СЭТГЭЛ СУДЛААЧ ГАНБАТЫН МАНДУХАЙ

Шинэ долоо хоногийн дугаарт маань Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн сэтгэл судлаач, Эн Пи Си энд Мандал байгууллагын сэтгэл зүйн удирдлагын зөвлөх компанийн судалгааны албаны менежер Ганбатын Мандухай уригдан оролцож байна.

Боловсрол

  • 2009-2013 онд ОХУ Дорнод Сибирийн Боловсролын Академи-Сэтгэл судлаач

Ажлын туршлага

  • 2013 оноос Сэтгэл Судлалын Үндэсний Төв-Сэтгэл судлаач
  • 2014 оноос Эн Пи Си энд Мандал компани-Судалгааны албаны менежер
  • 2014 онд Дорнод дээд сургууль Сэтгэл Судлалын Тэнхим-Сэтгэл судлалын багш

2

ТАНЫ МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ?

Бидний мэргэжлийн онцлог нь хүний сэтгэл зүйн байдлыг тодорхойлж, судалж үр дүнд нь тулгуурлан оновчтой чиглүүлэг өгөхөд оршино. Үр дүн нь урт хугацаанд гарч ирдэг. Жишээлбэл: хоёроос гурван сарын хугацаанд сэтгэл судлаач бага насны хүүхэдтэй уулзаад, ярилцаад тухайн хүүхдийн сэтгэл зүйн байдлыг тодорхойлоод эцэг эхэд нь зөвлөгөө өгч, эцэг эх хариуцлагатай хамтран ажиллаж чадвал үр дүнд нь 10 жилийн дараа тухайн хүүхэд өсвөр насандаа хэн болсон байх вэ? гэдэгт нь нөлөөлөх боломжтой. Бид материаллаг бус яг нарийн тодорхой харагдахгүй зүйлийг нь тодорхойлж түүнд тулгуурлаж ажилладаг. Материаллаг бус гэхээрээ чухал бус гэсэн үг биш харин ч эсрэгээрээ.

ТАНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Миний бие судалгааны албаны менежерийн үүргийг гүйцэтгэж байгаа. Цаашдаа Монголын сэтгэл зүйн судалгааны чанар, стандарт, хэрэглэгдэхүүн, технологийг олон улсын хэмжээнд өрсөлдөхүйц түвшинд байлгах хүсэл зорилготой. Ирээдүйд манай улс хүндээ анхаардаг болохын тулд бид маш сайн судалгаа гаргаж танилцуулах ёстой. Тэр хэмжээний судалгааг хийдэг хүн болох юмсан гэж бодож байгаа. Сэтгэл зүйн судалгааны хамрах цар хүрээг илүү нэмэгдүүлэх, арга аргачлалыг нь технологуудыг нь илүү сайжруулах дээр ажиллаж байгаа. Ойрын хугацаанд төлөвлөж ажиллаж байгаагаас дурдвал:

1-рт Сонгон шалгаруулалт, шинээр ажил горилж байгаа хүний сэтгэл зүйг үр дүнтэй судлах. Эхний хувилбар маань ажиллагаанд ороод явж байна. Сонгон шалгаруулалтын судалгааг дараагийн түвшинд нь яаж сайжруулах тал дээр ажиллана.

2-рт Байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, багийн гишүүд хоорондын уялдаа холбоог нь тодорхойлох, энэ нь ажилтнууд бүтээмжтэй ажиллахад нь яаж нөлөөлж байна? магадгүй саад болж байж болно. Түүнийг нь илүү судлах аргачлал боловсруулах ажлыг төлөвлөж байна.

ТА ӨДӨРТ ХЭДЭН ЦАГ АЖИЛЛАДАГ ВЭ?

Тогтмол найман цагтаа баригддаггүй, ачаалал ихтэй үед багаараа сунаж ажиллах тохиолдол цөөнгүй. Яг дунджилвал 10 цаг ажилладаг.

АЖИЛДАА ХАМГИЙН ИДЭВХИТЭЙ ХАНДДАГ ЦАГ

Өглөө 09-11:30 цагт, өдөр 14-16:30 цаг хүртэл хамгийн идэвхитэй байдаг.

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭ ХЭРХЭН ӨНГӨРӨӨДӨГ ВЭ?

Сүүлийн үед ажлаасаа гадна сэтгэл судлалын шинжлэх ухаан хэрэглээг бусдад хүргэх зорилгоор цаг зарцуулж байгаа. Мэргэжил маань миний хобби юмдаа шинжлэх ухаанд тулгуурлан хүмүүс амьдралдаа хэрэгтэй ур чадварыг эзэмшихэд нь туслах зорилготой мэдээллүүдийг бэлтгэж байгаа. Миний ганц үнэнч байж чаддаг спорт бол усанд сэлэлт, тамирчид, олон жил хичээллэсэн хүний хажууд сонирхогч төдий, сайн сурахын тулд бассейнрүү амралтын өдрөөрөө зүглэдэг. Мэдээж гэрийн ажлуудаа амжуулна, уулзаагүй удсан гэрийнхэнтэйгээ уулздаг.

ЦАГИЙГ ХЭРХЭН ЗӨВ ЗАРЦУУЛАХ ТАЛААР

Хүн бүр өөрт тохирсон төлөвлөгөөг гаргадаг, хамгийн чухал нь үр дүнтэй хэрэгжилт. Төлөвлөгөө үр дүнтэй байх гол үндэс нь хүн өөрийн чадвартаа итгэх гэж боддог. Өмнө нь би хариуцсан ажлаа өөрийнхөө хувьд хамгийн төгс байдлаар гаргах гэж хэт хичээгээд төлөвлөсөн цагаа сунгах тохиолдол цөөнгүй байсан. Та хичээж л байгаа бол сайн үр дүн гарна гэдэгт итгээд ажлаа товлосон цагтаа дуусгах гэж хичээх хэрэгтэй. Өөртөө эргэлзээд би нэг л сайн хийхгүй байх шиг байна даа гэж бодоод л байх тусам цаг сунгагдаад л байна гэсэн үг. Би энэ зарчмыг баримталж эхэлснээс хойш өмнөхөөсөө илүү их ажил амжуулдаг болсон гэж боддог.

Өөрийнхөө гаргаж байгаа бүтээл, ажилдаа итгэлтэй байж цагтаа дуусгаж шууд дараагийн ажилруу шилжихгүй л бол бүтэн өдрийг эргэлзээнээс болоод ганцхан ажилд зарцуулахыг үгүйсгэхгүй, миний бодлоор энэ харамсалтай.

СЭТГЭЛ СУДЛААЧДЫН АМЬДРАЛДАА ХАНДАХ ХАНДЛАГА

Ихэнх хүмүүс сэтгэл судлаачдыг хэт мэргэжлийн дүрээр нь хардаг гэж анзаарагддаг. Миний хувьд зүгээр л Мандухай гэж ямар онцлогтой, үзэл бодолтой, сэтгэл хөдлөлтэй тэр хүнээрээ л байхыг боддог. Би айлын охин, дүү, эгч, найз гэсэн дүрүүддээ мэргэжлийн онцлог гаргахгүй байхыг хичээдэг. Гэхдээ сүүлийн үед найзууд маань намайг их сонсож, бага ярьж байна, ярихдаа сэтгэл судлаач шиг ярих гээд байна гэж сануулж байгаа, би засах тал дээр хичээж байгаа. Мэдээж мэргэжлийн онцлог, суурь баримтлал одоогийн би бүрдэхэд чухал нөлөөтэй. Энэ талаасаа яривал би туйлын үнэн гэж байдаггүйг үргэлж санаж явдаг. Хүний үйлдэл бодолд амьдралын туршлага, эргэн тойрны нөлөө их, танд нөлөөлсөн хүний цаана ч бас нэг хүчин зүйл байгаа гэдэг талаас дүгнэж хардаг.

7

ИРЭЭДҮЙД ТАНЫ АЖИЛ АМЬДРАЛД ГАРАХ ӨӨРЧЛӨЛТИЙГ НЭРЛЭВЭЛ

Монгол судлаачид олон улсад өрсөлдөж чадна гэдгийг батлахад хувь нэмрээ оруулсан байхыг хүсч байна. Ажлаараа өөрийгөө бэлтгээд л явж байгаа гэж боддог, мэдээж мэргэжил дээшлүүлэх суралцахаар төлөвлөж байгаа. Монголд сэтгэл судлаач байхын нэг давуу тал нь байнга шинэ юм туршдаг гэж боддог. Шинэ санаагаа судалж баталж, хэрэгжүүлж байдаг. Яг л энэ зарчмаар багаараа ажиллаж төлөвлөгөөндөө хүрнэ гэж найдаж байна.

СЭТГЭЛ СУДЛААЧИЙН ҮҮДНЭЭС БУСДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

2016 онд манай байгууллагаас гарсан “Бүтээмжтэй Монгол ажилтан” судалгаагаар ажлын байран дахь хүчин зүйлс стресс үүсгэгч шалтгаанууд дотор дээгүүр байр эзэлж байсан. Ойролцоогоор 10 ажилтан тутмын дөрөв нь стресст өртсөн ба өөрийн сэтгэл санаагаа тайван байлгах, асуудлаа шийдвэрлэх, хуваалцах чадвар сул гэсэн үзүүлэлт гарсан. Жишээлбэл асуудлаа урт хугацаанд шийдвэрлэх арга хэмжээг эрэлхийлэхээс илүү сөрөг бодол, үйлдэлд автдах хандлагатай.  Мөн өөртөө хэт төвлөрөөд өөрийн асуудлаа л томруулж хараад, бусдад хайхрамжгүй ханддаг нь стрессийг улам дэвэргэдэг. Би зөвхөн ажил дээрээ дийлэнхи цагаа өнгөрүүлдэг хүмүүсийн жишээг л дурьдаж байна. Тиймээс баг хамт олон бие биендээ илүү анхааралтай, харилцан дэмжлэгтэй байх хэрэгтэй.  Ойлголцол бол шууд ажилтнуудаас хамаарах тайван байдлыг бүрдүүлэгч. Баг хамт олон бие биенээсээ асуулт асуухад, сонсоход, ярилцахад анхаарал хандуулж цаг гаргадаг байхыг зөвлөмөөр байна.

БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ

Өөртөө үнэнч байх. Өмнөө тавьсан зорилгынхоо эзэн нь байхыг байнга өөртөө сануулдаг. Мөн бусдад амласан амлалт, хэлсэн үгэндээ хүрдэг байхыг чухалчилдаг.

ӨӨРТӨӨ АМЬДРАЛДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙХАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛ

Ээж минь, гэр бүл, хамгийн дотны хайртай хүмүүс минь.  Тэр хүмүүсийн хайр халамж, дэмжлэг, анхаарал хамгийн сайхан.

АМЬДРАЛААС АВДАГ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ

Зорилгоо санах үе, заримдаа өдөр тутмын ажил амьдралдаа түүртээд хаашаа тэмүүлж байгаагаа мартах үе байдаг. Тэр үед их тавгүй болдог, харин өөртөө тайвшрах нөхцлийг бүрдүүлээд хаашаа тэмүүлж байгаагаа санахаар их урам зориг ордог.  Бас бусдад туслах боломжтой гэдгээ мэдрэх сайхан.

ХИЙЖ ҮЗЭХИЙГ ХҮСДЭГ ЗҮЙЛ

Хийж үзэхийг хүсдэг зүйл олон. Гэхдээ сүүлийн үед адал явдалтай аялалд явахыг хүсч байгаа. Далайн гүнрүү шумбах, эсвэл байж болох хамгийн өндрөөр нисэх ч юмуу өөрийнхөө хувьд цоо шинэ өөр ертөнцтэй танилцмаар санагдаж байна.

ТАНЫ ХАМГИЙН САЙН ЧАДДАГ ЗҮЙЛ

Ээж минь эмэгтэй хүн сайн оёж чаддаг байх хэрэгтэй гэж хэлж, харуулдаг байсан. Би ч тийм байх гэж хичээж саяхныг болтол хэрэндээ л өөрийгөө чаддаг гэдэгт учиргүй итгэлтэй байсан юм. Таныг асуухад шууд л тэр санаанд орж ирж байна. Гэхдээ одоо ч юу л бол. Их сургуулиа төгссөн цагаасаа ажил гэж явсаар ажлаас өөр юманд дорвитой цаг гаргахаа больж.

6

БУСДАД БАЙНГА ХЭЛДЭГ ҮГ

Тодорхой уучлалт гуйхааргүй юманд хүртэл уучлаарай гэж хэлчихээд байдаг, хүнд төвөг удах дургүй болохоор. Нийгмийн сэтгэл судлаач Amy Cuddy хүн биеийн хэлэмжээрээ дамжуулж өөрийн бодол, мэдрэмжиндээ нөлөөлж болохыг баталсан судалгаанд дуртай. Энэ санааг бага зэрэг ховс сонирхсонтойгоо холбоод байгаа. Ховс бол ятгалгаа, богино хугацаанд сөрөг зуршил, алдаатай үйлдлийг зогсоох нарийн үйл явц. Тэгээд бид ч бас өөрсдийгөө хөнгөхөн ятгаж, өөрчлөхийг хүссэн үйлдэл, мэдрэмжээ биеийн хэлэмжээрээ дамжуулж өөртөө итгүүлж болох юм байна гэж боддог болсон. Бусдад гэлтгүй өөртөө хэлэх дуртай болоод байгаа үг маань “Болохгүй байгаадаа хэт авталгүй, болж байгаа юм шиг биеийн хэлэмж гарга”.

ОДОО УНШИЖ БАЙГАА НОМ

Би уран зохиолын номонд их дуртай. Жил бүрийн уншсан номнууд маань сэдэвчилсэн гэдэг шиг  төрөл төрөлд хуваагддаг. Жишээ нь 2015 онд оросын зохиолчдын номноос, 2016 онд Khaled Hosseini-гийн номнуудыг түлхүү уншиж байсан. Харин энэ онд илүү романтик зохиолуудыг уншсан юм байна. Одоо Николас Спарксын “The best of me” гээд номыг уншиж байгаа. Тус зохиолчийн 2 дахь номыг уншиж байна. Cecelia Ahern-ий романтик зохиолд хэсэг амташсан. Уран зохиолын номыг гадаад хэл дээр унших нь хэл сурахад их үр дүнтэй гэдэг, тиймээс аль болох сурсаныгаа мартахгүйн тулд, сурч байгаагаа сайжруулахын тулд  тэр хэл дээрээ уншдаг.

ХҮМҮҮСИЙН ЭЕРЭГ БА СӨРӨГ ХАНДЛАГЫН ТУХАЙД

Хандлагыг би шийдвэр гэж боддог. Хүн хэн байхаар шийдсэн яг тэр дагуу хандлагыг аливаа зүйлд гаргадаг. Гэхдээ одоо ч ирээдүйд ч хэн байх шийдвэр ямар ч нөлөөгүй нэйтралаар гардаггүй. Аливааг өөрт тусгаж хүлээж авах, буцаагаад ямар хариу урвал үзүүлэх нь тэр шийдвэрээс хамаардаг. Обьект нь хүний өөрийгөө тодорхойлсон шийдвэрт ямар нөлөөтэй вэ? гэдгээс хамаарсан хариу урвалыг эерэг сөрөг гэж ялгаад байх шиг.

СЭТГЭЛ СУДЛААЧ ХҮН НИЙГЭМД ЯМАР БАЙР СУУРЬТАЙ БАЙНА ВЭ?

Би их өндрөөр харж байгаа. Салбарын хөгжлийн хувьд бусад улс оронтой харьцуулахад ажлын байр бага, улсаас дэмжлэг сул зэргээр дутуу гэж харагддаг байх. Энэ нөхцөл байдал харин ч сэтгэл судлаачийн нийгэмд эзлэх байр суурийг эсрэгээрээ чухал ач холбогдолтой болгож байна. Одоо үед ажиллаж байгаа сэтгэл судлаачид илүү олон жилийн түүхтэй анагаах, техник зэрэг бусад салбаруудын хэмжээнд салбараа хүргэх гэж шургуу ажиллаж байгаа. Энэ бол маш том хариуцлага. Нийгэм, иргэд сэтгэл судлалын салбарын хэрэгцээ шаардлага өндөр байгааг ид хүлээн зөвшөөрч эхэлж буй энэ цаг үед бид хамгийн шинжлэх ухаанч, судалгаа суурьтай, оновчтойгоор байр сууриа бататгах хэрэгтэй байна.

УЛСЫН ИРЭЭДҮЙ ТАНЫ НҮДЭЭР

Дор бүрнээ өөрт байгаа боломжоо хамгийн сайнаар ашиглаад бас зөвхөн өөрийгөө бодохгүй, бие биенээ дэмжээд зүтгэвэл улам л сайхан болох байх. Улсын ирээдүйд иргэд нь чухал үүрэгтэй. Надад ирээдүй сайхан харагддаг. Гэхдээ боломж хүн бүрт адилгүй байдаг зарим асуудлыг удирдлагууд нь шийдвэрлээсэй гэж хүсдэг. Гол хэлэхийг хүссэн зүйл маань боловсролын эрх тэгш байдал. Ганцхан жишээ нь хотын төвийн тэр дундаа хувийн сургууль, хотын захын сургуулиуд  хоорондын сургалтын ялгаа. Төлбөр төлж чадаагүйн улмаас авч чадахгүй байгаа боломжуудыг хотын захын сурагчдад олгох тал дээр ажиллаж боловсролыг аль сургууль, орчинд суралцаж байгаагаас хамаарсан хэт ялгаатай биш, ижил тэнцүү жигд байх боломжийг бүрдүүлэх нь ирээдүйн боловсон хүчиндээ санаа зовохгүй байх гол үндэс болов уу. Миний хэлсэн “боловсрол” гэдэгт дан ганц мэдлэг бус бусад чухал чанарууд багтаж байгаа.

Ярилцсанд баярлалаа танд сайн сайхныг хүсье.

Ярилцсан сэтгүүлч: С.СОЛОНГО