Төлөвлөсөн ажлаа хойшлуулсаар л байна уу? /Procrastination/

Төлөвлөсөн ажлаа хойшлуулсаар л байна уу? /Procrastination/

Хүн бүр л ямар нэгэн зүйлийг хойшлуулж байдаг. Заримдаа бидэнд хойшлуулах шаардлага ч гардаг. Гэхдээ таны аливаа зүйлийг хойшлуулах хандлага байх хэмжээнээсээ хэтрээд байгаа юм биш биз. Маргааш хийе, гэртээ хариад тухтай хийе, яг 1 цагийн дараа эхлье, нэг мөр хийе, угаасаа дараа нь хийчих юм чинь гэх мэтээр шалтаг гаргаж хийх ёстой эсвэл хийхийг хүсэж байгаа бүхнээ хойшлуулсаар таны өдөр тутмын амьдралд сөргөөр нөлөөлөөд байна уу?

Судалгаануудаас үзэхэд хүн хийсэн зүйлийнхээ араас биш хийгээгүй үлдээсэн зүйлдээ илүү ихээр харамсдаг байна. Үүний үр дүнд алдсан боломждоо харамсах, өөрийгөө буруутгах мэдрэмж төрдөг ба тэдгээр мэдрэмж тийм амархан дарагддаггүй байна. Хүмүүс аливаа зүйлийг хойшлуулаад байгаагаа залхуурлаас болж байна гэж бодох хандлагатай байдаг.  Яг үнэндээ алдахаас айх айдас, түгшүүр гэх мэт суурь шалтгаанууд бий. Хойшлуулах болон залхуурах хоёр нь хоорондоо ялгаатай. Хойшлуулах хандлага нь хийх хүсэл эрмэлзэлтэй боловч өөрийгөө дайчилж чадахгүй байхыг хэлнэ. Харин залхуурал бол юу ч хийхгүй байх нь илүү тааламжтай байхыг хэлнэ.

Тэгвэл яагаад хойшлуулдаг вэ?

Ихэнх сэтгэл судлаачид хойшлуулах хандлагыг /procrastination/ нэг төрлийн зугтах зан үйл /avoidance behavior/ гэж үздэг байна. Судалгаагаар хүн хийх гэж байгаа ажлаасаа зугтдаггүй харин тэр ажлаас шалтгаалан төрж буй сөрөг мэдрэмжээс зугтдаг байна. Өөрөөр хэлбэл сөрөг мэдрэмжээ алга болгохын тулд чухал ажлаа хойшлуулдаг гэсэн үг юм. Үүнд:

  • Perfectionism буюу төгс хийх хүсэл. Зарим хүмүүс аливаа зүйлийг төгс хийх хүслээсээ болж алдаа гаргахаас айдаг ба энэ нь бусад ажлуудаа хойшлуулахад хүргэдэг байна.
  • Мэдэхгүй зүйлээсээ айх. Заримдаа хүмүүс мэдэхгүй зүйлээ туршиж үзэхээс айдаг. Өөрөөр хэлбэл таны хүсээгүй үр дүн гарахвий гэдгээс айдаг.
  • Урмаар дутах. Таны дуусгасан ажлыг хэн нэгэн үнэлэхгүй байх, хэт их шүүмжлэх, хийх ёстой гэж хүлээн авах гэх мэт дүр зураг танил сонсогдож байна уу?
  • Таны хийх ёстой эсвэл хийхийг хүсэж байгаа ажлууд танаас маш их тэвчээр, хичээл зүтгэл шаардана гэдгийг мэддэг. Гэхдээ удаан хугацаанд хичээл зүтгэл гаргаж, тууштай байхаас зайлсхийдэг.
  • Өмнө хийж үзээгүй зүйлээсээ айх. Би хийж чадахгүй бол яана? Яаж хийх вэ? буюу тодорхойгүй байдлаас болж түгшэж эхэлдэг байна.
  • Алдахаас айх
  • Өөртөө итгэлгүй байдал гэх мэт маш олон шалтгаан бий.

ХОЙШЛУУЛАХ ХАНДЛАГААС ҮҮСЭХ ЭРСДЭЛД:

Сэтгэл гутралд өртөх, стрессдэх, хямрах, өөрийн үнэлэмж буурах, бусадтай харилцах харилцаанд сөргөөр нөлөөлөх зэрэг багтана.

Танд эдгээрээс аль нь танил байна вэ?

  • Хийх ёстой ажлаа эцсийн минутад дуусгадаг
  • Хийхийг хүсэж мөрөөддөг бүхнээ хойшлуулсаар л байдаг
  • Өдөржин завгүй байсан ч гэсэн юу ч хийж дуусгаагүй юм шиг санагдах
  • Хийх ёстой зүйлсийн жагсаалт гаргадаг ч аль нь ч дуусдаггүй
  • Хийх ёстой ажил байгаа ч зүгээр л эхэлж чаддаггүй
  • Өдөржин цагийг дэмий өнгөрүүлдэг. /утсаараа оролдох, видео тоглоом тоглох, тв үзэх/ Орой нь юу ч хийгээгүй юм шиг санагдаж харамсдаг.

Харин бид тухайн ажил:

  • Хийхэд амархан
  • Хүчин чармайлт шаарддаггүй
  • Хийхэд таатай
  • Яаж хийхээ мэддэг
  • Үр дүн нь тодорхой бөгөөд эерэг
  • Эрсдэлгүй үед хэзээ ч хойшлуулдаггүй байна.

Гэхдээ хичээл зүтгэл шаарддаггүй, таныг ядраадаггүй, ямар ч эрсдэлгүй ажлууд таныг хөгжүүлдэггүй шүү дээ. Алдарт сэтгэл судлаач Карл Рожерс хэлэхдээ хүний суурь сэдэл нь хөгжих гэсэн байдаг. Бид өөрсдийн хийхийг хүссэн зүйлээ хийж амжилтанд хүрэхийн тулд өөртэйгөө, өөрийн аливаа зүйлийг хойшлуулдаг байдалтайгаа тэмцэх хэрэгтэй.

Тэгвэл яах вэ?

  • Хойшлуулаад байгаа гол шалтгаанаа олох. Юуг, хэзээ, хаана, ямар үед хойшлуулаад байна вэ? Таны анхаарлыг сарниулж, танд саад болоод байгаа зүйлсийн жагсаалтыг гаргах. Үүний гол зорилго нь өөрийгөө таньж, мэдэх /self-awarenes/ юм.
  • Яг одоо. Ямар нэгэн зүйлийг хийе гэж бодогдсон дариуд өөрийгөө дайчлан шууд босоорой
  • Яаж дуусгах вэ? гэдэгт бус эхлэхэд анхаарлаа хандуулах. Зүгээр л ЭХЭЛ
  • Чухал ажлуудаа ангилах. Яаралтай ажлуудаа хийсээр л байх юм бол чухал ажлаа хийх цаг гарахгүй. Тиймээс эхлээд чухал ажлаа хийж эхлэх хэрэгтэй
  • Хийх ёстой ажлаа олон жижиг хэсэгт хуваах. Жишээ нь:500 хуудастай номыг уншиж дуусгана VS өдөрт 5 хуудас уншина
  • Хийх зүйлсийнхээ жагсаалтаас хамгийн хурдан дуусах ажлаас эхлэх. Ингэснээр танд дараагийн ажлаа хийх урам өгөх юм
  • Өөрийн хамгийн өндөр бүтээмжтэй болон хамгийн бага бүтээмжтэй ажилладаг цагаа тодорхойлон ажлаа төлөвлөх
  • Бодит эцсийн хугацаанаас өмнө ажлаа дуусгах өөр эцсийн хугацаа товлох
  • Өдөрт хийсэн зүйлээ жагсаалтаасаа хасах, дарах
  • Төлөвлөсний дагуу ажлаа хийсэн бол өөрийгөө шагнах
  • Хийж буй ажлынхаа эерэг үр дүнг төсөөлөх. Яагаад хийж байгаа вэ? Энийг хийснээр надад ямар ашигтай вэ? Хийж дууссаны дараа ямар мэдрэмж төрөх вэ? гэх мэт.
  • Таны хийсэн ажил зарим талаараа дутагдалтай гэдгийг хүлээн зөвшөөрөх. Бүхнийг төгс хийх гэж хичээх хэрэггүй.

Өнөөдөр хийж болох ажлыг маргааш гэж бүү хойшлуулаарай.

Сэтгэл судлаач Г.Отгонцэцэг
Эх сурвалж:
 https://www.sciencedirect.com/science/article/pii/B9780128028629000086
https://onlinelibrary.wiley.com/doi/abs/10.1111/spc3.12011 
Leave a Comment

Comments

No comments yet. Why don’t you start the discussion?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *