Сэтгэл судлаач Мижгээгийн Хишиг-Ундрах

Сэтгэл судлаач Мижгээгийн Хишиг-Ундрах

Сэтгэл Судлалын Үндэсний Төв сэтгэл судлалын салбартаа тууштай ажиллаж, эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээ зориулан байдаг эрхэм сэтгэл судлаачдынхаа төлөөллийг оролцуулан “Сэтгэл судлаачидтай ярилцъя-2 ” ярилцлагууд та бүхэнд хүргэж эхэллээ.

Энэ 7 хоногийн зочноор Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Эрдмийн Зөвлөлийн гишүүн, сэтгэл зүйн үйлчилгээний төвийн эрхлэгч, сэтгэл судлалын доктор, сэтгэл судлаач Мижгээгийн Хишиг-Ундрах оролцож байна.

Боловсрол

  • 1985-1989 онд Багшийн сургууль
  • 1993-1997 онд Улсын Багшийн Их Сургуулийн Сэтгэл судлалын бакалавр
  • 1997-1999 онд Улсын Багшийн Их Сургуулийн Сэтгэл судлалын магистр
  • 2001-2005 онд Монгол Улсын Боловсролын Их сургууль Сэтгэл судлалын доктор

Ажлын туршлага

  • 1989-1991 Нийслэлийн 25-р тусгай сургуульд багш пионерын ахлах удирдагч
  • 1991-1999 Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23-р сургуульд багш
  • 1999-2013 МУБИС-ийн Багшийн сургууль, Боловсрол судлалын сургуулийн Сэтгэл судлалын тэнхимд багш
  • 2014 оноос МУБИС-ийн Сэтгэл зүйн үйлчилгээний төвийн эрхлэгч
  • Сэтгэл судлал эрдэм шинжилгээний сэтгүүлийн эрхлэгч
  • МУБИС-ийн Эрдмийн Зөвлөлийн гишүүн
  • БМИҮЗ-ийн Нийгмийн шинжлэх ухаан, сэтгүүл зүйн чиглэлийн мэргэжлийн комиссын нарийн бичгийн дарга
  • Сэтгэл судлалын докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн
  • Хүний хөгжлийн “Сэтгэл Ундрах” хүрээлэнгийн захирал

Та мэргэжлээ хэрхэн яаж сонгосон бэ?

Би багаасаа л багш болохыг хүсэж байсан. Багшийн сургуульд оюутан байхдаа сэтгэл судлалын хичээлийг маш их сонирхож,  ийм л мэргэжлийн багш болох сон гэж боддог байлаа. Багшийн сургуулиа төгсөөд 25-р тусгай сургуульд багш пионерын ахлах удирдагчаар ажилласан. Удалгүй УБИС -д конкурс өгч, хүсэж мөрөөдсөн, нарийн нандин сэтгэл судлаач мэргэжлийг эзэмшиж, ажиллангаа суралцсаар л явна даа.

Анх энэ салбарт, тэр дундаа одоо ажиллаж буй чиглэлээр мэргэшихэд юу нөлөөлсөн бэ?

Оюутан байхад бүгд л сэтгэл зүйн үйлчилгээг /сэтгэл зүйн зөвлөгөө, засал, сургалт, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх/ үзүүлэх, хэрэглээний салбарт ажиллахыг хүсдэг. Багшлахын зэрэгцээ 2002 онд сэтгэл зүйн “Анхаарал” ТББ байгуулж, Койка ОУБ -ын сайн дурын ажилтан  Солонгосын хүүхдийн сэтгэл засалч Шим Сү Хёон-той 3 жил хамтран ажилласнаар онол-практикийг хослуулан ажиллах боломж бүрдсэн. Одоо багшлахын зэрэгцээ МУБИС-ийнхаа суралцагчид багш, ажилтан болон олон нийтэд сэтгэл зүйн үйлчилгээг үзүүлж байна.

Таны ажлын онцлог, давуу тал юу вэ?

Багш ч, сэтгэл зүйч ч мэргэжил нэгдүгээрт, өөрийгөө тасралтгүй хөгжүүлж, хөгжиж байхыг шаарддаг. Хоёрдугаарт, хүмүүсийг соён гэгээрүүлнэ, тэдэнд аз жаргалын үүдийг нээхэд нь чиглүүлнэ. Гуравдугаарт, шавь нар болон үйлчлүүлэгчдээс талархал, хүндэтгэл, сайхан мэдрэмж авна. Шавь нарынхаа шинжлэх ухаанд дурлаж,  судлан шинжлэх ажилдаа шимтэн хөгжиж, дэвжиж байгаад бахархах зэрэг дурдаад баршгүй ээ.    

Яг одоо төвлөрөн хийж буй ном бүтээл, судалгааны ажил, төслийн тухай ярьж өгнө үү?

Сүүлийн жилүүдэд гадаадын тестүүдийг өөрийн орны нийгэм, соёлын нөхцөлд зохицуулан хэрэглэх, нутагшуулах ажлыг хийж байна. Тухайлбал, 2024 онд “Өсвөр насны хүүхдийн зан үйл, сэтгэл хөдлөлийг үнэлэх” давуу чанарт суурилсан BERS тестэд адаптаци хийж, манай төвийн сэтгэл зүйч А.Еркежан шавь маань сэтгэл судлалын докторын (Ph.D) зэрэг хамгаалсан. Одоо ABAS тест дээр нэг докторант шавьтайгаа ажиллаж байна. Мөн багш мэргэжлээр суралцаж буй оюутнуудын дасан зохицох зан үйлийн судалгааг хийж байна. МУБИС-ийн оюутнуудын тодорхой түүврийг судалгаанд хамруулсан бусад сургуулийн оюутнуудаас авах судалгааны бэлтгэл ажлыг хангаж байна. Хамгийн сүүлд өсвөр насныханд зориулсан “Стресс, түгшүүрийг бууруулах дасгалууд” гарын авлага бичсэн мөн мэргэжлийн ангийн оюутнууд, хууль хүчний байгууллагын ажилтан, сэтгэл зүйчдэд зориулсан “Хуулийн сэтгэл судлал” сурах бичгээ шинэчлэн хэвлүүлсэн. Мөн нийгмийн ажилтан, эрх зүйч, сэтгэл судлаачидтай хамтран хүүхэд хамгааллын нийгмийн ажилтан болон сургагч багшид  зориулсан “Хүүхэд хамгааллын кейс менежмент” гарын авлагыг гаргасан байна.

Таны хобби сонирхол юу вэ? Сүүлийн жилүүдэд ямар шинэ хоббитой болсон бэ?

Шатар тоглох, аялах, подкаст сонсох. Сүүлийн үед бясалгалыг ихэд сонирхож, олон төрлийн аргуудад суралцангаа тайвширч, бусдад түгээж байна. Мөн (AI) хиймэл оюун ухааныг сонирхож байна

Хамгийн сүүлд сурсан 3 чадвар юу вэ?

Судалгаа шинжилгээний ажлынхаа үр дүнг олон улсын сэтгүүлийн шаардлагад нийцүүлэн өгүүлэл бичихэд л суралцаж байна. Тухайлбал, судалгааны чиглэлд тохирсон сэтгүүл сонгох, өгөгдөл боловсруулах, бичгийн чадварууд гэх мэт.

Мэргэжлээрээ хамгийн их бахархаж байсан үе, үйл явдал хэзээ вэ?

Найзууд маань уулзах, ярилцах санал их тавьдаг. Найзууд болон үйлчлүүлэгчдийн сайхан болчихлоо, хичээнэ ээ, маш их баярлалаа гэх зэрэг талархал,  хичээл, сургалтын үед суралцагчдынхаа нүд, үг, үйлдлээс нь мөн шавь нарынхаа тууштай ажиллаж, зөв амьдарч байгаад багшийн хувьд баярлана, хайрлана, бахархах үе байнга л тохиолддог.

Амьдралдаа баримталдаг зарчим тань юу вэ?

Зорилготой байх. Аливаад сэтгэлээсээ  хандах. Цаг ашиглалт.  Өглөөний цайгаа тогтмол ууж байхыг чухалчилдаг.

Мэргэжлээрээ ажиллаж байх хугацаанд тохиолдож байсан бэрхшээл, түүнийг даван туулсан сайн туршлагаасаа хуваалцаач.

Сэтгэл судлалын нэр томьёоноос эхлээд шинэ төсөл хөтөлбөр, сургалт, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэхэд  бэрхшээл цөөнгүй тохиолдож байсан. Багшийн хувьд эрдэм номд хөтлөх, эрдэм номд дуртай болгох, эрдэм судлалын арга барилд сургахад судлан шинжлэх хамтын ажиллагаа их чухал. Оюутнуудын сэтгэл зүйн бэлтгэл, өөрийгөө танин мэдэх болон суралцах идэвх, сонирхлыг сайжруулах, онолоо практикт буулгаж, хэрэглэх чадварыг нь хөгжүүлэхийн тулд кейс анализ,ажиглалт, ярилцлага, дүрд тоглох, өдрийн тэмдэглэл хөтлөх, бичил судалгаануудыг  хийлгэж интерактив аргуудыг  түлхүү хэрэглэснээр оюутнуудын идэвх оролцоо, мэргэжлийн сонирхол, чадварууд нь  нэмэгдсэн. Сэтгэл зүйч хүн өдөр бүр бусдын асуудал, сөрөг сэтгэл хөдлөл, хүнд нөхцөл байдлыг хуваалцаж ажилладаг. Иймд өөрсдийнхөө сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах менежменттэй байх нь чухал. 

Энэ мэргэжлээр ажиллаж эхэлсний дараа танд бий болсон эерэг өөрчлөлтүүд юу вэ?

Хүн бүр адилгүй. Хүнд сайн, саар чанар аль  аль нь байгаа, өөгүй өндөг шиг хүн байхгүй. Бусдын сайн чанарыг олж харахыг хичээдэг, бусдад итгэл урам өгөх мөн  сайшаах, чадахаасаа чадахгүй хүртэл бусдад туслах, амьдадаа бие биеэ хайрлахын чухлыг хэлж ойлгуулдаг болсон.

Ойрын 5 жилийн зорилго юу вэ?

Судалгаа, эрдэм шинжилгээний ажил болон нийгэм, олон нийт рүү чиглэсэн  сэтгэл зүйн үйлчилгээнд түлхүү анхаарч ажиллана. Докторант, магистрантуудынхаа судалгааны ажлыг удирдан чиглүүлэх, мэргэжлийн ном, гарын авлага бичиж боловсруулахын зэрэгцээ гадаадын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг судалж байна.

Та амралтын өдрүүдээ хэрхэн өнгөрүүлдэг вэ?

Амралтын өдрүүдээ аль болох гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөхийг хичээдэг. Аль нэг өдөр нь контент сонсоно, агаар салхинд гарна. Тухайн цаг үед дуусгах шаардлагатай ажил байвал  амралтын өдөр ажилладаг.

Салбарынхаа хөгжлийг юу гэж харж байгаа вэ?

Сэтгэл судлалын салбар хөгжиж байна. ШУА-ийн харьяа Тархи, сэтгэл судлалын хүрээлэнтэй болсон нь дэвшил. Сэтгэл зүйчдийн хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдэхийн хэрээр их, дээд сургуулиуд сэтгэл судлалын хөтөлбөр нээж, сэтгэл зүйн контент, сэтгэл зүйн төвүүд, сэтгэл зүйчдийн мэргэшлийн холбоод байгуулагдаж байна. Манай салбарынхан үндэсний хэмжээнд монгол хүнийхээ мөн чанар, сэтгэлгээний онцлогийг гүнзгийрүүлэн судалж, оношилж хэмждэг лабораторитой болох. Олон нийтэд сэтгэл зүйн ухамсар төлөвшиж, сэтгэл зүйчдийн ажлын байр нэмэгдэж байгаа хэдий ч бидэнд нэр томьёоны нэгдсэн толь бичиг, хууль, эрх зүйн зохицуулалт нэн чухал хэрэгтэй байна, цаашдаа зохион байгуулалтад орж тодорхой зохицуулалтыг хиймээр байгаа юм.

Сэтгэл судлаач мэргэжлийн талаарх ямар хэвшмэл ойлголтыг засмаар байна вэ?

Өнөөдөр Монголын нийгэмд олон шалтгаанаас болж хүмүүс маш их бухимдаж, стресстэй, сэтгэл зүйн ямар нэгэн асуудалтай байна. Иймд сэтгэл зүйн үйлчилгээ тусламжийн чанар, үр өгөөжийг сайжруулах, шинжлэх ухааны салбарт шинээр бий болж байгаа практик туршлага, ололт амжилтыг судлан шинэ гарц шийдлийг эрэлхийлэх эрэлт хэрэгцээ бодит байдлаас урган гарч ирж байна.

Сэтгэл судлаач мэргэжлийг сонирхож буй хүмүүс болон хүүхдүүдэд өгөх зөвлөмж юу вэ?

Мэргэжлийн  зөв, оновчтой сонголт нь сэтгэл хангалуун, чинээлэг сайхан, өсөн дэвжиж, ажиллаж амьдрахын баталгаа болдог. Иймд “Долоо хэмжиж, нэг огтол” гэсэн ардын мэргэн сургаалыг эргэцүүлэн тунгааж, ул суурьтай, шинжлэх ухааны үүднээс хандаарай. “Сэтгэл судлаач, сэтгэл зүйч” энэ сайхан  мэргэжлийг сонирхож байгаа бол юуны түрүүнд өөрийгөө сайтар таньж мэдэх, өөрийгөө мэдсэнээр өрөөлийг ойлгоно,  танина. Бусдыг зөв таньж, оношилж байж гэмээнэ тэдэнд сэтгэл зүйн дэмжлэг туслалцаа, эерэг нөлөөлөл үзүүлнэ.

Сэтгэл судлаач мэргэжлээр суралцаж буй мэргэжлийн оюутнуудад өгөх зөвлөмж юу вэ?

Мэргэжлийн ур чадвараас гадна зөөлөн ур чадвар, ёс зүйг эрхэмлэн сахихад өөрсдийгөө бэлтгэх, мэргэжилдээ дурлах. Бие махбодын болон сэтгэцийн эрүүл мэндээ хайрлах, оюутан байхдаа л ментор багшаа сонгож, өөрийнхөө аль салбарт ажиллах, сонирхсон чиглэлээ тодорхойлж судалгаа хийх, илтгэл хэлэлцүүлж оролцдог байх хэрэгтэй. Судалгаа бол цаг хугацаа, тэсвэр тэвчээр шаардсан нарийн чимхлүүр ажил тул энэ чиглэлийн туршлагатай болох, асуудалд шинжлэх ухаанчаар хандах нь цаашид энэ мэргэжлээрээ амжилттай ажиллахад чухал ач холбогдолтой.

Сэтгэл судлаач мэргэжилтний үүднээс хүмүүст юу гэж уриалмаар байна вэ?

Амьдрал маш баян бөгөөд олон өнгөтэй. Өөртөө болон бусдад хүндэтгэлтэй хандах, бусдыг хүлээн зөвшөөрдөг байх, үнэт зүйлээ мэдэх, ямар ч нөхцөлд нийгмийн хэм хэмжээг мөрдөх.

Сэтгэл судлаачтай ярилцъя ярилцлагын дараагийн зочноор хэнийг уримаар байна вэ?

Сэтгэл судлаачтай ярилцъя ярилцлагын дараагийн зочноор ХХЕГ-ын  хил судлалын хүрээлэнгийн сэтгэл судлалын төвийн дарга докторант, дэд хурандаа Б.Цэдэндоржийг урих саналтай байна.

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл

No comments yet. Why don’t you start the discussion?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *