СЭТГЭЛ СУДЛААЧ ЁНДОНПИЛЖЭЭГИЙН ШИЖИРТУЯА

Эрхэм хүндэт уншигчиддаа шинэ долоо хоногийн мэнд хүргэе. Энэ удаагийн дугаарт маань Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын сэтгэл зүйч, сэтгэл судлаач Ёндонпилжээгийн Шижиртуяа уригдан оролцлоо.             

Боловсрол

  • 2009-2013 Монгол Улсын Их Сургууль- Сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухааны тэнхим, сэтгэл судлаач
  • 2013 Монголын хүний нөөцийн удирдлага шинэчлэлийн академи- Хүний нөөцийн менежер

Ажлын туршлага

  • 2013 оноос Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар Сэтгэл зүйч

ТАНЫ МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ?

Сэтгэл судлаачид эмгүй, мэсгүйгээр хүнийг эмчилдэг. Ямар ч үед, ямар ч хүнтэй бид зөв боловсон харилцаж, буруу ойлголтыг нь засах, зөв бодлыг нь хөгжүүлэн дэмжих шаардлагатай болдог. Сэтгэл судлаач мэргэжил эзэмшснээр миний өөрийн зан чанарт ч өөрчлөгдсөн зүйл нилээд бий. Өөрийн үзэл бодлыг урьтал болголгүйгээр бусдыг сонсох, аливааг олон талаас нь харахыг хичээх, ямар ч зүйлээс эерэг сайныг нь олж харах гээд энэ мэргэжилд давуу талууд их бий.

ТАНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Төрийн байгууллагын алба хаагчдын адил жил, улирал, сараар ажлаа төлөвлөөд явдаг. Харин хувьдаа өдөр тутам хийх ажлаа өглөө бичээд орой нь түүнийгээ дүгнэдэг. Ажлын ачааллаас үүдэлтэй стресст өртөхгүй байх нь ажлаа төлөвлөхөөс ихээхэн шалтгаалдаг гэж боддог.

ЯГ ОДОО ТӨВЛӨРӨН ХИЙЖ БАЙГАА СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бидэнд нэмэгдсэн. Тиймээс энэ чиглэлээр сүүлийн үед түлхүү судалж байна.

ТА ӨДӨРТ ХЭДЭН ЦАГ АЖИЛЛАДАГ ВЭ?

Өдөрт 8 цаг ажилладаг. Гэхдээ төрийн тусгай байгууллага учраас илүү цагаар ажиллах тохиолдол гардаг. Хичнээн ажилтай байсан ч 22:00 цагаас өмнө ажлаа дуусгаад гэртээ харихыг хичээдэг.

АЖИЛДАА ХАМГИЙН ИДЭВХИТЭЙ ХАНДДАГ ЦАГ

Өглөөд хийх ажлаа төлөвлөөд, үдээс хойш идэвхтэй ажилладаг.

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭ ХЭРХЭН ӨНГӨРӨӨДӨГ ВЭ?

Гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгээ байх дуртай. Хоол хийх, ногоо даршлах, кино үзэж амарч өнгөрөөдөг.

ЦАГИЙГ ХЭРХЭН ЗӨВ ЗАРЦУУЛАХ ТАЛААР

Амжихгүй байна, ачаалалтай байна гэдэг үгийг бид маш их хэрэглэдэг. Гэвч ач холбогдолгүй зүйлд цаг үрэх байдал нилээдгүй байдаг. Өдөржин толгой өндийлгүй ажилла гэхгүй. Гагцхүү хийх ёстой зүйлээ төлөвлөөд,  хугацаанд нь хийж гүйцэтгээд байвал танд цаг төдийлөн хомс санагдахгүй. Ямар ч ач холбогдолгүй зүйлд цагаа зарцуулах, үр дүн нь тодорхой бус зүйлийг хүлээх дэмий юм шиг санагддаг.

СЭТГЭЛ СУДЛААЧДЫН АМЬДРАЛДАА ХАНДАХ ХАНДЛАГА

Хэт сэтгэл хөдлөлд авталгүйгээр аливааг бодитой харах, сөрөг харилцаанаас аль болох зайлсхийх, ярихаасаа өмнө бодох хандлагатай болдог юм уу гэж ажиглагддаг.

ИРЭЭДҮЙД ТАНЫ АЖИЛ АМЬДРАЛД ГАРАХ ӨӨРЧЛӨЛТИЙГ НЭРЛЭВЭЛ

Залуу хүн учраас мэдлэг, туршлага дутах зүйл гардаг. Цаашид мэргэжилдээ улам мэргэшиж, хүн ардын амгалан тайван байдлын төлөө 24 цаг тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн байгууллагын алба хаагчдын сэтгэцийн эрүүл мэндийн төлөө олон бодитой зүйл хийж, алба хаагчдад энэ чиглэлээр анхаарал хандуулахад шийдвэр гаргах түвшинд хувь нэмрээ оруулах юмсан гэж боддог. Хувийн амьдралд ч төлөвлөсөн зүйлс олон байна.

СЭТГЭЛ СУДЛААЧИЙН ҮҮДНЭЭС БУСДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Таны амьдрал одоо ямар ч байж болно. Харин ирээдүйд ямар байхыг та л шийднэ гэж хэлэх дуртай. Хариуцлагатай, шударга байгаарай гэж зөвлөдөг. Та энэ улсын нэг эд эс, тиймээс сайхан улс оронд амьдаръя гэвэл та өөрөөсөө эхэлж өөрчлөгдөөрэй гэж хэлмээр байна.

БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ

Амьдралдаа, ажилдаа гол нь энэ мэргэжилдээ шударга, аливаад ёс зүйтэй байх юмсан гэж боддог.

ӨӨРТӨӨ АМЬДРАЛДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙХАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛ

Юуны түрүүнд  элэг бүтэн, сайхан гэр бүлд төрж өссөн маань, энэ мэргэжлийг эзэмшиж цагдаагийн байгууллага гэх том айлын нэг гишүүн болсон маань, зорилгодоо бага багаар хүрч байгаа минь өөртөө сэтгэл хангалуун, өөдрөг байхад маш том түлхэц болдог.

АМЬДРАЛААС АВДАГ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ

Мөрөөдөж байсан зүйлдээ хүрэхэд л хамгийн сайхан мэдрэмж авдаг.

ХИЙЖ ҮЗЭХИЙГ ХҮСДЭГ ЗҮЙЛ

Өндрөөс их айдаг учраас шүхрээр нисч айдсаа давж сурах юмсан гэж хүсдэг.

ТАНЫ ХАМГИЙН САЙН ЧАДДАГ ЗҮЙЛ

Найзуудтайгаа байхдаа хөгжилтэй зүйлс ярилцаж хөгжөөх их дуртай. Намайг их хөгжилтэй гэдэг. Тэгэхээр хамгийн сайн чаддаг зүйл маань тэр юм болов уу

БУСДАД БАЙНГА ХЭЛДЭГ ҮГ

Юу ч тохиолдсон хөнгөхөн хүлээж аваад даваад гарах хүчтэй байгаарай гэж хэлэх дуртай.

ОДОО УНШИЖ БАЙГАА НОМ

Өдөр тутамд мэргэжлийн номнуудаас өөрт хэрэгтэй мэдээллийг авдаг. Мэргэжлийн номуудыг эхнээс нь дуустал нь уран зохиолын ном шиг уншаад болчих боломжгүй шүү дээ. Оройн цагаар “Софийн ертөнц” гээд философийн ном уншиж байгаа.

ХҮМҮҮСИЙН ЭЕРЭГ БА СӨРӨГ ХАНДЛАГЫН ТУХАЙД

Хандлага бол тухайн хүнийг тодорхойлогч маш чухал зүйлсийн нэг. Хувь хүний хандлага тогтоход гэр бүлийн орчин, найз нөхдийн хүрээлэл, мөн уншиж судалсан зүйл нөлөөлдөг. Хувь хүний хандлага ямар байна, харагдах байдал тийм л байна. Та ямар өнгөөр хамт олон, найз нөхөд, гэр бүл, ажлын байраа харж байна. Таны харилцаа, ажлын амжилт тийм л байна. Цагдаагийн байгууллагад алба хаагч сонгон авахад хандлагыг түлхүү анхаарах нь зүйтэй болов уу гэж боддог. Тухайн хүн мэргэжлийн мэдлэг, туршлага бага байж болно. Гол нь хандлага нь зөв, энэ байгууллагад ажиллах үнэн хүсэл эрмэлзэлтэй байгаасай гэж хүсдэг.

СЭТГЭЛ СУДЛААЧ ХҮН НИЙГЭМД ЯМАР БАЙР СУУРЬТАЙ БАЙНА ВЭ?

Монгол улсын хувьд харьцангуй залуу шинжлэх ухаан гэж болно. Гэвч энэ мэргэжлийг ойлгож, бидэнд ханддаг хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаад баяртай байдаг. Сэтгэл судлаачдыг чанартай бэлтгэж, бодлогын түвшинд ажлын байрыг нэмэгдүүлж, нэн тэргүүнд Ерөнхий боловсролын сургуулиудад мэргэжлийн сэтгэл судлаачтай болоосой гэж хүсдэг. Иргэний боловсрол, хувь хүний ухамсрын төлөвшилд нөлөөлөх хичээл, сургалтыг орхигдуулснаар нийгэмд ёс суртахуунгүй зүйлс гараад байна уу гэж боддог.

УЛСЫН ИРЭЭДҮЙ ТАНЫ НҮДЭЭР

Аливаа улс орны баялаг ашигт малтмал, хотуудын хэмжээ бус төлөвшсөн, боловсролтой иргэн хүн гэж боддог. Иргэнийхээ эрүүл мэнд, боловсролд анхаарч, эргээд иргэд нь эх оронч үзэлтэй, шударга байгаасай гэж хүсдэг. Улс төрийн тогтворгүй байдал нь улс орны эдийн засаг, төрийн байгууллагын алба хаагчдад яаж нөлөөлж байгааг бид мэднэ.  Тогтвортой төр засагтай, мэргэжлийн чадварлаг удирдагчидтай бол улс орны хөгжил харьцангуй дээшлэх болов уу гэж боддог. Сүүлийн үед юм бүхэн нүдэн дээр өөрчлөгдөж, хөгжиж байна. Гэвч бид нэг л зүйлийг анхаарах хэрэгтэй. Энэ нь иргэнээ хөгжүүлэх асуудал.

Ярилцсанд баярлалаа танд сайн сайхныг хүсье.

Ярилцсан сэтгүүлч: С.СОЛОНГО

Бусадтай хуваалцах
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •