СЭТГЭЛ СУДЛААЧ ДАШХОРОЛЫН ЛХАМСҮРЭН

Энэ удаагийн дугаарт маань Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн сэтгэл судлаач, ЭнПиСи энд Мандал байгууллагын сэтгэл зүйн удирдлагын зөвлөх компанийн сэтгэл судлаач, сургагч багш Дашхоролын Лхамсүрэн уригдан оролцлоо.

Боловсрол

  • 2010-2014 онд Монгол Улсын Их Сургууль Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль – Сэтгэл Судлалын Тэнхим, Сэтгэл судлаач

Ажлын туршлага

  • 2013-2014 онд Сэтгэл Судлалын Үндэсний Төв – Туслах сэтгэл судлаач
  • 2014 оноос Сэтгэл Судлалын Үндэсний Төв – Сэтгэл судлаач
  • 2014 оноос Эн Пи Си энд Мандал сэтгэл зүйн удирдлагын зөвлөх компани – Сэтгэл судлаач, сургагч багш

5

ТАНЫ МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ?

Өөрийнхөө сэтгэл зүйг ойлгож удирдахад тус болдог гэж би ойлгодог. Сэтгэл зүйгээ танин мэдэх,  удирдах, амьдралын алдаатай хэв маягаа засахад дөхөм болдог. Өөрийгөө ойлгосон хүн бусдын сэтгэл зүйг ойлгож мөн адил удирдах чадвартай болдог гэж үздэг.

ТАНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Яг ажил дээр гарснаас хойш хүүхдийн сэтгэл судлал дээр болон ажилтан бие хүний сэтгэл судлал дээр илүү ажиллаж байна. Энэ хоёр салбарлуу орно гэж төсөөлж ч байгаагүй. Үнэхээр миний хийж чаддаг зүйл мөн байсан. Цаашдаа юу болохыг сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ерөнхийдөө бол эрэгтэй хүүхэдтэй ажилладаг сэтгэл судлаач болохыг хүсч байна.

ТА ӨДӨРТ ХЭДЭН ЦАГ АЖИЛЛАДАГ ВЭ?

Заримдаа найман цаг хангалтгүй санагдах үе ч бий. Сэтгэл судлалын шинжлэх ухаан бидэнд зүгээр суух цагийг өгдөггүй. Өдөр бүр л эрч хүчтэй, хурдтай ажиллахыг шаардаж байна. Энэ залуу насаа монголдоо шинжлэх ухаанаа хөгжүүлэхэд, шинжлэх ухаандаа хэрэгтэй хүн байхын тулд зарцуулмаар байна.

АЖИЛДАА ХАМГИЙН ИДЭВХИТЭЙ ХАНДДАГ ЦАГ

Сайн хэлж мэдэхгүй юм. Харин яг ажлын цагаар бол хувийн ажил, асуудлаа бүр орхидог. Ажлын цагаар ажилдаа бүрэн төвлөрөхийн тулд илүү ажлуудаа хойж тавьдаг гэсэн үг. Сүүлийн үед бий болсон хэвшил л дээ. Би хувийн мэйлээ,  хүмүүстэй харилцах хувийн асуудлаа гэхчилэн бүгдийг нь орой амжуулдаг болохоор илүү амар байдаг.  Яагаад гэхээр орой суух нь надад илүү тайван элдэв зүйлд санаа зовохгүй хийх боломжийг олгодог.

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭ ХЭРХЭН ӨНГӨРӨӨДӨГ ВЭ?

Хагас сайн өдөр ихэвчлэн ажиллаж байгаа, ням гаригт бүтэн амрахыг хичээдэг. Амралтын өдрөөр хэнээс ч хамааралгүй амрахыг хичээдэг. Хүмүүсийг хараад байхад ингэх ч ёстой, тэгэх ч ёстой, энэнд ингээд хэлчихсэн, тэгчихсэн гээд л амарч чаддаггүй шалтгаан нь хэн нэгнээс хамааралтай байгаад байдаг.

ЦАГИЙГ ХЭРХЭН ЗӨВ ЗАРЦУУЛАХ ТАЛААР

Хийх ёстой зүйлсээ цаг тухайд нь хийх. Миний сүүлийн хоёр жилд ойлгосон зүйл.  Хийх ёстой зүйлээ хийе гээд бодонгуут хүний сэтгэл зүй тухайн бодлыг автоматаар хадгалах буюу хийчихсэн гэсэн сэтгэл ханамжийг өгчихдөг. Хуурмаг сэтгэл ханамжийг авчихаад байгаа хэрэг. Хуурмаг сэтгэл ханамжийг авсан бол тэр зүйл амархан мартагдана. Харин санасан даруйдаа хийх  буюу үйлдэл нь илүү их ажлын бүтээмжтэй байх өөрийгөө үнэлж сурахад хэрэгтэй.

СЭТГЭЛ СУДЛААЧДЫН АМЬДРАЛДАА ХАНДАХ ХАНДЛАГА

Өөрийнхөөрөө байх хандлага нь их бага байгаа юм шиг санагддаг. Яагаад гэхээр алдаж болохгүй, маш сайн байх ёстой гэхчилэн өөрсдийгөө бас хүн гэдгээ мартчихдаг. Заавал л нэг төвд ажиллаад, нэг хүнд зөвлөгөө өгвөл сэтгэл судлаач болчихно гэсэн үг биш. Хамаагүй худалдааны зөвлөх ч хийж болно. Харилцагчаа сайн сонсдог, хүсч байгаа зүйлийг нь ойлгуулдаг сайн зөвлөх байхад сэтгэл судлаач мэргэжил тус болох нь гарцаагүй.

ИРЭЭДҮЙД ТАНЫ АЖИЛ АМЬДРАЛД ГАРАХ ӨӨРЧЛӨЛТИЙГ НЭРЛЭВЭЛ

Хувийн амьдралд гарах өөрчлөлтийг мэдэхгүй байна. Би тэр талаар нэг их боддоггүй. Мэргэжлийн тал дээр барилгачин хүн барьсан барилгаа хараад бахархах бол бид тийм биш. Шууд үр дүнг харах боломжгүй. Одоо энэ цаг үедээ сайн хичээвэл ирээдүй сайхан байна байхаа. Хэрэв би сайн ажилласан бол шүү дээ.

СЭТГЭЛ СУДЛААЧИЙН ҮҮДНЭЭС БУСДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Би одоогоор тийм ч мундаг сэтгэл судлаач биш л дээ. Гэхдээ сэтгэл хөдлөлөө л удирдаж сурцгаая гэж хэлэх байна. Та ганцаараа уурлалаа гээд, хэн нэгэнтэй маргалдлаа гээд та л ганцаараа уурласан, гомдсон юм бишээ. Тэр хүн ч гэсэн уурлаж, гомдож байгаа. Яагаад намайг ойлгохгүй байгаа юм бэ? гэж битгий бод. Тэр хүн ч гэсэн яагаад ойлгохгүй байгаа юм бол гэж бодож байгаа. Зүгээр л өөрөө өөрийнхөө сэтгэл хөдлөлийг удирд. Өөрийнхөө сэтгэлийг удирдана гэдэг хамгийн том болоод хамгийн хэцүү чадвар. Гэхдээ үүнийг аль нэг их сургууль, сургалт дамжаанд заадаггүй, өөрөө л олж авдаг.

БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ

Сэтгэл судлалын шинжлэх ухаанд өөрийн бодол, мэдрэмж, мэдлэгээр бусдыг хэмжиж огт болохгүй гэсэн зарчим бий. Би ингэж ойлгосон, ингэж заалгасан. Энэ л миний баримтлахыг хичээдэг зарчим.

ӨӨРТӨӨ АМЬДРАЛДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙХАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛ

Асуудал бол тухайн цаг үедээ хамгийн том, энэ цаг үед асуудал хамгийн том учраас ирээдүйд гарч ирэх асуудал бас л хамгийн том гэсэн үг. Тэгэхээр асуудалтай тэмцэлгүй шийдэж эхлэхийг хичээдэг болохоор нэг хүчин зүйл байж болох байх.

АМЬДРАЛААС АВДАГ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ

Би ойр дотныхоо найз нөхөд, ажлын хамтрагч, гэр бүл ер нь надтай хамаатай хүн бүхэн рүү сардаа нэг удаа ч болов мессеж юмуу мэйл бичдэг. Хэн нэгэнд хэрэгтэй байгаа үгийг нь хэрэгтэй байгаа тэр хоосон зайг нь нөхөх зүйлийг л хэлчихдэг. Надад ямар хариу ирэх нь чухал биш, бичих нь чухал.

ХИЙЖ ҮЗЭХИЙГ ХҮСДЭГ ЗҮЙЛ

Маш удаан хугацаагаар хөдөө явж, бүр холын суманд очиж ажилламаар байна. Тэнд бас амьдрал өрнөж байгаа. Хүмүүс яаж аж төрөөд байна, нийгмийн үзэгдлүүд, технологийн хувьсал тэдний сэтгэл зүйд яаж нөлөөлж байна, тэдний хувьд асуудлыг юу гэж хардаг, асуудал яаж шийдэгддэгийг би хармаар байна.

ТАНЫ ХАМГИЙН САЙН ЧАДДАГ ЗҮЙЛ

Хоолыг бол гайгүй хийчихнэ шүү. Хүмүүстэй утсаар гайгүй сайн харилцаж чаддаг нь хамгийн сайн хийж чаддаг зүйл болов уу гэж бодож байна. Яахав байшин барилц гэвэл барилцах л байх гэхдээ сайн хийх нь юу л бол.

БУСДАД БАЙНГА ХЭЛДЭГ ҮГ

Мэдэхгүй юмаа. Магадгүй “Зүгээр үү” л гэдэг байх.

ОДОО УНШИЖ БАЙГАА НОМ

Яг одоо Д.Пүрэвдорж гуайн “Тарчилсан сүнс” гээд ном уншиж байгаа. Эх хэлээрээ уншиж байгаа хэрнээ л ойлгоход бэрх ном. Монгол хэлний бидний тэр бүр мэддэггүй, ашигладаггүй үгсээр бичигдсэн, жинхэнэ хүний сэтгэл зүйн асуудлыг гаргаж ирснээрээ хамгийн их хүлээлт өндөртэй байж байгаад уншиж байгаа ном.

ХҮМҮҮСИЙН ЭЕРЭГ БА СӨРӨГ ХАНДЛАГЫН ТУХАЙД

Ахиад л сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг ярина. Сөрөг хандлагатай хүн өөрийгөө сөрөг үйлдэл гаргаж байна гэдгээ анзаардаггүй. Сөрөг хандлага гаргаад байгаа хүмүүс хажууд нь байгаа хүмүүст сөрөг хандлага гаргах боломжийг нь олгож байдаг. Эерэг хандлагыг тэр болгон хүмүүс хүлээж авдаг хэрнээ эргээд хүнд өгөхөө мартчихдаг. Хүн сэтгэл хөдлөлөө удирдана гэдэг чинь эерэг сөрөг хандлагыг гаргахаас илүүтэйгээр би ямар хүн бэ гэдгээ анзаарахаас эхэлдэг учраас өөрийнхөө сэтгэл хөдлөлийг удирдах нь л эерэг сөрөг хандлагын аль алины эх үүсвэр. Үргэлж эерэг эсвэл сөрөг байна гэж байхгүй. Хамгийн гол нь түүнийг тэнцвэртэй барих нь чухал. Хаана, хэзээ гэдэг чухал л даа.

СЭТГЭЛ СУДЛААЧ ХҮН НИЙГЭМД ЯМАР БАЙР СУУРЬТАЙ БАЙНА ВЭ?

Манай төв рүү хүмүүс утасдаад манай хүүхэд ингээд болдоггүй, манай нөхөр ингэчихлээ гээд асуудлаа хэлдэг ч шууд л үр дүн нэхэж эхэлдэг. Бид чинь телевизор эсвэл гар утас засаж суугаа хүмүүс биш шүү дээ. Өөрөө асуудлаа ухамсарлах боломжтой хүнд чиглүүлэгч болж өөрөөр нь зөв шийдвэр гаргахад нь л тусалдаг хүмүүс. Гавъяат сэтгэл судлаач эсвэл тэрбумтан сэтгэл судлаач гэж байхгүй, байх ч үгүй. Аль чиглэлээр илүү мэргэшсэнээрээ л ялгаатай.

УЛСЫН ИРЭЭДҮЙ ТАНЫ НҮДЭЭР

Монгол улсын ирээдүй гэгээлэг, сайхан харагдаж байгаа. Миний багадаа сурахыг хүсдэг байсан, хэцүү гэж боддог байсан бүхэн магадгүй хийж чадахгүй байсан зүйлс өнөөдөр хүн болгоны амьдралд нээлттэй боломжтой болж эхэлсэн болохоор тэр байх.

Ярилцсанд баярлалаа танд сайн сайхныг хүсье.

Ярилцсан сэтгүүлч: С.СОЛОНГО

Бусадтай хуваалцах
  • 151
  •  
  •  
  •  
  •  
  •