Сэтгэл судлаач САМБУУГИЙН БААСАНБАТ

Сэтгэл судлаач САМБУУГИЙН БААСАНБАТ

“Сэтгэл судлаачидтай ярилцъя” ярилцлагуудаа дахин нийтлэж эхэллээ.

Энэ удаагийн зочноор “МОНГОЛ ӨРХ” Сэтгэл зүйн хүрээлэнгийн захирал сэтгэл судлаач Самбуугийн Баасанбат уригдан оролцсоныг дахин хүргэж байна.

Боловсрол

  • 1994 онд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Сурган сэтгэл судлалын факултетийг төгссөн.
  • 2000 онд Филиппин, Манила,  Эмэгтэйчүүдийн Их сургуулийн дэргэдэх “ Women & Society”  олон улсын соёл судлалын курс,
  • 2004 онд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн  Сэтгэл судлалын шинжлэх ухааны магистр,
  • 2002-2004 онд Удирдлагын академи нийгмийн удирдлагын менежер,
  • 2004-2006 онд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн англи хэлний орчуулагч, 
  • 1999,2006 онд Шведийн Упсалагийн Их сургуульд Жендерийн сэтгэл судлалын курсыг тус тус төгссөн.
  • 2009 онд Малайз, Куала Лампур, Улсын гэмтлийн төв эмнэлэгийн “ One stop crisis center” тасагт зочин судлаач,
  • 2005, 2009 онд  Австралийн Аделиад хот, Далчвич төв, Ла Тробийн Их сургуулийн Гэр бүлд зөвлөгөө өгөх лаборатори  Боувери төвд “Responding to violence – narrative therapy” , “Solutionfocused brief therapy “ мэргэжил дээшлүүлэх курс төгсчээ. 

Ажлын туршлага:

  • 1985-1995 онд Эрүүл мэндийн яаманд Захиргаа аж ахуйн хэлтэст,
  • 1995-2005 онд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд ажиллаж байсан. Үүсгэн байгуулагч, анхын ажилтнуудын нэг,
  • 2009 онд “Дэлхийн эмч нар” Францын олон улсын байгууллагын эмчнарын багт  “Архины хамааралтай хүнд  Когнитив зан үйл-сэтгэл заслын аргыг туршин нэвтрүүлэх”  төсөлд сэтгэл зүйч,
  • 2006 оноос одоо хүртэл  “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэнг үүсгэн байгуулж  тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.

ТАНЫ МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ

Сэтгэл зүйч гэдэг бол хувь хүнийхээ хувьд ямар шаардлага тавьдаг вэ? гэхээр тодорхой хэмжээгээр хүний дотоод ертөнцийг танин мэдэх, мэдрэх олон талт өгөгдөлд анализ хийх, хувь хүний болоод гэр бүл, хамт олны өвөрмөц онцлогыг гярхай ажиж мэдрэх авъяас шаарддаг, шинжлэх ухааны үндэслэлтэй нарийн мэргэжил. Олон улсын жишгээр бол 3 жил суралцаад 2 жил тухайн ажиллах  чиглэлээрээ  нарийн мэргэжлийн салбарт хоёр жил дадлага хийсэн судалгааны ажлаа амжилттай хамгаалсан тохиолдолд  ”сэтгэл зүйчээр ажиллах эрх буюу лиценз авдаг. Манай улсад шууд сургуулиа төгсөөд сэтгэл зүйч хийх эрх нь Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулиар баталгаажсан байгаа.

Мэргэжлийн онцлогийн хувьд хүний тархи сэтгэцийн үйл ажиллагааны биохими, нейрофизиологийн талаарх шинжлэх ухааны үндэслэлийг заавал ойлгох шаардлагатай, хүний бодол, мэдрэмж, сэтгэл хөдлөл, зан үйл хоорондын харилцан үйлчлэлийн механизмын хэвийн байна уу үгүй юу  гэдгийг судалж, эмчилдэг нэг ёсны сэтгэлийн инженерийн ажил юм даа.

АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Хэрэглээний сэтгэл судлалын салбар хөгжөөд арав гаран жил болж байна. Манай хүрээлэн яг энэ цаг үетэй зэрэгцэн ажиллаж байгаа ууган түүчээ байгууллагуудын нэг. Хувийн ажлынхаа үзүүлэлтийг үзэхээр эрдэмтэн багш нар, мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтарч 20 гаруй эрдэм шинжилгээний ажил болохоор төсөл, туршилтуудыг хийсэн байна. Энэ ажлуудаа эхнээс нь цэгцэлж эрэмбэлээд яг одоо цаг үед үйлчлүүлэгч, харилцагчдын хувьд аль нь чухал байна вэ? хэнд алийг хүргэх вэ? гэдгээ сонгож авъя гэж төлөвлөж байгаа. Өнгөрсөн арван жил толгой өндийх завгүй л ажиллалаа. Орчин үед хэрэглэгдэж байгаа шинэлэг арга технологиудыг  туршиж, орчуулж, Монгол сэтгэлгээнд нутагшуулах, мөн уламжлалт сэтгэл зүйн аргачлалаас  эрэл хайгуул хийсээр байна. 

Одоо жаахан амьсгаа сэхээ авч  докторын ажилдаа цаг гарган хамгаалах бодолтой байна. Хувьдаа бол ямар ч цаг гаргах завгүй, хувийн зохион байгуулалт муутай гэж өөртөө их шүүмжлэлтэй ханддаг. Нөгөө талаасаа өөрсдийгөө огт танилцуулж чаддаггүй, бид үүнийг чадаж байна. Бидэнд ийм бүтээгдэхүүн байна гэдгээ үнэлээд сурталчилж чаддаггүй юм байна. Бүтээгдхүүнээ л хийгээд байгаа болохоос түүнийг зах зээлд яаж нийлүүлэх вэ? гэдэг тал дээр маш хангалтгүй ажилладаг  энэ дутагдлаа засна. Бизнесийн зөвлөхүүдийн тусламжтайгаар өөрчлөлт хийнэ .

Ихэнх хүмүүс сэтгэл зүйн үйлчилгээнээс юу хүлээхээ мэддэггүй. Сэтгэл зүйн зөвлөгөө өгнө гэхээр хүмүүс нэг их ухаантай, гэгээрсэн хүн, сургааль  айлдаад л сууж байдаг гэж ойлгодог. Гэтэл энэ бол техник ажил. 

Сэтгэл зүйчээр бэлтгэгдэж байгаа мэргэжилтэн маань өөрөө би ямар талбарт хүч үзэх гэж байна вэ? Үүнийг хийхийн тулд яаж өөрийгөө сэтгэл зүйн болон зан үйлийн хувьд бэлдэх вэ? гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Зарим үйлчлүүлэгчид маань “архинд хэт орсон хүнийг ганцхан өдрийн дотор архинаас гаргаад өгөөч” гэж хүсэлт тавьдаг. Яг одоо хүмүүсийн хүлээж байгаа жишиг ийм л байна. “Хүүхэд маань болохгүй байнаа, ганцхан удаа уулзаад өгөөч” гэх мэт. Сэтгэл судлалын салбар маань тухайн мэргэжилтнээс өндөр ур чадвар, үйлчлүүлэгчээс өндөр хариуцлага бөгөөд чин хүсэл эрмэлзэл шаардана. Энэ талаар олон нийтийг мэдээллээр хангах ажилд анхаарлаа хандуулна.

Юуны өмнө олон нийтийн сэтгэл зүйн боловсролыг дээшлүүлэх талаар илүү анхаарлаа хандуулъя гэж бодож байна. Сэтгэл засал гэхээсээ илүү сэтгэл зүйн боловсролын чиглэлийн үйл ажиллагааг өргөн хүрээнд явуулъя гэж бодож байна. Оношилгооны хувьд төрөлжсөн багцтай болж байгаа. Үүнийгээ олон түмэнд хүргээд, төрөлжүүлэн хөгжүүлнэ гэж төлөвлөж байна. Энэ жилээс эхлээд жинхэнэ зах зээлд бүтээгдэхүүнээ хүргэх менежментийг хийж эхэлнэ дээ. Энэ бүгдийг цэгцэлж нэг нэгээр нь хэрэгжүүлэхийг л төлөвлөж байна.

ТАНЫ ХАМГИЙН САЙН ХИЙЖ ЧАДДАГ ЗҮЙЛ

Хүнтэй ажиллаад тэр хүний тухай ярьснаар нь юм уу, тэр оношилгоог шууд бөглөснөөр нь биш энэ хүний бодол үйлдлийн цаана яг юу байна вэ? юунаас үүдэлтэй хоёрдогч гуравдагч шинж тэмдгүүд илэрч байна вэ? гэдгийг таньж мэдэхдээ илүү туршлагажиж байгаа юм болов уу?

Ер нь гэр бүл, хос, хүүхэд, эцэг эхийн харилцааны асуудлаар сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сургалт явуулах, оношлогоо хийх чиглэлээр ялангуяа гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийллийн асуудлаар илүү олон  жил мэргэшин ажиллаж байна. Эрчүүд, эмэгтэйчүүдийн зан үйл сэтгэл зүйн асуудлаар харьцуулсан судалгааны ажил хийсэн, хүчирхийлэл үйлдээд байгаа эрчүүдийн зан үйл заслын 20 цуврал курс хичээл боловсруулагдаад  30–аад хүнд туршиж үзээд байгаа. 

ЯГ ОДОО ТӨВЛӨРӨН ХИЙЖ БАЙГАА СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ

Векслер-оюун ухааны тест. Судалгааг 16-аас дээш насны хүмүүсээс ихэвчлэн авдаг байсан бол Одоо 16-аас доош насны хүүхдүүдээс оюун ухааны чадамжийг үнэлдэг, стандарт үнэлгээн дээр ажиллаад бараг дуусч байна. Хувь хүний зан төлөвийн тодролыг судлах, оношилгооны материал цогц байдлаараа бэлэн болж байгаа. Гэр бүлийн харилцааны дотоод төлөв байдлыг судлах хэд хэдэн хувилбартай болж байна. Хосын харилцаан дотор гэр бүлийн хүчирхийллийн харилцаа байна уу? үгүй юу? байгаа бол эрсдэл нь ямар түвшинд байна вэ? хүчирхийллийн хувьд хэн нь халдагч, хэн нь хохирогч вэ? гэдгийг тогтоох тестүүдийг шинэчлэн боловсруулж байна. Мөнхүүхдийн асран хамгаалалтанд маргаан гарсан тохиолдолд хэнийх нь асран хамгаалалтанд шилжүүлэх вэ? гэдэг шинжээчийн дүгнэлтийг боловсруулж 18 гэр бүлд туршилт хийгээд ерөнхийдөө шүүхийн байгууллагын болоод прокурорынхон харьцангуй шинжлэх ухааны үндэслэлтэй нотлох баримтын түвшинд үзэж болохоор байна гэж үнэлж хүлээн зөвшөөрч эхэлж байгаа. 

ӨДӨРТ ХЭДЭН ЦАГ АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Өглөө 09-21 цаг хүртэл 10-12 цаг ажиллаж байна. Замбараагүй ажиллаж байна гээд өөрсдийгөө их шүүмжлээд байгаа. 100 жилийн өмнөх Европ, Америкт бүгд л цаг наргүй ажиллаж байсан. 20-30 жил ажиллаж байж өчнөөн унаж, босож байж компаниа бат бэх болгож чадсан түүхүүд дэлхийд олон байдаг юм байна лээ. Өнөөдөр тэд бүх зах зээл нь чиглэл чиглэлээрээ өндөр түвшинд хөгжөөд ирэхээрээ юуг хийх вэ? юуг хийхгүй байх вэ? ямар түвшинд ямар менежментээр ажиллах вэ? гэдгээ биднээс маш олон жилийн өмнө сурчихсан байна. Гэтэл бид тэдэн шиг өндөр зохион байгуулалттай ажиллая гэтэл маргааш энэ улс орон яах нь тодорхойгүй. Ард түмний амьдрал ямар байх нь тодорхойгүй, бүх зүйл тодорхойгүй нөхцөл байдалд, тэнгэр бүрхэх болов уу? бороо орох болов уу? яах бол гэдгийг мэдэхгүй ямар ч байсан шүхрээ аваад гаръя гэдэг шиг тодорхойгүй, баримжаалсан, эмх замбараагүй,  эргэлзээтэй цаг үед бид амьдарч байна. Энэ талаас харж үзвэл өөрсдийгөө зөвтгөх шалтгаан байна аа. Эмх замбараагүй “цаг үеийн золиос эсвэл шинэ салбарын хөгжлийн эхний үеийн түүчээ тогоруунууд ч” юм уу.  Үүнийг мэдэрч өөрсдийгөө хамгаалж цагийн хувьд яаж бүтээмж өндөртэй ажиллах вэ? гэдэгтэй янз бүрийн арга зам хайж суралцаж, сургамж авсаар л байна. 

АЖИЛДАА ХАМГИЙН ИДЭВХИТЭЙ ХАНДДАГ ЦАГ?

Үдээс хойш, оройн цагаар илүү идэвхитэй байдаг.

Хүмүүс сэтгэл зүйн үйлчилгээнээс юу хүлээхээ мэддэггүй…

Мэргэжилтнээс өндөр ур чадвар, үйлчлүүлэгчээс өндөр хариуцлага..

Нийгэм дунд байж л өөрийнхөө үнэ цэнийг мэддэг...

Сэтгэл судлаач С.Баасанбат

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭ ХЭРХЭН ӨНГӨРӨӨДӨГ ВЭ?

Уг нь би их гэрсэг хүн. Гэртээ байж, дараагийн долоо хоногийн ажлын цэнэгээ нөхөж авдаг.  Гэр бүлийнхэнтэйгээ дуртай хоолоо хийж, дуртай зүйлээ хийцгээж, ахуйн ажлаа цэгцэлдэг. Детектив, мелодрам, түүхэн ба бодит хүний амьдрал болон шинжлэх ухааны сэдэвтэй баримтат кино үзэх дуртай. Тархи амардаг.

ЦАГИЙГ ХЭРХЭН ЗӨВ ЗАРЦУУЛАХ ТАЛААР

Цаг хугацааг өдрөөр биш цагаар минутаар төлөвлөж, бүтээмжээ өндөрсгөх шаардлагатай тулгарч байна. Техник технологи хөгжихийн хэрээр улам их хурд шаардах боллоо. Над шиг удаан хүнд заримдаа дарамттай санагддаг, хотоос гараад хөдөө сумын төвд буйдхан газар амьдармаар. Юутай ч хамгийн хайртай хүмүүстээ хамгийн бага цаг зарцуулаад байгаа. Ажил, амьдралдаа зарцуулдаг цагаа тэнцвэржүүлэхийг л хичээж байна. 

СЭТГЭЛ СУДЛААЧДЫН АМЬДРАЛДАА ХАНДАХ ХАНДЛАГА

Ажил мэргэжил маань надад болоод миний гэр бүлд дархлаа болоход нөлөөлсөн байх. Үр хүүхэд, хань ижил, найз нөхөддөө мэргэжлийн үүднээс  ажиллахгүй, зүрх сэтгэлээрээ хандах нь ойлгомжтой боловч хэрвээ би энэ чиглэлээр суралцаагүй бол ямар хүн байх бол. Өнөөдрийн нийгэмд сэтгэл гутралаар өвдчихсөн хүн байхыг үгүйсгэхгүй. Мэргэжил маань үнэхээр гайхалтай. Хүнийг “шороон доторх алт” шиг хардаг, амьдралыг харахдаа ч гэсэн асуудалд төвлөрөхөөс илүү ямар боломжууд байна вэ? ямар гарц шийдлүүд байж болох вэ? байдаггүй юм бол яаж хүлээн зөвшөөрөх вэ? гэдэг талаасаа хөнгөвтөр ханддаг болчихдог. Ямар ч байсан төгс хүн байхыг хичээдэггүй, бусдаас ч шаарддаггүй.

ИРЭЭДҮЙД ТАНЫ АМЬДРАЛД ГАРАХ ТАВАН ӨӨРЧЛӨЛТ

Заримдаа өөрийгөө бодоход  хэний ч хамааралгүй дуртай ажлаа хийж байгаа нь чөлөөт уран бүтээлч шиг. Амьдралыг тэгшитгэж загварчилж болдоггүй. Төлөвлөхөөр тэр бүр бүтдэггүй.

-Өөрийгөө “чанарын тэмдэг” гэж бодохоо болиод хүмүүст сурсан зүйлээсээ хуваалцаж, ажлаа хуваарилж өгөөд, зөвлөх маягаар ажиллаж өөртөө цаг гаргая гэж бодож байна.

-Ээж, эхнэрийнхээ үүргийг биелүүлэх цагаа нэмье гэж бодож байна. Хайртай хүмүүс, найз нөхөддөө цаг гаргахыг хүсч байна. Мэдлэгийн хүрээнд өөрийгөө голоод болоогүй байна гэж зүтгэсээр байтал хэзээ ч бүрэн гүйцэт болохгүй юм байна, сурч дуусахгүй гэдгийг ойлгоод байгаа.

-20 жилийнхээ хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлж чинээлэг амьдаръя гэж бодож байна.

СЭТГЭЛ СУДЛААЧИЙН ҮҮДНЭЭС БУСДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Хүн бол сэтгэлийн  амьтан. Нийгэм хамт олныхоо дунд байж л өөрийнхөө үнэ цэнийг мэддэг. Бусдыг үнэлж, хүндэлж, хайрлаж, ойлгож сурдаг. Тэр чинээгээрээ тэднээс үүнийг хүлээн авдаг. Энэ нь хүний амьдралыг утга учиртай, амттай болгож зорилго сэдэл нь болж өгдөг бололтой. Нөгөө талаас  ялангуяа хүүхэд наснаас нь сэтгэл санааны бүрэн бүтэн байдлыг нь хангаж, сэтгэл зүйн дархлаа суудлгах нь насанд хүрэгч бүрийн үүрэг. Ийм дархлаатай хүн өөртөө болоод бусдад аюулгүй дарамтгүй нийгмийн үнэт баялаг болдог. Аль нэг нь дутахаар дутуу дулимагийн мэдрэмж болон үүрд үлддэг. Уургандаа цадаагүй мал төлгөндөө майлдаг гэдэг шүүдээ. Цадсан ч майлсаар байна гэдэгт л асуудал нуугдаж байна гэсэн үг. Дутуу дулимаг байдал нь нийгэмтэйгээ дасан зохицоход асуудал үүсгэдэг. Энэ асуудлыг л анхнаас  нь шийдээд явчихвал нийгмийн амьдрал тогтворжино.

БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ

Ямар нийгэмд амьдарч байна тэр нийгмийн дүрмээр тодорхой хэмжээнд загварчлагддаг. Амьдрал цадиггүй, хорвоо бөөрөнхий бүгдийг бид хянаж чадахгүй. Хэтэрхий их загварчлаад юу бодох, хийхийг  нь заах юм бол эсрэгээрээ хүний амьдрах чадварыг бууруулна.Өөрийгөө болон бусдыг золиослохгүй, амьдралын алтан голдочоо бариад л явах хэрэгтэй бололтой. Яаж тэнцвэртэйгээр амьдрах вэ? гэдгийг л зарчмаа болгож байна. Бас насан туршийн маань хайлт юм даа.  

ӨӨРТӨӨ АМЬДРАЛДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙХАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛ

Би их азтай хүн, хийхийг хүсдэг ажлаа хийж байна, байх ёстой газраа байна, сайхан гэр бүл байна, Хамгийн хайртай үнэт зүйл маань миний гэр бүл. Энэ улс орноо олж төрсөн минь их хувь заяа. Байгаа бүхэндээ л сэтгэл хангалуун байдаг. Тийм учраас өдөр бүр ажлаасаа,  амьдралаасаа таашаал авдаг. Гэртээ хариад хайртай хүмүүсээ хараад аз жаргалаа мэдэрдэг. Ард минь уул шиг сайхан эр хүн намайг түшиж байна. Ханьдаа өдөр бүр талархаж явдаг.

АМЬДРАЛААС АВДАГ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ

Найзууд маань намайг их романтик гэж хэлдэг. Жаахан зүйлийг их баярлаж хүлээж авна, жижиг зүйлийг эмзэг мэдрэг хүлээж авна гэхдээ тэр байдлаасаа хурдан гарчихдаг. Энэ маань миний амьдралыг их сонирхолтой болгодог. Амьдралд би нэг хоног ч илүү амьдрах юмсан гэж шунадаг.  Өдөр бүр шинэ нээлт хийж байгаа юм шиг мэдрэмж авдаг. Улс орныхоо хөгжлийн байдалд сэтгэл зовнидог, гэхдээ л бид хамгийн баян улс. Бүгд  ухаанаа уралдуулбал, эх орноо аваад  явчих бүх өгөдлүүд бидэнд бий. Сэтгэлийн шаналалаа уйлаад л гаргачихна, биеийн ядаргааг унтаж амраад л гаргачихдаг тэгэхээр өдөр бүр сайхан шүү.

ХАМГИЙН ИХ ХИЙЖ ҮЗЭХИЙГ ХҮСДЭГ ЗҮЙЛ

Би хүмүүстэй насны хязгааргүй нөхөрлөдөг, сэтгэл нийлсэн сайхан анд найзуудтайгаа саад бэрхшээлтэй бартаатай явган аялал хийх юмсан гэж боддог. Тэр явцад бол улам л дотносож бие биеэ хэн бэ? гэдгээ таньж мэднэ. Аялалд бол маш их дуртай. Эх орноороо, гадны улсуудаар аялах их сайхан.

ТАНЫ БАЙНГА ХЭЛДЭГ ҮГ

“Гайхалтай” гэдэг үгийг их хэрэглэдэг. Хэтрүүлэн хэрэглэдэг байж мэднэ. Хамтран ажиллагсад маань “мэргэжлийн ёс зүй, жам нь, зарчим нь” гэдэг үгийг байнга хэлдэг гэж байгаа.

УНШИЖ БУЙ НОМ

Саяхан Америкаас нэг ном захиалж авчирсан. Сэтгэлийн цочрол гэмтэл авсан хүнийг яаж үнэлэх вэ? сэтгэл заслын эмчилгээ нь ямар байх вэ? гэсэн асуултад хариулт хайж уншиж байна. Европын холбооны ICD-DSM-IY -г нийлүүлээд DSM-V нь гарчихсан юм байна. Бид нарт их чухал мэдээлэл болж байгаа.

ХҮМҮҮСИЙН ЭЕРЭГ СӨРӨГ ХАНДЛАГЫН ТУХАЙД

Тухайн хүний ертөнцийг үзэх үзэл гэдэг юмуу хандлагаас шалтгаалж нэг зүйл дээр зарим нь  эерэгээр зарим нь сөргөөр ханддаг. Хамгийн гол нь хэр зэрэг бодитой хандаж байна вэ? гэдэг л чухал. Сэтгэцийн хувьд эрүүл хүн бол асуудлыг бодитоор харна. Сэтгэцийн хувьд тулгамдсан асуудалтай хүн бол нөхцөл байдлыг дөвийлгөж хэтрүүлж эсвэл дутуу хардаг. Сэтгэцийн эмгэгтэй бол бодит байдлаасаа тасраад хий төсөөллөөр харна, харамсалтай нь өөрөө энэ хэвийн бус гэдгээ хянаж чаддаггүй. Бодит байдал, төсөөлөл хоёр дотроо будилсан байна уу? гэдгийг харах нь манай мэргэжлийн гол онцлог.

СЭТГЭЛ СУДЛААЧИД НИЙГЭМД ЯМАР БАЙР СУУРЬТАЙ БАЙНА ВЭ?

Монголын нийгэмд бол сэтгэл зүйн хэрэглээний салбар дөнгөж хөгжиж эхэлж байна. Уламжлалт ёс заншил, лам, бөө, сүм, шашин хийд энэ орон зайг нөхсөөр ирсэн. Манайд сэтгэл зүйчийн мэргэжил хараахан хамгаалагдаагүй байгаа. Иймд мэргэжлийн бус хүмүүс тоглолт хийх чөлөөтэй талбар хэвээрээ байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруу зөрүү мэдээлэл өгч, бас хүмүүстэй нүүр тулан ажилласаар байгаа нь нууц биш. Энэ байдалд сэтгэл зүйчдийг ард түмний өмнө ойлгомжгүй болгож, улмаар итгэх итгэлийг нь унагаж байгаа тохиолдол цөөнгүй.   

Сэтгэл зүйч бол хүний дотоод ертөнцийн асуудлыг тэнцвэржүүлж сэтгэлийн дархлааг нь бэхжүүлж харилцах, хамтрах, амьдрах, суралцах чадварыг нь бэхжүүлж байдаг, чухал үнэ цэнэтэй өндөр хариуцлагатай ажил. Энэ мэргэжил маань нийгэмд асар их эдийн засгийн хэмнэлт авчирдаг. Нийгмийн тогтвортой хөгжилд маш чухал хувь нэмэр оруулдаг билээ.

УЛСЫН ИРЭЭДҮЙ ТАНЫ НҮДЭЭР

Бид хөгжиж байна. Нэг үеэ бодоход их хурдан өөрчлөгдөж байна. Бид чинь их удаан тайван эмх цэгцтэй ажилладаг байсан бол одоо маш их хурд шаардаж байна. Манай нийгэм 1990 онд  солигдсон. Солигдоно гэдэг бол гурван үеэрээ 60 жилийн хямралыг давах туулах хэрэгтэй болдог байна. Наад зах нь. Эмх замбараагүй байдлыг давах хэрэгтэй болно. Дараа нь итгэл төрөх үү? эргэлзээ гутралын байдалтайгаа явах уу? гэдэг үе. Дараа нь сэргэн мандах уу? эсвэл цөхрөх үү? гэдэг сонголтын өмнө байна. Хэрвээ бид яг энэ чигээрээ явах юм бол дараагийн 20 жил хүмүүсийн ийм байдалтай тулгарна. Одоо дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байна гээд байгаа. Сэтгэцийн тулгамдсан асуудал үүссэн бол зургаан сараас хоёр жилийн хугацаанд сэтгэцийн эмгэг рүү шилжих магадлал  өндөр. Сэтгэцийн эмгэгээр өвчилж эхлэвэл сэтгэл түгших, гутрах, нойргүйдэх, архидан мансуурах, амиа хорлох асуудлууд газар авна. Энэ бүгд газар авахаар гэр бүл салалт, хүүхдүүдийн өнчрөл, хагацал, хараа хяналтгүй хүүхэд, гэмт хэрэг гэх мэт асуудлууд дагана. Энэ бүхэн хяналтаас гарах вий гэдэгт санаа зовнидог. Ийм байдалд орохгүйн тулд нэг өдрийг ч  алдахгүйгээр эрүүл мэнд, нийгэм, эдийн засаг, боловсролын салбарт маш нухацтай хандаж өөрчлөлт хийж үндэсний дархлаагаа бэхжүүлэх хэрэгтэй байна.

Ярилцсанд баярлалаа. Таны ирээдүйн бүх зүйлд маш их амжилтыг хүсье.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл

No comments yet. Why don’t you start the discussion?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *