СЭТГЭЛ СУДЛААЧ ДАШЖАМЦЫН ЦОГЗОЛМАА

Шинэ долоо хоногийн дугаарт маань ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургуулийн Нийгмийн ухааны салбарын багш, Сэтгэл судлалын ухааны доктор (Ph.D), Дэд профессор Дашжамцын Цогзолмаа уригдан оролцлоо.

Боловсрол

  • 1998 онд Монгол Улсын Их Сургууль-Сэтгэл судлал
  • 1999 онд “Сургалтын явц дах бихевиорист хандлага” сэдвээр магистр
  • 2013 онд “Ахлах ангийн сурагчид болон оюутнуудын мэргэжлийн чиг хандлагын сэтгэц оношилгооны асуудалд” сэдвээр сэтгэл судлалын ухааны докторын зэрэг хамгаалсан
  • 2016 онд дэд профессор цол хүртсэн.

Ажлын туршлага

  • 2001 оноос хойш ШУТИС-д багшилж байгаа бөгөөд үүний зэрэгцээ “Психоанализ”
  • 2002-2005, “Увидаст сар”
  • 2007-2009 сэтгэл зүйн төвүүдэд сэтгэл зүйч, Боловсролын хүрээлэнгийн Хүүхдийн хөгжлийн судалгааны секторт
  • 2013 гэрээт эрдэм шинжилгээний ажилтан, СЭМҮТ-д эмгэг сэтгэл судлалын шинжээч, багшаар ажиллаж байна.
  • Ерөнхий ба тусгай сэтгэцийн эмгэг судлал, эмгэг сэтгэл судлал; Хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдтэй ажиллах; Сэтгэцийн өөрчлөлтийн үед сэтгэл зүйн тусламж үзүүлэх арга зүй; Гэр бүлийн хүчирхийллийн үед сэтгэл зүйн тусламж үзүүлэх арга зүй; Сэтгэц физиологийн болон сэтгэл зүйн оношилгоо зэрэг чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.
  •  “Компьютер тоглоомын хамааралд нөлөөлөх хүчин зүйлс, урьдчилан сэргийлэх арга зам” төсөл /2015-2017/,
  • “ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад авьяас сонирхлоор нь мэргэжлийн баримжаа олгох” /2011-2012/,
  • “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрт хөндлөнгийн үнэлгээ хийх” төсөл /2007/,
  • “Сургууль, цэцэрлэгийн орчин дахь хүүхдийн эсрэг хүчирхийлэл, түүнийг арилгах арга зам” /2007/,
  • “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ” боловсруулах /2006/, “Дээд боловсролын бүтцийн өөрчлөлт: Ази” /2003/ зэрэг төслүүдэд оролцон ажиллаж байсан.
  • Мэдрэлийн сэргээн засах үндэсний нийгэмлэг, Сэтгэц Оношилгоо сэтгэл зүйн төвийн удирдах зөвлөлийн гишүүн. “Сэтгэл зүйн боловсрол” сэтгүүлийн Редакцийн зөвлөлийн гишүүн.

ТАНЫ МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ?

Янз бүрийн араншин, онцлогтой хүмүүсийг ойлгож мэдрэх хэрэгтэй болно. Нөгөө талаас хүмүүсийн хүлээлт их өндөр байдаг. Сэтгэл судлаач хүн гэхээр өөрөө уурладаггүй байх, эсвэл хүний сэтгэл зүйн бүх л асуудлыг мэддэг байх гэсэн төсөөлөл байдаг. Өөрөө өөртөө эхлээд сэтгэл зүйч байх ёстой болдог нь мэргэжлийн онцлог давуу тал юм уу даа.

ТАНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

БуХС-ийн дэргэдэх Сэтгэл зүйн төв дээр сэтгэл зүйн багш нартайгаа хамтран хэд хэдэн судалгааны ажил хийхээр төлөвлөсөн байгаа. СЭМҮТ сэтгэл зүйн болон сэтгэц физиологийн үзүүлэлтийг зэрэг хэмжих оношилгооны аппарат оруулж ирсэн. Тэрийг сэтгэл зүйн оношилгооны багийнхантайгаа хамтран үйлчилгээнд нэвтрүүлэх, сэтгэл зүйн хэд хэдэн аргачлалыг шинээр  туршиж үзэх, мөн сэтгэл зүйн боловсрол сэтгүүлээ гаргах, эмнэл зүйн сэтгэл судлалын чиглэлээр гарын авлага хамтран боловсруулах гээд энэ онд төлөвлөсөн ажлууд бий.

ЯГ ОДОО ТӨВЛӨРӨН ХИЙЖ БАЙГАА СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ

Хүүхдийн сэтгэл зүйн оношилгооны багц аргачлал дээр ажиллаж байна. Хүүхдийн сэтгэл зүй, ялангуяа бага насны хүүхдийг оношлох аргачлал практик дээр их шаардлагатай байгаа.

ТА ӨДӨРТ ХЭДЭН ЦАГ АЖИЛЛАДАГ ВЭ?

Янз бүр дээ. Тогтмол ажилладаг цаг байхгүй. Сүүлийн өдрүүдэд ачаалал  ихсээд 8-10 цаг компьютерийн ард сууж байна.

АЖИЛДАА ХАМГИЙН ИДЭВХИТЭЙ ХАНДДАГ ЦАГ

Энэ тал дээр муу зуршилтай. Шөнө илүү сайн төвлөрч суудаг.

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭ ХЭРХЭН ӨНГӨРӨӨДӨГ ВЭ?

Гэр бүлээрээ салхинд гарах, аав ээж дээрээ очиж амралтаа өнгөрөөх дуртай. Ажлын ачааллаас болоод тэр бүр санаснаараа байж чаддаггүй.

ЦАГИЙГ ХЭРХЭН ЗӨВ ЗАРЦУУЛАХ ТАЛААР

Амьдрал бол ажил биш, зөв шаардлагатай гэж бодсоноо л хийх хэрэгтэй.Утга учиртай, сэтгэл хангалуун байлгах зүйлээ хийж байвал зөв зарцуулж байна гэж үзэх байх.

СЭТГЭЛ СУДЛААЧДЫН АМЬДРАЛДАА ХАНДАХ ХАНДЛАГА

Оюутан байхаасаа л сэтгэл зүйчийн сэтгэл зүйн талаар янз бүрийн яриа сонсож байсан. Хувь хүний хувьд ямар өөрчлөлт гарах нь уу гээд олон жил ажиглаж байна. Сэтгэл зүйн ямар чиглэлээр, хэр удаан ажиллаж байна, мэргэжилдээ хэр гүнзгий орж байна, өөрөө ямар зантай гэдгээс хамаараад мэргэжлийн холбоотой зарим өөрчлөлт орж болно.

Ихэнх сэтгэл судлаачид ямар ч асуудал дээр сэтгэл хөдлөлдөө авталгүй, нөхцөл байдалд баримжаалж сурсан байдаг гэж боддог.

ИРЭЭДҮЙД ТАНЫ АЖИЛ АМЬДРАЛД ГАРАХ ӨӨРЧЛӨЛТИЙГ НЭРЛЭВЭЛ

Тодорхой хариулахад хэцүү асуулт байна. Зорьж төлөвлөж буй зүйлүүд бий.

БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ

Би зарчимч хүн биш. Гэхдээ дүр эсгэхгүй, өөрийхөөрөө байх, хүний хувийн орон зай, сонирхлыг хүндлэх хэрэгтэй гэж боддог.

ӨӨРТӨӨ АМЬДРАЛДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙХАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛ

Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж сурах чухал санагддаг. “Цадаж” сурах хэрэгтэй, төгс төгөлдөр гэдэг юм хэзээ ч гүйцэгдэхгүй шүү дээ.

АМЬДРАЛААС АВДАГ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ

Хэцүү үед нь хүнд туслах хамгийн сайхан мэдрэмж. Бас гэр бүлийхэнтэйгээ байгалийн сайханд амарч байх үедээ маш их жаргалтай байдаг.

ХИЙЖ ҮЗЭХИЙГ ХҮСДЭГ ЗҮЙЛ

Яг одоогоор хийж үзэхийг хүсч байгаа зүйл алга. Хэдэн жилийн дараа бол хотоос гарч амьдарна гэж боддог.

ТАНЫ ХАМГИЙН САЙН ЧАДДАГ ЗҮЙЛ

Сайн хийж чаддаг зүйл ховор доо. Хоол хийх тал дээр нөхрийгөө л харна. Цэцэг тарих, ногоо дарах дуртай.

БУСДАД БАЙНГА ХЭЛДЭГ ҮГ

Өвдсөн ч өвдөөгүй юм шиг, зовсон ч зовоогүй юм шиг явж сурах хэрэгтэй санагддаг.

ОДОО УНШИЖ БАЙГАА НОМ

Тархины үйл ажиллагааг сайжруулах талаар ном сонирхон судалж байна. Найзынхаа бэлэглэсэн С.Цвейгийн “Танихгүй эмэгтэйн захидал” гээд номыг уншиж эхэлж байгаа.

ХҮМҮҮСИЙН ЭЕРЭГ БА СӨРӨГ ХАНДЛАГЫН ТУХАЙД

Сөрөг хандлага их болсон нь анзаарагддаг. Хүн муу хэлэх, эсвэл зохион байгуулагдаж буй зүйлд шүүмжлэлт байдлаар их хандаж байна. Гарц санал болгодоггүй шүүмж ямар ч ач холбогдолгүй л дээ. Аз жаргалтай, амьдралдаа сэтгэл хангалуун, оюун санааны хувьд төлөвшсөн хүн жижиг сажиг зүйлээр “хөөцөлдөхгүй”. Хүнд өөрт нь асуудал их байх тусам шүүмжлэлт нүдээр харах нь ихэсдэг байх.

СЭТГЭЛ СУДЛААЧ ХҮН НИЙГЭМД ЯМАР БАЙР СУУРЬТАЙ БАЙНА ВЭ?

Нэг үеэ бодвол нийгэмд тогтсон байр суурьтай болж байна. Сэтгэл зүйчид хэвийн биш хүн ханддаг гэж боддог байсан цаг үе саяхан. Гэхдээ төр оролцож байж шийдэгдэх асуудал бидний урд байсаар байна. Хууль эрх зүйн зохицуулалтгүй орчинд ажиллаж байна гэхэд хилсдэхгүй байх. Нэг бодлын мэргэжлийн алдаа гаргалаа гэхэд биднийг шүүх хүн алга. Мэргэжлийн ур чадварыг үнэлэх, лицензжүүлэх, судалгааны ёс зүйн зөвшөөрөл олгох гээд хоосон орон зай их, үүнийг мэргэжил арга зүйн хувьд зангидах толгой байгууллага дутагдаж байна.

УЛСЫН ИРЭЭДҮЙ ТАНЫ НҮДЭЭР

Нуулгүй хэлэхэд, ойрын хэдэн жил аз жаргалын индекс дээшилнэ гэж бодохгүй байгаа. 2014-2016 оны дундаж үзүүлэлтээр 155 улсаас манай улс 100-д жагссан байдаг. Хаан хүний гучин таван эрдмийн дотор хайрлах сэтгэл нэн эрдэм гэдэг. Төрийн жолоо атгасан улс төрчдийн сэдэл, хандлага өөрчлөгдөж байж улс хөгжих байх.

Ярилцсанд баярлалаа, танд сайн сайхныг хүсье.

Ярилцсан сэтгүүлч: С.СОЛОНГО

Бусадтай хуваалцах
  • 419
  •  
  •  
  •  
  •  
  •