“Сэтгэл судлаачидтай ярилцъя” ярилцлагуудаа дахин нийтлэж эхэллээ.
Энэ удаагийн зочноор Орхон аймагт дахь “Бодь шид” сэтгэл зүйн төвийн гүйцэтгэх захирал Гэндэнгийн Баярмаа уригдан оролцсоныг дахин хүргэж байна.
Боловсрол
- 1992-1996 онд МУБИС-ийн нийгмийн сэтгэл судлалын анги
- 1996-1998 онд Сэтгэл судлалын ухааны магистр.
Ажлын туршлага
- 1996-1999 онд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн сэтгэл зүйч.
- 2007 оноос өнөөг хүртэл “Бодь шид” сэтгэл зүйн төвийн захирал.
Таны мэргэжлийн онцлог давуу тал
Эртний Энэтхэгийн ертөнцийн эзэн гэгддэг Индра бурханд бөмбөлөг хэлбэртэй торон сүлжээс байдаг. Үнэт чулуу бүхий сүлжээний зангилаа бүрт байгаа нэг чулуунаас ойсон гэрэл нь бусдад тусна. Эхний чулуунд эргэж тусах тэр гэрэл дахиад ойно гэх мэт. Би өөрийнхөө мэргэжлийг тэдгээр үнэт чулууны нэг гэж төсөөлдөг. Хүмүүс бодлуудаа харилцан солилцож, ойлголцож байж л эндүүрлээс мултарч ойлгомжтой болдог. Миний мэргэжлийн давуу тал бол ердөө л энэ. Өөрөөр хэлбэл бодит амьдралдаа бодох бодлууддаа төөрөлдөж, төсөөлөх биш харин бодлуудыг нь ойлгуулдаг ийм л мэргэжил. Би мэргэжлээ бүр эрт 14 насандаа сонгосон учраас үнэхээр их хайртай байдаг. Миний мэргэжил миний үнэт зүйлүүдийн маань нэг.
Ажлын төлөвлөгөө
Олон зууны туршид хүн төрөлхтний үндсэн шашинууд сая сая хүнд ач тусаа өгч, одоо хүртэл сэтгэл санааны амар амгалан, ёс зүйн бат бэх дархлаа болж ирсэн. Би Буддизм, Сэтгэл судлал хоёрыг хослуулах, харьцуулж унших судлах хүсэлтэй. Миний ажлын цаашдын зорилгод Буддизм Сэтгэл судлал хоёрын хоорондох уялдаанд харьцуулалт хийж практик сэтгэл судлал дахь өөрийнхөө хэмжээнд хэрэглэх явдал байгаа. Буддизмын номлол орчин цагийн практик сэтгэл судлалтай харьцуулахад сонирхолтой адил төстэй ижил ойлгож болохуйц зүйл зөндөө байдаг. Тухайлбал: Буддизмын нигүүлсэх, бусдыг энэрэх сургаал нь сэтгэл судлалын уучлах, мартахтай дүйцдэг бол сэтгэцийн эрүүл мэндийн хувьд бясалгалыг эмчилгээний чиглэлээр ашиглаж байна. Буддын шашны өөртөө өөдрөг үзэл болон эерэг чанарыг төлөвшүүлэх, шийдэмгий чанарыг хөгжүүлэх сургаал нь барууны орчин цагийн сэтгэл судлалын хувьд хүний хувийн зорилгодоо хүрэх чухал хүчин зүйлийн нэг болохоор ойлгогдсон байдаг. Японы сэтгэл зүйчид дайснаас өшөө авахад буруу тойрог үүсгэдэг өөрөөр хэлбэл харилцан өшөө авалцаж ач холбогдолгүй байдал үүсгэдэг тухай онолдсон байдаг бол буддын шашинд өрсөлдөгч буюу дайсандаа ихээхэн анхаарал тавьж нигүүлсэнгүй хандах талаар сургасан байдаг. Мөн зовлонгийн тухай асар том ойлголт Буддизмд байдаг ба энэ талаар Сэтгэл судлалд маш өргөн хүрээнд гомдол, ганцаардал, шаналал, сэтгэл гутрал, сэтгэлээр унах, уур уцаар гэхчилэн сэтгэлийн хөдөлгөөний хүрээн дэх ойлголтуудыг хамруулан судалдаг. Буддизмын нэг давуу тал нь эдгээр байдлуудаасаа гарах арга замуудыг нь аргачлал хэлбэрээр гаргаж өгсөнд их давуу юм билээ. Маш товчхон дурдвал энэ. Эхлэл төдий байгаа энэ ажил маань унших харьцуулах, тэмдэглэх, судлах ажил маш их тул цаг хугацаа их шаардагддаг юм байна. Урьдчилсан байдлаар төлөвлөгөө хэд хэдийг гаргасан ч ажлын дараалал, хугацааг солих шаардлага зайлшгүй гардаг юм байна. Эцсийн зорилго бол мэдээж нэг ч гэсэн хүн, нэг ч гэсэн гэр бүл одоо цагтаа амар амгалан, тайван байх сэтгэл хөдлөлийн эрүүл байдлыг өөртөө бий болгож хэвших, бие биенээ хүндлэх, байгаагаар нь хүлээж авах том чадварт суралцах явдал байгаа.
Та өдөрт хэдэн цаг ажилладаг вэ?
Аль болох л завгүй байхыг хичээдэг. Ойролцоогоор 10-12 цаг ажилладаг. Хийх ажилгүй мэт байх өдөр ховор байдаг.
Ажилдаа хамгийн идэвхитэй ажилладаг цаг
Оюуны хувьд миний хамгийн идэвхитэй цаг 16-19 цаг, физиологийн хувьд өглөөгүүр идэвхитэй байх шиг санагддаг. Гэхдээ Монгол хүнд улирлын байдал их нөлөөлдөг шүү.
Амралтын өдрүүдээ хэрхэн өнгөрөөдөг вэ?
Амралтын өдрүүдээ аль болох гэр бүлтэйгээ хамт байж, хүүхдүүддээ цаг зав гаргахыг боддог. Улсын ажил хийдэг болохоор сэтгэл зүйн төвийн ажил, олон нийтийн ажлыг амралтын өдрүүдэд амжуулдаг.
Цагийг хэрхэн зөв зарцуулах талаар
Нэг ажлыг дуусгаад нөгөө ажилруу орно гэдэг миний ажлын хувьд бүтэшгүй байдаг. Зэрэг зэрэг амжуулдаг. Сүүлийн үед амьд биш хэлбэрээр ажлаа амжуулдаг болсон. “Залхуу хүн завгүй” гэдэг үгийг ихэд ойлгож байгаа.
Ишлэл
МИНИЙ МЭРГЭЖИЛ ҮНЭТ ЧУЛУУНЫ НЭГ ХЭСЭГ, АЛИВАА ЗҮЙЛ ЁС ЗҮЙТЭЙ БАЙХ НЬ ЗОХИСТОЙ, ХҮН ОЙЛГОМЖТОЙ, ҮНЭН БАЙХЫГ ХИЧЭЭХ ХЭРЭГТЭЙ.
Сэтгэл судлаач Г.Баярмаа
Сэтгэл судлаачдын амьдралдаа хандах хандлага
Эдийн засагч хүмүүс баян байдаггүй, эмч хүн өвдөхгүй байна гэж байдаггүй, багшийн хүүхэд заавал онц сурдаггүй гэдэг шиг сэтгэл зүйч гээд л аливаад ухаалаг хандах гэж оролдоод, олон талын гаргалгаа үргэлж хийгээд л бусдад зөвлөдөг шигээ өөртөө цаг тутамд хяналт гаргаад байвал өөрийгөө алдана биз дээ. Би тэгэх дургүй. Найзууд, ах дүү нар маань намайг аливаа зүйлд арай л өөр ханддаг гэж хэлдэгт нь урамшдаг. Магадгүй болно-болохгүй, эерэг-сөрөг, аль нь чухал вэ?, ямар үр дагавар гарах вэ? гэдгийг мэргэжлийнхээ хүрээнд ойлгодог болсонд л байдаг байх. Амьдрал дээр сэтгэл зүйчид бусдаас арай давуу харилцааны аргатай, үнэн байгаагаа нууж чаддаг, сэтгэлийн хөдөлгөөнөө хянаж чаддаг болсон байдаг нь бусдаас давуу талтай байх магадлалтай. Магадгүй нуудаг, болгоомжилдог байх. Амьдрал дээр гарсан элдэв асуудлаас миний таамаглал зарим үед батлагдахад өөрийгөө их тоодог. Гэхдээ хүнд хэлдэггүй.
Ирээдүйд таны амьдралд гарах өөрчлөлтүүдийг нэрлэвэл
Би их оптимист/өөдрөг/.
Нэгд: Тааралдсан 10 хүний 8 нь инээмсгэлэж амьдралаа ярьдаг болсон байгаасай. Одоо сэтгэлээ нээж, амьдралаа ярьсан 10 хүний 8 нь уйлж, санааширч, зовж ярьдаг. Би үүнд их эмзэглэдэг. Уг нь бидний л амьдрал. Бид л өөрсдөө ямар байхаа тодорхойлох боломжтой. Гэтэл тийм байх боломжгүй тийм тойрогт бид нийгмээрээ орсон байна. Мэдээж бид бүгд хоорондоо харилцан хамааралтай учраас энэ байдлыг бодлогын түвшинд, хөгжлийнхөө явцад арилгах хэрэгтэй. Арилсаны дараах эерэг нөлөө надад ч гэсэн ирсэн байна байх.
Хоёрт: Нийгмийнхээ нэг эд эс учраас одооний эдийн засгийн хямрал гэгчийг би санхүүгийн, эдийн засгийн гэж хардаггүй. Энэ бол амиа хичээсэн “Би”-гийн симптомтой/шинж тэмдэг/, арал дээр ганцаараа хаягдсан хүний сэтгэлгээтэй хэсэг хүмүүсийн уршигаар бий болсон сэтгэлгээний хямрал гэж хардаг. Ойрын ирээдүйд энэ байдал боловсрол, хүний хөгжил, сэтгэлгээнээс хамаарч бүрэн арилж сайхан болсон байгаасай гэж төсөөлж байна.
Гуравт: Би аливаа зүйлийг ёс зүйтэй байх зохистой гэж боддог. Хайр сэтгэл, хувцаслалт гээд л өдөр тутмын үйлдэл, хэв маяг бүгд ёс зүйтэй байх хэрэгтэй. Өөрчлөгдсөн үү өөрчлөгдсөн, хөгжсөн үү хөгжсөн, өөрийгөө алдсан бол мөхөл. Гэр бүлийн хүмүүжил, хамт олны харилцаа, хувь хүний төлөвшилд ёс зүй давамгайлж, ёс зүйтэй хүмүүс намайг хүрээлдэг болсон байгаасай.
Сэтгэл зүйчийн үүднээс бусдад өгөх зөвлөгөө
Харилцааны явцад хүн аль болох ойлгомжтой, үнэн байхыг хичээх хэрэгтэй. Яаж ойлгомжтой үнэн байх вэ? гэж асуудаг. Энэ нь их энгийн: юу бодож байгаагаа илэн далангүй ярьдаг, эргэлзэж байгаа, мэдэхгүй зүйлээ зөвлөдөг асуудаг байх. Ойлгомжгүй байдлын үр дагавар дандаа сөрөг байдаг. Мэдээж хүний бодол хамгийн эрх чөлөөтэй зүйлийн нэг. Бодлын эрх чөлөөндөө хөтлөгдөөд хамаагүй ярих, асуух бол зохисгүй хэрэг. Бусдыг яг байгаагаар нь хүлээж авч, өөрийн шалгуурыг бусдад тулгаж өөрийгөө зовоодоггүй чадварт өөрийгөө дадлагажуулах хэрэгтэй. Өөрийгөө хөгжүүлье, юмны учрыг ойлгое, мэдлэгээ тэлье гэсэн чин хүсэлтэй л бол сайхан ном, мэдээ мэдээлэл хангалттай гардаг болжээ. Зарим мэргэжлийн хүнээс илүү тухайн шинжлэх ухааныг судалсан, ойлгосон залуус байхад эзэмшсэн мэргэжлийнхээ гол сутийг/гол санаа/ мэддэггүй бакалавр ч байх жишээтэй. Иймд мэдэхгүй, чадахгүй зүйлээ бэлэнчилж бусдаас асуухаа урьтал болголгүй аль болох судлаж, уншиж, хайх хэрэгтэй.
Таны баримталдаг зарчим
Миний амьдралдаа баримталдаг хамгийн том зарчим бол “Миний мэддэгийг тэд мэддэггүй, тэдний мэддэгийг би мэддэггүй” гэсэн харилцан хамаарлын зарчим байдаг. Бие биедээ хүндэтгэлтэй хандах гэдэг бол ёс зүй. Гадаа гуйлга гуйгаад сууж байгаа ядруу эрийг бид хөөрхий дөө гэж хардаг бол магадгүй тэр өөрийн нэг насаараа хайрлана гэж андгай тавьсан бүсгүйтэйгээ аз жаргалтай амьдарч байж болно шүү дээ. Том дарга болоод бусаддаа ихэрхэг зан гаргаж байгаа үе тэнгийн бүсгүй магадгүй гэр бүлдээ хайр амсалгүй байж байгаад гэнэт дарга болж одоо л өөрийгөө бусдад мэдрүүлж байж болно шүү дээ. Тэгэхээр бид бие биедээ хүндэтгэлтэй, энэ хүнд миний мэддэггүй зөндөө юм байгаа гэж харах хэрэгтэй.
Амьдралдаа сэтгэл хангалуун байхад нөлөөлөх хүчих зүйл
Сонголт хийх боломжтой, сонголтоос хамаарсан үр дагавартай асар олон зүйл байдаг. Зөв сонголт бол амжилттай, сонголт буруу бол уршигтай байдаг. Биднээс хамаарах сонголтууд өдөр тутам тулгардаг. Найз нөхөдөө, хань ижлээ, өмсөх хувцасаа, идэх хоолоо, унтах цагаа, ярих темпээ, явах замаа, очих газраа, шийдвэр гаргахаа бид сонгодог. Сонголт хийхийнхээ өмнө дандаа нухацтай бод. Сонголт бол таны амьдралын луужин юм.
Хүмүүсийн эерэг сөрөг хандлагын тухайд
Юунд, хэн хандаж байна вэ? гэдгээсээ хамаарч маш олон янз. Тухайлбал: Иргэний хувьд нийгэмд хандах хандлага, ажилчин хүний хувьд ажил хөдөлмөрт хандаж байгаа хандлага, хосуудын хувьд хайр сэтгэлд хандах хандлага, хувь хүний хувьд өөрт хандах хандлага гэх мэт.Эдгээр олон төрөл хандлагууд эерэг сөрөг гэсэн хэлбэртэй байхаас эсэргүүцэж, нийтийн хүсэл сонирхолоос зөрсөн, үр дагавар буруу гарах хандлагыг сөрөг гээд, дэмжсэн, массын хүсэл сонирхолд нийцсэн, гарах үр дагавар сайн хандлагыг эерэг гэсэн ойлголттой байна. Сөрөг юм болгоныг буруу гэж хүлээж авах нь бас өрөөсгөл. Эерэг юм болгоныг зөв гэж хүлээж авах нь бас өрөөсгөл. Эерэг сөрөг зүйлүүд байж байж л хөгжинө. Хувь хүний эерэг хандлагыг бий болоход тухайн хүний өссөн орчин, хүмүүжил ихээхэн нөлөөтэйн дээр тухайн хүний өөрийнх нь ертөнцийг үзэх үзэл ихээхэн хамаардаг. Хүн аливаа зүйлийг дан эерэгээр бодож, эерэгээр төлөвлөх нь эрсдэлт хүчин зүйлийг тооцоолж, хамгаалалт хийхэд дутмаг болдог.
Таны хамгийн сүүлд уншсан ном
Зарим номыг цагийн дотор гүйлгэж хараад л болчихдог бол заримыг нь хэдэн жилээр уншиж, харж, зурж тэмдэглэдэг, навсайтал нь хэрэглэдэг,бас будаа иддэг ном байдаг. Миний хамгийн олон жил уншсан одоо ч уншиж байгаа ном бол Льюси Жиллийн “Харилцааны технологи” гэдэг ном. Энэ ном нь харилцааны асуудалд орсон хүмүүсийн дунд явуулсан тавиад жилийн судалгааны ажлын үр дүн. Харилцааны асуудалд орсон хүмүүсийн нөхцөл байдлыг судалж үзээд тэдгээр хүмүүс байнга ижил төстэй бэрхшээлд орон, мухардалд ордогийг судалгааны явцад гаргаж ирээд, зөвлөмжүүд, гаргалгааг шинжлэх ухааны үндэстэй тавьсан маш сайн ном байдаг. Энэ ном миний “будаа иддэг” ном. Сүүлд худалдаж авч уншсан ном гэвэл Г.Аюурзаны “Судасны чимээ”. Маш их судалгаа хийж байж бичсэн, ардын уламжлалт эмчилгээ бариа заслыг сануулсны дээр “цаг, мөнгө хоёрыг хямгадаж сураад л бид залуу байхаа больдог” гэхчлэн нүдээ олсон шигтгээ үг олонтой сонирхолтой ном уншлаа. Ер нь миний бодлоор Г.Аюурзана Монголын Харуки Мураки шиг л санагддаг.
Сэтгэл судлаачдын нийгэмд эзлэх байр суурь ямар байна вэ?
Манай орны тухайд Сэтгэл судлалын шинжлэх ухаан түүний хэрэглээ харьцангуй залуу. Тийм учраас сэтгэл судлаачид, сэтгэл зүйчдийн үүрэг нийгэмд тодорхой биш байсаар байна. Зүй нь сэтгэл зүйч, судлаач, шинжээч, зөвлөгчийн үүргээр тодорхой олон талтай, нарийн төвөгтэй харилцаа, харилцан үйлчлэлийн тогтолцоонд илрэх байдлуудыг субъект гэсэн утгаар нь судалдаг учраас энэ мэргэжлийн хүмүүсийн нийгмийн оролцоо асар их. Сүүлийн үе хувь хүн, байгууллагад сэтгэл зүйчдийн хэрэгцээ нэмэгдэж байна. Төрийн байгууллагууд өөрийн ажлын хөтөлбөртөө сэтгэл зүйчдийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажлынхаа хөтөлбөрт энэ чиглэлийн ажлуудыг оролцуулсан байгаад бас их баярлаж байгаа. Цаашид манай нийгэмд сэтгэл зүйчдийн үүрэг оролцоог өөрийн орны онцлогт тохируулж аль аль салбарт ажиллуулах тал дээр бодлогын түвшинд анхаарах байх. Мөн чанартай, мэдлэг өндөр, чадварлаг сэтгэл зүйчид бэлтгэгдэх хэрэгтэй. Тооноос илүү чанарт анхаарах хэрэгтэй санагддаг.
Улсын ирээдүй таны нүдээр
Миний үнэт зүйлийн нэг бол миний төрж өссөн эх орон . Би улсынхаа ирээдүйг өөдрөгөөр төсөөлдөг. Монголын хүн амыг олон болоосой, энэ тал дээр үр дүнтэй өгөөжтэй бодлого явуулаасай гэж хүсдэг. Монголчууд олон болох ёстой. Хөгжлийн нэг хөшүүрэг бол хүн ам ихтэй байх. Манай улс хөгжиж илүү хүчирхэг болно гэдэгт итгэлтэй байдаг.
“Бодь шид” сэтгэл зүйн төв Улаанбаатар хотод бус Орхон аймагт байдаг, тийм учраас уншигчдад төвөө танилцуулаач
Манай төв 2006 онд байгуулагдсан. Мэргэжлийн 2 сэтгэл зүйч ажилладаг. Миний бие зөвлөгөө, Б.Уламбаяр /МУИС төгссөн, Орхон аймгийн МУИС-ийн салбар сургуульд сэтгэл судлалын багшаар ажилладаг/ сургалтан дээрээ тус тус ажилладаг. Орон нутагт тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн сэтгэл зүйн төв юм. Ганц ганцдахгүй, арав аравдахгүй хүмүүст үйлчлэхийг хичээдэг. Элдвийн зар сурталчилгаа, реклам хийдэггүй. Учир нь бид мэргэжлийн ёс зүйг эрхэмлэдэг. Огт сэтгэл судлалын мэдлэггүй, сэтгэл зүйч биш, сурган сэтгэл судлал ч үзээгүй хүмүүс өөрийгөө сэтгэл зүйч гэж нийтэд зарлаж хүүхдэд зөвлөгөө өгөх, өөрөө нийгмийн ажилтан мэргэжилтэй, сэтгэл зүйч гэхээр уран яригч, илтгэгч гэж ойлгодог хүмүүсийг хараад сэтгэл ихэд эмзэглэдэг. Зүй нь сэтгэл зүйчид салбар салбараараа мэргэшсэн, өөр өөрийн чиглэлтэй байдаг. Тухайлбал мэдрэлийн эмч гэмтэлийн эмчилгээ хийдэггүйтэй адил. Хүүхдийн, гэр бүлийн, байгууллагын, харилцааны, спортын, амьтны гэх мэт. Цаашид нийгэмд, хувь хүний хөгжилд сэтгэл зүйчдийн үүрэг, оролцоо улам ихэснэ гэж харж байгаа. Мэргэжил нэгтнүүдээ дэмжсэн, сурталчилсан, мэргэжлийн ач холбогдлыг бусдад мэдрүүлсэн сайхан ярилцлагадаа орон нутгаас анх удаа урьж оролцуулсан явдалд их баярлалаа. Сэтгэл Судлалын Үндэсний Төвийнхөндөө ажлын амжилт хүсье.
Ярилцсанд баярлалаа. Таны ирээдүйн бүх зүйлд маш их амжилтыг хүсье.