СЭТГЭЛ СУДЛААЧ БАЯНБҮРГЭЭГИЙН НЯМЦЭЦЭГ

Энэ долоо хоногийн дугаарт маань Цагдаагийн Ерөнхий Газрын харъяа “Сүлд” чуулгын олон нийттэй харилцах мэргэжилтэн, сэтгэл судлаач, дэслэгч Баянбүргээгийн Нямцэцэг уригдан оролцлоо.

Боловсрол

  • 2005-2009 онд МУИС-НШУС-Сэтгэл судлаач
  • 2014 онд МУИС-Сэтгэл судлалын магистр

Ажлын туршлага

  • 2010-2013 Монголын эрэгтэйчүүдийн холбооны Эрэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх төвийн сэтгэл зүйч
  • 2013 Эрчүүд-Эрүүл гэр бүл төвийн гэрээт сэтгэл зүйч
  • 2014-2016 Цагдаагийн ерөнхий газрын Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагааны төвд Хүний хөгжил, соён гэгээрүүлэх ажил хариуцсан мэргэжилтэн
  • 2016 оноос Цагдаагийн ерөнхий газрын Сүлд чуулгад Олон нийттэй харилцах мэргэжилтэнээр ажиллаж байна.

5

ТАНЫ МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ?

Би мэргэжилдээ их хайртай. Үүний шалтгаан нь энэ мэргэжлийн онцлогтой яах аргагүй холбоотой юм. Хүний дотоод мөн чанар гадаад үйлдлийн уялдаа, учир шалтгааныг судлан тодорхойлж, шийдвэрлэх арга замыг эрэлхийлж, тулгарсан асуудал бэрхшээлээ даван туулах,  амьдралдаа олон эерэг өөрчлөлт хийх боломж, хүч чадал хүн бүрт бий гэдгийг эргэцүүлэн бодуулж, ойлгуулж, ухамсарлуулахын зэрэгцээ өөрийгөө өөрөө өөрчлөх ямар нэг алхам хийхэд нь дэмжлэг үзүүлж, чиглүүлж өгдөг. Хувь хүн, хамт олон, нийгмийн эерэг өөрчлөлтөд хувь нэмрээ оруулдаг хүн-хүнтэй харилцдаг сайхан мэргэжил.

ТАНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Жилийн эхэнд тухайн жилдээ ямар зүйл хийж амжуулах талаараа бичиж, хувийн төлөвлөгөөгөө боловсруулж, тэмдэглэж, үйл ажиллагаагаа тавьсан зорилгодоо чиглүүлдэг. Ажиллаж байгаа салбар, байгууллагын онцлогтой холбоотойгоор ажлаа доло хоног, сар, улирал, жилээр төлөвлөж, түүнийхээ дагуу тайлагнадаг. Ойрын хугацаанд мэргэжлийн зэргээ ахиулахаар суралцаж эхэлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.

Цагдаагийн байгууллагын хэмжээнд зохион байгуулж байгаа соёл урлагтай хослуулан соёл, гоо зүйн мэдрэмж, сэтгэлгээг хөгжүүлэх, стрессийг тайлах, урам зориг, эрч хүч өгөх зорилготой соён гэгээрүүлэх олон талт ажлыг зохион байгуулахын зэрэгцээ мэргэжлийнхээ чиглэлээр тодорхой сэдвүүдийн хүрээнд лекц уншиж байна. Бид 2017 оны гуравдугаар сараас эхлэн нийслэл болон хөдөө орон нутагт нийт 3000 орчим цагдаагийн алба хаагч 25500 гаруй иргэдэд хүрч үйлчилсэн. Энэ чиглэлийн ажлыг илүү боловсронгуй болгож 2018 онд цагдаагийн бүх байгууллагад хүрч ажиллахаар төлөвлөөд байна.

ЯГ ОДОО ТӨВЛӨРӨН ХИЙЖ БАЙГАА СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ

2014 онд магистрын судалгааны ажлаа “Стресс ба фрустрацийг судалсан нь” /мөрдөн байцаагчдын жишээн дээр/ сэдвээр бичиж, хамгаалсан юм. Цаашид мөрдөн байцаалтын сэтгэл зүйн асуудлыг сонирхон судлахаар зорьж байна.

ТА ӨДӨРТ ХЭДЭН ЦАГ АЖИЛЛАДАГ ВЭ?

Өдрийн найман цагаар ажиллах хуваарьтай хэдий ч зарим тохиолдолд илүү цагаар ажиллах шаардлага гардаг. Аль болох цагтаа ажлаа дуусгаад үлдсэн хугацааг өөрийгөө хөгжүүлэх, мэргэжлээрээ болон ажиллаж байгаа салбартаа өсөн дэвшихэд шаардлагатай мэдлэг, мэдээлэл, ур чадвараа нэмэгдүүлэхийг хичээдэг. Ер нь цаг хугацаатай уралдан ажлаа амжуулдаг даа.

АЖИЛДАА ХАМГИЙН ИДЭВХИТЭЙ ХАНДДАГ ЦАГ

Бүх цагт идэвхтэй байж, цаг хугацааг үр дүнтэй өгөөжтэй өнгөрөөхийг хичээдэг.

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭ ХЭРХЭН ӨНГӨРӨӨДӨГ ВЭ?

Ажлын өдрүүдэд ихэнхи цаг хугацаа ажлын ширээний ард өнгөрч сууж боловсруулах, төлөвлөх, бичих гээд биеийн идэвхитэй хөдөлгөөнөөс илүүтэй оюуны хөдөлмөрт зарцуулагддаг.  Тиймээс эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх үүднээс амралтын өдрийг дасгал хөдөлгөөн хийж, идэвхитэй өнгөрөөж, өөрийнхөө сонирхдог зүйлд цаг гаргадаг. Миний хувьд дугуй унах дуртай. Долоо хоногийн 2-3 өдөр тодорхой хугацаагаар дугуй унаж, ажлын алжаалаа тайлж, тархиа амрааж, эрч хүчээ сэлбэдэг.

ЦАГИЙГ ХЭРХЭН ЗӨВ ЗАРЦУУЛАХ ТАЛААР

Цагийг зөв зарцуулахын тулд сайн төлөвлөгөө, зохион байгуулалт хэрэгтэй . Төлөвлөхдөө өөртөө, гэр бүлдээ, ажилдаа зориулж байгаа цагийг аль болох тэнцвэртэй төлөвлөж, хэвшүүлэх нь чухал гэж боддог.

СЭТГЭЛ СУДЛААЧДЫН АМЬДРАЛДАА ХАНДАХ ХАНДЛАГА

Сэтгэл судлаачид бусдын л адил амьдралын таатай, таагүй олон асуудлыг тойрч биш дайрч гардаг. Сэтгэл судлаачид төгс төгөлдөр, ямар ч асуудлыг шийдвэрлэж чаддаг, бэрхшээлтэй тулдаггүй, уурлаж бухимддаггүй, стресстдэггүй гэж ташаа ойлгож болохгүй. Гэхдээ ажил, амьдралдаа хандах хандлага болон хүмүүстэй харилцах харилцаанд мэргэжлийн онцлог яах аргагүй нөлөөлдөг шүү. Өөрийн харилцаа, хандлага, биеэ авч явах байдал зэргээрээ бусдад эерэг нөлөө үзүүлж, үлгэр дуурайлал болж байдаг. Тухайлбал, эерэг хандлага давамгайлдаг, хүмүүст илүү их анхаарал хандуулж санаа тавьж, асуудалд биш боломжид төвлөрч, түүний бүтээлч шийдлийг эрэлхийлдэг, хүлээсэн үүрэг, хийж байгаа ажилдаа хариуцлагатай ханддаг, түрүүлж дүгнэлт гаргадаггүй, үйлдэл хийхээсээ өмнө учир шалтгааны талаар эргэцүүлсэний үндсэн дээр шийдвэр гаргадаг гээд дурьдаад байвал олон давуу чанарууд бий. “Сэтгэл судлаач хүн арай өөр юм аа”  гэдэг үгийг манай мэргэжлийнхэн олон сонсож байсан байх.

ИРЭЭДҮЙД ТАНЫ АЖИЛ АМЬДРАЛД ГАРАХ ӨӨРЧЛӨЛТИЙГ НЭРЛЭВЭЛ

Мэдээж хувийн амьдрал, ажилд эерэг сайхан өөрчлөлтүүд гарна гэдэгт итгэлтэй байна. Юуны өмнө үйл ажиллагаагаа мэргэжлийн ажилдаа илүү чиглүүлнэ гэж бодож байна. Одоо ажиллаж байгаа байгууллагын үйл ажиллагааны онцлогоос хамаарч урлагийн сэтгэл судлалаас, маркетинг зэрэг маш их зүйлийг судлах, мэргэших, чадавхижих шаардлага байна. Энэ чиглэлд ч тодорхой туршлага хуримтлуулсан байна.

СЭТГЭЛ СУДЛААЧИЙН ҮҮДНЭЭС БУСДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Аливаа асуудлыг шийдвэрлэх, өөрчлөх, амжилтанд хүрэх бүх боломж танд үргэлж байдаг гэдгийг санаарай.

БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ

Хариуцлагатай байх, идэвхитэй байх, уян хатан байх, ялгаварлахгүй хандах, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх зарчмыг баримталдаг. Хүн бүр өөрийн гэсэн дахин давтагдашгүй онцлог, давуу болон сул талтай гэдгийг хүлээн зөвшөөрөх нь чухал гэж боддог.

ӨӨРТӨӨ АМЬДРАЛДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙХАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛ

Гэр бүл, найз нөхөд, ажил.

АМЬДРАЛААС АВДАГ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ

Гэр бүлээсээ болон бусдад их бага ямар нэг хэмжээгээр тусалж, эерэг нөлөө үзүүлэх, урам зориг, өөртөө итгэх итгэлийг өгөх их сайхан мэдрэмж шүү. Одоо миний эрхэлж байгаа ажил бол цагдаагийн алба хаагчид, тэдний гэр бүлийнхэний оюун санаанд урлаг, соёлын болон  соён гэгээрүүлэх ажлаар дамжуулан эерэгээр нөлөөлөхийг зорьдог гэгээлэг сайхан алба. Олон хүнд урам зориг, эрч хүч өгч, сэтгэлийн баяр баяслыг төрүүлж, түүнээсээ ч аз жаргалтай сайхан мэдрэмжүүдийг авч байдаг.

ХАМГИЙН ИХ ХИЙЖ ҮЗЭХИЙГ ХҮСДЭГ ЗҮЙЛ

Жил бүр нэг сонирхолтой зүйлийг туршиж, нэг шинэ зүйлд суралцахыг хичээж байгаа. Өнгөрсөн жил гэхэд анх удаа уулнаас шүхрээр бууж үзсэн. Зөвхөн өөрийгөө хөгжүүлэхэд биш бусдад эерэгээр нөлөөлөхөд чиглэсэн сонирхолтой зүйлсийг хэрэгжүүлэхээр бодож, төлөвлөж байна.

ХАМГИЙН САЙН ХИЙЖ ЧАДДАГ ЗҮЙЛ

Бусдыг анхааралтай сонсох.

БУСДАД БАЙНГА ХЭЛДЭГ ҮГ

Бүхий л зүйлд шийдвэрлэх ямар нэгэн арга зам бий. Бусдын байр сууринд өөрийгөө тавиад үзэх хэрэгтэй. Тэгвэл бид нэгнийгээ илүү сайн ойлгох болно. Бие биедээ наад захын анхаарал халамж тавьж эхэлнэ. Бусдын өмнө хариуцлага хүлээж чаддаг болно.

ОДОО УНШИЖ БУЙ НОМ

Carol S.Dweck “Амжилтад хөтлөх шинэ сэтгэл зүйн хандлага” номыг уншиж байна.

ХҮМҮҮСИЙН ЭЕРЭГ СӨРӨГ ХАНДЛАГЫН ТУХАЙД

“Нүдтэй бүхэн харж байдаг. Харагдаж буй зүйлс маань адилхан. Харин тэр харагдаж буй зүйлээс хэн юу олж үзэж байна вэ?  гэдгээр хүн чухам хэн болох нь нэг мөр харагддаг жамтай” гэж С.Эрдэнэ гуайн хэлсэн мэргэн үг бий.

Бид мэдээллийн эринд амьдарч байна. Мэдээллийг янз бүрийн арга, хэлбэрээр авч байна. Эерэг, сөрөг, ач холбогдолтой, ач холбогдолгүй, үндэслэлтэй, үндэслэлгүй маш их мэдээллийг тодорхой хугацааг зарцуулан хүлээж авдаг. Түүнд шүүлтүүртэй хандах хэрэгтэй гэж боддог.

СЭТГЭЛ СУДЛААЧ ХҮН НИЙГЭМД ЯМАР БАЙР СУУРЬТАЙ БАЙНА ВЭ?

Сэтгэл судлаач мэргэжлийг сонгон суралцаж төгсөөд мэргэжлээрээ ажиллаж байгаа олон судлаачид бий. Тэд салбар бүртээ мэргэжлээ таниулах, хэрэгцээ шаардлагыг ойлгуулахад тодорхой хувь нэмрээ оруулсаар байгаа билээ. Түүний үр дүнд бүхий л салбарт манай мэргэжлийн байр суурь өргөжсөөр байна.

УЛСЫН ИРЭЭДҮЙ ТАНЫ НҮДЭЭР

Техник технологийн хөгжлөөс илүүтэй хувь хүний болон оюун санааны хөгжил, төлөвшилд анхаарч салбаруудын бодлого ч үүнд чиглэнэ гэж итгэж байна.

Ярилцсанд баярлалаа танд сайн сайхныг хүсье.

Ярилцсан сэтгүүлч: С.СОЛОНГО

Бусадтай хуваалцах
  • 14
  •  
  •  
  •  
  •  
  •