Сэтгэл судлаач Авидын Баярцэцэг

Сэтгэл судлаач Авидын Баярцэцэг

Cэтгэл Судлалын Үндэсний Төвийн psychology.mn шинэчлэгдсэнтэй холбогдуулан “Сэтгэл судлаачидтай ярилцъя” ярилцлагуудаа дахин нийтлэж эхэллээ. Анхны хүндэт зочноор Хууль Хамгаалахын Их Сургуулийн цэргийн албаны зохион байгуулалт аюулгүй байдлын газрын Соёл олон нийт хамтын ажиллагааны албаны сэтгэл зүйч Авидын Баярцэцэг уригдан оролцсоныг дахин хүргэж байна.

  • 2005-2009 онд Монгол улсын их сургуулийг сэтгэл судлаач, сэтгэл судлалын багш мэргэжлээр төгссөн. 2012 онд магистрын зэрэг хамгаалсан.
  • 2013-2016 онд Хууль сахиулахын их сургуулийн эрх зүйчийн ангийг дүүргэсэн.
  • 2008-2010 онд” Нандин ертөнц “ сэтгэл судлалын төвд ажиллаж байсан.
  • 2011 оноос хойш Хууль сахиулахын их сургуульд  тасралтгүй ажиллаж байна.

Таны мэргэжлийн онцлог давуу тал?

Мэргэжлийн онцлог давуу тал маш их. Манай сонсогчид “Цэргийн болон цагдаагийн албан хаагчид төв царайтай байх ёстой, та үргэлж инээгээд явж байх юм, танд төв царай алгаа” гэж хэлдэг. Ер нь бол сэтгэл судлаачийг хүн бүр, хүн болгоны л хэцүү тулгамдсан асуудлыг шийддэг гэж хэлдэг, тэр асуудлуудыг даваад дээрээс нь өөрийнхөө сэтгэл санааны байдлыг хэвийн байлгаад өөрөө инээж чадаж байвал сайхан зүйл. Манай сэтгэл судлаачид хэцүү зүйлтэй ажилладаг ч сэтгэл хангалуун байдаг гэж боддог. Үүгээрээ нийгэмд эерэг сэтгэлгээг өгдөг, давуу тал боломжуудаараа нийгэмд эерэг хандлагыг бий болгох боломжтой юм байна гэж хардаг. Бидний мэргэжил өөрөө зөв хандлагыг бий болгодог, хүнд тусалдаг нь мэргэжлийн маань давуу тал болдог.

Таны ажлын төлөвлөгөө

Маш их ажлын төлөвлөгөө байна. Би ХСИС-даа 2011 оноос хойш ажиллаад гурван жилийн хугацаанд зөвхөн багшлах үүрэг гүйцэтгэсэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд яг сэтгэл зүйчээр томилогдоод ажиллаж байна. Сэтгэл зүйчээр ажиллах үедээ сургуулийнхаа сонсогчдыг, төрийн албанд бэлтгэгдэж байгаа албан хаагчдыг яаж албан үүргээ гүйцэтгэхэд сэтгэл зүйн бэлтгэлтэй байх вэ? Сургалтаасаа яаж, хэрхэн бүрэн төгс бэлтгэж гаргах вэ? гэдэг зүйлрүү нэлээн анхаарч байна. Үнэхээр сэтгэл зүйн хувьд чадвартай юу? Үгүй юу? шалгуур оношилгооноос эхлээд бэлтгэх асуудал, сэтгэл зүйн зөвлөгөө асуудал нэлээн олон төлөвлөгөөт ажлууд байна. Миний ажлын хамгийн том төлөвлөгөө гэвэл бүх сонсогчдын хувьд өөрийнхөө онцлогыг танин мэддэг, албандаа гарахдаа бүрэн итгэл дүүрэн, сэтгэл гаргаж шантрахгүйгээр ажиллаж чаддаг боловсон хүчин болгох сэтгэл зүйн бүх нөхцөл бололцоог нь хангахыг төлөвлөгөөгөө болгон,олон талаас нь нөлөөлөхийг л зорин ажиллаж байна.

Таны хамгийн сайн хийж чаддаг зүйл?

Төрийн албанд социологийн судалгаа, хандлага тодорхойлох судалгаануудыг сэтгэл зүйчид давхар хариуцаж явдаг. Сүүлийн зургаа долоон жил тасралтгүй энэ судалгаануудыг хийж байна. Судалгаа үр дүн нэгтгэл тал дээрээ нэлээн мэргэшиж байна.

Таны яг одоо төвлөрөн хийж байгаа судалгаа шинжилгээний ажил?

Сонсогчдын судалгаа байна, би докторантурт сурч байгаа, хуулийн сэтгэл судлалын чиглэлээр судалгаа хийдэг болохоор гэмт хэргээс үүдэлтэй сэтгэл зүйн хохирлыг хэрхэн тодорхойлох ёстой вэ? гэдэг чиглэлээр судалгааны ажлууд хийгээд ажиллаж байна.

Та өдөрт хэдэн цаг ажилладаг вэ?

Ер нь бол найман цаг. Өглөө цагийн өмнө ирж бэлтгэл хангадаг, хүмүүсээс өмнө ажлаа эхэлвэл их аятайхан санагддаг. 10-12 цаг л ажиллаж байна даа.

Ажилдаа хамгийн идэвхитэй ханддаг цаг?

Яг төвлөрч суудаг цаг 8-10 болон 15 цагаас хойш цагууд. Бусад үед байнга л хүмүүстэй харилцаж ярилцах цаг байдаг.

Амралтын өдрүүдээ хэрхэн өнгөрөөдөг вэ?

Аль болох л гэр бүлдээ зарцуулаад, чадвал өөртөө үр бүтээлтэй байдлаар өнгөрүүлэхийг хичээдэг, амралтгүйгээр яваад байвал робот шиг болчихно шүү дээ. Гэр бүлийнхэндээ цаг гаргаад сэтгэл ханамжынх нь байдалд анхаараад боломж олдвол салхинд гарна, экстрим байдал бидэнд оюутан цагаас хойш дутагдаад ирдэг юм байна.

Цагаа хэрхэн зөв зарцуулах талаар?

Би яг цагийг зөв зарцуулдаг хүн мөн үү? биш үү? гэдгээ сайн мэдэхгүй байна. Гэхдээ ер нь бол сүүлийн үеийн хамгийн том дасан зохицох чадвартай хүн бол маш олон ажлыг зэрэг амжуулах чадвартай хүн гээд байгаа. Олон ажлыг зэрэг амжуулах гээд үзэхээр өөрт их стресс болно. Тэгэхээр би тулгамдсан ажлуудаа төлөвлөж бичих их дуртай яг хугацаагаар нь төлөвлөөд хамгийн эхэнд хэрэгжүүлэх ёстой ажлаасаа эхэлдэг. Даваа гаригийн өглөө ажил төлөвлөхөд онгод ороод л бүх ажил санаанд орж ирээд сайхан байдаг. Долоо хоногийн дундуур нь төлөвлөх гэхээр мартах асуудал гардаг.

Сэтгэл судлаачдын амьдралдаа хандах хандлага?

Мэдээж бид нар бие хүний онолууд, эрдэмтдийн онолуудыг судалсан болохоор хүмүүсээс өөр байдаг гэж хэлэхгүй ч ер нь бол мэддэг болохоор бид нарт илүү дөхүү байдаг байж магадгүй ч гэртээ бол өөрөөрөө л байдаг гэж боддог. Сэтгэл судлаач Баярцэцэгээр биш унаган араншингаараа л байдаг.

Хүмүүс сэтгэл зүйн мэдлэг дутмаг байдлаасаа болоод харилцаагаа буруу тийш нь эргүүлэх нь бий. Харин сэтгэл судлаач хүмүүс энэ харилцаа, энэ үйлдэл юунд хүргэж болохыг мэддэг учраас хандлага нь их эерэг байна байх гэж хүмүүс боддог энэ тухайд?

Ер нь бол болгоомжлол эрт үүсдэг байж магадгүй, ингээд ярихад би ийм болгож магадгүй тийм учраас ингэж болгоомжлох хэрэгтэй энэ дээр нь анхаарвал зүйтэй гэж боддог байх. Амьдрал дээрээ хүүхэдтэйгээ нөхөртэйгөө харилцахдаа ч гэсэн өөрийн мэдэлгүй тэр зүйлүүдээ баримтлаад харилцаад явдаг байх.

Ирээдүйд таны ажил амьдралд гарах таван өөрчлөлтийг нэрлэвэл?

Хамгийн түрүүнд ам бүлээ нэмнэ. Мэргэжлийнхээ хувьд нэлээдгүй өсөж дэвшинэ, докторын зэргээ хамгаалах бодол их ойрхон байна, хууль сахиулагч бэлдэж байгаа энэ салбарт сонсогчиддоо их үр бүтээлтэй санал санаачлагуудыг өгсөн, сонсогчид маань сэтгэл судлалын  мэдлэг мэдээллийн талаар нэлээн ойлголттой болсон байгаасай л гэж хүсч байна.

Сэтгэл судлаачийн үүднээс бусдад өгөх зөвлөгөө

Би ингэж боддог юм. Хууль сахиулах албан хаагчиддаа ч гэсэн байнга хэлдэг сэтгэл судлаачид бол маш цөөхөн бид нарт өдөр тутамд стресс, бухимдал,нийгмээс үүдэлтэй олон асуудлууд тулгамддаг, Мэргэжлийн хүнд хандах шаардлагатай зүйлүүд ч тулгамддаг энэ болгон дээр бид нар сэтгэл зүйч хайгаад олоод байх чадахтай үгүйтэй байгаа. Мэдээж боломжийн хүмүүс, эрэл сайтай гэдэг юмуу асуудлаа үнэхээр шийдэхийг хүссэн хүмүүс ирж уулздаг авууштай тал байгаа.

Гэхдээ ингэж чадахгүй олон хүн байгаа учир эхний ээлжинд өөрөө өөртөө анхан шатны сэтгэл зүйн тусламжийг үзүүлдэг байх ёстой юм болов уу? өөрөө өөртөө сэтгэл зүйн мэдлэгийг өгдөг, хүлээж авдаг, энэ талаар ойлгодог, би стресс бухимдлаа хэрхэн тайлах ёстой юм бэ? Хэнтэй уулзах вэ? зөв арга нь юу вэ? гэх мэт мэдлэгийг ойлгоод өөрийгөө эхний байдлаар тайвшруулж чаддаг байгаасай гэж боддог. Хамгийн гол нь бол мэргэжлийн хүнд хандаж асуудлаасаа гарах нь чухал. Уулзахаасаа өмнө зөв аргаар хэрэгжүүлэхгүй бол стресс бухимдлыг мэдрэнгүүтээ л буруу аргаар тайлах, өөрөөр илэрхийлэх гээд буруу зуршлууд байдаг.

Таны баримталдаг зарчим?

Айхтар баримтлаад байдаг зарчим байдаггүй. Ер нь бол би энэ нийгэмд байгаа л бол өөрийн гэсэн тодорхой үүргийг гүйцэтгэх ёстой, цаг үеэсээ хоцрохгүй хөл нийлүүлэх ёстой л гэж боддог. Аливаа зүйлээс хоцрох их дургүй. Аль болох л амжуулах юмсан, болгох юмсан, бүтээх юмсан гээд л явж байна.

Амьдралдаа сэтгэл хангалуун байхад нөлөөлөх хүчин зүйл

Өөртөө сэтгэл хангалуун байхад өөрийгөө их өөрөөр хардаг. Өөртөө итгэлтэй болдог, өөрийгөө нээж чаддаг, олны дунд өөрийгөө зөв илэрхийлж чаддаг, тэгэхээр өөртөө итгэлтэй байхад  нэгдүгээрт өөрийгөө сайн танин мэддэг байх ёстой, танин мэдсэний үндсэн дээр дутуугаар үнэлэхгүйгээр өөртөө урам зориг хайрладаг байх ёстой юм болов уу? тэгэж байж хүн өөрийгөө нээлттэйгээр харна, тийм байж л гэр бүлийнхэндээ урам хайрлана шүү дээ. Үгүй бол байнга л гэр бүлийнхээ сул дорой нь бусдаас урам авдаг хүн байгаад байвал бас гэр бүлийнхэн чинь яаж ямар урмаар тэжээгдэх вэ? бусдад урам өгдөг, бусдаас урам авдаг байж л гэр бүл ч өөрөө ч сэтгэл хангалуун байна.

Таны хувьд амьдралдаа авдаг хамгийн сайхан мэдрэмж?

Ерөөсөө л амьдрал бол тэр чигээрээ их сайхан мэдрэмж. Хичээл ороод хүүхдүүдтэй уулзаад сайхан инээгээд бүх зүйлийг ярилцаад самбарын өмнө зогсох бас их гоё мэдрэмж байдаг юм. Сонсогчидтойгоо ярилцаад зөвлөгөө өгөөд сайхан муухай зүйлсийг нь хуваалцах нь нэг гоё мэдрэмж байдаг. Тэд нар маань асуудлаа даван туулаад амжилтанд хүрч байгааг харахад их сайхан зүйл мэдэрдэг. Гэр бүлийнхэнтэйгээ орой ширээгээ тойроод хамтдаа суугаад амсхийх цагт сайхан мэдрэмж авдаг. Сүүлийн үед ээж аав дээрээ байнга очдоггүй болохоор хааяа нэг очиход, ээжийнхээ гарын хоолыг идэхэд их сайхан, утсаар ярихад бас их сайхан байдаг юм.

Хийж узэхийг хүсдэг зүйл?

Огцом эгц өөдөө цавчим хадтай ууланд мэргэжлийн уулчид шиг авирч үзэх юмсан гэсэн нууцхан сонирхол байгаа.

Одоо уншиж байгаа ном?

Би мэргэжлийн номнуудаа их уншдаг. Хувь хүний хөгжил чиглэлээрээ их удаан уншсан нэг ном байна. Тухтай унших зав гараагүй сүүлийн хоёр сарын турш уншсан Шейрил Сандбергийн “Өөдөө тэмүүл” гэдэг номыг уншсан.

Хүмүүсийн эерэг сөрөг хандлагын тухайд?

Хандлага бол тухайн хүний ертөнцийг харах, өөрийнх нь ёс суртахууны хэм хэмжээг илэрхийлэх зүйл юм байна гэж боддог. Бүх зүйл дээр хүн хандлагаа илэрхийлээд байх нь зөв биш гэж хардаг, бид нар бүх асуудлын үнэлэгч биш шүү дээ. Тийм учраас энэ буруу байна ийм байна тийм байна гээд шүүмжлэх эрхтэй гэж боддоггүй. Шүүмжлэх гэдэг талаасаа илүү бие биедээ урам өгдөг, хийж бүтээж байгаа хүмүүстээ сэдэл өгдөг, дэмждэг байвал эерэг хандлагаа сөрөг хандлагаасаа илүү гаргаж чаддаг байвал хүмүүс сайхан зүйлд хүрч чадна байх гэж боддог.

Хувийн асуудлаар сонсогчид чинь их уулздаг уу? өдөрт дунджаар?

Ихэнх нь хувийн асуудлаар, өдөрт дөрвөөс таван сонсогчидтой тогтмол уулздаг. Манайх их том сургууль 2000 гаруй сонсогчидтой. 2000 гаруй сонсогчдоос байнгын үйл ажиллагаа тасралтгүй зохион байгуулагддаг, соёл хүмүүжлийн ажил, хичээлийн цаг гээд энэ дундуураа манай сонсогчдын хувьд сэтгэл зүйн мэдээллийг сонирхох нь нэмэгдэх хандлагатай байна.

Зөвлөгөөний дараах өөрчлөлт?

Өөрчлөлт бол харагдана. Эхний зөвлөгөөнөөс шууд өөрчлөлт харагдах нь бага. Хоёр гурав дахь уулзалтаас хамтарч асуудлыг шийдээд ирсний дараа бол өөрчлөлтүүд мэдэгдээд эхэлдэг. Нэгдүгээр курстээ дөнгөж элсэж байсан хүүхдүүдтэйгээ дөрөвдүгээр курст нь уулзахад их сайхан байдаг. Нэгдүгээр курстээ учраа олохгүй байсан дурсамж нь миний санаанд байдаг, төгсөх курстээ өөрийгөө олоод, хууль сахиулагч болоод, их сайхан дүр төрхтэйгөөр албандаа бэлтгэгдсэн байдлыг нь харахад их бахархалтай байдаг.

Сэтгэл судлаач хүн нийгэмд ямар байр суурьтай байна вэ?

Хүмүүс ер нь сэтгэл судлаачийг нийгэмд ”энэ сэтгэл судлаач юм чинь юу гэж хэлэх бол” гэсэн хандлагатай байнгын харсан бидний үйлдлийг анзаарсан байдалтай байдаг юм шиг санагддаг. Бидний цаанаасаа л өгөгдсөн үүрэг нийгэмд эерэг хандлагыг л бий болгож байх ёстой. Мэдээллээ хийхдээ, мэдлэгээ түгээхдээ, яриагаа хийхдээ үргэлж зөв хандлага зөв үйлдэл рүү чиглүүлсэн байх үүрэгтэй л гэж ойлгодог. Яагаад гэвэл биднийг нийгмийн сэтгэл зүйг эмчлэгч гэж үздэг. Хүмүүс тэгэж хардаг учраас бид үүргээ биелүүлж эерэг хандлагыг түгээдэг гэж хардаг.

Улсын ирээдүй таны нүдээр

Ямар том асуулт вэ? гайгүй болох байхаа. Улсын бодлого тодорхой болоод, сэтгэл судлаачдаа дэмжээд өгвөл, салбаруудад сэтгэл судлаачдын ажиллах боломж бололцоог төрийн удирдлагуудаас санаачлаад ирвэл нийгмийг эмчлэгчид бид их юм хийнэ, сайхан болно гэдэгт итгэлтэй байна.

Ярилцсанд баярлалаа. Таны ирээдүйн бүх зүйлд маш их амжилтыг хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл

No comments yet. Why don’t you start the discussion?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *