“Сэтгэл судлаачидтай ярилцъя” ярилцлагуудаа дахин нийтлэж эхэллээ.
Энэ удаагийн зочноор Монголын Лектор төвийн сургалтын менежер, сэтгэл судлаач Бариушановын Номин уригдан оролцсоныг дахин хүргэж байна.
Боловсрол
- 2001-2003 онд МУИС-ийн НШУС-ийн сэтгэл судлал сурган хүмүүжүүлэх ухааны тэнхим.
- 2003-2004 онд Москвагийн (МАДИ) хэлний бэлтгэл
- 2004-2009 онд Москвагийн Сурган хүмүүжүүлэх ухааны улсын их сургууль (МПГУ) сэтгэл судлал сурган хүмүүжүүлэх ухааны салбарын сэтгэл судлаач сурган хүмүүжүүлэх ухааны /Магистр/
- 2009 оноос Москвагийн боловсролын улсын их сургуулийн сурган хүмүүжүүлэх ухааны /Докторант/
Ажлын туршлага
- 2006-2007 онд Москвагийн Бага сургуулийн сэтгэл зүйч дадлагажигч
- 2007-2008 онд Москвагийн багшийн коллежид сэтгэл судлалын багшийн дадлагажигч
- 2008-2009 Москвагийн боловсролын улсын их сургуульд сурган хүмүүжүүлэх ухааны багшийн дадлагажигч
- 2011 оноос Монголын Лектор төвийн судлаач, сургалтын менежер
- 2013 оноос Москва хот дахь оюутан залуусын «Ле Мон» Клубын тэргүүн (Сонгуульт ажил)
Таны мэргэжлийн онцлог давуу тал
Гол онцлог нь ажлын «обьект» нь эргэн тойронд нь үргэлж байдаг тул ажлын байр, багаж хэрэгсэл гэлгүйгээр ажиглалт хийж туршлага хуримтлуулдаг бас ашиг хонжоо, арын хаалга, заль мэх, хуурмаг дүр эсгэх, “халтуурдах” зэргээс ангид чин сэтгэлээсээ ажиллаж сэтгэлийн «эмч» болдог нь юм. Хэрэв чин сэтгэлээсээ мэргэжилдээ хандахгүй л бол ажил нь ямар ч үр дүнгүй болдог учир энд “хуурах” боломж байхгүй.
Ажлын төлөвлөгөө
Юуны түрүүнд эрдмийн ажлаа бичиж дуусгах, хамгаалах. Амжилттай хамгаалсаныхаа дараа мэргэжлийнхээ дагуу ажиллах. Сэтгэл судлалын олон чиглэлүүдээс надад илүү таарч тохирох нь бүлэгтэй ажиллах юм байна гэсэн бодолтой болсон. Харилцааны ур чадварын тренингийг туслах сэтгэл судлаачийн хамт боловсруулж удирдан явуулж байсан минь тухайн үедээ хүмүүст үр дүнтэй сонирхолтой болсон. Энэ чиглэлээрээ тохирох сургалт, курст суралцаж сертификаттай болно. Мэдээж өөрөө бие даан мэдлэгээ дээшлүүлнэ. Бүлэгтэй ажиллах олон чиглэлээс бас л өөртөө тохирох үр дүнтэй загварыг сонгон турших, зохион байгуулах төлөвлөгөөтэй явна. Сүүлийн үед гэр бүлийн, хосуудын харилцааны асуудлаар ямар тренинг явуулж болох тухай судалж байна.
Яг одоо төвлөрөн хийж байгаа судалгаа шинжилгээний ажил
Би сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэгч гэсэн хавсарсан мэргэжилтэй. Одоогоор сурган хүмүүжүүлэх ухааны чиглэлээрээ эрдмийн ажил бичиж байгаа. 1990 оноос хойш бага боловсролд хийгдсэн өөрчлөлтүүдийг судалж түүхэн үечлэлд хувааж, тоймлон бичээд байна. Үргэлжлүүлээд мөн үеийн Оросын бага боловсролын шинэчлэлүүдийг судалж харьцуулсан дүгнэлт гаргах төлөвлөгөөтэй. Яг өнөөдөр сэдвийнхээ дагуу нэгэн шинэ нийтлэл бичиж дуусгалаа. Эрдмийн ажлынхаа хурээнд бага ангийн 6-8 настай хүүхдүүдийн сургуульд бэлтгэгдсэн байдал, суралцах чадварыг, тэдэнтэй ажиллаж байгаа 80 гаруй багш нараар дамжуулан 2000 гаруй хүүхдийн тухай судалгаа хийсэн юм. Ингэхдээ сэтгэл зүйн, боловсролын, нийгмийн, сэтгэхүйн, сэдлийн гэсэн үзүүлэлтээр шалгуурууд гарган судалж дүгнэлт гаргасан.
Өдөрт хэдэн цаг ажилладаг вэ?
Яг одоо бол 2-5 цаг ажиллаж байна. Шаардлагатай үед бүтэн өдрөөр шаргуу ажиллах тохиолдол байдаг. Заримдаа өглөө 9 цагт ширээний ард суугаад шөнө 12 цагт босох үе ч байдаг. Мэдээж дундуур нь завсарлага авна. Заримдаа залхуу хүрээд эсвэл толгой ажиллахгүйгээс юу ч гараас гарахгүй дэмий өнгөрөх өдрүүд ч бий. Тиймээс цагаа зөв тохируулан ажиллах хэрэгтэй.
Ажилдаа хамгийн идэвхитэй ханддаг цаг
Бага хүүхэд маань нялх учраас яг одоо бол хүүхэд унтсан л бол «автоматаар» идэвхитэй болдог.
ИШЛЭЛ
НЭГЭНТ Л СЭТГЭЛ СУДЛААЧ БОЛСОН БОЛ ЭНЭ МЭРГЭЖЛЭЭ ХЭЗЭЭ Ч МАРТАЖ БОЛОХГҮЙ. МЭДЛЭГ БОЛ ХҮЧ. ӨӨРТӨӨ ШУДАРГА БАЙ.
Сэтгэл судлаач Б.Номин
Амралтын өдрүүдээ хэрхэн өнгөрөөдөг вэ?
Эрдмийн ажил бичиж байгаа хүнд ажлын өдөр амралтын өдөр гэж байдаггүй. Амралтын өдрөөр илүү төвлөрч олон цагаар сууж ажиллаж боломжтой. Бусад өдрүүд шиг албан ёсны амжуулах хийх ёстой ажлууд бага байдаг учраас. Ер нь бол хүүхдүүддээ, гэр бүлийхэндээ илүү цаг зарцуулж хамтдаа амттай хоол хийх, хүүхдүүдээ агаарт гаргаж тоглоомын талбай дээр удаан зугаалахыг хичээдэг. Ганцаараа үедээ хувцас, гутлын дэлгүүр орох дуртай.
Цагийг хэрхэн зөв зарцуулах талаар
Бүх юманд өөрийн гэсэн цаг хугацаа байдаг гэдгийг санаж байх хэрэгтэй юм болов уу. Хүмүүсийн цаг хугацааны мэдрэмж харилцан адилгүй байдаг нь батлагдсан. Тиймээс зарим хүмүүс ямар ч ухаалаг тайм-менежмент хэрэглээд нэмэргүй байх нь олон. Хотын амьдралын хэв маяг нь биднийг яаруу сандруу цагтай уралдаж амьдрахаас өөр аргагүй болгодог.
Сэтгэл судлаачдын амьдралдаа хандах хандлага
Нэг удаа надад их сургуульд хамт сурч, дараа нь өөр мэргэжил эзэмшээд түүгээрээ амжилттай ажиллаж байгаа дотно найз минь хэлэхдээ «Дотроо би өөртөө ямагт сэтгэл судлаач хүн шүү дээ тиймээс ийм байдаг, ингэх нь илүү зөв гэж аливаа юманд ханддаг» гэсэн юм. Та нэгэнт л сэтгэл судлаач болсон бол энэ мэргэжлээ хэзээ ч мартах боломжгүй. Таны амьдралыг үзэх үзэл, харах хандлагад мэргэжил чинь маш хүчтэй нөлөөлж та урьдны хувь хүн биш болноо л гэсэн үг. Товчхондоо сэтгэл судлаачид мэргэжлээрээ сурах явцдаа амьдралыг хэрхэн үзэх хандлага нь тогтдог гэж бодож байна. Нөгөө талаас сэтгэл судлаач хувь хүний амьдралыг үзэх хандлага нь олон жилийн турш бүрэлддэг. Сэтгэл судлаач болсондоо баярлаж явдаг олон хүн бий. Амьдралыг ойлгож өөртөө болоод эргэн тойрондоо байгаа хүмүүстэй тулгарах асуудлуудыг даван туулах, шийдэхэд мэргэжил нь маш их тусалдаг. Бас нэг мэргэжил нэгт найз маань хэлэхдээ «харилцааны хүрээ хумигдаад, мэргэжлийнхэнтэйгээ харилцах сонирхол илүү болдог юм байна» гэсэн.
Сэтгэл судлаачийн үүднээс бусдад өгөх зөвлөгөө
Таны амьдралыг, асуудлыг та хамгийн сайн ойлгож байгаа. Тиймээс та яах хэрэгтэйгээ, яаж шийдэхээ хэнээс ч илүү мэднэ. Лам, бөө, үзмэрчээс ид шидийг хайж цаг. мөнгөө битгий үрээрэй. Оросууд их уншдаг ард түмэн. Захын орос хүн л сэтгэл судлалын үндсэн мэдлэгийг эзэмшсэн нь ярианаас нь харагддаг. Сэтгэл судлалыг сэтгэл судлаач шиг сонирхон уншиж өөрийгөө хөгжүүлдэг, өөртэйгээ ажилладаг хүмүүс маш олон. Монголчууд бид энэ тал дээр яалт ч үгүй хоцорч явна. Монгол хэл дээр манай салбарын номнууд улам олон болоосой. Хүмүүс уншаад өөртөө туслаасай гэж хүсч байна. Мэдлэг бол хүч. Тэр мэдлэгийг олж авахад хангалттай мэдээлэл монгол хэл дээр харамсалтай нь алга.
Өөртөө амьдралдаа сэтгэл хангалуун байхад нөлөөлөх хүчин зүйл
Өөрийгөө хэн гэдгээ олж авах, мэргэжилдээ дуртай байх, гэр бүлийнхэнийхээ төлөө сайн зүйл хийх. Өөрийгөө байгаагаар нь хүлээн авах өөртэйгээ щударга байж чадаж байвал хүн сэтгэл зүйн хувьд илүү тогтвортой байдаг. Бидний амьдарч байгаа цаг үеийг судлаачид «нарцис» төвтэй нийгэм гэж нэрлээд байгаа. Фэйсбүүкээр дүүрэн өөрийгөө сэлфидэж, өдөрт хэд хэдэн зураг оруулж лайк тоолж суух хүмүүс олширлоо. Фэйсбүүк дэх эффекттэй гоё зураг, постууд нь бид илүү гоё, сайхан, ухаантай, аз жаргалтай байхыг хүсдэгийг харуулж байна. Саяхан найзуудтайгаа хамт хоолонд орохдоо зөндөө зураг дарж, түүнийгээ ээлжлэн харж суусаар хоорондоо ч ховор үг сольсон байсан.
Таны хувьд амьдралаас авдаг хамгийн сайхан мэдрэмж
Намайг байгаагаар минь хүлээн авч хайрладаг хүмүүстэйгээ хамт байгаагаа мэдрэх. Хүүхдүүдээ эрхлүүлэх, тоглох. Бас нөхрөөсөө цэцэг бэлэг авах үедээ их сайхан мэдрэмж төрдөг. Хань маань байнга жижиг зүйл дээр ч баярлуулж сюрприз барьдаг.
Хамгийн их хийж үзэхийг хүсдэг зүйл
Усанд загас шиг сэлэх, ууланд янгир шиг авирах.
Бусдад байнга хэлдэг үг
Айгаад байвал хийгээд үз айхаа болино.
Одоо уншиж буй ном
Эрдмийн ажилтайгаа холбоотой олон ном уншиж байгаа.
Хүмүүсийн эерэг сөрөг хандлагын тухайд
Нэгэн сайхан нартай өдөр бүх юм сайхан болно гэж боддог хүмүүс илүү сайхан амьдардаг гэж бодож байна. Эерэг байхыг уриалаад байгаа нь ийм л учиртай. Сөрөг хандлагаа өөрчлөхийг хүсдэг ч чадахгүй байгаа олон хүмүүс бий. Учир нь хүний хандлага урт удаан хугацаанд тогтдог олон хүчин зүйлээс хамаардаг. Сэтгэл заслын олон аргуудын тусламжтайгаар хандлагаа өөрчлөх боломж бий. Ялангуяа когнитив сэтгэл судлалын аргууд маш үр дүнтэй нь батлагдсан байдаг.
Сэтгэл судлаачид нийгэмд ямар байр суурьтай байна вэ?
Хүмүүсийн боловсролын түвшин, ерөнхий мэдлэгийн хүрээ ахихын хирээр сэтгэл судлаачдад хандах тоо ихэснэ гэж бодож байна. Одоогоор лам, бөө, үзмэрч, «ид шидтэнгүүд»- эд хүмүүс илүү итгэж асуудлаа «ид шидийн» аргаар шийдэхийг хичээж байна. Эрүүл мэндийн даатгалаараа сэтгэл заслын үйлчилгээний төлбөрөө хийдэг болох үе удахгүй ирээсэй. Сэтгэл судлаач олон салбарт мэргэжлээрээ ажиллах боломжтой. Зайлшгүй сэтгэл судлаач ажиллах хэрэгтэй байгаа ажлын байрууд өөр эзэдтэй байгаа нь харамсалтай.
Улсын ирээдүй таны нүдээр
Монгол улсаа илүү хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Судалгааны ажилтайгаа мэргэжилтэйгээ холбогдуулаад хэлэхэд улс төржсөн, түргэвчилсэн өөрчлөлтүүдийг боловсролын салбарт хийх нь эргээд манай улсын боловсролын чанар муудахад хүргэж байна. Би сургуульд сурч байхдаа бас л нэгэн туршилтын туулай болоод өнгөрч байсан. Чаддаг хүмүүсээр нь чанартай судалгаа хийж туршаад дараа нь сургалтын системдээ нэвтрүүлж байгаасай гэж хүсч байна. Бусад салбар ч бас адилхан болов уу. Бид америкжиж байгаа нь сайн уу? муу юу? урд нь оросжоод бас юунд хүрлээ дээ гэдгээ бодох л хэрэгтэй байх.
Та манай дараагийн зочноор хэнийг урьмаар байна?
Хэрэв зөвшөөрвөл сэтгэл судлаач Мөнхцэцэг багшийгаа урьмаар байна.
Хүсэлтийг минь хүлээн авч цахим сүлжээгээр холбогдон хариу ирүүлсэн танд баярлалаа. Сайн сайхныг хүсье.