СЭТГЭЛ СУДЛААЧ БАТСУУРИЙН ЦЭДЭНДОРЖ

Уншигчиддаа шинэ долоо хоногийн мэндийг хүргэе. Энэ удаагийн дугаарт маань хил хамгаалах ерөнхий газрын сэтгэл зүйн хэлтсийн мэргэжилтэн, цэргийн сэтгэл судлаач Батсуурийн Цэдэндорж уригдан оролцож байна.

Боловсрол

  • 2003-2007 онд Хилийн цэргийн дээд сургууль-Цэргийн сэтгэл судлаач, эрх зүйч
  • 2011-2013 онд Монгол Улсын Их Сургууль-Сэтгэл судлалын ухааны магистр
  • 2016-2019 онд ОХУ-ын Батлан хамгаалах яамны Цэргийн их сургууль-“Цэргийн сэтгэл зүйн хангалт зохион байгуулагч” мэргэжлээр цэргийн дээд боловсрол эзэмшихээр суралцаж байна.

Ажлын туршлага

  • 2007-2014 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Ховд аймгийн Үенч сум, Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь хилийн дугаар ангиудад:
  • Заставын даргын сэтгэл зүйн асуудал эрхэлсэн орлогч;
  • СМСС-ны Албаны социологч, дүн шинжилгээний ажилтан;
  • Мөн албаны ахлах ажилтан сэтгэл зүйч;
  • Захирагчийн орлогч, сэтгэл зүй мэдээлэл соёл сурталчилгааны албаны даргаар тус тус ажилласан.
  • 2014-2016 онд Хил хамгаалах ерөнхий газар Сэтгэл зүйн асуудал эрхэлсэн хэлтэст мэргэжилтнээр тус тус ажилласан.

Сайн байна уу? Шинэ оны анхын зочин болсонд баярлалаа.

Эрхэм уншигч, мэргэжил нэгт эрхэм нөхөддөө шинэ оны баярын мэнд хүргэе. Энэ ондоо эрхэмсэг та бүхний төлөвлөсөн ажлууд сэтгэлчлэн бүтэж, аз жаргал, баяр баяслаар дүүрэн эрүүл энх байхыг хүсэн ерөөе.

ТАНЫ МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ?

Мэргэжил бүхэнд өөрийн гэсэн онцлог, давуу тал бий. Миний эзэмшин ажиллаж байгаа энэхүү мэргэжлийн онцлог нь тухайн мэргэжилтнээс асар өндөр мэдрэмж, далайцтай хурдтай сэтгэлгээ, чин сэтгэлийг илүү шаарддагаараа онцлог юм.

Тухайлбал: Хил хамгаалах байгууллагын нэгж салбар болох хилийн отряд, застав, харуул нь энгийн байгууллагуудаас өвөрмөц зохион байгуулалт, өвөрмөц тогтолцоотой байдгаараа онцлог бөгөөд бусад сэтгэл судлалын салбарууд болох байгууллагын, харилцааны, гэр бүлийн, удирдлагын гэхчилэн олон сэтгэл судлалын салбаруудтай нягт холбоотой авч үзэх учиртай юм. Гэхдээ тухайн салбар шинжлэх ухаан нь цэргийн сэтгэл судлалын хөрсөнд буухдаа мөн цэргийн албаны өвөрмөц нөхцөлд зохицсон байхаар өвөрмөц хэлбэртэй байна.

Жишээ нь: Харилцааны сэтгэл судлал гэхэд цэргийн дүрмийн харилцааны онцлогыг тусгах, гэр бүлийн байдалд авч үзэхэд алслагдсан хилийн застав, харуулд үүрэг гүйцэтгэдэг алба хаагчдын гэр бүлийн сэтгэл зүйн асуудал, алслагдсан заставт, харуулд удаан хугацаагаар томилогдон нийгмийн харилцаанаас хөндий байх нь гэр бүлийн харилцаанд хэрхэн нөлөөлөх, үүнээс үүсэх зөрчил, эрсдэлийг зохицуулах, цэргийн алба хаагч өмнөө тавигдсан үүргийг амжилттай гүйцэтгэх сэтгэл зүйн чадамж байгаа эсэхийг тандах, бүлгийн хамтач ажиллагааг ямар түвшинд байгааг судлах гэхчилэн маш өргөн, өвөрмөц нөхцөл байдлыг судалж ажиллах шаардлагатай юм. Энэ мэтчилэн цэргийн сэтгэл судлаач нь цэргийн анги салбарт маш олон талт үүргийг хэрэгжүүлж, асуудлыг шийдвэрлэх үүрэгтэйгээс гадна өдөр тутамдаа цэргийн алба хаагчдыг цагийн байдлын ямар ч нөхцөл байдалд /гэнэтийн болзошгүй нөхцөл байдал/ ажиллахад сэтгэл зүйн бэлтгэл олгох зорилгоор цэргийн хэргийн болоод хуулийн мэдлэгийг дээшлүүлж, тэдэнд тэсвэр хатуужил суулгах, хариуцлагыг ухамсарлуулах, өөртөө болоод бүлгийн дарга, бусад гишүүддээ итгэх нэмэгдүүлэх, суулгах зорилго бүхий цогц үйл ажиллагааг тасралтгүй явуулдаг.

ТАНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Цэргийн сэтгэл судлал чиглэлээр ОХУ-ын цэргийн сэтгэл судлаачид илүү мэргэшсэн байдаг гэж би дүгнэдэг, одоо судалж байгаа номнуудаас харахад батлагдаж байна. Бүх зүйлийг жишээн дээр тулгуурлаж нотлосон болохоор илүү бодитой. Иймд яг өнөө маргаашийн хувьд энэ олон туршлагатай эрдэмтдээс өөрт хэрэгцээтэй мэдээлэл, баримт цуглуулж Монголынхоо цэргийн сэтгэл судлаачдад хэрэгцээтэй ном авч явахаар төлөвлөн ажиллаж байна. Хэтдээ цэрэг хүчний байгууллагуудын сэтгэл судлаачдын хамтын нэгдсэн ажиллагааг илүү шинэ шатанд гаргах санаа төлөвлөгөө байна. Бид илүү нягт хамтарч ажиллах байх гэж итгэж байна.

ЯГ ОДОО ТӨВЛӨРӨН ХИЙЖ БАЙГАА СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ

Яг одоо хилчдэд сэтгэл зүйн хангалтын ажлыг хэрхэн оновчтой, шинэлэг аргаар зохион байгуулж болох талаар судалгаа хийж, материал, шинэ санаа цуглуулж байна. Одоохондоо онолын түвшинд байгаа. Манай байгууллагын хувьд 200 гаран мэргэжлийн сэтгэл судлаачид албан ёсны орон тоогоор хангагдан ажилладаг. Үүний 10 гаруй хувь нь иргэний сургууль төгссөн сэтгэл судлаачид ажилладаг бол үүнээс арай бага хувь нь сэтгэл судлалын ухааны магистр, доктор байдаг. Иймд бидэнд ажиллах талбар болон ажлын хүч хангалттай гэж дүгнэж байгаа. Эдэнтэйгээ хамтраад байгууллагынхаа хэмжээнд томоохон судалгааны ажлууд явуулах бодолтой байгаа. Сургуульд ирэхээсээ өмнө бид багаараа хамтран бүх хилчдийн хэмжээнд сэтгэц оношилгооны судалгааны ажлыг явуулсан ч миний хувьд хараахан үр дүнг нь харж амжилгүй ирсэн. Том байгууллага олон хүмүүстэй учир асар их цаг хугацаа, ажиллагаа шаардаж байсан. Очиж байгаад энэ түвшний том судалгааг явуулах бодолтой байгаа учир боломжтой судалгаануудыг эрэлхийлсээр л байна.

ТА ӨДӨРТ ХЭДЭН ЦАГ АЖИЛЛАДАГ ВЭ?

Дунджаар 8-10 цаг л даа. Ажлын цагийн хувьд миний бодол хөдөлмөрийн хуулиараа найман цаг долоо хоногт 40 цаг бол тэрнээс илүү ажиллах шаардлагагүй гэж боддог. Хүнд ажил чухал уу? амьдрал чухал уу? бодох хэрэгтэй. Болж л өгвөл ажлаа цагт нь дуусгаж үлдсэн цагаа гэр бүлдээ, найз нөхөддөө, эсвэл өөрийнхөө боловсрол мэдлэг, эрүүл мэндэд зарцуулах хэрэгтэй.

Хилчид бидний хувьд энэ цагийн хуваарийг мөрдөх хэцүү л дээ. Учир нь хилчдийн албыг ажил гэдэггүй алба хаах гэж тодорхойлдог юм. Тиймдээ ч тэд дуудсан цагт, заагдсан газарт, тогтоосон хугацаанд ирж албан үүргээ гүйцэтгэх ёстой, хилийн заставт ажлын ачаалал илүү их. Тэнд өдөр шөнөгүй тасралтгүйгээр алба үргэлжилсээр байдаг.

АЖИЛДАА ХАМГИЙН ИДЭВХИТЭЙ ХАНДДАГ ЦАГ

Миний хувьд ажлын онцлогоос болоод тэр үү үдээс өмнө ихэвчлэн зохион байгуулалт, харилцан зөвшилцөх, мэдээлэл солилцох ажлууд хийгддэг. Хамгийн үр бүтээлтэй ажил хийсэн цагаа тооцохоор ихэвчлэн 15.00-18.00 цагийн хооронд байдаг.

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭ ХЭРХЭН ӨНГӨРӨӨДӨГ ВЭ?

Ихэнх гэр бүлийн адил гэр бүлээрээ амттай хоол хийж, ойр зуурхан зугаалах, найз нөхөд, ах дүүсээр зочлох, эсвэл зочид хүлээж авах гэх мэт олуулаа л бужигналдаад өнгөрөөх амралт олон байх ч бас таг чимээгүй зөвхөн унтаж, зурагт, интернэт, ном, сэтгүүл үзэн амрах үе ч цөөнгүй бий.

ЦАГИЙГ ХЭРХЭН ЗӨВ ЗАРЦУУЛАХ ТАЛААР

Одоо бидэн шиг залуу хүмүүсийн хувьд тасралтгүй хөдөлмөрлөж, суралцах нь цагийг өөртөө хамгийн ашигтайгаар зарцуулах хэлбэр мөн гэж би ойлгодог. Гэвч олон арван амжилтанд хүрсэн хүмүүс болон ахмадуудаас “Би яах гэж тэгж морь нохой мэт зүтгэж, энэ сайхан залуу нас, хэзээ ч эргэж ирэхгүй цаг хугацааг зарцуулав даа” гэсэн үгийг олонтоо сонсож, олон ч номноос уншсан. Тэгэхээр тасралтгүй хөдөлмөрлөх, суралцах нь тийм ч оновчтой цагийн хуваарь биш. Харин цагийг нарийн төлөвлөж, хийх ёстой ажлаа хийх цаг хугацаанд нь хийж, ялангуяа өөрт оногдсон чөлөөт цагийг өөрийнхөө хүссэнээр зарцуулах нь чухал. Гадны улсуудын офицеруудтай хамт суралцаж, нөхөрлөж байх энэ үед цагийг хэрхэн зарцуулж байгаа талаар тэднээс юу харагдаж байна гэхээр: ажлыг яг ажлын цагт нь бүрэн сэтгэл зүрхээ зориулан хийж дуусгадаг, цагийг хатуу баримталдаг, чөлөөт цагийг гэр бүл нөхөрлөлийн харилцааг бэхжүүлэх, шинэ газар үзэх, мэдлэг мэдээлэл олж авах, спортоор хичээллэх гээд үндсэндээ яг өөртөө юу хэрэгтэй гэсэн бүхнээ чөлөөт цагаараа хийдэг. Үнэхээр үр бүтээлтэй чөлөөт цаг. Бидний хувьд өөрсөддөө байдаг нийтлэг дутагдлаасаа ангижрах шаардлага байна. Тухайлбал цагийг хатуу баримталж, цагийн ажлыг цагт нь хийж, чөлөөт цагаа үр бүтээлтэй, хорт зуршилаас ангид л өнгөрөөх нь цагийг зөв зарцуулах эхний алхам гэж үзэж байна.

СЭТГЭЛ СУДЛААЧДЫН АМЬДРАЛДАА ХАНДАХ ХАНДЛАГА

Сэтгэл судлаач нар бол энэ нийгмийг эрүүлжүүлдэг эмч нар юм. Тиймдээ ч тэд нийгмийг бүрдүүлэгч жижиг эд эс бүхэнд хандаж ажилладаг. Зөв хүүхэд, зөв хүн, зөв гэр бүл, зөв байгууллага, зөв хамт олныг бүтээхийн тулд тэд судалж, зөвлөж, чиглүүлдэг. Ийм учир тэдний, бидний амьдралд хандах хандлага нь энгийн бөгөөд судлах, туслах, зөвлөх, чиглүүлэх, үлгэрлэх явдал юм.

ИРЭЭДҮЙД ТАНЫ АЖИЛ АМЬДРАЛД ГАРАХ ӨӨРЧЛӨЛТИЙГ НЭРЛЭВЭЛ

Хүн бүхэнд ирээдүйн амьдралын зураглал, төлөвлөгөө байдаг. Надад ирээдүйн талаарх мөрөөдөл ч төсөөлөл ч төлөвлөгөө ч бий. Энэ бүхнээ товчхон хураангуйлан хэлвэл, хувийн талбарт: Гэр бүлийн гишүүдийн тоо, орон байр, мэдлэг боловсрол гээд бүгд ойрын 3 жилд шат ахина.

Мэргэжлийн талбарт: Цэргийн сэтгэл судлалын талаар анхны номоо гаргана байх.

Бүтэх ч бай бүтэхгүй ч бай хүнд мөрөөдөл, зорилго байх нь чухал, үүнийгээ байнга санаж бүтээхийн төлөө хичээх хэрэгтэй. Шат шатаар дээшлэх нь ирээдүйн амьдралын өөрчлөлт юм даа.

БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ

Шударга бас хүнийг хохироохгүй байх. Түүнчлэн хүн өөртөө зориулж бэлтгэсэн хоолыг нь булааж, хулгайлж идэхгүй байх.

ӨӨРТӨӨ АМЬДРАЛДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙХАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛ

Чухал хэмжүүр нь гэр бүлийн гишүүдийн амьдралд сэтгэл хангалуун байхаар хэмжигдэнэ байх. Хийнэ гэж зорьсон бүхнээ амжилттай хийж хэрэгжүүлэх нь өөртөө , амьдралдаа сэтгэл хангалуун байх үндэс. Үндсэндээ зөв зүйлийн төлөө өөрийгөө ялан дийлэх чадвар нь сэтгэл хангалуун байдлын хамгийн том хүчин зүйл юм. Өөрийгөө ялж чаддаг хүнд амьдралд сэтгэл дундуур байх боломж, шалтгаан нөхцөл бараг л үгүй гэж дүгнэж байна.

Мөн түүнчлэн “Чи хийж чадлаа шүү дээ” гэж өөрөө өөрийгөө урамшуулах, чамд баярлалаа гэж чин сэтгэлээсээ талархал илэрхийлэхэд төрөх тэр мэдрэмж бас сайхан. Мэдээж би юу ч хийгээгүй байхдаа өөрийгөө урамшуулахгүй, бусдын төлөө юуг ч хийгээгүй байхад хүн надад талархал илэрхийлэхгүй шүү дээ. Энэ бүхэнд би өөртөө сэтгэл ханалуун байгаагаа мэдэрдэг.

АМЬДРАЛААС АВДАГ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ

Эхнэр минь “чи минь чаддаг учир би санаа зовохгүй байна”,  охидууд минь “манай аав хамгийн мундаг нь” гэдэг үгийг сонсох юутай ч зүйрлэшгүй сайхан мэдрэмж шүү. Зорилгодоо хүрч, зөв зүйлийн төлөө өөрийгөө ялан дийлж ард нь гараад өөрөө өөртөө сэтгэл хангалуун тайвшран суух тэр мэдрэмж бас л сайхан.

ХИЙЖ ҮЗЭХИЙГ ХҮСДЭГ ЗҮЙЛ

Сүүлийн үед хийж үзэхийг хүсдэг зүйл маш их болж байна. Орчин үеийн дайны талаар сонирхолтой судалгаа баримтуудаас харахад дайнд дайтагч талуудын цэргийн хүчний хохирлыг тооцоход: дайчдын 10-15 хувь нь шархдах, амь үрэгдэх хэлбэрээр тулалдах чадваргүй болдог бол яг үүнтэй дүйцэхээр хувь нь сэтгэл зүйн учир шалтгаанаас болж урт богино хугацаагаар тулалдах чадваргүй болдог байна. Энэ нь стресс, айдас, түгшүүр, гэнэтийн хүчтэй цочролоос үүдэлтэй үүсдэг байна.

Иймд энэ байдлаас үүсэх эмх замраагүй, автоматчилагдсан сэтгэл зүйг удирдаж сурахыг хүсч байна. Манай улсын хувьд харьцангуй тайван дайн байлдаанаас ангид улсад тооцогддог ч хилчдийн албаны онцлогт арай өөр. Хилчид нь хил зөрчигч, малын хулгайч, гэмт хэрэгтнүүдтэй буудалцах, зөрчилдөх, шархдах, шархдуулах, амь эрсдэх асуудлууд их биш ч байсаар л байгаа. Тухайн нөхцөлд орж байсан алба хаагчидтай уулзаж ярилцахад мөн л өөрийгөө удирдах, шийдвэр гаргах, эсэргүүцэх чадвараа алдах тохиолдол байсан. Иймд эхлээд энэ айдас түгшүүрийн мэдрэмжийг сургалтын журмаар өөр дээрээ туршиж үзмээр санагдах болсон. Жишээ нь: толгой дээрээ эсвэл гартаа бай барьж байгаад мэргэн буудагчаар буудуулах, шүхрээр үсрэх, их буу, танкаар буудах, тэсрэлтийн ойр орчимд байх гэх мэт зүйлсийг өөрөө судалж сонирхох хүсэл байна. Яг энэ үед надад ямар мэдрэмж төрөх вэ? гэдгийг үзээд дараа нь ажиллах аргаа боловсруулмаар санагдаж байгаа. Цэргийн хүн учир боломж олдох байх гэж бодож байна.

ТАНЫ ХАМГИЙН САЙН ЧАДДАГ ЗҮЙЛ

Ярих, илтгэх чадвар л юм даа гэж дүгнэж байна.

БУСДАД БАЙНГА ХЭЛДЭГ ҮГ

Загварт баригдалгүй өөрийнхөөрөө бай. Чи чинь чи шүү дээ, өөрийгөө магт, урамшуул.

ОДОО УНШИЖ БАЙГАА НОМ

Хамгийн залхуу хүн өөртөө ном унших цаг гаргадаггүй гэсэн. Тэгэхээр би хамгийн залхуу хүн болж таарч байгаа юм. Учир нь одоогоор цэргийн сэтгэл судлалын талаарх мэргэжлийн номнуудаа орчуулж ойлгохоос өөрөөр үнэндээ цаашаа алхаж чадахгүй л байна.

ХҮМҮҮСИЙН ЭЕРЭГ БА СӨРӨГ ХАНДЛАГЫН ТУХАЙД

Одоогийн энэ нийгэмд эерэг сөрөг хандлагыг бий болгох, зохицуулах асуудлыг нийтийн цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан удирдан явуулах боломжтой болсон. Хүмүүс өдөр ирэх тусам мэдээллийг шүүж,  боловсруулж  хүлээж авах чадвараа алдаж байх шиг санагддаг юм. Энэ нь хэт замбараагүй, чөлөөтэй явагдаж байгаа мэдээлэлтэй холбоотой байх. Одоо манай мэдээллийн хэрэгслээр явж байгаа замбараагүй мэдээллийг харахад томоохон гүрнүүдийн явуулдаг “мэдээлэл, сэтгэл зүйн дайн” гэгч нь явагдаад байна уу? гэж дүгнэх хэмжээнд хүрээд байна. Энэ дайн дэлхийн бүх өнцөг буланд явагдаж байгаа. Энэ дайны хамгийн эхний алхам нь иргэдийг үнэн, худал төрөл бүрийн мэдээллээр тасралтгүй бөмбөгдөж бодит чухал мэдээллийн үнэ цэнийг үгүй болгоно, дараа нь хүн юу сонирхож байна түүн дээр нь дөрөөлсөн мэдээллийг цацаж, энэ мэдээлэлдээ хоёр талт байр суурийг илэрхийлж иргэдийг талцуулж, жижиг маргаан, зөрчил үүсгэнэ.

Дараа нь иргэдийг төрдөө итгэх итгэлгүй болгоно, улс эх орноос нь тодорч гарч ирж буй удирдагч, лидерүүдийг бүгдийг харлуулна, тэднийг өндийхөөргүй устгана. Ингээд иргэдийг төр ч үгүй, удирдагч ч үгүй болгоно. Өөрөөр хэлбэл хэнд итгэхээ иргэд мэдэхээ болино. Энэ байдлыг улам бүр хүндрүүлж иргэд нэгнийхээ эсрэг зэвсэг барьж тэмцтэл үргэлжлүүлнэ. Зэвсэг барин тэмцэлдэх тэр үед тэнгэрээс тэнгэрийн элч бууж ирнэ дээ. Тэр элч нь өнөөх том гүрнүүд л шүү дээ. Өнөөгийн энэ байдлаас харахад бидэнд зэвсэг барин тэмцэх шаардлага байна уу? гэвэл үүнээс илүүтэйгээр ард иргэдээ энэ үзэл суртал, мэдээлэл сэтгэл зүйн дайнаас хамгаалах шаардлага байна. Иймд энэ дайнд зориулсан дайчдаа анхаарч бэлдэх хэрэгтэй байна. Тэр дайчид нь болох сэтгүүлчид болон соён гэгээрүүлэх, сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа явуулдаг иргэд маань ядаж эхний ээлжинд эх орон гэж юу вэ? Яагаад бид эх орноо хайрлах, харамлах, хамгаалах ёстой вэ? гэдгээ ойлгодог болох нь чухал байна.

СЭТГЭЛ СУДЛААЧ ХҮН НИЙГЭМД ЯМАР БАЙР СУУРЬТАЙ БАЙНА ВЭ?

Сүүлийн жилүүдэд сэтгэл судлаачдын нийгэм дэх байр суурь тасралтгүй дээшилж байна. Энэ нь нийгмийн захиалга, шаардлагаа дагаж байгаа байх. Манай сэтгэл судлаачдын чадвар ч мундаг болсон үе. Удахгүй өөрийн гэсэн боловсронгуй эрх зүйн орчинтой болох байх. Хуучин 10 гаруйхан жилийн өмнө сэтгэл судлаачдыг лам, бөө мэт хүлээн авдаг байсан нийгмийн сэтгэхүй өнөөдөр өөрчлөгдсөн байна. Сэтгэл судлаач гэж хэн бэ? гэдэг талаар иргэд мэддэг болж. 10 гаруй жилийн өмнө байгууллагууд сэтгэл судлаачтай болох талаар судалж, ажлын орчинг нь дөнгөж бий болгож байсан бол өнөөдөр хууль тогтоох, гүйцэтгэх засаглал, хүний эрхийн бүх байгууллагуудын хэмжээнд сэтгэл судлаачдын хэрэгцээ, шаардлагыг байнга шахуу ярьдаг болж. Энэ бүхнээс үндэслэн өнөөгийн нийгэмд сэтгэл судлаачдын байр суурь ямар түвшинд байгааг илхэнээ дүгнэж болохоор байна.

УЛСЫН ИРЭЭДҮЙ ТАНЫ НҮДЭЭР

Энэ маш чухал асуулт л даа. Миний эх оронч сэтгэлгээ нэлээн ихэдсэн байж болох талтай. Иймд миний энэ байр суурь олон хүмүүст эгдүүцэл төрүүлж болох юм. Авах гээхийн ухаанаар хандахыг хүсье.

Миний нүдээр улсын минь ирээдүй бүх зүйл нь өнгөлөг сайхан. Ард түмэн нь аз жаргалтай, эв нэгтэлтэй харагдаж байна. Учир нь би өнөөдөр амьдарч байна шүү дээ. Энэ улсын ирээдүйг би бүтээх болохоос өөр Америк, Хятад, Орос болон бусад улс бүтээхгүй. Манай өнөөгийн нийгэмд ялангуяа залуус маань ирээдүйд өөрийгөө байхгүйгээр төсөөлдөг болчихож. Тэд байнга 20… онд Монгол сөнөнө, эсвэл аль нэг улсын харъяат болно, эсвэл Монголоо орхиж явна, архичин, мансуурагч, биеэ үнэлэгчийн орон болно гэх мэтээр үндсэндээ зөгнөгч болон ярьцгаана, тийм мэдээллийг хамгийн уриалгаханаар дэмжиж бусаддаа түгээх юм. Тэгвэл ирээдүйд тэр залуус өөрсдөө хаачив аа нөгөө хэлээд байсан архичин, мансуурагч, биеэ үнэлэгч болсон уу, эсвэл өөрөө нийлээд улсаа өөр улсад зарах урвагч болчихож байгаа юмуу, бүр хаа нэг тийшээ улс орноо хаяад явчихсан уу мэдэхгүй. Лав л тэр шүүмжлэгч, мэдээлэл түгээгч залуус өөрсдөө хаашаа ч юм алга болчихсон байх үеийн Монголын тухай яриад байх шиг санагддаг. Одоо энэ сэтгэлгээнээсээ гарах хэрэгтэй “БИ, БИД”  өнөөдөр амьд байна. Бид ирээдүйгээ бичнэ, бид тийм ядуу, тийм задарсан Монголын ирээдүйг бичихгүй. Үүний төлөө бид хөгжих, хөдөлмөрлөх ёстой. Жижигхэн ч гэсэн сайхан Монголын төлөө өөрийнхөө хийж чадахыг л хий. Агуу зүйл бүхэн энгийнээс эхэлдэг учир чадахаа л хий. Хогоо зориулалтын бус газар бүү хая, тог, усаа хэмнэ, жил бүр мод тарь, жижигхэн ч гэсэн тусыг бусдад үзүүл, буруу үлгэр дуурайллыг бусдад бүү харуул. Үүнийг бол хэн ч чадна шүү дээ. Үүнээс л эхлэх ёстой. Эх орноо хайрлах хайр, халамж, тэр сэтгэлийг чинь нэг компаны захирал ч юм уу, хаа нэг газраас 76 хүн ирээд авчихаагүй шүү дээ. Бүү аврал хайж, сул дорой, бусдаас хэт хараат бай, бид өнөөдөр амьдарч байгаа учир маргаашаа өөрсдөө л бүтээнэ.

Улс төр, засаглал, эдийн засгийн хувьсал өөрчлөлтийн явц дахь олон шалгуурыг амьдралаараа үзэж ядарч, өлсөж, хавчигдаж, гадуурхагдаж, нуугдаж өсөхдөө зөвхөн мөнгө олох, эрх мэдэлтэй болох гэсэн цор ганц хүслийг зүрхэндээ, тархиндаа тээж улсаа хайрлах үзлийг мартсан нийгмийн нэгээхэн үечлэл төгсөх дөхөж, эх орноо, ард түмнээ хайрлаж, хамгаалж байж бид улстайгаа үлдэнэ гэдгийг ойлгож, хүмүүжсэн үе өсөн өндийсөн энэ Монголын минь ирээдүй бүр ч их сайхан гэрэл гэгээтэй харагдаж байна.

Шинэ оны эхэнд өөдрөг сайхан яриа дэлгэсэн танд баярлалаа, сайн сайхныг хүсье.

Ярилцсан сэтгүүлч: С.СОЛОНГО