СЭТГЭЛ СУДЛААЧ БААСАНХҮҮГИЙН ЭНХМАА

Эрхэм уншигчиддаа шинэ долоо хоногийн мэнд хүргэе. Энэ удаагийн дугаарт маань судлаач, сэтгэл зүйч багш Баасанхүүгийн Энхмаа уригдан оролцлоо.

Боловсрол

  • 1997-1999 он МУИС-ийн сурган сэтгэл судлалын тэнхим
  • 1999-2003 он ОХУ, Москвагийн сурган хүмүүжүүлэх ухааны улсын их сургууль – сэтгэл зүйч багш (мэргэжилтэн)
  • 2009-2018 Москвагийн сурган хүмүүжүүлэх ухааны улсын их сургууль – сэтгэл зүйч багш (сэтгэл судлалын ухааны доктор (PhD))

Ажлын туршлага

  • 2003-2006 Улаанбаатар хот, Сэтгэцийн эмгэг–наркологийн төв –ГХХ ЭША, сэтгэл зүйч
  • 2006-2008 Архангай аймгийн Багшийн коллеж–сурган хүмүүжүүлэх зүй, сэтгэл судлалын багш
  • 2008-2009 Дархан хот, Дархан дээд сургууль–сурган хүмүүжүүлэх зүй, сэтгэл судлалын багш
  • 2010-2011 Улаанбаатар хот, “Этүгэн” АУИС-д сурган хүмүүжүүлэх зүй, сэтгэл судлалын багш
  • 2012-2013 Улаанбаатар хот, “Нийгмийн ажилтан, утга зохиолын дээд сургууль” – сурган хүмүүжүүлэх зүй, сэтгэл судлалын багш
  • 2013-2018 Москва хот, Плехановын нэрэмжит Эдийн засгийн их сургуулийн тэнхимийн төслийн багийн судалгааны мэргэжилтэн
  • 2017-2018 Москва хот, Монгол улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс–техник ажилтан

мгу

ТАНЫ МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ?

Оюутан байхаасаа л янз бүрийн амьдралын түвшин нь өөр нөхцөлд амьдарч буй хүмүүстэй ажиллаж ирсэн. Өссөн орчин, хүмүүжил хувь хүний зан төлөв, авир араншин янз бүр шүү дээ. Бүгд л өөрийгөө сайн хэмээн үнэлнэ… Тэдэнд тохирсон түлхүүрийг олж ажиллах нь бидний мэргэжлийн давуу тал. Эхлээд өөрийгөө таних, сэтгэлийн хөдөлгөөнөө удирдаж сурах нь бидний СЭТГЭЛ ЗҮЙЧ байхын онцлог.

ТАНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

-Москвагийн сурган хүмүүжүүлэх ухааны сургуульд эрдмийн зэрэг горилсон сурган, сэтгэл судлалын багийнхантайгаа 2018 онд хийх ажлын төлөвлөгөөгөө гаргасан байгаа. Тун удахгүй олны хүртээл болно гэдэгт итгэлтэй байна.
-Мэргэжил сонголттой холбоотой сэтгэл зүйн хэд хэдэн аргачлалыг туршин үзэх нутагшуулах
-Сургуулийн сэтгэл зүйн албаны талаарх гарын авлагаа хэвлүүлэх зорилготой байна.
-“Мэргэжил сонголтын сэтгэл зүйн онцлог” сурган, сэтгэл судлалын хөгжүүлж төлөвшүүлэх арга зам болон, гарын авлага, сургалтын хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжуудыг хайна даа.
-“Сэтгэл зүйн боловсрол” сэтгүүлийн чанарыг сайжруулж, олонд хүртээмжтэй болгоход анхааран ажиллана.

ЯГ ОДОО ТӨВЛӨРӨН ХИЙЖ БАЙГАА СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ

Эрдмийн зэрэг горилсон бүтээлээ хамгаалаад эх орондоо ирээд удаагүй болохоор амрангаа ажилд орох гээд цалингийн судалгаа хийж байна. Монголд ажлын байр зөндөө байдаг ч мэргэжилтнийг үнэлэх үнэлгээ маш  доогуур, яаж ийм цалингаар амьдардаг юм болоо хэмээн гайхшралд орчихоод байж байна. Илжиг модон хударгандаа гэгчээр бас зүгээр суугаагүй. удирдагч багшийн бүтээлийг орчуулж эхэлсэн. Хамтарсан төслийн судалгааны материалаа орчуулж бэлтгэж байна.

ТА ӨДӨРТ ХЭДЭН ЦАГ АЖИЛЛАДАГ ВЭ?

Одоохондоо тогтсон хугацаа алга, ажлын ачааллаасаа хамаардаг.

АЖИЛДАА ХАМГИЙН ИДЭВХИТЭЙ ХАНДДАГ ЦАГ

Шар шувуу шүү дээ. Өөрөөр хэлбэл шөнөөр илүү сууж юм хийхэд үр дүнтэй санагддаг.

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭ ХЭРХЭН ӨНГӨРӨӨДӨГ ВЭ?

Гэр бүлийнхэнтэйгээ. Хааяа хүмүүстэй уулзаж ярилцана. Салхинд гарна, гадуур юм үзнэ.

ЦАГИЙГ ХЭРХЭН ЗӨВ ЗАРЦУУЛАХ ТАЛААР

Цагийн менежмент муутай гэж өөрийгөө дүгнэнэ. Бодож байгаад дураа хүрсэн үедээ суугаад хийчихдэг.

СЭТГЭЛ СУДЛААЧДЫН АМЬДРАЛДАА ХАНДАХ ХАНДЛАГА

Хамгаалсны дараа дотны найз дүү маань Энхмаа эгчээс “Эмэгтэй хүнд байж болох хамгийн муухай ааш, бүхий л сайхан занг олж” харсан даа гэж билээ. Тиймээ бурхан чөтгөр хоёр нь хамтдаа оршин тогтнож байдаг хойно аль болох сайныг нь илүү харж, сайхнаар бүгдийг хүлээн авах нь зөв юм болов уу гэж бодож байна даа. Сайныг бодож сайхныг бүтээж сайныг эрэлхийлэх нь сэтгэлийн амар амгаланг бий болгодог хэмээн үздэг.

ИРЭЭДҮЙД ТАНЫ АЖИЛ АМЬДРАЛД ГАРАХ ӨӨРЧЛӨЛТИЙГ НЭРЛЭВЭЛ

Юмны мацаа хол шүү дээ хэлж мэдэхгүй байна. Санасан бодсон зүйл бий.

СЭТГЭЛ СУДЛААЧИЙН ҮҮДНЭЭС БУСДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Чи тэг, ингэ гэх нь ёс зүйн хувьд бүдүүлэг алдаа. Өөрийнхөөрөө бай, болж өгвөл таны эрх бусдын эрхээр хязгаарлагддагийг санаж хүмүүст саад болохгүй сайхан дадалтай л болчихвол бусад нь аяндаа бүтнэ дээ.

БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ

Дагаж мөрдөөд хэрэгжүүлээд байдаг зарчим байхгүй ээ. Гэхдээ эхэлснээ дуусгаж байж санаа амардаг даа.

ӨӨРТӨӨ АМЬДРАЛДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙХАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛ

Аливааг зүрх сэтгэлдээ ойрхон хүлээж авахгүй л байвал болоо. Байж байгаа нь л энэ, үүнээс илүү яах байсан юм гэх мэтээр асуудалд эерэгээр хандвал өөртөө амар, өрөөлд ч халгүй зүгээр санагддаг. Бусдад юм амлахгүйг хичээдэг, учир нь хийж дуусгахаас нааш санаа минь амардаггүй.

АМЬДРАЛААС АВДАГ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ

Ямар ч баггүй энгийн сайхан харилцаа. Түүнээс авч буй эрч хүч, баяр баясгалан үнэхээр сайхан.

ХИЙЖ ҮЗЭХИЙГ ХҮСДЭГ ЗҮЙЛ

Сайн сэлж чадахгүйг мэдэх нөхдүүд маань шавиагаа ханатал инээх л байх гэхдээ яахав хэлчихье “Гидроцикл унаад үзчих юмсан гэж хүсдэг”.

ТАНЫ ХАМГИЙН САЙН ЧАДДАГ ЗҮЙЛ

“Бие хүн бүхэн өв тэгш хүмүүжилтэй байх ёстой” гэдгийг хальт сонсоод өнгөрсөн үеийнх болохоор юм юмны захтай. Тэр нь илүү сайн гэхээр зүйл санаанд орохгүй байна. Тэгэхээр аливаад алтан дундажаа бариад л жирийгээд байна гэсэн үг.

БУСДАД БАЙНГА ХЭЛДЭГ ҮГ

Өөрийнхөөрөө бай, чамаас өөр хэн ч чадахгүй. Өөртөө үнэнч өрөөлд халгүй яв.

ОДОО УНШИЖ БАЙГАА НОМ

Л. Түдэв “Хүмүүс”. Мөн эрдмийн ажлын удирдагч сурган хүмүүжүүлэх ухааны доктор, профессор Подымова Людмила Степановнагийн “История и развития образовательных систем” бүтээлийг орчуулангаа уншиж байна.

СЭТГЭЛ СУДЛААЧ ХҮН НИЙГЭМД ЯМАР БАЙР СУУРЬТАЙ БАЙНА ВЭ?

Уулзсан хүн бүхэн л өнөөдрийн нийгэмд “Сэтгэл зүйч” шиг хэрэгтэй мэргэжилтэн алга гэдэг ч хэрэгцээтэй газраа ажиллаж чадаж байгаа юу гэдэг тун хэцүү. Хууль, эрх зүйн хувьд зохицуулалт байхгүй учраас мэргэжилтэн очих ёстой газраа очихгүй шал ондоо газар бүүр өөр орон тоон дээр ажиллаж байгаатай нилээдгүй таарсан.

Төрийн бодлого зохицуулалт ихээхэн үгүйлэгдэж байгаа салбар. Мэргэжилтнүүдийн хэрэглэж буй нэр томъёо нэгдмэл, тэднийг үнэлэх үнэлэмж бодитой, эрх ашгийг нь хамгаалдаг, үйл ажиллагааг нь хөхүүлэн дэмждэг, зөв бурууг нь ялган салгаж хариуцлага тооцдог, албан ёсны дүрэм журамтай ийм нэгэн том айлын орон зай үгүйлэгдээд л байх шиг. Мэргэжлийн ёс зүйгээ эрхэмлэсэн, ичих булчирхайтай, шинийг эрэлхийлэн, өөрийгөө хөгжүүлдэг, мэдлэгээ чадвар болгон ашиглаж чаддаг олон олон СЭТГЭЛ ЗҮЙЧИД нийгмийн эрүүл мэнд, хүн амын сэтгэл зүйн боловсролын төлөө хоёргүй сэтгэлээр хөдөлмөрлөдөг хөдөлмөрлөсөөр л байх болно.

УЛСЫН ИРЭЭДҮЙ ТАНЫ НҮДЭЭР

Эх орны маань магадгүй дэлхийн өөр нэгэн өнцөгт миний хүүхдийн маргаашийн амьдралыг тодорхойлох ижий аавынхаа амин “Эрдэнэ”-үүд өсөн торниж байгааг ухаарч амжаагүй л явлаа. Өнөөдрийн Монголын маань үрс хэрхэн өсч торнихоос хамаарч маргаашийн миний хүүхдийн, таны хүүхдийн хувь заяа тодорхойлогдоно. Иймээс хүнээр хүн хийх нь үнэхээр чухал…
Ингэхийн тулд манайхан гэр бүлийн үнэ цэнэ… хүүхдийн хөгжил, хүмүүжил сургалтанд онцгойлон анхаарах хэрэгтэй. Энэ бидний хөгжлийн хамгийн том орон зай. Хүнээ хөгжүүлэх, хүүхдээ зөв төлөвшүүлэх нь эх орны хөгжлийн үндэс.
Өнөөдөр боломж таны өмнө хангалттай нээлттэй байна, энэ бүхнийг зүй зохистойгоор яг л өөртөө хэрэгтэйгээр ашиглъя. Хандлагаа өөрчилье. Эх орны ирээдүй мэдээж гэрэлтэй гэгээтэй байна гэдэгт итгэлтэй байна.

Ярилцсанд баярлалаа танд сайн сайхныг хүсье.

Ярилцсан сэтгүүлч: С.СОЛОНГО

Бусадтай хуваалцах
  • 26
  •  
  •  
  •  
  •  
  •