СЭТГЭЛ СУДЛААЧ ЭРЭНБААТАРЫН ЖАВХЛАН

Энэ удаагийн дугаарт маань Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Эрэнбаатарын Жавхлан уригдан оролцлоо.

Боловсрол 

  • 2003-2007 Түшээ дээд сургууль-Эрх зүйч Бакалавр
  • 2004-2008 Энх-Орчлон дээд сургууль Сэтгэл судлаач-Нийгмийн ажилтан Бакалавр
  • 2011-2014 БНХАУ-ын Шанхай хот Shanghai University of Engineering Science-Байгууллагын удирдлагын Магистр

Ажлын туршлага 

  • 2008-2009 “Залуу гэр бүл” агентлаг Сэтгэл зүйч
  • 2008-2009 hos.mnгэр бүлийн зөвлөгөө мэдээллийн сайт Захирал
  • 2009-2010 “Сити найт” сэтгүүлийн Гэр бүлийн зөвлөгөө мэдээллийн булангийн нийтлэлч
  • 2016-2017 Дорнод аймгийн Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Газрын Дэд дарга
  • 2017-оноос  Дорнод аймгийн Гэр бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн газрын Дарга

5

ТАНЫ МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ?

Хуулийн сургуульд сурч байхдаа гэр бүлийн хуулиар мэргэшсэн хуульч болох хүсэлтэй байлаа. Суралцаж хугацаандаа сэтгэл судлалаар давхар суралцахгүй бол энэ чиглэлээр ажиллахад их хүндрэлтэй болохыг олж харсан учраас давхар сэтгэл судлалаар сурч төгссөн. Миний мэргэших гол чиглэл бол гэр бүлийн хуульч, гэр бүлийн сэтгэл зүйч гэдгийг сургууль төгсөхдөө тодорхойлж энэ чиглэлд илүү их судалгаа хийж ирсэн. Одоо би яг л хүсч байсан салбартаа ажиллаад сэтгэл хангалуун байдаг.

ТАНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Манай байгууллага 2018 оныг Гэр бүлийн хөгжлийн жил болгон зарласан байгаа. Энэ хүрээндээ 30 гаруй төрлийн үйл ажиллагааг аймагтаа зохион байгууллахаар төлөвлөж байна. Мөн энэ хүрээндээ орон нутагруугаа чиглэж сумдад хүрч ажиллан сумын иргэдийн гэр бүлийн боловсрол,хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх болно. Алсдаа манай байгууллага  Дорнод аймаг гэр бүлийн хүчирхийллийг тэглэнэ гэсэн маш том зорилтыг тавьж байна. Мэдээж ганц байгууллага энэ зорилтыг биелүүлэхэд хүндрэлтэй учраас салбар дундын хамтын ажиллагаанд тулгуурлан олон талд үйл ажиллагаануудыг зохион байгуулж бодит үр дүн гарах хүртэл хичээх болно.

ЯГ ОДОО ТӨВЛӨРӨН ХИЙЖ БАЙГАА СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ

Гэр бүлийн сэтгэл судлал, гэр бүлийн эрх зүйн асуудлаар үргэлж нэмэлт мэдээлэл, судалгаа гадаад орнуудын гэр бүлийн чиглэлд хийж буй үйл ажиллагааны баримт мэдээллийг  цуглуулж энэ мэргэшлийн мэдлэгээ нэмэгдүүлэхийг зорьж байна.

ТА ӨДӨРТ ХЭДЭН ЦАГ АЖИЛЛАДАГ ВЭ?

Төрийн захиргааны удирдах албан тушаал хашиж байгаа учраас ажлын ачаалал нэлээд өндөр өдөр бүр харилцан адилгүй байдаг. Ихэвчлэн 8-10 цагт багтаан өдрийнхөө ажлыг дуусгахыг хичээдэг

АЖИЛДАА ХАМГИЙН ИДЭВХИТЭЙ ХАНДДАГ ЦАГ

Аль болох өглөө  8-аас 10 цагийн хооронд голлох ажлуудаа амжуулахыг хичээдэг

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭ ХЭРХЭН ӨНГӨРӨӨДӨГ ВЭ?

Би гурван хүүхэдтэй. Тиймээс амралтын өдрүүдийг гэр бүлдээ анхаарал хандуулж гэр орны ажил, угаалга цэвэрлэгээнд тусалж үр хүүхдүүддээ цаг гарган хамт байхыг хүсдэг.

ЦАГИЙГ ХЭРХЭН ЗӨВ ЗАРЦУУЛАХ ТАЛААР

Би тухайн өдрийнхөө хамгийн ач холбогдол өндөртэй ажлуудаа нэн тэргүүнд тавьдаг. Ер нь ажлуудаа эрэмбэлээд хийдэг. Миний ажлын хувьд дээд байгууллагаас гэнэтийн хурал, уулзалт зарлах тохиолдол их байдаг учраас хувийн зохион байгуулалт их шаарддаг.

СЭТГЭЛ СУДЛААЧДЫН АМЬДРАЛДАА ХАНДАХ ХАНДЛАГА

Аль болох хүмүүс хоорондын харилцаандаа мэргэжлийн чиглэлээ баримталж бусдыг сонсож, ойлгож дэмжин хамтран ажиллахыг хичээдэг. Үргэлж бусадтай зөв боловсон харьцаж амьдралдаа алхам алхамаар урагшлахыг хүсдэг.

ИРЭЭДҮЙД ТАНЫ АЖИЛ АМЬДРАЛД ГАРАХ ӨӨРЧЛӨЛТИЙГ НЭРЛЭВЭЛ

Миний нас одоо л гуч гарч байна. Одооноос л аливаа зүйлийн үнэ, цэнэ наадах цаадахаа ялгаж сурч байна даа. Тиймээс аль болох зөв зүйлийг бодож зөв зүйлийг дэмжиж байх нь чухал. Зөв явбал зөөлөн замбуулин гэдэг шүү дээ.

СЭТГЭЛ СУДЛААЧИЙН ҮҮДНЭЭС БУСДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Сэтгэл судлаач гэхээсээ илүү Монгол залуу хүн гэдгээрээ бусдыгаа уриалмаар байна. Бид дэлхий дээр дэндүү цөөхүүлээ хэдий ч дэлхийн хэмжээнд алдартай олон залуус байгаа. Бидний хувьд дэлхийд гарах гэдэг тийм ч холын мөрөөдөл биш, олон боломж байна. Гагцхүү өөр өөрийнхөө салбартаа л чин үнэнч зүтгэж мөрөөдөлтэй амьдарцгаая гэж хэлмээр байна.

БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ

Аливаад чин үнэнч сэтгэлээсээ хандах.

ӨӨРТӨӨ АМЬДРАЛДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙХАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛ

Амьдрал дээр гэр бүлийн үнэ цэнийг сайтар ойлгож ухаарах нь их чухал. Бид гэр бүлээсээ илүүтэй ажлаа нэгт тавьсаар ирсэн нь өнөөгийн гэр бүл салалтын нэг том шалтгаан болоод байна. Нэг үгээр хэлбэл гэр бүлдээ бага цаг зарцуулсанаас болоод эцэг эх хүүхдийн харилцаа, эхнэр нөхрүүдийн харилцаанд ан цав үүсч байна. Энэ бүхнээс сэргийлэхийн тулд бид ердөө л гэр бүлдээ их цаг гаргаж хамтдаа байх нь зөв юм.

АМЬДРАЛААС АВДАГ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ

Хүүхдүүдийнхээ инээд хөөртэй байгааг харах

ХАМГИЙН ИХ ХИЙЖ ҮЗЭХИЙГ ХҮСДЭГ ЗҮЙЛ

Дэлхийн хэмжээний томоохон индэр дээр Монголын гэр бүлийн боловсрол, өв соёлыг гадаадын орнуудад таниулж сурталчилсан илтгэл тавих.

ХАМГИЙН САЙН ХИЙЖ ЧАДДАГ ЗҮЙЛ

Сайн сонсогч, харилцагч байх

БУСДАД БАЙНГА ХЭЛДЭГ ҮГ

Бүх зүйл боломжгүй мэт байсан ч боломж үргэлж байдаг.

ОДОО УНШИЖ БУЙ НОМ

Ном олон цагаар нь унших боломж бага байдаг учраас одоогоор барьж авсан ном байхгүй байна.

СЭТГЭЛ СУДЛААЧ ХҮН НИЙГЭМД ЯМАР БАЙР СУУРЬТАЙ БАЙНА ВЭ?

Намайг сэтгэл судлалаар төгсөж байсан 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл сэтгэл зүйчийн нийгмийн эрэлт хэрэгцээ  жил бүр нэмэгдэж байгааг харах сайхан байдаг. Цаашид улам эрэлт хэрэгцээ нь өсөх болно. Энэ үед сэтгэл зүйчид бид үйлчлүүлэгч, нийгмийн эрэлт хоёртоо гологдохооргүй  чадамжтай болсон байх хэрэгтэй. Мэдлэг, ур чадвар, салбар дундын уялдаа холбоо, олон улсын гадаад харилцаа гэх мэт олон зүйл байна.

УЛСЫН ИРЭЭДҮЙ ТАНЫ НҮДЭЭР

Дэлхийн өндөр хөгжилтэй хотуудад тодорхой хугацаанд амьдарч, суралцаж аялж  явсан.Тэгээд өндөр байшин өргөн гудамтай байх нь улсын хөгжил биш юм байна гэдгийг ойлгосон. Аль ч улсад очсон нөгөө л нэг гоё сайхан барилга, авто машин, хотын өнгө үзэмж гээд ер нь дэлхийн том хотууд  ялгагдахааргүй л ижил болж байна. Байгаа ганц ялгаа нь хүний хөгжил, үйлчилгээний соёл, хүмүүсийн нийгэмшил гэдэг зүйл л надад ялгаатай харагдсан. Тэгэхээр бид өндөр байшинтай болох гэж яарахгүйгээр өндөр боловсролтой, харилцааны соёлтой, нийтийн дунд эмх цэгцтэй байхад суралцсан ард түмэнг бий болгох нь л чухал байна даа.

Ярилцсанд баярлалаа танд сайн сайхныг хүсье.

Ярилцсан сэтгүүлч: С.СОЛОНГО

Бусадтай хуваалцах
  • 20
  •  
  •  
  •  
  •  
  •