СЭТГЭЛ СУДЛААЧ СИДИЙН САНЖААБАДАМ

Энэ удаагийн дугаарт маань Боловсролын хүрээлэн, Хүүхэд залуучуудын судалгааны секторын эрхлэгч, сэтгэл судлаач Сидийн Санжаабадам оролцож байна.

1992-1996 онд МУБИС-н нийгмийн сэтгэл судлалын анги

1998 онд тэнэмэл хүүхдийн харьцаа хандлагын асуудлаар сэтгэл судлалын магистр,

2009 онд Боловсролын удирдлага Юнескогийн олон улсын төлөвлөлтийн институтэд боловсролын удирдлагаар магистрын диплом бичиж хамгаалсан.

2001 онд докторын (Ph.D) боловсрол судлалаар хамгаалсан.

Боловсролын хүрээлэнд 19 жил тасралтгүй ажиллаж байна.

ТАНЫ МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ?

Энэ мэргэжил маань ширээний ардаас суугаад эзэмшчихдэг мэргэжил гэж боддоггүй, туршлагад тулгуурласан мэргэжил. Зарим мэргэжлүүд чинь олж авсан онолын мэдлэг нь их үнэ цэнэтэй болоод явчихдаг гэтэл сэтгэл судлалын мэргэжил бол практикийн туршлага дээр тулгуурлаж амьдралын явцад хүн өөрийнхөө туулж байгаа амьдрал тэгээд бусад хүмүүсийн туулж байгаа амьдралаас суралцах явцад чадварждаг мэргэжил гэж ойлгодог. Тийм болохоор сургуулиа  төгссөний дараа одоо ч гэсэн сэтгэл судлалын мэргэжилтэй гэж хэлэхээсээ болгоомжилдог. Сэтгэл зүйч, сэтгэл судлаач мэргэжилтэй гэж диплом авах нэг асуудал мэргэжлийн эзэн байна гэдэг өөр нэг асуудал. Би бол өөрийгөө яг сэтгэл судлаач мэргэжилтэй гэж хэлэхдээ болгоомжтой байдаг.

2

ТАНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Манай хүрээлэн дээр хүүхэд залуучуудын судалгааны сектор ажиллаж эхлээд 3 жил болж байна. Энэ секторын судлаачид бид нарын ажлын төлөвлөгөө гэхээр сүүлийн гурван жилийн хугацаанд монголын хүүхэд залуучуудын хөгжлийн цогц судалгаа хийж байна. Энэ судалгаагаар монгол хүүхдүүдийн хөгжлийн онцлогийг илрүүлэх, алсын ирээдүй их том зорилготой судалгааны эхний гарааг бид эхлэж байна.

Цогц судалгаа гэхээр хүүхдийн хөгжлийг танин мэдэхүй, нийгэмшил, бие бялдрын талаас нь 6-21 насны, нас болгоноор хүүхдүүдийн хөгжлийн онцлог нь ямар байна вэ? гэдгийг тогтоох арга зүйг эхний ээлжинд гаргаж байна. Энэ судалгаанд зөвхөн манай хүрээлэнгийн хүүхдийн хөгжлийн судалгааны секторын судлаачдаас гадна Монгол Улсын их Сургууль, Боловсролын Их Сургуулийн эрдэмтэн багш нар, нийгэм судлаачдаас гадна Сэтгэл Судлалын Үндэсний Төвийнхөн чухал үүрэгтэй ажиллаж байгаа. 2017 онд тухайн насны хүүхдүүдийн хөгжлийн онцлогын талаарх үзүүлэлтүүдийг гаргаж тавихаас гадна Монгол хүүхдийн хөгжлийн шалгуурыг боловсруулах томоохон судалгааны ажил байгаа. Монгол хүүхдийн хөгжлийн онцлогийг нэг удаагийн судалгаагаар гаргаж тавих боломжгүй учраас  бид нар цаашдаа төр засаг, засгийн газар дэмжээд явах юм бол үр дүн нь илүү чанартай байна. Засгийн газрын захиалгат ажил л даа. Засгийн газар илүү дэмжвэл боловсролын чанарын судалгаа шиг тодорхой хугацаанд энэ судалгааг хийгээд дундаж үзүүлэлтээ гаргаж ирж байж Монгол хүүхдийн хөгжлийн онцлог нь  бүс нутгийн хэмжээнд ч юм уу, бусад улс орны хүүхдүүдээс ялгагдах ялгаа юу вэ? гэдгийг гаргаж тавина. Алс хэтийн том судалгааны ажлын гарааг арга зүйн талаас нь бид эхэлж байна. Одоо хамтарч ажиллаж байгаа хүмүүсийнхээ хүчээр, энэ судалгаа яагаад хийгдэх болсон гэхээр манай Боловсролын хүрээлэнгийн захирлаар маш олон жил ажилласан академич М.Бэгз багш маань Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тогтоож байсан бараг 10-аад жилийн өмнөөс эхлээд Монгол хүний хөгжлийн асуудлыг өндөр түвшинд ярьж тухайн үедээ хамтарч ажиллаж байсан хүмүүстээ ойлгуулж дэмжүүлсний хүчинд тэргүүлэх чиглэлдээ хүний хөгжлийн асуудлыг тавиулж  засгийн газарт санал гаргасны дагуу 2013 оноос хийгдэж эхэлсэн судалгаа явж байгаа. Бидний ажлын хамгийн том төлөвлөгөө ойрын ирээдүйн хувьд 2013-2015 онд бид нарын судалгаанд хамрагдсан 4000 гаруй хүүхдүүдийн хүрээнд 06-21 насны хүүхдүүдийн нас болгоных нь хөгжлийн зарим нэг үзүүлэлтүүдийг шинжлэх ухааны үндэстэй гаргаж тавих, үүний дараа Монгол хүүхдийн хөгжлийн шалгуур нь юу байх вэ? гэдэг эхний баримт бичгүүдийг гаргах ажлуудыг эхлүүлэх том зорилготойгоор  манай багийнхан ажиллаж байна.

ТА ӨДӨРТ ХЭДЭН ЦАГ АЖИЛЛАДАГ ВЭ?

Заримдаа арав гаруй цаг ажиллана, гурав, дөрвөн цаг ажиллах үе ч бий. Тухайн өдрийн ажлын ритмээс хамаардаг.  Би сэтгэл судлалын мэргэжилтэй гээд хэлэхээр нөгөө хүмүүсийн хандлага, бодит байдал өөрчлөгддөг учраас хэлэхээсээ их болгоомжилдог өөрөөр хэлбэл би тэр хүнийг судлаад байгаа юм шиг өөрийнх нь дотоод ертөнц мөн чанарт нэвтрээд байгаа юм шиг ойлгоод байдаг.

Энэ бол нэг талаасаа Монгол улсад сэтгэл судлалын шинжлэх ухаан ямар хэмжээнд хөгжиж байгаа юм бэ? гэдгийг илэрхийлж байгаа үзүүлэлт байх. Нөгөө талаасаа өөрийгөө хаах, зарим зүйлүүдээ нуух болгоомжлолыг цаад хүмүүст төрүүлээд байдаг учраас их дургүй байдаг. Сэтгэл судлалын мэргэжил гэдэг хувь хүний төлөвшил талаасаа идеальны байх ёстой юм шиг хүмүүс хардаг. Өөрийнхөө талаас үзэхэд бусдад үлгэр дууриал болох сахилга баттай, ритмтэй хүн гэж боддоггүй. Тухайн өдөр би юу хийхийг хүсч байна түүндээ хөтлөгдөж ажиллах нь надад ажлын үр дүн гаргаж ирэхэд их чухал байдаг. Энэ зүйлийг хийх ёстой гэж хүчээр хийхээсээ илүү хүсч тэмүүлж хийх дуртай тэр нь миний өдөр тутмын ажлын үр дүнд их нөлөөлдөг.

АЖИЛДАА ХАМГИЙН ИДЭВХИТЭЙ ХАНДДАГ ЦАГ?

Янз бүр байдаг. Тухайн өдрийнхөө өөрийнгээ хэрхэн мэдэрч байгаагаасаа хамаарна. Ихэвчлэн надад 19-22 цагийн хооронд арай сонирхолтой, бүтээх чадвартай, толгой ажиллах нь арай үр дүнтэй байдаг болов уу? гэж таамаглаж байна. Хэлэхэд хэцүү л дээ.

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭ ХЭРХЭН ӨНГӨРӨӨДӨГ ВЭ?

Яг өөрийнхөө тааваараа өнгөрөөх дуртай. Босмоор байгаа цагтаа босож босоод юу хиймээр санагдаж байгаа тэр зүйлээ хийнэ. Амралтын өдрөө уншдаг, бүтээлч өнгөрөөдөг гэж хэлж чадахгүй ерөнхийдөө бусад хүмүүсийнхээр бол идэвхигүй байж магадгүй. Амралтын өдрийг амарч байна гэж мэдэрч өнгөрөөх дуртай.

ЦАГАА ХЭРХЭН ЗӨВ ЗАРЦУУЛАХ ТАЛААР?

Цагийг зөв зарцуулна гэдэг бол тухайн хүн тухайн цагт юуг хийвэл хамгийн үр дүнтэй бүтээлтэй байна гэдгээ мэдэрч нэг зарцуулах хандлага байна. Нөгөө нь хамгийн их бүтээлчээр зарцуулах ёстой гэж үзэж өөрийгөө шахаж төлөвлөж хийдэг нэг үе байна. Тэгэхээр цагийг тухайн цаг дээрээ төлөвлөдөг хүн байна. Долоо хоногоор төлөвлөдөг хүн байна, сараар, жилээр төлөвлөдөг хүн байна.

Миний хувьд бол ерөнхий жилийн төлөвлөгөө багцаа гаргана. Сарын ажлын төлөвлөгөөг багцаална. Цаасан дээр бичээд тэдэн цаг тэдэн минут гэж төлөвлөдөггүй л дээ, их нарийн төлөвлөөд ирэхээр өөрөө дарамтанд орох гээд байдаг. Ерөнхий төлөвлөгөөнийхөө дагуу гаргаж ирэх том үр дүнгүүдээ гаргая гэсэн төлөвлөгөөндөө гаргах гээд явдаг. Өдрөөр нь цагаар нь хуваарилаад өөрийгөө шахах чадвар султай. Өөрөө юу хиймээр санагдаж байна, тэрэндээ хөтлөгдөнө. Гэхдээ хийх ёстой зүйлээ төлөвлөхгүй өдрийн урсгалаар яваад байдаг гэж ойлгож болохгүй. Том зорилгоо төлөвлөж тавина. Тэрний төлөө ямар алхмууд хийх вэ? гэдгээ төлөвлөж түүнийгээ өдөр тутам титалчилж цагаар төлөвлөх чадвар султай юм уу даа.

СЭТГЭЛ СУДЛААЧДЫН АМЬДРАЛДАА ХАНДАХ ХАНДЛАГА?

Бусад хүмүүс яаж ханддагийг мэдэхгүй. Боловсролын Их Сургуульд оюутан байхад манай Л.Уранцэцэг багш миний бакалаврын дипломын, магистрийн ажлын удирдагч байсан. Судалгааны ажил маань “тэнэмэл хүүхдүүдийн нийгэм сэтгэл зүйн онцлог” сэдэвтэй байсан. Тэр үед манай Урнаа багш нэг удаа хэлж байсан. Хүн сэтгэл судлалын мэргэжилтэй байхын хэрээр бусдад шүүмжлэлтэй хандчих гээд байдаг тал бий. Тухайлбал: Багшийн ажил хийдэг хүн бусдыг сонсох чадвар муутай болчихдог гэж яриад байдаг. Практик дээр ажиглалтаараа сэтгэл судлал мэргэжил эзэмшсэн хүмүүс бусад хүмүүсийг ямар байх ёстой гэсэн шалгуурыг тодорхой тавьж түүгээрээ бусад хүмүүсийг татан оруулах гээд байдаг хандлага байдаг. Амьдралын хэв маяг гээд том хүрээнд харахаар би хэлж мэдэхгүй байна. Энгийн дүгнэж хэлэх хүн гэж өөрийгөө бодохгүй байна. Хэцүү асуулт санагдаж байна.

ИРЭЭДҮЙД ТАНЫ АЖИЛ АМЬДРАЛД ГАРАХ ТАВАН ӨӨРЧЛӨЛТИЙГ НЭРЛЭВЭЛ?

Монгол хүүхдийн хөгжлийн цогц судалгаан дээр манлайлах үүрэгтэй явж байгаа судалгааны ажил 20-д жил хийж байна. Амьдралын сайхан үе, аз завшаан гэж харж байна. Нийгмийн шинжлэх ухаанд болсон болоогүй өөрийнхөө чадах чинээгээр, боловсрол судлалын чиглэлээр сүүлийн 20-оод жил ажиллахдаа өөрийн эзэмшсэн мэргэжил сэтгэл судлал мэргэжилтэйгээ эргэж их ойрхон багтайгаа ажиллаж байгаадаа их баяртай байна. Энэ дээр их бахархал болгож байгаа зүйл нь Монгол хүүхдийн хөгжлийн онцлогын талаарх энэ том судалгаа нь үндэсний хэмжээнд анх удаа хийгдэж байгаа нэлээн манлайлах үүрэгтэй сайхан хүмүүстэй хамтарч ажиллаж байгаа нь миний амьдралын нэг сайхан хэсэг үүнээс их сайхан үр дүн гарна,  хүсэл мөрөөдөл тэмүүлэл дээр том ахиц гарсан өөрчлөлт байх болов уу гэж бодож байна.

2-рт нь өөрт хамаагүй юм хэлж байж магадгүй санаснаар болдог бол 10, 20 жил дараа бид энэ Монгол улсад амьдарч байгаагаараа бахархаж амьдрахаар хөгжлийн гэрэлтэй ирээдүй гаргасан ийм сонирхолтой үед амьдрах юмсан. Энд би хүсэхээсээ илүү итгэж байна. Энэ дээр бол ойрын 20 жилийн дотор одоо бидний хүүхдүүд аз жаргалтай амьдрах нь гэсэн итгэл төрсөн. Ийм том өөрчлөлт болно гэж итгэж байна.

3-рт нь миний хамгийн хайртай, хамгийн чухал хүмүүс маань бүгдээрээ эрүүл саруул, аз жаргалтай тэдний баяртай нүдийг өдөр тутам харж амьдарвал хүний амьдралын утга учир. Өөрчлөлт гэхээсээ илүү одоо байгаа энэ сайхан зүйл энэ чигээрээ удаан үргэлжлээсэй гэж итгэж бас хүсч байна.

СЭТГЭЛ СУДЛААЧИЙН ҮҮДНЭЭС БУСДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Би бусад хүмүүс амьдралтайгаа сайхан зүйлүүдийг өөртөө хамгийн ойрхон хүмүүсээс олж хараад түүгээр амьдралынхаа утга учрын нэг хэсгийг хийж амьдраасай гэж боддог. Монголчууд бүгд мэдэж байгаа бид нар их хүнд үед амьдарч байна ялангуяа хот суурин газар амьдарч байгаа хүмүүс гэрээсээ гараад нэг алхаад л гудамжинд хальтирахаас эхлээд л зөрөөд өнгөрч байгаа хүний хүйтэн ширүүн харцтай тулгарахаас эхлээд л хэцүү зүйлүүдтэй их тулгардаг.

Сэтгэл судлаач хүмүүс зөвхөн өөрөө утга учиртай, баяр жаргалыг жижигхэн зүйлээс харж амьдрахаас гадна тэр сэтгэл зүйн дэмжлэг хэрэгтэй байгаа хүмүүстээ өөрийнхөө чадахаар эерэг дэмжлэг үзүүлэх, дотоод хүн талаасаа сэтгэлтэй байгаасай зүгээр мэргэжлийн хүйтэн хэллэгээр мэргэжлийн хандлагаар хандах нэг асуудал гэтэл энэ чинь өөрийнхөө дотоод мөн чанараараа чин сэтгэлээсээ халуун сэтгэлээрээ бие биедээ хандах, дэмжих сэтгэлтэй байна гэдгийг бол энэ мэргэжилтэйгээ уялдуулж харж байна.

Өөрт болоод бусдад эерэг мэдрэмжийг төрүүлэх чадвартай байхыг мэргэжлийн үнэ цэнэ гэж ойлгоод байгаа яагаад гэвэл бид нар тогтворгүй байнга хувьсаж өөрчлөгдөж байдаг сонирхолтой обьекттой ажиллах үүрэгтэй. Хувьсамтгай, тогтворгүй байхынхаа хэрээр хүнээс юу ч гарч болно гэдгийг хүлээн зөвшөөрөх хэмжээнд болж төлөвшинө гэдэг бол нэлээн амаргүй хүний наснаас, амьдралын туршлагаас ч их хамаарна. Тэрний төлөө л бид нар тэмүүлэх ёстой. Ямар нэгэн ийм байх ёстой, тийм байх ёстой гэж харж байгаад түүгээрээ хандаад байх юм бол энэ хүнд өөрт нь их зовлон, хэцүү бэрхшээлийг авчрах байх. Хүнээс юу ч гарч болно, учир шалтгааныг нь ойлгож хүлээцтэй хандана гэдэг бол их том төлөвшил гэж боддог. Хүнийг ийм байлгахад нь бид нар дэмжлэг үзүүлж чадах нь уу? энэ дэмжлэгийг үзүүлээсэй чадах чадахаараа өөрийнхөө хүрээнд гэж хэлэх байна.

ТАНЫ БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ?

Хүн яг өөрийнхөөрөө байх ёстой. Ямар нэгэн хэлбэр жүжиглэлт хэрэггүй. Өөрийнхөөрөө байна гээд бүдүүлэг аашлаад байна гэсэн үг биш. Хүн өөрийнхөөрөө шударга зөв, зөв байр суурьтай байгаасай. Зөвхөн өөрийгөө биш миний хажууд надаас өөр хүмүүс байгаа учраас тэд нартай зохицож өөрийнхөөрөө байна гэдэг бол маш сайн тал, байгаагаараа байгаа хүнийг би хүндэлдэг. Энэ зарчмыг их баримталдаг.

АМЬДРАЛДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙХАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛ

Ямар нэгэн юмыг чадахаасаа чадахгүйгээ хүртэл хийгээд хийж чадсан үр дүнгээ өөрөө хүлээн зөвшөөрдөг байх. Энэ бол хүний амьдралдаа сэтгэл хангалуун байх хамгийн чухал зарчим. Өнгөрсөн рүүгээ харахдаа шүүмжилж биш өнгөрсөн үеэс ололттой чадсан зүйлээ харж сэтгэл ханамж авч дараагийнхаа алхамыг хийж байх. Хүн гэдэг чинь урмын амьтан өөрөө өөрийгөө урамшуулж амьдрах ёстой.

ТАНЫ ХУВЬД АМЬДРАЛДАА АВДАГ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ?

Өглөө босоод л цонхоор нар туссан тунгалаг өдөрт их дуртай. Нарны гэрэл шиг хүний сэтгэл халуун дулаан, чин сэтгэлийн хандлагыг мэдрэх их гоё. Мэдээж аав ээж ойр дотныхоо хүмүүсээс авалгүй яахав. Энэ нь надад илүү сайхан хандах болов уу гэж эргэлзэж байсан хүнтэй нээх сайхан халуун сэтгэлээр хандах чин сэтгэлээрээ дэмжихийг мэдрэх надад их таатай байдаг.

ХИЙЖ ҮЗЭХИЙГ ХҮСДЭГ ЗҮЙЛ?

Би усанд сэлдэг, усанд сэлж байхад юу сайхан гэвэл тулах юмгүй орчинд өөрөөрөө хөвж байдаг, хөл гаранд юу ч саад болохгүй чөлөөтэй хөдөлдөг. Тэр мэдрэмжийг л агаарт мэдэрч нисэж үзэх юмсан гэж хүсдэг. Тэр нь надад их гайхамшигтай миний хүсдэг зүйл энэ.

БУСДАД БАЙНГА ХЭЛДЭГ ҮГ?

Гоё байх хөгжилтэй байх их дуртай, өдөр бүр амьдралаас сайхан мэдрэмж авахыг хүсдэг учраас сайхан үгсийг л их хэлдэг байх.

ОДОО УНШИЖ БАЙГАА НОМ?

Заримдаа роман уншмаар санагдана, заримдаа танин мэдэхүйн ном, яг одоо бол “Эрчүүд ангарагаас, эмэгтэйчүүд сугараас” ирсэн гээд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгааны талаар ном уншиж байна. Тав, зургаан удаагийн бестселлер ном. Ажилтай холбоотой сэтгэц хэл шинжлэлийн талаарх онолын үр дүнгийн талаар ном уншиж байна. Тухайн үед ямар ном унших хэрэгтэй байна, уншмаар санагдаж байна түүнийгээ л барьж авдаг даа.

ХҮМҮҮСИЙН ЭЕРЭГ СӨРӨГ ХАНДЛАГЫН ТУХАЙД?

Мэдээж хүн эерэг хандлагыг мэдрэхийг хүснэ, хүссэн хүсээгүй бид өөрсдийгөө илэрхийлэхэд хэцүү орчинд амьдарч байгаа учраас зарим хүнд үл ойлгогдох, өөрийнхөө хувьд эерэг гэж бодсон ч бусдын хувьд сөрөг байхаар хандлагуудыг бас гаргадаг. Сөрөг хандлагыг мэдрэх хэцүү байдаг. Сөрөг хандлыгыг мэдчихээд юу ч болоогүй юм шиг явах бас амаргүй байдаг өөрөө мэдрэх тухай  ярихад яагаад ингэсэн юм бол надтай ямар холбоотой юм бол, учир шалтгааныг өөрөөсөө хардаг хайдаг.

Би яасан юм бол гээд? Тэгээд яагаачгүй байх юм бол бусдад гомдох, туних мэдрэмжүүд үүсч энэ нь хэцүү байдаг. Бусад хүмүүсийн харилцаан дээр сөрөг хандлагыг мэдрэх ер нь л хэцүү. Одоо дахиад цаашаа хайшаа явах юм бол, тэр  хоёр хүний харилцаан дээр гарч байгаа сөрөг хандлагыг харж байгаа хүүхэд эндээс юу ойлгох вэ? тэр гудамжинд харагдаж байгаа сөрөг хандлагатай хүнийг хараад гэртээ очоод гэр бүлдээ яаж хандах бол? Дандаа тийм гунигтай мэдрэмж төрдөг. Өөр дээрээ ч тэр бусад дээр ч тэр сөрөг хандлагыг мэдрэх нэг л гунигтай. Эерэг хандлагыг мэдрэх бол нартай өдөр шиг гэгээлэг цэвэрхэн таатай цагаан мэдрэмж төрүүлдэг. Санаснаар болдог бол эерэг хандлагын дунд жаргалтай амьдрах юмсан.

СЭТГЭЛ СУДЛААЧ ХҮН НИЙГЭМД ЯМАР БАЙР СУУРЬТАЙ БАЙНА ВЭ?

Онолын, практик сэтгэл судлал гэж ялгарч хөгжөөгүй байна. Боловсролын Их Сургуулийн нийгмийн сэтгэл судлалын ангийн хамгийн анхны төгсөгч бид, бидний дараа Монгол Улсын Их Сургууль дээр сэтгэл судлалын анги төгсөж байсан. Үндэсний хэмжээнд манай багш нар өөрсдөө сэтгэл судлаач  бэлдэж байгаа. Бэлдэж эхлээд 20-оод жил болчихсон байна. Хэдийгээр сэтгэл судлал урт түүхтэй, ууган шинжлэх ухаан ч гэсэн монголд хөгжсөн талаас нь харах юм бол их богинохон хугацаа, энэ богинохон хугацаанд манай практик сэтгэл судлалд өөрсдийнхөө байр суурийг чиглэл чиглэлээр их мундаг олж байна. Европ, Азийн орнуудад ч гэсэн сэтгэл судлалаар сурч байгаа хүмүүс их байдаг болсон. Эднээс гадна манайд бэлтгэгдсэн сэтгэл судлаачид манлайлах үүрэгтэй явж байгаад би их талархдаг. Энэ дээр гарцаагүй Б.Ууганцэцэгийг хэлмээр санагддаг. Ажлын чиглэлээр холбогдоод нэлээн олон  жил болж байгаа Сэтгэл Судлалын Үндэсний төвийн хамт олныг дурдахгүй байхын аргагүй. Үнэхээр энэ залуучуудаараа бахархаж байна. Өөрсдөө орон зайгаа бий болгочихоод алхам тутамдаа үргэлж ахиж байгаа нь урамтай байдаг.

Тийм ч учраас үндэсний хэмжээнд явж байгаа судалгаан дээр Сэтгэл Судлалын Үндэсний төвийнхөн нэг гол дүрд тоглож байгаа хэсэг нь гэж хэлэхдээ бахархалтай байна. Практик сэтгэл судлал сайн хөгжиж байна. Онолын сэтгэл судлал бол илүү мэдлэг хуримтлуулж чанаржсаар байгаа. Сэтгэл судлалын шинжлэх ухаан салбар болгоноороо бие даагаад хүчтэй хөгжиж гарч ирээсэй энэ бол нийгмийг эрүүлжүүлэхэд их чухал үүрэг гүйцэтгэх ёстой шинжлэх ухаан. Онол, практик хоёр ижил үүрэгтэй байх ёстой.

УЛСЫН ИРЭЭДҮЙ ТАНЫ НҮДЭЭР

Бид нар Хятад үндэстэнд Хятад хүмүүст их дурамжхан байдаг. Хятадаас эх орон руугаа хил давахад их гайхдаг. Заримдаа гомдонгуй сэтгэл төрдөг, муу аавтай, аав нь хүүхдүүдээ хоол ундгүй гэрт хаячихдаг. Ээж нь өлөн зэлмэн байж байдаг. Гэрт нь ороход ханхай хоосон, эерэг юу ч үгүй айл шиг, олон хүүхэд нь бужигнасан нүцгэн шалдан гүйсэн хоолтой үгүй нь ч мэдэгдэхгүй, заримдаа яг л тийм мэдрэмж төрдөг ч Монгол хүний гэгээн ухаанд итгэдэг. Нэгэнт л энэ улсын иргэн болоод төрчихсөн болохоор ямар ч чадалгүй эмгэн болохоосоо өмнө сайхан гэрэлтэй тод ирээдүй харагдана гэж итгэж байгаа энэ итгэл маань намайг сэтгэл зүйн хувьд дарамтнаас чөлөөлж байна.

Бидний үр удам амьдрах учраас сайхан орчинд амьдрах ёстой. Сайхан амьдрал хайгаад эх орноо орхиод явж болохгүй. Яаж ч ядарч зүдэрч явсан энэ газар шороондоо үлдээд л хоцрох учраас энэ гэрэлтэй ирээдүйн төлөө өнөөдөр юу хийж чадах вэ? гэдгээ бодмоор санагддаг. Гэрэлт ирээдүйд итгэж байна сайхан болно гэдэгт бат итгэлтэй байна. Энэ бүхний төлөө би ширээнийхээ ард суугаад нэг ч гэсэн зөв зүйлийг, хэрэгтэй зүйлийг бүтээнэ. Надтай адил бодолтой хүмүүс олон байгаа бүгд л ингэж бодож байгаа, өнөөдөр хийж бүтээж байгаа зүйл нь одоо бидний хүсээд байгаа монголын гэрэлт ирээдүйн суурь болох ёстой.

Ярилцсанд баярлалаа. Таны ирээдүйн бүх зүйлд маш их амжилтыг хүсье.

Ярилцсан сэтгүүлч: С.СОЛОНГО

Бусадтай хуваалцах
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •