Сэтгэл судлаач САМБУУГИЙН БААСАНБАТ

Сэтгэл судлаач САМБУУГИЙН БААСАНБАТ

“Сэтгэл судлаачидтай ярилцъя” ярилцлагуудаа дахин нийтлэж эхэллээ.

Энэ удаагийн зочноор “МОНГОЛ ӨРХ” Сэтгэл зүйн хүрээлэнгийн захирал сэтгэл судлаач Самбуугийн Баасанбат уригдан оролцсоныг дахин хүргэж байна.

Боловсрол

  • Боловсрол
  • 1994 онд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Сурган Сэтгэл судлалын факултетийг төгссөн.
  • 2000 онд Филиппин, Манила, Эмэгтэйчүүдийн Их сургуулийн дэргэдэх “Women & Society” олон улсын жендэрийн соёл судлалын курс,
  • 2004 онд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Сэтгэл судлалын шинжлэх ухааны магистр,
  • 2002-2004 онд Удирдлагын академи нийгмийн удирдлагын менежер бакалавр,
  • 2004-2006 онд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн англи хэлний орчуулагч бакалвр, 
  • 1999, 2006 онд Шведийн Упсалагийн Их сургуульд Жендерийн сэтгэл судлалын курсыг тус тус төгссөн.
  • 2009 онд Малайз, Куала Лампур, Улсын гэмтлийн төв эмнэлэгийн “One stop crisis center” тасагт зочин судлаач,
  • 2005, 2009 онд Австралийн Аделиад хот, “Далвич төв” Майкл Уайтын “Solution focused brief therapy “, Ла Тробийн Их сургуулийн Гэр бүлд зөвлөгөө өгөх лаборатори “Боувери төв”-д “Responding to violence – narrative therapy”, “Family therapy – fosuded on child” мэргэжил дээшлүүлэх курс  
  • 2009-2012 онд “Дэлхийн эмч нар” ОУБ -д Архины хамааралтай хүнд Когнитив зан үйлийн сэтгэл засалч эмч нарын багт сэтгэл зүйчээр ажиллаж , энэ чиглэлийн сэтгэл засалчаар ажиллах патентийн эрх авсан.
  • 2015 -2016 онд  Швецари дахь Олон улсын сургуулийн сэтгэл зүйчдийн холбооны ISPS,  “Сургуулийн сэтгэл зүйч ур чадварын сургалт ” мэргэшүүлэх курс 
  • 2018 – МУБИС- сэтгэл судлалын докторантур
  • 2019 -2020 онд Онцгой нөхцөл байдлыг даван туулах стресс менежмент СЭМҮТ
  • 2022 онд Авсралийн Ла Троубын Их сургуулийн дэргэдэх Боувери төвд “Хосын сэтгэл засал 100 кейс” лабораторид зочин сэтгэл судлаачаар
  • 2024 онд  Олон улсын сургуулийн сэтгэл зүйчдийн холбооны /ISPS/ “Суралцах бэрхшээл” -тэй ажиллах арга зүй “ сургалт  

Ажлын туршлага:

  • 1995-1996 Эрүүл мэндийн яаманд мэргэжилтэн
  • 1996-2005 онд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд ажиллаж байсан. Үүсгэн байгуулагч, анхны хамгаалах байр, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлсэн ажилтнуудын нэг,
  • 2009 онд “Дэлхийн эмч нар” Францын олон улсын байгууллагын эмчнарын багт “Архины хамааралтай хүнд Когнитив зан үйл-сэтгэл заслын аргыг /CBT/ туршин нэвтрүүлэх” төсөлд сэтгэл зүйч,
  • 2006 оноос одоо хүртэл “Монгол өрх” Сэтгэл зүйн хүрээлэнг үүсгэн байгуулж  тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.

ТАНЫ МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ

Сэтгэл судлалын шинжлэх ухааныг нь судлахгүйгээр практикт ажиллах боломжгүй. Практикгүйгээр зөвхөн шинжлэх ухааныг нь судлаад  практикт ажиллах боломжгүй, мөн бүх чиглэлээр универсал ажиллах боломжгүй, яахав анхан шатны боловсролын мэдээллээр хангах хэмжээний байж болно, ёс зүй, чанар,  хариуцлагын хувьд тодорхой нарийн чиглэлээр мэргэшин ажиллахын зэрэгцээ, байнга өсөн хөгжихийг шаарддаг мэргэжил. Учир нь нийгмээ дагаад хүмүүсийн амьдралын хэв маяг, сэтгэлгээ хурдан хувиран өөрчлөгддөг.

ТАНЫ МЭРГЭШСЭН ЧИГЛЭЛ

 Манай “Монгол өрх” Сэтгэл зүйн хүрээлэн нь сэтгэл зүйн үйлчилгээг практикт хэрэгжүүлж ирсэн анхны ууган түүчээ байгууллагуудын нэг юм. Миний бие сэтгэл зүйчдийн багаа ахлан эрдэмтэн багш нар, мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтарч 20 гаруй эрдэм шинжилгээний лаборатори ажил болохоор төсөл, туршилтуудыг үндэсний хэмжээнд тасралтгүй ажилласаар ирсэн байна. Хөгжлийн эхний үеийн түүчээ нар универсал байдгийн үлгэр жишээ бидэнд бас л тулгарсан асуудал юм. Гэвч бид цаг үеийн шаардлагаар дараах 10 чиглэлийг технологиудыг мэргэжлийн салбартаа, төрийн үйлчилгээнд нэвтрүүлж байгааг сонгон дурдмаар байна. Үүнд:

  1. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн сэтгэцийн цочрол гэмтэл, хохирлыг үнэлэх, нөхөн сэргээх сэтгэл зүйн эмчилгээний протокол , 2015
  2. Гэр бүлийн ба бэлгийн хүчирхийллийн хохирогчид эмнэлэг түшиглэсэн нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх протокол,  2009 -2012
  3. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зан үйлийн эрсдэлтэй эрэгтэйчүүдэд “Зан үйл заслын бүлгийн хөтөлбөр” албадан сургалтын протокол, журам,2016
  4. Бэлгийн хүчирхийллийн насанд хүрээгүй хохирогчийн сэтгэл санааны хохирлыг үнэлэх, нөхөн сэргээх сэтгэл заслын хөтөлбөр, протокол 2021
  5. Архины хамааралтай хүнтэй ажиллах Когнитив зан үйлийн эмчилгээний хөтөлбөр 2022
  6. Шүүхийн захирамжаар гэр бүл цуцлалтын үеийн хүүхдийн асран хамгаалалтыг тогтоох шинжээчийн дүгнэлт гаргах проткол 2018-2025
  7. Хүүхэд хамгааллын, хамтарсан багийн явуулын үйлчилгээний агуулга, хөтөлбөр, протокол
  8. Сургуулийн сэтгэл зүйчийн  хэрэглээний багц гарын авлага 2019 -2025
  9. Гэр бүл, хос, эцэг эхийн боловсролын хөтөлбөр 2020
  10. Жендэрийн сэтгэл зүйн боловсрол олгох охид хөвгүүдийн хөтөлбөр 2023

АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Хэрэглээний сэтгэл судлалын салбар хөгжөөд арав гаран жил болж байна. Манай хүрээлэн яг энэ цаг үетэй зэрэгцэн ажиллаж байгаа ууган түүчээ байгууллагуудын нэг. Хувийн ажлынхаа үзүүлэлтийг үзэхээр эрдэмтэн багш нар, мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтарч 20 гаруй эрдэм шинжилгээний ажил болохоор төсөл, туршилтуудыг хийсэн байна. Энэ ажлуудаа эхнээс нь цэгцэлж эрэмбэлээд яг одоо цаг үед үйлчлүүлэгч, харилцагчдын хувьд аль нь чухал байна вэ? хэнд алийг хүргэх вэ? гэдгээ сонгож авъя гэж төлөвлөж байгаа. Өнгөрсөн арван жил толгой өндийх завгүй л ажиллалаа. Орчин үед хэрэглэгдэж байгаа шинэлэг арга технологиудыг  туршиж, орчуулж, Монгол сэтгэлгээнд нутагшуулах, мөн уламжлалт сэтгэл зүйн аргачлалаас  эрэл хайгуул хийсээр байна. 

Одоо жаахан амьсгаа сэхээ авч  докторын ажилдаа цаг гарган хамгаалах бодолтой байна. Хувьдаа бол ямар ч цаг гаргах завгүй, хувийн зохион байгуулалт муутай гэж өөртөө их шүүмжлэлтэй ханддаг. Нөгөө талаасаа өөрсдийгөө огт танилцуулж чаддаггүй, бид үүнийг чадаж байна. Бидэнд ийм бүтээгдэхүүн байна гэдгээ үнэлээд сурталчилж чаддаггүй юм байна. Бүтээгдхүүнээ л хийгээд байгаа болохоос түүнийг зах зээлд яаж нийлүүлэх вэ? гэдэг тал дээр маш хангалтгүй ажилладаг  энэ дутагдлаа засна. Бизнесийн зөвлөхүүдийн тусламжтайгаар өөрчлөлт хийнэ .

Ихэнх хүмүүс сэтгэл зүйн үйлчилгээнээс юу хүлээхээ мэддэггүй. Сэтгэл зүйн зөвлөгөө өгнө гэхээр хүмүүс нэг их ухаантай, гэгээрсэн хүн, сургааль  айлдаад л сууж байдаг гэж ойлгодог. Гэтэл энэ бол техник ажил. 

Сэтгэл зүйчээр бэлтгэгдэж байгаа мэргэжилтэн маань өөрөө би ямар талбарт хүч үзэх гэж байна вэ? Үүнийг хийхийн тулд яаж өөрийгөө сэтгэл зүйн болон зан үйлийн хувьд бэлдэх вэ? гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Зарим үйлчлүүлэгчид маань “архинд хэт орсон хүнийг ганцхан өдрийн дотор архинаас гаргаад өгөөч” гэж хүсэлт тавьдаг. Яг одоо хүмүүсийн хүлээж байгаа жишиг ийм л байна. “Хүүхэд маань болохгүй байнаа, ганцхан удаа уулзаад өгөөч” гэх мэт. Сэтгэл судлалын салбар маань тухайн мэргэжилтнээс өндөр ур чадвар, үйлчлүүлэгчээс өндөр хариуцлага бөгөөд чин хүсэл эрмэлзэл шаардана. Энэ талаар олон нийтийг мэдээллээр хангах ажилд анхаарлаа хандуулна.

Юуны өмнө олон нийтийн сэтгэл зүйн боловсролыг дээшлүүлэх талаар илүү анхаарлаа хандуулъя гэж бодож байна. Сэтгэл засал гэхээсээ илүү сэтгэл зүйн боловсролын чиглэлийн үйл ажиллагааг өргөн хүрээнд явуулъя гэж бодож байна. Оношилгооны хувьд төрөлжсөн багцтай болж байгаа. Үүнийгээ олон түмэнд хүргээд, төрөлжүүлэн хөгжүүлнэ гэж төлөвлөж байна. Энэ жилээс эхлээд жинхэнэ зах зээлд бүтээгдэхүүнээ хүргэх менежментийг хийж эхэлнэ дээ. Энэ бүгдийг цэгцэлж нэг нэгээр нь хэрэгжүүлэхийг л төлөвлөж байна.

ТАНЫ ХАМГИЙН САЙН ХИЙЖ ЧАДДАГ ЗҮЙЛ

Хүнтэй ажиллаад тэр хүний тухай ярьснаар нь юм уу, тэр оношилгоог шууд бөглөснөөр нь биш энэ хүний бодол үйлдлийн цаана яг юу байна вэ? юунаас үүдэлтэй хоёрдогч гуравдагч шинж тэмдгүүд илэрч байна вэ? гэдгийг таньж мэдэхдээ илүү туршлагажиж байгаа юм болов уу?

Ер нь гэр бүл, хос, хүүхэд, эцэг эхийн харилцааны асуудлаар сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сургалт явуулах, оношлогоо хийх чиглэлээр ялангуяа гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийллийн асуудлаар буюу хуулийн сэтгэл судлалын чиглэлээр илүү олон жил мэргэшин ажиллаж байна.

ЯГ ОДОО ТӨВЛӨРӨН ХИЙЖ БАЙГАА СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ

Сүүлийн 10 жилд боловсролын сэтгэл судлалын тусгай  арга зүйн чиглэрээр түлхүү ажиллаж, цаашдаа гэр бүл, эцэг эх-хүүхдийн харилцаа, хосын харилцааны асуудалд илүү төвлөрч ажиллах зорилготой байгаа. Хувь хүний хөгжлийн нас зүйн шилжилт,  Хүүхдийн сэтгэл зүйн асуудлын 100 асуулт хариулт, Хосын харилцааны 100 асуулт хариулт дээр нилээд цаг гарган ажиллаж байна.. 

ӨДӨРТ ХЭДЭН ЦАГ АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Өглөө 09-21 цаг хүртэл 10-12 цаг ажиллаж байна. Замбараагүй ажиллаж байна гээд өөрсдийгөө их шүүмжлээд байгаа. 100 жилийн өмнөх Европ, Америкт бүгд л цаг наргүй ажиллаж байсан. 20-30 жил ажиллаж байж өчнөөн унаж, босож байж компаниа бат бэх болгож чадсан түүхүүд дэлхийд олон байдаг юм байна лээ. Өнөөдөр тэд бүх зах зээл нь чиглэл чиглэлээрээ өндөр түвшинд хөгжөөд ирэхээрээ юуг хийх вэ? юуг хийхгүй байх вэ? ямар түвшинд ямар менежментээр ажиллах вэ? гэдгээ биднээс маш олон жилийн өмнө сурчихсан байна. Гэтэл бид тэдэн шиг өндөр зохион байгуулалттай ажиллая гэтэл маргааш энэ улс орон яах нь тодорхойгүй. Ард түмний амьдрал ямар байх нь тодорхойгүй, бүх зүйл тодорхойгүй нөхцөл байдалд, тэнгэр бүрхэх болов уу? бороо орох болов уу? яах бол гэдгийг мэдэхгүй ямар ч байсан шүхрээ аваад гаръя гэдэг шиг тодорхойгүй, баримжаалсан, эмх замбараагүй,  эргэлзээтэй цаг үед бид амьдарч байна. Энэ талаас харж үзвэл өөрсдийгөө зөвтгөх шалтгаан байна аа. Эмх замбараагүй “цаг үеийн золиос эсвэл шинэ салбарын хөгжлийн эхний үеийн түүчээ тогоруунууд ч” юм уу.  Үүнийг мэдэрч өөрсдийгөө хамгаалж цагийн хувьд яаж бүтээмж өндөртэй ажиллах вэ? гэдэгтэй янз бүрийн арга зам хайж суралцаж, сургамж авсаар л байна. 

АЖИЛДАА ХАМГИЙН ИДЭВХИТЭЙ ХАНДДАГ ЦАГ?

Үдээс хойш, оройн цагаар илүү идэвхитэй байдаг.

Хүмүүс сэтгэл зүйн үйлчилгээнээс юу хүлээхээ мэддэггүй…

Мэргэжилтнээс өндөр ур чадвар, үйлчлүүлэгчээс өндөр хариуцлага..

Нийгэм дунд байж л өөрийнхөө үнэ цэнийг мэддэг...

Сэтгэл судлаач С.Баасанбат

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭ ХЭРХЭН ӨНГӨРӨӨДӨГ ВЭ?

Уг нь би их гэрсэг хүн. Гэртээ байж, дараагийн долоо хоногийн ажлын цэнэгээ нөхөж авдаг.  Гэр бүлийнхэнтэйгээ дуртай хоолоо хийж, дуртай зүйлээ хийцгээж, ахуйн ажлаа цэгцэлдэг. Детектив, мелодрам, түүхэн ба бодит хүний амьдрал болон шинжлэх ухааны сэдэвтэй баримтат кино үзэх дуртай. Тархи амардаг.

ЦАГИЙГ ХЭРХЭН ЗӨВ ЗАРЦУУЛАХ ТАЛААР

Цаг хугацааг өдрөөр биш цагаар минутаар төлөвлөж, бүтээмжээ өндөрсгөх шаардлагатай тулгарч байна. Техник технологи хөгжихийн хэрээр улам их хурд шаардах боллоо. Над шиг удаан хүнд заримдаа дарамттай санагддаг, хотоос гараад хөдөө сумын төвд буйдхан газар амьдармаар. Юутай ч хамгийн хайртай хүмүүстээ хамгийн бага цаг зарцуулаад байгаа. Ажил, амьдралдаа зарцуулдаг цагаа тэнцвэржүүлэхийг л хичээж байна. 

СЭТГЭЛ СУДЛААЧДЫН АМЬДРАЛДАА ХАНДАХ ХАНДЛАГА

Ажил мэргэжил маань надад болоод миний гэр бүлд дархлаа болоход нөлөөлсөн байх. Үр хүүхэд, хань ижил, найз нөхөддөө мэргэжлийн үүднээс  ажиллахгүй, зүрх сэтгэлээрээ хандах нь ойлгомжтой боловч хэрвээ би энэ чиглэлээр суралцаагүй бол ямар хүн байх бол. өнөөдрийн нийгэмд сэтгэл гутралаар өвдчихсөн хүн байхыг үгүйсгэхгүй. Мэргэжил маань үнэхээр гайхалтай. Хүнийг “шороон доторх алт” шиг хардаг, амьдралыг харахдаа ч гэсэн асуудалд төвлөрөхөөс илүү ямар боломжууд байна вэ? ямар гарц шийдлүүд байж болох вэ? байдаггүй юм бол яаж хүлээн зөвшөөрөх вэ? гэдэг талаасаа бодитой ханддаг болчихдог. Ямар ч байсан төгс хүн байхыг хичээдэггүй, бусдаас ч шаарддаггүй.

ИРЭЭДҮЙД ТАНЫ АМЬДРАЛД ГАРАХ ТАВАН ӨӨРЧЛӨЛТ

Заримдаа өөрийгөө бодоход  хэний ч хамааралгүй дуртай ажлаа хийж байгаа нь чөлөөт уран бүтээлч шиг. Амьдралыг тэгшитгэж загварчилж болдоггүй. Төлөвлөхөөр тэр бүр бүтдэггүй.

-Өөрийгөө “чанарын тэмдэг” гэж бодохоо болиод хүмүүст сурсан зүйлээсээ хуваалцаж, ажлаа хуваарилж өгөөд, зөвлөх маягаар ажиллаж өөртөө цаг гаргая гэж бодож байна.

-Ээж, эхнэрийнхээ үүргийг биелүүлэх цагаа нэмье гэж бодож байна. Хайртай хүмүүс, найз нөхөддөө цаг гаргахыг хүсч байна. Мэдлэгийн хүрээнд өөрийгөө голоод болоогүй байна гэж зүтгэсээр байтал хэзээ ч бүрэн гүйцэт болохгүй юм байна, сурч дуусахгүй гэдгийг ойлгоод байгаа.

-20 жилийнхээ хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлж боломжийн амьдаръя гэж бодож байна..

СЭТГЭЛ СУДЛААЧИЙН ҮҮДНЭЭС БУСДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Хүн бол сэтгэлийн амьтан.  Гэр бүл, нийгэм хамт олныхоо дунд байж л өөрийнхөө үнэ цэнийг мэддэг. Бусдыг үнэлж, хүндэлж, хайрлаж, ойлгож сурдаг. Тэр чинээгээрээ тэднээс үүнийг хүлээн авдаг. Энэ нь хүний амьдралыг утга учиртай, амттай болгож зорилго сэдэл нь болж өгдөг бололтой. Нөгөө талаас ялангуяа хүүхэд наснаас нь сэтгэл санааны бүрэн бүтэн байдлыг нь хангаж, сэтгэл зүйн дархлаа суудлгах нь насанд хүрэгч бүрийн үүрэг. Ийм дархлаатай хүн өөртөө болоод бусдад аюулгүй дарамтгүй нийгмийн үнэт баялаг болдог.

БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ

Ямар нийгэмд амьдарч байна тэр нийгмийн дүрмээр тодорхой хэмжээнд загварчлагддаг. Амьдрал зааваргүй, хорвоо бөөрөнхий бүгдийг бид хянаж чадахгүй. Хэтэрхий их загварчлаад юу бодох, хийхийг нь заах юм бол эсрэгээрээ хүний амьдрах чадварыг бууруулна. Өөрийгөө болон бусдыг золиослохгүй, амьдралын алтан голдочоо бариад л явах хэрэгтэй бололтой. Яаж тэнцвэртэйгээр амьдрах вэ? гэдгийг л зарчмаа болгож байна. Бас насан туршийн маань хайлт, оролдлого юм даа.  

ӨӨРТӨӨ АМЬДРАЛДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙХАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛ

Би их азтай хүн, хийхийг хүсдэг ажлаа хийж байна, байх ёстой газраа байна, амар тайван элэг бүтэн гэр бүл байна, Хамгийн хайртай үнэт зүйл маань миний гэр бүл. Энэ Монгол улс орноо олж төрсөн минь их хувь заяа. Байгаа бүхэндээ л сэтгэл хангалуун байдаг. Тийм учраас өдөр бүр ажлаасаа, амьдралаасаа таашаал авдаг. Гэртээ хариад хайртай хүмүүсээ хараад аз жаргалаа мэдэрдэг. Хажууд минь уул шиг сайхан эр хүн намайг түшиж байна. Ханьдаа өдөр бүр талархаж явдаг. Харин тэр бүр гаргаж хэлдэггүй л дээ.

АМЬДРАЛААС АВДАГ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ

Найзууд маань намайг их романтик гэж хэлдэг. Жаахан зүйлийг их баярлаж хүлээж авна, жижиг зүйлийг эмзэг мэдрэг хүлээж авна . яахав зүгээршдээ, гэхдээ тэр байдлаасаа хурдан гарчихдаг. Энэ маань миний амьдралыг их сонирхолтой болгодог. Амьдралд би нэг хоног ч илүү амьдрах юмсан гэж шунадаг.  Өдөр бүр шинэ нээлт хийж байгаа юм шиг мэдрэмж авдаг. Улс орныхоо хөгжлийн байдалд сэтгэл зовнидог, гэхдээ л бид хамгийн баян улс. Бүгд ухаанаа уралдуулбал, эх орноо аваад явчих бүх өгөдлүүд бидэнд бий. Сэтгэлийн шаналалаа уйлаад л гаргачихна, биеийн ядаргааг унтаж амраад, бүжиглээд л гаргачихдаг тэгэхээр өдөр бүр сайхан шүү.

ХАМГИЙН ИХ ХИЙЖ ҮЗЭХИЙГ ХҮСДЭГ ЗҮЙЛ

Би хүмүүстэй насны хязгааргүй нөхөрлөдөг, сэтгэл нийлсэн сайхан анд найзуудтайгаа саад бэрхшээлтэй бартаатай явган аялал хийх юмсан гэж боддог. Тэр явцад бол улам л дотносож бие биеэ хэн бэ? гэдгээ таньж мэднэ. Аялалд бол маш их дуртай. Эх орноороо, гадны улсуудаар аялах их сайхан.

ТАНЫ БАЙНГА ХЭЛДЭГ ҮГ

“Болжийнаа…Болшгүйнээ” гэдэг үгийг их хэрэглэдэг. Хэтрүүлэн хэрэглэдэг байж мэднэ. Хамтран ажиллагсад маань “мэргэжлийн ёс зүй, жам нь, зарчим нь” гэдэг үгийг байнга хэлдэг гэж байгаа.

УНШИЖ БУЙ НОМ

Саяхан Америкаас нэг ном захиалж авчирсан. Сэтгэлийн цочрол гэмтэл авсан хүнийг яаж үнэлэх вэ? сэтгэл заслын эмчилгээ нь ямар байх вэ? гэсэн асуултад хариулт хайж уншиж байна. Европын холбооны ICD-DSM-IY -г нийлүүлээд DSM-V нь гарчихсан юм байна. Бид нарт их чухал мэдээлэл болж байгаа. Мөн Гари Смолл, Жижи Ворганы  “Сэтгэл засалчийн нууц тэмдэглэл” .

ХҮМҮҮСИЙН ЭЕРЭГ СӨРӨГ ХАНДЛАГЫН ТУХАЙД

Тухайн хүний ертөнцийг үзэх үзэл гэдэг юмуу хандлагаас шалтгаалж нэг зүйл дээр зарим нь эерэгээр зарим нь сөргөөр ханддаг. Хамгийн гол нь хэр зэрэг бодитой хандаж байна вэ? гэдэг л чухал. Сэтгэцийн хувьд эрүүл хүн бол асуудлыг бодитоор харна. Сэтгэцийн хувьд тулгамдсан асуудалтай хүн бол нөхцөл байдлыг дөвийлгөж хэтрүүлж эсвэл дутуу хардаг. Сэтгэцийн эмгэгтэй бол бодит байдлаасаа тасраад хий төсөөллөөр харна, харамсалтай нь бодит байдал, бодол төсөөлөлдөө хил хязгаар тогтоож чаддаггүй будилж байна уу гэдгийг харах нь манай мэргэжлийн гол онцлог.

СЭТГЭЛ СУДЛААЧИД НИЙГЭМД ЯМАР БАЙР СУУРЬТАЙ БАЙНА ВЭ?

Монголын нийгэмд бол сэтгэл зүйн хэрэглээний салбар дөнгөж хөгжиж эхэлж байна. Уламжлалт ёс заншил, лам, бөө, сүм, шашин хийд энэ орон зайг нөхсөөр ирсэн. Манайд сэтгэл зүйчийн мэргэжил хараахан хамгаалагдаагүй байгаа. Иймд мэргэжлийн бус хүмүүс тоглолт хийх чөлөөтэй талбар хэвээрээ байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруу зөрүү мэдээлэл өгч, бас хүмүүстэй нүүр тулан ажилласаар байгаа нь нууц биш. Энэ байдалд сэтгэл зүйчдийг нийгэмд ойлгомжгүй болгож, улмаар итгэх итгэлийг нь унагаж байгаа тохиолдол цөөнгүй.   

Сэтгэл зүйч бол хүний дотоод ертөнцийн асуудлыг тэнцвэржүүлж сэтгэлийн дархлааг нь дэмжиж, амьдралын чанарыг нь бэхжүүлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлдэг үнэ цэнэтэй, хариуцлагатай, өндөр ёс зүй, ур чадвар, бэлтгэл, мэдрэмж шаарддаг мэргэжил. Энэ мэргэжил маань нийгэмд тоолж боломгүй эдийн засгийн хэмнэлт авчирдаг. Нийгмийн тогтвортой хөгжилд урт хугацааны маш чухал хувь нэмэр оруулдаг нийгмийн эрүүл мэндийн салбар юм.

УЛСЫН ИРЭЭДҮЙ ТАНЫ НҮДЭЭР

Бид хөгжиж байна. Нэг үеэ бодоход техник технолгийн дэвшлийг дагаад их хурдан хөгжиж өөрчлөгдөж байна. Бид чинь их удаан тайван эмх цэгцтэй ажилладаг байсан бол одоо маш их хурд шаардаж байна. Одоогоор судалгаагаар дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай байна гээд байгаа. Сэтгэцийн тулгамдсан асуудал үүссэн бол зургаан сараас хоёр жилийн хугацаанд шийдэгдэхгүзй үргэлжилбэл сэтгэцийн эмгэг рүү шилжих магадлал өндөр. Улмаар сэтгэл түгших, гутрах, нойргүйдэх, архидан мансуурах, амиа хорлох асуудлууд буурахгүй.  Энэ бүгд газар авахаар гэр бүл салалт, хүүхдүүдийн өнчрөл, хагацал, хараа хяналтгүй хүүхэд, гэмт хэрэг гэх мэт асуудлууд дагана. Энэ бүхэн хяналтаас гарах вий гэдэгт санаа зовнидог. Ийм байдалд орохгүйн тулд нэг өдрийг ч алдахгүйгээр эрүүл мэнд, нийгэм, эдийн засаг, боловсролын салбарт маш нухацтай хандаж өөрчлөлт хийж үндэсний дархлаагаа бэхжүүлэх хэрэгтэй байна.

Ярилцсанд баярлалаа. Таны ирээдүйн бүх зүйлд маш их амжилтыг хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл

No comments yet. Why don’t you start the discussion?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *