Сэтгэл судлаач Очиржавын Мягмар

Сэтгэл судлаач Очиржавын Мягмар

“Сэтгэл судлаачидтай ярилцъя” ярилцлагуудаа дахин нийтлэж эхэллээ.

Энэ удаагийн зочноор Монгол Улсын Багшийн Их Сургуулийн Сэтгэл судлал, арга зүйн тэнхимийн  багш доктор, профессор, сэтгэл судлаач Очиржавын Мягмар уригдан оролцсоныг дахин хүргэж байна.

Боловсрол

  • Сэтгэл судлалын ухааны доктор (Ph), профессор
  • Монголын Шинжлэх Ухааны Академийн Бага чуулганы гишүүн
  • Боловсрол судлалын Академийн жинхэнэ гишүүн
  • Өвөр Монголын Багшийн Их сургуулийн хүндэт профессор

Таны мэргэжлийн онцлог давуу тал

Сэтгэл зүйн шинжлэх ухаан 40 гаруй салбартай. Би нийгмийн сэтгэл зүйн чиглэлээр мэргэшсэн хүн. Нийгэм дэх төрөл бүрийн бүлэг, хамтлаг, хувь хүмүүсийн сэтгэцийн амьдралын үүсэл хөгжил, зүй тогтлыг энэ салбар судалдаг. Эдгээрээс  гэр бүл, ажлын хамт олон гэх мэт хүн амьдралынхаа ихэнх цагийг өнгөрөөж байдаг жижиг бүлгүүдийн дотор илэрч байгаа нүдэнд үл үзэгдэж гарт үл баригдах атлаа хувь хүний ажил амьдрал, харилцаа хандлагын цаад шалтгаантай холбоотой сэтгэл зүйн асуудлыг судалдагт миний мэргэжлийн онцлог оршдог.

Ажлын төлөвлөгөө

Би багш хүн, хичээлийн жилийн хуанли болон улирлын төлөвлөгөөнд захирагдаж ажиллаж хэвшсэн. Сургалт, судалгаа, сурталчилгааны олон төрлийн ажлыг ач холбогдлын эрэмбээр нь  жил, сар, 7 хоногоор   хичээлийнхээ хуваарьтай зохицуулан төлөвлөдөг.

Яг одоо төвлөрөн хийж байгаа судалгаа шинжилгээний ажил

МУБИС-ийн багш бэлтгэх тогтолцооны хүрээнд хийгдэж байгаа шинэчлэлтэй холбоотойгоор “Багш мэргэжилтний хандлагыг үнэлэх үнэлгээний үндэслэл боловсруулах” суурь судалгааг багаараа эхлээд байгаа.

Өдөрт хэдэн цаг ажилладаг вэ?

Тухайн үеийн байдлаас шалтгаалан янз бүр, ойролцоогоор 10 орчим цаг ажилладаг.

Ажилдаа хамгийн идэвхитэй ханддаг цаг

Өглөө эрт. “Бар цагт эс босвоос тэр өдрийн ажил үл бүтнэ, бага насандаа эрдэм эс сурваас бүх насны хэрэг үл бүтнэ”.

Амралтын өдрүүдээ хэрхэн өнгөрөөдөг вэ?

Унтана, агаарт гарна, үр хүүхэд, ач зээ нараа эрхлүүлнэ, ах дүү нартайгаа уулзаж ярилцана, найзуудтайгаа “буу хална” гэрийн ажлаа хийнэ, ном бүтээлээ бичнэ, дэлгүүр хэснэ гээд хийх зүйл их, уйдахгүй шүү.

Цагийг хэрхэн зөв зарцуулах талаар

Ажил ачааллаа зөв зохицуулж, өөрөө эрчтэй, идэвхтэй ажиллах чадвартай байдаг биологийн хэмнэлдээ тааруулан “Бага ч гэсэн чанартай нь дээр” гэсэн зарчмаар тасралтгүй ажиллахад анхаардаг. Ачаалал ихтэй ажлын дараа “Үхсэн мэт унтаж, үсгээ марттал амар” гэж би хошигнодог. Амарвал амарсан шиг амрах нь ажиллах эрч хүчийг сэргээдэг.

Ишлэл

Бага ч гэсэн чанартай нь дээр.Өсч дэгжих хүчийг өөрөөсөө л хай. Бүхнийг чин сэтгэлээсээ хий, хийсэн зүйл чинь шуудангийн тагтаа шиг эргэн ирдэг.

Сэтгэл судлаач Очиржавын Мягмар

Сэтгэл судлаачдын амьдралдаа хандах хандлага 

Би хөдөө өсч төрсөн. Ховд аймгийн Мөст сумын уугуул. Сэтгэл судлаач гэдэг мэргэжлийг огт мэддэггүй байлаа. Энэ мэргэжлийг санамсаргүй эзэмшсэн ч “Ямар азаар энэ сайхан мэргэжилтэй учрав ?” хэмээн бахархан биширч үе үе дотроо шүүрс алдах нь бий. Сэтгэл судлалтай амьдралаа холбосон нь надад оногдсон ажил мэргэжлийн хишиг. Сэтгэл судлаачид бол бусадтай л адил амьдралын жаргал зовлонг эдэлж туулж явдаг. Харин алдаа, бэрхшээлийг яаж хохирол багатай давж ард нь гарах вэ? гэдгийг л илүү анхаардаг байх.

Ирээдүйд таны амьдралд гарах таван өөрчлөлт

Их зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуай нэгэнтээ “Өглөө сэрэхдээ орой юу болохыг, орой унтахдаа өглөө хэрхэхийг хэлж би мэдэхгүй” хэмээн цэнхэр дэлгэцнээ өгүүлж байсан. Учир битүүлэг энэ хорвоод утга төгөлдөр байж болох бүх шижмийг л хайж амьдарсаар байх болно.

Сэтгэл судлаачийн үүднээс бусдад өгөх зөвлөгөө

Өсч дэгжих хүчийг өөрөөсөө л хай. Өөрийн юм өргүй гэдэг, бусдаас зээлдэхээргүй, дуусч унтаршгүй  их хүч, авьяас зөвхөн танд байгааг  хүн бүр ухаарч амьдраасай. Хүч, авьяасаа  хүн чанараараа тэтгэж, амар амгалан амьдрах нь хүн болж төрсний эгэл утга, жаргал.

Баримталдаг зарчим

Аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандах. Сэтгэл, хөдөлмөр шингээгүй юм бүхэн хуурай мөчиртэй адил.

Өөртөө амьдралдаа сэтгэл хангалуун байхад нөлөөлөх хүчин зүйл

Бидний гарыг ганзганд хөлийг дөрөөнд хүргээд хүний дайтай амьдрах арга ухаанд сургаж үлдээсэн эцэг эх хоёр минь, “Мөчит дөрвөн хөлтний мөр нь хүрээгүй, мөгөөрс нимгэн хоолойтны дуу нь хүрээгүй оргилтой(Ц.Д), алс холын Алтай сайхан нутаг минь, ертөнц байгальд тохиох түмэн сайхны дотроос ерөөл тавилангаар учирсан миний хань, үрийн зулаа үнэрлүүлсэн үр хүүхэд ач зээ нар, зулай зулайгаа гишгэн төрсөн ахан дүүс, насаараа хийсэн ажил мэргэжил, мөр зэрэгцэн ажиллаж ирсэн хамт олон, найз нөхөд  гээд л тал бүрийн  нөмөр нөөлөгт би сэтгэл хангалуун явдаг даа.

Таны хувьд амьдралаас авдаг хамгийн сайхан мэдрэмж

“Амьд явбал алтан аяганаас ус ууна” гэгчээр сайхан санагддаг зүйл олон. Нэгийг л нэрлэе дээ. Ажлын ачаалал ихтэй хичээлийн жилийг ардаа орхиж амралтаа авчихаад, аяны майхнаа ачиж аваад гэр бүлээрээ замд гарах. За тэгээд майхнаа барьчихаад ухаан тэлж, цээж уужрам “Цэлгэр сайхан нутгаа сэтгэл бахдан“ харж суухын сайхныг үгээр илэрхийлэхийн аргагүй.

Хамгийн их хийж үзэхийг хүсдэг зүйл

Нийтэд зориулсан сэтгэл зүйн номыг яруу найраг шиг уянгалаг, сонсголонтой атлаа  “Үхрийн махыг үнхэлцгэнд нь багтаадаг” ардынхаа ухаанаар чамбай бичиж үзэхсэн  гэж мөрөөддөг.

Хамгийн сайн хийж чаддаг зүйл

Тос хольж өнгө алаглуулан хэвлэх, дугуй цагаан хийх

Бусдад байнга хэлдэг үг

“Аливааг чин сэтгэлээсээ хий. Хийсэн зүйлийн чинь үр шим шуудангийн тагтаа шиг эргэн ирдэг.”

Одоо уншиж буй ном

Сэтгэц заслын зөвлөгөөний хичээлийн хөтөлбөр хийж байгаа учраас энэ чиглэлийн нилээд хэдэн номон дунд л сууж байна даа. Мөн эрдэмтэн зохиолч Чагнаагийн Пүрэвдоржийн “Сэтгэлийн солонго” шүлгийн түүвэрт сэтгэл зүйн анализ хийх маягаар уншиж байгаа. Шүлгүүд нь их гүн,  утгатай санагддаг.

Хүмүүсийн эерэг сөрөг хандлагын тухайд 

Хандлага ба үнэлгээ минийх биш тэднийх, тэдний хувь хүн хэмээх бичил ертөнцийнх нь өнгө төрх, цар хүрээ, үзэл баримтлалынх илрэл, хэвшил . Тиймээс надад болон бусдад хандаж байгаа тэдний хандлагыг тухайн хүнд өөрт нь үлдээхээс өөр аргагүй.  Би үүнийг байх ёстой зүйл гэж боддог учраас бусдын хандлагаас болж нэг их өөрчлөгдөж савлаад байдаггүй, өөрийнхөөрөө байж сурсан гэх үү дээ. Бурхан Будда “Ертөнцийн түмэн өргөсийг ширлэж яахан барах билээ, харин өөрийн гутлын улыг ширлэвээс зохилтой” хэмээн сургасан нь  муу  муухай бүхнээс хүн өөрийгөө хамгаалах чадвартай байхыг номлосон сануулсан  болов уу? Энэ нь сэтгэл зүйн хамгааллын үзэл баримтлалтай тохирдог.

Сэтгэл судлаачид нийгэмд ямар байр суурьтай байна вэ?

Сэтгэл зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх (МУБИС, МУИС болон бусад их дээд сургууль, сургалт эрдэм шинжилгээний нэгжүүд), хүн амд сэтгэл зүйн төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэх (ТББ байгууллага, төвүүд) чиглэлээр ажиллаж байна. Эд мөнгө, албан тушаалын өндрөөр үл хэмжигдэх  сэтгэлийн амар амгаланг мэдэрч, амьдралын утга учрыг ухаарахад  чиглэсэн төрөл бүрийн үйлчилгээг сэтгэл судлаачид нийгмийн янз бүрийн давхаргад үзүүлж байгаа нь ихээхэн эрэлт хэрэгцээтэй байгаа билээ.

Улсын ирээдүй таны нүдээр

Тэнгэр удамтай, босоо тавилантай Монгол түмний заяа буян их. Гэхдээ хүн бүр өөрийгөө монголын эс ширхэг гэдгээ ухаарч зөв, төвшин үйлтэй, айл бүр амьдралын эрүүл хэвшилтэй, албан газар бүр ажил үүргээ журмын дагуу хийдэг байх нь нийгэм улс маань дотроосоо эрүүлжиж бэхжихийн үндэс. Нөгөө талаас саруул ухаантай, сайхан сэтгэлтэй ард түмнийг удирдахад тэднээс дутахааргүй холч ухаан, мөс чанар, ноён нуруу төрийн түшээдээс шаардагдах нь дамжиггүй. Энэ бүхнийг зохистой хослуулах аваас улс орны минь ирээдүй улам сайн сайхан болно гэж найддаг.

Ярилцсанд баярлалаа. Таны ирээдүйн бүх зүйлд маш их амжилтыг хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл

No comments yet. Why don’t you start the discussion?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *