Сэтгэл судлаач Цэндийн Баярмаа

Сэтгэл судлаач Цэндийн Баярмаа

Сэтгэл Судлалын Үндэсний Төв сэтгэл судлалын салбартаа тууштай ажиллаж, эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээ зориулан байдаг эрхэм сэтгэл судлаачдынхаа төлөөллийг оролцуулан “Сэтгэл судлаачтай ярилцъя-2 ” ярилцлагууд та бүхэнд хүргэж эхэллээ.

Энэ 7 хоногийн зочноор Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн сэтгэл судлалын багш, сэтгэл судлалын ухааны доктор, дэд профессор, сэтгэл судлаач Цэндийн Баярмаа оролцож байна.

Боловсрол

  • 1997 онд Улсын Багшийн Их Сургуулийн сэтгэл судлалын бакалавр,
  • 2001 онд Улсын Багшийн Их Сургуулийн сэтгэл судлалын магистр,
  • 2008 онд ОХУ-ын Москвагийн Сурган хүмүүжүүлэх Ухааны Их Сургуулийн сэтгэл судлалын доктор.

Ажлын туршлага

  • 1998-1999 он КНХС-д туслах менежер, сэтгэл зүйч,
  • 2001-2004 он Насанд хүрээгүйчүүдийн хорих 411-р ангид сэтгэл зүйч,
  • 2002-2004 он Японы Энхтайваны Салхи олон улсын байгууллагын зөвлөгөөний төвд сэтгэл зүйч,
  • 2000 оноос МУБИС-ийн сэтгэл судлалын тэнхимийн багш.

Та мэргэжлээ хэрхэн яаж сонгосон бэ?

Миний сонирхсон мэргэжил геологич. Миний аав түүх – газарзүйн багш байсан болохоор манай гэрт газар зүйтэй холбоотой ном, газрын зураг, янз бүрийн чулуу, жижиг хэмжүүрийн багаж байдаг байлаа. Ер нь би их сониуч хүүхэд байв. Тиймээс ч бид нар (ах, дүү, үеийнхтэйгээ) тэр багажаар зундаа лагерьд (хотоос холгүй Баянбулаг зусланд) уул руу гарч байгаад малтлага хийж байна гэж тоглодог байснаа санаж байна. Жижиг алх, хэмжүүр байна. Жижиг хадыг тоншиж хагалаад үртсийг нь жинлэж үзнэ. Сонин өнгөтэй чулууг цуглуулдаг байв. Янз бүрийн хөдөлдөг дуугардаг тоглоомуудыг задалж доторхыг нь үзэж байж санаа амардаг. Тухайн үед 10 жил төгсөхөд манай сургуульд геологийн ангийн хуваарь ирээгүй юм. Аав минь намайг “Цэцэрлэгийн багшийн сургуульд ор” гэж ятгасаар, өөрөө хөтөлж аваачиж бүртгүүлж байлаа. Цэцэрлэгт яг бүтэн хоёр жил багшаар ажиллаад дахин шалгалт (конкурс) өгч сэтгэл судлалын ангид орсон юм. Цэцэрлэгт багшилдаг байхдаа орхигдоод байсан зүйлээ сэтгэл судлалын ангид ороод олж харсан.

Анх энэ салбарт, тэр дундаа одоо ажиллаж буй чиглэлээр мэргэшихэд юу нөлөөлсөн бэ?

Анхны эзэмшсэн мэргэжил, хүүхдийн ертөнц, бас ээж минь. Дээд боловсролтой болоход ээжийн минь сэтгэл зүтгэл их чухал байсан. Оюутан байхдаа эрдэм шинжилгээний хуралд идэвхтэй оролцдог, багшийн өгсөн даалгаврыг ягштал хийдэг, сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл заслын хичээл их л сонирхолтой санагддаг байлаа.

Их сургуулийн багш болоход тэр үед тэнхимийн эрхлэгч байсан О.Мягмар багш их дэмжсэн. Мөн үе үеийн сэтгэл судлалын багш нар минь болох Ц.Нина, П.Цэрэндондов, С.Оюунгэрэл, Д.Эрдэнэчулуун, Д.Баярмаа, Б.Туяа гээд олон багш нарыг харж, өөрийнхөө чиг шугам болгож байлаа.

Их сургуулийн багш болоод удаагүй байхад  “Багш-2005” төсөл хэрэгжиж, багшлах талаар их олон зүйлийг сурч авсан. Ер нь багш нарынхаа яриад байдаг орос улсад очиж суралцахгүй бол болохгүй юм байна, өөрийгөө хөгжүүлэх, суралцах ёстой гэсэн бодол байнга төрдөг байлаа.  2004 онд тэр бодлоо биелүүлж ОХУ-ын Москвагийн Сурган хүмүүжүүлэх Ухааны Их Сургуулийн аспирантурт элссэн. 2008 онд сургуулиа төгсөж ирээд МУБИС- даа үргэлжлүүлэн ажилласан.

Таны ажлын онцлог, давуу тал юу вэ?

Сэтгэл судлалын багш нэг талаараа багш хэдий ч нөгөө талаар сэтгэл зүйч. Суралцах үйл ажиллагааг сэтгэл зүйн үндэстэйгээр зохион байгуулах, суралцагчдын чиглүүлэх, дэмжих үүрэгтэй бол нөгөө талаараа хүмүүсийн сэтгэл зүйн онцлогийг харгалзан ажиллах онцгой ур чадвар шаардаж байдаг онцлогтой.

Одоогоор сургуульдаа мэргэжлийн хичээлээ заахын зэрэгцээ ганцаарчилсан спортын төрөл болон хүүхдийн сэтгэл зүйн чиглэлээр сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Тэр дундаа хүүхдийн сэтгэл судлал хичээл заахад их л сэтгэлд ойр, кейс ихтэй, хичээл заах бүрдээ л шинэ соргог судалгааны материал уншиж, хүүхэдтэй ажиллах аргуудын талаар эрэл хайгуул хийж “өөрөө сэдэлжиж” хичээлээ заадаг. Оюутнуудад миний хэлэх дуртай үг “та нар миний хичээл заах урам зориг та нар сурах сэдэл тэмүүлэлтэй, хүсэлтэй байгаарай, өөрийгөө дайчлаарай. Энэ л миний хичээл заах гол түлхүүр. Миний урам зоригийг битгий хугалаарай” гэдэг.

Яг одоо төвлөрөн хийж буй ном бүтээл, судалгааны ажил, төслийн тухай ярьж өгнө үү?

Сүүлийн үед ээнэгшихүйн талаарх судалгааны ажилд түлхүү анхааран ажиллаж байна. Миний докторын зэрэг хамгаалсан судалгааны сэдэв мөн бага насны хүүхдийн ээнэгшилтэй холбоотой байдаг. Гадаад хэл дээрх судалгааны аргуудыг шууд орчуулан хэрэглэх нь судлах зүйлээ судалж чадахгүй байх магадлалтай. Иймээс өөрийн орныхоо хэл соёлын онцлогт тохируулан буулгах нь чухал гэж байдаг.  Иймээс ээнэгшлийг судлах хүүхэд болон насанд хүрэгчдэд зориулсан аргуудыг өөрийн хэл соёлын онцлогт тохируулан буулгах судалгааны ажлуудад төвлөрч ажиллаж байна.

Мөн “Үл таних нөхцөл байдал (Strange situation)” гэгддэг туршилтын аргыг ашиглан эх хүүхдийг 6-7 сартайд, 1,1-1,3 настай үед нь судлах судалгааны ажлыг АНУ-ийн Канзасын Их Сургуулийн профессор Мерилэн Кафф болон “Хүрээний Эмгэгийг Дэмжих Төв” ТББ-ын сэтгэл зүйч С.Уранбилэгтэй хамтран үргэлжлүүлж байна.

Таны хобби сонирхол юу вэ? Сүүлийн жилүүдэд ямар шинэ хоббитой болсон бэ?

Зааланд найзуудтай сагс, волейбол тоглох, ууланд алхах, хоол хийж ширээ засах, дөрвөн мөрт хэлхэх, ном унших гээд идэвхтэй хоббитой байжээ. Одоо цаг хугацаа, эрүүл мэндийн шалтгаанаар өөрчлөгдсөн. Сагс, волейбол тоглох, ууланд алхахаа бүүр больсон. Харин гар урлал сонирхож байгаа.

Хамгийн сүүлд сурсан 3 чадвар юу вэ?

Судалгаа шинжилгээний чиглэлээр илүү их чадваржиж байна, мөн гар урлал (эсгий ширмэл).

Мэргэжлээрээ хамгийн их бахархаж байсан үе, үйл явдал хэзээ вэ?

Хүний сурсан зүйл, эзэмшсэн мэргэжил бол хэзээ ч хаяж явахгүй, холдож одохгүй. Мэргэжилээрээ бахархах, омогших тохиолдол олон бий. Жил бүрийн төгсөлтийн баяраар нүүр дүүрэн мишээсэн шавь нараа харахад мэргэжлээрээ их бахархах сэтгэл төрдөг.

Амьдралдаа баримталдаг зарчим тань юу вэ?

Хариуцлагатай, ёс зүйтэй байх, бас аз жаргалтай, эрүүл амьдрах. Бие махбодын хувьд болоод сэтгэл зүйн хувьд эрүүл байж мэдээж мэргэжлийн хувьд хариуцлагатай, ёс зүйтэй байх.

Мэргэжлээрээ ажиллаж байх хугацаанд тохиолдож байсан бэрхшээл, түүнийг даван туулсан сайн туршлагаасаа хуваалцаач.

20 гаруй жил их сургуульд багшилж, ажиллахад өөрийгөө голох, чадахгүй юм байна гээд шантарч байсан багагүй тохиодог. Хичээлээ бэлтгээд шөнийн 3 цаг хүртэл сургууль дээрээ суух үе одоо ч гардаг. Ер нь тохиолдсон бэрхшээлийг давах арга бол миний хувьд  төлөвлөлт, бэлтгэл. Хичээл заахад бэлтгэл их чухал.

Энэ мэргэжлээр ажиллаж эхэлсний дараа танд бий болсон эерэг өөрчлөлтүүд юу вэ?

Эргээд бодохоор олон өөрчлөлтүүд гарсан. Бараг түүх хүүрнэх байхдаа. Хүний бодол, харах өнцөгт гарах өөрчлөлт цаг хугацаатай холбоотой болов уу даа. Цаг хугацаа гэдэг чинь нас. Миний хувьд гарч байгаа өөрчлөлтөд нөлөөлөх зүйл бол цаг хугацаа, нас нэмээд мэргэжил.

Ойрын 5 жилийн зорилго юу вэ?

Ээнэгшлийг судлах иж бүрэн арга зүйг монгол хэлнээ орчуулж, хэрэглэх боломжтой болгохыг зорьж байгаа. Ээнэгшлийг судалдаг нас насанд зориулагдсан аргуудыг өөрийн орны хэл соёлын онцлогт тохируулан буулгах, монголын онцлог соёлд зориулагдсан судлах аргыг боловсруулах,  судалгаа авч монгол хүмүүсийн ээнэгшлийн тухай өөрийн бүтээлээ туурвих. Аливаа нэг бүтээл судалгаа, шинжилгээний ажил дээр суурилдаг гэж боддог шүү.

Та амралтын өдрүүдээ хэрхэн өнгөрүүлдэг вэ?

Долоо хоногийн нэг өдрийг гэр бүлийнхэнтэй байхыг хичээдэг. Тэр нь бүтэн сайн өдөр. Зусландаа очно, сайхан хоол хийж иднэ. Агаар өөрөө эм юм даа. Сардаа нэг удаа амралтын өдрийг тааруулаад бууз хийж хөлдөөнө, гурилаа зуурч хайраад хэрчинэ, мах, ногоогоо хэрчиж хөлдөөнө. Ажлын өдрүүдэд их амар байдаг юм. 

Салбарынхаа хөгжлийг юу гэж харж байгаа вэ?

Мэдээж сайн сайхан хөгжөөсэй гэж л гэж хүсдэг. Сэтгэл судлалын түүхэн хөгжлийн талаар тойм өгүүлэл хамтран хэвлүүлсэн юм. Хаанаас эхлэх вэ, ямар эх сурвалж байна вэ гээд их олон асуудал бэрхшээл тулгарсан. Архивын бичиг баримт их тусалсан. Гадаадын эрдэмтдийн бичсэн өгүүллүүдийг ч их уншсан. Сэтгэл судлалын шинжлэх ухааны түүхэн хөгжлийн үеийг гаргах оролдлого хийсэн. Хэрэглээний сэтгэл судлалын салбар их түлхүү хөгжиж байгаа байдал ажиглагдсан. Үүнийгээ дагаад их олон сургууль сэтгэл судлалын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн нь нэг талаараа нийгмийн хэрэгцээ, хүлээлттэй холбоотой ч нөгөө талаараа зарим хэсэг нь бизнесийн шинжтэй, ашиг олохыг чухалчлах нь олширсон.  Манай мэргэжил их “моодны” болсон шүү дээ. Аль сайн нь шалгараад үлдэх байх л даа. Шалгарч үлдэх гэсээр байтал олон жил болно. Иймээс сэтгэл судлалын хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа бол ёс зүйтэй байхыг л эрхэмлэх нь зүйтэй.  Сэтгэл судлаачдаа нэгтгэдэг, чиглүүлдэг байгууллагын үйл ажиллагаа илүү идэвхтэй байж цаашид эрх зүйн орчин бүрдсэн салбар болж хөгжих нь чухал гэж хардаг.

Сэтгэл судлаач мэргэжлийн талаарх ямар хэвшмэл ойлголтыг засмаар байна вэ?

Сэтгэл судлаач хүнд шууд зөвлөгөө өгдөг, хүнийг хараад л мэддэг, шууд л оношилдог, уулзаад шууд сайхан болчихдог гэсэн өрөөсгөл ойлголт байдаг. Бас янз бүрийн ярилцлага авч  зөвлөгөө өг гэж тулгана. Сэтгэл судлаач бодлыг тань цэгцлэх асуулт асуудаг, таны асуудлыг сонсдог, танд өөрийгөө ойлгоход чиглүүлдэг, дэмждэг, зарим тохиолдолд дахин уулзах шаардлагатай болдог, тусгайлан бэлтгэгддэг мэргэжилтэн юм.

Сэтгэл судлаач мэргэжлийг сонирхож буй хүмүүс болон хүүхдүүдэд өгөх зөвлөмж юу вэ?

Өөрт болон өөрийн ойрын хүрээлэлд тохиолдсон асуудлыг шийдвэрлэхийн тулд сэтгэл зүйч мэргэжлийг сонгож, хичээлийн явцад өөртөө хэт их тусган авч, түүнээсээ гарч чадахгүй байх эсвэл бусдад хурдан туслах гэж хичээл дээр яригдсан аргуудыг  яаран хэрэглэх зэрэг байдал их ажиглагдаж байгаа.  Сэтгэл зүйч мэргэжил бол их нарийн нандин, чимхлүүр ажил. Төгсөнгүүтээ шууд ажиллаад мөнгө олоод байдаг ч бас биш. Насан туршдаа суралцаж өөрийгөө хөгжүүлж, эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл уншиж кейс цуглуулж дүн шинжилгээ хийж багаараа хамтран ажилладаг ажил. Хүний ярьсныг сонсоод суугаад байдаг ажил бас биш.   Маш их оюуны хөдөлмөр шүү дээ. Бүх төгсөгчид сэтгэл судлаач хийхгүй, зарим судалгааны ажил, зарим нь багш, зарим нэг нь хоёр дах мэргэжлээ эзэмшээд хослуулаад ажиллаад явж байгаа ч тааралддаг. Зарим нь бүүр тэс өөр ажил хийж байдаг.  Тиймээс хэт их сэтгэлийн хөөрлөөр ирээдүйн мэргэжлээ бүү сонгоорой.

Сэтгэл судлаач мэргэжлээр суралцаж буй мэргэжлийн оюутнуудад өгөх зөвлөмж юу вэ?

Унших, унших бас дахин унших. Ялангуяа судалгаа, шинжилгээний ажлыг баталгаатай эх сурвалжтай, ёс зүйтэй бичигдсэн эрдэм шинжилгээний ажлуудыг унших. Уншсаны дараа эргэцүүлэх, үүний дараа хаанаас юу эрж хайх вэ, хэрхэн тэмдэглэл хөтлөх, хэрхэн санал бодлоо илэрхийлэх  зэрэг нь өөрөө аяндаа гараад ирнэ дээ. Мэдээж бичиж тэмдэглэл хөтлөх чадвар их чухал. Өөртөө цаг гаргаж суралцаарай. Дэлгүүрээс талх авахдаа он сар, орц, хэмжээ, хэлбэр гээд нэлээн харж байж авдагтай адил та бүхэн амьдралын турш идэх талхаа олж авч байна гэж бодож суралцаарай. Мөнгөө төлж суралцаж байгаагаа мартах гээд л байдаг даа. Болохгүй зүйл гэж байхгүй дээ. Хичээгээрэй гэе дээ.

Сэтгэл судлаач мэргэжилтнүүдэд юу гэж уриалмаар байна вэ?

Сэтгэл судлалын шинжлэх ухаан гарт баригдаж, нүдэнд харагддаггүй зүйлсийг судалдаг. Түүнийг харахын тулд бид судалгаа хийж, тоогоор илэрхийлж гаргаж ирдэг. Судалгааны үр дүнд гарч байгаа  тоон үзүүлэлт хувь хүн цаашлаад нийгэмд их олон зүйлийг өгүүлж байдгийг мэргэжил нэгтнүүд минь санаж, судалгааны ажил хийхдээ ёс зүйтэй байх нь чухал. Судалгааны ажилдаа ашиглаж байгаа аргаа албан ёсны зөвшөөрөл авах, орчуулж ашиглаж байгаа бол сэтгэц хэмжил зүйн наад захын шаардлагыг хангах ажиллах, насанд хүрээгүй судлуулагчийн асран хамгаалагч, эцэг эхээс судалгаанд оролцох зөвшөөрөл авах, судалгааны боловсруулалтад дүн шинжилгээ хийхдээ тохирсон шинжилгээний аргуудыг  ашиглах, эшлэл зүүлт зохих ёсоор авч өөрийн бүтээлдээ ашиглах. Ерөнхийдөө судалгаа шинжилгээний ажил, өөрийн ном товхимол, гарын авлага боловсруулахдаа ёс зүйтэй байж, зохих ёсны судалгаа, ажиглалт, бодит кейс дээр суурилсан байхыг эрхэмлэх.

Сэтгэл судлаачтай ярилцъя ярилцлагын дараагийн зочноор хэнийг уримаар байна вэ?

Сэтгэл зүйч Б.Нармандах. 2021 оноос Хил хамгаалах байгууллагад сэтгэл зүйчээр ажиллаж байгаа. Өмнөговьд ажиллаж байгаад одоо Хэнтий аймагт ажиллаж байгаа.

Урилгыг хүлээн авч ярилцлагад оролцсон танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

Ярилцсан сэтгэл судлаач: Б. Буянжаргал

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл

No comments yet. Why don’t you start the discussion?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *