хариу үйлдэл, удирдлагын арга барил, байгууллагын орчин гэх мэт) чухалд авч үзсэн ч хувь хүний хүчин зүйлийг тооцох тал дээр сул байсан нь сонирхол татсан юм. Тиймээс энэхүү судалгааг одоогийн байдлаар сонирхон судалж байна.

3. Цагаачдын буцах хөдөлгөөн ба хувь хүний хөгжил. Цагаачилж амьдарч байгаа иргэдийн хувьд зөвхөн эдийн засгийн хувьд гэр бүл, улс эх орондоо хувь нэмрээ оруулаад зогсохгүй нийгэм-ажлаараа дамжуулан бие хүний хувьд хэрхэн төлөвшиж, ур чадварт суралцсан байдал нь Монголдоо эргэн очиж ажиллахад ямар үр нөлөө үзүүлж байгааг судлах сонирхолтой. Энэ судалгааны хувьд сургуулийнхаа бусад Монгол нийгмийн салбарын докторант оюутнуудтайгаа хамтран хавраас эхлүүлсэн юм. Солонгос улсад сурч байгаагийн хувьд энд ажиллаж амьдарч байгаа Монголчуудынхаа нийгэм-сэтгэл зүйн асуудлаар судалгааны ажил хийж гадаад ажилчдын талаарх нийгмийн эерэг төсөөлөл бий болгоход туслах зорилготой.

ТА ӨДӨРТ ХЭДЭН ЦАГ АЖИЛЛАДАГ ВЭ?

Оюутан учраас өдрийн 10-12 цаг сууж хичээллэж байна. Сүүлийн үед шилдэг судлаачдыг үнэхээр шүтэн амьдарч байна даа. Судлаач хүний тархи 7/24 ажилладаг юм байх. Жирийн ажилтан бол гэртээ харихад маргааш хүртэл амарч ажлаасаа өөрийгөө чөлөөлөх боломжтой бол судлаач бараг хэзээ ч чөлөөлөгддөггүй. Судлаачын тархи үргэлж учир шалтгааныг хайж, шинэ санааг хөгжүүлэхийн тулд бодох, судлах, сонирхсон сэдвийнхээ хүрээнд тасралтгүй судалгаа шинжилгээний ажил явуулж, өөрийн онолыг гаргах, батлах, давтах зэрэг үйл явц нь тасралтгүй үргэлжлэх хөдөлгөөнт үйл явцтай холбоотой.

АЖИЛДАА ХАМГИЙН ИДЭВХИТЭЙ ХАНДДАГ ЦАГ

Голдуу үдээс өмнө, хүүхдүүдээ унтуулаад шөнийн цагаар бас сууж хичээллэхэд бүтээмж өндөр. Цаг гарах хэсэг болгонд идэвхтэй байх нь бүтээмжийг чанартай нэг хувиар ахиулж чаддаг гэдэгт би итгэдэг. Шинжлэх ухааныг гүнзгийрүүлэн судлах ялангуяа гадны хэл дээр судлах нь хэд дахин их хугацаа, хүч зарцуулах сорилттой нүүр тулгаруулж байна. Заримдаа нэг нэг мөрөөр нь унших, бодох, бүүр эхнээс нь унших зэргээр ажилладаг учир хэсэгхэн хугацаанд ч болов унших, уншисанаа эргэцүүлэн бодох зэрэгт хугацаа их хэрэгтэй болдог.

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭ ХЭРХЭН ӨНГӨРӨӨДӨГ ВЭ?

Амралтын өдөр гэрийн ажлын өдөр юм л даа. Тиймээс хүүхдүүд бага учраас тэдэндээ цаг зарцуулж тоглуулах, сургалтанд хамруулах, дараагийн долоо хоногийн хүнс, сургалт, ажлын бэлтгэл хийгдэнэ. Миний хувьд сургалтын стрессээ угааж цэвэрлэж, хоол бэлтгэж тайлдаг болоод байгаа.

ЦАГИЙГ ХЭРХЭН ЗӨВ ЗАРЦУУЛАХ ТАЛААР

  • Сайн төлөвлөх, удирдах. Бид нар олсон мөнгөө хаа хамаагүй үрдэггүйтэй адил цаганд мөн ижил хандах хэрэгтэй. Гадаадад амьдрахад хүмүүс бүх зүйлийн үнэ цэнэ ялангуяа цагийн үнэ цэнийг маш их мэдэрдэг. Хөдөлгөөн бүр нь хугацаатай, үнэлгээтэй амьдралд бүх зүйл нарийн төлөвлөгддөг.
  • Хувь хүний хөгжилд заавал цаг гаргах. Бидэнд хангалттай ашиглах боломжтой 24 цагийнхаа нэг цагийг болий гучин минутыг л өөрийн хөгжилд зарцуулдаг л болоё. Үүний тулд бяцхан зорилго тавья. Хүүхдээ унтуулах зуураа хийсэн зүйлээ дүгнэж, хийх зүйлээ төсөөлөхөд л унтах сэдэл байхгүй болно. Ингээд өдөр бүр дүрмээ сайн мөрдөж, өөрийгөө урамшуулахад л болно.

СЭТГЭЛ СУДЛААЧДЫН АМЬДРАЛДАА ХАНДАХ ХАНДЛАГА

Миний мэдэх сэтгэл судлаач, сэтгэл судлаач найзуудад байдаг нийтлэг тал бол заримдаа хэтэрхий хүмүүнлэг (бусдыг үргэлж нэгт тавьдаг, бусдын байр сууринд өөрийгөө тавьдаг), асуудлын зөв гарцыг олохдоо сайн, бие хүний хувьд хүчтэй, ухаантай, зөөлөн сэтгэлтэй, даруу хүмүүс санагддаг.

Мэргэжлийн хүний нүдээр бол мэргэжил хүнийг хоёрдох удаагаа бүтээдэг. Сэтгэл судлалын мэргэжил нь мэргэжилтэнээ ялгаатай нөхцөл байдлуудад өөрийн сэтгэл хөдлөлөө зөв удирдах, тэнцвэртэй байдлаа хадгалах, бусдад нээлттэй идэвхтэй зөв харилцагч байж бусадтай сэтгэл зүйн дотоод уялдаа холбоо үүсгэж чаддаг, шинэ зүйлд нээлттэй, уян хатан, үргэлж судалж, хайж, суралцаж, өндөр ёс зүйтэй байхыг шаарддаг мэргэжил юм. Үүнийгээ ч манай сэтгэл судлаачид өөрсөддөө сайн дагаж мөрддөг бусдын амьдралд эерэг нөлөө үзүүлж, өөрчлөлтийг бий болгох чин хүсэл тэмүүлэлтэй, эерэг хандлага, өөдрөг үзэлтэй хүмүүс байдаг.

7

ИРЭЭДҮЙД ТАНЫ АЖИЛ АМЬДРАЛД ГАРАХ ӨӨРЧЛӨЛТИЙГ НЭРЛЭВЭЛ

Олон эерэг амжилттай өөрчлөлт, дэвшилтүүд зөвхөн миний бус бусдын маань ч амьдралд бий болсон байна байхаар хүсч, байлгахын төлөө ч тасралтгүй хичээж, хийх байна.

  • Хамт олонтойгоо мэргэжил нэгтнүүдтэй эргэн нэгдэж нэг завинд сууж Монголын сэтгэл судлалын салбарыг амжилттай, өрсөлдөхүйц, ахиц дэвшилттэй байлгахын тулд дэлхийгээс тасарч бус тэдэнтэй хөл нийлүүлж, өөрсдийн ололт амжилтыг хуваалцдаг, дотооддоо болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэнүүдийг бэлтгэж гаргадаг зэрэг чадавхжсан институттэй болох.
  • Монголын сэтгэл судлаачид нэр ус, хаяг, байршил, хийх ажлын чиг үүрэг нь хууль эрх зүйн хүрээнд тодорхой болж, бодлогод нөлөөлдөг, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн иргэд бидний дуу хоолойг хүлээдэг, итгэл үнэмшилтэй сонсдог, дагадаг, үнэ цэнэтэй мэргэжилтнүүд болсон байна.

БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ

Өөртөө болон хайртай хүмүүстээ хүсдэг бүхнээ, бусдад бас хүсдэг байх. Үйлдэлдээ хариуцлага үүрэх чадвартай болсон үедээ үйлд. Үгүй бол үг сонс.

ӨӨРТӨӨ АМЬДРАЛДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙХАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛ

Байгаа бүхнээ байгаад нь баярлаж, талархаж чадвал сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдрахад бүх гадна дотны бүх зүйлс өөрийн хувь нэмрээ оруулдаг байх. Хамгийн том хүчин зүйл бол миний мөрөөдөл зорилго, хүсэл тэмүүлэл үүнийг маань үргэлж дэмжиж, урамшуулдаг сайхан хүмүүс гэр бүл, ахан дүүс, багш, найз нөхөд минь. Ялангуя манай хамт олны нөлөө хамгийн их. Нэг зорилгын төлөө асуудал бүрийг хамтдаа ярилцаж шийдэж, хамтдаа бүтээж, хамтдаа үр дүнд хүрч, нэг нэгнийхээ баттай ар тал болж, нөхөрлөл, хайр, аз жаргалыг хамгийн ихээр мэдрэх боломжтой халуун дулаан уур  амьсгалтай хамт олны нэг хэсэг нь гэдгээ мэдрэх, тэднийхээ хийж бүтээж, үлгэрлэж байгааг хараад бахархах, сэтгэл хангалуун, баярлах сэтгэл төрдөг.

АМЬДРАЛААС АВДАГ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ

  • Чадахгүй, мэдэхгүй зүйл гарч ирэх болгонд сэтгэлээр унаж, гутрах үе олон ч энэ бүгдийг, өөрөө өөрийгөө ялж, болохгүй байсан зүйлээс бага ч болов боломжийг мэдрэх, харах үе,
  • Бусдын, нийгмийн, дэлхийн сайн сайхны төлөө өөрсдийгөө зориулж яваа хүмүүсийн тэнүүн сэтгэлийг харах, унших, үр дүнг нь мэдрэх үед,
  • Шинэ үе, дүү нар маань өсөж, гэгээн мөрөөдөлөөр дүүрэн, мэдэхийг бүтээхийг хүсч, хичээж байгааг харах,
  • Хоёр охин минь өглөө бүр бие биенээ санан сэрж, тэврэлдэх, нэг нэгнээ маш ихээр хайрлахыг харах үнэхээр бүтэн мэдрэмжийг өгдөг.

ХИЙЖ ҮЗЭХИЙГ ХҮСДЭГ ЗҮЙЛ

  • Олон улсын томоохон хурлуудад Монгол хүний сэтгэл зүйн онцлог, өөрсдийн гаргасан шинэ сэтгэл зүйн технологийг танилцуулах,
  • Одоо ч боломжгүй байхдаа гэсэн хэдэн багын мөрөөдөл минь бий тэрийгээ боломж олдвол хийж үзэхийг хүсч байна даа.

ТАНЫ ХАМГИЙН САЙН ЧАДДАГ ЗҮЙЛ

Бусдыг дайлах. Би олуулаа байх их дуртай. Манайд олон хүн ирж цай хоол унд  иддэг, үргэлжийн гадны зочинтой, ээж маань нэг ядарлаа гэлгүй тэр болгоныг хийж дайлж, ундалдаг байсан нь их нөлөөтэй байх. Ялангуяа гэр бүлтэй болсноос хойш гэртээ найз нөхөд, ойр тойрны хүмүүсээ урьж хамт сайхан дотно яриа өрнүүлж, хамт хооллох.

Бусдыг халамжлах. Бид эцэг, эхээс тавуулаа хайр халамжаар дүүрэн өссөн. Энэ мэдрэмж маань намайг бусдыш халамжлах, бусдад анхаарал хандуулдаг болоход их нөлөөлсөн болов уу гэж боддог. Бусдыг халамжлахаас би өөрөө аз жаргалыг мэдэрдэг, бусад хүмүүст мөн энэ нь сайхан мэдрэмж төрүүлдэг байх.

ОДОО УНШИЖ БАЙГАА НОМ

Олон ном байна, яг одоогийн байдлаар Г. Цэрэнхандын “Монгол ахуй, угсаа соёлын судалгаа” гээд ном уншиж байна.

БУСДАД БАЙНГА ХЭЛДЭГ ҮГ

“Найдах зүйл цөөн байх нь Хөгжин амьдрах чадварыг нэмэгдүүлдэг”

Бусдад гэхээсээ илүү өөртөө олж мэдсэн үг. Монголдоо байхад ах дүү олуулаа найз нөхөд ихтэй болохоор ээжээр туслуулчихъя, тэрнээс гуйчихъя, тэрүүгээр энүүгээр гэдэг зүйл их байсан нь гадаадад амьдрахад байхгүй болж зөвхөн өөрсдийн нөөцөнд найдахаас өөр аргагүй болно. Нэг удаа найзаасаа гуйж хийлгэнэ, дараагийн удаа нөгөө найзаасаа гуйна дахиад хэрэгцээ үүснэ дахиад гуйх уу?

ХҮМҮҮСИЙН ЭЕРЭГ БА СӨРӨГ ХАНДЛАГЫН ТУХАЙД

Болж байгаа бүхнийг болохгүй, хийж байгаа нэгнээ бүтэхгүй, чадахгүй гэдэг нийгмийн хандлага нь бидний хэтэрхий тогтсон, хөгжих сэдэлгүй болохыг харуулсан “майнд” юм. Энэ нь юу бэ гэвэл хоёр төрлийн “майнд” байна. Эхнийх нь “fixed mind” буюу хүний авьяас чадвар болон бие хүний онцлог өөрчлөгддөггүй гэж хардаг хэсэг, нөгөөх нь”growth mind” буюу хөгжих, өөрчлөгдөх боломжтой гэж үздэг. Монголчууд бид модон жорлон, залхуу, хулгайч зан хэзээ ч биднээс арилахгүй энэ бидний ялгарал гэж үзсэн хэвээр байгаа үед бид энэ л хэвээрээ үлдэнэ. Эсвэл өөрчилж бас болно сайжруулья гэвэл гомдоллолгүй өөрөөсөө эхэлж өөртөө үнэнч байж, өөрийгөө ялж, өөрчлөлтийг авчирч, эргэн тойрондоо үлгэр жишээ үзүүлэх л хэрэгтэй.

СЭТГЭЛ СУДЛААЧ ХҮН НИЙГЭМД ЯМАР БАЙР СУУРЬТАЙ БАЙНА ВЭ?

Манай салбарынхны хувьд нийгмийг түүчээлж явах ёстой хүмүүс. Ямар салбарт ямар хэрэгцээ шаардлага байна, үр дүн, нөлөө нь, хаана, юунд яаж нөлөө үзүүлэх гээд бүгдийг судалгаа шинжилгээний үндсэн дээр урьдчилж тодорхойлж бодлогод нөлөөлөх ёстой. Ингэхийн тулд сонирхсон салбараа гүнзгийрүүлэн сонирхож, нарийн судалгаа шинжилгээг хийж хамгийн багадаа бусад Азийн улс орны мэргэжил нэгт судлаач нартай хамтран ажиллаж, эрдэм шинжилгээний бүтээл олноор хийж, туршлага хуримтлуулж, өнөөдрийн энэ их нийгмийн бухимдсан асуудлуудыг нэг нэгээр нь шийдэж, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх нь бидний үүрэг, хариуцлагатай хийх ажил юм.

8

Би энэ мэргэжилд дуртай, хайртай мэргэжилтэнийхээ хувьд, мэргэжлээ бусдад зөв таниулах, хэрэглээнд оруулахын тулд мэдлэгээ тэлж, өөрийгөө хөгжүүлэхэд хичээн ажиллаж байна. Аливаа мэргэжлийн салбарын өвөрмөц онцлог, үзэл баримтлал, ололт амжилт нь тухайн мэргэжлийн мэргэжилтэнүүд мэдлэгийг хэрхэн тусган авч бусдад хүргэж байгаагаараа үнэлэгддэг, танигддаг гэж би боддог. Гэтэл биднийг олон нийт хардаг, үнэлдэг систем яг урьдын адил, өөрчлөгдсөн зүйл бараг үгүй. (харьцуулсан судалгаа хийгдээгүй) Манай салбарынхан өнөөдрийг хүртэл цаасан дээр өөрсдийгөө тодорхойлон гаргасан тодорхойлолт, ажиллаж хөдөлмөрлөх эрх зүйн таатай орчин, хамгаалалт бараг огт байхгүй гэхэд хилэсдэхгүй байна.

Мэргэжилдээ хайртай, эерэг нөлөөг нь харсан, өөрсөддөө хариуцлага үүрсэн өдөр тутмын амьдралаа болгож яваа хэдэн төрийн бус байгууллага, судалгаа шинжилгээний байгууллага болсон их, дээд сургуулиуд (харамсалтай нь олон улсад хийгдсэн судалгаа бараг байхгүй) ингээд өөрсдөөс маань өөр цөөхөн хэдэн хүн биднийг мэддэг. Яг бодит байдал дээр ийм л байгаатай маргахгүй болов уу. Бид хамтдаа нэг удаа өөрсдийн эрх ашгийн төлөө тэмцээгүй, таниулах томоохон нэгдсэн ажил бараг хийж байгаагүй учир нийгэмд оролцоо бага. Бусдад ярьдагаа хэзээ ч өөрсөддөө хэрэгжүүлж хамтарч ажиллаж, эелдэг байж, найр тавьж чаддаггүй. Ийм байж яаж бид бүгд харилцааны сэтгэл зүй, багаар ажиллах гэх мэт сайхан хичээлүүдийг итгэлтэй заадаг юм бол гэж хүртэл хааяа бодогддог. Эрдэмтэн багш нар, мэргэжил нэгт сэтгэл судлаач нартаа бид одоо нэг шүхэрт орж Монголын сэтгэл судлаач нарын дуу хоолойг Дэлхийд ядаж Азидаа хүргэж, Монголчуудынхаа сэтгэл зүйн эрүүл мэндийн манаанд хамтдаа зогсож хариуцлага үүрэх цаг аль хэдийн болсон.

Үүнийг хийх арга зам нь сэтгэл судлаачдын нэгдсэн удирдлага холбоотой болж, их дээд сургуулиуд нь чанартай сургалт явуулж хөгжих, суралцах хүсэлтэй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сэтгэл судлаач нарыг бэлтгэн гаргаж, судалгаа шинжилгээг олон улсын стандартын дагуу явуулж, бусад орнуудтай өрсөлдөх. Хамгийн эхэнд багш нар АНГЛИ ХЭЛНИЙ мэдлэгээ сайжруулах, оюутанууд ч мөн ялгаагүй илүү ихийг мэдэе явая гэвэл нэгдүгээрт англи хэл. Хэлгүйгээр бид дэлхий биш хөрштэйгээ ч холбогдож чадахгүй. Мөн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд оюутанууд магистр, докторын зэргээ олноороо гадаадын сайн, нэр хүндтэй сургууль, профессорын удирдлаганд суралцаж хамгаалахыг уриалмаар байна. Гадаадад суралцахад уриалж байгаагийн шалтгаан нь бусад улс бидэнтэй адил хөгжлийн түүхийг туулахдаа залуучуудаа салбар бүрт нь мэргэшүүлэх бодлого явуулж үр дүнг нь жигд хүртээмжтэй, амжилттай явуулж чадсан явдал. Суралцах ажиллагаа нь зөвхөн хувь хүний амжилт байгаад зогсохгүй салбарын хөгжилд өндөр ач холбогдолтой учир сайн судалж, төлөвлөөд нэг нэгнээ сурахад нь дэмжиж, тусалж, сэдэлжүүлцгээе. Солонгост суралцахыг хүсвэл миний хувьд мэддэг зүйлээ хуваалцахдаа үргэлж нээлттэй, таатай байх болно.

Бид Монгол хүнтэй холбоотой нэг үндэсний суурь судалгаа хийж амжаагүй байхад дараагийн цоо шинэ судалгааны эрин үетэй нүүр тулаад байна. Энэ бол аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал хиймэл оюун ухаант хүмүүс гэж хэн бэ, тэдний сэтгэл хөдлөл, хариу үйлдэл, тэдэнтэй хэрхэн хамтран ажиллах, харилцааны арга барил, харилцааны явцад үүсэх зөрчил шийдвэрлэх арга зам гэх мэт асуудлууд аль хэдийн судлагдаад, үр дүнг туршаад эхэлсэн. Бид ч энэ асуудалтай удахгүй уулзана.

УЛСЫН ИРЭЭДҮЙ ТАНЫ НҮДЭЭР

Иргэний хөгжил улсын хөгжлийг тодорхойлдог. Ялангуяа энэ цаг үеийн залуучууд бид гэр бүлийнхээ,  салбарынхаа, улсынхаа хөгжилд хамгийн их нөлөө үзүүлэх ёстой хүмүүс.

Өнөөдөр залуус бид сурч мэдэхээс айж, өөрийгөө хуурч амьдарсаар байвал Улаанбаатарын маргааш өнөөдрийнх шигээ утаатай, өвчлөлтэй, айдастай, стресстэй, өнгөгүй хэвээр байх болно. Харин сурч мэдэж, мэдсэнээ хуваалцаж, бүтээл болгож бусдыг хайрлах, хүндлэх, бахархах сэтгэл дүүрэн байгаа тэр хүний зүрхэнд, тархинд Улсын ирээдүй ч гэрэлтэй, хөгжилтэй харагдах болно. Баярлалаа.

Ярилцсанд баярлалаа танд сайн сайхныг хүсье.

Ярилцсан сэтгүүлч: С.СОЛОНГО

Бусадтай хуваалцах
  • 248
  •  
  •  
  •  
  •  
  •