СЭТГЭЛ СУДЛААЧ ДОРЖПҮРЭВИЙН МӨНХДЭЛГЭР

Шинэ долоо хоногийн дугаарт маань Хилийн 0243 дугаар ангийн сэтгэл зүйн бэлтгэлийн офицер, дэслэгч Доржпүрэвийн Мөнхдэлгэр уригдан оролцож байна.

Боловсрол

  • 2007-2011 онд МУБИС-ын сэтгэл судлалын ангид суралцан төгссөн.
  • 2013-2015 онд МУ-ын Засгийн газрын тохируулагч агентлаг Удирдлагын академид “Нийгмийн удирдлагын менежер”-ийн ангид суралцан мэргэшил дээшлүүлсэн

Ажлын туршлага

  • 2009-2011 онд ADRA Mongolia ОУБ-д сургагч багш
  • 2011-2012 онд Оюуны Ундраа Групп хүний нөөц-сургалтын менежер
  • 2016 оноос Хилийн Цэргийн 0243 дугаар ангид сэтгэл зүйн бэлтгэлийн офицероор ажиллаж байна.

Судалгааны ажил

  • Байгууллагын хүний нөөцийн удирдлагад сэтгэл зүйн шинжлэх ухааныг ашиглах тухай
  • Хилчин бие хүний сэтгэл зүйн онцлог

ТАНЫ МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ?

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе.

Сэтгэл зүйч мэргэжилтэн хувь хүний олж харж чадахгүй байгаа гарцыг, гэр бүлийн зөрчлөө даван туулж чадахгүй байгаа асуудлын мөн чанарыг шинжлэх ухааны байр суурьнаас олж харах боломжийг хүмүүст олгодгоороо онцлог юм. Шинжлэх ухаан бодит амьдралын гүүр болох нь бидний ажлын давуу тал. Хил хамгаалах байгууллагад ажиллаж буй сэтгэл зүйчид хилчин бие хүнд сэтгэл зүйн бэлтгэл олгох, хугацаат цэргийн алба хаагчид болон хилчин гэр бүлийн гишүүдэд сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж, улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах үйл явцад оролцдогоороо онцлог. Сүүлийн жилүүдэд Хил хамгаалах байгууллагаас хилчдийн сэтгэл зүйн байдалд анхаарлаа түлхүү хандуулж, хилийн отряд, заставт мэргэжлийн сэтгэл зүйчдийг томилох бодлого барьж, 2 жил тутам сэтгэл зүйчдээ мэргэшүүлэх ажлыг зохион байгуулах, сэтгэл зүйн зөвлөгөөний өрөөг отрядуудад байгуулах зэргээр ач холбогдол өгч ажиллаж байна.

Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, байгаль цаг уурын хүнд хэцүү нөхцөлд үүрэг гүйцэтгэж буй хилчидтэй мөр зэрэгцэн мэргэжлээрээ ажиллаж байгаадаа баяртай байдаг.

ТАНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Ажлаа жил, улирал, сараар төлөвлөн батлуулж төлөвлөгөөний дагуу ажиллах шаардлагатай байдаг. Гэр бүлийн сэтгэл зүйн цуврал лекц-трейнинг боловсруулж саяхан дууссан. Хилд ажиллаж байгаа гэр бүлүүддээ зориулан энэхүү сургалтаа зохион байгуулахаар төлөвлөж байна.

ЯГ ОДОО ТӨВЛӨРӨН ХИЙЖ БАЙГАА СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ

Хилчин бие хүний сэтгэл зүйн үндсэн шалгуур үзүүлэлт, хилчин бие хүний сэтгэл зүйн онцлогийг судлан тодорхойлоход ашиглагдах судалгааны арга зүйг судлан ажиллаж байна.

ТА ӨДӨРТ ХЭДЭН ЦАГ АЖИЛЛАДАГ ВЭ?

Өдөрт 8 цаг ажиллах хуваарьтай ч хилд томилогдох, шинэ дайчдын сургалтын төвд ажиллах, бусад зайлшгүй шалтгаанаар өдөрт 18 цаг ажиллах ч үе байдаг.

АЖИЛДАА ХАМГИЙН ИДЭВХИТЭЙ ХАНДДАГ ЦАГ

Тодорхой зорилгын дор төвлөрөөд суух үед аль ч цаг хугацаанд хүн идэвхи гаргах боломжтой. Миний хувьд үдээс өмнө оюуны ачаалал ихээр шаардах ажлуудаа амжуулахыг хичээдэг.

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭ ХЭРХЭН ӨНГӨРӨӨДӨГ ВЭ?

Амралтын өдрийг гэр бүлтэйгээ өнгөрөөхийг хүсдэг. Ажлын шаардлагаар амралтын өдөр ажиллавал тэр бүр гэр бүлдээ цаг гаргаж чадахгүй. Тиймээс ажлаа тарангуут гэр бүлдээ л яардаг. Мөн өөртөө цаг гаргах чухал санагддаг. Бид өөрөөсөө холдох тусмаа өөрийгөө ойлгохоо болих, бусадтай зөрчилдөх, өөрийн хүссэнээр бус бусдад хэрхэн харагдах тухай бодож хайран цагаа үрдэг. Тиймээс өөртөө тогтмол цаг гаргаж байх нь чухал.

ЦАГИЙГ ХЭРХЭН ЗӨВ ЗАРЦУУЛАХ ТАЛААР

Хүн бүрийн амьдралын хэвшил, ажиллаж амьдарч буй орчноос хамаарч цагаа үр ашигтай зарцуулах тухай асуудал өөр өөрөөр яригдах болов уу.

Яг одоодоо төвлөрөх нь цагийг үр ашигтай зарцуулах үндэс гэж би үздэг. Ирээдүйнхээ төлөө санаа зовж байгаа үедээ хийсэн ажил таны хүссэн үр дүнг авч ирэхгүй л болов уу. Мөн өнгөрсөндөө харамсаад суугаад байвал яг одоо та амжилттай ажиллаж, цагаа ашиглаж чадахгүй. Тиймээс яг одоо хийж байгаа зүйлдээ л төвлөр.

СЭТГЭЛ СУДЛААЧДЫН АМЬДРАЛДАА ХАНДАХ ХАНДЛАГА

Сэтгэл судлаач мэргэжилтний бус хувь хүний үүднээс амьдралдаа ханддаг. Дуучин хүн үргэлж гэртээ дуулдаггүй, жүжигчин хүн гэртээ өөрийн бүтээсэн дүрээрээ амьдардаггүй байх. Түүнтэй адил сэтгэл зүйч хүн гэр бүлийнхээ, ажлын хамт олныхоо дунд мэргэжилтний байр суурьнаас хандах нь өрөөсгөл учраас миний хувьд гэртээ гэргий, ээж хүн, ажил дээрээ бие хүний хувиар л ажилладаг. Харин зөвлөгөө, сургалт, трейнингийн үед мэргэжилтний үүднээс асуудлыг хардаг.

ИРЭЭДҮЙД ТАНЫ АЖИЛ АМЬДРАЛД ГАРАХ ӨӨРЧЛӨЛТИЙГ НЭРЛЭВЭЛ

Олон сайхан өөрчлөлт гарна гэж бодож байна. Хил хамгаалах байгууллагад сэтгэл судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх, хилчдийн сэтгэл зүйн онцлог, сэтгэл зүйн шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулахад хувь нэмэр оруулан ажиллана.

СЭТГЭЛ СУДЛААЧИЙН ҮҮДНЭЭС БУСДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Манай нийгмийн олон үйл явцаас нийтлэг ажиглагддаг зүйл бол бусдад харагдах байдлыг илүүтэй чухалчилж, хүний дор орохгүй гэсэн үзэл. Хүн язгуураасаа нэг нэгнээсээ өөр өвөрмөц онцлогтой төрдөг. Бидний амьдарч буй орчин ч өөр учир, мөн л өөр өөрийнхөөр өсч төлөвшдөг. Гэтэл заавал хэн нэгнээс илүү байх, хэн нэгнээс дутахгүй байхын тулд гэсэн үзлээр аливаад хандах нь таны амьдралын үндсэн зорилго, амьдралын тань үнэ цэнэд огтоос нийцэхгүй гэдгийг ойлгох нь чухал байна.

Жаран жилийн дараа таны амьдралын чанар юугаар тодорхойлогдох вэ? гэдгийг тунгаан бодвол бидний яг одоо хийж буй зүйл үнэхээр хэрэгтэй зүйл үү? үгүй юу? гэдгийг таньж болно. Яг одоо таны авах гээд дурлаж буй тренд гутал таны амьдралд гучин жилийн дараа дурсагдах ч үгүй, харин ээжтэйгээ, найзтайгаа уулзаж чин сэтгэлээ хуваалцах нь, хүүтэйгээ, охинтойгоо хамт тоглож тэдэнд сайхан дурсамж үлдээж, хүмүүжилд нь анхаарах илүү чухал болохыг бид ойлгох болно.

Таны хэн нэгнээс хэдэн хувь илүү байх тухай ойлголт чухал бус харин өчигдрийн танаас өнөөдрийн та хэр зэрэг өссөн, хөгжсөн, ухаарсан байгаа тань л чухал юм шүү.

БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ

Бүх зүйлд чин сэтгэлээсээ ханд. Амьдралд, хүмүүст сэтгэл гаргахгүй бол хүмүүсээс амьдралаас ч сэтгэлгүй хариу ирдэг. Тиймээс сэтгэл гаргахгүй бол ямар нэг зүйл хийгээд хэрэггүй. Харин хийхээр зорьж байгаа, хийхийг хүсч байгаа бол чин сэтгэлээсээ хий.

ӨӨРТӨӨ АМЬДРАЛДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙХАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛ

Хүн өөрөө өөртөө, амьдралдаа сэтгэл хангалуун байхын тулд хандлагаа анхаарах хэрэгтэй. Дутах зүйл байхгүй боловч бүх зүйл болохгүй байна гэсэн бодлоор амьдралдаа хандсаар байвал та сэтгэл хангалуун амьдарч чадахгүй.

Бидний биеийн 70-80 хувийг ус эзэлдэг “Хариулт нь усанд буй” хэмээх Япон эрдэмтний номыг уншаагүй хүн ховор байх. Тэгэхээр сайхан үг хэлэх, сайхан бодол бодоход бидний усны бүтэц зөв болж, талст үүсгэх нь, харин муу үг, муухай бодол бидний усны бүтцийг эвдэх нь тодорхой болж байна. Үг, бодол санааг бидний хандлага төрүүлдэг. Та хэн нэгний талаар таагүй бодол бодоод гайхалтай сайхан үгээр магтаж, урам өгөх гээд үз дээ. Та өөртөө сайн сайхныг хүсч байгаа бол сайн зүйл бодож, сайхан үгийг хэлээрэй. Амны билгээс ашдын билэг гэж сайн сайхан үгсийг нэгэндээ хэлдэг байсан Монголчууд сэтгэл зүйн шинжлэх ухааны талаар өргөн мэдлэгтэй байсан тухай ном зохиолд цөөнгүй дурдсан байдаг.

ОДОО УНШИЖ БАЙГАА НОМ

Зохиолч Батрэгзэдмаагийн “Очир эрхшээгч” романыг саяхан уншиж дуусгаад Шэрил Сэндбэргийн “Өөдөө тэмүүл” номыг уншиж байна. Ном унших маш сайхан амралт, оюуны цэнэг болдог болохоор өөртөө хэрэгцээтэй сайхан номууд унших дуртай. Унших нь сэтгэхийн үндэс гэдгийг манай залуус маш сайн ойлгож, номонд их дуртай болсон шиг санагддаг. Нацагдоржийн нэрэмжит номын сан 24 цагаар ажилладаг байхад дотны найзын хамтаар ном уншиж, даалгавраа хийж хонодог байлаа.

ХҮМҮҮСИЙН ЭЕРЭГ БА СӨРӨГ ХАНДЛАГЫН ТУХАЙД

Хандлага бидний амьдралын чанарыг тодорхойлдог. Аливаад хандах хандлага сөрөг байвал сөрөг үг, үйлдэл гарах тухай дурьдсан. Сөрөг үг үйлдэлд эерэг хариу үйлдэл ирэх нь тун цөөн байдаг. Бид хандлагаа бус бусдаас ирж буй хариу үйлдэл, үгэнд л анхаарч, бухимдаж, гомдоод байдаг. Яг үнэндээ та тэр хүнд юу гэж хэлсэн, ямар мэдрэмж төрүүлсэн гэдгээс бүх зүйл эхэлсэн байдаг. Тиймээс инээмсэглэсэн царай харахыг хүсч байвал та өөрөө инээмсэглэ, сайхан үг сонсохыг хүсч байвал та өөрөө бусдад сайхан үг хэлж, эерэг хандлагатай бай. Бүх зүйл танаас шалтгаална.

СЭТГЭЛ СУДЛААЧ ХҮН НИЙГЭМД ЯМАР БАЙР СУУРЬТАЙ БАЙНА ВЭ?

Сэтгэл судлаач, сэтгэл судлалын шинжлэх ухааны талаар нийгэм тодорхой түвшинд мэдэх болсон байна. Анх сэтгэл зүйч мэргэжлийг сонгон суралцаж байхад ихэнхи хүмүүс ямар мэргэжил байдаг тухай лавлан асууж гайхдаг байсан бол өнөөдөр нийгэмд ч хувь хүнд ч хэрэгтэй мэргэжил юм гэдгийг олон нийт ойлгосон байна.

Харин сэтгэл зүйч мэргэжилтэн болон энэ шинжлэх ухааныг сонирхож буй хүн, энэ чиглэлийг бизнесийн зорилгоор ашиглаж байгаа зарим хүмүүсийн ялгааг сайтар ойлгохгүй байх шиг санагддаг.

Нөгөө талаас Америкийн сэтгэл зүйчдийн нийгэмлэг (APA) –ийн адил манай улсад сэтгэл судлаачдын мэргэжлийн ур чадвар, үйлчилгээ үзүүлэх чадамжийг шалгах, тусгай зөвшөөрөл олгох, хянах буюу нэгдсэн удирдлагаар хангах байгууллага дутагдаж байж болох юм. Тиймээс ч дуртай нэгэн мэргэжлийн бус хүн өөрийгөө сэтгэл зүйч гэж нэрлээд хэдэн хүнд мэргэжлийн бус зөвлөгөө өгч, хэдэн хүний амьдралд сөрөг үр дагавар гаргаж буйг мэдэх боломж хомс байна.

УЛСЫН ИРЭЭДҮЙ ТАНЫ НҮДЭЭР

Сайхан цаг үе, сайхан нийгэм биднийг хүлээж байгаа гэдэгт итгэдэг. Учир нь бидний хандлага эерэгээр өөрчлөгдсөөр байна. Бид муу зүйл ярьж, муу зүйл бодвол мууг л хийнэ. Сайн зүйл бодож, сайхан үгээр орчноо дүүргэж байвал сайн сайхан зүйл таныг хүрээлэх болно. Тиймээс ирээдүйгээ сайхан гэдэгт итгээд одоо хийж байгаа, бодож байгаа зүйлээ эерэг байлгаарай.

Сэтгэл судлалын шинжлэх ухааныг эх орондоо түгээн дэлгэрүүлэх үйлсийг манлайлан ажиллаж буй танай хамт олонд амжилт хүсье.

Ярилцсанд баярлалаа танд сайн сайхныг хүсье.

Ярилцсан сэтгүүлч: С.СОЛОНГО

Бусадтай хуваалцах
  • 210
  •  
  •  
  •  
  •  
  •