Сэтгэл судлаач Жамъянсүрэнгийн Гэрэлчимэг

Сэтгэл судлаач Жамъянсүрэнгийн Гэрэлчимэг

Сэтгэл Судлалын Үндэсний Төв сэтгэл судлалын салбартаа тууштай ажиллаж, эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээ зориулан байдаг эрхэм сэтгэл судлаачдынхаа төлөөллийг оролцуулан “Сэтгэл судлаачидтай ярилцъя-2 ” ярилцлагууд та бүхэнд хүргэж эхэллээ.

Энэ 7 хоногийн зочноор Дотоод Хэргийн Их Сургуулийн Хилийн албаны сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн ахлах багш, сэтгэл судлаач Жамъянсүрэнгийн Гэрэлчимэг оролцож байна.

Боловсрол

  • 2003-2007 Монгол Улсын Боловсролын Их Сургууль, сэтгэл судлалын баклавар
  • 2008-2010 Монгол Улсын Боловсролын Их Сургууль, сэтгэл судлалын магистр
  • 2015 оноос Монгол Улсын Боловсролын Их Сургууль, сэтгэл судлалын докторантур

Ажлын туршлага

  • 2007 оноос Хилийн Албаны Сургууль сэтгэл судлалын тэнхимийн багш

Та мэргэжлээ хэрхэн яаж сонгосон бэ?

Тухайн үед арван жилээ төгсөөд конкурс өгөөд шалгалтдаа өндөр оноо авсан. Их онц сурдаг хүүхэд байлаа. Тухайн үед сэтгэл судлаач гэдэг мэргэжил их ховор байсан нийгмийн ажилтан гэдэг мэргэжлийн хуваарь ирчихсэн байсан. Улсын сургуулиудын хуваарь их цөөхөн ирсэн. МУИС хуваарь дуусаад Япон хэлний анги, МУБИС-ийн нийгмийн ажил, сэтгэл судлалын анги, СӨБ-ын анги үлдсэн байсан. Миний урд байсан хүүхэд нийгмийн ажилтны анги аваад гарчихсан. За тэгээд миний сонирхож байсан нийгмийн чиглэлийн хуваарь дуусчхаж гэж бодсон. Намайг нийгмийн ухааны шалгалтад бэлдэж байсан Бумандорж гээд багш маань, монгол хэлний багш, аав минь хажууд хамт байсан. Хуваариа сонгох гэсээр байтал шөнө болоод бороо ороод нэлээн хүлээж байж орсон. Би тэрийг ерөөсөө мартдаггүй. Цэнхэр сумын Жамъянсүрэн Гэрэлчимэг гэж дуудаад багш нар, аав хамт дагаж орсон. Тэгээд зааланд тойроод суучихсан. Манай нийгмийн ухааны багш улсын сургуулийн хуваариудыг харж байгаад “Миний охин энэ сэтгэл судлал чинь гоё шүү. Сэтгэл судлаач гэдэг чинь тархины мэс засалч, эмч л гэсэн үг” гэж хэлж байсан. Тухайн үедээ сэтгэл судлалын талаарх ойлголт бага байсан аав маань сургуулийн өмнөх боловсролын анги зүгээр юм биш үү гэж санал болгосон. Багш нар маань сэтгэл судлалын мэргэжил их гоё, ирээдүйтэй мэргэжил гэж хэлж байсан. Тэгээд л сонгосон доо. Бумандорж багш маань энэ мэргэжлийг сонгоход их нөлөөлсөн.

Анх энэ салбарт, тэр дундаа одоо ажиллаж буй чиглэлээр мэргэшихэд юу нөлөөлсөн бэ?

МУБИС гуравдугаар курстээ багшлах дадлага, дөрөвдүгээр курстээ албан тушаалын дадлага гэж хийж байсан. Гуравдугаар курсийнхээ анхны багшлах дадлагыг Энх-Орчлон одоогийн Нийгэм, Сэтгэл судлалын дээд сургуульд хийж байсан. Нина, Нямаа багш нар маань миний дадлагыг удирдаж байсан. Маш сайн чиглүүлж өгсөн. Хэдий семинар удирдаад нэгнийхээ урд гараад ярьдаг байсан ч гэсэн өөр сургуулийн хүүхдүүдэд яаж багш болоод хичээл заанаа гэж боддог байсан. Тэгээд тэнхимийн маань багш нар ч удирдамжийн дагуу сайн чиглүүлж өгсөн, хүлээж авсан дадлага удирдсан багш нар маань ч сайн чиглүүлж зааж өгсөн. Тэгээд лекцээ сайн бичээд, бэлдээд оюутнуудад хичээл орсон. Тухайн үед өөртөө итгэлтэй их гоё хичээлээ удирдаж явуулсан. Тэгээд л өөртөө маш их урамшсан. Би багшилж чадах юм байна гэж бодсон. Тайлан дээрээ ч тэрийгээ хэлсэн. Гэрэлчимэгт багшлах нь их л таалагдаж дээ гэж байсан. Дөрөвдүгээр курсийнхээ дадлагыг 9 сард хийдэг. Тэгээд аймагтаа дадлагаа хийж болно гэсэн болохоор аймгийнхаа цагдаагийн газарт хийе гэсэн төлөвлөгөөтэй хавар нутаг руугаа явсан. Гэсэн ч манай аймагт тарваган тахал гараад хөл хорио тогтоочихвол хот руу, сургууль руугаа явж чадахгүй гээд тэгээд хотод ирсэн. Аймагтаа дадлага хийнэ гэсэн төлөвлөгөөтэй явсан боловч дадлагаа хийж чадаагүй хотод ирчихсэн. Тэгээд анх 9 сарын 14-нд хилийн цэргийн дээд сургуульд дадлага хийхээр очиж байлаа. Энхбат багш, Алтай багш гээд сэтгэл судлалын сектор байсан тэнхим хараахан болоогүй. Хилийн цэргийн дээд сургуулийн цэргийн хэрэг албаны хангалтын тэнхимд орж дадлагаа хийж байсан. Их найрсгаар хүлээж авсан. Тэгээд төгсөөд манай сургуульд ажиллах сонирхолтой бол хэлээрэй гэсэн. Тэгээд сургуулиа төгсчхөөд намар хот руу ирээд эгч нартайгаа ярьж байгаад дадлага хийсэн Энхбат багш руу ярьсан. “Чи манайд хүрээд ир туслах ажилтан шалгаруулж байна” гэсэн. Очиход манай багш нар манай Гэрлээ хүрээд ирсэн үү гээд угтсан. Цэргийн академи төгсөж ирсэн Энхсүх хурандаа тэнхимийн эрхлэгчээр нь томилогдсон байсан. Манай дадлага хийж байсан багш нар гэрлээ хүрээд ирсэн үү гээд угтсан. Тэгээд тэнхимийн туслах багшаар анх орж байсан. Хилийн цэргийн дээд сургууль, хилчдийн амьдралаас, сургалтын байгууллагаас нь мэдэж суралцаж сонсож, хил хязгаар гэж ямар байдаг, хилчин багш нарын ажиллаж амьдарч байгаа түүх, хилчин сонсогчдын эргээд ажиллаж амьдрах газар нутаг, хил хязгаар юу байдаг гэдгийг ажиллах хугацаандаа мэдэж, мэдэрч ингэхээр өөрийн эрхгүй энэ мэргэжилдээ дурладаг. Сэтгэл зүй гэдэг хилийн цэрэгт ямар их хэрэгтэй вэ гэдгийг ойлгуулж, мэдүүлэхийг гол зорилгоо болгож ажиллаж ирсэн дээ. Манай тэнхим 2008 оны 4 сарын 4-нд сэтгэл судлалын тэнхим болсон. Тэнхимийн анхны бүрэлдэхүүнд Энхбат хурандаа, Алтанцэцэг багш, Нямханд багш, Мөнх-Эрдэнэ дамжаан захирагч болон миний бие байсан. Бид тав хилийн цэргийн сэтгэл зүйн тэнхимийн анхны бүрэлдэхүүн болж байсан. Ингэж миний ажил амьдралын гараа эхэлж нэг жил туслах ажилтнаар ажиллаад, дараа жилд нь үндсэн багш болж өдгөө 18 жил ажиллаж байна.

ДХИС-ийн сэтгэл судлалын хөтөлбөрийн онцлог юу вэ?

Хил хамгаалах байгууллагын хилийн цэргийн дээд сургууль буюу 345 дугаар анги гэж өдгөө нэрлэгддэг. Цагдаагийн академи, Хилийн Цэргийн Дээд сургууль нэгдэн Дотоод Хэргийн Их Сургууль болсон. Сургууль нэгдсэн ч Хилийн цэргийн дээд сургууль, Хилийн албаны сургууль болж Дотоод Хэргийн Их сургуулийн нэг салбар сургууль болсон, арван бүрэлдэхүүн сургуультай. Хилийн Албаны Сургуулийн онцлог нь хил хамгаалах байгууллагын үндсэн боловсон хүчнийг бэлтгэдэг. Хилийн Албаны Сургуулийн онцлог нь  ерөнхий сэтгэл судлал гэхээсээ илүү  цэргийн сэтгэл судлалын хичээл, агуулгыг түлхүү ордог. Манай хөтөлбөр “ Чи Хил Хамгаалах Байгууллагын хилийн цэрэг, хилийн заставд очоод ингэж ажиллана, цэрэгтэй ажиллана, хилийн заставд хүний ажил амьдрал өрнөж байгаа газар гэдэг рүү чиглүүлдэг.  Сэтгэл зүйн бэлтгэлтэй байлгахын тулд цэргийн сэтгэл зүйч гэдэг бэлтгэгдэж байгаа.

Энгийн сургуулиас юугаараа ялгаатай гэхээр цэрэгтэй ажиллана, цэргийн орчин нөхцөлд ажиллана, хил хязгаарт ажиллана. Тэгээд бид тэрийг бэлтгэхийн тулд бас тэр сэтгэл зүйч маань сэтгэл зүйч шиг “Өө, намайг зориод ирнэ дээ” гэж хүлээгээд суух биш. Тэнд  юун болж байгаа нь юун болохгүй байна гэдгийг одоо өөрөө ур чадвар, мэргэжлийн мэдлэг чадвар, хандлагаараа олж, мэдэж, ажиглаж, судалж, ёс зүйтэй хандаж би энэ хамт олон дотор сэтгэл зүйн соён гэгээрүүлэх ажлыг хийж байна гэдэг итгэл үнэмшил ур чадваруудыг энд бэлтгэдэг. Үүгээрээ давуу талтай.

Тэр хилийн заставд хэдий интернэт цахим орчин байгаа ч гэсэн одоо эндээс очоод, тэр сургалтад очиж суугаад, өөрийгөө хөгжүүлчихье гэдэг тийм боломж хомс.  Бүх зүйл тушаалаар явдаг. Тэр хүн дуртай үедээ явчихъя, дуртай үедээ хот руу орчихъё гэдэг зүйл байхгүй. Давхар цэргийн тангараг өргөөд, хувцас форм өмсөөд тушаал явж байгаа. Тэгэхээр үүгээрээ онцлогтой байгаа. Хүнтэй ажиллаж байгаа болохоор мэргэжлийн ур чадварууд шаардлагатай. Цэргийн алба хаагч гэсэн ойлголтод хугацаат цэргийн алба хаагч орж байгаа. Ингэхээр цэргийн сэтгэл зүйчээс илүү нарийн мэдрэмж илүү үр дүнтэйгээр ажиллах арга зүй яах аргагүй хэрэг болдог. 18 настай залуучууд цэргийн албанд ирчихээр эцэг эхтэйгээ энгийн байж байсан хүүхдүүд хил хязгаар очоод эрх нь хязгаарлагдаад ирэхээр, сэтгэл зүй нь хямрах, албанд хандах хандлага  буурах зэрэг асуудал үүснэ. Тэгэхээр энэ нь дээр л тулж ажиллах, сэтгэл зүйчдийг ч бид бэлтгэж бэлтгэж байгаа юм.

Яг одоо төвлөрөн хийж буй ном бүтээл, судалгааны ажил, төслийн тухай ярьж өгнө үү?

Судалгааны ажил докторын ажил маань байна. Судалгаагаа аваад ойрын жилүүдэд эрчимтэй энэ ажлаа хийж байгаа. Докторт 2015 онд элссэн дунд нь гурван хүүхэд төрүүлж өсгөлөө.  Докторын ажлаараа “Сэтгэл зүйн нөөц” гэдэг сэдвээр бичиж байгаа. Сэтгэл зүйн нөөцийн судалгаагаа албан ёсоор зохиогчоос нь худалдаж аваад, орчуулаад мэргэжлийн дөрвөн багшаар хянуулсан. Судалгааны онцлог нь Монголын хөрсөндөө нутагшуулъя гэдэг зорилготой. Мэргэжлийнхээ үүднээс хувь нэмэг оруулах юмсан гэж бодож явдаг. Цэргийн алба хаагчдаас бүсчилсэн хил хамгаалалтын онцлогоосоо хамаараад таван бүсийн 700 гаруй алба хаагчаас судалгаагаа аваад эхний боловсруулалтаа гаргаад өгүүлэл болгосон байгаа. Мөн Энэтхэгийн Жаяан докторын “Ажлын хандлага”- ын 30 асуулгатай судалгааны зөвшөөрлийг авсан. Цэргийн алба хаагчийн сэтгэл зүйн нөөцийг ажлын хандлагатай нь холбон судалж байгаа. Сэтгэл зүйн нөөц өндөртэй хүн ажлын хандлага өндөр байна гэж нөөцийн онолд тулгуурлаж байгаа. 

Гарын авлагын хувьд цэргийн сэтгэл зүйч, цэргийн  алба хаагч, багш нарт ном их хэрэгтэй байдаг. Тиймээс цэргийн сэтгэл зүйч, офицерын ширээний ном гэдэг гарын авлага боловсруулах 2024 оноос эхлээд явж байгаа. Энэ ондоо багтаад хэвлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд яваандаа цаашдаа цэргийн салбарынхаа сурах бичиг, гарын авлага болгох урт  хугацааны өөрийн мөрөөдөл зорилготой л байдаг.

Таны хобби сонирхол юу вэ? Сүүлийн жилүүдэд ямар шинэ хоббитой болсон бэ?

Хятадад хоёр сар сураад ирсэн. Хамт явсан багш нартайгаа агаарын теннис тоглож сурсан. Хятад хүмүүс их спортлог санагдсан. Энэнээс гадна бас волейбол байгаа. Манай сургуулийн нэг онцлог байна. Цайны цагаараа нас насаар нь холиод тоглодог, тоглодоггүй хамаагүй хуваачихсан. Ингээд бие биеэсээ суралцаад, хоорондоо өрсөлдөөд тоглодог. Энэ бас их гоё. Хоёр гурван жил энэ үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Цайны цагаараа хуваарь гаргаад тоглодог. Энэ их сайхан жишиг.

Хамгийн сүүлд сурсан 3 чадвар юу вэ?

Ширээний теннис, агаарын теннис тоглож байна. Волейболд багаасаа сонирхолтой байсан. Тэр дундаа сагс тоглочихдог, хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Айхтар сайн биш ч гэсэн тоглодог. Хилийн албаны сургуулийнхаа эмэгтэй багт жил болгон ордог.

Мэргэжлээрээ хамгийн их бахархаж байсан үе, үйл явдал хэзээ вэ?

Шавь нар маань сайн явахад их бахархдаг. Манай сургууль сонсогч нараа элсүүлэхдээ сэтгэл зүйн сорил, ярилцлага авч шалгаруулж оруулдаг. Бусад их, дээд сургуулиас онцлогтой нь сэтгэл зүйн судалгаа, ярилцлага авч элсүүлдэг.  Төгссөн төгсөгч нар маань хүнтэй ажиллах арга барил сайтай, сайн явж, ажил мэргэжилдээ эзэн болж явдаг. Үүгээр нь бас бахархдаг. Мөн эцэг эхчүүд хүүхэдтэй маань уулзаад өгөөч гэдэг. Бид сэтгэл зүйн зөвлөгөөний өрөөтэй. Тэндээ сэтгэл зүйн зөвлөгөө, тусламжаа өгдөг. Ингээд зөвлөгөөнд хамрагдсан суралцагч хичээл сургалтдаа идэвхтэй хамрагдаад, сайжраад эцэг эхчүүд талархаад ирэхээр их бахархалтай байдаг. Энэ бас мэргэжлийн маань бахархал юм.

Амьдралдаа баримталдаг зарчим тань юу вэ?

Аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг. Хийвэл хийсэн шиг л хийдэг. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үгийг их бодож явдаг. Ер нь хүн эргээд уулзах нүүртэй байх хэрэгтэй гэдэг зарчмыг баримталж явдаг.

Мэргэжлээрээ ажиллаж байх хугацаанд тохиолдож байсан бэрхшээл, түүнийг даван туулсан сайн туршлагаасаа хуваалцаач.

Монголд цэргийн сэтгэл судлалын ном, судалгаа барагтай байдаггүй, их ховор байсан. Багш нар маань ч ерөнхий сэтгэл судлалын хичээл заагаад, жишээ олоход хэцүү байдаг байв. Тиймээс өөрсдөө кэйстэй болж, практик дээр ажиллаж байгаа хүмүүстэй ярилцаж, ахмад багш нараасаа асууж сурдаг байлаа. Одоо бол практик байгууллага, их дээд сургуулийн хамтын ажиллагаа сайжирсан. Сэтгэл зүйн төвүүд, сургалтууд ч олширсон. Манай байгууллага ч өөрсдийн сектортэй болж, судалгаа хийж байна. Түүнтэй хамтарч мэдлэг, мэдээллээ солилцох нь хамгийн сайн туршлага болж байна.

Мөн олон улсын болон улсын чанартай эрдэм шинжилгээний хурал зохиож, гадна дотнын мэргэжилтнүүдтэй туршлага солилцдог болсон нь маш үр дүнтэй. Шинэлэг судалгаа их ховор байсан. Бид нарын үед ном зохиол их бага бага байлаа.  Цэргийн сургуульд багш болоход багш, тэнхимийн эрхлэгч нар аль болох цэрэгтэй холбоотой жишээ, кейс оруулж хичээл сургалтдаа ашиглавал зүгээр шүү гэж зөвлөдөг байсан.

Сүүлийн таван жил “Нийгэм сэтгэл зүйн тулгамдаж буй асуудал” эрдэм шинжилгээний хурлыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Багш, сонсогч, эрдэмтэн судлаачид хоёр өдөр зохион байгуулдаг. Энэ хурлаас бид нар оюутнуудаасаа ч суралцдаг. Энэ жилийн хурлаа бид Олон Улсын хэмжээнд зохион байгуулсан. Оросоос 7-8 илтгэл, Хятадаас биечлэн ирсэн, Англи улсаас төлөөлөн оролцсон. Тэгэхээр салбарын хүмүүс маань ингэж хамтарч ажиллах нь хамгийн сайн жишиг гэж бодож байгаа.

Ойрын 5 жилийн зорилго юу вэ?

Ойрын таван жилийн зорилго бол докторын зэргээ хамгаалах. Чанартай маш сайн гарын авлага, сурах бичиг гаргана гэсэн бодолтой байна. Рошахын сургалтад суусан энэ арга зүйг өөрийн болгон эзэмших зорилготой байна.

Та амралтын өдрүүдээ хэрхэн өнгөрүүлдэг вэ?

Амралтын өдөр их хурдан өнгөрдөг. Нөхөр маань цэргийн хүн. Энэ жил 8 сар хөдөө яваад саяхан ирсэн. Тэгэхээр амралтын өдрүүдэд хүүхдэдээ харж асрах, тоглох гэрийн ажлуудаа хийдэг. Охиноо сургалтад хүргэж өгнө. Ээж аав дээрээ зочлон очно. Аль болох гэр бүлдээ л цаг зарцуулах, хоёр хүүхдээ спортоор хичээллүүлж, гадаад хэлний чадварыг нь нэмэгдүүлэхийг хичээдэг. Хүүхдүүддээ цаг зарцуулж чадахгүй үе байдаг. Ангийн багш нарт нь л их баярлаж явдаг. Амралтын өдрүүдэд аль болохоор хүүхдүүддээ, гэр бүлдээ цаг зарцуулахыг боддог.

Салбарынхаа хөгжлийг юу гэж харж байгаа вэ?

Бид нарын оюутан байх үед ихэвчлэн Орос сурах бичиг байлаа. Одоо бол Монгол хэл дээрх ном зохиол элбэг болж, сүүлийн жилүүдэд Монгол Улсад сэтгэл судлалын салбар эрчимтэй хөгжиж байна. Сонирхогчид ч их болж байна. Энэ нь нэг талаараа зөв ч гэлээ зарим талдаа сөрөг зүйл байна. Зарим нь бизнес болгож байна гэх мэт. Оюутнуудад маш их боломж байна. Хэлтэй л бол ямар ч хэлээр уншиж судлах боломж байна.

Сэтгэл судлаач мэргэжлийн талаарх ямар хэвшмэл ойлголтыг засмаар байна вэ?

Цэргийн сэтгэл зүйч, албан байгууллагын сэтгэл зүйчдийг бүгдийг хийдэг супермен гэж битгий хараасай.

Сэтгэл судлаач мэргэжлээр суралцаж буй мэргэжлийн оюутнуудад өгөх зөвлөмж юу вэ?

Оюутнуудад бол өөрийгөө маш сайн хөгжүүлж хэлээ сайн сур гэж хэлмээр байна. Хэлтэй бол хөлтэй гэдэг шүү дээ. Би эчнээ ангийн оюутнууддаа их хэлдэг хэдий хил хязгаар дээр байсан ч өөрийгөө хөгжүүл гэдэг. Англи дээр бол сэтгэл судлалын ямар ч мэдээ мэдээллийг олж авах боломж байна. Өөрийгөө сайн дайчилж сурах хэрэгтэй. Сэтгэл судлаач хүн болж байгаагийнх энэрэнгүй, хүнийг боддог байгаасай.

Сэтгэл судлаач мэргэжилтний үүднээс хүмүүст юу гэж уриалмаар байна вэ?

Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалдаг байгаасай гэж уриалмаар байна. Сэтгэцийн эрүүл мэнд маш чухал байгаа шүү дээ. Монгол хүний сэтгэцийн эрүүл мэндэд тулгамдаж байгаа асуудал их байна. Тэгэхээр өөрөө өөрийгөө сэтгэл зүйн эрүүл мэндийг хайхардаг, анхаардаг, сэтгэл зүйчид хандаж чаддаг байгаасай гэж хэлмээр байна. Сэтгэл зүйн эрүүл мэнд, сэтгэл зүйн боловсролтой байх нь чухал гэж хэлмээр байна. Монголд бол сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг сайн төвүүд байгаа. Мэргэжлийн төвүүдэд очиж, сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ аваарай гэж уриалмаар байна.

Сэтгэл судлаачтай ярилцъя ярилцлагын дараагийн зочноор хэнийг уримаар байна вэ?

Дотоод Хэргийн Их Сургуулийн сэтгэл зүйч Отгонсүрэн.

Урилгыг хүлээн авч ярилцлагад оролцсон танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

Ярилцсан сэтгэл судлаач Б. Буянжаргал

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл

No comments yet. Why don’t you start the discussion?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *