Сэтгэл судлаач Лхагвасүрэнгийн Энхтүшиг

Сэтгэл судлаач Лхагвасүрэнгийн Энхтүшиг

Сэтгэл Судлалын Үндэсний Төв сэтгэл судлалын салбартаа тууштай ажиллаж, эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээ зориулан байдаг эрхэм сэтгэл судлаачдынхаа төлөөллийг оролцуулан “Сэтгэл судлаачтай ярилцъя-2 ” ярилцлагууд та бүхэнд хүргэж эхэллээ.

Энэ 7 хоногийн зочноор Монгол Улсын Их Сургуулийн сэтгэл судлалын багш, сэтгэл судлаач Лхагвасүрэнгийн Энхтүшиг оролцож байна.

Боловсрол

  • 2013 онд Монгол Улсын Их Сургуулийн сэтгэл судлалын бакалавр
  • 2015 онд Малайзын Help University-ийг байгууллага, менежерийн сэтгэл судлалаар төгссөн.

Ажлын туршлага

  • 2013 – 2016 онд Гэрэгэ сэтгүүлд сэтгэл судлалын нийтлэлч,
  • 2015 онд Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн сэтгэл судлалын гэрээт багш
  • 2016 онд Хугацаат цэргийн алба хаагч,
  • 2017 – 2018 онд Дотоод Хэргийн Их Сургуулийн сэтгэл судлалын багш,
  • 2018 – 2022 онд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн сэтгэл судлалын багш,
  • 2019 оноос Psychathon санаачлан, зохион байгуулагч,
  • 2020 оноос Psychology Publishing үүсгэн байгуулагч,
  • 2021 – 2022 онд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч,
  • 2023 онд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн сэтгэл судлалын гэрээт багш,
  • 2024 – 2025 онд Монгол HD өглөө хөтөлбөрийн сэтгэл зүйн булан хариуцсан эрхлэгч,
  • 2024 оноос Монгол Улсын Их Сургуулийн сэтгэл судлалын багш.

Та мэргэжлээ хэрхэн яаж сонгосон бэ?

Би санамсаргүй байдлаар сонгосон. Өөрийнхөө орохыг хүссэн мэргэжилдээ орж чадаагүй. Сэтгэл судлалын ангид хагас жил буюу нэг семестр суралцаж байгаад шилжих төлөвлөгөөтэй байсан ч эхний семестр надад тун сонирхолтой байсан. Тухайн үед 2009 оны намар би МУБИС-ийн сэтгэл судлалын тэнхимийн багш Г. Батболдын “Амьдрах ухаан” гээд жижигхэн хэвлэлийг сургуулийнхаа мухлагаас 3000 төгрөгөөр худалдаж авч байсан. Маш жижигхэн хэвлэл мөртлөө үг бүр нь маш даацтай байсан. Тэр бол Альфред Адлерийн ном. Надад “Insight” өгч өөрөө өөрийгөө ойлгоход маш тусалсан. Залгуулаад сэтгэл судлалын нэгдүгээр курсээсээ эхлээд сэтгэл судлалын их зохиолуудтай Б.Туяа багшийн “Өрнөдийн бие хүний онол ба төлөөлөгчид” гээд ном байдаг. Тэр номыг бас их  шимтэн уншсан. Энэ номууд бас надад их нөлөөлсөн. Тэгээд дээрээс нь их сургуулийн багш нар мэргэжлийн хувьд маш их сайн даган дуурайх бие хүн болж чадсан. Ер нь бол сургуульдаа тэр ангидаа ч гэсэн үлдэхээр болсон. Гэхдээ хүсэж зорьж болж ороогүй. Тэгээд үлдсэн гэхдээ одоо тэр чигээрээ явж байна даа.

Анх энэ салбарт, тэр дундаа одоо ажиллаж буй чиглэлээр мэргэшихэд юу нөлөөлсөн бэ?

Би тэнхимийнхээ Г. Сарантуяа багш Г.Батболд багш хоёрыг их хүндэлж, даган дуурайдаг.  Яг багш хүнд байх чанар аль алинд нь байдаг. Хүүхдүүдэд зааж байгаа арга барил, бие хүн нь их таалагдсан. Хүн чинь сурч байх явцдаа эргэн тойрноосоо байж болох, өөрт хэрэгтэй шинжүүдийг өөртөө нэгтгэж аваад хүмүүсийг даган дуурайдаг шүү дээ. Хоёрдугаарт болохоор оюутан байхаасаа эхлээд сэтгэл судлалын онолуудыг хүчээр цээжлэх биш амьдрал дээр хэрэглэж болох юм байна, бусад салбаруудтай харьцуулахад шууд амьдралд ойр онолууд юм байна гэдгийг сайн ойлгодог болсон. Тэгээд энэ онолуудыг эргээд хүнд заавал их зүгээр юм байна гэж боддог болсон. Оюутанд байхаасаа FM-104.5д өсвөр насныханд зориулсан нэвтрүүлэг хөтөлдөг байсан. Тэр нэвтрүүлэгт онолуудаа тайлбарлаж ярьдаг байсан, тэрнээс эхлээд юм тайлбарлаж яривал их зүгээр юм байна, хүмүүст хэрэгтэй юм байна гэж ойлгосон. Сурчихаад эргээд заахад тэр бол их сайн сургалт болж үлддэг. Тэр үүднээсээ ч тэр их олон хүчин зүйл нөлөөлсөн. Одоо тэгээд их сургуулийн багш гэлтгүй ерөнхий боловсролын багш нар ч гэсэн хичээлүүдээ цээжилчихсэн байдаг. Тэгээд бас давхар өөрийгөө хөгжүүлэх шаардлага гардаг учраас байнга суралцах шаардлага гардаг. Багшаар ажиллаж байгаа нь ч бас их давуу талтай байнга update хийх хэрэгтэй болохоор.

Таны ажлын онцлог, давуу тал юу вэ?

Хүмүүс надаас ямар мэргэжилтэй вэ? гэхээр би багш л гэдэг сэтгэл судлаач гэхээсээ илүү багш гэсэн нь амар байдаг. Сэтгэл судлаач гэхээр их юм асуугаад явчихдаг. Багшийн мэргэжлийн сайхан нь хүмүүсээс маш их хүндлэл авдаг. Төгсөгчид, оюутнууд, бусад салбарынхан ч гэсэн багш гэхээр их хүндэлдэг. Энэ надад их сайхан санагддаг. Тэр хүндлэлийг нь аль болох алдахгүйг хичээдэг боловч би өөрөө сэтгэл зүйн талаасаа аль болох нэг дүрд баригдахгүйг хичээдэг. Багш, сэтгэл зүйч, аав, эсвэл тамирчин, эсвэл ямар нэгэн хобби сонирхдог хүн заримдаа найз нөхдийнхөө дунд найз хэвээрээ баймаар байдаг. Сошиал медиад бас нэг өөр дүр байдаг. Энэ олон дүрүүд тус тусдаа байснаараа сэтгэл зүйд ашиг тустай санагддаг. Түүнээс биш яг багш гэдэг дүрээрээ бүх нөхцөлд биеэ авч явах юм бол надад хэцүү, дээрээс нь зөрчилдөх байх. Би олон дүртэй болохоор заримдаа багш гэж харахгүй ч тохиолдол байна. Манай төгсөгчид, оюутнууд багш биш жирийн найз гэж харж байгаа тохиолдлууд ч бас байна. Энэ бол хэвийн л үйл явц. Намайг багш гэж харна уу, сэтгэл зүйч гэж харна уу, найз гэж харна уу, тэр хүмүүсийн сонголт. Багшаар 10 жил ажиллаж байхад надад сайхан онцлууштай зүйл юу вэ? гэхээр төгсөгчид маань нүдэн дээр сайжраад надаас илүү болж байгаа. Дараагийн түвшинд гарчихсан байна гэдэг процессыг харах дуртай. Чимээгүй ажиглаад л байж байдаг. Гэхдээ эргээд тэр хүмүүсээс хүндлэлийг авах дургүй. Хэтэрхий их хоорондоо наалдаад багш минь, шавь минь гэдэг харилцаанд би дургүй. Төгссөн бол яв, нүдэн дээр гоё мундаг сайжирч байна. Тэр үйл явц л гоё.

Яг одоо төвлөрөн хийж буй ном бүтээл, судалгааны ажил, төслийн тухай ярьж өгнө үү?

“Дасгал хөдөлгөөний сэтгэл судлал”-ын номын эрхийг нь аваад орчуулж байгаа. Publishing- ийн зүгээс энэ зун гаргана. Энэ удаад би өөрөө орчуулж гаргаж байгаа. 2015 оноос хойш би орчуулга хийгээгүй юм билээ. Одоо л эхний орчуулгаа хийж байна. Ихэвчлэн редактор хийгээд, номуудаа удирдаад явдаг байсан. Энэ удаа дасгал хөдөлгөөний сэтгэл судлалаа өөрөө орчуулж байгаа. Яагаад гэхээр дасгал хөдөлгөөнтэй би амьдралын хэв маягаа холбоод багагүй хугацаа өнгөрсөн байгаа. Текст болгоныг өөрөө ойлгож, ухамсарлаж, орчуулах үйл явц надад их сонирхолтой байгаа. Карл Рожерсийн “Хүн байх нь- сэтгэл засалчийн тэмдэглэл”, “Оршихуйн замнал” гэсэн манайхаас гарсан хоёр ном энэ зун дахин хэвлэгдэнэ. Энэ зун бас тэр нь дээр ажиллаж байгаа.

Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба лам Жавзандоржтой саяхан подкастаар ярилцсан. Подкастаар бид хоёр сэтгэл судлал болон буддизм гэсэн сэдвүүдийг барьж аваад өөрсдийнхөө мэргэжил талаас тайлбарласан ийм подкаст явсан. Подкастын зорилго нь бид хоёрын үнэт зүйл, эрхэм зорилго нь ижил боловч нэг зүйлийг өөр өөр мэргэжлээр хэрхэн харж байгаа, энийг олон нийтэд ойлгуулах хэрэгтэй юм байна гэж ойлгосон. Дараа дараагийн цуврал дугааруудыг гаргахаар төлөвлөж байгаа.

Судалгааны ажлын хувьд сүүлийн үед би жендерийн сэтгэл судлал их сонирхож байгаа. Монгол Улсын Их Сургуулийн жендер судлалын магистрын хөтөлбөрт элсчихсэн одоо сурч байгаа. Ер нь эрэгтэй эмэгтэй гэдэг хүйс байгаа боловч эрэгтэй эмэгтэй хүйсээс илүү эрэгтэйлэг шинж гэж юу вэ? , эмэгтэйлэг шинж гэж юу вэ? хэдийгээр эрэгтэй хүйс байгаа ч эмэгтэйлэг шинж хэрхэн үүсэж байгаа вэ? гэдэг. Энэ шинжүүд үүсэхэд нийгмийн хүчин зүйлс, соёл түүх, социологийн асуудал үүнд хэрхэн хамаатай вэ? гэдэг энэ асуудлууд маш сонирхолтой санагдаж байгаа. Үүнтэй холбоотой судалгааны ажлаа хийж байгаа. 2019 оноос хойш “PSYCHATHON” тэмцээнийг санаачлан зохион байгуулж байгаа. Гол зорилго нь оюутнуудыг салбар хоорондын асуудлуудыг сонирхох энэ боломжийг нээж өгөх, сэтгэл судлал болон технологийг хослуулах, оюутнуудаас зөвхөн хичээлийн хүрээнд биш өөр янз бүрийн төслийн санаа, сэтгэл судлалын бүтээгдэхүүн гаргах талаас дэмжиж энэ наадмыг зохион байгуулж байгаа. Нэг талаас ажил олгогч байгууллага, оюутнуудыг холбох зорилготой. Жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна.

Таны хобби сонирхол юу вэ? Сүүлийн жилүүдэд ямар шинэ хоббитой болсон бэ?

Миний өмнөх хобби бол сууж орчуулга хийх байсан. Орчуулга хийх явц бол надад маш сонирхолтой, гоё байдаг. Гэхдээ энэ амьдралын хэв маяг маань алдагдаад бас удаж байна. Хүн ер нь ахуйн асуудлаасаа ангижирч чадахгүй бол хэрэгцээнийхээ түвшинг ахиулж чадахгүй юм байна гэж би ойлгоод байгаа. Гэхдээ би бол би үйлдлийн сэтгэл судлал, “action psychology”, “behaviorism”-ыг амьдралд хэрэгжүүлэхэд их амар юм байна. Дагаж мөрдөхөд зөв юм байна, үүнийг хэмжиж болох юм байна гэж би ойлгодог. Өөрийнхөө амьдрал дээр ч тэр. Дасгал хөдөлгөөнтэй холбогдоод зөндөө хугацаа өнгөрлөө. Өмнө нь спортоор хичээллэдэг, хааяа гүйдэг байсан бол одоо өдөр тутамдаа дадал болгоод явж байна. Угаасаа биеийн хөдөлгөөн ямар байна тэрнээсээ шалтгаалаад сэтгэл санаа хамаардаг учраас дасгал хөдөлгөөнөөр сэтгэл санаа болон бусад асуудлаа шийдэж болоод байна аа гэдгийг би өөрийн биеэр мэдрээд байна л даа. Хүмүүс бол жинтэй холбоотой, бие галбир гэдэг талаас нь хараад байдаг. Гэхдээ энэ чинь бид нар орой унтдаг, өглөө босдог, хоол иддэг тэрэнтэй адилхан амьдралын салшгүй хэсэг. Аль болох гадаад хүчин зүйлээс хамаарахгүйгээр би ямар харагдаж байгаа бол, энийг хийчихвэл тэгчих болов уу гэдэг зүйлээс ангижирч энэ юмтай холбогдвол зүгээр санагдаад байгаа

Хамгийн сүүлд сурсан 3 чадвар юу вэ?

Судалгааны арга зүйд өөрийгөө ахиулсан гэж бодож байна. 42км гүйж сурсан. 42км гэдэг чинь бүтэн марафон гэсэн үг. Сая хоёрдох удаагаа гүйсэн.  Гуравдах нь бол хүнтэй харилцах “soft skill” бага зэрэг сайжирсан. Гүйлтийг яг тасралтгүй дадал болгоод гурван жил болж байна. Тэрнээс өмнө нэлээн хүнд жинтэй болчихсон байсан. Ер нь хүн их идсэнээрээ жин нэмээд байгаа гэхээс илүү сэтгэл санааны хувьд асуудалтай байгаа учраас таргалах зам руугаа орж байгаа. Би өмнөх ажлаасаа завсарлага аваад сэтгэл санааны асуудлаа шийдэж байгаад дасгал хөдөлгөөн рүү ороод одоо бол дасгал хөдөлгөөндөө нягт хоорондоо үнэнч болсон. Дасгал хөдөлгөөнгүй бол би байж чадахгүй.

Мэргэжлээрээ хамгийн их бахархаж байсан үе, үйл явдал хэзээ вэ?

Багш нарт нэг ийм юм байдаг. Энэ хичээл их сайн явчихлаа, энэ лекц бол их гоё явчихлаа гэх өөртөө сэтгэл ханамжтай байх үе байдаг. Тэгэхээр оюутнуудаас ирж буй хариу үйлдэл ч гэсэн мэдэгддэг. Түүний дараа бол надад их сайхан санагддаг. Хэрэв тэгж чадаагүй бол өөрөө өөртөө гэмших мэдрэмж төрдөг. Хоёрдугаарт бид хэдийн гаргасан бүтээгдэхүүн нийгэмд хувь нэмрээ оруулаад, дуу хоолойгоо өргөөд дараа дараагийн хүмүүстэй нөлөөлөөд явж байгааг харах сайхан байдаг.

Амьдралдаа баримталдаг зарчим тань юу вэ?

Надад өөрийн гэсэн үнэт зүйл байна. Бид нарын мэргэжил бол бусадтай харилцах харилцаанд тодорхой хэмжээний луужин болж өгч байгаа. Энэ онолуудын хувьд ч тэр хүний мөн чанарыг тайлбарлаж байгаа, үзэл санааны хувьд ч тэр. Тэр луужингаа ер нь барил бусадтай харилцдаг. Бусадтай харилцахад манай онол тусалж байна. Энэ миний үзэл бодлын нэг хэсэг мөн. Бусадтай харилцахад зөвхөн өөрийн үзэж туулсан туршлагаараа, үзэл бодлоороо зүтгээд байж болохгүй. Хоёрдугаарт энэ онолуудаас гарч ирсэн хүнийг ойлгосон үнэт зүйл байна. Бусадтай аль болох зарчмыг баримталж ажиллахыг хичээдэг. Ер нь миний зарчимд нийцэхгүй байх юм бол ажил ч бай хувийн харилцаа ч бай асуудалд шууд цэг тавьдаг. Хэрэв хэн нэгэн миний дэргэд худлаа яриад байх ч юм уу тэ эсвэл мэргэжлийн хувьд алдаа гаргаад үүнийг зүгээр гээд өршөөгөөд уучлаад яваад байвал өөрийгөө хуурсантай адил гэж хардаг.

Мэргэжлээрээ ажиллаж байх хугацаанд тохиолдож байсан бэрхшээл, түүнийг даван туулсан сайн туршлагаасаа хуваалцаач.

Би бол хориод насандаа оюутан байхдаа сэтгэл судлал надаар дутах юм шиг санагдаж, та нар яагаад ийм зүйл хийдэггүй юм бэ? яагаад ийм юм бэ? гэж бусдыг буруутгадаг байсан. Өөрийгөө маш их юманд боддог. Энэ хориод насныхны синдром байж магадгүй. Одоо 30-аад насанд бол надтай надгүй сэтгэл судлал хөгжих юм байна гэдэг үе дээрээ явж байна.  Ингэж л хариулах байна даа. Өөрөөр хэлбэл нас ахих тусам бие хүний хувьд их төлөвшдөг юм байна. Хориод насанд мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхэд арай эртэднэ гэдэг санаа гарж болох юм. Энэ гэхдээ миний л туулсан зам. 

Энэ мэргэжлээр ажиллаж эхэлсний дараа танд бий болсон эерэг өөрчлөлтүүд юу вэ?

Мэргэжлээрээ ажиллаж эхэлснээс хойш бусдыг гэхээс илүү өөрийгөө ойлгодог болсон. Бие хүний хувьд төлөвшинө гэдэг чухал. Хэдийгээр харахад биологи нь нас бие гүйцсэн боловч сэтгэл хөдлөлийн хувьд нас биед хүрэх чинь тусдаа чухал ойлголт юм байна. Би өөрөө төлөвшсөн үү үгүй юу? надад юу тохиолдож байна, юунд стрессдэж юунд түгшиж байна вэ? Хосын харилцаанд би ямар байдалтайгаар биеэ авч явдаг вэ? гэх мэт бүх зүйл дээр ойлголттой болж байгаа нь давуу тал байна. Жишээ нь надад иррациональ бодол байна уу? эсвэл рациональ бодол үүсээд байна уу? тэрийг ойлгож байна. Энэ гэхдээ мэргэжилтэй холбоотой биш настай холбоотой байж магадгүй. Тав дахь их сургууль даа ажиллахаар олон олон дүгнэлттэй үлддэг юм байна. Би оюутнууддаа хэлдэг “Хүн бол алдаа онооны зарчим дээр бие хүн нь төлөвшдөг” гэж. Алдсан бол дараагийн удаа алдаа гаргахгүй байх, хэрвээ оносон байвал дараагийн удаа тэр үйлдэл улам батжих гэх мэт. Энэ байдлаар алдаа онооны зарчим дээр өдий хүрэхдээ тодорхой хэмжээнд юуг буруу, юуг зөв хийв гэдгээ үнэлж дүгнэж байна. Энэ хооронд зөвхөн их сургуулийн ажил гэхгүйгээр янз бүрийн ажил хийж явлаа.

Ойрын 5 жилийн зорилго юу вэ?

Жендер судлалын магистраа дараа жил төгсөнө. Сэтгэл судлалын докторын десирдацаа хамгаална. Тэгээд марафоны тамирчин болох хүсэлтэй байна. Бодибилдингийн төрөлд өөрийгөө сорьж үзэх хүсэлтэй байна. Гэхдээ бүгдээрээ ялгаатай, нэгийг нь туршиж үзээд болиод, туршиж үзээд болиод байх боломжгүй. Экстрим спортоор хичээллэж үзэх сонирхолтой байна. Энийг бол таван жилдээ багтаах байх аа.

Та амралтын өдрүүдээ хэрхэн өнгөрүүлдэг вэ?

Улирлаас шалтгаалаад янз янз л даа, гэхдээ бүтэн сайны орой бол би нэгдэх өдрийнхөө хичээлийг бэлддэг. Ирэх 7 хоногийнхоо хичээлийг бэлдэнэ. Зун бол хагас сайн өдөр лагерь луугаа явж модоо тарина, ногоогоо тарина, ногоогоо усална. Гэхдээ миний бүх өдөр амралтын өдөр шиг өнгөрдөг.  Хичээлээ тараад хийж байгаа үйлдэл, амралтын өдөр хийж байгаа үйлдэл адилхан.    

Салбарынхаа хөгжлийг юу гэж харж байгаа вэ?

Танай өмнөх дугааруудын ярилцлагуудыг үзсэн чинь салбараа их эергээр хардаг юм байна лээ. Би бол эсрэгээр нь харж байгаа. Яагаад гэхээр манай их дээд сургуулиудад сэтгэл судлалын лаборатори нэг ч алга, алинд нь ч алга. Зарим сургуулиуд байгаа л гэх байх. Гэхдээ лаборатори гэж яг юуг хэлээд байгаа юм бэ? гэдгийг бас ойлгогүй байх шиг байна. 1950-аад бихевристуудыг бий болгосон лаборатори ч ядаж алга. Хэрэглэгдэхүүн бол зарим сургуульд байгаа харин лабораториуд алга. Хоёрдугаарт бид хэдийг зохицуулдаг, холбоо, институт байхгүй байна. Гуравдугаарт бид хэд дунд мөрдөгддөг ёс зүй, зарчим, дүрэм одоо болтол байхгүй. Дөрөвдүгээр хүчин зүйл нь юу гэхээр хавар бакалавраа төгссөн оюутнуудын төгсөлтийн ажлыг өмнөх онуудтай харьцуулаад үзэхэд дандаа боловсролын сэтгэл судлал, бие хүний сэтгэл судлалтай холбоотой сэдвүүд хамгийн түгээмэл байгаа. Өөрөөр хэлбэл салбар хоорондын асуудлыг сэтгэл судлалын оюутнууд огт сонирхохгүй байна гэсэн үг. Салбар хооронд буюу мэдээлэл технологитой, инженертэй, биологийн салбартай холбогдож байгаа ажил ерөөсөө алга. Ингэж болох юм байна гэдэг санаа одоо болтол гарч ирэхгүй байгаа. Гэтэл шинжлэх ухааны салбар хоорондын судлагдахуунтай болоод удаж байгаа. Аль нэг шинжлэх ухаан, аль нэг салбар нэг судлагдахууныг барьж аваад яг өөрийнхөө, энэ бол манай судлагдахуун шүү гэж барьж авахаа болиод дандаа салбар хоорондыг судалдаг болж байгаа. Салбар дамнасан ийм ажил одоогоор хийгдэхгүй байна. Гэхдээ тэр оюутнуудын буруу гэж байгаа юм биш их сургууль анхнаасаа ийм нөөц, хундамыг үүсгээгүй байна гэж хардаг. Сэтгэл зүйн төвүүд байдгаараа, багш нар нь бас байдгаараа л байна. Би бол баримжаагаар манайх 1930-1940 оны хооронд бараг 100 жил хоцорч байгаа юм болов уу даа гэж хардаг. Ном эх сурвалж бас хангалтгүй байдаг. Яагаад салбараа эергээр хараад байгааг нь ойлгодоггүй.

Сэтгэл судлаач мэргэжлийн талаарх ямар хэвшмэл ойлголтыг засмаар байна вэ?

Урьд нь бол сэтгэл судлаач гэхээрээ шууд зөвлөгөө авдаг, шууд оношлуулъя гээд хүмүүс хоорондоо яриад байдаг. Тэр нэг үеэ бодвол гайгүй. Одоо бол “influencer”-үүдээс болоод “influencer” сэтгэл зүйч нараас болоод их гоё ярьдаг, шууд мотивац өгдөг ийм сэтгэл зүйч нар байдаг юм байна гэж ойлгоод байгаа. Эргээд өөрсдийнхөө бий болгосон имижийг засаж залруулаасай гэж бодож байна. Сэтгэлзүйч гэхээр шууд медиад урих тохиолдол их болж байна, эсвэл юу ч хамаагүй ярьдаг ч юм уу, үзэл бодлоо ярьдаг ч юм уу, бид нар ер нь системтэй, онолын доор л амнаас үг гарах ёстой.

Сэтгэл судлаач мэргэжлийг сонирхож буй хүмүүс болон хүүхдүүдэд өгөх зөвлөмж юу вэ?

Миний гаргасан албан бус тооцоогоор жилд нэг 800-1000 оюутан төгсөж байгаа. Энэ бол хэтэрхий их тоо. Элсэх гэж байгаа хүүхэд залуус байвал энэ их нийлүүлэлтийг бас харж үзээсэй бодоосой гэж бодож байна. Хоёрдугаарт бие хүнд чинь нийцэхээр мэргэжил байна уу? үгүй юу гэдгийг бодох. Жишээ нь зөвлөгчийн үйл ажиллагаа бол миний бие хүнд нийцэхгүй тиймээс би хүмүүст “багш” л гэж хэлдэг.

Сэтгэл судлаач мэргэжлээр суралцаж буй мэргэжлийн оюутнуудад өгөх зөвлөмж юу вэ?

Салбар хоорондын асуудлыг сонирхоосой гэж хүсэж байна. Одоо боловсролын сэтгэл судлал, бие хүний сэтгэл судлалаасаа илүү харах хэрэгтэй байна. Хоёр, гурван хувьсагч авчраад хоорондын хамаарлыг нь шалгах гээд л үзээд байдаг. Энийг бас болимоор байна

Сэтгэл судлаач мэргэжилтний үүднээс хүмүүст юу гэж уриалмаар байна вэ?

Ер нь бол манай Улаанбаатар хот болон Монгол улс стрессийн түвшин, түгшүүр, сайн сайхан байдлаараа дандаа доогуур үзүүлэлттэй байдаг. Аз жаргалын индексээрээ дандаа хойгуур байдаг. Сая 77-р байранд байсан санагдаж байна. Сэтгэл зүйн сайн сайхан байдал, сэтгэл зүйн эрүүл мэнд гадаад болон дотоод хүчин зүйлсээс шалтгаалж байна. Макро хүчин зүйлд бол улс төр, эдийн засаг, нийгэм. Манайд бол улс төр, нийгэм эдийн засаг хүнд байгаа ийм үед амьдралынхаа хажуугаар бие сэтгэлээ авч яваад өдий хүрсэн та нар мундаг шүү гэмээр санагддаг. Энэний хажуугаар та нар ийм байх ёстой, сэтгэл зүйн хувьд ингэх ёстой гэвэл “хуурай” санагддаг.

Сэтгэл судлаачтай ярилцая ярилцлагын дараагийн зочноор хэнийг уримаар байна вэ?

Аутизм Монгол Анд ТББ гүйцэтгэх захирал Б.Мөнх-Оргил их даруухан, нэг байгууллагатаа, нэг салбар чиглэлээр удаан ажилласан, мэргэжилтэн гэж хэлж болох цөөн хүмүүсийн нэг. Манай нэг ангийн залуу, миний найз. Өөрийнхөө ажил мэргэжлийг яриасай гэж бодож байна.

Урилгыг хүлээн авч ярилцлагад оролцсон танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

Ярилцсан сэтгэл судлаач: Б. Буянжаргал

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл

No comments yet. Why don’t you start the discussion?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *