СЭТГЭЛ СУДЛААЧ ЦЭРЭНДАГВЫН ШИНЭДОЛГОР

Шинэ долоо хоногийн дугаарт маань “Хайрын өнгө” ТББ-ын захирал, сэтгэл зүйч Цэрэндагвын Шинэдолгор уригдан оролцлоо.

Боловсрол

  • 2007-2011 он МУБИС-Сэтгэл судлаач
  • 2012-2014 он МУБИС-Магистр
  • 2016 онд Японы Хёго их сургууль, МУБИС-ын хамтарсан төслийн хүрээнд “Тусгай хэрэгцээт боловсрол”-ын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.

Ажлын туршлага

  • 2011-2013 он “Эрдмийн сан” ЕБС-д сэтгэл зүйч, нийгмийн ажилтан
  • 2013- 2014 он “Baby Care” хүүхдийн хөгжлийн төвд сэтгэл зүйч
  • 2014- 2017 он МУБИС- СӨБСС-д хүүхдийн сэтгэл судлалын гэрээт багш
  • 2014 онд “Хайрын өнгө” ТББ-ыг үүсгэн байгуулж, одоог хүртэл сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж байна.

Бүтээл

  • Ахлах ангийн сурагчдад зориулсан “Харилцаа” сэдэвт сонгон судлах хичээлийн хөтөлбөр боловсруулсан.
  • “Аз жаргал, амжилтын үндэс бол Харилцаа” нэртэй номоо бичиж нийтлүүлсэн.

ТАНЫ МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ?

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.

Би сэтгэл зүйч мэргэжлийг эзэмшсэндээ маш их баяртай байдаг. Миний мэргэжлийн хамгийн гол нь хүний зүрх сэтгэлийн асуудалтай холбоотой болохоор маш их мэдрэмж, хичээл зүтгэл шаардаж, түүнийхээ үр дүнд хүмүүст сайн сайхан зүйлсийг түгээдгээрээ онцлогтой. Бусад мэргэжлээс илүү алхам тутамдаа мэргэжлийнхээ онцлогийг ашиглах боломжтой байдгаараа давуу талтай юм даа.

ТАНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Бага насны хүүхдийн сэтгэл зүйн тухай ном бичиж байгаа. Хүүхдийн сэтгэл зүй бол гайхамшигт ертөнц. Энэ тухай эцэг эхчүүд болон хүн бүр мэдэж, хүүхдээ зөв хүн болгож хүмүүжүүлээсэй гэж хүсдэг. Тиймдээ ч ойрын төлөвлөгөө бол номондоо анхаарал хандуулж ажлаа төлөвлөж байна.

ЯГ ОДОО ТӨВЛӨРӨН ХИЙЖ БАЙГАА СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ

Хүүхдийн сэтгэл зүйн тухай орчин үеийн онолуудын үзэл санааг, Монгол хүүхдийн сэтгэл зүйн онцлогтой харьцуулан практик ажиглалт, туршилтын ажил хийж байна. Ээж болоод удаагүй байгаа учраас охиноо хараад судалж мэдэх зүйл илүү их байна.

ТА ӨДӨРТ ХЭДЭН ЦАГ АЖИЛЛАДАГ ВЭ?

Тогтсон цаг байхгүй.  Ажил ихтэй үед ядрахаа мэдэлгүй олон цагийг зарцуулдаг.

АЖИЛДАА ХАМГИЙН ИДЭВХИТЭЙ ХАНДДАГ ЦАГ

Өглөө, мөн ганцаараа байх үедээ илүү үр дүнтэй байдаг.

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭ ХЭРХЭН ӨНГӨРӨӨДӨГ ВЭ?

Би сүүлийн үед амралтын өдрийг  их хүлээдэг болсон. Гэр бүлийнхэнтэйгээ бүтэн өдөржин хамтдаа байж, салхинд гарах, ах дүүсийндээ зочлох гээд амралтын өдрийг хөгжилтэй сайхан өнгөрүүлж чадвал ирэх  долоо хоногийнхоо цэнэгийг хангалттай авч чаддаг. Харин нөхөр маань завгүй, цаг гаргаж чадаагүй үед нэг л сэтгэл дундуур байдаг. Нөхөртэйгөө, охинтойгоо л хамт байх дуртай.

ЦАГИЙГ ХЭРХЭН ЗӨВ ЗАРЦУУЛАХ ТАЛААР

Сүүлийн үед цахим хэрэглээ ихэссэнтэй холбоотой хүмүүсийн цагийг зөв зарцуулах чадвар улам л муудаж байна. Утсаа бариад  суухаар хэдэн цаг өнгөрч байгааг ч анзаарахгүй хайран сайхан цагийг үр бүтээлгүй өнгөрөөж байгаа нь харамсалтай. Үнэ цэнэтэй зүйлдээ л илүү их цаг гаргах хэрэгтэй.

СЭТГЭЛ СУДЛААЧДЫН АМЬДРАЛДАА ХАНДАХ ХАНДЛАГА

Сэтгэл судлаач гэдэг зүгээр л хүний мэргэжил, тэрнээс биш сэтгэл судлаач гэхээр нэг л онцгой хүн гэж ойлгодог тал бий. Уйлж инээж, уурлаж бухимдах гээд хүний мэдрэхийг бүгдийг нь л мэдэрнэ шүү дээ. Гэхдээ асуудалд арай өөр өнцгөөс анализ хийж, шинжлэх ухаанч талаас нь хандах чадвартай хүмүүс.

ИРЭЭДҮЙД ТАНЫ АЖИЛ АМЬДРАЛД ГАРАХ ӨӨРЧЛӨЛТИЙГ НЭРЛЭВЭЛ

Хийхээр төлөвлөсөн олон зүйл байна. Яанаа цаг хугацаа ямар хурдан юм бэ? Би хийж амжих болов уу? Чадах болов уу?  гэсэн олон арван бодлоо болно, бүтээнэ, хийнэ, чадна гэсэн итгэлээр ундаалж ирээдүйдээ гарах эерэг сайхан өөрчлөлтүүдийн үндэс суурийг тавьж  яваа гэж боддог.

СЭТГЭЛ СУДЛААЧИЙН ҮҮДНЭЭС БУСДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Хүнийг өөрчлөх, хүнийг шүүмжлэх биш өөрийгөө багахан ч гэсэн өөрчил хөгжүүл, хүмүүжүүл. Дандаа сайн сайхан эерэг зүйлсийг бодож, төсөөлж, итгэж, үнэмшиж амьдар. Амьдрал чамд аяандаа бэлэг өгөх болно.

БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ

 Аав ээжийн минь надад өгсөн хүмүүжлийн мөн чанар бол миний амьдралдаа баримталдаг зарчим. Юу ч хийсэн сэтгэлээсээ гүйцэтгэл сайтай хийх. Өөрөөс доош, дээш ямар ч хүнтэй хүнлэг харьцах, цаг ямагт сурч мэдэн өөрийгөө хөгжүүлдэг байх гэх мэт.

ӨӨРТӨӨ АМЬДРАЛДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙХАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛ

Хүн байгаа зүйлдээ л эхлээд сэтгэл хангалуун байх ёстой. Түүний дараа л илүү зүйлийг хүсч мөрөөддөг байх. Зарим хүмүүсийн сэтгэл хэзээ ч ханадаггүй. Байгаа зүйлийнхээ болохгүй бүтэхгүй,  учир дутагдалтай талыг л олж хардаг. Түүний оронд аливаа зүйлд талархах сэтгэлгээтэй байж, болж бүтэх талаас нь харж сэтгэл ханамж авч сурснаар аяндаа л ажил үйлс, амьдрал ахуй өөдлөн дэвшиж сэтгэл хангалуун амьдрах болно.

ХАМГИЙН ИХ ХИЙЖ ҮЗЭХИЙГ ХҮСДЭГ ЗҮЙЛ

Жинхэнэ утгаар нь эрх чөлөөг мэдрүүлэх зүйлсийг хийж үзэх, мөн өөрийнхөө сонирхлын дагуу олон төрлийн сургалтад суух хоолны, зургийн, оёдлын гэх мэт сурч мэдмээр, хийж үзмээр зүйл их байна.

ХАМГИЙН САЙН ХИЙЖ ЧАДДАГ ЗҮЙЛ

Юм юмыг л сайн хийхийг хичээдэг, сайн мэдэхгүй байна. Хоол хийх байж магадгүй, олон хүн амттай хоол хийдэг гэж ярьдаг юм.

БУСДАД БАЙНГА ХЭЛДЭГ ҮГ

Бодлын хүчний тухай ярих дуртай. Сайхан зүйл бодож төсөөл, бодол санаагаа эерэг байлга, санаа зөв бол заяа зөв. Зөв бодлоос л эхлэлтэй зөв үйл, зөв үр дүн гарах болно

ОДОО УНШИЖ БУЙ НОМ

Сэтгэл судлаач мэргэжлийг эзэмшихээсээ өмнө уран зохиолын ном унших дуртай байсан бол одоо аль болох мэргэжлийн номоо уншихыг илүүд үздэг болсон. Хөл хүнд байхдаа хүүхэд маань охин байна гэхээр “Сорхугтан хатан”-ыг уншиж билээ. Яг одоо бол хүүхдийн зан төлөвийг эсийн, молекулын төвшинд судалсан сэтгэл судлаач Жон Мединагийн “Хүүхдийн тархийг хөгжүүлэх зарчмууд” номыг уншиж байна. Мэргэжлийн номоо унших нэг онцлог нь уран зохиолын ном уншдаг шиг шимтээд уншаад дуусгадаггүй. Сэдэв бүрээр анализ хийж, тэмдэглэл хөтөлж удаан хугацаа зарцуулж уншдаг.

ХҮМҮҮСИЙН ЭЕРЭГ СӨРӨГ ХАНДЛАГЫН ТУХАЙД

Хүний хандлага гэдэг их чухал зүйл. Эцэг эхийн олгосон хүмүүжил, үлгэр дууриалалаас ихэд шалтгаална. Нэгэнт тогтсон хандлага гэдэг өөрчлөгдөхөд их төвөгтэй зүйл. Хүн өөрийнхөө гаргаад байгаа тэрхүү сөрөг хандлагад анализ хийж өөрчлөх чадвартай байх ёстой. Ерөөсөө л хүний бодолтой холбоотой. Аливаа зүйлийг сөрөг талаас нь хараад л байвал сөрөг үр дагавар л гарна. Ийм ядмаг сэтгэлгээгээр хүн хөгжиж дэвшихгүй. Эхлээд өөрийгөө таньж мэдээд, ухамсараараа өөрийгөө өөрчилж, хөгжүүлж чаддаг байх л хэрэгтэй.

СЭТГЭЛ СУДЛААЧ ХҮН НИЙГЭМД ЯМАР БАЙР СУУРЬТАЙ БАЙНА ВЭ?

Жилээс жилд сэтгэл зүйчдийн үнэлгээ нийгэмд эзлэх байр суурь, нэмэгдэж л байна. Аргагүй шүү дээ нийгэмд өөрөө эрэлт хэрэгцээ үүсээд байхад сэтгэл зүйчдийн хэрэгцээ шаардлага зүй ёсоор гаралгүй яахав. Гэхдээ биднийг дэмжсэн ажлын байрыг нь батлаад өгсөн хууль эрх зүйн орчин байхгүй байна. Нэг үеэ бодвол хэд хэдэн газар албан ёсны орон тоотой болсон хэдий ч хамгийн чухал салбар болох сургууль, цэцэрлэгт л нэн шаардлагатай сэтгэл зүйчийн орон тоог батлах  хэрэгтэй байгаа юм.

УЛСЫН ИРЭЭДҮЙ ТАНЫ НҮДЭЭР

Сайхан цаг ирэх байхаа, илүү сайхан хөгжих байх. Улс орны хөгжлийн үндэс нь иргэдийн маань хөгжил, төлөвшилөөс ихэд шалтгаална. Тиймээс л хамгийн гол нь ирээдүйн иргэдээ хэрхэн зөв бэлдэж чадаж байна вэ? гэдэгт анхаарах хэрэгтэй. Сургууль, цэцэрлэг сэтгэл зүйчтэй болсноор ирээдүйн иргэдийг зөв хүн болгон хөгжүүлж, хүмүүжүүлэхэд маш том хувь нэмэр оруулна.  Хүүхэд багаасаа хүнтэй зөв харьцдаг, хүндэлдэг, хайрладаг сэтгэл зүйн боловсролтой болсноор ирээдүйн тогтвортой гэр бүлийг үүсгэхээс эхлээд улс орноо улам их хөгжүүлнэ.

Ярилцсанд баярлалаа танд сайн сайхныг хүсье.

Ярилцсан сэтгүүлч: С.СОЛОНГО

Бусадтай хуваалцах
  • 160
  •  
  •  
  •  
  •  
  •