СЭТГЭЛ СУДЛААЧ ЖАМЪЯНСҮРЭНГИЙН ГЭРЭЛЧИМЭГ

Шинэ долоо хоногийн дугаарт маань Хууль сахиулахын их сургуулийн Хилийн сургуулийн Цэргийн сэтгэл зүйн тэнхимийн багш, сэтгэл судлаач, ахмад Жамъянсүрэнгийн Гэрэлчимэг уригдан оролцлоо.

Боловсрол

  • 2003-2007 онд Монгол Улсын Боловсролын их сургууль–Хэрэглээний сэтгэл зүйч, багш
  • 2008-2010 онд Монгол Улсын Боловсролын их сургууль–Сэтгэл судлалын ухааны магистр

Ажлын туршлага

  • 2007-2008 онд Хилийн Цэргийн Дээд Сургуулийн Цэргийн хэрэг, албаны хангалтын тэнхимд туслах ажилтан
  • 2008-2011 онд Хилийн Цэргийн Дээд Сургуулийн Цэргийн сэтгэл зүйн тэнхимийн сэтгэл судлалын багш
  • 2011-2018 онд Хууль Сахиулахын Их сургуулийн Хилийн сургуулийн Цэргийн сэтгэл зүйн тэнхимийн багшаар ажиллаж байна.

ТАНЫ МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ?

Анх  10 жилээ төгсөөд конкурсээр нилээн хэдэн хуваарь дундаас энэ мэргэжлийг сонгон гарч ирэхэд нийгмийн ухааны нэг мундаг багш маань за охин минь тархины мэс засалч л гэсэн үг шүү гэж хэлж байсан юм. Үнэхээр бидний мэргэжил хүний оюун санаа, сэтгэц, сэтгэл зүйн онцлогийг таньж мэдэх гээд хүнтэй ажилладаг, мэргэжилтнээс нарийн торгон мэдрэмж, олон талт судалгаа шаарддаг, өргөн цар хүрээтэй шинжлэх ухаан юм.  Тэр тусмаа Монгол улсын хууль, хүчний байгууллагад цэргийн сэтгэл зүй гэдэг бол чухал үзүүлэлт юм. Энэ салбарт сэтгэл судлалын шинжлэх ухаан эрэлт, хэрэгцээтэй байгаа бөгөөд цэргийн байгууллага нь өвөрмөц онцлогтой тэнд ажиллах мэргэжилтэн нь энэ онцлог, тусгай чиг үүрэг бүхий нөхцөлд бэлтгэгдэн сургалт, судалгаа, оношилгоо, зөвлөгөө гээд сэтгэл зүйн ажлыг мэргэжлийн түвшинд явуулах нь давуу талтай.

ТАНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Сэтгэл судлалын багш хүний хувьд сонсогч, суралцагчдаа хөгжүүлэх эрдэм шинжилгээ, судалгааны арга зүйд сургах талын ажлуудыг энэ сардаа, мөн эрдмийн зэргээ ахиулж  таван сардаа докторантуртаа сурах гээд тодорхой ажлууд төлөвлөсөн. Ер нь ирээдүйн болоод энэ жилийн төлөвлөгөөнд цэргийн сэтгэл зүйн чиглэлээрээ хоёр ном, сурах бичиг гаргах гээд багагүй хугацаанд судалсан судалгааны ажлууд, бэлтгэсэн зүйлүүд байгаа. Яг үндсэн цэргийн сэтгэл судлалын салбарт сэтгэл зүйн өргөн цар хүрээг хамарсан нарийн мэргэжлийн судалгаа болоод сүүлийн үеийн ном, сурах бичгүүд хангалттай хэмжээнд хүрээгүй л байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд хууль сахиулах байгууллагын сэтгэл зүйчдийн цар хүрээ нэмэгдэж чадварлаг сайн сэтгэл зүйчид их ажиллаж байгаа. Тэд маань өөрсдийн чиглэл бүрээр ном, бүтээлүүд болон сургалтанд ашиглах материалууд гаргах байх гэж боддог. Бидний хувьд чадварлаг сайн цэргийн сэтгэл зүйчдийг бэлтгэхийн тулд сургалт, судалгааны ажлаа чанартай үр дүнтэй явуулж, ирээдүй хойч үедээ болоод энэ салбарт ажиллах мэргэжилтнүүдээ үзэх, харах, судалж мэдэх зүйлтэй байлгахын тулд л ажиллаж байдаг даа.

ЯГ ОДОО ТӨВЛӨРӨН ХИЙЖ БАЙГАА СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ

Цэргийн сэтгэл зүйн бэлтгэлд нөлөөлөх хүчин зүйлс, түүнийг судлах судалгааны аргууд, хилчдийг судлах аргууд, хилчин бие хүний сэтгэл зүйн онцлог гээд амьдрал практикаас их шаарддаг асуудлууд байдаг. Энэ талруу хичээл, сургалт судалгаагаа хичээлийн жилийн төлөвлөгөөндөө оруулаад сургалтын бус цагаараа хийж байна.

Ц.Энхбат багштай хамтран “Өөрийгөө таниад бусдыг шинжихүй” гээд эмхэтгэл гаргаж байсан түүнийгээ энэ жил тэнхимийнхээ  10 жилийн ойг тохиолдуулан улам боловсронгуй шинжлэх ухааны үндэслэлтэй, хүнийг судлах, таних арга, аргачлалаар баяжуулан гаргах ажил төлөвлөгөөнд орсон тул арга, аргачлалыг судалж боловсруулах ажлыг хийж байна. Харамсалтай нь дан ганц энэ судалгаан дээрээ бүрэн цаг зарцуулж чадахгүй л байна ямартай ч энэ жилдээ бүтээл болно.

ТА ӨДӨРТ ХЭДЭН ЦАГ АЖИЛЛАДАГ ВЭ?

Мэдээж ажлын цагаар бүтэн ажилладаг. Маш хурдан өнгөрдөг тийм учраас илүү цагаар ажиллах үе зайлшгүй гарна шүү.

АЖИЛДАА ХАМГИЙН ИДЭВХИТЭЙ ХАНДДАГ ЦАГ

Өглөө 08.00 цагаас эхлээд л хичээл сургалт явуулаад багадаа гурван паар хичээлтэй бол 14.00 цаг, дөрвөн паар хичээлтэй бол 16.00 цаг, хичээл явагдаж байгаа цагууд бол идэвхитэй хурдан өнгөрдөг. 16.00 цагаас хойшхи бусад төлөвлөгөөт ажлууд сонсогчдыг судалгааны ажилд чиглүүлэх арга зүйн зөвлөгөө өгөх, бэлтгэх гээд төлөвлөгөөт бус цаг үеийн ажлуудад цаг зарцуулдаг. Мөн гэртээ хүүхдүүдээ унтуулчихаад шөнийн цагаар сууж, судалж, унших бэлтгэх мэргэжлийн болоод багшийн ажил их байдаг. Ер нь л 10 жил, оюутан байхаасаа л шөнө сууж хичээл ном хийхэд бүтээмжтэй байдаг шүү.

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭ ХЭРХЭН ӨНГӨРӨӨДӨГ ВЭ?

Гэр бүлдээ л цаг гаргаж, аав ээж, ах дүү хамаатан садантайгаа уулзаж, хоол хийж идэж, ойрхон салхинд гарч, нэг өдөр нь хүүхдүүдийнхээ цэцэрлэгийн бэлтгэлийг бэлтгэнэ. Нөхөр маань бас цэргийн хүн болохоор амралтын өдрийг аль болох гэр бүлдээ л зориулахыг хүсдэг. Монгол эмэгтэй хүн болгоны л онцлог зан ямар нэгэн мэргэжил хамаарахгүйгээр гэр бүлдээ цаг зарцуулах дуртай байдаг байх.

ЦАГИЙГ ХЭРХЭН ЗӨВ ЗАРЦУУЛАХ ТАЛААР

Шинжлэх ухаанаар бол хүн тогтсон, оноогдсон цагуудаараа л ажиллаж амьдарч байвал сэтгэцийн болоод биеийн эрүүл мэндийн хувьд чухал гэж үздэг. Гэхдээ өнөөдрийн нийгэм, сэтгэл зүйн олон хүчин зүйл, нөхцөл байдлаас дүгнэхэд Монголчууд, ард иргэд, бид ч цагийг зөв зарцуулах талаар ярьдаг боловч зарцуулах тал дээр хүн болгон адилгүй учир дутагдалтай талууд их байдаг байх. Тийм учир хүн болгон ажил мэргэжлийнхээ онцлогоос хамааран төлөвлөгөө, хуваарийн дагуу цагаа зөв зарцуулж, гэр бүл, хайртай дотны хүмүүстээ цаг гаргаж, өөрийгөө хөгжүүлж, ажил, амьдралдаа хувийн зохион байгуулалттай, стрессгүй зөв зарцуулах сэтгэл зүйд суралцаж, төлөвших хэрэгтэй.

СЭТГЭЛ СУДЛААЧДЫН АМЬДРАЛДАА ХАНДАХ ХАНДЛАГА

Хүмүүсийн хандлагаар сэтгэл судлаач, сэтгэл зүйч мэргэжилтэн гэхээрээ л төгс гэр бүл, ажил бүхий л талбарт мэргэжлийнх нь үүднээс харах хандлага байгаад байдаг нь өрөөсгөл ойлголт гэж үздэг. Миний хувьд ажил албандаа сэтгэл зүйч, сэтгэл судлалын багшаараа хандаж, ажлын бус цагаар бусдын л адил хувь хүн баярлах, гомдох, гуниглах бүхий л сэтгэл хөдлөлийг гэр бүл, ойр дотны хүмүүстээ гаргаж, чөлөөтэй байхыг хүсдэг. Үргэлж мэргэжлээрээ хандаад хүмүүсийн хүлээлт, дүрэнд амьдраад байвал хэцүү биз дээ. Жинхэнэ мэргэжлийн сэтгэл зүйчид, бусад өөр төрлийн мэргэжилтэй хүмүүс ч ажил, амьдралаа салгаж, амьдралдаа хандах хандлага нь хувь хүн талаасаа л байх ёстой гэж боддог.

ИРЭЭДҮЙД ТАНЫ АЖИЛ АМЬДРАЛД ГАРАХ ӨӨРЧЛӨЛТИЙГ НЭРЛЭВЭЛ

Хүн ирээдүйгээ үргэлж, гэрэл гэгээтэй аз жаргалтай, амжилт бүтээл гаргана сайн сайхан зүйлийг л хүсч, төлөвлөж байдаг. Миний хувьд ч мөн адил бодсон бодол, ирээдүйн зорилго байгаа түүндээ хүрч, ажил амьдралынхаа хүссэн зорилгод тэмүүлнэ дээ. Сэтгэл судлалын мэргэжлийг эзэмшиж, ажиллаж, байгаагийн хувьд өөрийгөө улам бүр хөгжүүлж эрдмийн зэргээ ахиулна. Сэтгэл зүйч мэргэжилтэй хүн болгоны бодол, хүсэл боловуу. Ирээдүйд өөрийн мэргэжлийн чиглэлийн бие даасан үйл ажиллагаа явуулдаг төвтэй болно доо.

СЭТГЭЛ СУДЛААЧИЙН ҮҮДНЭЭС БУСДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандаж, төлөвлөж, цагийг үр бүтээлтэй л ашиглаж байх хэрэгтэй. Дэмий өнгөрөөсөн цаг хугацаа хэзээ ч эргэж ирэхгүй гэдгийг мэддэг хэрнээ л зүгээр суудаг залуус ямар их зүйлийг сурч мэдэх чадвартай өөрийгөө таньж мэдэж өөрийгөө бүрэн дайчлах хэрэгтэйг л хэлмээр байна. Мөн хүний амьдрал хойно хайртай аав ээж, үр хүүхэд, гэр бүл, эгч, ах дүү, найз нөхөд, ажлын хамт олондоо зайлшгүй цаг гаргаж стрессгүй, тайван сайхан амралтыг бүрдүүлдэг чадвартай байх.

БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ

Зөв шударга байж, эрхэлсэн ажилдаа эзэн болж, аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандахыг зорьдог. Өнөөдрийн нийгэм, сэтгэл зүйд хүний нүд хуурч зүгээр л аргацаах сэтгэлгээтэй хүмүүс их болсон юм шиг санагддаг. Миний хувьд суралцаж байгаа суралцагчдаа хичээл сургалтад чин сэтгэлээсээ хандаж байгаа чинь эцсийн дүнд өөртөө хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт шүү л гэж хэлдэг. Тийм болохоор юу тарина түүнийгээ л хураана гэгчээр өөртөө болон бусдад чин сэтгэлээсээ хандвал хичээл зүтгэлийн хариу амжилт л байх болно.

 

ӨӨРТӨӨ АМЬДРАЛДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙХАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛ

Хүн өөртөө, амьдралдаа сэтгэл хангалуун байхад маш олон хүчин зүйлсүүд нөлөөлж байдаг. Энэ нь хувийн болоод нийгмийн олон зүйлээс шалтгаалаад хүн бүрт харилцан адилгүй байх. Миний хувьд бол хамгийн нандин аав ээж, гэр бүлийн гишүүд, уул ус, Монгол сайхан оронд төрснөөрөө, ажил мэргэжлийн онцлог, төрийнхөө сүлдийг магнайдаа залсан цэргийн сэтгэл зүйчдийн ажлын амжилт гээд олон сайхан зүйлсийг бодохоор сэтгэл хангалуун байдаг.

АМЬДРАЛААС АВДАГ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ

Мэдээж хүний амьдралаас авдаг сайхан мэдрэмжүүдийн хамгийн чухал нь гэр бүл, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, үр хүүхдийнхээ инээж баясан өсөж торниж байгааг харж байгаа нь аз жаргал шүү дээ.

Мөн зөв шудрагаар ажиллаж амьдарч байгаа минь Монгол улсын дархан хилийн торгон эмжээр болон энэ мэргэжлээр бэлтгэгдэн төгссөн сэтгэл зүй офицерууд ажил, амьдралдаа амжилттай ажиллаж байгаа нь мэргэжлийнхээ хувьд сайхан мэдрэмж байдаг юм.

ХАМГИЙН ИХ ХИЙЖ ҮЗЭХИЙГ ХҮСДЭГ ЗҮЙЛ

Хүн болгонд хэтийн зорилго, маш их хүсэл мөрөөдөл байдаг, байх ч хэрэгтэй. Хүсч явдаг зүйлсийн маань нэг нь Монгол Улсын хилд цэргийн сэтгэл зүйч бэлтгээд тодорхой хугацаа өнгөрөхөд 4-5 отрядоор сургалт судалгаагаар урт богино хугацаагаар явж үзсэн. Ирээдүйн зорилгодоо Монгол улсынхаа хилийг тойроод бүхий л отряд, застав, харуулаар явж мэргэжлийн судалгаа хийхийг хүсдэг.

ХАМГИЙН САЙН ХИЙЖ ЧАДДАГ ЗҮЙЛ

Ямар ч ажилд чин сэтгэлээсээ хандаж, үр хүүхэд, гэр бүлээ халуун дулаан хайраар хайрлаж чаддаг. Нөхөртөө хүүхдүүдээ Монгол сайхан шөлтэй хоолыг сайн хийдэг.

БУСДАД БАЙНГА ХЭЛДЭГ ҮГ

Аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханд санаа зөв бол заяа зөв, бас найз нөхөд, өөртөө эмэгтэй хүн хүчтэй ч эх хүн хязгааргүй хүчтэй гэж хэлэх дуртай.

ОДОО УНШИЖ БУЙ НОМ

Сэтгэл зүйч мэргэжлийнхээ үүргийн дагуу соён гэгээрүүлэх түгээн дэлгэрүүлэх үйлст бага ч гэсэн хувь нэмрээ оруулж явна гэж боддог. Сэтгэл судлалын багшийн хувьд мэргэжлийн чиглэлийн ном зохиол, мэдээллийг их уншиж сонсогч, суралцагчдаа судалгаа авч мэргэжлийн онол, арга зүй, аргачлалыг амьдралд яаж хэрэглэх, оношилгоо, зөвлөгөөг аль талаас нь явуулах, юуг анхаарах гэх зэргээр сургалтаа явуулдаг. Ер нь цэргийн сургуулийн сургалт, энгийн сургуулиас өөр л дөө. Тийм учир суралцагчдаа хэрхэн хөгжүүлэх тэдэнд хэрэгтэй юуг хүргэх вэ? гэдэг талаасаа хичээлийн жилийн хугацаанд мэргэжлийн номуудыг л байнга уншиж судалж, сургалтанд хэрэглэдэг. Хичээл орж байгаа сонсогчдод сэтгэлгээний  номуудаас унших шаардлага тавьдаг. Би өөрөө ч тийм ном унших дуртай, одоогоор найзынхаа бэлэглэсэн Шэйрил Сандбергийн “Өөдөө тэмүүл” номыг уншаад хараахан дуусаагүй л байна.

ХҮМҮҮСИЙН ЭЕРЭГ СӨРӨГ ХАНДЛАГЫН ТУХАЙД

Хүн болгон л өөр өөрийн үзэл бодол хандлагатай байгаа. Гэхдээ нийгэмд эерэг хандлагатай хүмүүс сөрөг хандлагатай хүмүүсээс их байна шүү дээ. Зүгээр өөрийнхөө хүрээллээр аваад үзэхэд ганц нэгэн хүн л сөрөг хандлагатай байдаг тэр хүмүүс нь зүгээр л өөрөөсөө өөр хүнийг боддоггүй амин хувиа хичээсэн сэтгэлгээтэй шударга бус хүмүүс л байдаг. Тийм болохоор гэр бүлүүд маань үр хүүхдийнхээ хандлага, төлөвшилд багаас нь эерэгээр нөлөөлж, өөрсдөө зөв үлгэр дуурайлал үзүүлвэл, сөрөг хандлагатай хүмүүс ирээдүйд бага төлөвшинө шүү дээ.

СЭТГЭЛ СУДЛААЧ ХҮН НИЙГЭМД ЯМАР БАЙР СУУРЬТАЙ БАЙНА ВЭ?

Сэтгэл судлалын шинжлэх ухаан өөрөө маш олон салбартай. Салбар бүрийн сэтгэл зүйчдийн байр суурь өөр өөрөөр яригдах байх. Гэхдээ миний ажилладаг хууль сахиулах байгууллагын салбарын сэтгэл зүйчид хамтран сургалт, уулзалт гэх мэт олон асуудлууд дээр санал бодлоо нэгтгэж, хамтран ажиллах ажлуудыг хийж байгаа нь их тааламжтай байдаг. Мөн нийгэмд ч мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиуд болон нийгмийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд маань хамтраад олон сайхан ажлуудыг хийж байгаа, саяхан гэхэд л “ОХУ-ын Москвагийн Боловсролын Улсын их сургуулийн Боловсролын Сэтгэл судлалын тэнхим, Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгээс хамтран зохион байгуулсан “Сургуулийн сэтгэл зүйчийн үйл ажиллагааны онол, практикийн асуудал” сэдвээр сургалт явуулж, олон байгууллага, ЕБСургуулиудад сэтгэл зүйн үйлчилгээ явуулдаг, багш нар гээд олон эрдэмтэн, судлаач, мэргэжилтэнүүд хамрагдаж тэд нэгэн санаа бодолтой нийгэмд сэтгэл зүйч мэргэжилтэн зайлшгүй хэрэгтэй байна гэдгийг салбар бүрийн төлөөллөөс тавьж байгааг харахад их сайхан байсан. Тийм болохоор нийгэмд сэтгэл зүйчид байр сууриа нэгтгэж чадвал маш том ажлууд хүлээж байна даа.

УЛСЫН ИРЭЭДҮЙ ТАНЫ НҮДЭЭР

Улсын ирээдүй сайн сайхан болно. Хүн бүр эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй нэр төртэй,  үр хүүхэд гэр бүлийнхээ аз жаргалын тулд ажиллаж амьдарч байгаа шүү дээ. Нийгмийн олонхи хойч үе ирээдүйнхээ сайн сайхан зүйлийн төлөө гэгээлэг, эрүүл нийгмийг улам бүр бүрдүүлэхийг хичээж байна. Түүндээ өнөөдөр нийгэмд сэтгэл зүйчид нилээдгүй ажлыг явуулж байна. Сургуулийн сэтгэл зүйн албыг байгуулах гээд нэг хэсэг нь зорьж байна. Нэг хэсэг нь нийгмийн сэтгэл зүйн боловсролыг дээшлүүлэх олон талт ажлуудыг сэтгэл зүйчид маань хийгээд байгаа, тийм болохоор Монгол улсын ирээдүй, нийгмийн сэтгэл зүй гэрэл гэгээтэй, аз жаргалтай байсаар байх болно.

Ярилцсанд баярлалаа танд сайн сайхныг хүсье.

Ярилцсан сэтгүүлч: С.СОЛОНГО

Бусадтай хуваалцах
  • 23
  •  
  •  
  •  
  •  
  •