Сэтгэл судлаачидтай ярилцъя” ярилцлагуудаа дахин нийтлэж эхэллээ.
Энэ удаагийн зочноор Удирдлагын академийн эрдэм шинжилгээ, зөвлөх үйлчилгээ хариуцсан дэд захирал, доктор профессор, сэтгэл судлаач Шайрайн Батсүх уригдан оролцсоныг дахин хүргэж байна.
Боловсрол
- 1977-1978 онд Монгол Улсын Их Сургуулийн Герман хэлний бэлтгэл
- 1978-1979 онд БНАГУ (хуучнаар)-ын Лейпциг хотын Хердер институтэд Герман хэлний бэлтгэл
- 1979-1984 онд БНАГУ-ын Лейпциг хотын Карл Марксын нэрэмжит Их сургуульд сэтгэл судлалын мэргэжлээр сурч төгссөн.
- 1992-1994 онд ХБНГУ-ын Шпайер хотын Захиргааны Их Сургууль төгсөж Төрийн удирдлагаар мэргэшиж магистрын зэрэг хамгаалсан.
- 1995-2000 онд ХБНГУ-ын Шпайер хотын Захиргааны Их Сургуулийн докторантурт сурч “Монголын төрийн захиргааны боловсон хүчний удирдлагын үзэл баримтлал” сэдвээр Захиргааны шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.
Ажлын туршлага
- 1984-1985 онд Нийслэлийн 63-р тусгай дунд сургуульд Хэл засалч багш
- 1985-1988 онд Архангай аймаг дахь Багшийн сургуулийн орлогч захирал
- 1988-1991 онд Боловсролын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
- 1991-1994 онд Засгийн газрын харъяа Удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх институтид багш
- 1994-1995 онд Засгийн газрын харъяа Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтид багш
- 2000-2001 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийн “Эрдэм” сургуулийн захирал
- 2001-2002 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийн Дэд захирал, Төрийн удирдлагын сургуулийн захирал
- 2002-2010 онд Засгийн газрын тохируулагч агентлаг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга
- 2010 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харъяа Удирдлагын академийн дэд захирлаар одоог хүртэл тасралтгүй ажиллаж байна.
Таны мэргэжлийн онцлог, давуу тал
Сэтгэл судлаач мэргэжлээс гадна төрийн удирдлагаар мэргэшиж докторын зэрэг хамгаалсан, ажилласнаа мэргэшсэн гэж үзвэл газрын харилцаа, геодиз зураг зүй, үл хөдлөх хөрөнгө, дэд бүтцийн асуудлаар 10-аад жил ажилласан. Социализмын үед 10-р анги төгсөөд хуучинаар БНАГУ-ны Лайпцигийн Их сургуульд Вильгельм Вундтийн нэрэмжит институтэд сэтгэл судлалаар суралцаж, Сурганы сэтгэл судлалаар мэргэшиж төгссөн (Вильгельм Вундт сэтгэл судлалыг үндэслэгч, сэтгэл судлалын анхны туршилтын лабраторийг энд байгуулсан). Сэтгэл судлал бол үргэлж хүнтэй ажилладаг, хүнийг ойлгож, өөрийгөө таньж мэдэхэд хэрэг болдог өвөрмөц чухал мэргэжил юм. Хүн бодож сэтгэхээс эхлээд юу хийж, ямар үйлдэл хийх, хүнтэй хэрхэн харилцах, уйтгар гунигтай үедээ ямар үйлдэл хийдэг, түүнийг яаж тайлж тайтгаруулах, яаж баяр баясгалантай болгох вэ гээд олон асуудал бий. Энэ бүхнийг судалдаг их өргөн хүрээтэй мэргэжил юм. Сэтгэл судлалаар сурахад хүртэл бидний үед маш их өргөн хүрээтэй мэдлэг өгдөг байсан. Тухайлбал, бид суралцах хугацаандаа биологи, физиологи, генетикээс эхлээд хүний биеийн анатоми, мөн дээд тоо (математик), статистик, ялангуяа судалгааны арга зүй, боловсруулалт хийдэг аргууд зэрэг олон сонирхолтой хийчээлүүд үздэг байлаа. Түүнээс гадна хүнээс яаж ярилцлага сурвалжлага авах вэ? хүний амьдралын түүхийг хэрхэн яриулах вэ? гээд бас сэтгүүлч та нарын мэргэжилтэй ойролцоо асуудлуудыг ч үзнэ. Сэтгэл судлаачид сэтгэцийн асуудалтай хүмүүстэй ярилцаж байж л онош тавина. Мэдээж мэргэжлийн олон тест, багаж хэрэгсэлүүд бий. Энэ мэргэжил бол их өргөн хүрээтэй мэдлэг, бас торгон мэдрэмж шаардсан амаргүй мэргэжил л дээ.
Ажлын төлөвлөгөө
Яг одоо сэтгэл судлалаараа шууд ажиллахгүй байна. Сүүлийн 20 гаруй жил удирдах ажил хийлээ. Удирдах ажил хийхэд сэтгэл судлалын мэргэжил маань өдөр тутамд хэрэг болдог. Хүнтэй яаж харьцах, яаж түлхүүрийг нь олох, хүн бүхэн өөр өөр түлхүүртэйгээс гадна тухайн хүн өдөр бүр цаг тутамд өөр өөр түлхүүр шаарддаг асар онцлогтой учраас удирдах ажилтан хүнд сэтгэл судлалын мэдлэг ус агаар шиг хэрэгтэй, харамсалтай нь түүнийг манай нийгэмд өнөөдрийг хүртэл бүрэн сайн ойлгохгүй байгаа. Менежмент гэхээр л стратеги боловсруулдаг, төлөвлөдөг, түүнийгээ хэрэгжүүлдэг, хянадаг, шалгадаг, төсөл зохиодог юм шиг л ойлгоод байдаг.
Хамгийн гол нь чи багаар ажиллах ёстой, бүлэг удирдах ёстой, тэгээд хүнийг зорилгод нь чиглүүлж удирдаж, түүнд хүрэх урам зоригийг нь бий болгож ажиллуулах хэрэгтэй. Үүний тулд дарга гэж хүн бий. Өнөөдөр Америкийн менежментийн, төрийн удирдлагын суурь нь тэр чигээрээ сэтгэл судлал болсон байна. XXI зуун бол сэтгэл зүйн зуун гэж хэлж болохоор болсон. Тийм учраас сэтгэл судлал бол удирдах ажил хийж байгаа хүнд маш чухал салбар юм. Би хэдийгээр сэтгэл судлалаараа шууд утгаараа ажиллахгүй байгаа ч гэсэн дам утгаараа өдөр болгон л сэтгэл судлалын мэдлэгийг хэрэглэх шаардлагатай болж, бага залуу насандаа сурсан зүйл маань надад дэм болж байна. Байнга интернет болон бусад эх сурвалжууд, мэргэжлийн ном зохиол онлайнаар захиалан авч уншиж судалж байна.
Би олон чиглэлээр ажилладаг. Тухайлбал, төрийн удирдлагаар сургалт, судалгаанд оролцохоос гадна “Төрийн захиргаа”, “Газрын харилцаа” гээд улирал тутам гардаг мэргэжлийн хоёр сэтгүүлийг сүүлийн 10-аад жил хариуцан тасралтгүй гаргаж байна. Түүнээс гадна Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн тэргүүний үүрэг хүлээж байгаа. Энэ нийгэмлэг санхүүжилт болон бусад асуудлаас болоод төдийлөн сайн ажиллаж чадахгүй байгаа. Бид “Сэтгэл зүйч” гээд нэг сонин гаргаж байгаа. Миний сэтгэл судлаачийн хувьд бодож байгаа ойрын төлөвлөгөө бол Монголын сэтгэл зүйчдийг нэгтгээд идэвхитэй ажилладаг нийгэмлэгтэй болгоод сэтгэл судлал гэдэг хүний амьдралд ямар хэрэгтэй мэргэжил юм бэ, нийгмийг сайн сайхан байлгахад ямар үүрэгтэй юм вэ гэдгийг ойлгуулаад өгчих юмсан гэсэн хүсэл юм. Сонирхуулахад АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Доналд Трамп, Хиллари Клинтон хоёрын сонгуулийн сурталчилгааны үеэр Хиллари Клинтон Америкийн иргэдийн сэтгэцийн эрүүл мэнд ямар байна вэ? гэдгийг сонгуулийн компанит ажлынхаа багаар судлуулж үзсэн байна. Судалгааны үр дүнд Америкийн иргэдийн 70 хувь нь сэтгэцийн ямар нэгэн асуудалтай, сэтгэцийн эрүүл мэнд нь сайн биш байна гэсэн дүн гарсан тухай хэвлэл мэдээллээс сонсож байсан.
Мэргэжлийн хүний хувьд манай Монголд ямар байгаа бол гэж цочирдож байлаа. Бид асар их стресс дарамтанд амьдарч байна. Орчны бохирдол, өвөлд утаа, зунд тоосонцор, агаарын бохирдол, хөрсний бохирдол, машины дуу чимээ, утаа, замын бөглөрөл энэ бүхэн хүнийг өдөр тутамд стресст оруулж хүний сэтгэцийн эрүүл мэндэд асар их хор хөнөөлтэй нөлөө үзүүлж байна. Үүнээс үүдээд хүмүүс ажилдаа очоод, гэртээ хариад асар их бухимдалтай байна. Нийгэм бол их таатай биш байна, үүнийг харамсалтай нь хүмүүс ойлгохгүй байна гэж бодоод дэмий л харамсаад сууж байна. Энэ бүхнээс гарахад сэтгэл судлаачийн хувьд
Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийг тэргүүлж байгаа хүний хувьд энэ чиглэлээрээ өөрчлөлт гаргах юмсан гэсэн бодолтой байгаа. Бид болж өгвөл ойрын хугацаанд сэтгэл судлаачдаа нэгтгээд гишүүнчлэлтэй болгоод, гишүүнчлэлийн татвараасаа нийгэмлэгээ ажиллуулдаг болоод энэ мэргэжлээ нийгэмд ойлгуулж өөрийн гэсэн зүй тогтолтой, хэрэгтэй мэргэжил гэдгийг нь таниулах юмсан гэсэн ойрын зорилготой байна. Энэ салбарт хийх ажил их бий.
Яг одоо төвлөрөн хийж байгаа судалгаа шинжилгээний ажил
Би Удирдлагын академийн Эрдэм шинжилгээ, зөвлөх үйлчилгээ хариуцсан дэд захирлаар ажиллаж байна. Урд нь сургалт хариуцан ажиллаж байсан. Эрдэм шинжилгээ, зөвлөх үйлчилгээ хариуцсан дэд захирлын хувьд Удирдлагын академи 2017 онд тодорхой төсөл, судалгааны ажлууд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа. Эдгээрийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарлаа хандуулна. Энэ онд хийх судалгааны ажлуудын нэг нь Зөвлөх үйлчилгээний хэрэгцээ судлах судалгаа байгаа. Энэ судалгаагаар удирдлагын чиглэлээр ямар зөвлөх үйлчилгээ манай нийгэмд шаардлагатай байна вэ гэдэг хэрэгцээг тодорхойлоод Удирдлагын академиас тэр зөвлөх үйлчилгээний хэрэгцээг хангах ямар багш, судлаачид, зөвлөхүүд, ямар баг бүрэлдэхүүн байна вэ гэдгийг тодорхой болгох юм. Энэ практикт чиглэсэн хэрэглээний судалгаа л даа. Би энэ асуудлыг хариуцаж байгаа учраас уг судалгааг удирдан ажиллаж байна. Мэдээж өөр олон ажлууд бий.
Та өдөрт хэдэн цаг ажилладаг вэ?
Янз бүр, их ачаалалтай үед 17, 18 цаг ч ажиллах үе бий. 2002-2010 оны хооронд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргаар ажилласан. Энэ хугацаанд гурван агентлагыг нэгтгэн зохион байгуулах, Монгол улс түүхэндээ анх удаа эхлүүлсэн газар өмчлөлийн ажлыг хэрэгжүүлэх, шинэ хуулиудыг хэрэгжүүлэх асуудал гээд олон амуудлыг нэгэн зэрэг шийдэхтэй холбоотой манай хамт олон их цаг, хүч гаргаж ажилласан. Энэ үед маш их ачаалалтай ажиллаж байлаа.
Залуу байхад, хүүхэд бага байхад шөнө сууж их ажилладаг байсан. Шөнө 03, 04 цаг хүртэл ажиллаад л өглөө 07-д ажилдаа явчихдаг, одоо бол больсон, ачааллаа харьцангуй багасгаад илүү үр бүтээлтэй байх үүднээс өдөрт 10-аад цаг тогтмол ажиллаж байгаа. Үндсэн ажлынхаа хажуугаар “Төрийн захиргаа”, “ Газрын харилцаа” гээд хоёр сэтгүүл гаргаж байгаа гэж дээр хэлсэн. Энэ бүхнийг ажлын бус цагаар болон хагас, бүтэн сайнд хийдэг. Тиймээс над амралт гэж бараг байхгүй. Маш олон хүмүүсийн өгүүлэл, судалгааны үр дүн, нийтлэлийг аваад уншиж сонголт хийнэ, заримыг нь сэтгүүлийн болгоно, одоо хүмүүс маш их техник алдаатай бичдэг болсон байна, үүнийг засна гээд их цаг зарсан ажил байдаг.
Ажилдаа хамгийн идэвхитэй ханддаг цаг
Шөнө хүмүүс унтсан хойно төвлөрч суух дуртай. Багаасаа сурсан, гэхдээ заримдаа өглөө эрт босоод ажиллахад үр дүн сайтай байдаг.
Амралтын өдрүүдээ хэрхэн өнгөрөөдөг вэ?
Сэтгүүл номтой ажиллана, өөртөө сонирхолтой хэрэгтэй шинэ мэдээллүүдийг олж уншина. Одоо өвөө болсон учраас болж өгвөл ач хүүтэйгээ цагийг өнгөрөөхийг боддог. Хобби багасч байна.
Цагийг хэрхэн зөв зарцуулах талаар
Аль болох богино хугацаанд их зүйлийг амжуулахыг л боддог. Миний амьдрал бүхэлдээ тэгж л явж ирсэн.
Ишлэл
ХҮН БҮР ӨӨР ТҮЛХҮҮРТЭЙ, ЦАГ ТУТАМД ТҮЛХҮҮР ӨӨРЧЛӨГДӨНӨ. МОНГОЛ ХҮН АЧААЛАЛ ДААХ ЧАДВАРТАЙ. ТАНЫ АМЬДРАЛ ТАНЫ ГАРТ.
Сэтгэл судлаач Ш.Батсүх
Сэтгэл судлаачдын амьдралдаа хандах хандлага
Сэтгэл судлаачид өөрсдөө хүнийг хүмүүжүүлэх, амьдралдаа хандахдаа хамгийн муу хүмүүс гэдэг. Мэдээж сайн байхыг боддог. Сэтгэл судлаач хүний хувьд мэдэж сурсан зүйлээ бусаддаа хэлэх, өөрөө хүнийг ойлгож хандах, залуучуудад зөвлөж туслах, аль болох найрсаг байхыг хичээдэг ч Монголд тэр бүр найрсаг байж болдоггүй, хүмүүс буруу ойлгож элэг барьдаг. Би хатуу чанга байж сураагүй, ерөнхийдөө 18 наснаасаа л ардчилсан Герман, хожим 2002 оноос баруун Германд олон жил сурч барууны нийгэмд амьдарсан учраас харьцангуй либерал, ардчилсан үзэлтэй болсон гэж хэлж болно. Аль болох хүмүүстэй элэгсэг дотно, чөлөөтэй байж, зөвлөлдөж ярилцаж асуудлыг шийдэхийг боддог. Энэ бол Монголд бас төвөгтэй, тийм амархан биш. Монголчууд бид тодорхой чиглэл аваад түүнийгээ хэрэгжүүлэх сонирхолтой байдаг. Зөвлөлдөж санаа гаргаж сууж ажиллахдаа Монголчууд жаахан тааруу байдаг юм уу даа л гэж боддог. Бие дааж ажиллаж сураагүй.
Ирээдүйд таны амьдралд гарах таван өөрчлөлт
Урьдчилан таамаглахад хэцүү. Төсөөлж бодож, мөрөөдөж байгаа зүйл олон бий. Түүнээс миний ирээдүйн амьдралд тийм өөрчлөлтүүд гарна гэдгийг Далай лам ч урьдчилж хэлж чадахгүй байх. Далай лам ”Дэлхий ертөнцийг энх амгалан болгохын тулд шашингүй үзэл дээр тулгуурлаж хүн төрөлхтөнийг нэгтгэх юмсан. Үүний тулд ‘Шашингүй ёс зүй’ чухал байна” гэж мөрөөдсөн байна. Энэ бол Далай ламын мөрөөдөл болохоос түүний урьдчилж харж байгаа зүйл биш. Түүнтэй адил надад мөрөөдөл байна. Мэргэжлийн сэтгэл судлаачийн хувьд Монголын сэтгэл зүйчдийг нэгтгэсэн төрийн бус байгуулагыг идэвхитэй ажиллуулах хүсэлтэй. Сэтгэл судлаачдыг мэргэшүүлэх ажилд ахиц гаргах хэрэгтэй байна. Төрөлжсөн нарийн мэргэжлээр мэргэшсэн сэтгэл судлаач их ховор байна. Энэ мэргэжлийн нэр хүндийг нийгэмд өргөх, сэтгэл судлаачид нь өөрөө ёс зүйтэй, мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж чаддаг байх, тэднийг баталгаатай ажлын байраар хангах гээд олон шийдэх асуудал бий. Сэтгэл судлал хэрэгтэй юм байна гэдгийг ойлгуулах зорилго бас байна. Өөрийнхөө сурч мэдсэн зүйлүүдээр залуучуудад, мэргэжлийн хүмүүст хэрэгтэй зүйлийг нь хүргэх тэр утгаараа ном зохиол бичих, сэтгүүл гаргах, өгүүлэл, судалгааны үр дүн нийтлүүлэх ажлуудыг хийсээр байна байх.
Сэтгэл судлаачийн үүднээс бусдад өгөх зөвлөгөө
Бид сайн мэдэхгүйгээс биш Монгол хүн бол стресс ачаалал даах чадвар өндөртэй. Уян хатан, дасан зохицох чадвар сайтай. Нийгэм их стресстэй байна, хүмүүс бухимдал ихтэй байна. Тэр нь орчноосоо ч, өөрсдийн амьдралаас ч, эдийн засгийн хүндрэлтэй байдлаас ч болж байна, хувь хүний өөрийн өссөн орчин, хүмүүжил, бусадтай харьцах харилцаа гэх мэт их олон зүйлээс шалтгаалж байна. Асуудалд хүлээцтэй хандаж, аливаа зүйлийг ухаан зарж шийдэж, ухаарч, ойлгож бусадтай хүндэтгэлтэй харьцаж сурах нь чухал юм. Энэ агаарын бохирдол болон орчны бохирдолоо багасгах талаар төр засаг анхаараасай, хүндээ хандсан бодлого явуулаасай, хүмүүс өөрөө өөрсдийгөө хөгжүүлээсэй гэж хэлмээр байна.
Баримталдаг зарчим
Аль болох тэгш шударга хандахыг, ёс зүйтэй байхыг, мэргэжлийн нэр хүндээ өндөрт өргөж явахыг боддог. Тэр утгаараа бусдад үлгэрлэж тодорхой зүйл хийх юмсан гэж хичээдэг. Сэтгэл судлалынхаа чиглэлээр манай нийгэмлэгийнхэн хамтраад сонин, газрын харилцааны салбарт олон жил удирдах ажил хийсний хувьд “Газрын харилцаа” сэтгүүл, төрийн удирдлагаар мэргэшсэний хувьд “Төрийн захиргаа” сэтгүүл гаргаж байна. Яагаад энэ бүхнийг хийж байна вэ гэвэл би нэг зүйл уншсан юм. Энэ нь юу вэ гэвэл тухайн мэргэжлийг тухайн оронд үүсч хөгжсөн түүхийн он цагийг тоолохын тулд хоёр зүйл дээр анхаарах хэрэгтэй гэнэ. Нэгдүгээрт, тухайн мэргэжлээр тухайн орны их дээд сургуулиудад хэзээ мэргэжлийн тэнхим байгуулагдсан. Хоёрдугаарт, тухайн мэргэжлээр тухайн оронд мэргэжлийн сэтгүүл хэзээ гарсан бэ гэдгийг анхаарч үзэх ёстой.Энэ хоёр зүйлээс тухайн оронд тэр мэргэжил хэдийд баттай үүсч хөгжсөнийг тодорхойлдог хэлсэн байсан юм. Тэр утгаараа би сурсан мэргэжлээ Монголдоо түгээн дэлгэрүүлэх, тухайн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмэр болох үүднээс сонин сэтгүүл гаргах ажлыг цаг заваа ашиглан эрхэлж, санаачилж явна. Мэдээж мэргэжлийн тэнхимүүд бол их дээд сургуулиудад тодорхой хэмжээгээр байгуулагдаад явж байна, энэ чиглэлээр мэргэжилтнүүд бэлтгэхэд судалгаа шинжилгээний ажлын үр дүнг хэвлэж нийтэлдэг мэргэжлийн сэтгүүлүүд байж, тэнд хүмүүс хийсэн бүтээснээ нийтлүүлэх гэж эрмэлздэг, түүнийг олж унших гэж мэргэжлийн хүмүүс болон сонирхсон хүмүүс нь тэмүүлдэг байгаасай гэдэг үүднээс энд цаг зав гаргаж хүчин чармайлтаа гаргаж явна.
Өөртөө амьдралдаа сэтгэл хангалуун байхад нөлөөлөх хүчин зүйл
Хүн өөрөө л амьдралаа зохицуулна. Би амьдралдаа туйлын сэтгэл хангалуун байгаа. Бодож санасан зүйлээ хийж байна, тодорхой хэмжээгээр мэргэжлийн болон мэргэжлийн бус салбаруудад ажиллалаа. Ажилласан газар бүртээ шинэ зүйл хийж амжилттай ажилладаг гэж бодож явдаг утгаараа амьдралдаа сэтгэл хангалуун байна. Сэтгэл хангалуун байхыг хүн өөрөө л бүрдүүлнэ, бусад хүмүүс чиний болон миний сэтгэл хангалуун байхыг зохицуулж чадахгүй. Би өөрөө л хичээх хэрэгтэй, сайн сайхан амьдрахын тулд сурч боловсрох, өөрийгөө дайчилдаг, зорилгодоо хүрэхийн тулд уйгагүй хөдөлмөрлөдөг, ажилладаг, зүтгэдэг байх хэрэгтэй. Ийм байж л сайн сайхан амьдарна. Тийм бололцоо манай нийгэмд улам их бүрдсэн. Социолизмын үед бүх зүйлийг зохион байгуулаад зохицуулчихдаг, төвлөрсөн удирдлагатай байлаа. Одоо хүн сайхан амьдрах уу, муу амьдрах уу гэдгээ өөрөө сонгох бололцоотой болсон. Өөрөө хүчин зүтгэл гаргахгүй бол ангал руу ороход бэлэн болсон нийгэм, сонголт ихтэй байна. Хар тамхи, мансууруулах бодис зэрэг амьдралаа үрсэн зүйл сонгох уу, баяр баясгалантай сайхан амьдрал сонгох уу гэдэг нь чиний л гарт байна.
Амьдралаас авдаг хамгийн сайхан мэдрэмж
Төлөвлөсөн зүйлээ хийчихээд үр дүнг нь харах, энэ сэтгүүл номоо гаргачихаад эхний сэтгүүлийг аваад үзэх, хийсэн төлөвлөсөн зүйлээ хараад би үүнийг төлөвлөөд, санаачлаад хүмүүс хийгээд, ийм үр дүн гарчихлаа гээд харах сайхан байдаг. Би Монголд иргэддээ газар өмчлүүлэх ажлыг түүхэнд анх удаа зохион байгуулсан байгууллагыг нь удирдсан хүн. Тэр утгаараа түүхэн үүрэг гүйцэтгэсэндээ баяртай байдаг. Мөн Монгол, Хятад хоёр улсын хилийг хоёр дахь удаагаа шалгаж баталгаажуулах ажлын Монголын талын ажлын хэсгийн геодези, зураг зүйн асуудал хариуцсан орлогч даргаар гурван жил ажилласан.
Ажиллах явцад урд хилийн бүх хуучин цементэн баганыг бүрэн шинэчилж боржин чулуун баганаар сольсон. Монгол, Хятад хоёр улс энэ хилийг хоёр дахь удаагаа баталгаажуулаад ямар ч маргаангүйгээр өндөр технологийн тусламжтайгаар агаараас зураг авч компьютерт оруулан газрын зургийг нь тоон хэлбэрт шилжүүлээд боржин чулуун багануудаа босгоод “Найрамдлын хил” гэж нэрлэсэн. Урд хөрштэй хиллэдэг хил бол Найрамдлын хил юм. Энэ хоёр орон бол хоорондоо хилийн маргаангүй хоёр тал баталгаажуулж шалгаад харилцан тохиролцсон. Ийм сайхан ажилд оролцсоноороо бас бахархдаг. Энэ мэтчилэнгээр амьдралаас орчин үеийн залуусын хэлдгээр кайф авдаг сайхан зүйлүүд их бий. Мэдээж ач хүүтэйгээ уулзахаараа агаар салхинд гарах, хүүхдээрээ бахархах хамт байх их сайхан. Миний залгамж халаа, амьдралын үргэлжлэл минь гэж мэдэрдэг.
Хамгийн их хийж үзэхийг хүсдэг зүйл
Би 10-р анги төгсөхдөө нисгэгч эсвэл нисэхийн инженер болох юмсан гэж мөрөөддөг байсан. Инженерийн чиглэлээр сурна гэж бодож байгаад сураагүй. Сэтгэл судлалыг тохиолдлоор сонгосон ч өнөөдөр энэ мэргэжилдээ хайртай. Энэ мэргэжлээрээ бахархаж миний ажил амьдралд байнга хэрэг болдог учраас үнэхээр хэрэгтэй сайхан мэргэжил эзэмшсэндээ баяртай байдаг. Энэ бол техникийн чиглэлийн, дэд бүтцийн чиглэлийн инженер биш ч гэсэн хүний инженерийн мэргэжил юм байна гэж бахархаж явдаг.
Бусдад байнга хэлдэг үг
“Чи сэтгэж бодож хийх юм бол хэрэгтэй шүү, чиний толгой бол чимэг биш шүү” л гэж би хүүхэд залуучуудад хэлдэг. Өөрийн хүүхдүүдэд ч мөн адил.
Уншиж буй ном
Саяхан 2017 оны 01 дүгээр сарын 20-нд тангараг өргөсөн АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Доналд Трампийн “Дахин хүчирхэгжүүлье: Зэрэмдэглүүлсэн америк эх орноо сэргээн босгох арга зам” номыг авлаа. Төрийн удирдлага, менежмент, сэтгэл судлал, улс төр зэрэг мэргэжлийн холбогдолтой олон ном уншиж байна. Түүнээс гадна Харуки Муракамигийн “Норвегийн ой” гэдэг номыг уншсан, манай сэтгэл судлаачид энэ номыг бүгд уншаасай гэж бодож байна. Хүний амьдралын, харилцааны нарийн нандин зүйлүүд ихтэй, сургамжтай зүйл ихтэй сайн ном. Ер нь бол Харуки Мураками бол их сонирхолтой бичдэг. Сүүлийн үед олон ном нь манайд орчуулагдсан, ярилцлагууд нь хүртэл гарсан, сонирхолтой зохиолч. Мэргэжлийн ном зохиол үзээд заримдаа уйдахаараа, залхахаараа уран зохиолын ном унших сонирхолтой. Түүний нэг бол “Норвегийн ой” юм.
Хүмүүсийн эерэг сөрөг хандлагын тухайд
Хүмүүжлээс л үүдэлтэй асуудал. Зарим хүмүүс юманд нааштай эерэг сайхан хандаж, амьдралыг баяр баясгалантай хүлээж авдаг. Зарим хүмүүс бүх зүйлийг яршигтай тээртэй хүлээж авдаг. Тийм учраас Монголын гэр бүл, эцэг эхчүүд хүүхдийг 3 хүртэл насанд нь хүн шиг хүн болгох суурийг тавихад нь асар их анхаарах хэрэгтэй байна. Тэр утгаараа бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд, гэр бүлд төрөөс зориуд бодлогоор боломж гаргаж өгөх хэрэгтэй. Хүүхдээ асран хүмүүжүүлэх, болж өгвөл залуучуудыг гэр бүл болохоос нь өмнө тодорхой сургалтанд хамруулах, болохгүй юмаа гэхэд залуу гэр бүлд зориулсан ном, гарын авлага, сэтгүүл хэвлэлээр дамжуулж мэдээлэл, мэдлэгээр хангах зүйлүүдийг хийхгүй бол гэр бүл болоод хүүхэдтэй болчихдог, хүүхэд байтугай өөрийгөө хөгжүүлж хүмүүжүүлж чадаагүй байж яаж тэр нялх хүүхдийг хүн шиг хүн болгох вэ? Тэгээд гэр бүл салж байна.
Үнэн худлыг сайн мэдэхгүй байна, Монголд арван гэр бүл тутмын дөрөв нь салж байна гэсэн судалгаа байна. Түүнээс ч их байж магадгүй гэж бодож байна. Энэ бол туйлын харамсалтай зүйл. Гэр бүл салахад хүүхэд л хохирдог. Мэдээж эцэг эх бол өөр өөр амьдралтай болох юмуу өрх толгойлсон эцэг эх болно. Энэ бол сайхан зүйл биш, ажил амьдралаа авч явахад энэ хүмүүст бэрхшээлтэй. Тийм учраас гэр бүл болоход бэлэн байх ёстой. Хүүхэдтэй болоод хүүхдээ хүн шиг хүн болгоход бэлэн байх ёстой. Үүнд л их анхаарах хэрэгтэй. Ингэж чадвал хүнийг эерэг сайхан хандлагатай зөв хүн болгож хүмүүжүүлж болно. Тийм хүмүүс их байх тусмаа нийгэмд хэрэгтэй.
Монголын нийгэмд сэтгэл судлаачид ямар байр суурьтай байна вэ?
Социализмын үед сургуулиудад багшилж байсан. Боловсролын хүрээлэнд сэтгэл судлаачаар ажиллаж байлаа. Их хязгаарлагдмал байсан тэр үеийг бодвол 1990 оноос хойш боломж нээгдсэн. Маш олон мэргэжилтнүүд бэлтгэж байна. 2000-аад оны дунд үеэс л үнэхээр сэтгэл судлал гэдэг хэрэгтэй мэргэжил юм байна гэдгийг манай нийгэм ойлгож эхэлж байна. Сэтгэл судлаач гэдгийг ойлгодоггүй, бараг өвчтэй хүн үү? гэж хардаг байсан бол хэрэгтэй хүн байна гэдгийг одоо ойлгодог болж эхэлж байх шиг байна. Ялангуяа хууль хяналтын байгууллагуудад сэтгэл судлаачид их хэрэгтэй болжээ гэж дарга нар нь хэлж байхыг сонсоод баярлаж байсан. Энэ мэргэжил бол хүн хаа байна тэнд хэрэгтэй мэргэжил. Сэтгэл судлалын олон шинэ салбарууд үүсч байна.
MRI гэдэг компьютерийн оношилгооны аппаратууд гарснаас хойш хүнийг юу бодохдоо, ямар үйлдэл хийхэд тархины аль хэсэг нь яаж ажилладаг юм бэ гэдгийг хардаг бололцоотой болчихлоо. Түүнээс үүдээд сэтгэл судлал гэдэг мэргэжил байх уу, нейро шинжлэх ухаанд уусав уу гэсэн асуудлууд ч гарсан. Гэхдээ сэтгэл судлал байсаар, улам бүр олон шинжлэх ухаантай хамтарч олон шинэ салбарууд бий болж хөгжсөөр байна. Тухайлбал, нейропсихологи, хүрээлэн буй орчны сэтгэл судлал гэх мэт шинэ салбарууд үүсч хөгжсөөр байна.
Улсын ирээдүй таны нүдээр
Сайхан болно байх, бид өөдрөг байх ёстой. Яг өнөөдөр бол бараан байна. Их сайхан байж болохоор байна. Бид орж ирж байгаа орлогоо зөв ашиглаж, нийгмийг тогтвортой авч явах юм бол монголын ирээдүй сайхан харагдаж байна. Тэгж чадахгүй бол монголын ирээдүй эмзэг, хэцүү байна. Саяхан Удирдлагын академи дээр “Монголын тусгаар тогтнолын нууц: уламжлал, төлөв, хандлага” сэдвээр Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Монгол улсын Гавьяат багш, Удирдлагын академийн профессор Т.Лхагваа лекц уншсан. Түүний өмнө ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч академич Г.Чулуунбаатар “Соёмбо: Монгол төрийн түүхэн ойсанамжийн бэлгэ тэмдэг” гэсэн лекц уншсан. Бид сар бүр ийм “Нээлттэй лекц” зохион байгуулж байгаа юм. Энэ бүхэн Монголын нийгмийн амьдрал, тогтвортой хөгжил, аюулгүй байдал, тусгаар тогтнол зэрэг ирээдүйгээ яаж сайн сайхан болгож оршин тогтнох вэ гэдэгтэй холбоотой холбоотой асуудлууд. Үүнийг бид байнга анхаарч дахин дахин ярьж, яаж тусгаар тогтнолоо хадгалж, илүү сайн хөгжиж эдийн засгийн хөгжлөөрөө дамжуулж тусгаар тогтнолоо баталгаажуулах вэ гэдэг гаргалгааг эрж хайж байх хэрэгтэй. Ингэж ажиллаж байж төрийн ажил илүү сайн байна.
Төрийн албан хаагчид нь байсхийгээд л солигддог, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг алддаг байдлаасаа гараад тогтвортой ажилладаг, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх зүйн орчин нь тогтвортой таатай байдаг, тэдэнд ойлгомжтой байдаг орчин бүрдүүлээд, ашигт малтмал болон бусад орлогоосоо олж байгаа орлогоо зөв хуваарилаад явах юм бол Монголын ирээдүй сайхан байна. Ашигт малтмалаас гадна Монгол хүний толгойд асар их хүч нөөц байгаа гэдгийг бид ойлгох ёстой. Америкийн Холливудын нэг сайн найруулагч, нэг сайн киног тухайлбал, 200 сая доллараар хийлээ гэж бодоход түүнийгээ долоо хоногийн дотор хэд нугалаад олчихож байх жишээтэй. Бидний яриад байгаа өр зээл, ашигт малтмалын орлогыг бол ганцхан киноноос дор нь олж байна. Монгол хүн сэтгэх чадвар сайтай. Энэ чанараа ашиглаад Монгол брендүүдийг бий болгох бололцоо нөхцөлийг хангаж дэмжиж өгөх явдал бол Монголын ирээдүйн хөгжлийг улам сайн сайхан болгоно гэдэгт итгэж байна. Төр нь хүндээ чиглэсэн бодлого явуулж, хүмүүс нь бие биенээ хүндэтгэн дэмжиж ажилладаг соёл, уур амьсгал бүрдвэл Монголын ирээдүй сайхан байна.
Ярилцсанд баярлалаа. Таны ирээдүйн бүх зүйлд маш их амжилтыг хүсье.