СЭТГЭЛ СУДЛААЧ ЦЭНДИЙН БАЯРМАА

Уншигч та бүхэндээ шинэ долоо хоногийн мэнд хүргэе. Энэ долоо хоногийн дугаарт маань Монгол Улсын Боловсролын Их сургуулийн сэтгэл судлал, арга зүйн тэнхимийн багш, сэтгэл судлаач Цэндийн Баярмаа уригдан оролцлоо.

Боловсрол

  • 1993-1997 он Улсын Багшийн Их Сургууль-Сэтгэлзүйч, багш
  • 1999-2001 он Улсын Багшийн Их Сургууль-Сэтгэл судлалын ухааны магистр
  • 2004-2008 он Оросын Холбооны Улсын Москвагийн Багшийн Их Сургууль-Аспирантурт суралцаж сэтгэл судлалын ухааны доктор зэрэг хамгаалсан.

Ажлын туршлага

  • 1998-1999 он КНХС-д туслах менежер, сэтгэлзүйч
  • 2001-2004 он Насанд хүрээгүйчүүдийн хорих 411-р ангид сэтгэлзүйч
  • 2002-2004 он Японы энхтайвны салхи олон улсын байгууллагын зөвлөгөөний төв сэтгэл зүйч
  • 2000 оноос одоог хүртэл Монгол Улсын Боловсролын Их Сургууль-Сэтгэл судлал, арга зүйн тэнхимийн багшаар ажиллаж байна.

ТАНЫ МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ?

Сайн байцгаана уу? уншигч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.

Олон хүнтэй уулзаж тэдний амьдралын туршлага болон бусдаас олж авч буй мэдлэг нь өөрт тохиолдсон асуудлаа хэрхэн олж харж шийдвэрлэхэд  нь нөлөөлж буйг мөн хүндрэлээс хэрхэн гарах гэж хичээж байгааг олж хардаг. Иймээс өөрийн ажлын ур чадварыг ашиглан бусдад аливаа асуудалд олон талаас нь харах боломж олгодог.

ТАНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Манай тэнхим Монголын сэтгэл зүйчдийн эрдэм шинжилгээний хурлыг 2 жилд нэг удаа зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд ирэх намрын 11-р сарын 23-24 ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэж байна. Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахтай холбоотой олон талт ажлууд байгаа. Мөн хичээлийн хөтөлбөрүүдээ сайжруулах, үнэлгээний сангаа баяжуулах зэрэг ажлууд их байна.

ЯГ ОДОО ТӨВЛӨРӨН ХИЙЖ БАЙГАА СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ

Тогтолцоот сэтгэц заслын арга техникийн талаар сонирхон судалж байна. Мөн ээнэгшихүйн онолын талаар сүүлийн үед хийгдсэн судалгааны ажлын талаар уншиж байна.

ТА ӨДӨРТ ХЭДЭН ЦАГ АЖИЛЛАДАГ ВЭ?

Ерөнхийдөө ажлын 6-8 цаг. Шаардлагатай тохиолдолд илүү цаг ажиллах үе байдаг. Миний бодлоор их, дээд сургуулийн багш нарт тогтсон ажиллах цаг гэж байдаггүй юм шиг санагддаг. Ажлын бус цагаар ч олон цагаар сууж ажиллах үе их байдаг.

АЖИЛДАА ХАМГИЙН ИДЭВХИТЭЙ ХАНДДАГ ЦАГ

Хүн болгоных өөр байх, би үдээс өмнө хийх ажлаа төлөвлөх дуртай. Сэтгэл зүйн зөвлөгөөний цагийг үдээс хойш, өглөө 08-11 цаг, үдээс хойш 16-18 цагийн хооронд төлөвлөдөг.

Миний хувьд хийх ажлаа төлөвлөөд, хэрэгтэй материалаа цуглуулаад, амттанаа бэлтгээд (хатаасан жимс, ус) өөрийгөө тойруулан тавиад ганцаараа суухад  гараас их юм гардаг. Би эрт босох дуртай. Өглөө аяга кофегоо уугаад хийх ажлаа дотроо зураглаад, ялангуяа зуны амралтаараа уран зохиолын ном унших сайхан шүү.

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭ ХЭРХЭН ӨНГӨРӨӨДӨГ ВЭ?

Гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөх дуртай. Хоол хийж идээд хамтдаа бужигнах дуртай.

ЦАГИЙГ ХЭРХЭН ЗӨВ ЗАРЦУУЛАХ ТАЛААР

Үр ашигтай болон үр ашиггүй цагаа сайн тооцож сурах нь чухал байх гэж боддог. Зарим хүмүүсийн үр ашигтай өнгөрөөж байгаа цаг нөгөө хүнд ашиггүй юм шиг харагдаад байдаг. Тухайн хүн өөртөө зохицсон цагийн төлөвлөлтийг хийдэг. Гэхдээ хэтэрхий үр ашиггүй өнгөрөөгөөд байгаа учир бусад хүмүүс түүнд хандаж хэлж байгаа гэдгийг бас ойлгох хэрэгтэй байх.

СЭТГЭЛ СУДЛААЧДЫН АМЬДРАЛДАА ХАНДАХ ХАНДЛАГА

Хүн ямар хүмүүжлийн орчинд өсч хүмүүжсэн, сурч боловсорсон, сонсож харж байгаа зэрэг нь тухайн хүний хандлагад нөлөөлнө гэж боддог. Сэтгэл судлаачид ийм тийм байх ёстой гэдэг бол өрөөсгөл юм. Нийгмийн болон хувь хүний гаргаж буй зан байдал,  үйлдэлд зөв буруу гэсэн дүгнэлт өгөхөөсөө илүү үндэслэлтэй, буурь суурьтай, олон талаас нь харах нь зүгээр байх. Миний хувьд ажлын байран дээрээ сэтгэл зүйч-багш, харин гэр бүлийнхнийхээ, найз нөхдийнхөө дунд сэтгэл зүйч байхаас татгалздаг, түүнийгээ ч илэрхийлдэг. Хүн байнга нөхцөл байдлаа мэдрэхгүйгээр би сэтгэл зүйч гээд байвал мэргэжлийн үнэ цэнэ алдагдана байх гэж боддог.

ИРЭЭДҮЙД ТАНЫ АЖИЛ АМЬДРАЛД ГАРАХ ӨӨРЧЛӨЛТИЙГ НЭРЛЭВЭЛ

Их олон өөрчлөлтийг нэрлэж болох байх. Миний хувьд судалгаа оношилгоо, сургалт, сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэц заслын үйл ажиллагаа эрхэлдэг өөрийн төвтэй болох хүсэлтэй байдаг. Энэ мөрөөдлийнхөө эхлэлийг тавиад, ажиллаад явж байна.

БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ

Өөрийгөө хөгжүүлэхийг зорьдог. Хувь хүний хөгжил улсын хөгжилд чухал гэж боддог. Хүн болгон өөрийгөө хөгжүүлж, сурснаа хэрэгжүүлж чадвал бидний зүгээс хийж чадаж байгаа хөрөнгө оруулалт. Миний бодлоор бүх хүн соёлтой байх ёстойг мэддэг хэрнээ түүнийгээ өөртөө болон бусдад хэрэгжүүлдэггүй шүү дээ. Та  сурсан ганц эерэг сайхан зүйлээ хэрэгжүүлээд явбал бусад хүмүүс таныг харж дагах болно.

ӨӨРТӨӨ АМЬДРАЛДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙХАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛ

Сэтгэл хангалуун байх гэсэн ойлголт их өргөн утгатай байх. Сэтгэл хангалуун амьдралыг хэн ямар өнцөгөөс харж байна гэдэг нь чухал байх. Хүний хэрэгцээ хэзээ ч төгс төгөлдөр ханана гэж байхгүй. Миний хувьд байгаа бүхэндээ сэтгэл хангалуун хандаж чаддаг байх нь чухал гэж боддог. Гэр бүл, үр хүүхэд, ах эгч, ажил, найз нөхөд, энэ бүхэн сэтгэл хангалуун амьдрахад нөлөөлдөг, заримдаа хүний зовлон гэж бодсон зүйл ч гэсэн сэтгэл хангалуун байхад нөлөөлдөг байхыг үгүйсгэхгүй.

АМЬДРАЛААС АВДАГ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ

Ээждээ тэврүүлэн  үнсүүлээд, ээжийгээ тэврэх хамгийн сайхан мэдрэмж байж дээ. Энэ тухай бид олон ном зохиол,  киноноос үзэж, харж, уншдаг мөртлөө анзаардаггүй. Өөрт нь тулгараад ирэхээр мэдрэх юм даа. Хүн тухайн үеийн тохиолдлоос амьдралын чухал мөчүүдийн санааг ойлгодог байх. Би хүүгээ хөтлөөд шатаар өгсөж явахдаа эх хүн хүүхдийнхээ өмнө ямар их хариуцлага хүлээдгийг ойлгосон. Урд өмнө мэддэггүй анзаардаггүй байсан тэр мэдрэмж тэр үед надад төрсөн. Дахин тийм мэдрэмж төрөөгүй л байна. Миний бодлоор хүн амьдралаас авах сайхан мэдрэмж цаг хугацаатай холбоотой байх. 10 жилийн сурагч байхдаа мэдэрч байсан сайхан мэдрэмжийг одоо бодоход хийсвэр гүехэн байсан юм шиг санагддаг ч тэр үедээ л сайхан байсан.

ХИЙЖ ҮЗЭХИЙГ ХҮСДЭГ ЗҮЙЛ

Аялал, эхлээд Монголынхоо сайхан байгалиар аялаж, хүмүүстэй хөөрөлдөж тэдний ахуй амьдралтай танилцах, дараа нь дэлхийн улс орнуудруу чиглэнэ дээ.

ТАНЫ ХАМГИЙН САЙН ЧАДДАГ ЗҮЙЛ

Хоол, баярын ширээ засах. Миний ээж их сайн хоол хийж,  ширээ засдаг байсан учир энд тэнд найранд уригдан бэлтгэл ажлыг хангаж өгдөг байлаа. Ээжээсээ сурсан зүйл бол гурил зуурч, элдэх гээл энгийн зүйлээс жинхэнэ гарын битүү шөл хийх гээд тоолж баршгүй олон зүйл байна.

БУСДАД БАЙНГА ХЭЛДЭГ ҮГ

Их мөрөн дөлгөөн эрдэмт хүн даруу.

ОДОО УНШИЖ БАЙГАА НОМ

Ном уншихдаа хэрэгтэй санаануудаа тэмдэглэл хөтөлж унших дуртай. Ид хичээлийн үед ихэвчлэн мэргэжлийн ном зохиол хардаг даа. “Өвгөн тэнгис хоёр”-ыг дахин уншлаа. Хүүхэд байхдаа уншиж байснаас өөр мэдрэмж төрсөн. Энэ мэтчилэн хүүхэд байхдаа уншиж байсан зохиолоо унших дуртай болоод байгаа нь тэр үед төрж байсан мэдрэмжээс өнөөдрийн мэдрэмж хэрхэн өөрчлөгдсөн нь бас их сонирхол татаж байгаа, бодвол миний мэргэжлийн онцлог болов уу. Мөн Монголын зохиолчдын түүврийг унших дуртай. Үг хэллэг, гаргаж байгаа санаанууд нь судлаачийн хувьд сонирхолтой байдаг. Хамгийн сүүлд сонирхож “Паркинсоны хууль” гэдэг ном уншсан.

ХҮМҮҮСИЙН ЭЕРЭГ БА СӨРӨГ ХАНДЛАГЫН ТУХАЙД

Дээр дурьдаад өнгөрсөн санагдаж байна. Хүмүүсийн гэр бүлийн орчин, нийгэм, боловсрол мэдээллийн хэрэгсэл гээд их олон зүйлээс хандлага шалтгаална байх. Сүүлийн үеийн ТВ, мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээлэлд хүмүүс хэрхэн хандаж байгаа нь сэтгүүлчдээс их хамаараад байгаа юм шиг санагддаг. Сэтгүүлчид мэдээллийг ямар өнцгөөс, бичиж, тайлбарлаж байгаагаар нь нэг хэсэг хүмүүс автах жишээтэй. Мөн ТВ-ийн нэвтрүүлэг, сонгон гаргаж байгаа кино их чухал. Их олон жишээ авч тайлбарлаж болно л доо. Гэхдээ бас л миний харах өнцөг өөр шүү дээ.

СЭТГЭЛ СУДЛААЧ ХҮН НИЙГЭМД ЯМАР БАЙР СУУРЬТАЙ БАЙНА ВЭ?

Хүмүүсийн ярьж байгаагаар сэтгэл зүйч  их хэрэгцээтэй, чухал мэргэжлийн тоонд орж,  дээгүүр байр суурь эзэлдэг хэдий ч яг амьдралд, өөрөөр хэлбэл хэрэгцээтэй газар сэтгэл зүйч ажиллаж байна уу? гэвэл үгүй. Сургууль, цэцэрлэг, эмнэлэгт сэтгэл зүйч хэрэгтэй байна, орон зай үгүйлэгдэж байна гээд яриад байгаа хэдий ч төсвийн асуудлыг шийдээд орон тоо гаргаж чадахгүй л байна даа. Энэхүү мэргэжилд сэтгэл зүрхээ зориулсан хүмүүс л авч явж байгаа. Оюутнууд дадлага хийж энэ орон зайг нөхөж байгаа байх. Хатуу хэлэхэд мэргэжлийн бус эсхүл мэдлэгийн хүрээндээ сайн боловсроогүй, туршлага дутмаг хүмүүс өөрийгөө сэтгэл зүйч гэж зарлаад ТВ-гээр бараг л орой бүр гарч бусдад дутуу, буруу мэдээлэл шууд өгч байх жишээтэй. Энэ нь эргээд бидний мэргэжлийн байр суурийн талаар  буруу ойлголт өгөөд байдаг. Мэргэжлийн бус хүн, мэргэжлийн мэргэшсэн хүн дээр очсон үйлчлүүлэгч хоёрын ялгаа маш их. Бид эзэмшсэн мэргэжилдээ хариуцлагатай хандаж авч явж байгаа ч зарим тохиолдолд энэ нь биднээс үл шалтгаалахаар харамсалтай байдаг. Гэхдээ удахгүй сайхан болно байх гэж найддаг.

УЛСЫН ИРЭЭДҮЙ ТАНЫ НҮДЭЭР

Миний хүүхүүдийн ирээдүй сайн сайхан байгаасай гэж боддог. Миний зүгээс гэр бүлийнхэнтэйгээ улс орны хөгжилд хувь нэмэр оруулах зүйл нь сурсанаа хэрэгжүүлэх. Өөрийн хүүхдүүд болон оюутан, суралцагч нараа төлөвшил сайтай, бусдын хөдөлмөрийг хүндэтгэдэг, өөртөө дүн шинжилгээ хийж чаддаг нийгэмд эерэг хандлагатай болгох нь чухал байх.

Ярилцсанд баярлалаа, танд сайн сайхныг хүсье.

Ярилцсан сэтгүүлч: С.СОЛОНГО

Бусадтай хуваалцах
  • 355
  •  
  •  
  •  
  •  
  •