Сэтгэл судлаач Цоодолын Энхжаргал

Сэтгэл судлаач  Цоодолын Энхжаргал

“Сэтгэл судлаачидтай ярилцъя” ярилцлагуудаа дахин нийтлэж эхэллээ.

Энэ удаагийн зочноор ЭнПиСи энд Мандал хүний нөөцийн зөвлөх компанийн Гүйцэтгэх захирал, Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн үүсгэн байгуулагчдын нэг сэтгэл судлаач Цоодолын Энхжаргал уригдан оролцсоныг дахин хүргэж байна.

Боловсрол

  • 2002-2003 онд ОХУ /МАДИ/ хэлний бэлтгэл курс,
  • 2004-2007 онд ОХУ Москвагийн Улсын багшийн их сургуульд /МПГУ/ сэтгэл судлалын бакалавр,

Ажлын туршлага

  • 2006 онд ОХУ 100-р дунд сургууль туслах сэтгэл судлаач,
  • 2007-2010 онд “Сэтгэлийн толь” сэтгэл зүйн төвд сэтгэл судлаач
  • 2008-2010 онд АУИС, НЭМС-ын “DREAM IT” төслийн багийн гишүүн, сэтгэл судлаач
  • 2010 оноос Сэтгэл Судлалын Үндэсний Төв сургалтын албаны дарга
  • 2014 оноос ЭнПиСи энд Мандал хүний нөөцийн зөвлөх компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Таны мэргэжлийн онцлог давуу тал

Аливаа сэтгэл зүйн учир шалтгааныг судалж илрүүлдэг, өөрчлөх суурь арга технологийг гаргадаг. Түүнийгээ асуудал өөрчлөлт байвал өөрчлөх суурь арга технологи боловсруулж гаргаж ирдэг гэж боддог. Модоор зүйрлэвэл сэтгэл судлалын шинжлэх ухаан модыг тэтгэж ургахад нөлөөлж байдаг үндэсрүү очдог. Нүдэнд ил харагдах хэсэг нь гоё сайхан харагдах боловч яг үндэс нь үүнийг шийддэг юм, үндэсрүү очиж судалдагаараа их онцлог давуу талтай. Судлаад орхичихдоггүй эргээд яаж сайжруулах вэ? хүн төрөлхтөнийг магадгүй урт хугацаанд сэтгэл хангалуун оршин тогтноход тусалдаг маш том шинжлэх ухаан гэж хардаг. Тэрний элч төлөөлөгч нь сэтгэл судлаач мэргэжил.

Ажлын төлөвлөгөө

Уншигчдад ойлгогдох үүднээс дунд, урт хугацаа гэж ангилъя. Дунд хугацааны маань зорилго бол монгол хүнийг илүү бүтээмжтэй ажиллахад нөлөөлж байгаа сэтгэл зүйн хүчин зүйлийг тодорхой болгоод түүнийгээ амьдралд хэрэгжүүлэх арга технологийг боловруулах, монгол хүнийг бүтээмжтэй болгох арга технологийг сэтгэл зүйн талаас нь судалж, холбож, нээн илрүүлж монгол хүмүүс дээрээ  нэвтрүүлэх. Үүний тулд аргаа маш сайн олон тал дээр үндэслэж боловсруулна. Энэ ажил маань хийгдчихсэн байгаа. Өнгөрсөн хугацаанд бид 2013-2016 оны хооронд ойролцоогоор 3000 гаруй ажил хөдөлмөр хийж байгаа ажилтнууд, удирдах шатны хүмүүс дээр судалгаа хийсэн. Энэ судалгаагаа сэтгэл зүйн хүчин зүйлийн судалгаа гэж нэрлээд хийсэн байгаа. Монгол ажилтны бүтээмжийг ерөнхийдөө сэтгэл зүйн таван үндсэн суурь хүчин зүйлээр тодорхойлсон байгаа.

1-рт хүнийг бүтээмжтэй байхад зорилгын мэдрэмж чухал байдаг. Юунд зорьж байгаагаа мэдэхээрээ илүү бүтээмжтэй, тууштай, эрмэлзэлтэй, шантардаггүй болж эхэлдэг. 

2-рт нь харилцааны ур чадвар. Бид бүхий л цаг үед юу ч хийж байсан хүнтэй л харилцдаг. Компьютер дээр сууж байгаа хүн ч гэсэн ямар нэгэн байдлаар хүнд хүргэхийн тулд хүнтэй харилцах л хэрэгтэй болно. Тэгэхээр харилцаанд оролцохдоо хүн өөрийгөө ойлгох ёстой байдаг. Энэ чадвар бол хүнийг бүтээмжтэй байхад нөлөөлдөг. Харилцан ойлголцож үр бүтээлтэй хэрэгтэй зүйл хийхийг төсөөлж байдаг. Багаар ажиллах чадварт нөлөөлнө. Заримдаа бид хүмүүсээс өөрийнхөө чаддаг зүйлийг нэхдэг, бусад хүмүүст ч гэсэн чаддаггүй зүйл байдаг. Бас чаддаг ил далд хүчин зүйл байгаа гэдгийг ойлгох юм бол багаар маш сайн ажиллаж чаддаг. Багаар ажиллаж байж л бүтээмж илүү өндөртэй байдаг. Нэг хүний бүтээмж таван хүний бүтээмжээс маш өөр байна. 

3-рт нь стрессээ зохицуулах чадвар. Яалт ч үгүй бид стресстэй нийгэмд амьдарч байна, магадгүй стресстэй дэлхийд байгаа. Өөрсдөө үүсгэсэн учраас үгүйсгэх аргагүй. Гэхдээ хямраад байж болохгүй. Аль болох түүнийг удирдах ёстой, удирдагддаггүй зүйл биш удирдах боломжтой зүйл. Өөрт байгаа сэтгэл хөдлөлийг хүн удирдаж болно, хүн бүрт сонголт байдаг. Сонголтуудаа зөв зохицуулаад гол нь оюун санаа, сэтгэл, бие гурвуулаа салаад явж болохгүй. Хоорондоо бие биеэ мэддэг байх ёстой. Өөрийнхөө биеийн онцлогт тохируулаад хүн ажлаа төлөвлөдөг байх ёстой.

Ажлынхаа дундуур завсарлага авах амрах чадвартай байх ёстой, гэх мэтчилэн эрч хүчээ нөөцлөх хуваарилах сэргийлэх нэмэгдүүлэх арга барилд хүн суралцах ёстой. Эдгээр хүчин зүйлүүд нь ажлын талбар дээр байгаа бүтээмж дээр, хүн дээр их яригддаг. Ажил хөдөлмөр хийж байгаа хүн бүтээмжтэй байж чадах юм бол улс орноо авч явна. Хэн нэгэн бодлого гаргадаг хүн биш хийж гүйцэтгэж байгаа хүн л үнэндээ бүтээн байгуулалтыг, хөгжлийг авчирдаг. Тэгэхээр сайн гүйцэтгэх хэрэгтэй. Хичнээн судлаад төлөвлөгөө гаргадаг ч хийж чадах чадамжгүй бол энэ ямар ч хэрэггүй хоосон цаасан дээрх үгс болж хувирна. Бүтээмжийг маш их чухалчлах ёстой.

Энэ технологийг монголдоо гаргаж ирэх, урт хугацааны зорилго бол маш том алсын хараа. Сэтгэл судлалын шинжлэх ухаанд чанагдаж байгаагийнхаа хувьд онолоос илүү онолыг практиктай хослуулах бас л бусад шинжлэх ухаантай адилхан зүйл. Судлагдсан мэдлэгүүдийг эргээд нэвтрүүлэх хүний амьдралд хэрэгжүүлэх өдөр тутам дэлгүүр ороод талх авдагтай адилхан сэтгэл судлалыг хэрэглэж чаддаг тийм хэмжээнд аваачих ёстой. Манай үндэстэн жижигхэн ч жижигхэн гээд байж болохгүй. Эсвэл Чингисийн Монгол гээд цээжээ дэлдээд хоосон суугаад байж болохгүй. Дэлхийд оршин тогтнож байгаа үндэстнийхээ хувиар тодорхой хэмжээнд дэлхийд эерэгээр өөрийнхөө байр суурийг гаргаж ирэх ёстой. Байр сууриудын нэг нь Монгол судалгаа, Монгол хүмүүсийн бүтээмжийг бусад орнуудтай хуваалцах, бид дандаа гаднаас суралцах гээд байна, яагаад Монголоос суралцаж болохгүй гэж олон зуун мянган жилийн түүхтэй үндэстнүүдээсээ дандаа суралцдаг. Чингисийн Монгол гэдэг шинжээр нь танина одоо дараагийн имиджээ бид бүрдүүлэх хэрэгтэй болсон. Хэдий болтол Чингисийн Монголоороо явах вэ? Одоо Чингисийн Монголоороо байж чадахгүй бол гайхуулаад яахав. Одоо бид байгаагаараа гайхагдаж туршлагаа хуваалцах хэрэгтэй, бусад үндэстнүүдтэйгээ. Монголын хийж чадах зүйл бол үндэсний сэтгэл зүйн онцлогууд байдаг.

Маш сайн дасан зохицох чадвартай, суралцах чадвартай нэг талаараа зөрүүд өөрийнхөөрөө юм шиг боловч нөгөө талаараа нөхцөл байдлыг хурдан удирдаж хэрэгтэй ашигтай талд нь эргүүлж чадах хөрвөх чадвар монгол хүнд байдаг. Тэр чадваруудаа нотлоё. Нотлоод бүр Монгол арга гаргаад ирье жишээлбэл “Монгол амьдрах арга” гээд нэр өгөөд бүтээмжтэй ажиллаж чаддаг, амьдарч чаддаг илүү бүтээлтэй утга учиртай сэтгэл хангалуун байж чадах тэр технологио олон улсад гарахад нь л туслая гэж боддог. Миний зорилго үргэлж “би” байдаггүй, энэ том зорилго энэ хийж байгаа бүх зүйлд багаар ажилладаг учраас бидний зорилго гэж ярих ёстой. Тэд миний нэг хэсэг байх нь миний зорилго, төлөвлөгөө гэж хэлж болно.

Яг одоо төвлөрөн хийж байгаа судалгаа шинжилгээний ажил  

Байгууллагын сэтгэл зүйгээр нь менежмент хийх, сэтгэл зүйд суурилсан менежментийг хийх арга технологийг гаргах, олон монгол компани байгууллагуудад нэвтрүүлэх зорилготой ажил дээр маш их төвлөрч байгаа. Монгол хүний бүтээмжтэй ажиллах хүчин зүйлийг судлаад, нотлоод батлах, баталгаатай зүйлийг бусдад санал болгох ёстой. Үүнээс улбаалаад маш олон төрлийн үйлчилгээнүүдийг бий болгож байгаа. Сэтгэл судлалыг хэрэглэдэг болгоход бид нар сэтгэл судлалыг саяхныг болтол сэтгэл зүйчтэй ганцхан уулзаад хэцүү байгаа асуудлаа яриад зөвлөгөө авчихдаг юм байна гэж харж байсан. Одоо бол үгүй. Хэрэглээд цаашаа ахих, урагшлах зөвхөн асуудал биш энэ байгаа нөөцөө нээн илрүүлээд хөрсний дор байгаа үндсээ задлаад маш олон очир алмаазууд байгаа ш дээ. Бид зөвхөн нуугдсан бөмбөг хайгаад байгаа хэзээ дэлбэрчих бол гээд эрсдэлийг л хайгаад байгаа. Боломжийг бас давхар хайх хэрэгтэй.

Хичнээн гоё техник технологи хөрөнгө оруулалтаас илүү байгууллагыг хүн л төлөөлдөг.  Шавхагдашгүй нөөц бол хүн байдаг. Нэг том эрсдэл бол хүн өөрөө мөн. Чухал хүн өвдөхөд л тэр байгууллагт нэг асуудал гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ бас нөөцтэй байх ёстой, тэр хүн байхгүй бол өөр хэн байх вэ? хэнийг бэлдэж байх вэ? эсвэл байгаагаа тэр өөрөө ч мэдэхгүй байгаа нөхдүүдийн ур чадварыг нээн илрүүлээд түүндээ дөрөөлж хөгжүүлэлт хийх юм бол хүн хэд дахин үнэлэгдэж магадгүй ид шид гэж нэрлэж болох үр дагавар, нөлөөг өөртөө болон байгууллага улс орондоо авчрах боломж нь байдаг. Энэ бол маш олон судалгаагаар батлагддаг.  Хүний потиенциал чадвар бол гайхамшигтай зарим нь бол бүр бурхан шиг. Тэр чадваруудыг нээмээр байна, энэ бол хоосон зүйл биш судалгаагаар дахин дахин гарсаар л байгаа. Монгол хүн авъяастай юм байна дэлхийд гайхагдах зүйл ихтэй юм байна гэдгийг олон туршлагууд харуулж байна.

Өдөрт хэдэн цаг ажилладаг вэ?

Дунджаар есөн цаг ажилладаг. Яг л ажлын найман цагтаа. Ер нь бол кариерийн эхэнд юмуу компаниа, байгууллагаа, Сэтгэл Судлалын Үндэсний Төвөө хамт босгож ирэхдээ маш их цаг ажиллах хэрэгтэй болж байсан. Явцын дунд илүү их ажилласнаараа илүү их бүтээмж гардаггүй юм байна гэдгийг ойлгосон. Богино хугацааны ажилд бол мэдээж үр нөлөөгөө үзүүлнэ. Хүн чинь нөөцтэй байдаг. Утасны зайгаар бол өдөртөө дахиад цэнэглэхгүй бол хэсэг хугацаанд ажиллаад зай суудаг гэдгийг ойлгосон учраас есөн цагаас илүү ажиллахгүй байхыг хичээдэг. Эргээд тэнцвэрээ олдог, эрч хүчээ авдаг, маргааш өглөө нь инээгээд 100 хувь дүүрэн цэнэгтэй орж ирэхэд тусалдаг.

Ажилдаа хамгийн идэвхитэй ханддаг цаг

Үдээс өмнө. Сэтгэл зүйн тестээр бол болжмор хэв шинжийн хүн. Өглөө эрт сэрээд үдээс өмнө 12 цаг хүртэл миний биологийн цаг тэгж таардаг. Орой тийшээ бол уначихдаг.

Ишлэл

ЮУНД ЗОРЬЖ БАЙГААГАА МЭДЭХЭЭРЭЭ ИЛҮҮ БҮТЭЭМЖТЭЙ, ТУУШТАЙ, ЭРМЭЛЗЭЛТЭЙ, ШАНТАРДАГГҮЙ БОЛЖ ЭХЭЛДЭГ.

ОЮУН САНАА, СЭТГЭЛ, БИЕ ГУРАВ САЛЖ БОЛОХГҮЙ.

БҮТЭЭМЖИЙГ ЧУХАЛЧЛАХ ЁСТОЙ.

Сэтгэл судлаач Ц.Энхжаргал

Амралтын өдрүүдээ хэрхэн өнгөрөөдөг вэ?

Хувь хүн талаасаа хийх дуртай зүйлдээ цаг гаргахад бага байдаг. Хичнээн хүссэн ч өөртөө хоёр цагийг зарцуулахад хэцүү байдаг учраас яг дуртай зүйлдээ зориулдаг. Гэр бүлийнхээ гишүүддээ цаг гаргах тэр хүмүүст л би цаг гаргаад байгаа юм биш тэр дотор нь би бас өөрөө явж байгаа. Хамтдаа цагийг сайхан өнгөрөөх, тоглох, агаар салхинд гарах, шинэ гарсан зүйлүүдийг үзэж танилцах, гэр бүлийн найзууд дээрээ очих, аав ээжтэйгээ уулзах гэр бүлийн гишүүдийнхээ тусламжтайгаар амралтын өдрийн төлөвлөгөө бол манай гэр бүлд ажлын өдрийн төлөвлөгөө шиг гардаг. Төлөвлөх нь их таатай байдаг. Төлөвлөгөөнийхөө дагуу юу хийхээ мэддэг өөрийгөө бэлддэг. Чадвал ном уншина, кино үзнэ. Хүн хүсэх л юм бол дуртай зүйлдээ цаг гаргадаг.

Цагийг хэрхэн зөв зарцуулах талаар

Саяхныг болтол, хоёр гурван жилийн өмнөхөн гал сөнөөгч шиг ажиллаж амьдарч ирсэн юм шиг санагддаг. Олон хүн хэлдэг асуудал гарахаар л шийддэг яасан ч мундаг юм, монголчууд яг л тэгж амьдардаг. Мөнгөгүй бол тэр дор нь мөнгө шийддэг, тийм болохыг нь мэдэж байсан мөртлөө тулгадаг. Өөрөөс шалтгаалсан болон бусдын гаргасан галыг унтрааж явсаар байгаад ер нь бол цаг алддаг гэдгийг ойлгосон учраас аливаа зүйлийг цаг гаргаж бодоод том зургаар нь харж эхэлсэн. Хэдэг мянган километрийн дээрээс харах хэрэгтэйг ойлгосон. Тэгэх юм бол бүх зүйл алган дээр тавьсан юм шиг харагддаг юм байна лээ.

Доороос хараад байхаар л хэтэрхий том асуудал шиг санагдаж байсан бол дээрээс харахаар энэ бол боломжтой зүйл. Алсаас төлөвлөж эхэлдэг болсон. Зөвхөн төрсөн өдрөөрөө эсвэл 12 сарын 31-нд төлөвлөдөг биш. 80 наслая гэж бодвол 80 настайдаа юу хийчихсэн байх юм 80 настайдаа тийм байхын тулд 40 настайдаа нэлээн ажил амжуулсан байх хэрэгтэй болно. 40 настай хийхийн тулд 35 настайдаа юу хийх ёстой вэ?  ингэж харснаар цаг зарцуулалт маань маш амжилттай болсон. Жилийн төлөвлөгөөгөөгөө улирлаар нь харлаа, сараар нь харлаа, тэгээд л долоо хоногийн төлөвлөгөө маш тодорхой болчихдог.

Сэтгэл судлаачдын амьдралдаа хандах хандлага

Сэтгэл судлалын шинжлэх ухаан сэтгэл судлаач хүний бие хүнд маш олон талаар эерэг нөлөө үзүүлдэг гэж боддог. Надад ч алхам тутамд нөлөөлсөөр байна. Бүх л шинжлэх ухаан адилхан. Мэс заслын эмч нэг өдөр хальтирч унаад гараа хугалахгүй гэх, шүдний эмчийн шүд нь өвдөхгүй гэх баталгаа байхгүй, хүн л юм чинь сэтгэл зүйн асуудал үүсэх нь тодорхой. Ялгаатай талтай гэдгийг хүлээн зөвшөөрч байна хэр сэтгэл судлалынхаа ололт амжилтыг өөрөө хүлээж аваад ашиглаж байгаагаас нь хамаарна гэж бодож байна. Хүнээсээ их шалтгаална. Сэтгэл судлалын шинжлэх ухаан бол сэтгэл судлаач хүнд асар их зүйлийг өгдөг.

Тодорхой хэлье. Намайг оюутан байхад манай багш  ер нь бол сэтгэл судлалын их сургуулиуд хамгийн гол зорилго нь нэг ч гэсэн сайн аав ээж төрүүлэх юм гэж хэлж байсан. Бид нар чинь нийгмийг өөрчлөх гэж агуу зүйл бодож байсан чинь хувь хүн дээрээ бодоогүй байсан юм байна, би сайн ээж, эхнэр, сайн охин байх тэр аргыг авах юм байна гэдгийг ойлгосон. Миний хувьд гэж яривал чанартай цөөхөн найзуудын нэг байхад тодорхой хэмжээгээр тусалсан тусалж байгаа гэж боддог муугүй ээж, эхнэр байхад тусалж байна, бусад хүмүүст тусалдаг тусалсаар байгаа гэж боддог. Сэтгэл судлалын шинжлэх ухаан бол өөрөөрөө хөгжиж байдаг салбар учраас надад улам их хөгжих нөхцөлийг бүрдүүлсээр л байна. Амьдралд хандах хандлага талаасаа сэтгэл судлалын шинжлэх ухаан хүмүүст илүү боломж байдгийг харах өнцгийг өгдөг. Хүн бүрт боломж бий. Үнэхээр амьдрал нь дуусч байгаа бол амьдрах боломж байхгүй байж болно. Гэхдээ хэдэн зуунаар үлдээх амьдралын ухаан туршлага, амьдрал дууссан ч гэсэн хэдэн зуунаар яригдах зүйлийг бүтээж үлдээх боломжтой гэдэг сэтгэл судлалын хандлагыг сэтгэл судлаач бий болгодог.

Ирээдүйд таны амьдралд гарах таван өөрчлөлт

  1. Монголын сэтгэл судлаачид чадваржаад, туршлагаасаа хуваалцаад дэлхийд танигдаасай, манай салбар монголдоо хөгжөөд нээлтүүд гараасай гэж бодож байна. Олон улсын судалгааг судалдаг өөрийн орондоо туршдаг хүмүүс. Одоо харин өөрсдийн бүтээл гаргаад олон улс ирж суралцаад монгол шинэ технологи тавигдаасай гэж бодож байна. Инженерүүд маань гэхээс гадна сэтгэл судлаачид эрдэмтэд технологио гаргаасай. Анхны сэтгэл судлалын шинжлэх ухааны нобелын шагналтнууд төрөөсэй гэж хүсч байна.  Хувь хүний хөгжил талдаа маш сайн бүлгийн сэтгэл зүйн дасгалжуулагч болно байх гэж болно. Энэ бол миний бас нэг хүсэл, биелэгдэх боломжтой.
  2. Гэр бүлийн хувьд бол эмэгтэй хүн нийгмийн хариуцлага нь хүүхэд, улс орныхоо хүний тоог нэмэх ёстой. Тоо чанарыг нэмэгдүүлэхийг хүсч байна.  Чанартай дөрвөн хүн нийгэмдээ бэлдэж өгөх зорилготой байна. 
  3. Монгол улсын тогтолцоонд сэтгэл судлалын нөлөөнүүд хүний хөгжил тал дээр сууриас нь анхнаасаа их зөв ёс суртахуун хэм хэмжээг мэддэг, гол нь урагшаа ахих талдаа илүү нөлөөтэй байгаасай. Асуудал тариад асуудлаа шийдээд байдаг, асуудлаа шинэчиллээ түүнийгээ шийдлээ гэж ахимаар байдаг. Нийгэмд тэр тогтолцоо боловсрол, эрүүл мэнд , суурь боловсрол энэ салбарууд дээр тодорхой хэмжээний нөлөөг багийнхантайгаа хамт оруулсан байна гэж бодож байна.

Сэтгэл судлаачийн үүднээс бусдад өгөх зөвлөгөө

  1. Бодох буюу зорилгоо тодорхойлох,олохыг хичээх. Асуудал их байгаа зарим асуудлууд үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрч байна.  Манай үндэстнийг мөхөхөд ч хүргэж болзошгүй асуудлууд байна. Энэ бүх асуудлууд сэтгэл зүйгээс үүдэлтэй шунах сэтгэл, хувиа хичээсэн байдал, буруу зуршилд хамаарах донтолт энэ бүхэн дандаа л сэтгэл зүйн асуудал.  Сэтгэл зүйн дархлаатай байх бодох хэрэгтэй. Хүн бүр 12 настай. 30 настай, 50 настай, 80 настай хөгшчүүл маань ч гэсэн бодох хэрэгтэй байна.  Би ер нь яг юу хийгээд яваад байна гэдгээ бодмоор байна.  Одоо цаг өнгөрсөн ирээдүй гээд гурван цагаа гурвууланг нь бодмоор байна. Би сэтгэл хангалуун амьдарч байна уу? гээд өөрөөсөө асуу үгүй гэж байна гэвэл яагаад? өнгөрснөөсөө хай. Хүн өнгөрснөөсөө хайхаар дандаа харуусал мэдрээд байдаг. Эсвэл эерэгээрээ тэр үед л сайхан байж, одоо л муухай байна гэдэг ч юмуу өнгөрснийг эргүүлж болохгүй учраас суралцаад авахыг нь аваад хаяхыг нь хаях хэрэгтэй. Одоо үедээ сэтгэл хангалуун биш байгаагаа мэдэрвэл дараагийн үйлдлээ бодох хэрэгтэй. Бодохдоо жоохон урт хугацаагаар. Та одоо таван жил амьдраад үхэж ч магадгүй, 50 жил ч амьдарч магадгүй гэхдээ өдөр бүхэн чухал. Өөдрөг байх нь хүнд илүү ашигтай. Миний хийж байгаа үйлдэл надад болон бусдад хэр гай болж байгаа вэ? гэдгээ бодмоор байна.  Би ундаа үйлдвэрлэдэг хүн байлаа гэж бодоход энэ миний чихэртэй ундаа одоо их зарагдаад мөнгө их олж байж болох ч монгол хүүхдүүдэд сахарын өвчинг бий болгож байгаа юм биш биз. Эрүүл мэнд талаасаа сөрөг байгаа юм биш биз ч гэдгээ бодмоор байна, хийж байгаа зүйл маань бусдад хэр сөрөгөөр болон эерэгээр нөлөөлж байгааг бодож хиймээр байна. 
  2. Хандлага дээрээ ажиллах, асуудлаас зугатахгүй байх. Яагаад ч юм монголчууд их бодох дургүй. Бодохоос ядарч байна гээд л. Зөв бодох юм бол тархи чинь булчин биш ядардаггүй эрхтэн. Хандлага нь л өөрөө зугатаад байдаг болохоос тархи бол огт ядардаг эрхтэн биш. Сайхан зүйл бодохоороо хэдэн цаг өдрөөр бодоод л байж байдаг зөв бодмоор байна, нухацтай бодмоор байна, асуудлаас зугтмааргүй байна.  Хүнд хоёрхон хариу үйлдэл байдаг. Зугтах, тэмцэх хүмүүс ихэвчлэн зугтаад байгаа. Хоёр хүн зөрчилдлөө гэхэд дуугүй болоод зугтаж болно, тэмцээд дуугүй болж болно. Одоо дугарах нь илүүц юм байна гэдгээ ойлгоод би ер нь зугтаад байдаг юмуу асуудалтайгаа нүүр тулаад байдаг юмуу, түүнийгээ даван туулдаг юмуу, хамгийн эхнийх нь бол бодоод хөдлөх, хамгийн зөв тэмцэл.
  3. Өөртэйгөө нөхөрлөх.  Бид нар найзаа сонгохдоо тэр хэн билээ? ямар онцлог давуу талтай билээ? миний юу таалагдах, таалагдахгүй билээ? гээд их боддог мөртлөө өөрийгөө яагаад ч юм боддоггүй, би яах вэ? гээд хойш нь шидчихдэг өөрөө бас нэг хүн ш дээ, тэгэхээр энэ хүнд бас хариуцлагатай хандмаар байгаа өөртэйгээ найзлах хэрэгтэй яагаад гэхээр үхэн үхтлээ энэ хүнтэй хамт байх нь зуун хувийн үнэн, энэ хүн юу хүсээд байгаан, юу чаддаг юм? юу таалагдахгүй байгаа юм яагаад байгаа гэдгийг нь ойлгоод ажиллах хэрэгтэй. Одоо барууны орнуудад хоёр туйлт эмгэг гээд байгаа яг л дотроо хоёр хүн байгаа юм шиг” туйлын” өөртөө хэт их таалагдаад л эсвэл өөрийгөө үзэн ядаад л, бусад хүмүүс бас их таалагдаад л, эсвэл үзэн ядаад л дундын хэлбэлзэл байхгүй болчихсон болохоор хоёр тийшээ хазайгаад байгаа маш их аюултай, аливаа юм хэтрээд туйлдахаараа аюултай,бас дутаад үгүйрэхээрээ аюултай байдаг энэ алтан дундажыг олохын тулд хүн өөрөөсөө асуулт асуудаг, зарим нэг сул талаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй,давуу талаа бас гаргаж ирмээр байна, тордмоор байна,өөрийгөө сайн таниад өөртэйгээ сайн нөхөрлөх хэрэгтэй.
  4. Зөв хүнээсээ тусламж авч сурах. Бид төгс биш учраас бусдаас тусламж авах хэрэгтэй, монгол хүмүүс маш нэрэлхүү, тусламж авахдаа хаа хамаагүй биш, таарсан болгондоо зовлонгоо ярих биш итгэж болох хүмүүсийг харвал мэдэгддэг, бас тусламжийн гараа өгдөг баймаар байгаа ер нь бол бас харамч талдаа, “баярлалаа” гээд хэлэхэд нэг юм уначих гээд байгаа юм шиг, эсвэл жаахан магтчихаар нөгөө хүн нь далавч ургаад нисчих гээд байгаа ч юм шиг бодолтой хүмүүс олон энэ бол тунг тааруулахаас шалтгаална, хэзээ хаана хэр хэмжээтэй хэлэхээс л шалтгаалж байгаа болохоос биш агуулгын хувьд тийм биш. Эхлээд хүнээс тусламж авч сурах хэрэгтэй, хүнд тусламж өгөх хэрэгтэй.
  5. Багаар ажиллаж сурах. Бид цөөхүүлээ гэдгийг дахин сануулмаар байна.  Монголчууд “би” үзэл их өндөртэй хүмүүс. Би, би л гээд байдаг. Чи үнэхээр сайн юмуу гэхээр гаргаад тавьчих юм байхгүй, бэлдсэн юм байдаггүй тэгсэн мөртлөө л би гээд байдаг, бид нар 2010 онд сэтгэл зүйн өвөрмөц онцлог гээд судалгаа хийх оролдлого хийж байсан. Өөрийн үнэлэмжийн хэсэг дээр их сонирхолтой байсан,оролцсон хүмүүсийн маань 75 хувь нь өөрийн үнэлэмж маш өндөр байсан, харин бусдыг үнэлэх үнэлэмж дээр дийлэнх хувь нь дунд болон дундаас доогуур үнэлсэн байсан. Хүн бүр өөрийгөө сайн бусдыг муу гэж үзэхээр зөрчил үүсэхээс аргагүй.  Хүлээн зөвшөөрөл байхгүй, багийн амжилт гарахгүй, гэрлийн хурдаар бүх зүйл өөрчлөгдөж байгаа мэдээллийн солилцооны үед ганцаараа амжилтанд хүрэх ямар ч боломжгүй нөлөө үзүүлэх бол боломжтой гэхдээ бодит үр дүн гарах боломжгүй учраас багаар ажилламаар байна, бусадтай нийлж нэгдэж сурмаар байна. Эвтэй бол хүчтэй гээд л янз янзаар үзэл бодолдоо ёс суртахууны өөрчлөлт хийх гээд их оролдож байгаа ч  ямар үгээр байх нь хамаагүй гэхдээ хүн болгон өөртөө бусадтай учраа олоод байж суръя гэдэг хандлагаас бүх юм эхлэх гээд байна, тэгэхээр багаар ажиллаж сурах хэрэгтэй.

Баримталдаг зарчим

Их энгийн, бүх юм болоод өнгөрнө. Ер нь бол бүх юм болоод өнгөрдөг хэцүү үе ч байсан ч аз жаргалтай үе байсан ч болоод л өнгөрдөг. Хүний мөн чанар өөрөө хөдөлгөөнтэй, хувьсан өөрчлөгдөж байдаг. Зогсдог, зогсонги байдалд ордог зүйл нэг ч байхгүй. Биет болон биет биш юмс бүгд л хувирч байдаг. Хугацааны хувьд зарим нь асар хурдтай зарим нь маш удаан.

Өөртөө амьдралдаа сэтгэл хангалуун байхад нөлөөлөх хүчин зүйл

Бага наснаас минь суурьшсан үзэл бодол надад байгаа, эцэг эхийн маань хүмүүжлээс үүссэн байж магадгүй. Аливаа зүйлийг байгаагаар нь гэхдээ тэр дундаа байгаа зүйл дотроосоо эерэгийг нь үлдээлгүйгээр харах хандлага. Амьдрах итгэлийг өгдөг,  боломжуудыг олж харах тэр хандлага сэтгэл хангалуун байхад их нөлөөлдөг. Өнөөдөр утаатай байна, нүдэнд харагдаж байна таван мэдрэхүйд мэдрэгдэж байна, энд эерэг юм юу байгаа вэ? утаагүй хөгжингүй орнуудаас юугаараа ялгаатай байна гэхээр сөрөг талыг нь ярьвал асар урт жагсаалт гарна, эерэг зүйлийг харах юм бол бидэнд асуудал байгаа нь биднийг багаар нэгтгэх шалтгаан болдог. Зовлон хүнийг их хөгжүүлдэг, асуудал хүнийг их юм хийх сэдэл, зорилгуудыг бий болгодог. Асуудал байхгүй бол үнэндээ хүнд зорилго үүсэхэд хэцүү.  Энэ бүхнийг шийдвэрлэхийн тулд хүмүүс их арга технологитой болж байна, бие биенээ хардаг болж байна, бие биенийхээ амьдралыг үнэлдэг болж байна. Утааны асуудал монгол хүмүүсийг эргээд олон зорилготой болгож байна гэж бодож байна. 

Амьдралаас авдаг хамгийн сайхан мэдрэмж

Зарчимтай их адилхан санагдлаа. Аливаа зүйлс хувьсаж өөрчлөгдөж байдаг нь надад их таалагддаг. Цэцэг дэлбээлж, үхэж байдаг, гэтэл хаа нэгтээ үлдээсэн үр нь дахиад хөрсөн дээр ургаж байдаг. Хувьсаж өөрчлөгдөж байгаа мөн чанар их сайхан санагддаг, мэдээж эерэг зүйлийг харах нь илүү таатай. Өнөөдөр бүрхэг байгаад маргааш цэлмэг тэнгэр харах их сайхан. Миний гэр бүл байна, миний гол тэнцвэр, мэдээж нийгмийн асуудлууд их байна, сэтгэл судлаачийнхаа дүрээр хандсан ч хувь хүнийхээ дүрээр ч хандсан маш их асуудлууд харагддаг мэдрэгддэг хэцүү санагддаг тэр маань гэртээ орж ирэхэд их тайлагддаг.

Диваажинг заавал үхсэнийхээ дараа амсах зүйл биш энэ насандаа мэдэрч болж  байна гэдгийг гэр бүлээсээ харж  сайхан сэтгэл ханамж авдаг. Хийж байгаа ажлаасаа сэтгэл ханамж авдаг, яагаад гэвэл ажил маань утга учиртай, тодорхой. Эмзэглэмээр асуудлууд олон байдаг, хүүхдийн хүчирхийллийн асуудлаас эхлээд гэхдээ асуудлуудыг бууруулахад  нөлөөлөх  ажил надад байна, зорилго байна, ар талд минь намайг дэмжээд ойлгох гэр бүл байна. Миний энэ том асуудлаас жижиг асуудлыг анхаарах сөхөө олгодог үр хүүхдүүд маань намайг сэтгэл хангалуун байхад, намайг тэнцвэртэй болгоход тусалдаг.

Хамгийн их хийж үзэхийг хүсдэг зүйл

Хамгийн их айдаг зүйлүүдээ хийж үзмээр санагддаг. Хурдтай унахаас, үсрэхээс их айдаг. Эхнээс нь айдастайгаа нүүр тулж байгаа, хүмүүст энгийн сонсогдож магадгүй ч машин барих миний хувьд  маш том айдас байсан бол  одоо бол сурч байна. Айдас адерналин ялгаруулдаг тэр мэдрэмжийг мэдэрмээр байна.  Айдас аз жаргал хоёрын хооронд ойрхон зай байдаг юм шиг санагддаг, тэр хооронд үсэрмээр санагддаг. Бодит том мөрөөдлийн хувьд  би өөрөө заавал том индэр дээр гарах албагүй, миний оролцсон ажил тунхаглагдаад,  зарлагдаад олон нийтэд ялангуяа дэлхийн олон хүнд хүрээсэй гэж хүсч байна. НҮБ-ийн индэр дээрээс ч юмуу Монгол сэтгэл судлаач, эрдэмтэд хүн төрөлхтөний сайн сайхны төлөө ийм нээлт хийжээ гэдэг зүйл зарлагдахыг харахыг хүсч байна.

Хамгийн сайн хийж чаддаг зүйл

Суралцах нь миний хамгийн сайн чаддаг зүйл. Ер нь бол суралцах хоббитой. Миний эргэн тойронд сурах хүсэлгүй хүмүүс зөндөө байдаг л даа, тэр бол бас их буруу зуршил. Суралцана гэвэл дэвтэр бал аваад л бичээд эхлэх дуртай. Энэ нь эргээд надад олон зүйл өгдөг болохоор их сайхан хобби.

Бусдад байнга хэлдэг үг

Миний хэлдэг үг бол асуулт. Юу гэж асуудаг вэ? гэхээр” харин та юу гэж бодож байна?”.  Надаас хүн асуулт асуухад, харин та юу гэж бодож байна гэж асуудаг энэ нь мэргэжлийн онцлогтой холбоотой байх. Сэтгэл судлалд олон сонирхолтой баримтууд байдаг, хүн өөрийн хариулах сонирхолтой асуултаа бусдад тавьдаг. Чамд ямар хүн таалагддаг вэ? гэдэг асуултыг хүн асуулаа гэж бодоход  энэ асуултандаа өөрөө хариулахыг их хүсдэг.  Бусдын хариулт тийм сонин байдаггүй, хариултынх нь араас өөрөө хариулах жишээтэй. Би энэ боломжийг бусдад олгох их дуртай.

Уншиж буй ном

Сүүлд “Еврей хүмүүсийн боловсрол болон амжилтын нууц” гэдэг ном авсан. Өндөр хөгжилтэй орнуудын амжилттай яваа хүмүүсийн дөрвөн хүн тутмын нэг нь еврей хүн байгаа нь мөн л баримт.  Бүх салбарт. Би үндэснийхээ “хүнээр хүн хийх” ухаанаас гадна бусад үндэстний “зөв” гэж хүлээн зөвшөөрөгддөг хүний зан чанар, ур чадварыг хөгжүүлдэг ухааны жороос суралцахыг их хүсдэг. Агуу шавхагдашгүй ухаанууд бий. Еврэй эцэг эхчүүд хүүхдээ яаж сургаж байгаа арга барилыг судалж байгаа нууц нь,  элемэнтүүд нь юу байна гэдгийг судлах нь их сонирхолтой санагдаад байгаа. Санаанаас нь авахад манай ажилд бас нөлөөлнө байх гэж бодож байна.

Хүмүүсийн эерэг сөрөг хандлагын тухайд

Хандлага гэдэг маань өөрөө тогтонги шинж чанар. Тодорхой хэмжээнд өөрчлөгддөг, эерэг байсан зүйл сөрөг болж, сөрөг байсан зүйл эерэг болж болно. Хугацааны хувьд ялгаатай. Зарим хүмүүс хэт нэг чигийг барьдаг, хэзээ ч өөрчлөгдөхгүй гээд л, хэзээ ч өөрчлөгдөнө өөрчлөгдөхгүйг хэн шийддэг вэ? гэвэл хүний дотоод сонголт, дархлаа шийддэг. Энэ эерэг сөрөг зүйлс солигдох нь амьдралын туршлага гэж боддог. Таагүй туршлагатай бол угаасаа л ингэдэг гэж хардаг. Ялангуяа нас бага, цагаан цаас шиг байх үед нь сөрөг зүйл тохиолдвол бүгдийг нь л тэнэж харах гээд байдаг. Эерэгээр хүлээж авсан бол хэт эерэгээр харах гээд байдаг. Сэтгэл зүйн хамгаалалт хэр бат бөх байна төдий чинээ хүмүүсийн хандлага их зөв байдаг. Сул байх тусам муу зүйл дүүрэх боломжтой.

Сэтгэл судлаачид нийгэмд ямар байр суурьтай байна вэ?

Маш том дэмжигч байр суурьтай байна гэж бодож байна.  Дотор нь хоёр хуваая. Сэтгэл судлаачид  хүний хөгжил, хүний нөөцийн удирдлагын өсөлт хөгжилтийг хангах гол агуулгыг боловсруулах чадвартай гэж бодож байна.

2-рт Нийгэмд үйлчлэгч нар, хэцүү байгаа үед сэтгэл зүйн асуудлуудыг шийдэхэд тусалдаг. Сэтгэл судлалын шинжлэх ухаан дайны дараа их сайн хөгжсөн байдаг. Арга технологи нь зовлон болсон газрын асуудал дээр хөгжсөн байдаг. Тийм болохоор бас үйлчилгээний салбар. Одоо бол дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай болж байна. Тусламж хүмүүст их хэрэгтэй байна гэсэн үг. Хэн нэгэн үйлчлэх хэрэгтэй тэр үйлчлэгч нарын нэг нь бол сэтгэл судлаачид яах аргагүй мөн.

Улсын ирээдүй таны нүдээр

Үнэнийг хэлэхэд холыг нь сайн мэдэхгүй байна. Илүү хийсвэрлэсэн мөрөөдсөн болчих байх. Нэгээс гурван жилдээ бол маш том сонголтууд хийгдэнэ байх.  Бид нар ер нь юу гэж бодож амьдрах ёстой юм бэ? амьдралаа ямар бодлоор удирдах ёстой юм бэ? гэдэг маш том шийдвэрүүдийг гаргах ёстой гэж бодож байна. Одоо бол сорилтон дунд байна төөрөлдөөд л бүдэрч унаад л босоод л өөрөөр хэлбэл асуудлууд маань нүдэнд харагдаж гарт баригдаж эхэлж байна. Тэр хүртэл нь хүн тоодоггүй. Сорилтуудыг мэдэрч эхэлж байна, том сонголтуудыг хийнэ байх. Урт хугацаандаа гэвэл хэрвээ шийдвэрүүдээ зөв гаргах юм бол дэлхийд бас тодорхой хэмжээний эерэг нөлөөнүүд гарах байх. Үгүй бол уусаад сарних байх гэсэн хоёр зам л харагдаж байна.

Та манай дараагийн зочноор хэнийг урьмаар байна?

Миний нэг санаа зовдог зүйл бол боловсролын сэтгэл судлал байдаг. Хүүхдүүдийг сууриас нь бэлдэх асуудал. Энэ тал дээр амьдралынхаа сүүлийн хэдэн жилийг зарцуулж байгаа хамтрагч сэтгэл судлаач найзыгаа санал болгомоор байна. Яг одоо Москвагийн улсын багшийг их сургуульд докторант докторын ажлаа хийж яваа Б.Номин гэж хүн байгаа. Энэ хүнээс цахим сүлжээгээр  ярилцлага аваасай гэж хүсч байна их сонирхолтой санаанууд, ОХУ-д болж байгаа шинжлэх ухааны сэтгэл судлалыг тодорхой хэмжээнд хуваалцах байх гэж бодож байна. Улсдаа боловсролын сэтгэл судлалыг хөгжүүлэх чухал хүн гэж хардаг.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл

No comments yet. Why don’t you start the discussion?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *