СЭТГЭЛ СУДЛААЧ ГАНЗОРИГИЙН ИНДРА

Энэ удаагийн дугаарт маань Монгол дахь АНУ-ын худалдааны танхимын арга хэмжээ хариуцсан захирал, сэтгэл судлаач Ганзоригийн Индра уригдан оролцлоо.

Боловсрол

  • 2009-2013 онд Монгол Улсын Их Сургууль- Сэтгэл судлаач – Бакалавр
  • 2016 оноос Тайланд-Махидол Их Сургууль – Олон Улсын Аялал Жуулчлалын менежмент – Магистрант

Ажлын туршлага

  • 2009-2015 Сэтгэл зүйн Боловсрол сэтгүүл – Орчуулагч, нийтлэлч
  • 2013 оны 6 сараас 10 сард ДДИШ ХХК – Маркетингийн менежер
  • 2013-2014 онд Go Help олон улсын байгууллага – Боловсролын хөтөлбөр хариуцсан ажилтан
  • 2014-2015 онд Иргэний Боловсролын Төв ТББ – Залуучуудыг дэмжих хөтөлбөрийн ажилтан
  • 2016 оны 1 сар-8 сард JUMP! Foundation олон улсын байгууллага-Хөгжлийн менежер
  • 2016-2017 онд Нэгдсэн Үндэсний Байгууллага-Ази Номхон Далайн Бүс дэх оффис – Зөвлөх мэргэжилтэн
  • 2017 оноос Монгол дахь Америкийн Нэгдсэн Улсын худалдааны танхим-Арга хэмжээ хариуцсан захирал

ТАНЫ МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ?

Сэтгэл судлаачаар төгссөнийхөө дараа “Би юу хийх юм болоо, сурсан эрдэм мэдлэгээ яаж ашиглах юм болоо” гэж их боддог байсан. Гэтэл эргээд харахад хэдий сэтгэл судлаачаар огт ажиллаагүй ч янз бүрийн ажил дээр харилцаж буй хүнээ “унших”, ойлгох чадварууд бусдаас илүү байсан юм болов уу. Энэ нь эргээд багийн ажиллагаа, харилцагчидтай зөв харилцах гэх мэт чадвар болж хувирсан. Түүнээс гадна өөрийнхөө хийж чадах, чадахгүй зүйлээ болон өөрийгөө ойлгож мэддэг. Миний хувьд хүнд тус хүргэх гэхээсээ илүү өөртөө л их зүйл олж авсан даа.

ТАНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Би ихэвчлэн төрийн бус байгууллагт ажиллаж байсан. Одоо Америкийн худалдааны танхимд ажиллаж байна. Ирээдүйд ажил олгогч болъё гэсэн төлөвлөгөөтэй. Ихэнх хувийн хэвшлүүд ашиг орлого олох талаасаа бизнес эрхэлдэг бол миний хувьд хэрэгтэй хүнд нь, хэрэгтэй зүйлийг нь хийж өгье гэсэн бодолтой байгаа.

ЯГ ОДОО ТӨВЛӨРӨН ХИЙЖ БАЙГАА СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ

Яг одоогоор мастерынхаа судалгааны ажлыг хийх гэж байгаа. Ажилтай давхцаад их завгүй яваад байгаа учраас яг сэдвээ нарийн тодорхойлоогүй байна. Байгууллагын хүний нөөц, тэр дундаа үүнд ногдох санхүүжилт, үүнээс гарч болох санхүүгийн гарз хохирол талаасаа их сонирхолтой санагддаг. Гэхдээ саяхан буцаж ирсэн болохоор яг одоо Монгол дахь бизнес, тэр дундаа аялал жуулчлалын салбарт юуг дутагдаж байгааг эхлээд сайн ойлгох хэрэгтэй байх.

ТА ӨДӨРТ ХЭДЭН ЦАГ АЖИЛЛАДАГ ВЭ?

9-18 цагийн хооронд ажилладаг. Ажлын бус хувийн цагаар ажил хийхийг дэмждэггүй. Тэр өдрийн цаг төлөвлөлт муу байж дээ л гэсэн үг шүү дээ. Гэхдээ мэдээж хааяа илүү цагаар ажиллах хэрэг гардаг.

АЖИЛДАА ХАМГИЙН ИДЭВХИТЭЙ ХАНДДАГ ЦАГ

Ер нь янз бүр, өдөр бүр өөр. Долоо долоо хоногоор нь төлөвлөчихөөд ажлаа хийдэг болохоор зарим өдөр нь магадгүй бүтээмж нь бага байвал дараагийн өдөр нь их ажил хийдэг.

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭ ХЭРХЭН ӨНГӨРӨӨДӨГ ВЭ?

Нүүгээд нэг сар болсон ч гэр орноо товхинуулах ажлууд одоо болтол хийгдээд л байна. Магадгүй төрөхийн өмнөх “nesting” синдром нь байх.

ЦАГИЙГ ХЭРХЭН ЗӨВ ЗАРЦУУЛАХ ТАЛААР

Анзаарахад Монголчууд ч гэлтгүй бүх л хүмүүс сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ, ухаалаг утас гэх мэт зүйлд хэтэрхий их цаг зарцуулаад байх шиг. Заримдаа “би ойрд их ажилтай байгаад имэйлд чинь хариулж чадсангүй” гэчихээд ажлын цагаар цахим хуудсандаа өөрийнхөө зургийг хуваалцаад сууж байдаг хүмүүсийг танина. Өөрийгөө их хүмүүжээд байгаа гэж боддог. Миний хувьд ажлын цагаар 100 биш юмаа гэхэд 90 хувь ажилдаа анхаарлаа хандуулж хэрэггүй зүйлд сатаарах нь эрс багассан. Энэ нь юмыг ач холбогдлоор нь үнэлж дүгнэж сурсных юм болов уу. Манай эмээгийн байнга хэлдэг байсан “цагийн юмыг цагт нь хий” гэсэн үгийг одоо л нэг ойлгож байх шиг. Оюутан байхдаа юмыг дандаа тулгаж хийдэг байсан. Маш их ачаалалтай ажил хүнийг их сайн сургадаг юм байна лээ. Хойш нь тавих шалтаг, сонголт байхгүй учраас тэр байх.

СЭТГЭЛ СУДЛААЧДЫН АМЬДРАЛДАА ХАНДАХ ХАНДЛАГА

Бүх зүйлд л анализ хийнэ, бодохгүй зүйл байхгүй дээ. Гэхдээ заримдаа “буянаараа болог” гээд орхих үе бий.

ИРЭЭДҮЙД ТАНЫ АЖИЛ АМЬДРАЛД ГАРАХ ӨӨРЧЛӨЛТИЙГ НЭРЛЭВЭЛ

Есөн сартай жирэмсэн мөртлөө одоо болтол ээж болох гэж байна гэсэн мэдрэмж төрөхгүй байгаа. Хүүхэд маань гараад ирэхээр их өөрчлөлт гарна байх. Түүнийг төсөөлье ч гэж бодохгүй байна, цагийн юм цагтаа л болно байх. Өөрчлөлтийн хувьд Монголдоо хэдэн жил байж байгаад дахиад гадагшаа явна гэж бодож байгаа. Нэг газраа байхгүйгээр дэлхий тойрсон гэр бүл болно байх.

СЭТГЭЛ СУДЛААЧИЙН ҮҮДНЭЭС БУСДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Сүүлийн үед хүмүүс маш их бухимдалтай байгаа юм шиг санагддаг. Аливаа хүнийг уурлуулж байгаа зүйлийг хараад тухайн хүнийг шинжиж болно гэсэн үг байдаг. Энэ үгийг санаад заримдаа өөрөөсөө ичээд уурлах нь багассан. Жишээлбэл машин барьж байхдаа зогсоо зайгүй сигналдаад, хараалын үг урсгаад байдаг хүмүүсийг хараад өрөвдөх шиг болдог.

БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ

Даруу байх. Хааяа ажил дээрээ ч юм уу гэр бүлийнхэндээ нэг их юм мэддэг хүн мэт аашилчих шиг боллоо доо гэж бодоод өөртөө байнга сануулдаг.

ӨӨРТӨӨ АМЬДРАЛДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙХАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛ

Өөртөө сануулдаг бас нэг зүйл бол таван жилийн өмнө эсвэл дараа өнөөдрийн байгаа байдлыг би хэрхэн хүлээж авах байсан бэ? өнөөдрийн болсон үйл явдал хэр ач холбогдолтой байх вэ? гэж харьцуулалт хийгээд хардаг. Аливаа зүйлд хэт их санаа зовохгүй байх, гаргасан амжилтандаа сэтгэл хангалуун байх, хэт бардахгүй байх гээд ерөнхий том дүр зургийг харахад тусалдаг юм болов уу.

АМЬДРАЛААС АВДАГ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ

Зүгээр нэг амралтын, ажлын өдөр жижиг зүйл ч сайхан бүтэмжтэй байвал их баярладаг. Гэртээ амттай хоол хийвэл, нөхөр маань дуртай зүйлийг минь авчирсан байвал гээд жижиг зүйлсэд их баярладаг.

ХИЙЖ ҮЗЭХИЙГ ХҮСДЭГ ЗҮЙЛ

Яг одоо хөл хүнд болохоор спортод оролцож чадахгүй байгаа. Экстрим зүйл хийж үзэхийг их хүсдэг байсан, одоо ч гэсэн бодоод л яваа.

ТАНЫ ХАМГИЙН САЙН ЧАДДАГ ЗҮЙЛ

Сурагч байхаасаа эхлээд олон зүйл хийж үзээд нэг зүйл дээр төвлөрч ажиллаагүй. Хүмүүст онцлог нэг чанар гээд л шатар тоглох, хүн инээлгэх, гэх мэт өвөрмөг чанарууд байгаад байдаг. Надад тийм зүйл байдаггүй, өөрийгөө морь унахдаа сайн гэж боддог. Гэхдээ энэ ч субьектив хандлага юм даа. Мэргэжлийн хүмүүс нь хараад намайг шоолно байх.

ОДОО УНШИЖ БАЙГАА НОМ

Things Fall Apart гээд Нигер улсын зохиолч Chinua Achebe-ын 1958 онд бичсэн номыг эхлүүлээд дуусгаагүй л байна.

ХҮМҮҮСИЙН ЭЕРЭГ БА СӨРӨГ ХАНДЛАГЫН ТУХАЙД

Хүмүүс хааяа ч гэсэн дотогшоо бодож би чинь юу болж байгаа билээ? гэж өөртөө цаг гаргамаар юм шиг санагддаг. Эерэг хүмүүс хичнээн цаанаа асуудалтай зовлонтой байлаа ч гэсэн инээгээд л явж байдаг.

СЭТГЭЛ СУДЛААЧ ХҮН НИЙГЭМД ЯМАР БАЙР СУУРЬТАЙ БАЙНА ВЭ?

Одоохондоо сайн хэлж мэдэхгүй байна. Миний хувийн үзэл бодлоос гэвэл “сэтгэл судлаач гэхээр сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүс очдог, хүн сонсоод л сууж байдаг” гэсэн хандлага нь хэвээрээ л байгаа юм болов уу гэж хардаг.  Гэхдээ нэг үеэ бодвол хамаагүй дээрдсэн байх. Олон сэтгэл зүйн төвүүд нээгдэж олон сайн сэтгэл судлаачидтай болж байгаа.

УЛСЫН ИРЭЭДҮЙ ТАНЫ НҮДЭЭР

Төрийн өмнөөс оготно боож үхнэ гэдэг шиг би юу хэлэх вэ дээ. Гэхдээ улс гэхээсээ илүү хувь хүн бүрт маш их боломж бололцоо байгаа л юм шиг харагддаг. Хүн бүр дор бүрнээ хичээгээд урдах ажлаа зөв, сайн, цагт нь хийгээд зорилготой байвал уг нь болохгүй зүйл байдаггүй юм билээ.

Ярилцсанд баярлалаа танд сайн сайхныг хүсье.

Ярилцсан сэтгүүлч: С.СОЛОНГО

Бусадтай хуваалцах
  • 87
  •  
  •  
  •  
  •  
  •