Сэтгэл Судлалын Үндэсний Төв сэтгэл судлалын салбартаа тууштай ажиллаж, эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээ зориулан байдаг эрхэм сэтгэл судлаачдынхаа төлөөллийг оролцуулан “Сэтгэл судлаачидтай ярилцъя-2 ” ярилцлагууд та бүхэнд хүргэж эхэллээ.
Энэ 7 хоногийн зочноор Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн сэтгэл судлалын багш, сэтгэл судлаач Далхсүрэнгийн Намуун оролцож байна.
Боловсрол
- 2016-2020 онд Монгол Улсын Их Сургуулийн сэтгэл судлалын бакалавр,
- 2022-2024 онд Монгол Улсын Их Сургуулийн сэтгэл судлалын магистр.
Ажлын туршлага
- 2020 оноос Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн зөвлөгөөний албаны сэтгэл судлаач,
- 2024 оноос Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн багш.
Та мэргэжлээ хэрхэн яаж сонгосон бэ?
Анх энэ мэргэжлээр суралцана гэж төдийлөн бодоогүй. Азаар сонгож орсон гэх үү дээ. ЭЕШ өгөх хүртлээ мэргэжлээ хараахан сонгоогүй байсан. Хуульч мэргэжил алдартай байсан учраас МУИС-ийн хуулийн сургуульд элсэн орох гэж байгаад оноо хүрээгүйн улмаас нийгмийн ухааны сургуульд элсэж байсан. МУИС-ийн хувьд тухайн үед эхний жилдээ мэргэжлээ сонгохгүйгээр салбар сургуульдаа харьяалагдан ерөнхий суурийн хичээл үздэг байсан учир мэргэжил харгалзахгүй бүх оюутнуудтайгаа хамтдаа олон салбарын хичээлийг үзсэн. Тэгэхэд эрх зүйн үндэс хичээл дээрээ удаа дараа унтаж буйгаа, даалгавраа хийхдээ хойрго хандаж байгаагаа анзаараад өөрийгөө хуулийн чиглэлээр сонирхол багатай байгаагаа ойлгож байсан. Ингээд 2-р курсээс мэргэжлээ сонгох болоход нийгмийн ухааны салбараас тухайн үед өөрт хамгийн таалагдсан чиглэл маань сэтгэл судлал байсан тул сэтгэл судлалын ангийг сонгож орсон. Хамгийн эхний мэргэжлийн хичээл “Сэтгэц физиологи” гэх хичээл байсан ба үүнээс эхлээд суралцаж буй мэргэжилдээ дурлах болсон.

Анх энэ салбарт, тэр дундаа одоо ажиллаж буй чиглэлээр мэргэшихэд юу нөлөөлсөн бэ?
Сэтгэл судлалын чиглэлээр суралцаж, цаашлаад багшаар мэргэшин ажиллахад гэр бүлийнхэн маань их дэмжиж, туслаж байсан. Тэд маань бүх талаар урам өгч, сонгосон мэргэжилдээ итгэлтэйгээр хандахад минь нөлөөлсөн. Мөн МУИС-ийн Сэтгэл судлалын тэнхимийн доктор, профессор Б.Хишигням багш маань миний хичээлийн хүрээнд хийсэн судалгааны ажилд ач холбогдол өгч, урамшуулж байснаар судалгааны чиглэлээр цааш гүнзгийрэх сэдлийг төрүүлсэн. Бакалаврын дипломын ажлаа ч багшийнхаа удирдлага дор хийсэн нь мэргэжлийн сууриа бататгах чухал алхам болсон. Дөнгөж их сургуулиа төгссөний дараа Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн мэдлэг, туршлагатай сэтгэл судлаач нар маань онолоосоо илүү гарахгүй надад зааж, зөвлөж, ёс зүйн зарчмаа баримтлан онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлэх арга барилд суралцуулж, сэтгэл судлаач мэргэжилтэн болоход чиглүүлж өгсөн. Сэтгэл судлаач гэх мэргэжил нь өндөр хариуцлага, тасралтгүй суралцах шаардлага, хүний сэтгэл зүйг гүн гүнзгий ойлгох мэдрэмж шаарддаг. Тиймдээ ч шантрах, эргэлзэх үе олонтоо тулгардаг. Харин тийм үед надад итгэж, дэмжиж байсан хүмүүсийн үг, чиглүүлэг, тусламж намайг мэргэжилдээ тууштай хандахад тус болж ирсэн. Үүнд талархдаг.
Нөгөөтээгүүр, энэ мэргэжлийг сонирхолтой, үнэ цэнтэй болгодог нэг зүйл бол “эрх чөлөө ба тэнцвэрийн мэдрэмж” юм. Сэтгэл судлал нь философи, нийгмийн ухаан, биологи, анагаах ухааны нэгдэл болсон өргөн хүрээтэй шинжлэх ухаан. Энэхүү олон талт байдлын нэгдэл нь надад эрх чөлөөг мэдрүүлдэг ч, үүний зэрэгцээ хамгийн их ёс зүй, хариуцлага, хил хязгаар баримтлахыг шаарддаг. Энэ тэнцвэр нь маш сонирхолтой санагддаг.
Таны ажлын онцлог, давуу тал юу вэ?
Одоогоор сэтгэл судлалын чиглэлээр багшлахын хажуугаар өсвөр насны хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Энэ нь практик болон академик мэдлэг, чадвараа тэнцвэртэйгээр хэрэгжүүлэхэд дэм болж байна. Сэтгэл судлаач байх, багш байх хоёрын ижил төсөөтэй тал нь үргэлж сүүлийн үеийн судалгааны ажлуудтай танилцаж, мэдээллээ шинэчилж, бусдад үнэн зөв, бодитой мэдээллийг хүргэх явдал байдаг. Энэ нь хувь хүнийг маань ч тэр, мэргэжилтнийг маань ч тэр хөгжүүлж байна. Багшлах үед оюутнуудад мэдлэг түгээж, тэднийг чадваржуулах үйл явцад оролцож байгаагаа мэдрэх нь надад урам зориг өгдөг. Харин сэтгэл зүйн зөвлөгөө өгөхдөө хүүхдүүдэд шинжлэх ухаанд суурилсан мэдээллийг хүргэж, тэдний асуудлыг шийдэхэд дэмжлэг үзүүлж байгаагаа ойлгох нь сэтгэл хангалуун мэдрэмж төрүүлдэг. Мөн эзэмшсэн мэдлэг, чадвараа ашиглан бусдад тусалж, хэрэгтэй зүйл хийж байгаагаараа энэ ажил маань надад үнэтэй, давуу талтай санагддаг.
Яг одоо төвлөрөн хийж буй ном бүтээл, судалгааны ажил, төслийн тухай ярьж өгнө үү?
Сэтгэл зүйн зөвлөгөөний арга техник, трейнинг турших, нөлөөллийг судлах чиглэлд илүүтэй анхаарч байна. Түүнчлэн судалгааны хувьд өөрийнхөө урьд өмнө нь хийж байгаагүй аргаар судалгаа явуулж ур чадвараа хөгжүүлэх эрмэлзэлтэй байна. Мөн нийгмийн дэмжлэг хүлээн авч буй байдлыг нийгэм сэтгэл зүйн үзэгдлүүдтэй холбон судлахаар мөн төлөвлөж байгаа.
Таны хобби сонирхол юу вэ? Сүүлийн жилүүдэд ямар шинэ хоббитой болсон бэ?
Хөгжим тоглох, дуулах дуртай. “A Dawn Is” гэх амьд хөгжмийн хамтлагтай. Нэрийн утга нь “Adonis” хэмээх Грекийн домгийн баатраас сэдэвлэсэн буюу дахин төрөлт, сэргэлт, гоо үзэсгэлэн гэх бэлгэдэл дээр тулгуурлан энэ нэрийг өгсөн. Хамтлагийн дуугаараа сэтгэл зүйн асуудлыг дүрсэлсэн, эргэцүүлсэн утга агуулгатай электроник, пост рок, инди рок хэв маягийн хөгжим тоглодог. Энэ жил 3 дахь жилдээ Playtime хөгжмийн фестивалд хамтлагаараа оролцож байна. Мөн шинэ газар оронтой танилцаж аялах, ялангуяа тухайн орны түүх, музей, ирээдүй, шинэчлэлүүдтэй танилцах дуртай. Ойрын жилүүдэд Азийн хэд хэдэн орноор аялах бодолтой байна.

Хамгийн сүүлд сурсан 3 чадвар юу вэ?
Багшлах, заах арга зүйд суралцаж байна.
Зоригтойгоор шийдвэр гаргаж сурч байна.
Канвас зураг зурж сурч байна. Одоо ороолт нэхэж сурна гээд нэхмэлийн утас авчихсан байгаа.
Мэргэжлээрээ хамгийн их бахархаж байсан үе, үйл явдал хэзээ вэ?
Мэргэжлээрээ ажиллаж байх бүхий л үед бахархдаг. Сэтгэл зүйн зөвлөгөө, сургалт орж байх үед, мөн оюутнуудад мэдлэг түгээж байх үед ч мэргэжлээрээ бахархдаг.
Амьдралдаа баримталдаг зарчим тань юу вэ?
Бага байхаас гэр бүлийнхний хэлж сургадаг байсан зүйлс бий. Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэж эмээ маань их хэлдэг байсан. “Болохгүй зүйл гэж байхгүй” гэж аав, ээж маань хэлдэг. Хамгийн гол баримталдаг зарчмууд гэвэл энэ.
Мэргэжлээрээ ажиллаж байх хугацаанд тохиолдож байсан бэрхшээл, түүнийг даван туулсан сайн туршлагаасаа хуваалцаач.
Олон зүйлсийг таньж мэдэх, эргэцүүлэх, суралцах шаардлага тулгардаг учраас энэ мэргэжил тэр чигээрээ сорилт шиг санагддаг. Хамгийн анх сэтгэл зүйн зөвлөгөө өгөх гээд үйлчлүүлэгчээ хүлээж байхдаа маш их сандарч байсан. Тухайн үед ССҮТ-ийн одоогийн зөвлөгөөний албаны дарга Г.Отгонцэцэг сэтгэл судлаач намайг маш сайн чиглүүлж өгч байсан. Эхний удаагийн уулзалтад заавал зөвлөх гээд байх шаардлагагүй, өөрийнхөө хамгийн сайн хийж чаддаг зүйлээ хийгээд гараад ир гэж байсан. Тэр нь миний сонсох чадвар байсан. Ингээд тайвширч эхний сэтгэл зүйн зөвлөгөөнд орж байсан. Ер нь анхлан сэтгэл судлаачид ментортой байх нь маш чухал юм байна лээ. Харин багшлах ажил үүргийн маань хувьд өнгөрсөн жил анхны жил байсан тул заах арга зүйн хувьд чадвар дутах асуудал тохиолдож байсан. Гэсэн ч тэнхимийн багш нар маань туршлага, мэдлэгээсээ хуваалцан чиглүүлж өгсөн. Мөн оюутнууд найрсаг хүлээн авсан ба бид харилцан бие биеэсээ суралцахын үндсэн дээр ур чадвараа хөгжүүлэн ажиллаж байна. Мөн сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ эсвэл зааж буй хичээл маань үргэлж амжилттай байна гэж мэдээж байхгүй. Гэсэн ч тэглээ гээд ингээд сууж болохгүй, харин юун дээр хэрхэн алдсан, хэрхэн оносон бэ гэдгээ бодитоор, рациональ байдлаар тунгаах нь хүнийг хөгжүүлдэг юм байна лээ. Түүнчлэн, ССҮТ-ийн Б.Ууганцэцэг сэтгэл судлаач, захирал үүнийг хэлж байсан. “Хүн өөрийн замаасаа хазайх үе байж болно. Хазайж буйгаа мэдэх үед эргээд замдаа орох нь чухал.” гэх үг хүч, зориг өгдөг. Ямар ч сорилт тулгарлаа гэсэн тухайн үед өөртөө итгэхгүй байсан ч миний итгэдэг хүмүүс надад итгэж байна, тиймээс тэдний итгэлд итгэх хэрэгтэй гэх бодол нь бэрхшээлийг даван туулахад тусалдаг.

Энэ мэргэжлээр ажиллаж эхэлсний дараа танд бий болсон эерэг өөрчлөлтүүд юу вэ?
Өөрийгөө анзаарах, сонсох, ойлгох, илэрхийлэх чадварууд нэмэгдсэн. Мөн бусдыг анзаарч, сонсож, олон талт байдлаар эргэцүүлэх болсон нь хувийн харилцаануудад эерэг нөлөөллийг үзүүлсэн. Мөн CBT зарчмын дагуу бодлын алдааг анзаарч, түүнийг засах болсон. Мөн эерэг сэтгэл судлалын аргуудаас өөртөө хэрэгжүүлэх дуртай.
Сэтгэл судлаач хүн (шаардлага тулгарвал) өөрөө сэтгэл судлаачтай уулзаж сэтгэл зүйн зөвлөгөө авах зоригтой байх хэрэгтэй гэж боддог. Үүний үндсэн дээр мэргэжлийн ур чадвараа илүү ахиулах боломжтой байдгийг олж мэдсэн.
Ойрын 5 жилийн зорилго юу вэ?
Мэргэжлээрээ докторын хөтөлбөрт суралцаж төгсөх, бусад төлөвлөсөн судалгааны ажилдаа шамдан орж, түүнийхээ ард гарах төлөвлөгөөтэй байна. Мөн хөгжмийн карьераа ахиулна.
Та амралтын өдрүүдээ хэрхэн өнгөрүүлдэг вэ?
Гэртээ амрах дуртай. Аль болох нойроо ханатал унтаж, дуртай хоолоо хийж идэж, хайртай хүмүүстэйгээ ярилцаж, кино үзэх нь амралт болдог. Зарим үед найзууд, хайртай хүмүүстэйгээ гадуур явж зугаатай зүйлс хийхийг эрмэлздэг. Ер нь тухайн үед өөрт байгаа эрч хүчнээсээ хамаарч хэрхэн амрахаа шийддэг.
Салбарынхаа хөгжлийг юу гэж харж байгаа вэ?
Сэтгэл судлалын салбар хөгжиж буй үйл явцыг эергээр, өөдрөгөөр харж байгаа. 10-аад жилийн өмнө ЕБС-уудад сэтгэл судлаачийн орон тоо албан ёсоор байдаггүй байв. Сэтгэл судлаачийн тухай ойлголт ч түгээмэл байгаагүй цагт тухайн үед ажиллаж байсан мэргэжилтнүүд өнөөгийн хөгжлийн суурийг тавьж олон нийтэд мэргэжлийн үнэ цэнийг ойлгуулсан гэж хардаг. Тиймд өнөөдөр сургуулиудад сэтгэл зүйч ажиллаж, орон тооны дутагдлын тухай асуудлыг нээлттэй хэлэлцэн байна. Мөн сургуулийнхаа, тэнхимийнхээ бахархал болсон оюутнууд төгсөж байна. Мэргэжлийн ном, сурах бичгүүд хэвлэгдэн, онолын төлөөлөгчдийн эх зохиолыг монгол хэлээр унших боломжтой болсон байна. Чухал ач холбогдолтой олон төрлийн тестүүдийн сэтгэц хэмжил зүйн үзүүлэлтүүдийг мэргэжилтнүүд тогтоож байна. Гэсэн ч хийгдэх ажил цаашид их байна. Мэргэжлийн нэр томьёоны тайлбар, орчуулгыг нэгтгэн цэгцлэх, хууль эрх зүйн орчин бүрдүүлэх, судлаачдын судалгааны нэгдсэн сан байгуулах гэх мэт олон ажлуудыг хийх шаардлагатай байгаа.

Сэтгэл судлаач мэргэжлийн талаарх ямар хэвшмэл ойлголтыг засмаар байна вэ?
Хэд хэд бий.
Гэр бүл судлаачийг гэр бүлийн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх эрхтэй гэж андуурч зөвлөгөө авах нь бий. Гэр бүл судлаач нь сэтгэл судлаач биш, тиймээс сэтгэл зүйн зөвлөгөө өгөх эрхгүй.
Сэтгэл судлаачийг авралын элч мэт үзэх нь өрөөсгөл ойлголт, хандлага юм. Сэтгэл судлаач танд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд туслахаас биш таны өмнөөс шийдвэр гаргадаггүй. Тиймээс таныг шинжлэх ухааны арга техник дээр тулгуурлан тухайн асуудлыг шийдвэрлэхэд тусалж чиглүүлдэг мэргэжилтэн.
Ингэж байгаад гайгүй болчихно гээд тулгарч буй асуудлаа үл тоож эсвэл тэсвэрлэж явсаар эцсийн мөчид сэтгэл судлаачид хандах тал бий. Хэрэв ярилцах хэрэгтэй асуудал тулгарсан л бол сэтгэл судлаачид хандаж болно.
Сэтгэл судлаач мэргэжлийг сонирхож буй хүмүүс болон хүүхдүүдэд өгөх зөвлөмж юу вэ?
Мэргэжлийн тухай анхан шатны ном, сурах бичигтэй танилцаарай. Боломжтой бол сэтгэл судлаачтай уулзаж туршлагын тухай асууж ярилцвал шийдвэрт илүү бодитой нэмэр болох болов уу.
Сэтгэл судлаач мэргэжлээр суралцаж буй мэргэжлийн оюутнуудад өгөх зөвлөмж юу вэ?
Аль ч салбарт, аль ч чиглэлээр мэргэшиж буйгаас үл хамааран сэтгэл судлаач болно гэдэг нь үргэлж шинийг уншиж, судалж байхын нэр, хүмүүнлэг байхын нэр, ёс зүйтэй байхын нэр болохыг санаарай. Мэдлэг, чадварыг туршлагын үндсэн дээр олж авч болох ба үүнийг тэдгээрийг сурч, хөгжүүлж болдог. Тиймээс мэдлэг чадвар дутмаг санагдах үед бууж өгөхгүй байхыг хичээгээрэй. Өөрийн туршлагаас үзэхэд өөрийн хөдөлмөрөөс гадна бусдын дэмжлэг, зөв чиглүүлэг мэргэжилдээ мэргэшин ажиллахад нөлөөлсөн. Тиймээс бусдаас тусламж авч эргээд бусдад тус дэмээ өгч сураарай.
Сэтгэл судлаач мэргэжилтний үүднээс хүмүүст юу гэж уриалмаар байна вэ?
Сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ авахаас битгий санаа зовоорой. Асуудал тулгарах үед яаж ч хичээсэн түүнийг шийдвэрлэхэд бэрхшээлтэй байгаа бол сэтгэл зүйчид хандаарай. Сэтгэл зүйч таны асуудлыг өмнөөс тань шийдэж өгөхгүй. Гэвч шинжлэх ухааны үндэслэлтэйгээр таныг асуудлаа шийдвэрлэхэд тусалдаг. Таныг чиглүүлж өгдөг. Таныг бие даасан бие хүн байхад чиглүүлж өгдөг. Мөн таны өнгөрсөн ямар ч байлаа гэсэн таны амьдрал, сонголт таны гарт буй хэвээрээ гэдгийг санаарай.

Сэтгэл судлаачтай ярилцая ярилцлагын дараагийн зочноор хэнийг уримаар байна вэ?
Хоёр зочин санал болгож болох болов уу? Дараагийн зочдоор ССҮТ-ийн зөвлөгөөний албаны дарга Г.Отгонцэцэг, мөн МУИС-ийн сэтгэл судлалын тэнхимийн доктор, профессор багш Б.Хишигням нарыг уримаар байна.