Сэтгэл судлаач Оюунхоролын Буянхишиг

Сэтгэл судлаач Оюунхоролын Буянхишиг

“Сэтгэл судлаачидтай ярилцъя” ярилцлагуудаа дахин нийтлэж эхэллээ.

Энэ удаагийн зочноор Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн донтох эмгэгийн сэтгэл засалч Оюунхоролын Буянхишиг уригдан оролцсоныг дахин хүргэж байна.

Боловсрол

  • 1988-1990 онд Анагаах ухааны дунд сургуулийг бага эмч мэргэжлээр төгссөн.
  • 1994-1998 онд Монгол улсын их сургуулийн сэтгэл судлалын ангийг төгсөж 1999 онд магистр хамгаалсан
  • 1998-2001 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад сэтгэл зүйч, сэтгэц оношилгоо мэргэжлээр төгссөн.
  • 2001 онд Бельги Австри улсуудад мэргэжил дээшлүүлсэн.
  • 2006-2007 онд Удирдлагын академид Төрийн удирдлагын ангийг төгссөн.

Ажлын туршлага

  • 2001 оноос хойш Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд донтох эмгэгийн сэтгэл засалчаар тасралтгүй ажиллаж байна.

Таны мэргэжлийн онцлог давуу тал

Онцлог нь нэлээд их ялгаатай. Хамгийн гол нь сэтгэцийн хувьд. Сэтгэл зүйн хувьд асуудалтай болсон хүмүүс дийлэнх нь байдаг, тэдэнтэй ажилладаг. Ихэнх үйлчлүүлэгчид харилцагчид маань хэвийн биш байдалд орсон гэсэн үг. Асуудлаас гадна цаашлаад ямар нэгэн өвчинд нэрвэгдсэн сэтгэл санааны хувьд эрүүл биш болсон хүмүүстэй ажилладаг.

Ажлын төлөвлөгөө

Анагаахын салбар учраас ихэнхдээ өвчтөн эмчлүүлэгч нартай ажилладаг учраас хамгийн гол нь эрүүл болгох мөн урьдчилан сэргийлэх л хамгийн том төлөвлөгөө маань байна.

Хамгийн сайн хийж чаддаг зүйл

Надад итгэл хүлээлгээд ирсэн асуудалтай үйлчлүүлэгч, өвчтөнүүдэд өөртөө байгаа бүхий л боломж нөөцөө шавхаад туслахыг хичээдэг. Энэ нь миний сайн хийж чаддаг зүйл байх гэж бодож байна.

Яг одоо төвлөрч хийж байгаа судалгаа шинжилгээний ажил

Сүүлийн нэг жил “Донтох эмгэг, шалтгаан” гэдэг сэдвээр судалгаа шинжилгээний ажил хийж байна. Монголчууд яагаад юунаас болоод энэ донтох эмгэгт гүнзгий автаад байна вэ? гэдгийг судалж байна.

Өдөрт хэдэн цаг ажилладаг вэ?

Улсын байгууллага учраас стандартын дагуу өглөө 09-15 цаг хүртэл ажилладаг. Шаардлагатай үед илүү цагаар ажиллах тохиолдол байдаг.

Ажилдаа хамгийн идэвхтэй ханддаг цаг

Үдээс өмнө, ажлын цаг эхэлснээс хойш 12 цаг 30 минут хүртэл идэвхтэй ажилладаг.  Энэ үед л хамгийн идэвхтэй байх ёстой.

Цаг бол үнэ цэнэтэй зүйл, аливаа зүйлийг байгаагаар нь хүлээн ав, итгэл хүлээсэн л бол эргээд талархлын үгийг сонсохоор сайн байгаарай.

Оюунхоролын Буянхишиг

Амралтын өдрүүдээ хэрхэн өнгөрөөдөг вэ?

Амралтын өдрөөр бусдын л адил гэр бүлийнхээ хүрээнд, ажлаас хөндийрөх зарчмыг баримталдаг.

Цагийг хэрхэн зөв зарцуулах талаар

Энэ маш чухал, үнэ цэнэтэй зүйл. Цагийн юмыг цагт нь л хийвэл үнэ цэнэ нь мэдэгдэнэ. Цаг хугацаанд нь л амжуулахыг эрмэлздэг. Илүү цагаар ажиллах, сунаж ажиллахад сайнаар ханддаггүй.

Сэтгэл судлаачдын амьдралдаа хандах хандлага

Миний хувьд мэргэжлийн хүний зүгээс амьдралдаа хандах хандлага маань мэдрэмж өндөртэй байдаг юм болов уу? гэж боддог. Хамгийн түрүүнд мэдрэмжээ тавьж асуудалд ханддаг. Энэ бол сэтгэл зүйчдийн онцлогтой холбоотой.

Ирээдүйд таны амьдралд гарах таван өөрчлөлт

  1. Нэг албан тушаал дээр удаан ажиллахгүй гэсэн зорилтыг тавьдаг. Их бага хэмжээгээр байр сууриа өөрчлөх бодолтой.
  2. Шинэлэг хамт олон, сургалт, сургууль шинэлэг мэдээллийн холбоо, хүрээлэлтэй хамт олонтой ажиллах байх. Харилцагч хамтрагч хүмүүсийнхээ хүрээг тэлнэ гэсэн үг.
  3. Очиж үзээгүй газраа амралтаараа очно гэсэн төлөвлөгөө байгаа. Энэ нь миний гадаадад сурсантай холбоотой байх. Оюутан байхдаа очиж чадаагүй хөл тавиагүй газартаа очно гэсэн зорилготой байгаа.
  4. Ээжийн үүргээ хариуцлагатай биелүүлэхийн тулд хүүхдээ бусдын жишгээр тусад нь амьдруулах ёстой гэсэн зорилт байна.
  5. Хамгийн сүүлд нь нийгэм ийм байна, хүмүүсийн амьдрал жаахан эрээн бараан асуудалтай байгаа байгаа учраас өөрийгөө амар амгалан байлгах тал дээр л анхаарна даа.

Сэтгэл судлаачийн үүднээс бусдад өгөх зөвлөгөө?

Одоогийн нийгэм хөгжлийнхөө энерцээр хурдаар явж л байгаа. Тийм болохоор хамгийн эхэнд хүмүүс хэн байхаасаа үл шалтгаалаад хүн төрөлхтөний амьдрал нийгмээрээ явдгаас хойш болж сайн ч бай муу ч бай байгаа явцыг, хөдөлгөөн хөгжлийг бага багаар нь хүлээж авах ёстой л юм болов уу гэдгийг хамгийн түрүүнд зөвлөх байна. Хямраад, адгаад, тэвдээд, шаналаад гүйгээд байхдаа гол нь биш ингэх л юм бол хүн өөрөө хэлмэгддэг үүнийг маш сайн бодитоор хүлээж аваад, байх ёстой зүйл юм байна гэдэг өнцгөөс хардаг байгаасай. Ийм л зөвлөгөөг товчхон өгье.

Таны Баримталдаг зарчим

Ажилдаа амьдралдаа “хэлсэндээ л байх” зарчмыг баримталдаг. Өөрөө ч их хичээдэг. Бусдыг ч бас тийм байгаасай гэж хүсдэг.

Өөртөө амьдралдаа сэтгэл хангалуун байхад нөлөөлөх хүчин зүйл

Амьдралдаа сэтгэл хангалуун байхад хамгийн гол нөлөөлдөг хүчин зүйл бол аливаа зүйлийг байгаагаар нь хүлээж авах сайнтай муутай, хартай цагаантай байгаагаар нь үнэлж тооцож хүлээж авч чадах юм бол сэтгэл хангалуун байхад дөхөм болно.

Таны хувьд амьдралаас авдаг сайхан мэдрэмж

Хүмүүс надад “баярлалаа” гэж хэлэхэд л их сайхан мэдрэмж авдаг. Өөдөөс харж байгаа хүн, харилцсан хүн маань, эргэн тойрны хүмүүс маань баярлалаа гэж хэлэхэд маш их таашаал авдаг.

Хамгийн их хийж үзэхийг хүсдэг зүйл

Олон улсын жишигт нийцсэн асрамж, халамжийн газартай болгох юмсан гэсэн бодолтой л байдаг. Тийм төв байгуулах юмсан гэсэн бодолтой явдаг.

Бусдад байнга хэлдэг үг

Мэргэжилтэй маань одоо ажиллаж байгаа салбартай маань холбоотойгоор “хариуцлагаа өөрөө даагаарай” л гэж их хэлдэг.

Уншиж буй ном

“Үхлийн цалмаас чөлөөлөгдөх эртний увидасууд” гээд буддын шашинтай холбоотой ном. Энэ ном маань архи, тамхи, мөрийтэй тоглоом бусад төрлийн зан үйлийн өөрчлөлтийг хэрхэн засаж чиглүүлэх вэ? гэсэн гүн ухааны талаас нь бичсэн ном байгаа юм сонирхон уншиж байна.

Хүмүүсийн эерэг, сөрөг хандлагын тухайд

Байх л ёстой зүйл гэж боддог, байх л зүйл, байдаг л зүйл цаашдаа ч байсаар байна. Энэ нь хязгаараас давж болохгүй аливаа зүйл хязгаараасаа давах юм бол байдал бишдэнэ, хэвийн биш болно, муу бүхний үр дагавар болно тэгэхээр сайн нь ч бас давж болохгүй гэсэн үг. Байх л ёстой зүйл гэж хүлээж авдаг.

Сэтгэл судлаачид өнөөгийн нийгэмд ямар байр суурьтай байна вэ?

Сүүлийн үед нэр хүнд, нөлөө нь өсч байна. Хэдэн жилийн өмнө хүмүүс ойлголт муутай байсан бол одоогийн нийгэмд хэрэгцээ өндөртэй байна. Үнэлэмж ихтэй болсон байна. Цар хүрээлэл өссөн, хөгжиж, салбарлаад массын ойлголт сайжирч байна. Тийм учраас энэ тал дээр их баяртай байгаа. Энэ мэргэжлийг эзэмшсэнээрээ бахархаж явдаг, бахархалтай байдаг.

Улсын ирээдүй таны нүдээр

Би удирдагч манлайлагч хүн биш учраас ойрын хэдэн жилийн өөрчлөлтийг олж харахгүй л байгаа. Мэдээж алсын өөрчлөлт бол гарах байх. Хүмүүс амьдарч байна, хөгжил хөдөлгөөн байгаа л юм чинь удаан явцтайгаар л өөрчлөлт харагдана байх гэсэн бодолтой байгаа. Энэ нь монгол хүний сэтгэл санааны онцлогтой холбоотой байж мэднэ. Аажуу, дасгаж байгаад, боломжоороо яваандаа гэсэн онцлогтой нь холбож үзээд хөгжинө гэхдээ явц нь удаан гэж л дүгнэж байна.

Leave a Comment

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *