Сэтгэл судлаач Ч. Батзаяа

Сэтгэл судлаач Ч. Батзаяа

Сэтгэл Судлалын Үндэсний Төв сэтгэл судлалын салбартаа тууштай ажиллаж, эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээ зориулан байдаг эрхэм сэтгэл судлаачдынхаа төлөөллийг оролцуулан “Сэтгэл судлаачидтай ярилцъя-2 ” ярилцлагууд та бүхэнд хүргэж эхэллээ.

Энэ 7 хоногийн зочноор Премиум Нэксус ХК-ийн талент менежер, сэтгэл судлаач Чулуунбаатарын Батзаяа оролцож байна.

Боловсрол

  • 2016 он – И.С.Тургеневын нэрэмжит Орёлын их сургууль, боловсрол, сэтгэл судлалын бакалавр

Ажлын туршлага

  • 2017–2021 он – NPC&Mandal компанид судалгаа хариуцсан мэргэжилтэн, сэтгэл судлаач
  • 2021 оноос – Премиум Нэксус ХК-д сургалтын мэргэжилтнээр ажиллаж,
  • 2023 оноос – Премиум Нэксус ХК-д талент менежерээр ажиллаж байна хөгжлийн “Сэтгэл Ундрах” хүрээлэнгийн захирал

Та мэргэжлээ хэрхэн яаж сонгосон бэ?

Би анх өөрөө хэлний чиглэлээр суралцах, судлах сонирхолтой байсан. Оросд очоод анх орос хэлний багш маань надад багш, сэтгэл судлаач болвол яасан юм бэ чамд яг хүнийг сонсох, ойлгох чадвараас эхлээд тохирондоо гээд л мэргэжлийн талаар тайлбарлаж, сонголт хийхэд нөлөөлсөн.

Анх энэ салбарт, тэр дундаа одоо ажиллаж буй чиглэлээр мэргэшихэд юу нөлөөлсөн бэ?

Судалгааны чиглэлээр эхэлсэн ажил маань дараагийн шатанд чухал суурь болж өгсөн. Премиум Нэксус ХК-д сургалтын мэргэжилтнээр ороод хүмүүсээ судлаад шууд л хэд хэдэн софт скилийн сургалтууд бэлтгээд ганц 2 мэргэжлийн сургалтын хажуугаар ажилтнуудад ороход маш олон ажилтан нэг дор хамрагдаж сургалтын талаар ойлгосон зүйлсээ хуваалцаж “зөвхөн ажил дээр ч гэхгүй амьдралд хэрэгтэй сургалт байлаа” гэх сэтгэгдлүүдийг аваад урам орж эрч хүчтэйгээр ажиллаж эхэлсэн. Энэ чиглэлээрээ илүү мэргэшиж бодлогын түвшинд суралцах олон зүйл байна.

Таны ажлын онцлог, давуу тал юу вэ?

Одоо байгууллагын хүний нөөцийн чиглэл рүүгээ илүү түлхүү ажиллаж байгаа ч, үндсэн мэргэжил маань маш том суурь нь болж өгдөг. Байгууллагадаа хийж хэрэгжүүлж буй ажлын гүйцэтгэл үр дүн 3000 гаран ажилтны сэтгэл зүй, тэдний амьдралд цаашлаад тэдний гэр бүлд, нийгэмд хүртэл нөлөөлөхүйц ажил хийж байгаадаа үнэ цэнэтэй гэж хардаг. Ажлын байран дээр нь тохирох зөв арга барилаар сургаж чаддаг, хийсэн ажил, гүйцэтгэлийг ялгаварлалгүйгээр үнэлж чаддаг байх систем буюу сургалт, гүйцэтгэлийн үнэлгээний зөв тогтолцоог бий болгохыг зорьж байна. Үүний тулд мэдээж хэрэг удирдлагын ур чадвар гүйцэтгэл сайн байх нь чухал үүн дээрч мөн адил ажлууд төлөвлөн эхнээс нь эхэлж байна даа. Ажлын давуу тал нэг ч гэсэн хүний амьдралд, сэтгэлд, оюунд эерэгээр нөлөөлж амьдралд нь өөрчлөлт авчирч чадаж байвал энэ давуу тал юм уу.

Яг одоо төвлөрөн хийж буй ном бүтээл, судалгааны ажил, төслийн тухай ярьж өгнө үү?

Байгууллагын ажилтнуудын гүйцэтгэл, ур чадварт сэтгэл зүйн хувьд ямар хүчин зүйлс нөлөөлж байна, бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд үйлдлийн ямар өөрчлөлтүүдийг хийх боломжтой байдгийг судалж байгаа. Ялангуяа жижиглэн худалдааны салбарт ажилтнууд маань хийж буй ажилдаа хэрхэн сэтгэл ханамжтай ажиллахын хажуугаар, урт хугацаанд үлдэн цаашдын ажлын зохион байгуулалтыг хэрхэн хийж болох талаар судлан хэрэгжүүлж байна. Үр дүнд нь байгууллагын соёл, ажилтны талаар бодитой дүгнэлтүүдийг гаргах юм.

Таны хобби сонирхол юу вэ? Сүүлийн жилүүдэд ямар шинэ хоббитой болсон бэ?

Оюутан цагаасаа йогаар хичээллэж, бясалгал хийх нь хамгийн дуртай хобби хэвээрээ. Ялангуяа бясалгаж өөрт төвлөрөн дотор нь орох мэдрэмж гоё л доо. Өөр юунд ч анхаарлаа хандуулахгүй йога ингэж хийж үзсэн эсвэл хийдэг хүмүүс нь мэдэх байхаа ххэ.

Хамгийн сүүлд сурсан 3 чадвар юу вэ?

За, одоогийн байдлаар нэгт хүн ямар ч үед суралцахад өлсгөлөн байх шинэ зүйлийг сурахдаа өмнөх мэдээллийг харахгүйгээр шинээр сурч байгаа мэт хүлээж авах,

Хоёрт, суралцаж байх үедээ хүн зөвхөн аливаа нэг асуудлыг шийдэж байна гэж хардаг ч яг үнэндээ тухайн хүн давхар өөрийн хэрхэн бодож сэтгэж байгааг анзаарах хэрэгтэй байдаг. Жишээлбэл, асуудлыг шийдвэрлэх арга барил нь өөрийгөө таньж мэдээгүй хүний хувьд эргээд асуудал үүсгэсэн байж болохыг ойлгох хэрэгтэй гэсэн үг юм.

Гуравт, Удирдлагын манлайллын ур чадвартай холбоотой нийтлэл, сургалт, судалгааг уншиж судлаад явж байгаа.

Мэргэжлээрээ хамгийн их бахархаж байсан үе, үйл явдал хэзээ вэ?

Сэтгэл зүйн зөвлөгөө өгч байх үедээ анх үйлчлүүлэгчийн нулимс, сэтгэлийн үг, нүдэн дээр харагдаж байгаа хүний зан хандлагын өөрчлөлт маш их догдлуулж байсан. Мэргэжлийн ярилцлага хийгээгүй ч өдөр тутамдаа эргэн тойрны хүмүүстэйгээ ярилцаад тэдний өөрчлөлтийг харах бас гоё байдаг. Үүнд мэдээж хэрэг мэргэжлийн суурь нөлөө үзүүлж байдгийг анзаардаг.

Амьдралдаа баримталдаг зарчим тань юу вэ?

Чин сэтгэлээр хандах, байгаа газартаа хэрэгтэй хүн байх, зөв зүйл хийхийг хичээх. Жаахан дэлгэрүүлвэл байгаа газраа хэрэгтэй хүн байх юмсан, буруу зүйл хийхгүй байх юмсан, хүнд хэрэгтэй зүйлсийг л хийж бүтээх юмсан гэж боддог. Ажилд ч амьдралд ч цагаа гаргаж байгаа бүхэндээ хэрэгтэй нэгэн байх гэдэг чухал санагддаг шүү.

Мэргэжлээрээ ажиллаж байх хугацаанд тохиолдож байсан бэрхшээл, түүнийг даван туулсан сайн туршлагаасаа хуваалцаач.

Олны өмнө гарч ярих, хүн тэгээд дахин дахин хийгээд ирэхээрээ туршлагаждаг байх. Гэхдээ сүүлийн 2 жил сургалт бараг ороогүй, сүүлд хэдэн сарын өмнө олон хүний өмнө гарч ярихад бас л анхных шигээ сандарч байна лээ. Тэгэхээр үнэхээр сайн ойлгомжтой, тодорхой ярьж байгаа хүн шууд л тийм болоогүй олон удаагийн хичээл зүтгэлийн үр дүн гэдгийг ойлгосон доо.

Энэ мэргэжлээр ажиллаж эхэлсний дараа танд бий болсон эерэг өөрчлөлтүүд юу вэ?

Олон зүйл байгаа ч хамгийн чухал нь аливаа зүйлийг байгаагаар нь хүлээж авдаг байх. Хэнд ч юунд ч буруу зөв гэхгүй байгаагаар нь хүлээн авч, мөн өөрийгөө болон бусдыг ойлгох чадвар нэмэгдсэн гэж боддог.

Ойрын 5 жилийн зорилго юу вэ?

Талент менежментийн чиглэлээр илүү мэргэших хөгжих зорилготой байна.

Та амралтын өдрүүдээ хэрхэн өнгөрүүлдэг вэ?

Аль болох өөртөө болон гэр бүлдээ цаг гаргахыг боддог. Шинээр суралцаж буй зүйлс дээрээ цагаа гаргахыг хичээдэг.

Салбарынхаа хөгжлийг юу гэж харж байгаа вэ?

Сэтгэл судлалын салбар хөгжих ирээдүйтэй байна. Ялангуяа монгол хүний сэтгэл зүйн онцлог, давуу болон сул талуудыг судалж илрүүлэх, судалгааны үр дүнд суурилан шийдвэр гаргах суурь аль хэдийн тавигдсан гэж бодож байна.

Сэтгэл судлаач мэргэжлийн талаарх ямар хэвшмэл ойлголтыг засмаар байна вэ?

Сэтгэл зүйн зөвлөгөө богино хугацаанд асуудлыг бүрэн шийддэг гэх эндүү ойлголт түгээмэл хэвээр байна. Энэ нь олон талын хүчин чармайлт, хугацаа шаарддаг процесс гэдгийг ойлгох хэрэгтэй. Дийлэнх нь сэтгэл зүйн зөвлөгөө авбал асуудлаа яриад, зөвлөөд, шууд шийдэх боломжтой болно гэсэн ойлголт байсаар байх шиг байна. Үнэндээ сэтгэл зүйн асуудлууд 1-2 цаг дотор шийдэгдэх зүйл биш юм. Тиймээс сэтгэл зүйн зөвлөгөөнөөс үр дүн гаргах гэж сэтгэл зүйч ч тэр, үйлчлүүлэгч ч тэр, түүний гэр бүл ч тэр хэт их яардаг байдлыг залруулмаар санагддаг. 

Сэтгэл судлаач мэргэжлийг сонирхож буй хүмүүс болон хүүхдүүдэд өгөх зөвлөмж юу вэ?

Өдөр бүр олон хүний асуудлыг сонсох, судлах чадвар болон “хүн”-тэй ажиллах, харилцах хүсэлтэй эсэхээ сайн бодож шийдэх хэрэгтэй. Магадгүй багш нартайгаа, бүр эргэлзэж байвал мэргэжлийн хүмүүстэй нь уулзаж ярилцах, сонирхож буй чиглэлийн мэргэжилтнүүдийн ярилцлагыг сонсож үзээд үнэхээр хүсч байгаа эсэхээ дахин бодож шийдвэрээ гаргаарай.

Сэтгэл судлаач мэргэжлээр суралцаж буй мэргэжлийн оюутнуудад өгөх зөвлөмж юу вэ?

Сэтгэл судлалаар сурч буй оюутнууд маань юуны түрүүнд өөрийгөө ойлгох, мэргэжлийн практик дээр гарахад цаашид өөрийгөө илүү сайн хөгжүүлэх арга барилаа олоход анхаараарай. Хүнд зөвлөгөө өгөх хүн өөрийгөө тодорхой хэмжээнд ойлгож, асуудлаа шийдсэн байх нь давуу тал болно. Асуудалгүй хүн гэж хэзээ ч байхгүй. Гэхдээ өөрийгөө маш сайн мэддэг, өөрийн асуудлыг ойлгосон, хүлээн зөвшөөрсөн, шийдлээ хайж үйлдэл хийсэн байх шаардлага тавигдана.

Сэтгэл судлаач мэргэжилтний үүднээс хүмүүст юу гэж уриалмаар байна вэ?

Бусдын өөрчлөх гэхээс илүү өөрийн дотогшоо өнгийж, аливааг хүлээж авах чадвараа хөгжүүлсэй гэж хүсдэг. Хүн төвтэй нийгэмд амьдрахыг хүсдэг ч  бид өөрөөсөө эхэлж хэлсэн үг, хийсэн үйлдлээрээ нийгэмд нөлөөлж байгаа гэдгээ ухамсарлан дор бүрнээ бага ч атугай хичээгээсэй гэж уриалмаар байдаг.

Сэтгэл судлаачтай ярилцъя ярилцлагын дараагийн зочноор хэнийг уримаар байна вэ?

Сэтгэл судлаачтай ярилцъя ярилцлагын дараагийн зочноор СЭМҮТ-ийн сэтгэл засалч эмч Хонгорзулыг урих саналтай байна.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл

No comments yet. Why don’t you start the discussion?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *